“Батболдын Энхтүвшин” 12 боть номын нээлт боллоо

2021 оны 11 сарын 17

Монгол Улсын Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, академич  Б.Энхтүвшингийн судалгааны бүтээлийг хамарсан 12 боть номын нээлт 2021 оны арваннэгдүгээр сарын 17-ны өдөр боллоо.  

Энэхүү бүтээлийн чуулганыг Монгол улсад орчин үеийн шинжлэх ухааны байгууллага, Судар бичгийн хүрээлэн үүссэний 100 жил, ШУА-ийн 60 жилийн ойд зориулан Б.Энхтүвшин агсны гэргий, үр хүүхдүүд санаачлан ШУА-ийн хамтран зүтгэгч эрдэмтэдийн дэмжлэгээр бүтээжээ.

Академич Б.Энхтүвшин агсны хүү Э.Булган “Аавынхаа бүтээл туурвилыг эмхтгэн олны хүртээл болгох үр хүүхдүүд бидний хүсэл, энэ хүний бүтээл туурвилыг хойч үедээ үлдээж, уламжлуулах гэсэн  аавтай маань хамтран зүтгэж байсан эрдэмтэн мэргэд, найз нөхөдийнх нь чин хүсэл, эрмэлзэл огтолцож энэхүү номын чуулган бүрдлээ. Энэ бүтээлд  аавын минь бичээд нийтэд хараахан дэлгэгдэж амжаагүй гар бичмэлүүд, өмнө нь дэлгэж байгаагүй ховор  гэрэл зургууд, эрдэмтэн мэргэд найз нөхөдийн дурсамж сэтгэгдэл зэргийг бүгдийг нь багтааж өгсөн. Өөрөөр хэлбэл, 12 боть номыг боловсрол судлал, статистик, эдийн засаг, шинжлэх ухаан, иргэншил судлал зэрэг салбар бүрийн, тухай салбартаа танигдсан шилдэг  эрдэмтэд бичиж, бүтээлцсэн” хэмээн номын талаар тодотгон ярьж байлаа.

Энэ үеэр ШУА-ийн ерөнхийлөгч Д.Рэгдэл  хэлсэн үгэндээ “Миний дотны нөхөр шинжлэх ухааны төлөө олон жил хамтран зүтгэсэн Б.Энхтүвшингийн маань цуврал бүтээл гарч байгаа явдалд  би баяртай байна. Манай Энхтүвшин бол дээд боловсрол, шинжлэх ухааны салбарт ажилласан хугацааныхаа тэн хагасыг боловсролын салбарт, тэн хагасыг академийн удирдлагад ажилласан байдаг. Академийн удирдлагад ажиллахдаа 20 жилийг дэд ерөнхийлөгч, ерөнхийлөгчийн албыг хашиж, амаргүй цаг үед ажилласан гэдгийг зориуд тэмдэглэн хэлэхийг хүсч байна. Тэр дундаа Академийн ерөнхийлөгчөөр 2 дахь удаагаа сонгогдсноос хойшхи он жилүүд бол шинжлэх ухааны амьдралд, Монгол улсын шинжлэх ухааны салбарт нэлээд хүнд жилүүд байсан. Энэ хүнд жилүүдэд хувирашгүй сэтгэлээр академийнхаа төлөө ажилласан явдалд манай академийн гишүүд талархалтай ханддаг юм.  Энэ 12 боть номноос  зөвхөн хувь хүний амьдрал бүтээл төдийгүй Монгол улсын боловсрол, шинжлэх ухааны салбарын сүүлийн 30  гаруй жилийн түүх харагдана. Энэ номыг бүтээсэн эрхэм нөхөд, академичид,  гэр бүлийнхэнд нь  их баярлаж байна” гэсэн юм.

 

Эх сурвалж: Шинжлэх ухааны академи

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(122.201.21.206) 2021 оны 11 сарын 17

Архангайн мафийн том бүлэглэлийг үүсгэгчийн нэг нь л байсан шүү дээ.Гэхдээ хүүхдүүд нь сайн байна.Тэд ямар мэдэх юм биш

0  |  0
Top