Өвөрхангай аймгийн Онцгой байдлын газраас офицер бүрэлдэхүүний ажил үүргээ гүйцэтгэхэд хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн дүрэм, албаны бэлтгэл, бэлэн байдлыг хангах, авхаалж самбаа, цэргийн биеийн тамирын бэлтгэлийн стандартын дагуу бие бялдрыг хөгжүүлэх зорилгоор “Шилдэг офицер-2021” мэргэжлийн тэмцээнийг зохион байгууллаа.
Тэмцээнд Онцгой байдлын газар, Хархорин сум дахь Онцгой байдлын хэлтэс, Гал түймэр унтраах, аврах 12, 45 дугаар анги, Эрэн хайх, аврах салбарын нийт 12 алба хаагч оролцож, онолын мэдлэгийн тест, жагсаал командлах ур чадвар, цагийн байдал дээр ажиллах, бие бялдрын бэлтгэлжилтийн норматив биелүүлэх, хүн нэг бүрийн хамгаалах хэрэгсэл өмсөх, аврах уяа зангидах, эмнэлгийн анхны тусламж үзүүлэх, 3000 метрийн гүйлт, GPS, луужин ашиглаж цэг олох зэрэг нийт 10 төрлөөр мэргэжлийн ур чадвар, хурд хүч, авхаалж, самбаагаа сорин өрсөлдсөн юм.
Тэмцээний “Шилдэг офицер”-оор эмч-сэтгэл зүйч, ахмад Б.Гаваадамба, дэд байрт гамшгаас хамгаалах улсын хяналтын ахлах байцаагч, ахмад А.Балжинням, гутгаар байрт Эрэн хайх, аврах бүлгийн дарга, аврах ажиллагааны зааварлагч, дэслэгч П.Мөнхдалай нар шалгарлаа гэж Өвөрхангай аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.
Сэтгэгдэл ( 0 )