-10 жилийн туршилтын үр дүнд 10 тонн цагаан будаа хураан авчээ-
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас авч хэрэгжүүлж буй арга хэмжээ болон үйл ажиллагааг улиралд нэг удаа хэвлэл мэдээллийн салбарынханд тайлагнаж, сэтгүүлчдийн асуултад хариулахаар болсон юм. Үүний хүрээнд өчигдөр сэтгүүлчидтэй уулзлаа. Уулзалтад салбарын сайд, яамны хэлтсийн дарга нар болон холбогдох байгууллагын төлөөллүүд оролцсон юм. Хурлын эхэнд хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас салбарын цаг үеийн болон хэрэгжүүлж буй үйл ажиллагаатай холбоотой мэдээллийг өгсөн юм.
ХҮНСНИЙ НОГООНЫ 60 ХУВИЙГ ХАНГАХ БОЛОМЖТОЙ БОЛОВ
Улсын хэмжээнд ургац хураалт 97.3 хувьтай байгаа ажээ. Энэ жилийн хувьд 420.2 га талбайд үр тариа тариалсан байна. Тус талбайгаас 511.1 мянган тонн ургацыг хураан авчээ. Улсын хэмжээнд 655 мянган га талбайд үр тариа, ногоо, жимс жимсгэнэ тариалжээ. Тосны ургамлын чиглэлийг нэмэгдүүлж улмаар 38.3 мянган тонныг хураасан байна. Хүнсний ногоо хураалт 99.1 хувьтай байгаа юм. Нийт 118 мянган тонн хүнсний ногоог хураажээ. Ингэснээр дотоодын хүнсний ногоог 60 хувь хүртэл хангах боломжтой болсон хэмээн яамнаас үзсэн байна.
Өмнө нь дотоодын хүнсний хэрэгцэээний 47 хувийг хангадаг байжээ. Улаанбуудай 543 мянган тонныг хураасан байна. Өчигдрийн байдлаар 244 мянган тонн улаанбуудайг гурилын үйлдвэрүүд болон Хөдөө аж ахуйг дэмжих сан худалдаж авчээ. Засгийн газраас чанарын шаардлага хангасан улаанбуудайг Хөдөө аж ахуйг дэмжих сан дээр худалдаж авахаа мэдэгдсэн байна. Ингэхдээ зах зээлийн үнээр авах ажээ. Санхүүжилтийн эх үүсвэрийг Засгийн газар, Хөгжлийн банктай хамтарч шийдвэрлэхээр зохион байгуулах ажилдаа орсон байна. Гурил болон тэжээлийн үйлдвэрүүдэд 150 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг Засгийн газраас гаргажээ.
6.3 САЯ ЕВРО БҮХИЙ 445 ТОНОГ ТӨХӨӨРӨМЖ АВЖЭЭ
Усалгаатай тариалалт хөгжүүлэх зорилгоор Азийн хөгжлийн банкнаас 46.25 сая ам.долларын өртөгтэй, нийт 8000 га талбайг усжуулах усжуулалтын талбайг шинээр хийх сонгон шалгаруулалт дууссан байна. Говь-Алтай, Ховд, Баян-Өлгий, Завхан, Сэлэнгэ, Төв болон Хэнтий аймгуудад усжуулалтын талбайг шинээр хийх аж. Энэхүү бүтээн байгуулалтын ажлыг ирэх онд дуусгах юм байна. Одоогоор гүйцэтгэлийн ажил эхлэх шатандаа яваа ажээ. Төсөлд 1000 гаруй өрхийг хамруулахаар төлөвлөсөн байна. Амжилттай хэрэгжвэл 3400 өрх төслийн үр дүнг шууд хүртэх ажээ.
Хаврын тариалалт болон намрын ургац хураалт, хадлан тэжээл бэлтгэхтэй холбоотойгоор Беларусь улсаас 6.3 сая евро бүхий техникийн дэмжлэгийг хөнгөлөлттэй үнээр авсан байна. Үүнд 445 тоног төхөөрөмж багтжээ. Хувийн хэвшлийн аж ахуйн нэгж болох GIMEX компани 10 жил оролдсоны үр дүнд цагаан будаа хураан авчээ. Баянхонгор аймгийн Баянлиг суманд хоёр га талбайд цагаан будаа тариалж, нийт 10 тонныг хураасан байна. Энэхүү будааг “Хөсөг” хэмээн нэрлэж, худалдаалахаар бэлтгэж байгаа ажээ.
ОТРЫН БҮСЭД 8.4 САЯ ТОЛГОЙ МАЛ ӨВӨЛЖИНӨ
Засгийн газраас энэ оны долоодугаар сарын 28-наас өвөлжилтийн бэлтгэл ажлыг эхлүүлсэн байна. Энэ жилийн өвөлжилтийн эрсдэлийн үнэлгээгээр өвөлжилт дундаас дээгүүр байх төлөвтэй гарчээ. Өвс тэжээлийн бэлтгэл ажлыг малчид 92 хувийн гүйцэтгэлтэйгээр бэлдсэн байна. Нийслэл, аймаг, сумдын өвс, тэжээлийн аюулгүйн нөөцийг 65 хувьтай бэлтгэжээ. Аюулгүйн нөөцийг энэ сард зорилтот хэмжээнд бэлтгэхээр төлөвлөсөн байна.
Мөн отроор өвөлжих малын тоо толгойг тооцоолжээ. Энэ жилийн хувьд 19 мянган өрхийн 8.4 сая толгой мал зургаан отрын бүсэд хуваагдаж өвөлжих юм байна. Отрын бүсийн зохион байгуулалтын ажил болон дотоодын нүүдэл, шилжилтийг эрүүл мэндийн салбартай хамтран хийж байгаа ажээ. Мөн Ховд, Булган, Архангай, Дорнод аймгуудад мах бэлтгэлийн үйлдвэр байгуулах зорилт тавьсан байна. Ингэснээр бэлтгэсэн махыг шууд экспортлох боломжтой аж. Үйлдвэр ашиглалтад орвол 2500 хүн ажлын байртай болох юм байна.
Мөн арьс шир боловсруулах цогцолборыг Дархан хотод барихаар төлөвлөжээ. Эхний ээлжид дөрвөн сая ширхэг богийн арьс, 400 мянган ширхэг бодын арьс боловсруулах хүчин чадалтай байх юм байна. Нийт хөрөнгө оруулалт 130 сая ам.доллар ажээ. Энэхүү цогцолборыг барьснаар 7000 ажлын байр бий болж 265.8 сая ам.долларын орлого олж, 232.7 сая ам.доллар экспорт хийнэ хэмээн тооцоолсон байна. Баруун аймгуудад нийт малын 70 хувь оршдог тул Ховд аймагт үйлдвэрлэл, технологийн парктай болохоор төлөвлөж буйг онцоллоо. Уг бүтээн байгуулалтын нийт хөрөнгийг 35.7 сая ам.доллар хэмээн үзсэн байна.
Бүтээн байгуулалтын хүчин чадал нь 680 мянган арьс, гурван мянган тонн ноос, 300 тонн ноолуурыг боловсруулж, 5000 литр сүү савлах ажээ. Мөн Беларусь улсаас мах болон сүүний чиглэлийн 9000 үхэр авахаар төлөвлөсөн байна. Гэрээний дагуу эхний ээлжийн үхрүүдийг энэ онд багтаан авахаар болжээ.
З.МЭНДСАЙХАН: 15 АЙМГИЙН 99 СУМАНД ШҮЛХИЙ ӨВЧИНГ БҮРТГЭСЭН
Энэ уулзалтын үеэр Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайханаас салбарын үйлдвэрлэл, үйл ажиллагаатай холбоотой тодруулга авсан юм.
-Цаашдаа дотоодын үйлдвэрлэлээ дэмжих ямар бодлогууд барьж ажиллах вэ?
-Бидний нэн тэргүүний зорилго дотоодын хүнсний гол нэрийн бүтээгдэхүүнүүдийг импортоор авахаа багасгах, ургац тариалалтаа нэмэгдүүлэх явдал юм. Хүнсний ногоо тариалагчдаа дэмжих бодлогыг барьж ажиллахгүйгээр энэ салбарыг хөгжүүлэх боломжгүй. Хүнсний ногооны салбарт олон тулгамдаж буй асуудлуудыг дурдъя л даа. Нэгдүгээрт, зоорины асуудал бий. Ирэх жил Польш улсын Засгийн газрын дэмжлэгтэйгээр 8000 тонн багтаамж бүхий зоорийг ашиглалтад оруулахаар төлөвлөсөн. Энэ хэлцэл дуусах шатандаа байгаа.
Сангийн яамнаас эцэслэн шийдвэл шууд хэрэгжээд эхэлнэ. Хоёрдугаарт, механикжуулалтын асуудал бий. Ногоо тариалагчид маань ихэвчлэн гар аргаар ногоо тариалдаг. Тиймээс Беларусь улсаас ургац тариалах болон хураахад зориулж техник худалдан авч байна. Мөн ногоочдод зориулсан зээлийг гаргах юм. Гуравдугаарт, хүлэмжийн ногооны дутагдал бий. Бидэнд хот, суурин газрын хэмжээнд 50 га хүлэмж шаардлагатай байна. Одоогоор 10.1 га талбайд өвлийн хүлэмжтэй. Дулааны баланс алдагдал багатай газар л хүлэмжийн ногоог тарих шаардлагатай юм.
-Цагаан будаа тариалаад ургац хураан авсан байна. Өөр ямар тариалалтыг дотооддоо тарих боломжтой байгаа вэ?
-Импортын бүхий л төрлийн будааг дотооддоо тарих бололцоотой хэмээн харж байгаа. Нэмэлтээр сахарын манжинг ч тарих боломжтой. Одоогоор судалгааны ажил хийж байна. Хэрэв судалгааны ажлаар бүтэмжтэй байвал дотооддоо элсэн чихрийг үйлдвэрлэх юм.
-Энэ жилийн хувьд дөрвөн төрлийн гоц халдварт өвчин гарсан юм билээ. Зарим өвчлөлөөс хамааран үхэр устгалд оруулсан. Яг хэчнээн үхэр устгалд оруулсан бэ. Өвчлөл хэдэн аймагт бүртгэгдсэн бэ?
-Шүлхий өвчний голомт 15 аймгийн 99 сумын 158 голомтот газарт бүртгэгдсэн. Үүнээс 10 аймагт шүлхий өвчинтэй хоригийг бүрэн цуцалсан байна. Арьс товруутах өвчин Дорнод аймагт бүртгэгдсэн. Энэ өвчинг туссан малыг шууд устгалд оруулах шаардлагатай байдаг. Гоц халдварт өвчний заалтад арьс товруутах өвчинг нэмснээр малыг устгалд оруулсны дараа малчдад нөхөн олговор олгох боломж бүрдэж байгаа юм. Энэ өвчний үед хийх вакцин гэж байхгүй.
Тиймээс бог малын цэцэг өвчний вакциныг тав дахин их тунгаар тарьсан. Энэ жилийн хувьд 1734 үхрийг устгасан. Үүнээс 1500 үхрийг Дорнод аймагт устгасан байна. Гоц халдварт өвчлөл бүртгэгдсэн голомтот бүс нутгаас өвлийн идэш бэлдэхгүй. Нөөцийн мах бүрдүүлэх аймаг, сумдын жагсаалтыг гаргасан. Тиймээс махны эрүүл ахуйн шаардлагад санаа зовох шаардлага байхгүй.
-Арьс шир болловсруулах үйлдвэр барина гэсэн. Малчдаас авч буй арьс шир нь үйлдвэрийн аргаар боловсруулахад шаардлага хангахгүй асуудал үүсдэг. Үүнийг хэрхэн зохицуулах вэ?
-Өмнө нь тийм асуудал үүсэж байсан юм билээ. Гэхдээ чанарын шаардлага хангасны дараа үйлдвэр барьж болохгүй. Үйлдвэрээ барьчих юм бол тухайн үйлдвэр нь түүхий эдэд чанарын шаардлага тавьж эхэлнэ. Үүнийг дагаад чанар нь сайжирна гэсэн үг. Ийм байдлаар үе шаттайгаар үйлдвэр сайжрах юм. Стандартыг сайжруулсны дараа үйлдвэр барих асуудал байж болохгүй. Боловсруулах үйлдвэрийнхээ тавигдах шаардлагад үндэслэж бэлтгэн нийлүүлэлтийнхээ тогтолцоог цогцоор чанаржуулна гэсэн бодлогыг л барьж ажиллана.
-“Тэрбум мод” хөдөлгөөний хүрээнд хэчнээн хэмжээний тарьц, суулгац тарих вэ?
-Манай салбарын хувьд нийт 270 орчим сая мод, бут тарих боломжтой хэмээн үзэж байгаа. Энэхүү хөдөлгөөн манай салбарт ихээхэн ач тустай. Газар тариалангийн хөрсийг хамгаалах зурвас, ой байгуулах шаардлагатай юм. Энэ нь хөрсний элэгдлийг сайжруулна. Хөдөлгөөний үеэр жимсний суулгацаа тордож, тарихаар төлөвлөсөн. Жимс жимсгэнэ маань дотоодынхоо тав хүрэхгүй хувийг хангаж байгаа. Ядаж 15 хувиа хангахуйц суулгац тарих хэрэгтэй. Тиймээс жимсний аж ахуй, ойн тариалалтыг түлхүү дэмжинэ. Цөлжилтийн эсрэг бэлчээрийн тариалалтыг нэмэгдүүлнэ гэсэн үг. Гол анхаарал хандуулж буй зүйл маань жимсний тариалалт болон ойн зурвас байгуулах юм.
Н.АНУЖИН
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 0 )