“Барилгын материалын үйлдвэрлэл, ханган нийлүүлэлтийн форум 2021” арга хэмжээний хүрээнд өнөөдөр /2021.11.24/ “Барилгын материалын үйлдвэрлэл, ханган нийлүүлэлтийн форум“ эхэллээ.
Тус форумыг нээн Барилга, хот байгуулалтын Дэд сайд Э.Золбоо нээж үг хэллээ. Тэрбээр 2021 он барилгын салбарынхны хувьд хүнд хэцүү жил болж буйг, хамтын хүчээр амаргүй нөхцлийг даван туулж буйг онцолж байлаа.
Мөн УИХ-ын Үйлдвэржилтийн байнгын хорооны дарга Д.Өнөрболор, УИХ дахь Хууль зүйн байнгын хорооны дарга С.Бямбацогт нар форумын эхэнд үг хэлэхдээ барилгын салбарын бодлого, хууль эрх зүйн орчинтой холбоотой асуудлыг хөндлөө.
Өнөөдрийн форумд Барилгын салбарын төр, хувийн хэвшлийн төлөөллүүд салбарын асуудлуудыг танилцуулж, илтгэлүүдийг нээлттэй хэлэлцүүлж байна.
Тухайлбал, БХБЯ-ны Барилгын материалын үйлдвэрлэлийн хэлтсийн дарга Д.Батзориг “Барилгын материалын үйлдвэрлэлд баримталж буй бодлого, “Барилгын материал үйлдвэрлэгчдийн улсын зөвлөгөөн-2020”-ын биелэлт, үр дүн” сэдвээр илтгэл тавилаа.
Тэрбээр “Бодлогын "Алсын хараа 2050” баримт бичигт Монгол Улс барилгын материалаа дотоодоосоо ханган ажиллах зорилтууд тусгагдсан байдгийг мэдээллийнхээ эхэнд онцолсон. Мөн Төрөөс барилгын салбарт баримтлах бодлогын баримт бичиг 2019 онд батлагдсан байдаг. БХБЯ нь эдгээр бодлогын баримт бичигт нийцүүлэн дотоодын үйлдвэр болон ханган нийлүүлэлт гэсэн чиглэлээр бодлого боловсруулан ажилладаг. Барилгын материалаа дотооддоо эрдэс түүхий эдээрээ үйлдвэрлэх, барилгын салбарын чанар стандарт, хүртээмж, хүний нөөц зэрэг олон асуудлууд руу чиглэсэн бодлого боловсруулан ажиллаж байгаа.
Монгол Улс барилгын материалын хэрэгцээнийхээ 38 хувийг дотоодоос хангаж байгаа. Үлдсэн хувийг импортоор авч байна.
Засгийн газрын Мөрийн хөтөлбөрт цемент, арматур, хавтгай шил гэсэн нэр бүхий барилгын материалын дотоодын үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх талаар тусгасан. Энэ хүрээнд мэдээлэл өгөхөд, арматурын 15 үйлдвэр Монгол Улсад байна. Эдгээр үйлдвэрүүдийн суурилагдсан хүчин чадал 450 мянган тонн байдаг. Үйлдвэрүүдийн хүчин чадал өндөр мөртлөө дотоодоо хангаж чадахгүй байгаа нь хаягдал төмрөөс ган туйван үйлдвэрлэж байгаатай холбоотой. Цементийн таван үйлдвэр үйл ажиллагаа явуулж байна. Ховд аймагт зургаа дахь үйлдвэр ашиглалтад орно" гэлээ.
“Барилгын материал үйлдвэрлэгчдийн улсын зөвлөгөөн-2020”-ын биелэлтийн талаар тэрбээр хэлэхдээ “Барилгын салбарын хууль, эрх зүйн орчныг бүрдүүлэх, үндэсний үйлдвэрлэлийг дэмжих, барилгын салбарын чанар, стандартыг сайжруулах чиглэлээр нийт 21 ажил хийхээр төлөвлөснөөс 91.4 хувийн биелэлттэй гарсан" гэв.
Сэтгэгдэл ( 0 )