Энэ сарын 19-21-ний өдрүүдэд “Цэнхэр тэнгэрийн орон” гэрэл зургийн үзэсгэлэн нээлтээ хийсэн билээ. Гэрэл зурагчин Д.Баттулга өөрийн зургийн үзэсгэлэнд 80 гаруй бүтээлээ тавьж, олны хүртээл болгосон юм. Түүнтэй үзэсгэлэнгийн талаар болон гэрэл зургийн талаар ярилцлаа.
-Юуны өмнө үзэсгэлэнгээ гаргасанд баяр хүргэе. Уншигчдад өөрийгөө танилцуулахгүй юу?
-Намайг Дамирангийн Баттулга гэдэг. Увс аймгийн Улаангом сумын харьяат иргэн. Гэрэл зургийг 10 гаруй жил сонирхсон. Тэр дундаа байгаль, өв соёл, аж байдлын судалбар зургууд дардаг.
-Энэхүү гэрэл зургийн үзэсгэлэнг толилуулах болсон зорилгоо хуваалцахгүй юу?
-Би Увс аймгийг таван удаа тойрсон. Таван удаа тойрохдоо их хэмжээний зургийн цуглуулгатай болсон л доо. Эдгээр зургаа цахимаар хүмүүст хүргэхээс гадна хэвлэж, олон нийтэд үзэсгэлэн байдлаар хүргэе хэмээн шийдсэн. Улаангомд сарын өмнө үзэсгэлэнгээ гаргаж байлаа. Дараа нь нийслэлд үзэсгэлэнгээ гаргая хэмээн шийдээд энэ сарын 19-21-ний өдрүүдэд үзэсгэлэнгээ гаргасан. Нийслэлд оршин суух хүмүүст аймгийнхаа сайхан байгалийг танилцуулж, өв соёлыг танилцуулахаар зорин ирлээ. Миний хувьд бие даан гаргасан анхны үзэсгэлэн маань юм л даа. Нийт 80 гаруй бүтээлээ танилцууллаа.
-Эдгээр зургийг дарахад хэр хэмжээний хугацаа зарцуулсан бэ. Гэрэл зураг сонирхогч болоод 10 гаруй жил болсон гэлээ?
-Үзэсгэлэнд толилуулсан бүтээлүүдийн зургийг дарахад сүүлийн найман жилийг зарцуулсан. Сайн анзаарвал бүтээлүүдийн маань дийлэнх нь уулын зургууд байгаа. Би уулын спортыг сонирхогч л доо. Ууланд авирч байхдаа зургуудаа дарсан.
-Гэрэл зургийн үзэсгэлэнд тавьсан зургуудаас сонирхсоноо худалдан авах боломжтой гэсэн. Энэ талаараа ярихгүй юу?
-Энэхүү үзэсгэлэн танин мэдэхүйн ач холбогдлоос гадна шууд худалдан авч болдгоороо давуу талтай. Хүмүүсийн зүгээс худалдаж авах санал их тавьсан учраас үзэсгэлэн худалдаа хэлбэрээр үзэсгэлэнгээ толилууллаа. Нутаг нутгийн шүтдэг хайрхан, овоо, төрсөн газар, уул усны зургуудыг жаазалж, канвас хэлбэрээр үзэсгэлэндээ байрлуулсан.
-Улаангомд үзэсгэлэнгээ гаргасан гэлээ. Хэр их хүнд хүрсэн бэ?
-Улаангомд дөрвөн өдөр үзэсгэлэнгээ гаргасан. Ингэхдээ олон хүнд хүргэхийн тулд амралтын өдрүүдийг сонгосон юм. Үзэсгэлэнгээ хүмүүст хүргэхдээ үнэ төлбөргүйгээр үзүүллээ. Улаангом сумын хэмжээнд дөрвөн өдөрт 600 хүн үзсэн. Дийлэнх нь өсвөр насны хүүхдүүд байлаа. Цаашдаа энэхүү үзэсгэлэнгээ Улаангомд тогтмол гаргахаар шийдсэн. Ингэснээр манай аймгийг зорин ирсэн, аялж яваа хүмүүс ч дайраад өнгөрөх боломжтой үзэсгэлэнгийн газартай болох юм. Магадгүй аялж яваа хүмүүс зургийг маань үзээд тухайн газар руу зорихыг үгүйсгэхгүй.
-Зураг авах үеийнхээ хамгийн дурсамжтай үеэ хуваалцвал, ямар үеийг онцлох вэ. Яагаад зурагчин болсон бэ?
-Гэрэл зургийг зүгээр явж байхдаа дардаггүй. Өөрийн санаандаа төсөөлж, ямар зохиомжтойгоор авахаа боддог. Жишээлбэл, аймаг бүрд тансаг өв соёл бий. Увсад дарсан зургуудаас минь тэмээн нүүдлийн соёл байна. Энэхүү үнэ цэнтэй өв соёл устаж, үгүй болохоос өмнө гэрэл зургийн хальсанд баримтжуулж үлдээх нь миний зурагчин болсны шалтгаан юм болов уу. Миний хувьд тэмээн нүүдлийг дагаж, буудалласан газар хамт буун, дагаж зургийг нь дардаг. Ингэж дарахад цаг хугацаа их шаардана. Цаг агаарын төрөл бүрийн нөхцөл байдалтай ч тулгардаг. Нэг кадр дарахын тулд цаг хугацаанаас гадна хөрөнгө мөнгө ч их зарлагаддаг л даа.
-Мэргэжлийн зурагчин болоод хэдий хэр хугацааг өнгөөрсөн бэ?
-Өмнө нь гэрэл зураг авч байсан. Ууланд авирах үедээ жижиг дижитал зургийн аппаратаар дардаг байлаа. Харин мэргэжлийн зургийн аппаратаар анх удаа Дэглийн цагаан уулын зургийг Увс аймгийн 90 жилийн ойгоор дарсан. Мэргэжлийн зургийн аппарат хэмээн тодотгоод байгаа нь зурагчин болохоор шийдэж мэргэшсэн явдалтай холбоотой. Байнгын сонирхогч байж болохгүй шүү дээ. Өөрийгөө хөгжүүлж, ур чадвараа нэмэгдүүлэн, онолын мэдлэгээ сайжруулснаар гэрэл зурагчин боллоо. Мэргэжлийн зурагчин болоод 5-6 жил өнгөрчээ.
-Гэрэл зураг дарахад хэн хамгийн их нөлөө үзүүлэв?
-Нөлөө үзүүлсэн хүн мэдээж хэрэг бий. Аливаа зүйл бүрд урам зориг байдаг. Дэглий цагаан уулын оройд 2013 онд гэрэл зурагчин н.Эрдэнэбулган миний зургийг мөнхөлж өгсөн юм. Ууланд авирдаг хүний хувьд би ч гэсэн оролдоод үзье гэж шийдсэн. Гэрэл зургийн хувьд н.Эрдэнэбулган зурагчин ч надад зааж зөвлөсөн. Харин онолын мэдлэгийг бие дааж сурж байлаа.
-Уулын спортоор хичээллэдэг гэсэн шүү дээ. Хэчнээн жил хичээллэсэн бэ?
-Уулын спортоор хичээллээд 13 жил өнгөрсөн байна. ОУХМ П.Сарантуяа багштай хамт Отгонтэнгэр ууланд авирснаар энэхүү спортын гараа маань эхэлсэн. Монгол Улсын 40 гаруй ууланд авирч байлаа. Гадаадын дөрвөн ууланд авирсан. Тухайлбал, европ тивийн ноён оргил Эльбрус нь далайн түвшнээс дээш 5,643 метр оршдог. Мөн олон улсын уулчдын цугларалтад оролцож байлаа. Нутагтаа Хархираа, Түргэний ууланд уулчид болон уулын спорт сонирхогчдод замчилдаг.
-Ууланд 13 жил авирахад амь насаа алдах эрсдэл тулгарсан үе байдаг уу?
-Мэдээж хэрэг ууланд авирах хэцүү. Богд ууланд очоод алхахтай адил зүйл биш шүү дээ. Багадаа л 3,000 метр өндөртэй ууланд авирна. Хүний амь насыг үргэлж сорьдог. Хувь хүнээс бие болон сэтгэл санааны эрүүл мэндийг үргэлж шаардана. Хувцас, хэрэглэл ч чанартай сайн байх хэрэгтэй. Чанартай байхын хэрээр мөнх цастай уул, байгалийн хатуу ширүүн нөхцөл, хүйтэн уур амьсгалд тэсвэр тэвчээртэйгээр авирч, алхахад дэм болдог. Миний санаанд хамгийн их үлдсэн авиралт бий. Ховд аймгийн Мөнххайрхан суманд орших Мөнххайрхан ууланд 2012 онд авирч байлаа. Тэр үед цас их орж, цаг агаарын хүнд нөхцөлд ууланд авирсан. Цасан шуурга шуурч байлаа.
Мөнххайрхан сумын талаас ууланд авирч төөрсний улмаас Баян-Өлгий аймгийн Булган сумын талд буусан юм. Нийт 48 цагийн алхалт хийсэн. Бидний өмссөн хувцас норж, бүхий л хүнсний нөөц дуусаж, чадал тэнхээ ч үлдээгүй байв. Тийм нөхцөлд нүдний өмнө амьдрал зурсхийн харагддаг юм билээ. Одоо бодоход тухайн үед ихээхэн хүнд байсан ч хүний дотор тийм их тэсвэр тэвчээр байдгийг мэдэх сонирхолтой хэрнээ гайхалтай байлаа.
-Гэрэл зургийн яриандаа эргээд орцгооё. Зураг дарахдаа юуг анхаарах шаардлагатай байдаг юм бол?
-Зургийн төрлөөс хамаараад харилцан адилгүй л дээ. Миний хувьд байгалийн зураг дарахдаа төвлөрдөг. Цаг агаар, байгалийн нөхцөл байдлын гоё, дахин давтагдашгүй агшинг хүлээх хэрэгтэй. Нар мандах болон жаргах үе, шөнийн тэнгэрт үзэгдэх сарны гэрэл, усанд туссан тусгал, манан будан, байгалийн сүүдэр гэх мэт. Гэрэл зурагчдын нэрлэдгээр алтан мөч юм даа. Өмнө нь хэн нэгэн зурагчны авсан зурагнаас ондоо байдлаар, өөр өнцгөөс, өөр агшинг буулгах нь чухал. Мөн зургийн аппарат болон бусад хэрэгсэл сайн байх шаардлагатай. Техник, технологи хурдацтай хөгжиж байхад түүнийг гүйцэх боломжгүй л дээ. Аль чадахаараа гэрэл зураг дарахад хэрэгтэй зүйлсээ цуглуулах нь чухал.
-Байгалийг харж байгаа шигээ зурганд буулгаж чадахгүй байх тохиолдол бий. Ийм тохиолдолд юуг анхаарах шаардлагатай вэ?
-Гэрэл сүүдэр бол хамгийн чухал зүйл. Гэрэл сүүдрийн зохиомжоо сайн бодож зургаа авах хэрэгтэй. Хоосон байгалийн зураг авах, зохиомжлох, малтай зураг авах, ахуйг тусгах эсэхийг хувь хүн өөрийн сэтгэлгээнээс шалтгаалан гэрэл зургийг авах боломжтой юм. Жишээлбэл, хуучны өв соёлын зургийг авахыг хүссэн хүн байлаа гэж бодъё. Гэтэл одоо үед хуучны өв соёл их ховор болсон. Эдэлж хэрэглэж байсан зүйлсээс тоочвол араг, модон бүрхүүл, айраг цагаан идээний хэрэгсэл гэх мэт. Тиймээс орчин үед нүүдлийн өв соёл өөрчлөгдөж байгааг гэрэл зургандаа тусгах нь нэг төрлийн зохиомж болж болно. Баригдмал байж болохгүй. Сэтгэлгээгээ хайрцаглахгүйгээр задгайлах хэрэгтэй. Олон гэрэл зурагчны бүтээлтэй танилцаж, судлах нь чухал. Ном их унших хэрэгтэй. Ном уншсанаар төсөөлөн бодох чадварыг нэмж, олон төрлийн санаа төрдөг.
-Аж байдлын судалбар зургаас өөр ямар зураг дарж өөрийгөө сорихыг хүсдэг вэ?
-Уран сайхны зураг дарж үзэх сонирхолтой. Сонирхлоо ажил хэрэг болгохоор эхний ээлжинд студийн засвар ажлаа хийж байгаа. Одоохондоо студийн үйл ажиллагаагаа эхлээгүй. Уран сайхны буюу хөрөг зургийн чиглэл рүү өөрийгөө сорьж, ажиллахаар төлөвлөсөн.
Н.АНУЖИН
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 0 )