Өвлийн эхэн сар гарахтай зэрэгцэн соёл, спортын арга хэмжээг нээх шийдвэрийг Засгийн газар гаргасан нь хөл хорионд байсан олон хүмүүсийн магнайг тэнийлгэж байгаа билээ.
Өнгөрсөн амралтын өдрүүдэд Орхон аймгийн “Сэлэнгэ” амралтын төвд бадминтон сонирхогчдын “Эрдэнэт Опэн 2021” нээлттэй тэмцээн амжилттай боллоо.
Орхон аймгийн бадминтоны холбооноос жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг уг тэмцээнд нийт 26 багийн 104 тамирчин нэмэх, хасах 40 гэсэн насны ангилалд хурд хүч, авхаалж самбаагаа сорьсон юм.
Тэмцээнд оролцсон Дархан-Уул, Дорнод, Орхон, Хөвсгөл, Хэнтий аймаг болон Улаанбаатар, Налайх дүүргийн баг, тамирчид тэмцээн хийх боломжийг бүрдүүлэн, хэвийн амьдралд оруулах гэж хичээж байгаа Засгийн газар, орон нутгийн удирдлагад гүн талархалтай хандахын зэрэгцээ халдвар хамгааллын дэглэмээ ч чанд баримталж байлаа. Бадминтоны спорт нь өрсөлдөгч багтай болон хамтрагч хостойгоо хамгийн бага контакт үүсгэдэг, халдварт өртөх, бэртэж гэмтэх эрсдэл маш багатай хэдий ч тоглолтын талбай хооронд болон үзэгч тоглогчийн зайг гялгар хулдаасаар бүхэлд нь тусгаарлаж, тоглогч нарын шинжилгээ, вакцины баримтыг шалгаж оруулсныг хэлэхэд илүүц юун.
Бадминтон гэхээр зарим хүмүүс мэдэхгүй байж магадгүй. Хүүхэд байхдаа агаарын теннис тоглож байсан уу гэвэл мэдэхийн дээдээр мэдэх буй за. Агаарын теннисийг гадаа голдуу л тоглодог байсан бол бадминтоныг өндөр тааз бүхий зааланд, тусгай зассан талбайд хоёр хүн эсхүл хоёр хоёроороо дөрвөн хүн тоглодог аж. Сагсны талбайд нэг дор хамгийн ихдээ 10 хүн, волейболын талбайд 12 хүн л тоглож болдог бол, ийм хэмжээний талбайд дөрвөн талбай засаад 16 хүн нэгэн зэрэг тоглож болохоороо давуу талтай гэнэ.
Хэцүү нэрт өвчний улмаас жил гаран хөл хоригдож бэлтгэл, сургуулилт нь тасраад байсан бадминтончид нээлттэй тэмцээндээ оролцож, уулзан золгож байгаадаа баяртай байгаа нь нүднээ илхэн. Заалаа, найз нөхдөө, багш нараа, тоглолтоо үнэхээр их санажээ тэд. Бадминтон гэх нэрийн дор нэгдэж баяр жаргал, бодол сонирхол, хүсэл мөрөөдөл нэгтэй болсон тэдний сэтгэгдлийг та бүхэнтэй хуваалцъя.
ЭРҮҮЛ БАЙХЫН ҮНДЭС НЬ ХӨДӨЛГӨӨН
Бадминтон сонирхогчийн улсын аварга, төрийн албан хаагч Б.Ганзориг “Би төрийн байгууллагад ажилладаг. Байнга суугаа ажил хийдэг бидэн шиг хүмүүс хөдөлгөөний дутагдлаас сэргийлэхийн тулд бадминтоны спортоор хичээллээсэй гэж хүсдэг. Учир нь эрүүл байхын үндэс байнгын хөдөлгөөн, биеийн тамир. Харин бадминтон бол нийтийн биеийн тамир. Бадминтоныг нийтийн биеийн тамир болтол нь хөгжүүлсэн Азийн орнууд олон байдаг. Хүн амаа эрүүлжүүлэхийн тулд, байнгын дасгал хөдөлгөөөнтэй байлгах боломж нөхцөлийг хангахын төлөө тэр улсууд онцгой анхаарч байдаг” гэсэн бол түүний багын найз, Бадминтон сонирхогчийн улсын аварга, хувиараа бизнес эрхэлдэг С.Төмөрчөдөр “Таны хэн байх, хөгшин залуу, эмэгтэй эрэгтэй, өндөр нам, өргөн бүдүүн байх нь бадминтон тоглоход ямар ч нөлөө үзүүлэхгүй, хэн ч хэнтэй ч тоглож болох нь энэ спортын онцлог.
Аль ч насны хүмүүс ганцаараа болон гэр бүлээрээ, найз нөхөд, хамт олноороо тоглож болох бэртэл гэмтэл, өртөг зардал хамгийн багатай маш цэвэрхэн спорт. Хамгийн гол нь бидэнд зориулалтын заалны асуудал хүндрэлтэй байдаг. Улаанбаатар хотод тийм зориулалтын ямар ч заал байхгүй, цөөхөн хэдхэн сургуулийн заалыг гуйж түүж байж, зураас нэмж зураад эсхүл зориулалтын резинэн шал зөөж тээвэрлээд тоглож байна. Заалны эзэд шалан дээрээ нэмж зураас зуруулах дургүй болохоор ийм зураастай заал нийслэлийн хэмжээнд гарын таван хуруунд л багтахаар байгаа. Олон хүмүүс хичээллэх сонирхол байгаа ч энэ мэт заал танхимын хүрэлцээ байхгүйн улмаас сонирхлоо хойш тавьж байна” гэсэн юм.
Улаанбаатар хотод өдөр болгон олон арван байшин сав сүндэрлэн босож байгаа ч хүн амаа эрүүл байлгахын төлөө, биеийн тамир, спортоор хичээллэхэд чиглэсэн барилга байшин баригдаж байна уу. Улсын нийслэл нь бүү хэл томоохон хотууд нь бадминтоны ордон, заалтай байдаг юм билээ бусад орнууд. Тэр орноос ирсэн, байнгын бэлтгэлтэй байдаг гадны хүмүүс Монголд ирээд заалаа, өдөр болгоны бэлтгэлээ үгүйлэхээс өөр аргагүй. Хөдөлгөөн бол эрүүл байхын үндэс гэдгийг бие, сэтгэлээрээ мэдэрсэн улс шүү дээ.
БАДМИНТОНООР ХЭН Ч ХИЧЭЭЛЛЭЖ, АМЖИЛТ ГАРГАЖ БОЛНО
Бадминтон сонирхогчийн улсын дөрвөн удаагийн аварга, санхүүч П.Баярмаа “Өмнө нь ямар нэгэн спортоор хичээллэж байгаагүй. Бадминтоноор хичээллээд удаагүй байхдаа анх улсын аварга болсон. Тэрнээс хойш гурван удаа аваргаа хамгаалааад байна. Бадминтоноор хэн ч хичээллэж, амжилт гаргаж болно гэдгийг л хэлэх гэсэн юм. Төр засгаас, Бадминтоны холбооноос дэмжээд өгчихвөл тив, дэлхийд ч нэрээ гаргах боломж бидэнд байгаа. Хамгийн гол дэмжлэг нь зориулалтын заалтай болох явдал.
Чадалтай, чансаатай олон залуучууд заалгүйн улмаас бэлтгэл хийх газаргүй, амжилт гаргах боломжгүй болж залуу насаа өнгөрөөж байгааг хараад харамсаж суудаг даа” гэсэн бол төрийн албан хаагч Ц.Ганзориг “Би Тайваньд суралцаж байхдаа анх энэ спортоор хичээллэж эхэлсэн. Монголд ирээд бадминоны клуб байгааг сонсоод, энэ клубтээ их баяртайгаар явсан даа. Тайваньд бол дуртай үедээ, хүссэн цагтаа очоод бадминтон тоглох заал, тэр бүү хэл Бадминтоны ордон байдаг.
Азийн бусад орнуудад ч 12-16 талбайтай том том заалуудтай тэр зааланд нь маш олон клубүүд хичээллэж байдаг. Тэр том заал нь дүүрэн хүнтэй, урьдчилан захиалга өгч байгаад ээлжээ хүлээн дугаарлаж байгаа хүүхэд залуучуудыг хараад өөрийн эрхгүй атаархах сэтгэгдэл төрдөг дөө. Дэлхийн орнууд хөгжил дэвшлээрээ өдөр, сараар өрсөлдөж байгаа энэ цаг үед тэд хэрхэн хөгжиж, чөлөөт цагаа өнгөрөөж байна, харин манай залуучууд юу хийж цагийг өнгөрөөдөг билээ. Хаа хаанаа бодоод нэг үзээрэй” гэсэн юм.
“Хэн үүнд анхаарах ёстой вэ. Холбооны зүгээс дэмжлэг туслалцаа үзүүлдэггүй гэж үү” гэж асуухад “Төр засийн зүгээс бодлогоор анхаарах хэрэгтэй. Хүн амаа эрүүлжүүлэх хөтөлбөр, бүх нийтийн биеийн тамирыг хөгжүүлэх талаар байнга ярьж байгаагаас бус бодитой ажил хийхгүй байна. Баригдаж байгаа барилга байшин, баар сав, буудал их байхаас спортын зориулалттай заал танхим баригдаж байна уу. Төр засаг маань өөрсдөө барьж дийлэхгүй юм аа гэхэд энэ олон хотхоны дунд нэг спортын заалтай байна шүү гэсэн стандартыг батлаад мөрдүүлэх хэрэгтэй шүү дээ” гэлээ.
Бадминтон сонирхогч Б.Намхайдорж, Ш.Бадамцэцэг “Манайхан гэр бүлээрээ бадминтон сонирхогчид. Манай гурван охин хүртэл бид хоёрыг дагаж хичээлэлсээр байгаад их сайжирсан. Нэг хүний сарын төлбөр болох нэг зуун мянган төгрөгөөр сард найман удаа, нэг тоглохдоо хоёрхон цаг л тоглоно гэхээр гэдэг нэг гэр бүлд өндөр төлбөр болох нь мэдээж. Гэхдээ бид бадминтон тоглох дуртай, дээр нь хүүхдүүдийхээ эрүүл мэндийн төлөө энэ спортоор хичээллэдэг.
Өндөр төлбөртэй ч гэсэн заал нь олддог бол хамаагүй. Сургуулийн заалууд хүссэн цагтаа бүү хэл хуваарьт цагтаа ч тоглох боломжгүй байдаг шүү дээ. Тэмцээн уралдаан болно, сонгуулийн санал хураалт зохионо, засвар үйлчилгээ хийнэ гээд гаднын бид нарт олдохоосоо олдохгүй нь их. Өөрийн гэсэн заалтай болчихвол тэр төлбөрөө төлөөд л тоглоно шүү дээ. Харин Бадминтоны холбооны тухайд мэдээж холбоо юм чинь гадагшаа, дотогшоо явсан тамирчдын зардал мөнгөнд дэмжлэг туслалцаа үзүүлдэг байх.
Бусад холбоод ч ингэж байгаа. Байнга гадагшаа яваад, тэмцээн уралдаанд ороод байдаг тамирчин гэж байхгүй дээ. Хичээллэх орчин нөхцөлийг л бүрдүүлээд өгөөч гэж байгаа юм” гэв.
БАДМИНТОНЫ ЗААЛТАЙ БОЛОХ НЬ ТЭДНИЙ МӨРДӨӨДӨЛ
Энэ хоёроос гадна өөр дөрвөн ч гэр бүлийн хосууд байх аж. Түүнчлэн, бадминтоныг анх хөгжиж эхлэхэд тоглож эхэлсэн хүмүүс байсан бол хичээллээд хэдхэн сар болж байгаа ковид, корона гээд бараг бэлтгэл хийгээгүй залуучууд ч бас байна. Тэд бүгд л дээр хэлснийг батлан өгүүлж байлаа. “Бадминтоны спортоор хичэээллэгсдийн тоо жил ирэх тусам нэмэгдэж байгаа. Найз нөхөд, ажлын хамт олон, гэр бүлийнх нь хүмүүс тэднийг дагаж хичэээллэх хүсэлтэй байдаг. Өөрсдөө зааландаа багтахгүй, долоо хоногийн ганцхан өдрийн олдсон хоёрхон цагтаа өөрсдөө тоглож амжихгүй болохоор тэднийг урьж авчирж чадахгүй юм даа.
Монголд байгаа гаднын хүмүүс ч ихээр ирж тоглодог. Гаднын хөрөнгө оруулалт багассан нь бадминтонтой холбоотой гэж боддог. Өдөр болгон байнга бэлтгэл хийдэг байсан улс тоглох заалгүй газарт хөрөнгө оруулж, ажиллаж амьдрахгүй нь ойлгомжтой шүү дээ. Бадминтоны өөрийн гэсэн ордноо байг гэхэд бие даасан заалтай болоод хүссэн үедээ, хүссэн хүнтэйгээ очиж тоглож байхыг л мөрөөддөг. Заал танхим барих талаар санал санаачилга гаргая, хувийн хэвшилтэй хамтран ажиллая, иргэд олон нийтийг уриалъя, гадагшаа төсөл хөтөлбөр бичье гэж манайхан хоорондоо их ярилцдаг. Энэ тухайгаа Бадминтоны холбоондоо хүртэл уламжилж байсан.
Даан ч биднийг тоож хариу өгөөгүй. Ямар хүмүүс байдгийг ч бид мэдэхгүй. Бадминтон тоглодог хүн нэг ч байхгүй л гэж боддог. Тэр улсуудын нэр усыг гаргаад бадминтоны төлөө юу хийсэн, хийхээр төлөвлөж байгаатай нь танилцаж, уулзаж ярилцах юмсан гэж боддог доо.
Спортын холбоо гэдэг чинь нийт гишүүддээ, баг тамирчиддаа үйлчлэхээс бус дарга, тэргүүндээ үйлчилдэггүй биз дээ. Юу хийснээ тайлагнаж байдаг нээлттэй байгууллага байх ёстой биз дээ. Сэтгэлгүй дарга нартай сэтгэдэггүй холбоо байхын хэрэг байна уу” гэцгээж байсан юм.
Азийн орнуудад нийтийн биеийн тамир болтлоо хөгжсөн, дэлхийн бусад орнуудад ч асар хурдтай хөгжиж байгаа агаарын теннис гэгдэх энэ спортоор хэчнээн олон хүмүүс хичээллэж байгааг харах, цаашид суралцах хүмүүс ч их байгааг сонсох таатай байлаа.
Бүтэн хоёр өдрийн турш үргэлжилсэн "Эрдэнэт опен-2021" сонирхогчдын багийн 10 дахь удаагийн тэмцээн цар тахлын улмаас гурван удаа хойшилсны эцэст ийнхүү амжилттай болж өндөрлөлөө. Бадминтон сонирхогчид, тамирчид энэхүү тэмцээнийг жил болгон, хоног тоолон хүлээдэг нь чухам энэ өдөр хамтдаа тоглохын зэрэгцээ хамтдаа дуулж, бүжиглэж, инээж хөгжиж бас цаашдын хөгжил, хүсэл мөрөөдлөө ярилцдагтай холбоотой ажээ.
Энэ тэмцээнээ цаашид улам бүр өргөжүүлэн хөгжүүлж “Нийт бадминтончдын чуулган” болгон хөгжүүлэх бодолтой гэнэ. Биеийн тамирт зарцуулсан нэг төгрөг эрүүл мэндийн салбарт зарцуулах хэдэн төгрөгтэй тэнцэнэ гэж ярьдаг билээ дээ. Хүн ардынхаа эрүүл мэндийн төлөө, хөгжлийн төлөө, хүүхдийн төлөө гэж байгаа л бол биеийн тамирын салбарт дорвитой шинэчлэл хийх шаардлагатайг ийнхүү сурвалжиллаа.
Б.ТҮВШИНТӨР
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 0 )