Х.Мандахбаяр: Кластер үйлдвэрлэл хөгжүүлэхэд төрийн дэмжлэг чухал

Э.Мөнхжин | Zindaa.mn
2021 оны 11 сарын 24

“Барилгын материалын үйлдвэрлэл, ханган нийлүүлэлтийн форум 2021” арга хэмжээний хүрээнд өнөөдөр /2021.11.24/  “Барилгын материалын үйлдвэрлэл, ханган нийлүүлэлтийн форум“ болж байна.

Форумын хүрээнд барилгын салбарын төр, хувийн хэвшлийн төлөөллүүд салбарын асуудлуудыг танилцуулсан,  хөндсөн илтгэлүүдийг танилцуулж, нээлттэй хэлэлцүүлж байгаа юм.

Энэ хүрээнд  “Хонхор барилгын материалын худалдаа, үйлдвэрлэл, технологийн парк”-ийн төслийн удирдагч Х.Мандахбаяр “Барилгын материалын үйлдвэрлэлийг кластераар хөгжүүлэх олон улсын туршлага” сэдвээр илтгэл тавилаа.

Тэрбээр илтгэлдээ олон улсад кластер хэлбэрийн ямар жишээнүүд байна вэ, Монголд яаж хөгжүүлбэл болох вэ  гэдгийг тодорхой жишээнүүдэд тулгуурлан хүргэлээ.

Кластер гэдэг үгийг, уг зохион байгуулалтыг шинжлэх ухаан талаас, онолын талаас, хэрэглээ талаас улс орон болгон   янз бүрийн байдлаар тодорхойлсон байдаг аж. Тэдгээрийн дотроос  хуульчилж, дүрэм журам болгож тодорхойлсон орон бол АНУ. Тус улсын Сан-Диего мужийн Засгийн газар Кластер гэдэг нь “Аль нэг  салбарт үйл ажиллагаа  явуулж буй олон төрлийн  үйлдвэрлэлүүд нэг зорилго  дор нэгдэн нийлж ашиг  орлогоо нэмэгдүүлэх  бизнесийн аргачлал юм” гэж  прагматик тодорхойлсон байдгийг дурдлаа.

Сүүлийн 30 жилд дэлхийн улс орнуудын хөгжил янз бүрийн түвшинд ялгарч ирсэн. Энэ нь үйлдвэрлэлийг хэрхэн зохион байгуулж чадсан бэ гэдэгтэй холбоотой гэж Сөүлийн Их сургуулийн  профессор Сам Ок Парк судалгааны ажилдаа дүгнэснийг тэрбээр илтгэлдээ дурдсан. Энэ профессорын үзэж буйгаар кластер хэлбэрээр үйлдвэрлэлээ хөгжүүлж, инновацыг нэвтрүүлж чадсан улс орнуудын эдийн засаг үсрэнгүй хөгжсөн байна.

Харин энэ системийг хийж чадаагүй улс орнуудын хөгжил удааширсан. Үүнийг үндэсний болон бүсийн инновацын тогтолцоо, Үйлдвэрлэлийн кластер хэлбэрийн хөгжилтэй шууд холбоотой хэмээн тайлбарласан байна.

Ер нь үйлдвэрлэлийн кластерын онцлог шинж нь гурван зүйл дээр тогтож байна. Нэгдүгээрт байршил, хоёрт үр өгөөжтэй бүтээн байгуулалт, гуравт хамтын ажиллагаа. Төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгийн үед Монголын үйлдвэрүүд харьцангуй кластер системээр хөгжиж байсан. Ерэн оноос хойш үйлдвэрлэлийн бааз суурь үндсэндээ устаж үгүй болсон. Оронд нь чөлөөт зах зээл дээр тулгуурлаж гарч ирсэн үйлдвэрүүдийн хөгжил дан дангаараа явж ирсэн. Нэг талаараа бидэнд боломж хязгаарлагдмал байж ирсэн байна. Кластер хэлбэрээр хөгжих, олуулаа нийлж хөрөнгө, туршлага, технологио, хүний нөөцөө  нийлүүлэх боломж хомс явж иржээ. 

Кластер хэлбэрийн үйлдвэрлэлийн хөгжлийн онцлог шинжүүдийг барилгын материалын худалдаа, үйлдвэрлэлийн салбарт аваад үзэхэд 0 гэж хэлж  болохоор байна. Кластер хэлбэрээр хөгжсөн үйлдвэр Монголд  байхгүй байна.

Үйлдвэрлэлийг кластер хэлбэрээр хөгжүүлсний давуу тал юу вэ гэдгийг товч дурдъя. Кластер хэлбэрээр буюу олон үйлдвэрүүд нэг дор байснаараа маш сайн хамтын ажиллагааг бий болгодог. Энэ үүднээс  ажилчид хөгждөг, маш сайн мэргэшдэг. Хаалганы үйлдвэр дээр жишээ авахад, хаалга бүтээхийн тулд доод тал нь таван нэгж цех ажилладаг. Тэгэхээр кластер гэдгийн цаана энэ цехүүдийг тус тусад нь аж ахуйн нэгж хэлбэрээр зохион байгуулна л гэсэн үг. Хаалганы хавтсаа нэг нь  хийнэ, тоногоо нэг нь хийнэ, будгийн цех нь тусдаа байх зэргээр төрөлжинө. Хаалга үйлдвэрлэж байгаа дөрвөн үйлдвэр кластер хэлбэрээр хамтарч ажилласнаараа бүтээмж нэмэгдэнэ. Нэг бүтээгдэхүүнийг олон тоогоор үйлдвэрлэхээр хүмүүс мэргэшиж,  бүтээмж нэмэгдэнэ. Үйлдвэрлэлийн тоо хэмжээ өсөөд ирэхээр зах зээлд өрсөлдөх чадвар нь сайжирдаг. Цаг хугацаа, хөрөнгө мөнгө хэмнэнэ.

Улс орнуудын жишээг харахад кластерыг нэвтрүүлсэн амжилттай, амжилтгүй жишээнүүд бий. Тэдгээр жишээнээс  танилцуулахын өмнө Кластер хэлбэрийн үндсэн зарчмууд юу болохыг танилцуулъя.

ХҮН ДЭЭР СУУРИЛСАН ХӨГЖИЛ

Бизнес өргөжих замаар эдийн засгийн хөгжлийг бий болгохын тулд бүх  талын оролцоог хангасан, хүртээмжтэй, жендерийн мэдрэмжтэй байх нь  чухал. Хэрэв кластер хэлбэр нь эдийн засгийн өсөлтийг нэмэгдүүлэх, ядуурлыг бууруулахыг зорьж байвал дан ганц бүтээмж, инновац  оролцоог хангах биш мөн  нийгмийн эмзэг бүлгийг чадавхжуулж, тэдний  оролцоог хангаж, ажлын байртай болгож, эрүүл  мэнд, боловсролыг  сайжруулах боломжийг олгох юм.

КЛАСТЕРЫН ЗАСАГЛАЛЫГ ДЭМЖИХ

Кластерт хамтран ажиллаж буй байгууллагууд дан ганц ганцаараа өсөн  дэвших биш кластер засаглалын хувьд аль нэг байгууллагын манлайлал,  маш сайн төлөвлөгөө, түүний хэрэгжилтийг хангах зөвлөмж болон хяналт үнэлгээ хийх аргачлалыг сайн боловсруулсны үндсэн дээр эдийн засгийн  тогтолцоонд хувь нэмрээ оруулах боломжтой.

“Хонхор Барилгын материалын худалдаа үйлдвэрлэл  технологийн парк”-ийн кластер  жишээн дээр хэлэхэд, үндэсний 45 компанийг оролцуулна. 45 компаниас 5 нь менежмент компани байх юм. 40 компани нь хөрөнгө оруулагч буюу 12 үйлдвэр, 28 худалдааны компани байна.

Энэ төслийг бичихдээ олон улсын төслийн PMBok стандартыг анхнаас нь тууштайгаар дагаж мөрдөж байгаа. Хамтын хүчээр бүтээмжийг нэмэгдүүлэх зарчмыг кластер дээр барьж байх ёстой. Би биш бид гэдэг үзлээр компаниуд хандах ёстой. Оновчтойгоор санхүүгээ хуваарилах ёстой.

ХАМТЫН ХҮЧЭЭР БҮТЭЭМЖ НЭМЭГДҮҮЛЭХ

Кластер хэлбэрийн хамгийн чухал зарчим нь хамтын хүчээр нийгэм, эдийн  засагт эерэг өөрчлөлтийг бий болгох юм. Тиймээс байгууллагаа өөрийн  тусгаарлагдсан ханыг эвдэж хамтын хүчээр өөрчлөлтийг бий болгоход  дараах арга хэмжээг авч болно. Үүнд:

 

  • Кластерт байгаа байгууллагуудтай мэдээлэл солилцох
  • Нэг байршил, барилгад хамтран орших
  • Харилцаа үүсгэх
  • Итгэлцлийг дэмжих
  • Засаглалын механизмыг хөгжүүлэх
  • Кластерын дотоодын үйл ажиллагааг дэмжих, оролцох

КЛАСТЕРЫГ БАЙГУУЛЛАГЫН ХУВЬД ЧАДАВХЖУУЛАХ

Хамтдаа хөгжлийг бий болгоход 1/олон талын мэргэжлийн  байгууллагуудын оролцоо, 2/Кластер дундын хамтын үйл ажиллагаанууд  нэн чухал байдаг.

Нэгдүгээрт, Кластер зарчмаар бизнесийг хөгжүүлэхдээ  төрийн байгууллага, ХАҮТ, судалгааны байгууллага, ТББ, хэвлэл мэдээлэл  гэх мэт маш олон талын оролцоо дэмжлэг хэрэгтэй.  Кластерын байгууллагууд хоорондоо тогтмол хамтрагч талууд болон өөр  хоорондоо  хэлэлцүүлэг хийх, мэдээлэл солилцох, асуудлаа тодорхойлох  уулзалт, зөвлөгөөнүүдийг хийж байх нь чухал аж.

Харин одоо улс орнуудын жишээг дурдъя.


ОХУ-д 88 кластер үйл ажиллагаа явуулдаг

ОХУ-ын жишээг авч үзэхэд, 2017 оны сүүлийн байдлаар  тус улсад 88 гаруй худалдаа, үйлдвэрлэлийн кластер хэлбэрүүд байна.  2000 гаруй ЖДҮ эрхлэгчид болон 1 сая гаруй ажилчид эдгээр кластеруудад харьяалагддаг. Эдгээр 88 кластераас дийлэнх нь технологи, инноваци хэлбэрээр ажилладаг бол барилга, барилгын  материал чиглэлээр үйл ажиллагааг явуулдаг 1 кластер байна.

Уг кластер нь одоогоор “амжилтгүй” статустай. Учир нь дээр дурдсан хамтын  ажиллагаа, засаглал, дэмжлэг гэсэн кластерын зарчим алдагдсан. 113 мянган байгууллагаас 95% нь ЖДҮ байдаг ба ба нийт улсын барилгын материалын 92%-ыг дотооддоо үйлдвэрлэж байгаа боловч энэ нь дэлхийд өрсөлдөх хэмжээнд байж чадахгүй байгаа ба гол шалтгаан  нь инновацлаг шинэ  бүтээгдэхүүн боловсруулахад техник, технологи болон туршлага хангалтгүй  байгаад байна. Оросын Ерөнхийлөгч Путин Хабаровскд төмөр зам түшиглэн барилгын материалын кластерыг бүтээн байгуулахаа энэ  оны аравдугаар  сард зарласан.

БНСУ-ын АМЖИЛТТАЙ ЖИШЭЭ

БНСУ  кластерын хэлбэрүүдийг маш сайн хөгжүүлж, дараагийн түвшинд кластерын кластер  хөгжүүлж байгааг илтгэгч онцоллоо. Кластер үйлдвэрүүдийг дахиад кластержуулах, супер кластер хөгжүүлэх менежментийн хэлбэр рүү орсон нь олон улсад томоохон жишиг болсон аж.

Тус улс  худалдаа үйлдвэрлэлийн  кластер хэлбэрийг 1970 оноос хойш жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх үүднээс хөгжүүлж ирсэн байна. Кластерын стратеги, төлөвлөгөө, барилга болон удирдлага, зохион байгуулалтыг голчлон анхаарч ирсэн. Кластер хэлбэрийн төлөвлөгөө, зохион байгуулалт, хамтын ажиллагаа нягт байснаар экспортыг орлох боломжтой хэмээн үзэж олон жил үйлдвэрлэлийн  кластер хэлбэрийг дэмжиж ирсэн. Засгийн газар, ААН дангаараа эсвэл хамтар хэрэгжүүлж буй, улсыг хамарсан, нэг хэсэг газар нутагт зориулсан  эсвэл тодорхой нэг бүтээгдэхүүн үйлчилгээнд суурилсан үйлдвэрлэлийн кластер хэлбэрүүд байна.

Төрийн бодлогын хүрээнд, төрийн дэмжлэгтэйгээр кластерыг хөгжүүлж байгаа ч зохион байгуулалт, удирдлагыг  Korean Industrial Complex Corporation /KICOX/ хэрэгжүүлж байгаа аж.

Тус улс нь үйлдвэрлэлийн кластер хэлбэрийн хөгжлийн тулгуур нь мэдлэгээ хуваалцах, удирдан зохион  байгуулах болон бүтээмж хүртээмжийг нэмэгдүүлэхэд зайлшгүй мэдээлэл технологи дээр үндэслэн хөгжүүлэх  шаардлагатай хэмээн үзэж e-cluster платформыг хөгжүүлсэн байна.


Казахстаны ТУРШЛАГА

Казахстан улсад одоогоор 13 үйлдвэрлэлийн кластер, 130 байгууллага хамтран ажиллаж 24,000  ажлын байр бий болгосон байна. Үүний 2 кластер нь барилгын материал үйлдвэрлэлийн кластер  ба нэг нь 2001-2027 он хүртэлх төлөвлөгөөг хэрэгжүүлж сүүлийнх нь 2019 онд байгуулагдаж 2044  он  хүртэл  үйл ажиллагааны төлөвлөгөөг  боловсруулсан  байна.  Одоогоор тухайн  кластеруудын  хэсэг нь үйл ажиллагаа хангалтгүй, “амжилтгүй” хэлбэртэй байна.

Үүнийг хөндлөнгийн судлаачид дотоодын үйлдвэрлэл хоорондын уялдаа холбоо дутмаг, хамтын  ажиллагаа хязгаарлагдмал болон төрийн дэмжлэг хангалтгүйтэй холбоотой гэжээ. Тиймээс энэхүү  асуудлыг  шийдэхээр  дараах ажлуудыг судлаачид  санал  болгож  байна: 

Кластер  хэлбэрээр  ажиллах  дотоодын  бодлого,  төлөвлөгөө  нарийвчлан  судлан  боловсруулах  Кластер  хэлбэрээ  амжилттай  ажиллах  шалгуур  үзүүлэлт,  хяналт  үнэлгээний  төлөвлөгөөг  боловсруулах.  Төрийн  дэмжлэг оролцоог тодорхойлох, төрийн дэмжлэгийг тогтворжуулах зэрэг аж.


Илтгэгч кластер үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд анхаарах асуудлуудын талаар дараах дүгнэлтийг танилцууллаа.

ХАНДЛАГА

Кластер хэлбэрийн үндсэн төлөв нь хамтын ажиллагаа, нэгдмэл байх юм. Кластер хэлбэрээр хамтарч бүхий байгууллагууд нь  харилцан ойлголцож, мэдээлэл солилцож, туршлага судалж, асуудал бэрхшээлийг хамтдаа даван туулж “амжилттай” хөгжих  тул “би” биш “бид” гэсэн хандлагатай байх нь амжилтын суурь болж өгнө.

ХАМТРАГЧ ТАЛУУДЫН ДЭМЖЛЭГ

Олон  улсын  туршлага,  зөвлөмжийг  харвал  худалдаа  үйлдвэрлэлийн  кластер  хэлбэр  нь  олон  байгууллагуудын  хамтын ажиллагаа, олон салбарын оролцоотойгоор хөгждөг тул цаашид “инновацийн хөгжлийн бодлого” болох бүрэн боломжтой ба  үүнд төрийн тогтвортой оролцоо,  дэмжлэг чухал юм. Солонгос улсын жишгээс үзэхэд тус улс хурдацтай хөгжиж ирсэн нь  кластер хэлбэрийг төрийн хөгжлийн бодлогын хүрээнд, хамтын ажиллагаатай хэрэгжүүлсэнтэй холбоотой юм.

НЭГДСЭН ЦОГЦ ҮЙЛЧИЛГЭЭ

Кластер хэлбэрийн давуу тал нь олон нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэхдээ шат дарааллын уялдаа холбоог хангаж олон  үйлдвэрлэл  нэгдэж  худалдан  авагчдад  хэрэгцээт,  үр  өгөөжтэй  бүтээгдэхүүн  үйлчилгээг  санал  болгох  ба  бусад хэрэгцээт үйлчилгээг нэг дороос худалдан авагчдад санал болгох юм. /Худалдаа, үйлчилгээ, зөвлөгөө, тээвэрлэлт гэх  мэт/

ХАМТЫН АЖИЛЛАГАА /NETWORKING/ БОЛОН ЧАДАВХЖУУЛАЛТ

Кластерт хэлбэрээр хамтран ажиллаж байгаа байгууллагууд нь тогтмол хамтын ажиллагааг бэхжүүлэх, харилцан нэг нэгнээсээ  суралцах, чадавхаа нэмэгдүүлэх үйл ажиллагааг тогтмол хийж байх нь кластерын тогтвортой хөгжлийн үндэс юм.

ИННОВАЦ

Кластер  хэлбэрийн  үйл  ажиллагааг  цаашид инновацын хөгжилд хүргэх  нь  кластер  хэлбэрийн  дараагийн  хөгжлийн  үе  шат  болохыг  олон  улсын  туршлага  харуулж  байна.  Тиймээс  кластер  хэлбэрийг  алсын  хараандаа  техник  технологи,  судалгаа, IT дээр суурилуулан хөгжүүлэх бодлогыг баримтлан ажиллах нь зүйтэй юм.

УДИРДЛАГА, ЗОХИОН БАЙГУУЛАЛТ

Кластерын өдөр тутмын төлөвлөгөөт үйл хэрэгжүүлэхэд удирдлага, зохион байгуулалтаар хангах, чиглүүлэх, зөвлөх, хяналт  үнэлгээ хийх мөн дээр дурдсан үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд удирдлага, зохион байгуулалтын чадварлаг баг байх нь цаашид  кластерын алсын хараа, зорилго, зорилтод амжилттай хүргэх боломжийг нэмэгдүүлнэ.


Монгол Улсад кластер үйлдвэрлэл хөгжүүлэхэд хамгийн гол нь хандлагын асуудал, төрийн дэмжлэг хэрэгтэйг илтгэгч онцолсон.  2009 онд Үйлдвэр технологийн паркийн эрх зүйн байдлын тухай хууль батлагдсан нь том дэвшил байсан ч, өнөөдрийг хүртэлх хугацаанд нэг ч парк бодитой байгуулагдаагүй.  Судлаад үзэхээр хамтын ажиллагаа, хандлага, хөрөнгө санхүү, нэгдэж нийлж чадахгүй зэрэг асуудлууд байдаг аж. Үйлдвэрлэгчид  төрөөс хөрөнгө санхүү хүсэхээр эргээд хүүгийн өндөр дарамтад сөхрөөд байна. Тийм учраас “Хонхор Барилгын материалын худалдаа, үйлдвэрлэл, технологийн парк” төсөл  энэ орон зайг нөхөхийн тулд, үндэсний 45 компанид хөрөнгө, туршлага, технологио  нийлүүлэх албан ёсны хамтын ажиллагааны саналыг тавьж, үйл ажиллагаа явагдаж буйг Х.Мандахбаяр мэдээлэлдээ онцолсон. Мөн тэрбээр цаашдаа ганц барилгын материалын салбар биш олон салбарт кластер системийг хөгжүүлэх боломж байгааг тодотгож байсан юм.

 

Top