Б.Пүрэвсүрэн: Агаарын чанар сайжирч, угаарын хийн эрсдэл тогтмол буурч байгаа

Автор | Zindaa.mn
2021 оны 11 сарын 19

Агаарын чанар, сайжруулсан шахмал түлшний хэрэглээ, хүртээмжтэй байдлын талаар нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газрын дарга Б.Пүрэвсүрэнтэй ярилцлаа.


-Нийслэлд агаарын чанар ямар байгаа вэ. 2020 оны энэ үетэй харьцуулахад өнөөдөр чанар нь сайжирсан уу?

-Агаарын бохирдлын асуудал нийслэлийн иргэн болгонд хамааралтай, сонирхож анхаардаг сэдвүүдийн нэгж болжээ. Ер нь Улаанбаатар хотын агаарыг 2018 оноос өмнөх, 2018 оноос хойш гэсэн хоёр том цаг хугацаанд хувааж болохоор байна. 2018 онд Засгийн газрын 62 дугаар тогтоол буюу түүхий нүүрсний хэрэглээг нийслэл хот руу оруулахгүй байх, хэрэглэхгүй байх шийдвэр гарч, Улаанбаатар хотын агаарын чанарыг өнөөдөр 50 хувь сайжруулжээ. Лабораторийн дүгнэлтээр үүнийг нотлон харуулдаг. Улаанбаатар хотын агаарын чанар 2019 оноос хойш тодорхой хэмжээгээр тасралтгүй сайжирсаар байгаа.

Энэ бол сайжруулсан түлш айл өрхийн өдөр тутмын хэрэглээ болж, бүх төрлийн түлшнээс төрийн зохицуулалтаар хамгийн хямдаар борлогдож байгаатай холбоотой. Нийслэлийн төвийн зургаан дүүргийн 200 гаруй мянган өрх, түүн дотроо байнгын болон түр оршин суугч айл өрхүүдийг галлагааны улиралд дулаан, тухтай өвөлжих нөхцөлөөр хангадаг болжээ.

Жишээлбэл, 2021 оны аравдугаар сарын агаарын бохирдлыг өмнөх оны аравдугаар сарын агаарын бохирдолтой харьцуулж тайлбарлая. Энэ судалгаагаар 2021 оны аравдугаар сарын агаарын чанарт 2020 оны мөн үеийн агаарын чанараас тоосонцор 12 хувиар буурсан. Нүүрс хүчлийн хий, азотын давхар ислүүд хэвэндээ гэсэн үзүүлэлт гарсан байна. Арваннэгдүгээр сарын 8-14-ний өдөр буюу өнгөрсөн долоо хоногийн агаарын чанар ямар байгаа вэ гэдгийг хэмжихэд тоос, тоосонцор 15 орчим хувиар, хүхэрлэг хий, азотын давхар исэл 20 орчим хувиар нэмэгджээ. Цаг агаарын хувьд өнгөрсөн жилийн мөн үеэс дунджаар 2.3 хэм хүйтэн байна. Салхины хурд 0.4 метр секундээр бага байна гэсэн үзүүлэлт хэмжигджээ.

-Хүйтний эрч чангарахаар галлагаа илүү ихэснэ. Утааны асуудал яригдсаар л байх болно шүү дээ. Агаарын чанараа яг яаж хэмждэг вэ. Хэмжилтэд нь итгэж болох уу?

-Улаанбаатар хотын агаарын чанарыг хэмждэг 15 суурин харуулаар агаарын чанарын хэмжээсээ хийж байгаа. Суурин харуулын дүгнэлтэд итгэж болно. Агаарын чанарыг хэмждэг хэд хэдэн хэмжигдэхүүн бий. PM2.5, PM10 тоосонцрын хэмжээ, хүхэр, азот, нүүрсхүчлийн хийг хэмждэг гэсэн үг. Олон улсын итгэмжлэгдсэн байгууллагын олон улсад хүлээн зөвшөөрсөн программаар мэдээллээ нэвтрүүлдэг. Зарим өдөр хүний нүдээр харахад агаар илүү бохирдолтой мэт байдаг. Зарим өглөө тунгалаг болдог. Энэ нь температурын инверс гэж зүйлтэй холбоотой.

Инверс нь уулархаг бүсийн хонхор газарт илүү зузаан тогтдог учир Улаанбаатар хотод эрчим хүчтэй явагддаг. Өөрөөр хэлбэл, агаарын температураас шалтгаалж агаарт манан суугаад бохирдолтой агаар задардаг. Гэтэл зарим тохиолдолд тогтуун үед тэр нь задрахгүй манан шиг суучихдаг. Энэ салхины агаарын температурын урсгал хүртэл агаарын бохирдолд нөлөөлдөг юм шүү дээ.

-Гэр хорооллын утаанаас гадна агаарыг өөр юу бохирдуулдаг тухай судалгаа хийдэг үү?

-Гэр хорооллын утаа агаарын 80 орчим хувийг бохирдуулдаг. 10 орчим хувийг авто тээврийн хэрэгслээс үүдэлтэй бохирдол эзэлдэг. Үлдсэн 10 хувьд нь станцууд болоод бусад шороон тоосонцрын эх үүсвэр эзэлдэг гэсэн судалгаа бий. Мэдээж гэр хорооллын утаа нэгдүгээр шалтгаан. Гэхдээ өнөөдөр гэр хороололд сайжруулсан шахмал түлш түлсэн нь хамгийн зөв арга хэмжээ мөн байсан. Авто тээврийн хэрэгслийн утаа ямар байгаа талаар 2020 онд хоёр төрлийн хэмжилт хийсэн.

Бүх нийтийн бэлэн байдлын үеэр Сүхбаатарын талбай”, 32-ын тойрог, Бөмбөгөр зэрэг цэг дээр хэмжилт хийхэд хүхэр болон тоосонцрууд 31-38 микрограмм байсан. Үүнийг энгийн хөдөлгөөний үетэй харьцуулахад өнөөдөр 161-168 микрограмм буюу тав дахин бохирдол ихтэй гэж гарсан. Автомашин энэ хэмжээний бохирдлыг агаарт бий болгодог байна. Улаанбаатар хотын авто тээврийн хэрэгслийн тоо жилээс жилд нэмэгдэж, нийслэлд бүртгэлтэй авто тээврийн хэрэгсэл 2019 онд 567 мянга гаруй болсон.

Үүнд, орон нутгийн бүртгэлтэй тээврийн хэрэгслүүд хот руу зорчих хөдөлгөөнийг нэмбэл илүү тоо гарна. Харин 2021 оны хоёрдугаар сарын 8-ны байдлаар нийслэлд 617 мянга гаруй тээврийн хэрэгсэл бий болж, 60 гаруй мянгаар өссөн байна. Энэ тоо авто зам дээрх бохирдлыг үүсгэх үндсэн шалтгаан. Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас гаргасан хилээр орж ирж байгаа түлшний импортын хэмжээг харахад ч дээрх тоо батлагдана. Дизелийн түлш болон түүнийг дагаж орж ирж байгаа нефть, химийн бүтээгдэхүүний импорт эрс нэмэгдсэн байна.

Дэлхийн хотуудын цаг агаарын чанарыг гаргадаг апплейкишнээс харахад галлагааны улиралд Монгол Улс эхний 3-4 дүгээр байраас буудаггүй байсан. Өнөөдрийн байдлаар 23 дугаар байрт байх жишээний. Мэдээж агаарын чанарын хувьд бид тодорхой амжилт үзүүлсэн ч цаашид илүү сайжруулах шаардлага бий.

-Цаашдаа агаарын бохирдлыг 80 хүртэл хувиар бууруулах тухай яригдаж байгаа шүү дээ. Бохирдлыг бууруулахын тулд голлон ямар ажил хийж байна вэ?

-Агаарын бохирдлыг бууруулна гэдэг хэдэн цогц ажлын нийлбэр байдаг. Гэр хорооллын дахин барилгажилт, дэд бүтцийн хөгжлүүд, ногоон байгууламж эко орчныг бий болгох, авто замын сүлжээг сайжруулах ажлуудын нийлбэр агаарын бохирдлыг бууруулдаг. Энэ бүх ажлыг хийхэд Засгийн газрын дөрвөн том агентлагийн оролцоо хэрэгтэй. Жишээлэхэд, гэр хорооллын дахин барилгажилтын асуудлыг томоор авч үзэх шаардлагатай.

Гэр хорооллын 200 мянган өрхөөс 100-200 айл орон сууцанд ороод яндан бууснаар агаарын чанарт нөлөөлөхгүй. Мянга мянгаараа орон сууцанд орж байж нөлөөлнө. Мянга мянгаар янданг буулгахад төрийн томоохон бодлого, эдийн засгийн суурь баазууд хэрэгтэй. Ногоон байгууламжийн ажлыг хийхдээ ч гэсэн цэцэг суулгаад өнгөрөхгүй агаарын бохирдолд нөлөөлөх хэмжээний ажлыг тухайлбал, мод тарих хөдөлгөөнийг бүх нийтийн үйл хэрэг болгох нь зүйтэй. Яндангаа буулгахдаа орон сууцад орохоос гадна агаар бохирдуулахгүй эх үүсвэрээр дулаан цахилгаанаа шийдэж, үүнд нь төр дэмжлэг үзүүлж болно.

Жишээлбэл, банкуудын ногоон зээлийн эх үүсвэрээр гэр хорооллын айл өрхүүд галлагааны бус аргаар дулаанаа шийдэх боломжийг эрэлхийлж болно. Энэ бүхний хажуугаар угаарын эрсдэл, гэрийн дулаалга, айл өрхүүдийн шахмал түлшний хэрэглээ, хяналт шалгалт, түүнд мөрдөх журам дүрмүүдийг сайжруулах, шинэчлэх ажлыг орхигдуулж болохгүй. Үндсэндээ нийслэл хот гурав дахь жилдээ шахмал түлш түлж бүх нийтийн үйл хэрэг болгож байхад зарим хот хагас зуун жил тэмцэж байж агаарын бохирдлоос салдаг туршлагууд ч байдаг. Агаарын бохирдлоос бүрмөсөн салах бага ажил биш шүү гэдгийг ойлгоосой.

-Гэр хорооллын утааны асуудалд ихэвчлэн сайжруулсан түлшний хэрэглээг л ярьж байна. Сайжруулсан түлшний хэрэглээ, борлуулалт ямар байгаа вэ. Та бүхэн газар дээрх хяналт шалгалт хийдэг шүү дээ?

-Улаанбаатар хотын зургаан дүүрэгт сайжруулсан түлшний 550 борлуулалтын цэг ажиллаж байна. Өнөөдөр хүртээмж, борлуулалтын тал дээр тулгамдсан асуудал бага, зохицуулалтын ажлууд л багахан хэмжээнд байгаа. Манай агентлаг, нийслэлийн төр захиргааны байгууллагууд намраас хаврыг хүртэл сайжруулсан түлшний хэрэглээнд хяналт шалгалт хийх, санал асуудлууд авах, шийдвэрлэх тухайд бүх нийтээрээ дайчлагдаж ажилладаг. Сайжруулсан түлшний борлуулалтын цэгүүдийг “Тавантолгой түлш” компаниас байгуулдаг. Өндөрлөг болон алслагдмал газруудаа орхигдуулахгүйгээр цэгүүдээ байгуулж, хүртээмжтэй байхад илүүтэй анхаардаг. Гэсэн ч иргэд гудамж болгоны үзүүрт л борлуулалтын цэгтэй байхыг хүсдэг.

Түлш борлуулахад зохицуулалтын ажлууд чухал, тасралтгүй түлш нийлүүлдэг байх ёстой. Сайжруулсан шахмал түлш өнөөдрийн байдлаар 43 мянган тоннын аюулгүйн нөөцтэй байна. Хоногийн үйлдвэрлэлээсээ давсан хэрэглээтэй байх үед урт амарч байгаа баярын өдрүүдээр түлшийг нөөцөөс гаргах чиглэлтэй явдаг. Жилээс жилд нийслэл 60 мянган тонн аюулгүйн нөөцийг бүрдүүлэн ажилладаг. Энэ жилийн хувьд ч аюулгүйн нөөц бүрдсэн.

-Иргэдээс сайжруулсан түлштэй холбоотой ямар гомдол санал ихэвчлэн хэлдэг вэ?

-Иргэдээс долоо хоног болгон зургаан шуудай түлш авах биш нэг удаа бөөнөөр нь их хэмжээгээр түлшээ авдаг байх тухай санал хэлдэг. “Зургаан шуудай түлш заримдаа хүрэхгүй байна, хүссэн хэмжээгээрээ авмаар байна” гэдэг. Энэ тухайд хоногийн үйлдвэрлэлийн хүчин чадлын асуудал яригдана. Өнөөдөр би гурван шуудай түлш авбал миний оронд өөр нэг айл түлшээ авч чадахгүйд хүрнэ шүү дээ. Хоногийн үйлдвэрлэлээ нийслэлийн нийт өрхийн хэрэглээнд хүрэхүйц байлгахын тулд норм тавихаас өөр арга байхгүй. Нөгөө талд долоо хоногийн зургаан шуудай түлш гэдэг бол судалгаатай, үндэслэлтэй тоо. Гэр, сууцаа дулаалсан, дулаан алдагдлаа хянаж чадсан айл өрхөд зургаан шуудай түлш 150 ам.метр хүртэлх талбайд хүрэлцээтэй. Тэгэхээр айл өрхүүд өвөлд бэлтгэх ажлыг тус тусдаа маш сайн хангадаг баймаар байна. Гэр хорооллоор явахад янз бүрийн айл байна, зарим айл гар доорх материалаар хүртэл гэрээ дулаалаад дулаан алдагдалгүй сууж байхад зарим айл цонх нь сийгсэн, хаяагаа дулаалаа ч үгүй байна. Ийм айлд хэдэн шуудай түлш өгөөд ч дулаан байх хэцүү. Тийм болохоор өвөлд айл болгон бэлтгэх хэрэгтэй.

-Сайжруулсан түлшний үнэ тогтвортой, хомсдол үүсэхгүй, нөөцөө бүрдүүлсэн учраас тулгамдсан асуудал бага гэдгийг та хэллээ. Ер нь цар тахлаас шалтгаалахгүй өнтэй сайхан өвөлжинө гэж ойлгох уу?

-Өнгөрсөн өвөл өнтэй сайхан өвөлжсөн. Энэ өвөл ч ялгаагүй байна. Засаж болох алдаанаас болоод гаргасан том амжилтаасаа бид ухарч болохгүй. Бид гурван жилийн өмнө амьсгалж байсан агаараа санах хэрэгтэй. Өнөөдөр айлууд гал түлж л байгаа болохоор агаарын бохирдол тодорхой хэмжээнд байна шүү дээ. Сайжруулсан түлш түүхий нүүрснээс 50 хувийн бохирдол багатай л болохоос биш огт утаагүй түлш биш.

-Угаарын хийнд хордсон дуудлага мэдээллийн тоо ямар байгаа вэ?

-Сайжруулсан түлш хэрэглэснээс хойш угаарын эрсдэлээс үүдсэн асуудал эрс буурсан. 2019-2020 онд 2970 хүн угаарын эрсдэлд өртсөн гэсэн тоо байдаг. Гэтэл 2021 оны галлагааны улирал гараад 200 гаруй хүн угаарын эрсдэлд өртсөн. Энэ нь өнгөрсөн оны мөн үеэс 280 дуудлагаар багассан тоо юм. Угаарын эрсдэл жил ирэх тусам эрс багасаж байгаа. Энэ нь сэтгэл тайвшрах тоо бол биш, гэхдээ багассан. Нэг ч хүн угаарын эрсдэлд өртөхгүй байхын төлөө олон талт ажлуудыг хийсээр байна. Жил бүрийн намар дөрвөөс таван томоохон ажлын хэсэг аян хэрэгжүүлдэг. Тухайлбал, Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас зарласан аян, нийслэлийн Засаг даргын захирамжаар байгуулсан ажлын хэсэг, нийслэлийн ИТХ-аас зарласан аян, дүүргүүд рүү чиглэсэн аян, арга хэмжээ гээд зарладаг. Угаарын асуудал, түлшний хүрэлцээ, иргэдийн бухимдлыг бүгдийг шийдэх гэж олон талаас нь өдийг хүртэл ажилласны үр дүнд эрсдэлтэй тоонууд буурч байгаа юм.

-Угаарын хийн эрсдэлээс сэргийлэхийн тулд иргэдийн зүгээс юунд анхаарах ёстой вэ?

-Бид айлуудынхаа янданг хөөлсөөр л байгаа. Сайжруулсан шахмал түлш хэрэглэж байгаа тохиолдолд нэг том зуршлыг айл өрх бий болгох ёстой. Тэр бол тогтмол яндангаа хөөлөх асуудал. Нийслэлд байшин, гэр дээрээ гараад яндангаа хөөлөх боломжгүй, чадахгүй олон айл байдаг. Өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд гэх мэт бүлгүй айл өрхүүдийнхээ янданг бид хөөлж байна. Дараагийн ээлжид зуух пийшингийн битүүмжлэл, стандартыг хангах ажлыг явуулдаг. Өнгөрсөн жил гарсан угаарын эрсдэлүүд яндангаа аваад өрхөө бүтээснээс үүдсэн нь олон байсан. Хайхрамжгүй, болгоомжгүй үйлдэл, зуршлыг байнга битгий гаргаач гэж бид уриалж байгаа.

Гурван жил сайжруулсан шахмал түлшээ түлээд, угаар мэдрэгчээ ажиллуулаад явсан айлууд угаарын эрсдэлд өртөхгүй байна. Ихэвчлэн шинээр хотод нүүж ирсэн сайжруулсан түлшний талаар мэдлэг бага, өмнө нь түлж үзээгүй, зуух яндангийнхаа битүүмжлэлийг хангаагүй, аюулгүй байдлаа хэрхэн хангахаа мэдэхгүй айлууд цөөнгүй эрсдэлд өртсөн. Тиймээс бид хотод шинээр шилжиж ирсэн иргэдтэйгээр хүртэл хамтарч ажиллах хэрэгтэй. Бидэнтэй хамтарч ажиллаж байгаа олон төрийн байгууллагын оролцоо ч энд чухал байдаг.

-Угаарын хий мэдрэгчийн хэрэглээ, хүртээмжтэй байдал ямар байгаа вэ?

-Угаарын хий мэдрэгчийг төрөөс нэг удаа үнэгүй олгоно. Дахиж зай нь дуусах, эвдрэх зэрэг тохиолдолд тухайн айл өөрсдөө худалдаж авах ёстой. Зах зээл дээрээ чанараасаа шалтгаалаад 15-75 мянган төгрөгийн хооронд худалдаалж байгаа. Зарим айл төр байнга угаар мэдрэгчээр хангах ёстой гэсэн хүлээлттэй байдаг. “Тавантолгой түлш” компанийн ажилчид айл бүрээр орж угаар мэдрэгчийг шалгаж, эдийн засгийн бүр боломжгүй айлд нөхөж олгох, засварлах зэргээр арга хэмжээ чадлаараа авч ажилладаг.

-Одоо угаарын хий мэдрэгчээ ашиглахгүй хадгалдаг айлууд байдаг уу?

-Угаарын хий мэдрэгч тараасны эхэн үед ашиглаагүй хадгалсан айл олон гарсан. Одоо бол хэрэглээд сурсан. Нүдэнд үзэгдэж, гарт баригдахгүйгээр хүний амьсгалын түвшинд орж эрүүл мэндэд нь эрсдэл учруулдаг угаарыг хүнээс түрүүлж мэдрэх мэдрэгч ажиллаж байвал тухайн өрхийг эрсдэлээс сэргийлнэ. Угаарын хий мэдрэгч сэрүүлэг шиг дуугарч угаарын дохио өгнө гэсэн үг. Угаарын хий мэдрэгчийг зөв байрлуулж, зөв хэрэглэхэд асуудал байхгүй. Жишээлбэл, бурхныхаа хажууд байрлуулаад арц уугиулахад дуугарлаа гэсэн тохиолдол гарч байсан.

-Тэгвэл угаарын хий мэдрэгчээ хаана байрлуулах ёстой вэ?

-Байр, байшинтай айл унтаж байгаа орчиндоо буюу унтлагын өрөөндөө байрлуулах нь тохиромжтой. Монгол гэрт багана дээр байрлуулж байж хүний мэдрэх түвшинд хүрнэ.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
William(129.205.124.89) 2021 оны 11 сарын 20

Сайн байцгаана уу, энэ мессежийг уншиж байгаа хүн бүр, би Макс эмнэлэгт бөөрөө зарж баяжсан бидний ертөнцийг гэрчлэхийн тулд энэ хэрэгслийг ашиглахыг хүсч байна. Өмнө нь би олон жил амьдарсаны эцэст бөөрөө зарах мисс хайж байсан. ядуурал, намайг Макс эмнэлэгтэй танилцуулдаг гол найзтайгаа уулзах хүртэл бид үнийг тохиролцож, тэд миний бөөрийг 600,000 доллараар худалдаж авахаар тохиролцсон бөгөөд биднийг ирэхээс өмнө хагас төлбөрийг нь төлнө гэж надад мэдэгдэв. Тэд хийсэн хагалгааных нь төлөө хагалгааны дараа тэр даруй үлдэгдэл мөнгөө надад өгдөг [drmax.hospital@gmail.com ]\nӨөрт байхгүй зүйлээ а

0  |  0
даш(64.119.23.208) 2021 оны 11 сарын 20

үүнийг бичсэн хүний гэр хаана байдаг болоо? би япон хотхонд амьдардаг, өдөрт 3 удаа тоос арчихад тоосонд дараастайл байх юм. үүнээс үзэхэд хот тоосонд битүү хучигдсан биш үү?

0  |  0
Top