ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан өнгөрсөн долоо хоногт буюу арваннэгдүгээр сарын 16-ны өдөр сэтгүүлчдэд мэдээлэл өгсөн. Тэрбээр энэ үеэрээ “Шүлхий өвчний голомт 15 аймгийн 99 сумын 158 голомтот газарт бүртгэгдсэн. Үүнээс 10 аймагт шүлхий өвчинтэй хоригийг бүрэн цуцалсан байна. Арьс товруутах өвчин Дорнод аймагт бүртгэгдсэн. Энэ өвчинг туссан малыг шууд устгалд оруулах шаардлагатай байдаг. Гоц халдварт өвчний заалтад арьс товруутах өвчинг нэмснээр малыг устгалд оруулсны дараа малчдад нөхөн олговор олгох боломж бүрдэж байгаа юм.
Энэ өвчний үед хийх вакцин гэж байхгүй. Тиймээс бог малын цэцэг өвчний вакциныг тав дахин их тунгаар тарьсан. Энэ жилийн хувьд 1734 үхрийг устгасан. Үүнээс 1500 үхрийг Дорнод аймагт устгасан байна. Гоц халдварт өвчлөл бүртгэгдсэн голомтот бүс нутгаас өвлийн идэш бэлдэхгүй. Нөөцийн мах бүрдүүлэх аймаг, сумдын жагсаалтыг гаргасан. Тиймээс махны эрүүл ахуйн шаардлагад санаа зовох шаардлага байхгүй” хэмээн мэдэгдсэн.
Гэтэл Төв аймгийн Эрдэнэсант сумын нэгэн иргэн Хархорин зах дээр авч ирж их хэмжээгээр бөөндсөн байна. Тэр махнаас худалдаж авсан иргэн “Энэ махнаас идээ бээр гоожиж байна” хэмээн бичлэг хийж сошиал орчинд тавьсан байдаг. Уг бичлэгийг харсан хүмүүс эрүүл малын мах хаанаас авч идэх вэ хэмээн гайхширцгааж байна. Вакцины үлдэгдэлтэй махнаас хорт хавдар үүсэх, хүмүүс өвчлөх магадлал өндөр байдгийг мэргэжлийн эмч нар хэлдэг.
Тэгвэл Монгол Улсын малын гавьяат эмч, Монголын мал эмнэлгийн холбооны удирдах зөвлөлийн гишүүн Ц.Өлзийтогтох хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Өнөөдөр 21 аймгийн 18-д нь гоц халдварт өвчин буюу шүлхий, бог малын мялзан, цэцэг, үхрийн арьс товруутах гээд дөрвөн төрлийн өвчний голомт үүсчихээд байгаа.Эдгээр бүгд вирусийн өвчин, хүйтний улиралд идэвхждэг. Сүүлийн гурван жил Хүнс, хөдөө аж ахуйн яам, Улсын мал эмнэлгийн газар хоёр бүх халдварыг нуун дарагдуулсан. Энэ нь гэмт хэрэг. Нэг ёсондоо өвчнийг нууж байгаад цаашаа тараадаг гэмт хэрэг” хэмээн хэлсэн байна лээ.
Түүний хэлснээр бол Мал эмнэлгийнхэн малын гоц халдварт өвчний мэдээллийг нуун дарагдуулдаг, багасгаж хэлдэг болж таарах нь. Үнэн, худлыг нь мэдэх юм алга. Үнэхээр олон нийтийн дунд яригддаг шиг өвчний мэдээллийг нуун дарагдуулдаг, вакцины бүлэглэл албаар өвчин тараадаг бол монголчуудын хүнсний аюулгүй байдал бүрэн алдагдаад удсан гэсэн үг. Уг нь манай улс Дэлхийн мал амьтны эрүүл мэндийн байгууллагад 1979 онд элсчихсэн юм билээ. Тийм болохоор халдварын мэдээллийг 48 цагийн дотор мэдээлж байх үүрэг хүлээдэг байна. Хэрэв мэдээллийг нуун дарагдуулсан, мэдээллээгүй бол мал, махыг импортлох боломжгүй болж, олон улсын хоригт орох хүртэл эрсдэл үүснэ. Мал эмнэлгийн үндсэн үүрэг бол мал, амьтны эрүүл мэнд, нийгмийн эрүүл мэндийг хамгаалах, хүнсний аюулгүй байдлыг хамгаалах, мөн худалдааны чөлөөт байдлыг хамгаалах байдаг юм билээ. Ном журмынхаа дагуу ярих юм бол шүлхий, мялзан зэрэг гоц халдварт өвчин гарсан хот айл мал, махаа зарж борлуулах ёсгүй. Гэвч өнгөрсөн хугацаанд энэ тал дээр ямар ч хяналтгүй явж ирсэн гэдгийг мэргэжлийн хүмүүс нь ч хэлдэг.
Сайдын өгсөн мэдээллээр манай улсын 158 суманд малын гоц халдварт өвчин тархсан. Мөн тэрээр эдгээр сумдаас мал, мах бэлтгэхгүй гэсэн байр сууриа илэрхийлсэн. Харамсалтай нь энэ шийдвэр амьдрал дээр хэрэгжих магадлал маш муу. Яагаад гэхээр яг энэ цаг хугацаа бол монголчуудын өвлийн идэш тэжээлээ базаадаг гол үе. Орон нутагт байгаа ах дүү, хамаатан садангаасаа идэшний малаа аваад, тэд нь гаргаж цэвэрлээд өгөөд явуулдаг.
Тийм болохоор тэр мал нь шүлхийтэй мал байсан уу, эсвэл шүлхийтэй малтай хавьтсан байсан уу гэдгийг хэн ч мэдэх боломжгүй Дээрээс нь мал, махаа хэд гурван төгрөг болгохын тулд өвчтэйг нь мэдсээр байж ашиг олох гэсэн бусармаг бодолтой нөхдүүд өнөөдөр ч гэсэн улсын нийслэл рүү үхрийн махаа ачаад ирж яваа. Хэдийгээр авто замын шалган нэвтрүүлэх цэг дээр их хэмжээгээр ачиж яваа махнаас гарал үүслийн бичиг шаарддаг ч тэр нь тийм ч найдвартай биш. Нэг сумын малын эмчийн тамга, гарын үсэг л байвал тэгээд л гүйцээ. Ер нь малын халдварт өвчнийг манай улс цөөнгүй дандаа араас нь хөөж вакцинжуулж явсаар иржээ. Зүй нь бол урьдчилан сэргийлэх зорилгоор вакцин тарьдаг байх учиртай аж. Харамсалтай нь, халдвар илэрсэн хотны хэдэн малыг нь устгаж булаад, үлдсэн хэдэд нь вакцин тарьж 30 хоног хорио цээр тавьсан болоод сулласаар ирснийг Ц.Өлзийтогтох эмч ярилцлагадаа дурдсан байна лээ. Энэ мэтчилэн коронавируснээс өөр өвчингүй мэт хоёр жилийн хугацаанд аашилсных өнөөдөр бидэнд гадаад улсууд руу экспортод гаргах нь бүү хэл идэшиндээ идэх эрүүл мал үлдсэн нь ч эргэлзээтэй болчихоод байна.
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 7 )
huurhiig ideshend heregleh ch geh shig aimar
Нийтлэлтэй санал нэг бна. Гэхдээ нуусан гэж хэлмээргүй бна. Ковидод дарагдаж байсан биз. Ковидын үед мал эмнэлэг ажиллах боломжгүй байсан. нэгжийн мал эмнэлэг ажил хийсэн ч малын шилжилт хөдөлгөөн, отор г.м асуудлыг шийдэж чадаагүй учир өвчлөлт нэмэгдэсэн биз. Вакцин хийгээд ч дарагдахгүй байгаа бол вакцин хийх малын тоо, газар нутгаа нэмж, мөн орон нутгийн малын эмчийн үйлчилгээний хөлсийг төсөвт суулгах асуудал байна. Гэтэл МЭЕГ дээшээ асуудал шийдүүлэх ажил нь үр дүн бага байна. Сайд малын өвчин, мах, үр тариа, цагаан будаа гэсэн хэдэн сэдэвтэй. Сайдад мэдээлэл зөв өгөх хэрэгтэй.
99 оноос өмнө сум болгонд улсын мал эмнэлэг байдаг байсан малын гоц халдварт өвчин бараг гардаггүй байлаа.
97 жилийн түүхтэй Монголын мал эмнэлгийг 1999 онд хувьд гаргаснаар доройтох замын эхлэлийг тавьсан байдгиймаа.
Сэтгүүлч нийтлэл оруулахдаа сайн судалгаа хийх. Экспорт импортоо ялгаж ч мэдэхгүй байна
Мал эмнэлгийг улсынх болгох хэрэгтэй. Хувийн мал эмнэлгийн үйлчилгээний нэгжүүд малын өвчнийг мөнгө болгож харж байна. Сумдад байгуулагдсан босоо тогтолцоотой мал эмнэлгийн тасаг нь бичиг цаастай зууралдсаар хамаг цагаа барж байна.
Экспорт