Д.Ганбаатар: Хил судлалын салбар харьцангуй залуу шинжлэх ухаан

2021 оны 11 сарын 30

Мэдээлэлжүүлэлтийн олон улсын академийн жинхэнэ гишүүн, ОХУ-ын Байгалийн шинжлэх ухааны академийн гадаад гишүүн, доктор, профессор, бригадын генерал Д.Ганбаатартай уулзаж ярилцлаа.


-Сайхан өвөлжиж байна уу. Хил хамгаалах байгууллага арваннэгдүгээр сарын 29-нд “Шинжлэх ухааны ажилтны өдөр”-ийг тэмдэглэх гэж байна. Эрдэмтэн хүний хувьд танд “Шинжлэх ухааны ажилтны өдөр”-ийг тохиолдуулан баярын мэнд хүргэе.

-Баярлалаа. Ажил нь сайн уу. Та бүхний ажилд ч бас орчин үеийн шинжлэх ухааны ололтууд арвин байгаа биз дээ.

-Баярлалаа. Монгол Улсын “Шинжлэх ухааны ажилтны өдөр”-ийн тухай таны товч сэтгэгдлээр яриагаа эхлэх үү?

-XIII зуунд Хубилай цэцэн хаан “Бичгийн мэргэдийн хүрээлэн” буй болгож байсан нь түүхэнд тэмдэглэгдэн үлджээ. Энэ нь монголчууд эрдэм номыг эрхэмлэн дээдэлж байсны тод илэрхийлэл юм. Ардын засгийн газрын 1921 оны арваннэгдүгээр сарын 19-ний өдрийн тогтоолын дагуу “Судар бичгийн хүрээлэн” байгуулагдсанаар Монгол Улсад шинэ үеийн шинжлэх ухааны төв байгууллага бий болсон түүхтэй бөгөөд энэ нь өнөөгийн Шинжлэх ухааны Академийн суурь үндэс нь байв.

Ийнхүү энэ жил манай улсад орчин цагийн шинжлэх ухаан үүсэж хөгжсөний түүхт 100 жилийн ой тохиож байгаа билээ. Мэдээжийн хэрэг өнөөгийн хөгжил бүтээн байгуулалт, ололт амжилтуудыг шинжлэх ухаангүйгээр төсөөлөхийн аргагүй шүү дээ. Хил хамгаалах байгууллагын нийт эрдэмтэн, судлаачид, алба хаагчид, ажилтнууддаа Монгол Улсын шинжлэх ухааны ажилтны өдрийг тохиолдуулан баяр хүргэж, эрдэм шинжилгээ судалгааны ажилд нь өндөр амжилтыг хүсье.

-Хил хамгаалах байгууллагын эрдэмтдийн тухайд таны бодол?

-Сайхан асуулт байна. Улсын хил хамгаалалтын түүх, судалгаанаас үзэхэд орчин үеийн Хил хамгаалах байгууллага нь үүсэн байгуулагдсан цагаасаа хил хамгаалалтыг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр зохион байгуулах зорилт тавин ажиллаж, тасралтгүй шинэчлэх, шинэ техник технологийг нэвтрүүлэх, инновацийн тогтолцоог хөгжүүлэх талаар үе үеийн командлагч нар, удирдлагын зүгээс тодорхой бодлого шийдвэрүүдийг гаргаж үе шаттайгаар хэрэгжүүлсээр ирсэн түүхтэй. Үүнд ахмад үеийн эрдэмтэн мэргэд маань үнэлж баршгүй их хувь нэмрийг оруулсныг зориуд тэмдэглэн хэлэхийг хүсэж байна.

Тухайлбал, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, гавьяат хуульч, доктор Б.Цэдэн-Иш, Монгол Улсын Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, Мэдээлэлжүүлэлтийн олон улсын академийн тэргүүлэгч гишүүн, академич, ОХУ-ын Байгалийн шинжлэх ухааны академийн гадаад гишүүн, Цэргийн шинжлэх ухааны доктор /Sc.D/, профессор Ш.Арвай, доктор, профессор Д.Базарсад, П.Сүндэв, Ш.Лхачинжав, П.Даш, С.Гүржав, Д.Нямдорж, Г.Дагважамц,  Н.Наранжамц, А.Муратхан, Ц.Ганболд, Ц.Энхжаргал, В.Жавхланцогт, Ж.Өвгөнбүргэд нарын олон эрдэмтдийг нэрлэж болох байна. Эдгээр эрдэмтдийн идэвхтэй үйл ажиллагааны үр дүнд “Хил судлал”-ын шинжлэх ухааныг улс эх орондоо шинээр нутагшуулан хөгжүүлж байгаа нь улсын хилийн хамгаалалтыг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр зохион байгуулж явуулахад ихээхэн ач холбогдолтой арга хэмжээ болж байгаа бөгөөд энэхүү шинжлэх ухааны салбарын судлаачдын түрүүч нь хэд хэдэн хүн хил судлалын ухаанаар докторын зэргийг амжилттай хамгаалаад байна.

Хил судлал гэдэг нь улсын хилийн тухай шинжлэх ухаан юм. Хил судлалын салбар нь бий болоод удаагүй, харьцангуй залуу шинжлэх ухаан. Энэхүү шинжлэх ухааны салбарыг үүсгэн бий болгоход Монгол Улсын Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, Цэргийн шинжлэх ухааны доктор /Sc.D/, профессор Ш.Арвайн оруулсан хувь нэмрийг олон улсын шинжлэх ухааны байгууллага өндрөөр үнэлж, НҮБ-д зөвлөх эрх бүхий Мэдээлэлжүүлэлтийн олон улсын академиас “Шинжлэх ухааны тодорхой салбарыг үндэслэгч” хэмээх дээд цол, шагналыг хүртээсэн бөгөөд энэ утгаараа дэлхийд данстай том эрдэмтэн гэдгээр нь хойч үе та бид бахархаж явах ёстой билээ. Ш.Арвай нь сэрүүн тунгалаг ахуйдаа Хил судлалын шинжлэх ухааныг эх орондоо хөгжүүлэх үйлсэд үлэмжийн их хувь нэмрийг оруулсныг тэмдэглэн хэлэхэд таатай байна.

-Та ХХЕГ-ын Ар тал, инженер техникийн газрын дарга байсан. Хил хамгаалах байгууллагын ар тал, техникийн хангалтын чиглэлээр шинжлэх ухааны ололтыг хэрхэн нэвтрүүлж байсан бол?

-Тийм ээ. Улсын хилийн хамгаалалтын салшгүй хэсэг, түүний Материал-техникийн хангалтад орчин үеийн шинжлэх ухааны ололтыг нэвтрүүлж явуулах нь хил хамгаалалтын найдвартай байдлыг бэхжүүлэхэд онцгой чухал ач холбогдолтой гэдэг нь хэн бүхэнд ойлгомжтой. Энэ чиглэлээр багагүй ажил өрнөж ирсэн. Би энд нэгэн жишээг дурдъя. Хил хамгаалах байгууллагын материал-техникийн хангалтыг боловсронгуй болгох судалгааны ажил хийхийн тулд бид шинжлэх ухааны онол практикт тулгуурлан, Дэлхийн олон улсын эрүүл мэндийн байгууллагын хүн судлалын чиглэлээр гол үндэслэлээ болгодог энерги зарцуулалтын хэмжээгээр нь хилчдийн ажлын ачаалал, хөдөлмөр зарцуулалтыг тодорхойлох аргачлалыг сонгосон юм.

Ийнхүү Монгол орны байгаль, цаг уурын   харилцан адилгүй орчин нөхцөлд албан үүргээ гүйцэтгэж буй Хил хамгаалах байгууллагын офицер, ахлагч, хугацаат болон гэрээт цэргийн алба хаагчдын энерги зарцуулалтын хэмжээг шинээр тогтоох хэрэгтэй болсон. Үүний тулд Хүн судлалын төв, Шинжлэх ухаан технологийн сан зэрэг эрдэм шинжилгээний байгууллагуудын дэмжлэгтэйгээр хилд албан үүрэг гүйцэтгэж буй хилчдийн ажил хөдөлмөрийн ачааллын түвшинг тодорхойлох, тэдний энерги зарцуулалтыг тогтоох судалгааны ажлыг 2001 оноос эхлэн хоёр жил гаруй хугацаанд зохион байгуулж явуулсан бөгөөд энэхүү судалгааны ажилдаа системийн онол, системийн шинжилгээний аргыг ашигласан нь ихээхэн үр дүнтэй болсон юм.

Уг судалгааны ажлыг цэргийн алба хаагчдын харуул манаанд албан үүрэг гүйцэтгэж буй газар орон дээр нь явуулсны үндсэн дээр хилчдийн энерги зарцуулалтыг бүсчлэн тогтоосон билээ. Дээрх судалгааны ажлын үр дүнд, хилчдийн энерги зарцуулалт нь албаны онцлог, газар орны байгаль орчин, цаг агаар, улирлын нөхцөл байдлаас шалтгаалан говь цөл, тал хээр, ой тайга, өндөр уулын бүсүүдэд харилцан адилгүй өөр өөр болох нь тогтоогдсон бөгөөд зөвхөн хоол хүнсний хангалт төдийгүй бусад бүх хангалт тухайн бүсийн онцлогоос шалтгаалан харилцан адилгүй өөр өөр төрөл, хэмжээ хязгаартай байх шаардлагатай болох нь батлагдсан билээ.

Үүнээс үндэслэн бид он удаан жил үе дамжсан, тэгшитгэн хуваарилах зарчмаасаа татгалзаж, бүсийн онцлогтой уялдсан бүсчилсэн хангалтад шилжих шаардлагатай гэсэн шинжлэх ухааны үндэслэлтэй дүгнэлтэд хүрсэн юм. Энэхүү судалгааны ажлын үр дүнгээр хийгдсэн хангалтын норм хангамжууд одоо ч мөрдөгдөж байна. Хилийн тухай хууль 2016 онд шинэчлэгдэн мөрдөгдөж байгаа өнөө үед улсын хилийн бүсчилсэн хамгаалалтын хангалтыг боловсронгуй болгоход дээрх судалгааны ажлыг үргэлжлүүлэх нь ихээхэн ач холбогдолтой болно гэдэгт итгэлтэй байна.

-Өнөөгийн улсын хил хамгаалалтын талаар таны бодол?

-Өнөөгийн Хил хамгаалах байгууллагын удирдлага нь улсын хил хамгаалалтад орчин үеийн шинжлэх ухаан, технологийн ололт амжилтыг өргөнөөр нэвтрүүлэн ажиллаж байгаа нь хилийн анги салбаруудаар явахад бэлхнээ харагдаж байна. ХХЕГ-ын дарга, Хилийн цэргийн командлагч, бригадын генерал Х.Лхагвасүрэнгийн улсын хил хамгаалалтын бодлого, мөн энэ онд болсон “Монгол Улсын хил хамгаалалтын дүрмийг шинэчлэн боловсруулах шаардлага, хэрэгцээ” сэдэвт эрдэм шинжилгээний хурал дээр ХХЕГ-ын тэргүүн дэд дарга, Хилийн цэргийн штабын дарга, бригадын генерал Н.Ганболдын тавьсан илтгэл, хэлсэн үгнээс дүгнэж үзэхэд Улсын хилийн хамгаалалтыг орчин үеийн, олон улсын жишигт нийцсэн, шинжлэх ухааны үндэслэлтэй, технологийн өндөр түвшинд хүргэх томоохон зорилтуудыг дэвшүүлэн тавьж байгаа зэргээс тодорхой харагдаж байгаа нь сайшаалтай.

Дэслэгч С.ОТГОНЦЭЦЭГ

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(103.212.116.59) 2021 оны 11 сарын 30

Жаран цэрэгт Зуун генерал айн.

0  |  0
Top