Б.Алтанцэцэг: Бэлэн мөнгө тараах бодлого ажиллах хүчийг бууруулдаг нь олон улсад нотлогдсон асуудал

Автор | Zindaa.mn
2021 оны 12 сарын 03

Монгол Улсын хөдөлмөрийн зах зээлийн нөхцөл байдлын талаар “Эн ар си си” үндэсний судалгаа зөвлөгөөний төвийн гүйцэтгэх захирал Б.Алтанцэцэгтэй ярилцлаа.


-Монгол Улсын өнөөгийн хөдөлмөрийн зах зээлийн нөхцөл байдал ямар байгаа вэ?

-Монгол Улсын хөдөлмөрийн зах зээлийн нөхцөл байдлыг тодорхойлоход хамгийн чухал үзүүлэлт нь ажиллах хүчний оролцоо буюу хүн амын хөдөлмөрлөх идэвхийн үзүүлэлт байдаг. Гэтэл энэ үзүүлэлт сүүлийн жилүүдэд байнга буурах хандлагатай явж ирлээ. Одоо бүр санаа зовоох түвшинд буюу 60 хүрэхгүй хувьд хүрсэн. Энэ бол ажиллах хүчний оролцооны түвшинг хэмжиж эхэлснээс хойш хамгийн доод түвшинд хүрсэн үзүүлэлт. Хөдөлмөрийн насны 100 хүнээс хэд нь ажил хийх сонирхолтой байгааг судлахад өмнө нь 100 хүнээс 60-61 хүн ажил хөдөлмөр хийх сонирхолтой байсан бол өнөөдөр 100 хүнээс 55-56 хүн ажил хийхийг хүсдэг болжээ.

-Цар тахлын үед ажилгүйдэл ихэссэн үү?

-Ажилгүйдлийн түвшин харьцангуй хэвийн гэсэн судалгаа гарсан байна лээ. Хамгийн гол нь зах зээл дээр идэвхтэй ажил хайж байгаа, ажиллах хүсэлтэй хүмүүсийн хувьд ажилгүйдлийн түвшин найм орчим хувьтай байсан. Эдийн засаг хэвийн үед ч найм орчим хувьтай байдаг.

 ХӨДӨЛМӨРИЙН ОРЛОГО БАГА БАЙГАА НЬ АЖЛЫН БҮТЭЭМЖТЭЙ ХОЛБООТОЙ

-Манай улсын ажиллах хүчний онцлог байдлыг та хэрхэн дүгнэх вэ. Аль салбараа түлхүү хөгжүүлэхэд ажил эрхлэлт нэмэгдэх бол?

-Бусад улстай харьцуулахад Монгол Улсад хөдөө аж ахуйн салбарт, тэр дундаа мал аж ахуйд ажиллах хүч олноор төвлөрдөг. Уул уурхай эрчимтэй хөгжиж эдийн засагт тэргүүлэх үүрэг гүйцэтгэдэг боловч цөөн хүн тус салбарт ажилладаг. Өнөө цагт харин боловсруулах үйлдвэрлэлийг хөгжүүлж, дотооддоо нэмүү өртөг бүтээдэг болох асуудал түлхүү яригдаж байна. Энэ нь сонсоход зөв, түүхий эдийг боловсруулах тусам эдийн засагт орлого бий болно. Гэхдээ бүтээх арга замын тухайд хүмүүсийн байр суурь зөрдөг. Ямар нэг юмыг хөгжүүлэх тухай ярихад ихэвчлэн бодлого ярьдаг. Ямар бодлогоор шийдэх вэ гэдэгт л эдийн засагчдын байр суурь зөрдөг гэж болно.Төлөвлөж, өртөг, зардал гаргах байдлаар эдийн засгийн хүчтэй оролцоо ярьдаг нэг тал байна. Энэ талтай би санал нийлдэггүй.

Хэрвээ Монгол Улс бодлогоор хөгждөг байсан бол сүүлийн 30 жил үсрэнгүй хөгжил гарахаар олон бодлого манай улсад явсан. Улстөрчид, бодлого боловсруулагчид бодлогоо төлөвлөөд л ажил бүтдэг байсан бол хангалттай хөгжих цаг хугацаа байсан, солонгорсон эдийн засагтай болчих байсан. Гэвч Монгол Улс зах зээлийн эдийн засагтай учраас төр зах зээлийн харилцаанд маш нарийн учиртай оролцох ёстой. Төр хаана оролцох, оролцохгүй нь хамгийн чухал.

-Монгол Улсын хөдөл­мөрийн орлого дотоодын нийт бүтээгдэхүүний 30 орчим хувийг бүрдүүлдэг гэдэг. Ажил эрх­­лээд олсон орлого эдийн засагт ямар ач холбогдолтой вэ?

-Манай улсад хөдөлмөрийн орлого дотоодын нийт бүтээгдэхүүний 30 орчим хувийг л бүрдүүлдэг. Энэ бол манай улсад бүтээмж маш бага буюу хөдөлмөрөөс бий болгож байгаа бидний бүтээсэн бүтээмжийн эдийн засагт оруулах хувь үнэхээр бага гэсэн үг л дээ. Өндөр хөгжилтэй орнуудад хөдөл­мөрийн орлого 60-70 хувьтай байдаг.

-Тэгвэл хөдөлмөрийн бүтээмжийг нэмэгдүүлж, орлогоо өсгөхийн тулд яах ёстой вэ?

-Боловсрол, туршлага, бусад ур чадвараа сайжруулах хэрэгтэй. Ажлыг илүү сайн, бүтээмжтэй хийхийн тулд ур чадваруудаа нэмэгдүүлж болно. Жишээлбэл, ажилдаа хариуцлагатай хандах, бүтээлч байх, хэрэгцээтэй технологи, техник хэрэгслүүдийг эзэмших тусам бүтээмж өснө.

-Хөдөлмөрийн зах зээлд тулгамдаж буй асуудал, юуг илүү анхаарах хэрэгтэй вэ?

-Хувийн секторын хувьд хөдөлмөрийн бүтээмж хамгийн чухал. Ажилчид нь бүтээмжтэй байж хувийн байгууллагын ажил амжилттай явна. Харин төрийн бодлогын хүрээнд бүтээмжийн асуудалд нухацтай хандах цаг нь болсон. Жишээлбэл, боловсрол, эрүүл мэндийн салбарт хөдөлмөрийн үнэлгээ бүтээмжтэй яаж уялдах вэ гэдгийг зөв тооцох хэрэгтэй. Бүх салбарт ямар ч ажил хийсэн бүгд адилхан цалин авдаг бол хэн ч бүтээмжтэй ажиллахыг хүсэхгүй. Найман цаг үр бүтээлтэй завгүй ажиллах нэгэн байхад найман цагт ямар ч үр дүнгүй ажилладаг хүн байна. Энэ хоёр хүн адилхан цалин авна гэвэл шударга бус, үр бүтээлтэй ажиллахын тулд тэгж их хичээх шаардлагагүй болно.

Төр өөрөө хөдөлмөрийн зах зээлийн томоохон ажил олгогч.Тиймээс төрийн үйлчил­­гээний салбаруудад бүтээмжийг яаж нэмэгдүүлэх вэ, үнэлгээг бүтээмжтэй яаж зөв холбох вэ гэдгийг чухалчлан авч үзэх хэрэгтэй.

Гэтэл сүүлийн үед төрийн явуулсан бодлогыг харахад хөдөлмөрийн бүтээмжийн эсрэг байна. Жишээлбэл, төсвийн байгууллагын ажиллагсдын цалинг нийтээр нь үнийн дүнгээр нэмснээр цалингийн зөрүүг багасгана гэсэн. Энэ бол төрийн байгууллагын бүтээмжийг эсрэгээрээ бууруулах бодлого байсан. Яагаад гэвэл чи ямар ч албан тушаал хашсан, ямар ч үүрэг, хариуцлага хүлээсэн цалингийн зөрүү буурвал хүмүүс илүү ажиллах, илүү бүтээмжээ нэмэгдүүлэх, илүү хариуцлага хүлээхийг хүсэхгүй. Хэрвээ бүтээмжийг нэмэгдүүлэхийг хүсвэл ажиллагсдын хүлээсэн үүрэг, хариуцлагатай нь үнэлгээ нягт уялдах ёстой.

ЭМЭГТЭЙЧҮҮД ӨНДӨР БОЛОВСРОЛ ЭЗЭМШИЖ БАЙЖ Л ЭРЧҮҮДТЭЙ АДИЛ ЦАЛИН АВЧ БАЙНА

-Хөдөлмөрийн зах зээлд хүйсийн харьцаа, цалингийн ялгаа байна уу?

-Хөдөлмөрийн зах зээлд хүйсийн тэнцвэртэй байдал ямар байгааг судлахад тэнцвэртэй байдал хадгалагдахгүй байна. Эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн ажиллах хүчний оролцоо, цалингийн түвшин ялгаатай гэж гарсан. Жишээлбэл, 2018 оны байдлаар эмэгтэйчүүд эрэгтэйчүүдийн нэг сарын цалингийн 85 хувьтай тэнцэх хэмжээний цалин авдаг гэж судлагдсан. Гэвч ялгаатай байдал нь ганц Монгол Улсад байхгүй, бусад улсад ч түгээмэл бий. Гэсэн ч өнөөдөр манай улсын хөдөлмөрийн зах зээлд хүйсийн ялгаа нэмэгдэх хандлагатай байгааг анхаарах ёстой. 10 жилийн өмнө эмэгтэй, эрэгтэй хүмүүсийн цалингийн зөрүү 10 орчим хувьтай байсан бол өнөөдөр 15 хувиас дээш гарчихлаа.

-Эрэгтэй, эмэгтэй хүмүү­сийн ажиллах хүсэл эрмэлзлэл, цалингийн түвшин ялгаатай байгаад юу нөлөөлж байна вэ?

-Эмэгтэйчүүд хүүхэд төрүүлэх, хүүхдээ асрахдаа ажлаас завсардах, өрхийн ажил­­даа эрчүүдээс илүүтэй оролцох тал байна. Харин эрчүүд ажилдаа илүү оролцоотой байна. Эрчүүдийн цалин эмэгтэйчүүдийнхээс өндөр байгаа нь хийж буй ажилтай нь холбоотой. Эрчүүд өндөр цалинтай салбар руу илүү шилжиж байгаа бол эмэгтэйчүүд цалин багатай салбарт үлдэж байгаа нь дундаж цалингийн зөрүүг нэмэгдүүлэх нэг шалтгаан.

-Монгол Улсын хүн амын 30 орчим хувь ядуу байгаа нь ажилгүйдэлтэй шууд холбоотой шүү дээ. Тэгвэл зарим салбарт ажилтан олдохгүй байна ч гэж ярих боллоо. Тэгвэл ажиллах хүчний оролцоог яаж сайжруулах вэ?

-Хөдөлмөрийн зах зээлд ажил хийх хүсэлтэй хүмүүсийн тоо буурч байгаа нь ажил олгогчдын талаасаа ажил хийх хүмүүс ховордож байгаа гэж харагдана. Харин юу ингэж хүмүүсийг ажил хийх хүсэлгүй, идэвхгүй болгож байна вэ гэхээр хамгийн эхэнд халамжийн бодлого яригдана. Өндөр болон буурай хөгжилтэй олон орны судалгаанаас харахад халамж яах аргагүй хүмүүсийн хөдөлмөрлөх шийдвэрт нөлөөлдөг гэдгийг нотолсон. Хэрвээ ажил хийхгүйгээр тодорхой хэмжээний орлого орж ирж л байгаа бол тэр хэмжээгээр ажил хийх сонирхол буурна.

Халамжийн мөнгө өрхийн төсөвт хэр хэмжээг эзэлнэ төдий чинээ ажиллах хүслийг бууруулна.

Зарим хүн “Хүүхдийн мөнгө авлаа гээд юу гэж хүн ажлаасаа гарах вэ” гэж ярьдаг.

Энэ нь дундаж цалинтай өрхүүдэд хамаарах нь гайгүй. Гэхдээ 500 мянган төгрөгийн өрхийн орлоготой таван хүүхэдтэй айлд хүүхдийн мөнгө 500 мянга нэмэгдэх, нэмэгдэхгүй байх их ялгаатай. Хамгийн ур чадвар, орлого багатай бүлэгт халамж тусаж, тэр нь хөдөлмөрлөх шийдвэрт нь илүү нөлөөлдөг. Манай улсад халамжийн бодлогын талаар хэд хэдэн судалгаа хийгдэж байсан. Бэлэн мөнгө тараах бодлого 2008, 2010 оны орчимд ч хэрэгжиж л байсан, түгээмэл ашиглагддаг бодлого болсон шүү дээ. Ер нь бэлэн мөнгө тараах бодлого ажиллах хүчний оролцоог гурав орчим хувиар бууруулж байна гэж судлагдсан. Бүх судалгаагаар бэлэн мөнгө тараах бодлого ажиллах хүчний оролцоог бууруулдаг, ялангуяа эмэгтэйчүүдийн ажиллах оролцоог бууруулж байгаа нь нотлогдсон.

 ДЭЭД БОЛОВСРОЛ ХӨДӨЛМӨРИЙН ЗАХ ЗЭЭЛД ХАРИН Ч ЭЕРЭГ ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭДЭГ

-Ажил хийх сонирхолгүй байгаа нь мэргэжил сонголттой холбогдох уу. Нийгэмд илүүдэлтэй мэргэжил элбэг байна гэж ярьдаг шүү дээ?

-Сүүлийн үед дээд боловсролыг буруутгах хандлага байна. Дээд боловсрол хэт эзэмшээд ажил хийх хүн олдохгүй боллоо гэсэн шүүмжлэл байдаг. Миний хувьд дээд боловсрол хөдөлмөрийн зах зээлд харин ч эерэг үүрэг гүйцэтгэдэг гэж хардаг. Яагаад гэвэл боловс­ролын шат ахих тусам хөдөл­мөрийн идэвх нэмэгддэг. Дээд боловсролтой хүмүүс бусад ямар ч түвшний боловсролтой хүмүүсээс хамгийн өндөр идэвхтэй бүлэг. Дээд боловсрол эзэмшсэн залуу насныхны ажиллах хүчний оролцоо 80 хувь руу ч ордог жишээ бий.

Мөн манай улсад эмэгтэйчүүд илүү дээд боловсрол эзэмшдэг. Жишээлбэл, бүтэн цагаар ажил хийдэг цалинтай эмэгтэй ажиллагсдын дунд бакалаврын боловсрол эзэмшсэн түвшинг эрэгтэй ажиллагсадтай харьцуулахад 20 орчим хувийн зөрүү байна. Яагаад эмэгтэйчүүд илүү боловсрол эзэмшиж байна вэ гэхээр хүйсийн сул талаа боловсролоор нөхөх тал ажиглагддаг. Яг адилхан боловсролтой эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн эмэгтэй нь бага цалин авч байгаа учраас тэр шүү дээ. Тиймээс боловсрол, ур чадвар, туршлага илүү эзэмшсэнээрээ эмэгтэйчүүд дундаж цалингаа нэмэгдүүлж байна. Зөвхөн боловсрол, туршлагыг нь тооцохгүйгээр цагийн цалингийн зөрүүг тооцоход найман хувьтай байна. Боловсролоо тооцуулаад цалин авдаг бол эмэгтэйчүүд эрчүүдээс 18 хувиар илүү цалин авах боломж ч байна.

-Аливаа асуудалд төрийн оролцооны асуудал чухал гэж та ярилцлагын түрүүнд хэлж байсан. Хөдөлмөр эрхлэлтэд төрийн зүгээс яаж оролцвол тохиромжтой вэ?

-Төрийн зүгээс хөдөлмөрийн зах зээлийн тухайд авч хэрэгжүүлж байгаа бодлогуудаа эргэж хянах цаг нь болсон. Нөгөө талаас хамгаалах болон халамжийн бодлогууд манай улсад их. Жишээлбэл, хүүхэд гаргасан эмэгтэйн ажлын байрыг хадгалах бодлого нэг талаас зөв сонсогдох ч цаад утгаараа тухайн эмэгтэйн амжилт, албан тушаалыг зогсонги байдалд оруулахад нөлөөлдөг байх жишээтэй. Бүх ажил мэргэжилд адилхан бодлого явуулах нь нэг талаас шударга боловч нөгөө талаас энэ мэт сөрөг нөлөөллүүд үүсгэдэг.

Өөрөөр хэлбэл, зах зээл жамаараа зохицуулах зүйл рүү төр оролцох шаардлагагүй. Жишээлбэл, бүтээгдэхүүн, үйлчилгээг зах зээл хамгийн сайн нийлүүлнэ.

Хувийн сектор бусадтайгаа өрсөлдөөд сайн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, хүнд хэрэгтэй юм хийж чадвал оршин тогтнож, чадахгүй бол дампуурдаг. Зах зээлийнх нь зарчим тэр. Харин хаана оролцох ёстой вэ гэдэгтээ төр сайн оролцох ёстой. Жишээлбэл, төрийн зарим секторыг сайжруулах шаардлага байна. Хууль эрх зүй, хүмүүсийн өмчийн эрхийг хамгаалах асуудалд төр оролцож зохицуулах ёстой. Үүний цаана бүтээгдэхүүн үйлчилгээний чанар, стандартын асуудал яригдана. Жишээлбэл, хүмүүсийн гэрээ хэлцлийн шударга байдлыг хангах үүргийг төр биелүүлж өгөх ёстой. Хэрвээ та найдвартай гэрээ хийж ажилд орсон бол ямар нэг хууран мэхлэлтээс хамгаалагдана. Ажил олгогч танихгүй хүн ажилд авах нь эрсдэлтэй, найз нөхөд, танил талаа ажилд авна гэдэг байдлыг төр гэрээний үүрэг, хуулиар зохицуулдаг байх ёстой.

 НИЙСЛЭЛЭЭС ИЛҮҮ ОРОН НУТАГТ АЖИЛЛАХ ИДЭВХ ӨНДӨР

-Ажиллах хүчний оролцоог нийслэл, орон нутаг гэж хувааж үзвэл ямар үр дүн гарах вэ?

-Хөдөө, орон нутагт нийс­лэлээс илүү ажиллах идэвх өндөр байдаг. Яагаад гэвэл Улаанбаатарт өөр шалтгаа­нуудаар ажиллах идэвхгүй хүмүүс олон. Жишээлбэл, оюутнууд байна. Тэд суралцаж байгаа учраас ажиллах хүчинд оролцоо муу. Орон нутагт ажиллах идэвх өндөр байгаа нэг шалтгаан нь хөдөө аж ахуйтай холбоотой. Мал аж ахуй эрхэлж байгаа өрхөд ямар нэг байдлаар тэр өрхийн хүмүүсийн оролцоо үүсдэг. Энэ талаасаа судлахад ч орон нутагт ажиллах хүчний оролцоо өндөр байна.

-Хэрэглэгчийн итгэлийн индексийн судалгааг мөн танай байгууллагаас хийдэг. Сүүлийн байдлаар хэрэглэгчид эдийн засагтаа хэр итгэж байгаа бол?

-Хэрэглэгчийн итгэлийн индексийн сүүлийн судалгаа гуравдугаар улирлын байдлаар гарсан. Дөрөвдүгээр улирлын судалгаа удахгүй хийгдэж эхэлнэ. Гуравдугаар улирлын судалгаагаар хэрэглэгчийн итгэл суларсан гэж гарсан. 2021 оны есдүгээр сарын эдийн засгийн төлөв байдал 2020 оны есдүгээр сарын төлөв байдалтай харьцуулахад сайжирсан боловч ирэх зургаан сарын эдийн засгийн төлөв байдлыг тааруу гэж дүгнэсэн.

Ялангуяа өрхүүдийн орлого буурна, бизнесийн нөхцөл тааруухан болно гэж хэрэглэгчид, өрхүүд дүгнэсэн. Өөр нэг онцлог гэвэл жилийн инфляцын түвшин 10 гаруй хувьтай байх төлөвтэй гэж судлагдсан. Энэ бол мөнгөний бодлого хариуцаж байгаа Төв банк, бусад бодлого боловсруулж байгаа хүмүүст чухал мэдээ. Засгийн газар инфляцын хүлээлтийг 6-8 хувь, Төв банк зургаан хувьд барихаар төлөвлөсөн. Гэвч хүмүүсийн дундах инфляцын хүлээлт 10 хувь, юмны үнэ өснө гэж хүмүүс дүгнэсэн нь биеллээ оллоо.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

 
 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top