“Өвлийн идэш” өргөтгөсөн худалдаанд махны эрэлт их байна

2021 оны 11 сарын 30

Өвлийн идшээ бэлтгэхээр Төв цэнгэлдэх хүрээлэнг зорьсон иргэдийн хөл хөдөлгөөн их байна.

Амралтын өдрийн өглөө тус захын гадна талбайд автомашины зогсоол хүрэлцэхгүй байгаагаас харвал нийслэлчүүд өвлийн бэлтгэлээ хангаад эхэлжээ. Төв цэнгэлдэх хүрээлэн ийн олны хөлд дарагдаж байгаа нь учиртай. Нийслэлийн хүн амын хүнсний хэрэгцээнд зориулан махны нийлүүлэлтийг нэмэгдүүлэх зорилгоор “Өвлийн идэш” өргөтгөсөн худалдааг энэ сарын 25-наас арванхоёрдугаар сарын 2-ны өдрийг дуустал Төв цэнгэлдэх хүрээлэнд зохион байгуулж байгаа билээ.

Энэхүү арга хэмжээний үеэр орон нутгаас бэлтгэсэн, гарал үүсэл нь баталгаатай эрүүл малын мах, сүү, цагаан идээг борлуулахаас гадна шинэ ургацын улаанбуудайн гурил, цагаан будаа, ургамлын тос зэрэг хүнсний гол нэрийн бүтээгдэхүүнийг бөөний үнээр худалдаалах юм. Уг арга хэмжээг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, орон нутгийн удирдлагууд болон Хүнс, хөдөө аж ахуйн газар хамтран зохион байгуулж байгаа гэнэ.

Төв цэнгэлдэх хүрээлэнд махны үнэ 6000-9200 төгрөгийн хооронд байв

Төв цэнгэлдэх хүрээлэнгийн гадна талбайд ачааны болон суудлын автомашинууд эгнэн байрлажээ. Машины тэвшин дээр гулууз болон өрөөл мах овоолон ачиж, бөөний үнээр худалдаалж байв. Энд мал амьтны гоц халдварт өвчингүй, тайван бүсийн 17 аймгаас бэлтгэсэн, гарал үүсэл нь баталгаатай эрүүл адуу, үхэр, хонь, ямааны мах борлуулж байгаа талаар Архангай аймгийн малчин хэлж байлаа. Орон нутгаас ирсэн малчид халдвар хамгааллын дэглэмээ баримталж, шинжилгээ өгч байгаа талаараа хэлж байсан ч амны хаалт зүүсэн нь ховор харагдана.

Олны хөлд дарагдан, энд тэндээс “Үхрийн мах хэд вэ”, “Заавал өрөөлдөж зарах уу”, “Хязаалан үхрийн мах уу” зэргээр ам уралдан асуух хүмүүст хариулт өгч, махаа жинэлээд, амны хаалтаа ч анзаарах завгүй байгаа бололтой. Энд үхрийн мах кг нь 9000-9200 төгрөгийн үнэтэй байна. Харин худалдаалахдаа заавал өрөөлдөж өгч байгаа талаар Хэнтий аймгийн малчин хэлж байсан юм. Дангаар нь салгаж өгвөл хаа, гуя нь түрүүлж дуусаад, дан яс үлдчихдэг болохоор ийн зардаг ажээ. Голдуу шүдлэн, хязаалан үхрийн мах борлуулж байсан бөгөөд өрөөл мах 80-100 кг татаж байв. Харин хонины мах кг нь 8000 төгрөгийн ханштай бөгөөд нэг гулууз ойролцоогоор 20-25 кг татдаг байна. Ямааны мах тарган, туранхайгаас шалтгаалан кг нь 6000-7000 төгрөгийн хооронд хэлбэлзэж байсан юм. Энэ талаар Дундговь аймгийн малчин Э.Идэрбат “Хотын хүмүүс хэт тарган малын мах авдаггүй. Өөх ихтэй, идэх юм байхгүй хэрнээ их жинтэй, өндөр үнэтэй болж байна гэдэг. Тиймээс энд үнийн зөрүү үүсэж байна. Зарим малчид худалдаалж буй мах нь дуусаж эхлэх үед ханшаа бууруулж байгаа” гэсэн юм.

Хүйтний улирал эхэлж байгаа тул адууны мах ч эрэлттэй байгаа нь харагдаж байлаа. Энд адууны мах 7500-9000 төгрөгийн хооронд байв. Адууны махыг үхэр, хонь, ямааны мах шиг их хэмжээгээр авчирч зардаггүй бололтой. Энэ нь иргэд адууны махыг өдөр тутамдаа хэрэглэдэггүйтэй холбоотой байдаг гэнэ. Гэсэн хэдий ч амралтын өдөр Төв цэнгэлдэх хүрээлэнгийн гадна талбайд зарагдаж байсан адууны мах дуусаж байлаа. Зөвхөн адуу гэлтгүй үхэр, хонины мах оройн таван цагийн алдад дуусаж байгаа гэнэ. Нийслэлийн иргэдийн худалдан авалт хэр байгаа талаар Архангай аймгийн малчин Б.Төмбөг “Гарал үүслийн бичигтэй, баталгаатай, эрүүл малын мах зарж байгаа тул хүмүүсийн худалдан авалт сайн байна. Дан ганц мах гэлтгүй малын гэдэс, дотор мах их сонирхож байна. Зарим хүмүүс захын үнээс ялгаа алга хэмээн уурлаж байгаа. Бид зах зээлийн ханшаар л махаа борлуулж байна. Мал маллахад асар их хөлс, хүч  шаардагдаж байдаг гэдгийг төв, суурингийн хүмүүс тэр бүр мэддэггүй бололтой.

Малчид ч гэсэн хөдөлмөрөө үнэлүүлмээр байна шүү дээ. Гэхдээ бид хэдэн арван мянган төгрөгөөр нэмж борлуулаагүй” гэсэн юм. Харин Хан-Уул дүүргийн иргэн Г.Болортуул “Үхрийн мах өрөөлдөж авлаа. Үнэ ханшийн хувьд боломжийн санагдаж байна. Малчдын гар дээрээс шууд худалдаж авах боломж олгосон үйл ажиллагаа зохион байгуулсан нь сайшаалтай хэрэг. Зөвхөн мах гэлтгүй цагаан идээгээ ч бэлдээд авлаа” хэмээн сэтгэгдлээ хуваалцаж байлаа. Энэ үеэр “Хүчит шонхор” захын үнээс ялгаа алга хэмээн уурсах хүмүүс цөөнгүй байсан тул бид тус захыг зорьсон юм.

Сүлжээ дэлгүүрийн махны үнэ килограмм нь 16 мянгад хүрчээ

Төв цэнгэлдэх хүрээлэнд махны үзэсгэлэн худалдаа болж байгаа хэдий ч “Хүчит шонхор” захад хөл хөдөлгөөн ихтэй байлаа. Махны тасаг руу ормогц худалдагч нар “Ямар мах сонирхож байна”, “Шинэ, нойтон мах байна” гэдэг үгийг ам уралдан хэлэх аж. Жижиглэнгийн худалдааны үнэ сонирхохоор үхэр, адууны мах борлуулдаг хэсэг рүү оров. Нэг том зааланд үхэр, адууны мах зардаг лангуунууд харагдана. Нэг тойроод үзэхэд хаана ямар мах, хэдэн төгрөгийн ханштай, дундаж үнэ нь хэд орчим байгааг түвэггүй мэдчихэж болохоор. Ерөнхийдөө нэг кг махны дээш, доош хэлбэлзэх үнэ 100-500 төгрөгийн хооронд байна.

Үнийн хувьд үхрийн цул болон ястай мах 12000-12800, адууны мах 9500 төгрөг байв. Харин үхрийн махны бөөний үнэ 9500 төгрөгөөс эхэлж байсан юм. Цаашлаад бид хонь болон ямааны махны жижиглэн худалдааны төвөөр орлоо. Лангуу бүр их хэмжээний мах овоолжээ. Хонины ястай мах 9000, цул мах нь 10300, ямааны цул мах 9000, ястай нь 6200 төгрөгийн үнэтэй байлаа. Энд махны үнэ бага зэрэг өссөн байх бөгөөд үүнийг худалдагч нар ч хэлж байв. Нийслэлд мах борлуулдаг газар зөвхөн “Хүчит шонхор” зах биш билээ. Үүнээс гадна жижиг дэлгүүр, томоохон худалдааны төвүүд бий. Тус бүрдээ өөр өөр ханштай, тогтсон худалдан авагч нартай байдаг. Бид “Миний сүлжээ”, “Номин”, “Оргил” зэрэг иргэдийн ихээр үйлчлүүлдэг сүлжээ дэлгүүрүүдээр орж махны үнэ сонирхсон юм. Хамгийн өндөр ханштай нь “Оргил” сүлжээ дэлгүүр байсан бөгөөд махны үнэ 11500 төгрөгөөс эхэлж байв.

Тухайлбал, үхрийн цул мах 16 мянга, хонины цул мах 13500, ястай нь 11500 төгрөгийн үнэтэй байлаа. Харин “Номин” сүлжээ дэлгүүрт үхрийн цул мах 15 мянга, ястай нь 13 мянга байсан бол хонины мах 10-13 мянган төгрөгийн хооронд хэлбэлзэж байлаа. Эдгээр дэлгүүрээс хамгийн хямд ханштай байсан нь “Миний сүлжээ” дэлгүүр байв. Тэнд үхрийн цул мах 13 мянга, ястай нь 12 мянга, хонины цул мах 9300, адууны цул мах 9500 төгрөгийн үнэтэй байлаа. Үүнээс харахад “Оргил” сүлжээ дэлгүүрийн махны үнэ Төв цэнгэлдэх хүрээлэнд болж буй махны үзэсгэлэн худалдааны үнийг хоёр нугалж байна. Харин “Хүчит шонхор” зах дээр үүрээр буудаг махны бөөний үнэтэй ойролцоо юм.

Гэхдээ эрүүл малын мах идэх нь иргэдийн хувьд чухал байдаг. Харин нийлүүлж буй мах нь бүгд эрүүл ахуйн шаардлага хангасан эсэхийг хэлж мэдэхгүй. “Хүчит шонхор” захын худалдагчаас аль “Аль аймгийн мах вэ”, “Гарал үүслийн бичиг нь байгаа болов уу” хэмээн асуухад “Өглөөхөн шинээр буусан мах. Бид малчдын гар дээрээс авдаг” гэхээс өөр тодорхой хариулт хэлдэггүй билээ.

Д.МЯГМАРЗАЯА

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top