Увс аймгийн хэмжээнд өвөлжилтийн бэлтгэл ажил хэр байгаа талаар тус аймгийн Засаг дарга Ч.Чимэдээс тодрууллаа.
-Аймгийн хэмжээнд өвөлжилтийн бэлтгэл ажил хэр байна вэ?
-Өвөлжилтийн бэлтгэл ажил 85 хувьтай байна. Малчид өвс тэжээлийн бэлтгэлээ хангалттай хэмжээнд хадаж чадсан. Сумдын хувьд өвс тэжээлийн нөөцөө бүрдүүлэх шатандаа явж байгаа. Нөөц бэлтгэл 40 хувьтай байна. Он дуусахаас өмнө нөөцийн худалдан авалт, бүрдүүлэлтийг дуусгахаар төлөвлөж байгаа. Хот суурин газрын өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангасан. Нүүрс татан авалтын ажлууд эхэлсэн байгаа. Шаардлагатай засвар үйлчилгээний ажлуудыг хугацаанд нь хийсэн.
-Энэ өвөл хэчнээн толгой мал өвөлжих вэ?
-Өнгөрсөн оны тооллогоор 3.4 сая толгой мал тоолсон. Жилийн турш 1.2 сая толгой төл тоолсон юм. Нийт зургаа орчим сая толгой мал байгаагаас дотоодын хэмжээнд нөөцийн мах бүрдүүлэхэд хорогдоно. Энэ жилийн хувьд 3.4-3.6 сая толгой мал өвөлжинө гэж тооцоолсон.
-Отроор мал өвөлжүүлэх үү?
-Эхний ээлжинд аймаг дотроо отрын бүсийг зохион байгуулахаар төлөвлөсөн. Өвөлжилт хүндэрвэл хилийн бүс рүү малаа оруулна. Мөн тусгай хамгаалалт бүхий хэсэг рүү ч оруулах юм. Хилийн бүс болон тусгай хамгаалалттай хэсэг рүү оруулах гэрээ хэлцлийг эхнээс нь хийж байгаа. Зэргэлдээ аймгууд маань малын гоц халдварт өвчлөлтэй байгаа тул аймаг дамжсан нутгийн нүүдлийн хориглосон.
-Цаг агаарын нөхцөл байдал хэр байна вэ. Харын зуд үүсэх эрсдэл бий юу?
-Цаг агаарын хувьд энэ сар харьцангуй дулаан байна. Гэхдээ ойрын өдрүүдэд цас орсон. Уулархаг болон хангай газруудаар цас орсон учраас харын зуд үүсэх эрсдэлгүй байгаа. Малын амны усны хомсдол үүсэх нөхцөл байхгүй гэсэн үг.
-Чацарганы намрын хураалтын хугацаа дууссан байна. Энэ жилийн хувьд хэчнээн хэмжээний чацаргана хураан авсан бэ?
-Аймгийн хэмжээнд 720 гаруй тонн чацаргана жимс хураан авсан. Зарим томоохон талбайтай хүмүүс өвлийн ургац хураалтдаа орно. Энэ жилийн хувьд 800 гаруй тонн чацаргана жимс хураан авах төлөвлөгөөтэй байгаа. Нэгдсэн байдлаар хурааж дуусаагүй байгаа тул эцсийн байдлаарх чацаргана хураалтын тоог нарийвчлан гаргаагүй байна.
-Чацарганы чанамал хийх үйлдвэр ашиглалтад орсон юм билээ. Өдөрт хэчнээн хэмжээний чанамал хийх хүчин чадалтай вэ?
-Увс аймагт чацарганы кластерыг хөгжүүлэх төсөл Монголын худалдаа аж үйлдвэрийн танхим, Германы худалдаа аж үйлдвэрийн танхимын хамтарсан дэмжлэгээр чацарганы чанамал хийх төхөөрөмжийг нийлүүлсэн. Одоогоор туршилтын байдлаар ажиллуулж байна. Туршилтын хугацаа дуусахаар дэлгэрэнгүй мэдээллийг өгөх боломжтой.
-Аймгийн хэмжээнд халдварын нөхцөл байдал хэр байгаа вэ?
-Халдварын нөхцөл байдал сүүлийн өдрүүдэд эерэг үзүүлэлттэй байна. Иргэд халдвар, хамгааллын дэглэмийг баримталж, дархлаагаа дэмжиж байгаатай холбоотойгоор тохиолдлын тоо буурч байгаа. Гуравдугаар тунгийн хамрагдалт хангалттай хэмжээнд хүрээгүй. Нэмэлт тунд хамрагдах нь идэвхгүй байна. Аймгийн онцгой комиссоос нэмэлт тунд хамрагдах санаачилгыг удаа дараа гарган ажиллаж байгаа. Нэмэлт тунгийн баг гаргасан. Байгууллагуудаар болон сумдаар явж тунд хамруулах ажлыг хийж байна.
-Ирэх оноос өмнө хийж дуусгахаар төлөвлөсөн ямар ажлууд байгаа вэ. Ойрын үед ямар үйл ажиллагаа болсон бэ?
-Энэ жилийн бүтээн байгуулалт, хийсэн ажлын тайланг нэн тэргүүнд гаргана. Тайландаа үнэнэлт өгч, ирэх жилийн ажлын төлөвлөгөөгөө гаргах юм. Цаг үеийн ажилтай холбоотойгоор “Нэг тэрбум мод” тарих үндэсний хөдөлгөөний хүрээнд хөдөө аж ахуйн салбарын ажилтнуудыг мэргэшүүлэхээр төлөвлөсөн. Мөн ойрын өдрүүдэд хийсэн ажлуудаас дурдвал гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх чиглэлээр иргэдэд сургалт орох, хулгайд алдсан малыг дроноор хайх, өвлийн хүлэмжийг ашиглалтад оруулах, эмнэлгийн салбарын тоног төхөөрөмжийг шинэчлэх, шилдэг гарааны бизнест дэмжлэг үзүүлэх, “Увс түншлэл-2021” үзэсгэлэн, чацарганы баяр гэх мэтээр салбар бүрд тодорхой хэмжээний ажлуудыг хийсээр байна. Ирэх оноос өмнө төлөвлөсөн ажлууд олон бий.
Н.АНУЖИН
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 1 )
ЭНЭ ЧАЦАРГАНЫГ ЧИНЬ ЭЛГЭНД МУУ ГЭЭД ОРОСУУД ХЭРЭГЛЭДЭГГҮЙ ЮМ БИЛ ЭЭ.