Олон мянган жилийн түүхтэй, түмэн олны хүндлэл дунд байдаг бөхчүүд үнэн хүчийг үзэн барилдахаа болиод удлаа. Аливаа спорт шинжлэх ухааны үндэслэлтэй хөгжиж байхад монгол үндэсний бөхөд сэргээш хэрэглэх, байшин барилга булаалдах, нэр хүндийн төлөө “барилдах” явдал газар авав. Гэхдээ энд шударга барилдаж үндэсний өв соёлыг тээж яваа хүчит бөхчүүдээ дурдаагүй юм шүү. Хамгийн сүүлийн жишээ гэхэд Монгол Улсын аварга Э.Оюунболд сэргээшийг асуудлаас болж цолоо хураалгаад байсан ч дахин сэргээш хэрэглэсэн нь нотлогдлоо.
Ийм тохиолдолд Э.Оюунболдын цолыг нь хурааснаар орхих уу, удаа дараа давтагдаж байгаа энэ асуудалд ямар нэг шийдэл байх ёстой вэ гэх асуудал босов. Үндэсний бөхийн холбооны Цэцдийн зөвлөл хуралдаж, тус холбооноос дангаараа болон төрийн байгууллагуудтай хамтран зохион байгуулсан барилдаанаас сэргээшийн шинжилгээгээр зөрчил гаргасан бөхийн барилдах эрхийг дөрвөн жилээр хасах, 40 сая төгрөгийн мөнгөн торгууль оноох, дахин илэрвэл найм ба түүнээс дээш жилээр бүх төрлийн барилдаанд оролцох эрхийг нь хасах заалтыг дүрмэндээ шинэчлэн оруулсан.
Дүрмийн дагуу бол арслан Э.Оюунболд барилдах эрхээ найман жилээр хасуулж таарах нь. Э.Оюунболдын хувьд дахин түрүүлэх бүү хэл шөвгөрөх ч хэцүү болж байна гэсэн үг. Тэр 30 насны босго эрт давж, дараагийн залуус хүч түрэн орж ирсэн байх болно. Үүнээс гадна ард түмний хайр хүндлэл гэж нэг чухал зүйл бий. Эрийн гурван наадмаараа бахархаж ирсэн түмэн амжилттай барилдсан бөхчүүдээ дээшээ залж, байдгаа тэмтэрдэг. Түүний адил Э.Оюунболдыг анх түрүүлэхэд бөхийн бай шагнал болон “Ланд крузер” автомашин, “Хан Хэнтий хөгжил” сангаас хоёр өрөө байр, “Их засаг” их сургуулиас дөрвөн өрөө байр гэх мэтээр бэлэглэсэн. Энэ бол бөхдөө хайртай Монгол түмний уухай, тэдний хайр хишиг юм.
Э.Оюунболд барилдах эрхээ найм байна уу, хэдэн жилээр хасуулж болно, гагцхүү ард түмний энэ их хайр хүндэтгэлийг яах юм. Үүнээс харахад ард түмэн үнэн хүчийг уралдуулан барилдаагүй нэг луйварчинд бүх зүйлээ өргөн барьчихсан нь харагдана. Энд ганцхан Э.Оюунболдын хувьд тодорхойлж яриад байгаа болохоос бус үндэсний бөхийн ертөнцөд сэргээшийн асуудал байсаар байна. Эцэст нь үүнийг яах юм. Үндэсний бөхөө догдлон үздэг түмний өмнө хэдэн сэргээштэй өөхнүүд барилдаад байхыг харах ёстой юу, үгүй юу. Э.Оюунболдын хувьд Монгол үндэсний бөхийн түүхэн амжилтыг үзүүлсэн их аварга Б.Бат-Эрдэнийн нутгийн унаган хүүхэд. Хан Хэнтий, их аваргынхаа нэрийг тэр шороотой хутгалаа.
Үндэсний бөхийн нэр хүндийг унагааж байгаа хэрэг юм. Бодит мэдээллийг танилцуулахад өнгөрөгч зун цар тахлын улмаас баяр наадам зохион байгуулаагүй бөхөд хайртай ард түмэндээ зориулж, чансаа өндөр 512 бөхийн барилдааныг Хүйн долоо худагт зохион байгуулсан. Тус наадамд барилдсан 18 бөхөөс сэргээшийн шинжилгээ авахад улсын арслан Э.Оюунболд, аймгийн арслан Б.Хадбаатар, аймгийн арслан Н.Батсайхан, аймгийн заан Б.Уртнасан нарын дөрвөн бөхөөс сэргээш илрэв. Үндэсний бөхийн холбооноос ч тэдэнд энэ талаар мэдээлж, “Б” сорьцоо дахин шинжлүүлэх эсэхийг нь асуужээ. Дүрэм ёсоороо бөхчүүд 10 хоногийн дотор буюу арваннэгдүгээр сарын 8-н гэхэд “Б” сорьцоо шинжлүүлэх эсэх хүсэлтээ мэдэгдэхээр болоод байгаа.
Уншигч та санаж байгаа бол өнгөрөгч зун болж өнгөрсөн барилдаанаар Улсын аварга цолоо хураалгасан Э.Оюунболд гурвын даваанд улсын арслан Ц.Содномдоржийг амлан авснаар маргаан дэгдэж, улмаар Э.Оюунболд давж байсан. Энэ тал дээр бол Э.Оюунболдын буруу эсэхийг бөхөө дээдэлдэг ард түмэн бултаараа хэлцсэн. Даяаршлын шуурга нүдэж буй энэ цагийн салхинд нүүдэлчдийн өв соёлыг тээж яваа нэгэн том талбар бол үндэсний бөх яах аргагүй мөн учраас тэдэнд талархах нь зүй ёсны хэрэг. Түүнээс бус бөхчүүд улс орны хөгжил цэцэглэлт, эдийн засаг, бүтээн байгуулалтад тийм ч өндөр үүрэгтэй хүмүүс биш гээд хэлчихэд хатуудсан хэрэг болохгүй.
Өнөөх л монгол эр хүний жудаг, сайн шинжийг агуулсан хэмээн хүмүүс сэтгэлийн хоймортоо залдаг байсан бөхчүүдийн нэр хүнд тийм ч сайнгүй болсон учраас дор дороо шүүн тунгаах цаг нь болсон. Хамгийн гол шалтгаан нь тэднийг харан баясахаасаа илүү үндэстний маш том дархлаа тэнд оршиж байгааг дуулгах нь зүйн хэрэг. Эрх ашиг эд материалын төлөө тэмцэж, энэ хэрээр үндэсний бөхийн нэр хүндийг унагааж байгаа цөөн тооны хүмүүсийн тухай юм шүү. Бөхчүүдийн нэр хүнд хаяа хатавч бараадахаас аргагүй зүйлийг тэднийг манлайлагчдын нэг хэсэг нь өөрсдөө хийсэн. Бөхийн холбоог 20 жил тэргүүлсэн Р.Нямдорж тэргүүтнээ авч хаях гэж бөөн зодоон болов.
Өнгөрөгч үйл явдлыг сануулахад 2018 онд цагийг эзэлсэн дархан аварга Б.Бат-Эрдэнэ зодоон цохион дээрээ тулсан хурал зохион байгуулж, бөхийн холбооны тэргүүн болохоор улайрахаар ард түмэнд ямар харагдах вэ. Гэтэл өөрийг нь залгамжлан гарч ирсэн дархан аварга А.Сүхбат өндөр хамгаалалт бүхий хуралд амь насаараа дэнчин тавин очиж зодуулахаар хэн Монгол бөхийг хүндлэх юм. Тэнд болсон үйл явдлыг ч хэвлэл мэдээллээр тайлагнаж гоншигнохоор бүр ч хөгийн харагдана. Тэр ч бүү хэл үндэсний бөхийн домогт аварга Х.Баянмөнх хэвлэл мэдээллээр шүүхийн тогтоол танилцуулаад явахаар энэ Монгол бөхийн чинь нэр хүнд хоймор битгий хэл хаяа хатавч бараадаад тогтож байгаа нь их юм болж байгааг анзаарах цаг нь болжээ.
Үнэнийг хэлэхэд дугуй барилга баригдахаас өмнө үндэсний бөхийн нэр хүнд айл гэрийн хойморт заларч байсан юм шүү. Харин бөхчүүд өөрийн гэсэн орох оронтой болсон учраас түүнийгээ булаалдан тэмцэж байгаа мэт өчүүхэн харагдаад байгаа юм. Өөрөөр хэлбэл өмчтэйн зовлонг эдэлж сууна. Ард түмний хандив тусламж, төрийн хөрөнгийн оролцоотойгоор цагийн хатууд баригдаж байсан энэ дугуй барилга тойрсон хэрүүл яваад байгаа болохоос биш үндэсний бөхийн барилдааныг улам төгөлдөржүүлэх тухай хэрүүл маргаан гараад байгаа юм биш гэдгийг юу юунаас харж болно.
Уг нь үндэсний өв соёл тээж яваа энэ спорт уламжлалаа хадгалж, монгол хэмээх үндэстнийг дэлхийд харуулахад тодорхой үүрэг хүлээсэн болохоос биш, өнгө төрх, агуулгаа өөрчлөөд бай гэсэн ч үг биш байх. Эрдэмтэн мэргэд монгол бөхийн спорт нь гарал үүслээрээ өнө эртний бөгөөд зөвхөн барилдаан бус спорт, соёл, зан үйлийн бүхэл бүтэн цогц агаад энэ онцлогоороо монгол үндэстнээс хүн төрөлхтний спортын сан хөмрөгт оруулсан өвөрмөц нэгэн хувь юм хэмээн үздэг юм шүү. Үүнийг л хадгалах, дэлхий нийтэд таниулах тал дээр талцаад маргаж суумаар байдаг. Хамгийн гол нь үндэсний бөхийн төлөө гэхээсээ илүүтэй бизнесийн шинж чанартай энэ маргаан бөхийн ертөнц, бөхчүүдийн нэр хүндийг унагаагаад байгааг ойлгох хэрэгтэй.
Албан бус ч эх сурвалжийн өгсөн мэдээлэл хэрвээ үнэн байгаад маргаан дэгдвэл нэр хүнд улам бүр унана шүү гэдгийг сануулах учиртай. Гэтэл үүний шилийг даран сэргээшийн асуудал дахин дэгдэж байна. Монгол бөх аргагүй эртний уламжлалтайгаас гадна Монгол үндэстэн оршин тогтнох нэгэн язгуур үндэс энд бий. Тухайлбал, нэгэн сурвалжид Дундговь аймгийн Өлзийт сумын Дэл хөнжлийн ууланд монгол бөхийн барилдаанаар наадам хийж байсан хадны зураг олдсон нь хүрлийн үеийн дурсгалд холбогдож, үүнээс улбаалахад 7 мянган 11 мянган жилийн өмнө бөхийн барилдаан байжээ гэсэн зүйлийг ч гаргаж тавьдаг.
Ямартай ч эртний үнэт сурвалж “Нууц товчоо”-нд “Бүри бөх нь улсын нэртэй бөх байв” хэмээснээс харвал 800 жилийн өмнө овог аймгийн, улсын хэмжээнд бөхчүүдийг ангилсан байдал ажиглагдаж байна. Тодотговол, улсын начин, аймгийн начин, сумын заан гэсэн цол олгодог шиг бөхчүүдийг ангилдаг байсан нь энэ сурвалжаас харагдана. Ийм л эртний түүхтэй, үндэсний уламжлалыг өнөө бидэнд тээж ирээд маргааш руу хүргэж өгөх учиртай бөхчүүд маань дундаа барилга булаалдаж, сэргээш хэрэглэсэн хэрэглээгүй тухай маргаан дэгдээж байгаа нь харамсалтай.
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 5 )
Бат эрдэнэ чинь өөрөө допингчин шүү дээ.Тэгээд л ДАШТ, олимпод шинжилгээ авчих вий гэж айсандаа ганц ч удаа нэг /давж /үзээгүй шал арчаад ирдэг байж билээ
Одоо энэ ундэсний бех гээчийг ярьж бичээд яана, угаасаа олон нийтийн сонирхлын хурээнээс гарчихсан, хэнд ч хэрэггуй болчихсон эд ш дээ
Пээ ямар олон үхэрнүүд вэ мах комбинат руу явуулах юмсан
жирэмсэн эрчүүд, үлээсэн шаар шиг хүүхнүүдээр монгол улс дүүрэх нээ..........яана даа
uuhnuud gene uu arai l yumaaa