Өмнөд хөрш хилээ хааснаас үүдэж буй үнийн өсөлт болон бараа бүтээгдэхүүний хомсдол цэцгийн дэлгүүрүүдэд хэрхэн нөлөөлж буй талаар сурвалжиллаа. Хотын төвд байрлах томоохон цэцгийн төвд тооцогдох Улсын их дэлгүүрийн нэг давхарт байрлах цэцгийн тасгийг зорилоо. Тус газар руу ормогц олон янзаар чимэглэж, чамин боосон амьд цэцэгсийн өнгө, үнэр сэтгэл баясгаж байв. Угаас цэцгийн баглаа, боодол гэдэг урлагийн бүтээл аж. Лангуун дээр лили, сарнай, удвал, хонгорзул гээд олон төрлийн цэцэг өнгө алаглан байх нь харагдана. Хэн ч харсан нүд булаам тэр цэцэгсийн бэлгэдэл, үнийн талаарх мэдээллийг худалдааны зөвлөхүүд үйлчлүүлэгч нартаа тайлбарлаж өгч байлаа.
Энэ нь тэр бүр цэцгийн утга учир, бэлгэдлийг мэддэггүй хүмүүсийн сонголтод нэмэр болж байгаа нь харагдана. Энд тусдаа нэр хаягтай найман лангуу байна. Үнийн хувьд ч хоорондоо ялгаатай юм. Цэцгийн тасгийн голд байрлах “Jarden” хэмээх лангуунд нэг ширхэг богино сарнай 9000 төгрөг, урт сарнай нь 12 мянган төгрөгийн үнэтэй гэх. Харин баглаа цэцэг 50 мянган төгрөгөөс дээш үнээр зарагдаж байлаа.
Тухайлбал, зургаан ширхэг лили цэцэгтэй баглаа нь 120 мянган төгрөгийн үнэтэй гэв. Харин хажууханд нь байрлах “Flowers” хэмээх нэртэй лангуунд нэг ширхэг сарнай 10000 төгрөгийн үнэтэй байлаа. Баглаа цэцгийн хувьд 80 мянган төгрөгөөс үнэ нь эхэлж байсан юм. Гэхдээ үйлчлүүлэгчдийн сонгосон цэцгийн тоо, боолтны загвараас шалтгаалан үнэ нь ялгаатай байдаг гэнэ.
Тухайлбал, есөн ширхэг сарнайг энгийн загвараар боолгоход 100 мянган төгрөг болдог байна. “Flowers” дэлгүүрийн худалдагч “Энд байрлах лангуунууд тус бүрдээ өөр үнэтэй байгаа. Урд хөрш хилээ хааснаас болж худалдааны цэцгийг онгоцоор оруулж ирэх болсон. Үүнээс үүдэн цэцгийн үнэ өссөн. Жишээ нь, үүнээс өмнө сарнай цэцэг 6000 төгрөг байсан бол одоо 10 мянган төгрөгөөр худалдаалагдах болсон. Цэцгийн дэлгүүрүүд бүгд үнээ нэмсэн байгаа. Манай дэлгүүрийн цэцгийн үнэ 4000-15000 төгрөгөөр өссөн” хэмээв. Улсын их дэлгүүр доторх цэцгийн тасгаас хүмүүсийн анхаарлыг хамгийн ихээр татаж байсан нь хямдрал зарласан гэх лангуу байсан юм. Энд хамгийн хямд үнэтэй баглаа цэцэг 65 мянган төгрөгөөр зарагдаж байлаа. Цэцэг худалдаж авахад цэцгийн үндсэн өртөг дээр баглаа боодлын үнэ нэмэгдэх бөгөөд энэ нь 5000-15000 төгрөгийн нэмэгдэлтэй байдаг аж.
Лили цэцэг ширхэг нь 25 мянган төгрөгийн үнэтэй
Цэцэг төвийн нэг давхарт хоёр ч цэцгийн тасаг байрлажээ. Мөн л үнийн хувьд хоорондоо ялгаатай байлаа. Баруун талд байрлах цэцгийн тасагт нэг ширхэг сарнай болон удвал цэцэг 7500 төгрөгийн үнэтэй байв. Худалдан авагчид ихэвчлэн хэдэн төгрөгт цэцэг боолгож буй талаар худалдагчаас тодруулахад дунджаар 70 мянган төгрөг болдог гэх. Дотроо гурван ширхэг сарнайтай цэцгийн баглаа нь 35 мянган төгрөг, таван ширхэгтэй нь 55 мянган төгрөгийн үнэтэй байсныг харахад боолтны үнэд ойролцоогоор 12000-17000 төгрөг нэмж авдаг бололтой. Харин зүүн талд нь байрлах цэцгийн дэлгүүрт нэг ширхэг сарнай 8500 төгрөг, нэг ширхэг лили цэцэг 25 мянган төгрөгийн үнэтэй байсан юм.
Тус дэлгүүрийн худалдагч “Манай дэлгүүр Солонгос сарнай зардаг. Тиймээс нөгөө тасгаас үнэтэй байгаа. Үнийн өсөлтөд хил гаалийн асуудал нөлөөлж байна. Өмнө нь вагоноор оруулж ирдэг байсан цэцгийг одоо онгоцоор татах болсон. Ингэснээр үнэ нэмэгдэх нь ойлгомжтой. Лили цэцэг гэхэд л өмнө 9500 төгрөгийн үнэтэй байсан” гэв. Хүмүүсийн өргөнөөр үйлчлүүлдэг Цэцэг төв болон Улсын их дэлгүүрт цэцгийн үнэ иймэрхүү байдлаар тогтсон байв. Хамгийн багадаа 2000 төгрөгөөр нэмэгдсэн байгааг уншигч та бүхэн анзаарч байгаа болов уу. Бид цааш явсаар “Төгөлдөр” төв, “Astra” зэрэг цэцгийн дэлгүүрээр орсон юм.
Төгөлдөр төвийн нэг давхарт байрлах цэцгийн дэлгүүрт сарнай 8000 төгрөг байсан бол “Astra” дэлгүүрт 9000 төгрөгийн үнэтэй байлаа. Харин армашка болон удвал цэцэг адилхан үнээр буюу ширхэг нь 9000 төгрөгөөр худалдаалагдаж байв. Тус хоёр дэлгүүрийн хувьд цэцгийн сонголт бага. Хүмүүсийн хамгийн их сонгодог улаан сарнай, удвал, хонгор зул цэцэг л байлаа. Төрийн ордны хойно байрлах “Astra” цэцгийн дэлгүүр эл хульхан байв. Тус дэлгүүрийн цэцэг зориулалтын орчинд байгаа ч өнгө алдаж, ирмэг булангаасаа харлаж эхэлжээ. Үүнээс харахад үйлчлүүлэгч бага байгаа бололтой. Энэ талаар худалдагч бүсгүй ч хэлж байсан юм.
Онлайн дэлгүүрээс 99 ширхэг сарнайг 763 мянган төгрөгөөр авна
Цар тахал нүүрлэж, хөл хорио тогтоосонтой холбоотойгоор албан байгууллагууд цахим сүлжээ ашиглан бараа бүтээгдэхүүнээ борлуулах нь нэмэгдсэн. Хайртай, дотны хүндээ гэнэтийн бэлэг барихаар цэцэг хүргэлтийн үйлчилгээг сонгодог хүмүүс цөөнгүй. Мэдээж өөрийн биеэр очиж цэцэг сонгож авснаас үнэтэй болно. Учир нь цэцгийн үнэ дээр сав, баглаа боодлын үнэ нэмэгдэхийн хамт хүргэлтийн үйлчилгээний тариф нэмэгддэг билээ. Тэгвэл хүмүүсийн хамгийн сайн мэдэх “Цэцэгт мэндчилгээ” онлайн дэлгүүрийн үнийг харвал цэцгийн үнэ 49 мянган төгрөгөөс эхэлж байв. Тус дэлгүүрт “Мөнхийн хайр” хэмээх сагстай цэцэг хамгийн үнэтэй буюу 763 мянган төгрөгөөр худалдаалагдаж байлаа. Үүнд 99 ширхэг сарнай орох бөгөөд нэг ширхэг сарнай 7000 төгрөгийн үнэтэй гэнэ. Цэцгийн үнэ дээр сагс, хөрс чимэглэлийн 53 мянга, үйлчилгээний 17 мянган төгрөг нэмж авдаг байна.
Хүмүүсийн өргөнөөр үйлчлүүлдэг тоотой хэдэн цэцгийн дэлгүүрүүдээр ороход үнийн өсөлт хэр хэмжээнд нөлөөлсөн байгааг харж болохоор байна. Нэг ширхэг сарнайг 9000 төгрөгөөр аваад, энгийн боолт хийлгэхэд хамгийн багадаа 19 мянган төгрөг болох юм. Харин гоёлын боолт хийлгэвэл 24 мянган төгрөгт хүрэх нь. Сарнай цэцгээс нэг ширхэгийг авахын тулд 19 мянган төгрөг төлнө гэдэг хэн бүхний халааснаас хялбархан гарах хэмжээний мөнгө биш биз ээ.
Д.МЯГМАРЗАЯА
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 0 )