Ц.Солонго: Миний ихэнх бүтээл зүүднээс нисэж ирдэг

Автор | Zindaa.mn
2021 оны 12 сарын 06

“Би сэтгэл хэмээх далавчтай хүн шувуу” хэмээн хэлэх дуртай “Солонгон Судар” хэмээх нэрээрээ дүрслэх урлагийн ертөнцөд өөрийн гэсэн өнгө төрхөө тодорхойлж яваа зураач бүсгүйтэй цахимаар ярилцлаа. Түүний бүтээлүүд Норвеги, Швед, Унгар, Хятад, Орос, Япон зэрэг орнуудад фестивалд оролцож байсан түүхтэй. Тэрбээр Унгар улсын Будапешт хотод  Өтвөш Лорандын нэрэмжит их сургуулийн Монгол ба Төв Ази судлалын тэнхимд докторантаар суралцаж байгаа билээ. “Сэтгэл шувуу”, "Ерөндөг", “Таван хүсэл”, “Алтан амгай” зэрэг уран бүтээлийн үзэсгэлэн гаргаж дэлхийн олон оронд уран бүтээлээрээ гайхагдаж яваа түүний дотоод ертөнцөөр хамтдаа аялцгаая. 


-Юуны өмнө өөрийгөө танилцуулна уу. Хэдэн онд ямар сургууль төгсөж байсан бэ. Хэзээ анхны үзэсгэлэнгээ толилуулж байсан бэ?

-Намайг Ц.Солонго гэдэг. Уран бүтээлийн нэрийг маань Солонгон Судар гэдэг. Би 2010 онд СУИС-ийн Дүрслэх урлагийн дээд сургуулийг арьсан урлагийн урланд чимэглэлийн зураач мэргэжлээр төгссөн, 2019 онд СУИС-ийн Соёлын сургуулийг нийгмийн ухааны магистрийн зэрэг хамгаалсан. Анх 2007 онд хоёрдугаар курсийн оюутан байхдаа Монголын Урчуудын эвлэлээс зохион байгуулдаг залуу уран бүтээлчдийн “Хавар” үзэсгэлэнд уран бүтээлээрээ оролцож эхэлсэн. Түүнээс хойш сургуулиа төгсөөд Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд тайлбарлагч, дизайнер, үзэсгэлэн хариуцсан ажилтнаар найман жил ажилласан.

Ажлынхаа зэрэгцээ уран бүтээлээ туурвиж  Норвеги улсад зохион байгуулагдсан олон улсын фестивалд эх орноо төлөөлөн оролцож бие даасан үзэсгэлэн гаргаж байлаа. Узбекстан улсад зохион байгуулагдсан олон улсын гар урлалын фестивалд, мөн БНХАУ-ын Далиан хотод “Тал нутгийн соёл” монгол уран бүтээлчдийн үзэсгэлэнгийн зохион байгуулалт болон бүтээлээрээ оролцож байлаа. Олон улсын болон дотоодын хамтарсан 50 гаруй үзэсгэлэн, дөрвөн бие даасан үзэсгэлэн, 500 гаруй уран бүтээлчдийн үзэсгэлэнг зохион байгуулахад оролцжээ.

-Дүрслэх урлагийг өөрийнхөөрөө тайлж, дотоод сэтгэлээсээ бүтээлээрээ юу илэрхийлэхийг зорьдог вэ?

-Хүн төрөлхтөн өнгө, хээ зэрэг олон дүрслэлд татагдаж төөрдөг тал ажиглагддаг. Тиймээс уран бүтээлийнхээ гол санаа агуулгыг цөөхөн дүрсээр энгийн илэрхийлэхийг зорьдог. Сүүлийн үед  түүх, соёлын өвийг судлах тусам ямар бүтээл хийхээ илүү бодож нэг талаас хариуцлагын айдас төрдөг болсон. Магадгүй дараагийн шат руу ахихаар бэлдэж буй байх. Бага наснаасаа л хүнийг ялгалгүй итгэж тусалж чадах зүйлээрээ тус хүргэх хүмүүжлийг ааваасаа сурсан. Хүний байгальлаг сайхан сэтгэлийг түгээж “Би сэтгэл хэмээх далавчтай хүн шувуу" гэж хэлэх дуртай энэ үгийг анх Хөвсгөл нутгийн яруу найрагч Б.Сарантуяа шүлгэндээ бичиж байсан. Хүн бүрийн сэтгэл далавчтай шүү дээ. Миний бүтээлүүдээс сэтгэлийн гэрлийг мэдрээсэй гэж боддог доо.

-Уран бүтээлчид бүтээлээ эдийн засгийн эргэлтэнд оруулах тал дээр хэр бэрхшээлтэй байдаг вэ?

-Уран бүтээлчид өөр өөрсдийнхөө чадлаар хичээж байгаа ч  тэр нь төдийлөн хангалттай биш байдаг.  Уран бүтээлчдийн бүтээлийг эдийн засгийн эргэлтэнд оруулах нь илүү бодлогын шинж чанартай нөгөө талаас уран бүтээлч, урлаг судлаач, продюссерийн талын хамтын ажиллагаа чухал юм. Бусад улс орны уран бүтээлчдийн хөдөлмөр улс эх орондоо, ард түмэндээ илүү үнэлэгдэн хүндлэгддэг. Амьдралын түвшин болоод нийгмийн зохицуулалт сайн байдаг учраас урлаг уран сайханд илүү татагдаж,  сэтгэлийн гоо зүйг ихэд таашаадаг болов уу гэж харагддаг.

Сүүлийн үед NFT-г монгол урлагийг дэлхийд таниулж үнэлүүлэх том боломж гэж харж байна. “Mongol NFT” нь Соёлын яамтай хамтран зураач Н.Сэргэлэнгийн “Дэлхийн нэг өдөр” бүтээлийн дижитал хувилбарыг 350 орчим сая төгрөгөөр борлууллаа. Монголын анхны том хэмжээний бүтээлийн дижитал зураг нь 193 улсаас бүрдэж буй юм. Үүнээс Сингапур, Англи, Унгар болон Австрали тив, Нью-Йорк хот гэсэн таван хэсгийн дижитал хувилбар дээрх үнэд хүрсэн нь гайхалтай.

-Арьсан хөөмөл бүтээл дээр зурахад хэдий хугацаа ордог вэ. Мөн та шаазан эдлэл дээр зурдаг юм билээ?

-Ардын урлаг эртнээс хүний ахуй хэрэгцээнд хамгийн дөт ойр урлаг учраас түүний олонд нөлөөлөх уран сайхан, гоо зүйн хүч нөлөөлөл, үүрэг асар их юм. Монгол үндэсний гар урлалын уламжлал хөгжил нь Монгол Улсын соёлын дархлааны нэгэн чухал хэсэг юм. Арьсан урлагийн төрөл зүйл нь өргөжиж арьсан урлагийн арга, төрлүүд ч өргөжсөөр байгаа юм. Жишээ нь, арьсан хөөмөл, хэв дардасаар бүтээх, угалз хөөх арга, арьсан зангилаа, арьсан баримал, арьсан сийлбэр, арьсан дээр зүү ороох аргуудаар бүтээж, монументал, том хэмжээний бүтээл болон орчин үеийн контемпорари урлагт хослон хөгжиж байна.

Арьсан хөөмөл бүтээл нь тухайн бүтээх гэж буй зохиомжоо хатуу картон дээр сийлэн хагас товгор болгож бэлтгэн дээгүүр нь арьсаар бүрж тусгай багажаар хөөж хэлбэр дүрс, вактурыг тодорхой болгож өнгө дүрсээр ялган бүтээхийг хэлдэг. Арга ажиллагааны хувьд маш их цаг хугацаа шаарддаг. Уран бүтээлч хүн мөнхийн эрэл хайгуулч, судлаач байдаг. Өөрийн илэрхийлэх санаа, агуулгаа ямар ч материал, техникээр илэрхийлж болно. Тиймээс керамик урлагт их дурлан Л.Очирсүх уран бүтээлчид шавь орж арьс, шавар-керамик хэрхэн хосолж болохыг туршиж эхэлсэн. Энэ бол нэг талаас урлагийн бүтээл ба нөгөө талаас соёлын бүтээлч үйлдвэрлэлийн туршилт юм.

-Хийж буй бүтээлийнхээ соёлын өв, үүх түүхийн судалгааг хэрхэн хийдэг вэ?

-Би нүүдэлчин хүн. Энд нүүдэлчин хэмээх утга нь орон байр нүүхийн нүүдэл биш оюун билгийн нүүдэл хэмээн итгэдэг. Нүүдэлчдийн ухаан хүмүүн эхээс мэндлэхдээ удмын санг тээж төрдөг ч өсөн бойжиж өөрийн мэдлэг, чадварыг бий болгож ертөнцдөө дахин мэндэлж өөрийн ертөнцийг бий болгодог. Солонго хэмээх өнөөдрийн ертөнцөд нөлөөлсөн хүчин зүйлүүд олон байдаг. Суралцаж байх хугацаандаа ангийн багш Р.Ариунболдын “Зураач хүн бүх зурах зүйлээ цэг, таслал орхилгүй судлах ёстой. Хүн гараараа биш тархиараа зурдаг” гэсэн зэмлэнгүй үгс надад ихээр нөлөөлж зохиомж бүрээ судлах болсон. 

Үүнээс хойш Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд тайлбарлагч, дизайнераар ажиллаж байх хугацаандаа соёлын өв дурсгалын судалгаа, тэдгээрийн хадгалалт хамгаалалтын асуудалд улам дурлаж байлаа. Соёлын өв, уламжлалыг урлагаар дамжуулан өртөөлөх нь уран бүтээлчийн далд хариуцлага гэж боддог учраас уран бүтээл бүр минь судалгаатай хүнд ухаарал, дэм, мэдлэг, сэтгэлийн гэрэл нэмээсэй гэж бүтээдэг.

-Та хамгийн сүүлд “Шувуучлахуй” үзэсгэлэнд бүтээлээрээ оролцсон шүү дээ. Энэ үзэсгэлэнгийн онцлогоос танилцуулбал?

Монголын арьсан урлагийн “Хүрэл буга” нийгэмлэгийн уран бүтээлчид “Шувуучлахуй” буюу махчин шувуугаар ан хийх зан үйлийг судалж бүтээл туурвих үүтгэлээс хоёр жилийн өмнөөс сэдэв болгон арьсан урлагийн бүтээл туурвих аянд мордсон.  Монголын “Шувуулахуй”-н холбооны хамт олонтой танилцан ганзага нийлж олон үйл ажиллагаанд хамтарч тосож бэлдсэний дүнд энэхүү хичээл зүтгэлийг Соёлын яам дэмжиж энэ сарын 18-нд Монгол арт галерейд үзэсгэлэн маань нээгдсэн. “Шувуучлахуй” буюу бүргэдээр ан хийх зан үйлийг ЮНЕСКО-гийн Хүн төрөлхтний соёлын биет бус өвийн төлөөллийн жагсаалтанд 2010 онд бүртгүүлсэн билээ.

Тус үзэсгэлэнгийн зорилго нь соёлын биет бус өвийг урлагаар дамжуулан сурталчлан таниулах, уран бүтээлийн инновац хийх, Монголын арьсан урлагийн уламжлалт арга биет бус өвийг хослуулан дэлгэрүүлэх зорилгыг агуулж байгаа юм. Тус үзэсгэлэнд Монголын арьсан урлагийн “Хүрэл Буга” нийгэмлэгийн 20 гаруй уран бүтээлчдийн арьсан хөөмөл, арьсан сийлбэр, арьсан баримал, арьсан төөнүүр, хүүхэлдэй, арьсан инстоляци арга ажиллагаагаар нийт 70 гаруй бүтээлээс бүрдсэн.  Үзэсгэлэн энэ сарын  25 хүртэл Монгол арт галерейд үргэлжилнэ. 

Миний бие тус үзэсгэлэнд зориулж долоон бүтээл хийснээс дөрвөн бүтээлээрээ оролцож байна. Бүтээлүүддээ 13 дугаар зууны торгон дээрх үндэсний бахархалт шувуу шонхор болон жороо тоодог шувууг дүрсэлснийг арьсан дээр сийлбэрлэн, керамик /шавар/ таваг хийж шигтгэн зэсээр асааж бүтээсэн ба энэхүү дүрслэлийг арьсан хөөмөл бүтээл болгон авдар хийж нэг коллекц бүтээл болгон оролцлоо. Мөн Шонхор шувууг гаршуулж байсан тухай Персийн зурагт түүх бий. Шонхорыг хөгжмийн аялгуугаар уярааж буй  дүр зураг болон нүүдэлчин хүн шонхор шувуу, хүлэг гурвын гурамсан цадигийг арьсан хөөмөл бүтээл болгон урласан. 

-Таны уран зургуудад эртний хадны зургийг өв дурсгалууд шингэсэн байдаг. Эртний нүүдэлчдийн тамгалж үлдээсэн дүр зургийг уран бүтээл болгож буулгаж байхдаа юу мэдэрдэг вэ?

-Хадны зургийн дурсгал бол үүх түүхээ хойч үедээ хэрхэн яаж үлдээх талаар бодож олсон өвөг дээдсийн мэргэн ухаан, уран дүрслэл юм. 2020 онд “The Decoding” хадны зургийн сэдэвт уран бүтээлийн үзэсгэлэнг Э.Сүндэръяа, Ш.Сүхбат нартай хамтран “Norphei art” галерейд гаргаж байлаа. Тус үзэсгэлэнд Дэл уулнаа мөнхөрч хадны зургийн дүрслэлээрээ эрт үеэс хойч үеийнхэн бидэнд кодолж үлдээсэн өвөг дээдсийн захиасыг тайлахын тулд дахин ойлгох, дахин бодох, дахин дүрслэх, дахин туурвих, дэлхий ертөнцөд дахин танилцуулахаар хэд хэдэн бүтээл зурж байсан. Судлаач хүний хувьд хадны зураг болон археологийн олдворт илүү итгэдэг өвөг дээдэс бидэнд худал зүйл үлдээхгүй. Тиймээс бид түүнийг судалж өртөөлж бүтээл хийх нь чухал гэж боддог. Миний ээж, эмээ, өвөө Архангай гаралтай. Өвөөгийн нутаглаж байсан газарт маш их хадны зураг байдаг. Хадны зургийг судалж байх хугацаандаа би дотроо миний өвөг дээдэс эдгээр зургийг зурж байсан байх, тэгээд магадгүй би зураач болсон байх хэмээн боддог. Мэдээж энэ их сонирхолтой санамсаргүйгээр төрсөн бодол л доо.

-Таны дэлхийн зураачдаас ямар зураачийг шүтдэг вэ?

-Орчин үед ийм, тийм урсгалаар гэж ярихаас илүү бүтээлч бүр янз бүрийн туршилт хийх аялалд гардаг. Миний хувьд Испанийн алдарт зураач Сальвадор Далиг шүтдэг, магадгүй түүний уран бүтээлийн нөлөө байдаг байх. Гэвч өөрийн дотоод ертөнцөө гадагшлуулж аль болох өөрийнхөөрөө бүтээхийг хичээдэг.

-Өөрийн уран бүтээлийг ямар өнгө, ямар амьтан, ямар бэлгэдлээр төлөөлүүлэх вэ?

-Ямар өнгөөр төлөөлүүлэх нь таашгүй уран бүтээлчийн амьдрал ертөнцтэй танилцаж бүтээх, ажиглах нь өнгө өнгөөр өөрчлөгддөг одоогийн байдлаар энгийн даруу тунгалаг байхыг эрмэлзэж байна. Бэлгэдлийн хувьд "Солонгон Судар" юм уу даа.

-Таны зүүд нойр, зөн сэрэхүйд үргэлж юу мэдрэгдэж, юу эргэлддэг вэ?

-Хүн амьдралынхаа ихэнх цаг хугацааг унтаж өнгөрүүлдэг бол түүний ихэнх хэсэг нь зүүдтэй холбоотой. Тиймээс миний амьдралын хамгийн энгийн бөгөөд нууцлаг ойр сэдэв зүүд юм. 2010 онд төгсөлтийн бүтээлдээ зүүдний тухай судалж “Зүүд” хэмээх таван цуврал арьсан хөөмөл бүтээлээр диплом хамгаалж байлаа. Миний ихэнх бүтээл зүүднээс нисэж ирдэг. Учир нь өдөр бүр би даалгавартай сэрдэг. Чанадаас ирдэг тэр даалгавар намайг зурахыг хардаг.  Оюун билгийн нүүдлийн нэг билэг ухаан нь байгаль, дэлхий, сансар огторгуйн дохио мэдээ харилцаагаа зүүдээрээ танин мэддэг байсны тод жишээ Монголын нууц товчоонд гардаг. Хонгирадын Дай Сэцэний зүүд үүнийг тод томруун илтгэнэ.

Зүүд бол бодит амьдрал дундах бодит амьдрал, ертөнц юм. Үүнийг уран бүтээлээрээ баримтжуулахыг хүсдэг. Хүн бүрд өмнө нь зүүдэлсэн зүүд нь эргээд харахад “аан тэр байж” гээд бодогдохоор биелсэн тэнгэрийн дохио байдаг даа. Тиймээс би 2021 онд “Зөн Үүд” хэмээх бүтээлээ том хэмжээтэй бүтээж “Өглөөний гудамж”-нд байрлуулсан. Уг бүтээлийн зорилго нь нүүдлийн билэг ухааны нэг зөнгийн үүдийг нээж үзэгчдэд бодол, сэдэл, сэрэл төрүүлэх, олон нийтэд хүргэхийг зорьсон.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Солонго(66.181.161.25) 2022 оны 02 сарын 20

Зураг\n

0  |  0
Top