Н.Баярсайхан: Эрдэс баялгийн салбарт байгаль орчин, нийгмийн нөлөөллийн үнэлгээг нэвтрүүлэх шаардлагатай

Автор | Zindaa.mn
2021 оны 11 сарын 24

Уул уурхай, эрдэс баялгын салбарт “Нийгмийн нөлөөллийн үнэлгээ”-г нэвтрүүлэх шаардлага тулгарсан тухай сүүлийн үед их ярих боллоо. Энэ талаар “Хил хязгааргүй алхам” ТББ-ын тэргүүн  Н.Баярсайхантай ярилцлаа.


-Уул уурхайн салбар хөгжихийн хэрээр нийгэмд сайн болон сөрөг нөлөөлөл их гарах болжээ. Ялангуяа уурхайн ордтой ойролцоо малчин иргэдийн эрх ихээр зөрчигдөж байна. Байгаль хамгаалах зорилготой олон ч төрийн бус байгууллага байгуулагдсан. Эдгээр төрийн бус байгууллагуудаас танайх нийгмийн нөлөөллийн үнэлгээний тухай анхлан хөндөж байна. Энэ талаар ярилцлагаа эхэлье?

-Манай байгууллага байгаль орчин болон хүний эрхийг хамгаалах, эрдэс баялгийн салбарын засаглалын ил тод, нээлттэй байдлыг сайжруулах үндсэн гурван чиглэлээр 2006 оноос эхлэн өнөөг болтол 15 дахь жилдээ тасралтгүй, тогтвортой ажиллаж байна. Эрдэс баялгийн салбар нь Монгол Улсын дотоодын нийт бүтээгдэхүүний 20-30 орчим экпортын орлогын 80 орчим хувийг сүүлийн арав гаран жил дангаараа бүрдүүлж байна. Улсын төсвийн орлогын дөрвөн төгрөг тутмын нэг төгрөг нь уул уурхайн салбарын орлого. Энэ утгаараа эдийн засгийн болон бусад салбарт томоохон нөлөөтэй байна.

Эдийн засагт эерэг нөлөө үзүүлж байгаа хэдий ч уул уурхайн үйл ажиллагаа түүний хариуцлагагүйн үр дагавар нь тухайн орон нутгийн тогтвортой хөгжил, нутгийн иргэдийн амьдрал, малчдын уламжлалт нүүдлийн мал аж ахуй, газар тариаланд сөргөөр нөлөөлж тэр ч бүү хэл хүний эрх, эрх чөлөө, иргэдийн иргэний болон улс төрийн, мөн эдийн засаг, нийгэм, соёлын эрхэд ихээхэн сөрөг нөлөөтэй байсаар ирлээ. Энэ сөрөг нөлөөлөл нь ужгирч, хуримтлагдсан байна. Иймээс иргэдийн гомдол ихэсч, компани иргэдийн хооронд зөрчил маргаан их гарч зарим тохиолдолд хүйтэн зэвсэг ч хэрэглэсэн тохиолдол гарч байсан. Мөн байгаль хамгаалах олон иргэний хөдөлгөөнүүд бий болж, эрдэс баялгийн салбарын хөгжил бүрхэг болж, нийгмийн дэмжлэг авч чадахгүй эрсдэлтэй тулгарч байна.

-Дээрх бүх тулгамдсан асуудлыг шийдэхэд таны бодлоор юу хийх хэрэгтэй гэж бодож байна вэ. Танай байгууллагаас  өнөөдрийн байдлаар яг ямар ажил хийгээд, ямар үр дүнд хүрээд байна вэ?

-Нийгэмд үүсч байгаа тулгамдсан асуудлаас үүдэн сүүлийн үед бүх талууд нийгмийн зөвшилцөл, нийгмийн лиценз гэж их ярьдаг боллоо. Үүний үндсэн шийдэл нь төр төсөл хэрэгжүүлэх эсэх шийдвэрийг гаргахаасаа өмнө тухайн төсөл улс орны болон нутгийн тогтвортой хөгжилд, нийгэм, хүмүүст ямар нөлөөлөл үзүүлэх нөлөөллийг урьдчилан хийж эрсдлийг тогтоох шаардлага гарч байна. Одоо бол томоохон төсөл, бодлогод хийх стратегийн болон хуримтлагдах нөлөөллийн үнэлгээний аргачлалд суулгасан, харин нийтлэг төсөлд хийгддэг нарийвчилсан үнэлгээний төсөлд Нийгмийн нөлөөллийн үнэлгээний аргачлалыг огтоосоо тусгаж зохицуулаагүйд учир байгаа юм.

Монгол Улсад сүүлийн 10 жилийн судалгаагаар хөдөөд ядуурал өндөр байгааг түүний дотор сум, багийн түвшинд ядуурал гүнзгийрч ужгирсан байгааг гурван удаагийн ядуурлын судалгаа харуулдаг. Хөдөөд уул уурхайн салбар өгөөжтэй гэхээсээ илүүтэй хүний эрхийн зөрчил үүсгэж, ядуурал руу, эмзэг байдал руу илүү түлхэж байгаагийн нэг баримт бол энэ. Улмаар ажиллах хүчин хамгийн их шингээсэн мал аж ахуйн салбараа эрсдэлд оруулж устгахад хүрч байгаа юм.

Ийм учраас бид хүний эрхийн болон экологийн шударга ёсны үүднээс нийгмийн нөлөөллийн үнэлгээ хийх эрх зүйн зохицуулалтыг шаардахаас аргагүй болсон. Бид Оксфордын их сургуулийн арга зүй, санхүүгийн дэмжлэгтэйгээр Олон Улсын болон үндэсний зөвлөх баг гаргаж хагас жил гаран ажиллаж өнөөдрийн байдлаар эрдэс баялгийн салбарын төсөл түүний дэд бүтцийн төсөлд хийх Нийгмийн нөлөөллийн үнэлгээний эрх зүйн судалгаа дүгнэлт, нийгмийн нөлөөллийн аргачлалын төсөл, түүнийг батлах журмын төсөл, хуулийн нөлөөллийн шинжилгээний төсөл боловсруулсан.

Эдгээр баримт бичгийн төслүүдийг ЗГХЭГ болон ХНХЯ-ны Хүн амын хөгжлийн газарт хүлээлгэн өгсөн. Бид хамтдаа эрх зүйн хувьд хэрхэн баталгаажуулах, хэрэгжилтийг хангах салбар хоорондын үр дүнтэй зохицуулалт бий болгох талаар ажиллаж байна.

-Нийгмийн нөлөөллийн үнэлгээ гэж яг юу хэлээд байна вэ?

-Нийгмийн нөлөөллийн үнэлгээ гэж монголчууд бидний хувьд шинэ ойлголт. Харин Олон Улсын хөгжлийн байгууллагуудын санхүүгийн шаардлага, үндэстэн дамнасан бизнес эрхлэгчид аль хэзээний ямар нэг байдлаар нийгмийн нөлөөллийг урьдчилан тодорхойлж, нүүлгэн шилжүүлэх бодлого, зарчмыг тодорхойлсон байдаг. Маш товчхондоо, Нийгмийн нөлөөллийн үнэлгээ (Social Impact Assessment) гэж аливаа бодлого, хөтөлбөр, төлөвлөгөө, төслийн дунд болон урт хугацаанд нийгэмд үзүүлэх эерэг, сөрөг, шууд болон шууд бус нөлөөлөлд дүн шинжилгээ, мониторинг хийх, удирдах үйл явц юм.

Нийгмийн нөлөөллийн үнэлгээ нь Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тайлан шиг ашиглалтын лиценз авахын тулд бүрдүүлдэг баримт бичиг биш тогтмол хянаж үнэлж сайжруулж байх амьд үйл явц юм лд. Эрдэс баялгийг салбарын төслийн Нийгмийн нөлөөллийн үнэлгээ нь оролцогч тал олонтой. Төсөл хэрэгжүүлэгч, төслийн нөлөөлөлд шууд болон дам өртөгчид, нутгийн захиргаа, төрийн захиргааны төв байгууллагууд, үнэлгээний болон аудитын компаниуд гээд олон талуудын оролцоо, хамтын ажиллагаа шаарддаг үйл явц юм байна.

-Таныхаар эрдэс баял­гийн салбарт хийх Нийг­мийн нөлөөллийн үнэлгээний аргачлалын төсөл боловс­руулсан гэлээ. Тэгвэл нийгмийн нөлөөллийг хэрхэн тодорхойлох, яг юуг үнэлэх вэ?

-Монгол Улс эрдэс баялгийн салбарт хэрэгжүүлэх төсөлд зөвхөн байгаль орчинд үзүүлэх нөлөөллийг тодорхойлж үнэлж ирсэн. Энэ үнэлгээний мөрөөр нөлөөллийг бууруулах, арилгах арга хэмжээг хэрэгжүүлдэг. Гэтэл тухайн төслөөс нийгэм, хүмүүст үзүүлэх нөлөөллийг үнэлж байгаагүй, өөрөөр хэлбэл нийгмийн нөлөөллийн үнэлгээний тухай ойлголт бий болоогүй, энэ талын эрхзүйн зохицуулалт бүрдээгүй байсаар байна. Байгалийн эрхшээлээр ажил амьдрал нь шууд хараат байдаг нүүдлийн уламжлалт мал аж ахуйн салбарт үзүүлэх нөлөөллийг огтоосоо үнэлж харж байсангүй. Угтаа бол нүүдэлчин уламжлалтай малын бэлчээрийн талбайд уул уурхайн төсөл хэрэгжүүлдэг.

Малчид Газрын тухай хуулиар өвөлжөө, хаваржааны газраа 15-60 жилийн хугацаатай эзэмших эрхээр авч, заншлын буюу бичигдээгүй хуулиар эзэмшлийн газрын орчим талбайг бэлчээрийн зориулалтаар ашиглаж ирсэн заншилтай, Ийм ч учраас малчид урт хугацаа харж амьжиргаагаа төлөвлөсөн байдаг. Гэтэл уул уурхайн төсөл хэрэгжсэнээр байгаль орчинд үзүүлэх нөлөөлөл нь тухайлбал, усны түвшин багассанаар нийгэмд, хүмүүст хэр хэмжээний, ямар ямар нөлөөллийг үзүүлэх вэ гэдгийг судалж үнэлдэггүй гэсэн үг. Үнэндээ хүний эрхийг зөрчиж, экологид арилашгүй ул мөр үлдээж байгаа бол тэр уурхайн төсөл цаашаа хэрэгжүүлэх ч шаардлагагүй. Энэ бол хөгжил биш юм.

Тухайлбал, нүүлгэн шилжүүлэх, нөхөн төлбөрийн бодлого байхгүй бол тэр компани зүгээр л малчдын бэлчээрийн газрыг булааж, амьжиргааны эх үүсвэр болсон газраас нь хүчээр нүүхээс аргагүй байдалд хүргэдэг. Нийгмийн нөлөөллийн үнэлгээгээр юуг үнэлэх вэ гэвэл, төслийн нөлөөллийн бүсийн иргэдийн амьдралын хэв маяг; итгэл үнэмшил, үнэт зүйл, соёл; иргэд хоорондын харилцаа, төрийн үйлчилгээний чанар, хүртээмж; oрон нутгийн шийдвэр гаргалтанд оролцох боломж; xүрээлэн буй орчин; эрүүл мэнд, сайн сайхан байдал; хувийн болон өмчийн эрх; xүсэл тэмүүлэл, айдас түгшүүрт гарч байгаа өөрчлөлт, нөлөөллийг авч үзэн үнэлэх юм. Үнэлэхдээ харин байгаль орчин, нийгмийн салбарын мэргэжилтнүүд дээр нь нутгийн захиргаа, нөлөөлөлд өртөх иргэдийн хамтарсан баг гүйцэтгэхээр аргачлалд тусгасан. Олон Улсад ийм жишиг байдаг юм байна.

-Малчдын бэлчээрийн газрыг булаадаг үйл явц олон жилийн турш яригдсан хэдий ч одоо хэрнээ шийдэгдээгүй байсаар байна. Уг нь хуулийн заалт хамгаалалт байгаа?

- Монгол Улсын Үндсэн хуулиар хүний үндсэн эрхийг тодорхойлж, баталгаатай эдлүүлэхээр заасны дотор 16 дугаар зүйлд Монгол Улсын иргэн эрүүл, аюулгүй орчинд  амьдрах, орчны бохирдол, байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалуулах эрхтэй.

Мөн 16 дугаар зүйлийн нэгдүгээр хэсэгт “Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц эдийн засаг, нийгэм, хуульзүйн болон бусад баталгааг бүрдүүлэх, хүний эрх, эрх чөлөөг зөрчихтэй тэмцэх, хөндөгдсөн эрхийг сэргээн эдлүүлэх үүргийг иргэнийхээ өмнө хариуцдаг”.

Түүнчлэн Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд, “Монгол Улсад газар, түүний хэвлий, ой, ус, амьтан, ургамал болон байгалийн бусад баялаг гагцхүү ард түмний мэдэл, төрийн хамгаалалтад байна гэж заасан бөгөөд "Монгол Улсын иргэдэд өмчлүүлснээс бусад газар түүнчлэн газрын хэвлий, түүний баялаг, ой, усны нөөц, ан амьтан төрийн нийтийн өмч”,  “Байгалийн баялгыг ашиглах төрийн бодлого нь урт хугацааны хөгжлийн бодлогод тулгуурлаж, одоо ба ирээдүй үеийн иргэн бүрд эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг нь баталгаажуулах, газрын хэвлийн баялгын үр өгөөжийг тэгш шударга хүртээхэд чиглэнэ” гэсэн байдаг.

Бас нэг санаа нь “Иргэн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийнхээ хүрээнд газрын хэвлийн баялгийг ашигласнаар байгаль орчинд үзүүлэх нөлөөллийн талаар мэдэх эрхтэй” гэж заасан байгаа. Гэх мэтчилэн хүний язгуур эрхтэй холбогдох хуулийн заалтууд Үндсэн хуулиндаа тусгасан байгаа. Үүнээс гадна Ашигт малтмалын тухай хуулийн 41 дүгээр зүйлд тусгай зөвшөөрөл эзэмшигч бүрд үүрэгжүүлсэн нэг заалт бий. Нүүлгэн шилжүүлэх бол зардлыг гаргаж, нөхөн төлбөр олгоно гэж. Гэтэл энэ заалт нийгмийн нөлөөллийг үнэлэхгүйгээр шилжиж нүүхэд гарсан зардал, хохирлын нөхөн төлбөрийг үнэн шударга тогтоох боломжгүй.

Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн долоодугаар зүйлийн 7.7 дахь хэсэгт “Нөлөөллийн үнэлгээний журам, аргачлалыг Засгийн газар батлах бөгөөд уг журам, аргачлалд байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээтэй холбоотой асуудал, үнэлгээний шинжилгээ, хянан магадлагаа болон мэргэжлийн зөвлөлийн үйл ажиллагаа, нийгэм, эрүүл мэндийн нөлөөллийн үнэлгээний талаарх зохицуулалтыг тусгана” гэж 2012 онд зааж өгсөн.

Тэгэхээр 2012 оноос хойш гэхээр арав шахам жилд Нийгмийн нөлөөллийн үнэлгээний аргачлалыг боловсруулаагүй байсаар өнөөг хүрсэн гэсэн үг. Харамсалтай байгаа биз дээ. Манай байгууллага энэ асуудлаар гэнэт ажилласан юм биш, ХЭҮК-оос 2010 онд “Уул уурхай хүний эрх” Олон Улсын бага хурал болсон түүнээс хойш л энэ асуудлаар ажиллаж эхэлсэн.

Мэдээж ганц манай ТББ дангаараа биш олон Иргэний нийгмийн байгууллагууд бас ажиллаж, асуудлыг хөндөж ирсэн. 2019 оны эцсээр Оксфордын их сургуулийн газар зүйн сургуулийн Монгол Улсад хэрэгжүүлж байсан Говийн загвар төслийн багтай холбогдож энэ асуудалд дэмжлэг авах, хамтран ажиллах боломж олдсон. Ингээд Оксфордын Их сургуулийн дэмжлэгээр удаа дараагийн сургалт авлаа, зөвлөх баг ажиллах, цаашид ч хамтран ажиллахад санхүүгийн болон мэдлэгийн дэмжлэг үзүүлж ажиллаж байгаад талархаж байна. Мөн ЗГХЭГ дээр салбар дундын ажлын хэсэг байгуулагдсан, төрийн зүгээс дэмжлэг, өөриймсөг санаачилга гаргасанд талархдаг.

-Байгаль орчны нийгмийн нөлөөллийн үнэлгээг байгаль орчны мэргэжилтнүүд хийдэг. Тэгвэл нийгмийн нөлөөллийн үнэлгээ байгаль орчны салбарынхан хийх үү. Өөрөөр хэлбэл хоёр өөр үнэлгээ, хоёр өөр тайлан гарах уу?

-Нийгмийн нөлөөллийн үнэлгээг, байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээтэй зэрэгцээ байдлаар гүйцэтгэж “Байгаль орчин, нийгмийн нөлөөллийн үнэлгээний тайлан” боловсруулах нь зүйтэй гэж үзэж байгаа. Нэгдсэн нэг тайлан гэсэн үг. Иймд Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын болон байгаль орчны асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагууд хамтран, байгаль орчин, нийгмийн нөлөөллийн үнэлгээг баталгаажуулах, хэрэгжилтийг хангах болон хянах явцыг хамтран гүйцэтгэхзохицуулалт бий болгох шаардлага үүсч байна.

Байгаль орчны үнэлгээний мэргэжилтнүүд нийгмийн нөлөөллийг үнэлгээ хийх боломжгүй, энэ ойлгомжтой асуудал юм. Ийм учраас чанартай сайн нийгмийн нөлөөллийн үнэлгээ хийх, сөрөг нөлөөллөөс зайлсхийх, арилгах арга хэмжээ төлөвлөхөд үнэлгээний мэргэжилтэн, үнэлгээний компанийг нэн даруй бэлтгэх хэрэгтэй. Мөн байгаль орчин, нийгмийн нөлөөллийн үнэлгээний тайланг батлах эсэх шийдвэр гаргах, мэргэжлийн түвшинд шинжилгээ хийх шинжээч мэргэжилтнүүдийг ч мөн маш яаралтай бэлтгэх, чадавхжуулах шаардлагатай.

Монгол Улс Тогтвортой хөгжлийн зорилт 2030 дэлхийн бодлогод нэгдсэн. Энэ бодлогод хөгжлийн гадна хэнийг ч үлдээхгүй хөгжих уриа бодлогыг дэвшүүлсэн. Хөгжилд хувь нэмэр оруулах сайн төсөл үү эсвэл хохирол үзүүлэх муу төсөл үү гэдэг шийдвэр гаргахад нийгмийн нөлөөллийн үнэлгээ нэг чухал үндэслэл нь болох юм.

-ААН төсөл хэрэгжүүлэгчид яаж хүлээж авч байна, тэдэнд ямар ач холбогдолтой юм?

-Төсөл хэрэгжүүлэгчид, байгаль орчны үнэлгээний компаниуд бол яах аргагүй гол оролцогчид, мөрдөн хэрэгжүүлэх гол үүрэг хүлээнэ. Хариуцлагатай бизнес хийх урт хугацааны алсын хараа, төлөвлөгөөтэй компаний хувьд дэмжиж хүлээж авч байна. Харин гэр бүлийн компани, зөвхөн нэг удаагийн их ашиг олох л зорилготой, эрсдэлээ тооцоогүй, эдийн засгийн үр ашиг хувь нэмэр багатай компаниудын хувьд хүлээж авахад амаргүй байх. Ямар хэмжээний, ямар хандлагатай бизнес эрхлэгч байхаас үл хамаараад Монгол Улсын хууль тогтоомж, Олон Улсын хамтын нийгэмлэгийн өмнө Монгол Улсын хүлээсэн үүргийг ямар нэг тайлбар тавих, цааргалах зүйлгүйгээр даган мөрдөх үүрэгтэй. Энэ энгийн зарчим, дүрмийг хүлээн зөвшөөрөхгүй, тийм чадавх байхгүй бол энэ салбарт бизнес орох шаардлагагүй.

-Байгаль орчны нийгмийн нөлөөллийн үнэлгээг нэвтрүүлэхэд төрийн оролцоо чухал. Энэ талаар та юу гэж хэлмээр байна?

- Монгол Улсын Үндсэн хуулиар “Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц эдийн засаг, нийгэм, хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх, хүний эрх, эрх чөлөөг зөрчихтэй тэмцэх, хөндөгдсөн эрхийг сэргээн эдлүүлэх үүргийг иргэнийхээ өмнө хариуцна” хэмээн тунхаглан заасан нь төр нь уул уурхайн бизнесээс иргэдийнхээ эрх, эрх чөлөөг хамгаалах үүргийг тодорхойлсон.  Энэ үүргийг Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулиар байгаль орчин, нийгэм, эрүүл мэндийн нөлөөллийн үнэлгээ хийх аргачлал журмыг Засгийн газар батлан хэрэгжүүлэхийг үүрэг болгосон.

Гэтэл Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ хийх аргачлалыг ЗГ-ын 374 дүгээр тогтоолоор баталсан, эрүүл мэндийн нөлөөллийн үнэлгээ хийх аргачлалыг Эрүүл ахуйн тухай хуулийн дагуу ЭМЯ батлан хэрэгжүүлж байна. Харин Нийгмийн нөлөөллийн үнэлгээ хийх аргачлалыг боловсруулж батлаагүй орхигдуулж есөн жил болж байна.  Одоо ХНХЯ болон БОАЖЯ-ны хамтарсан ажлын хэсэг байгуулагдах, Засгийн газрын боловсруулж буй “Бизнес ба хүний эрх” үндэсний төлөвлөгөөнд оруулах зэрэг ажлууд хийгдэж байна.

Ерөнхийдөө жил хүрэхгүй хугацаанд амжилттай, ахицтай байна. Энэ жилдээ багтаад Засгийн газар энэхүү аргачлыг батална гэж найдаж байна. Ер нь цаашдаа энэхүү аргачлалыг хэрэгжүүлэх талуудыг чадавхжуулах, мэдлэг ойлголт өгөх сургалт нөлөөллийн ажлуудыг тасралтгүй зохион байгуулж ажиллах болно. Талууд гэдэгт иргэд, нутгийн захиргааныхан, үнэлгээний компаниуд, бизгес эрхлэгчид, мэргэжлийн зөвлөл, хэвлэл мэдээлэл, өмгөөлөгчид, хуульч шүүгчид, ТББ-уудыг хэлж байна.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Батбаяр.Т(202.9.40.36) 2021 оны 12 сарын 08

Зөв зүйтэй асуудал байна. Танд амжилт хүсэе

0  |  0
Азжаргал(64.119.16.84) 2021 оны 11 сарын 24

Хүний эрхийн төлөө туугтай тэмцэгч Н. Баярсайхан танд баярлалааа цаөшдын ажилд нт АМЖИЛт

0  |  0
Top