Нэгдсэн Үндэсний Байгууллага 1981 оноос эхлэн жил бүрийн арванхоёрдугаар сарын 3-ны өдрийг "Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хамгаалах өдөр" болгон, жил бүр тэмдэглэж ирсэн уламжлалтай. Үндэсний Статистикийн хорооны мэдээлснээр 2020 оны байдлаар манай улсад нийт 108 мянга гаруй хөгжлийн бэрхшээлтэй иргэн байгаагаас хөдөлмөрийн насны 90374 иргэн байсан аж. Үүнээс ердөө 13634 иргэн хөдөлмөр эрхэлдэг байна.
Иймд Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар "Бэрх биш ээлтэй" аяны хүрээнд "Ээлтэй экспо-2021" арга хэмжээг зохион байгуулжээ. Тус арга хэмжээ нь ажил идэвхтэй хайж буй хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг ажилд зуучлах, зөвлөгөө мэдээлэл өгөх, ажил олгогч аж ахуйн нэгж байгууллагуудыг татан оролцуулж, хөгжлийн бэрхшээлийн талаарх ойлголт, хандлагыг нэмэгдүүлэх зорилготой аж.
Арга хэмжээний нээлтийн үеэр Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны дэд сайд С.Зулпхар “Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хамгаалах өдөр нь нэг өдөр тэмдэглээд болчихдог зүйл биш. Бид үүнийг өдөр бүр анхаарч, дэмжиж, сайжруулж, ямагт хамтарч ажиллах учиртай. “Ээлтэй экспо-2021” арга хэмжээ үр өгөөж өндөртэй байх учиртай. Уг үйл ажиллагаагаар дамжуулан хөгжлийн бэрхшээлтэй, хөдөлмөр эрхэлдэггүй олон иргэн ажлын байртай болно гэдэгт итгэлтэй байна. Бид хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг ялгаатай гэж харахаас илүүтэй бидний нэг хэсэг хэмээн харж, бэрх биш ээлтэй нийгмийг цогцлоох нь зүйтэй” гэсэн юм. Харин Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Э.Тамир "Бэрх биш ээлтэй аян нэг сарын хугацаанд үргэлжилж байна.
Өнөөдөр хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг нээлттэй ажлын байранд зуучлах арга хэмжээ зохион байгуулагдаж байгаад баяртай байгаа. Нээлттэй ажлын байраа танилцуулахаар ирсэн албан байгууллагууддаа талархаж байна. Хөгжлийн бэрхшээлтэй нэг ч болтугай иргэнийг ажлын байраар хангах нь чухал” гэж байлаа.
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг ажилд авах хандлага нэмэгджээ
“Ээлтэй экспо-2021” арга хэмжээнд нээлттэй ажлын байр танилцуулахаар нийт 44 ажил олгогч, 70 гаруй ажил хайгч хөгжлийн бэрхшээлтэй иргэн ирсэн байлаа. Үүнээс харахад хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг ажилд авах хандлага нэгэн үеэ бодвол нэмэгдсэн бололтой. Үүнийг албаны хүмүүс ч хэлж байсан юм. Нөгөөтээгүүр бусдын адил хөдөлмөрлөж, зөвхөн халамж хараад суух ёсгүй гэх хандлага хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн дунд ч түгээмэл болжээ. “Ээлтэй экспо-2021” арга хэмжээний үеэр аж ахуй нэгж албан байгууллагууд өөрсдийн компанийн үйл ажиллагаа, зарлагдсан ажлын байраа танилцуулж, сонирхсон хүн бүрд дэлгэрэнгүй мэдээллийг өгч байв.
Тэрбээр, Оюу Толгой компанийн хүний нөөцийн мэргэжилтэн Ц.Цолмон “Манай компанид одоогийн байдлаар 18 хөгжлийн бэрхшээлтэй иргэн ажиллаж байна. Харин Оюу Толгой төслийн хэмжээнд гэрээт байгууллагуудаа оролцуулбал 90 орчим хөгжлийн бэрхшээлтэй хүн ажиллаж байгаа. Энэ тоог цаашид нэмэгдүүлж, хөгжлийн бэрхшээлтэй иргэдээ бүх талаар нь дэмжиж ажиллахад анхаарах болно. Нийгмийн хариуцлагын хүрээнд ч манай удирдлага, баг хамт олон ажлын байрыг тэгш хүртээмжтэй байлгах нь зүйтэй гэж үздэг. Манай байгууллагын зүгээс оффисын орчинд ямар нэгэн ажлын байрны хязгаарлалт тавиагүй. Тухайн хүний ур чадвар, мэдлэг боловсрол тавьсан шаардлагад нийцэж байвал бүх ажлын байр нээлттэй. Харин уурхайн талбарт ажлын орчин нөхцөлөөс шалтгаалаад тодорхой хэмжээний хязгаарлалт тогтоож байгаа.
Бид ажилтныхаа эрүүл мэнд, нөөц бололцоог харгалзан үзэж, анхаарах шаардлага гардаг” хэмээв. Харин идэвхтэй ажил хайгч, тулгуур эрхтэний бэрхшээлтэй иргэн Ч.Гандарь “Уг арга хэмжээ хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг бодитойгоор дэмжсэн үр өгөөж, ач холбогдол өндөртэй байна гэж харж байгаа. Өөр өөр чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг олон төлийн албан байгууллага ирсэн байна. Миний хувьд олон жил хөдөлмөр эрхлээгүй ч өөртөө тохирсон ажил хийх сонирхол ихтэй байдаг. Өнөөдөр сонирхсон ажлын байраа олно гэдэгт итгэлтэй байна” гэж байлаа. Албаны хүний хэлснээр “Ээлтэй экспо-2021” арга хэмжээнд 400 орчим ажлын байр зарлагдаж байгаа гэсэн юм. Цаашдаа ч энэ тоо нэмэгдэнэ гэлээ.
Мөн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг нээлттэй ажлын байранд зуучлах үйл ажиллагааг жилдээ нэг удаа хийдэг байсныг болиулж улирал тутамд зохион байгуулдаг болно гэдгийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны дэд сайд С.Зулпхар онцолж байв. Үйл ажиллагааны үеэр амжилттай хөдөлмөр эрхэлж буй хөгжлийн бэрхшээлтэй иргэний сайн жишээгээр Ард кредит санхүүгийн нэгдлийн зээлийн мэргэжилтэн Ө.Мөнхтөрийг онцолсон юм. Тэрбээр, өөрийн амьдралыг жишээ болгон хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс бусдын адил хөдөлмөрлөж, улс орныхоо хөгжилд хувь нэмрээ оруулах бүрэн боломжтой гэдгийг хэлж байлаа.
Ө.Мөнхтөр “Хүмүүс хөгжлийн бэрхшээлтэй хүн ажил хийж байхыг хараад “Ямар мундаг юм бэ” гэдэг. Би үүнд дургүй. Бид үүрэг хариуцлагынхаа хүрээнд хийх ёстой зүйлээ л хийж байна. Ажил олгогч нарт хандаж хэлэхэд хөгжлийн бэрхшээлтэй иргэнд зориулсан гэх ажлын байрны жагсаалт гаргахгүй байх нь зүйтэй. Бид ур чадвараасаа шалтгаалаад ажлын бүхий л талбарт ажиллах бүрэн боломжтой” хэмээн өөрийн үзэл бодлоо хуваалцсан юм.
Д.Бат-эрдэнэ: Хэрэглэгчдийн талархлын үгс хичээж ажиллах хүч өгдөг
Мөн “Ээлтэй экспо-2021” арга хэмжээний үеэр хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөрийн санхүүгийн дэмжлэгт хамрагдсан 16 аж ахуйн нэгж, иргэд өөрсдийн үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнийг сурталчлан, үзэсгэлэн гаргасан байлаа. Тухайлбал, "Ногоон гархан" урлан нь оюуны ялгаатай чадвартай залуусыг ирээдүйн татвар төлөгч болж бие даан амьдрахад тус нэмэр оруулах зорилготойгоор 2019 онд байгуулагджээ.
Тус урланд хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй дөрвөн ээж, оюуны ялгаатай чадвартай долоон залуу, хоёр багш ажилладаг байна. Бүтээгдэхүүн үйлдвэрлэхдээ байгалийн гаралтай түүхий эд, хонь, тэмээний ноосыг сүлжмэл урлалтай хослуулахаас гадна хоёрдогч түүхий эд ашиглан сувинер хийдэг гэнэ. Мөн Япон улсын Саори урлалаар ороолт нэхдэг аж. Саори урлал нь баруун, зүүн тархийг зэрэг хөгжүүлэн, тархины үйл ажиллагааг идэвхжүүлж, бухимдал тайлдаг давуу ихтэй байдаг гэнэ. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хийсэн гар урлалын бүтээлийн үзэсгэлэнд оймс, цүнх, түлхүүрийн оосор, хантааз, гутал гээд олон төрлийн бүтээгдэхүүн байсан юм. Үзэсгэлэнг хүрэлцэн ирсэн зочид ихэд сонирхож байлаа. Үүний дундаас “Морьт Хас” брэндын арьс, ширэн эдлэлүүд олны анхаарлыг илүүтэй татаж байсан юм. “Морьт Хас” нь 2007 онд үүсгэн байгуулагдсан бөгөөд 2010 онд брэнд бий болгож, Монголын арьс, ширэн эдлэлийн зах зээлд бүтээгдэхүүнээ нийлүүлж эхэлжээ.
Тус компанийг үүсгэн байгуулагч Д.Бат-эрдэнэ “Цар тахал дэгдэхээс өмнө арав гаруй ажилчидтай байсан хэдий ч одоо дөрвөн ажилтантай байгаа. Үүний хоёр нь хөгжлийн бэрхшээлтэй. Миний хувьд тулгуур эрхтэний бэрхшээлтэй. Бид бүтээгдэхүүнээ хийхдээ чанар, хийц загварт анхаарч, сэтгэл зүрхээ шингээдэг. Энэ нь бидний эрхэм зорилго билээ. Хэрэглэгчдийн баярын сэтгэгдэл, талархлын үгс хичээж ажиллах хүч өгдөг. Бид бүтээгдэхүүнээ гадаадын зах зээлд гаргахыг зорьж байгаа” гэсэн юм.
Д.МЯГМАРЗАЯА
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 0 )