Д.Батмөнх: Отроор өвөлжих мал, малчин өрхийн тоо буурсан

Б.Эрхэс | Zindaa.mn
2021 оны 12 сарын 02

ХХААХҮЯ-ны Мал аж ахуйн хөгжлийн бодлого, зохицуулалтын газрын дарга Д.Батмөнхтэй цаг үеийн асуудлаар ярилцлаа.


-Өнгөрсөн арваннэгдүгээр сарын 17-ны өдрийн Засгийн газрын хуралдаанд өвөлжилт, хаваржилтын нэгдсэн дүнг танилцуулсан. Энэ жил хэчнээн тоо, толгой мал тоологдов. Салбар яамны зүгээс яг ямар арга хэмжээ авч, юунд анхаарч ажиллаж байна вэ?

-Манай ХХААХҮЯ-наас 2021, 2022 оны өвөлжилт, хаваржилтын нэгдсэн дүнг Монгол Улсын Засгийн газрын хуралдаанд танилцуулсан. Энэ хуралдаанаас 60 дугаар тэмдэглэл гэж гарсан. Энэ жил улсын хэмжээнд 169.7 мянган малчин өрхийн 67.7 сая толгой малыг өвөлжүүлж, хаваржуулах зохицуулалтын арга хэмжээ авагдсан.

-Отроор өвөлжих мал, малчин өрхийн тоо буурсан гэсэн. Энэ талаар мэдээлэл өгнө үү?

-Нийт малын 13 хувь орчим буюу 8.4 сая толгой малыг отроор өвөлжүүлэх зохицуулалтын арга хэмжээ хийгдсэн. Өөрөөр хэлбэл, 19 мянган малчин өрх отроор өвөлжинө. Үүнийг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулах юм бол отроор явах малын тоо 3.3 сая толгойгоор буурсан үзүүлэлттэй байна. Мөн малчин өрхийн тоо 7.2 мянгаар буурсан байна. Отрын байршлын тухайд авч үзвэл нийт отроор явах малын 33 хувь нь  улсын тусгай хамгаалалттай газарт өвөлжихөөр байна.

ВИДЕО ХЭЛБЭРЭЭР ЭНДЭЭС ҮЗНЭ ҮҮ!

-Баруун болон төвийн бүсэд малын тоо, толгой өндөр байгаа юм билээ?

-Тийм ээ, энэ жилийн өвөлжилт, хаваржилтын нэгдсэн дүнгээс харахад 84.2 хувьтай байна. Нийт малын 35.5 сая толгой нь төвийн бүсэд, 15.5 сая толгой мал баруун бүсэд өвөлжиж, хаваржих дүн гарсан. Үүн дээр яам дүгнэлт хийж байгаа. Гол нь баруун болон төвийн бүсийн аймгуудад өвөлжих малын тоо өндөр байна гэж үзсэн. Дээр нь отроор өвөлжих, хаваржих малын тоо  мөн бүс нутгуудад 2.6-2.8 сая толгой мал байна. Тиймээс үүнд анхаарлаа хандуулж ажиллахаар төлөвлөж байна. 

Үүнээс гадна Монгол Улсын Засгийн газрын арваннэгдүгээр сарын 17-ны өдрийн 60 дугаар тэмдэглэлд зааснаар отроор өвөлжих малыг мал эмнэлгийн урьдчилан сэргийлэх арга хэмжээнд бүрэн хамруулсан байх шаардлагыг тавьсан. Нөгөө талдаа малчид болон малыг эрүүл мэндийн үзлэгт бүрэн хамруулж, тухайн нутагт өвөлжиж, хаваржихад шаардлагатай зардлыг аймгийн Засаг дарга нар шийднэ.

-Өвс, тэжээлийн хангамж сайн, үнэ тогтвортой байна-

-Өвс, тэжээлээ хэр нөөцлөв. Хангалттай түвшинд бэлтгэж чадсан уу?

-Өвс, тэжээлийг 2021, 2022 оны хоёр түвшинд бэлтгэлээ хангасан. Малчдын 92.4 хувь нь өвс, тэжээлээ хангасан дүнтэй байна. Энэ бол нэлээн өндөр бэлтгэгдсэн гэж хэлж болно. Аймаг, орон нутгийн хувьд ногоон тэжээлийн бэлтгэл маш өндөр байгаа юм. Дээр нь газар тариалангийн үйлдвэрлэлээс 20-аад мянган тонн тэжээл, өвс мал аж ахуйн үйлдвэрлэлд шилжих боломж бий. Энэ тал дээр шаардлагатай арга хэмжээнүүдийг авч ажиллаж байна. 

Аймаг, сумдын аюулгүй нөөцөд өвс бэлтгэх ажлын хэмжээ бол 62.4 хувь гэсэн дүнтэй байна. Зарим аймагт өвс, тэжээлийн хангамжийг нэмэгдүүлэх тал дээр Засгийн газрын 60 дугаар тэмдэглэлд аймгуудыг нэр зааж нөхөн бүрдүүлэлт хийхийг үүрэг болгосон.

Өнөөдрийн байдлаар зах зээл дээр өвс, тэжээлийн үнэ тогтвортой байна. Өнгөрсөн жилтэй харьцуулахад тогтвортой байгаа гэж ойлгож болно. Өнгөрсөн жилийн өдийд хангамж муудах, өвс тэжээлийн үнэ өндөр болж байсан. Энэ жил өвс, тэжээлийн хангамжтай холбоотой асуудал үүсээгүй. Үнэ тогтвортой байна. Яамнаас тодорхой зохицуулалтын арга хэмжээг авч ажиллаж байна. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top