“МОНГОЛ УЛСЫН ШИНЖЛЭХ УХААНЫ ТҮҮХ” таван боть ном хэвлэгдлээ

2021 оны 11 сарын 25

Монгол  улсад орчин цагийн шинжлэх ухааны байгууллага үүсэж хөгжсөний 100, Монгол Улсын ШУА байгуулагдсаны 60 жилийн ой энэ онд тохиож байна. Тус ойн хүрээнд Монгол Улсын  шинжлэх ухааны академиас Монгол Улсын  шинжлэх ухааны түүхийг таван ботиор бичиж гаргаад байна.

Монгол Улсын шинжлэх ухааны ууган байгууллага Судар бичгийн хүрээлэнг 1921 оны 11 дүгээр сарын 9-ний өдөр Ардын Засгийн Газрын хурлын шийдвэрээр анх байгуулж, мөн оны 11 сарын 22-ны өдөр Богд хааны зарлигаар батлуулсан билээ. Энэхүү түүхэн шийдвэр нь Монгол Улсад шинжлэх ухаан хөгжих суурийг тавьж, 100 жилийн хугацаанд Шинжлэх ухааны хүрээлэн, БНМАУ-ын Шинжлэх ухааны хүрээлэн, Монгол Улсын Шинжлэх Ухааны Академи болон өргөжин хөгжсөн байна. Эдүгээ ШУА-д төвлөрсөн, олон улсын жишигт нийцсэн шинжлэх ухаан, технологийн бүхэл бүтэн тогтолцоо бий болон хөгжиж байна.

Монгол Улсад орчин цагийн шинжлэх ухааны байгууллага үүсэж хөгжсөний 100 жилийн түүхэн ойг тохиолдуулан ШУА-аас “МОНГОЛ УЛСЫН ШИНЖЛЭХ УХААНЫ ТҮҮХ” таван боть бүтээлийг туурвихдаа ШУА-ийн Ерөнхийлөгчийн тушаалаар түүхч, академич С.Чулуунаар ахлуулсан зохиогчдын баг байгуулж, тодорхой төлөвлөгөө, үзэл баримтлалын дагуу ажиллажээ.

 “МОНГОЛ УЛСЫН ШИНЖЛЭХ УХААНЫ ТҮҮХ” таван боть бүтээлийг ирэх бямба гаригт болох  “Шинжлэх ухаан-100” хүндэтгэлийн хурлын үеэр албан ёсоор  нийтэд танилцуулах юм. Тус бүтээлийн талаар товч мэдээлэл бэлтгэн хүргэж байна.   

“МОНГОЛ УЛСЫН ШИНЖЛЭХ УХААНЫ ТҮҮХ” таван боть бүтээлийг зохиогчдын баг. 2021.11.24

Тэргүүн ботид Монгол Улсад 1921-1930 онд шинжлэх ухааны ажлыг эрхлэн зохион байгуулах анхны  төв байгууллага - Судар бичгийн хүрээлэнгийн үүсэл хөгжлийн түүхэн үйл явц, эрдэм судлалын ажлын үндсэн чиглэл, цар хүрээ, үр дүн, гадаад  харилцаа, хамтын ажиллагаа, нийгмийн амьдралд гүйцэтгэсэн үүргийн талаар архивын болон судалгаа, шинжилгээний ажлын баялаг эх сурвалжид тулгуурлан боловсруулсан нэлээд цогц мэдлэг, сонирхолтой мэдээллийг оруулсан байна. Мөн ботийн хавсралтаар Судар бичгийн хүрээлэнгийн тогтоолуудыг анх удаа бүрэн эхээр хэвлүүлсэн нь тулгуур сурвалж болж ашиглагдах боломжтой юм.

Хоёрдугаар ботид 1930-1960-аад оны хоорондох гучин жилийг хамарч байгаа бөгөөд энэ үед тухайн цагийн нийгэм, соёлын хөгжлийн  шаардлагад нийцүүлэн Судар бичгийн хүрээлэнг 1930 оноос Шинжлэх ухааны хүрээлэн, 1957 оноос Шинжлэх ухаан, дээд боловсролын хүрээлэн болгон өөрчлөн зохион байгуулсан цаг үед “улс төрийн хэлмэгдүүлэлт”, “нэг хүнийг тахин шүтэх явдал”, “сэхээтний төөрөгдөл”, “намч биш ажил явууллага”, “намын эсрэг бүлэг” гэх зэрэг олон таагүй үйл явдал манай улсад өрнөж, шинжлэх ухааны салбарын боловсон хүчний хөгжилд ноцтой хор хохирол учруулсан хэдий ч Монголын шинжлэх ухааны байгууллага бүтэц, зохион байгуулалт, материаллаг бааз суурийн хувьд бэхжин, үндэсний эрдэмтэн судлаачидтай болж хөгжсөнийг судалгааны түүхэн баримтуудад тулгуурлан бүтээлийн эл ботид дэлгэрэнгүй гаргажээ.

 

Түүхэн хөгжлийн явцаар Шинжлэх ухааны хүрээлэнгийн харьяанд байсан Улсын нийтийн номын сан, Улсын музей, Улсын архив бие даан хөгжих нөхцөл бүрдсэн тухай,  Сурах бичгийн комисс, Нэр томьёоны байнгын комисс, Орон нутаг судлах товчоо, Улс орны түүх судлах сайн дурын сурвалжлагчдын бүлгэм, Лекцийн товчоод улс орны нийгэм, соёл, боловсролын хөгжилд үнэтэй хувь нэмрийг оруулсан тухай, хуучны ном зохиолыг судлан боловсруулах, орчуулах, хэвлэн нийтлэх ажлыг өргөн хүрээтэй зохион байгуулсан тухай, Шинжлэх ухааны хүрээлэнгийн удирдлага эрдэм шинжилгээний мэргэжилтэй боловсон хүчнийг сургаж бэлтгэх ажил бодит ахиц гарч, 1960 он гэхэд тус улсад шинжлэх ухааны доктор 5, байгалийн ухаанаар дэд эрдэмтэн 56, нийгмийн ухааны дэд эрдэмтэн 44-тэй болсон тухай,  шинжлэх ухааны олон салбар бие даан хөгжих хөрс суурь бүрэлдсэн тухай  зэрэг өргөн хүрээтэй асуудлуудыг судлан боловсруулж  энэ ботийг туурвижээ.

Гуравдугаар ботид  1960-1990 оны үеийг хамарч байгаа болно. Монголын шинжлэх ухаан, технологийн салбарын түүхийн өргөн далайцтай эрчимтэй хөгжлийн  үе  буюу 1961 онд Шинжлэх Ухааны Академи тулганы чулуугаа тулж 1980-аад он хүртэл байгаль, анагаах, хөдөө аж ахуй, нийгэм, хүмүүнлэгийн  ухааны олон салбартай болж хөгжсөний зэрэгцээ их, дээд сургуулиуд үүсэн байгуулагдаж, шинжлэх ухаан, дээд боловсролын томоохон тогтолцоо бүрэлдэх олон талт үйл явц  өрнөснийг энэ ботид тодорхой тусгажээ. 

Мөн энэ үед нам, засгаас шинжлэх ухааныг хөгжүүлэх тодорхой бодлого боловсруулан хэрэгжүүлж, материаллаг бааз, хөрөнгө мөнгө төсөвлөж байсны ачаар шинжлэх ухааны байгууллага, эрдэмтдийн тоо нэмэгдэж, улс ардын аж ахуй, соёлын хөгжилд үр ашгаа өгснийг,  Монголын эрдэмтэд улс орондоо төдийгүй хилийн чанадад үнэлэгдэх болсныг, Шинжлэх ухааны академи байгууллагын хувьд төрийн яамдтай эн зэрэгцэхүйц статустай болж чадсаныг, энэ үйл хэрэгт академийн анхны ерөнхийлөгч, академич Базарын Ширэндэв чухал үүрэг гүйцэтгэснийг дэлгэрэнгүй өгүүлсэн болно.

Дөрөвдүгээр ботид Монголын шинжлэх ухаан, технологи өрнөн хөгжиж,  бүтэц зохион байгуулалтын хувьд  өргөжин бэхэжсээр 1990 оны ардчилсан өөрчлөлттэй золгосон үеэс эдүгээ хүртэлх сүүлийн  гучин жилийн шинжлэх ухаан, технологийн  салбарын хөгжлийг тоймлон харуулав. Энэ үед Монголын нийгэм ардчилал, зах зээлийн харилцаанд шилжиж, шинжлэх ухаан, технологийн салбарыг нийгмийн шинэ тогтолцооны шаардлагад нийцүүлэн өөрчлөн шинэчлэх үйл явц өрнөсөн билээ. Уг үйл явцын бодлого, эрх зүйн орчин хэрхэн бүрдсэн, түүний хэрэгжилт хэрхэн өрнөж, салбарын бүтэц зохион байгуулалт яаж өөрчлөгдсөн болон шинжлэх ухааны салбарын боловсон хүчин, гадаад харилцаанд ямар өөрчлөлт гарсан, хөрөнгө оруулалт, санхүүжилт хэрхэн явагдсан, шинжлэх ухааны үндсэн салбаруудаар судалгаа, хөгжүүлэлтийн ямар ажил хийгдэж, ямар тодорхой үр дүнд хүрсэн зэргийг эл ботид нэлээд дэлгэрэнгүй тусган оруулав.

Тавдугаар ботид салбарын хөгжлийн түүхэн үйл явцыг харуулсан архивын баримт, мэдээлэл, түүхэн зураг,  шинжлэх ухаан технологийн салбар хийгээд  төрийн өмчит эрдэм шинжилгээний байгууллагуудын  хөгжлийг харуулсан гэрэл зураг, бодит баримт, салбарын томоохон зүтгэлтэн, нэрт эрдэмтдийн тухай баримт мэдээлэл зэргийг  багтаан түүхэн альбом хэлбэрээр  олон нийтэд хүргэхийг хичээсэн болно.

Эх сурвалж: Шинжлэх ухааны академи

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top