Сүн улсын Хүйтэн уулын бичиг | 76 дугаар бүлэг

Автор | Zindaa.mn
2021 оны 12 сарын 06

 

Хятадын дөрвөн их сонгодог зохиолын нэгэн болох "Хүйтэн уулын бичиг" хэмээх 100 бүлэг зохиолыг Дундад эртний үеийн Хятадын алдарт бичгийн хүн Ши Най Ань түүхэн үйл явдалд тулгуурлан туурвижээ.

Зохиолын үйл явдал Хятадын Умард Сүн улсын үед өрнөх агаад адал явдал, зовлон зүдгүүр туулсан 108 баатар эр Ляньшань ууланд хувь заягаар учран цугларч, гадаадын дайсан ба дотоодын урвасан хулгай, зальхай ноёдын эсрэг тэмцэж буйг уран яруугаар харуулсан юм.

Зохиолын уг нэр "Усан хөвөөний шастир" бөгөөд монголчууд эртнээс "Хүйтэн уулын бичиг" хэмээн нэрийдсээр ирсэн билээ. Энэхүү сонгодог зохиолыг Монгол Улс дахь БНХАУ-ын Элчин сайдын яамны зөвшөөрөлтэйгөөр уншигч танд хүргэж байна.
 

  • Зохиогч: Ши Най Ань
  • Хөрвүүлэгч: Д.Уртнаст
  • Редактор: В.Уянга, Сьү-Шаа

Ү ЮН ДӨРВӨН ЗҮГ ТАВАН МАХБОДЫН ТУГ ЖАГСААСАН СҮН ЖЯН ЕСӨН МЭНГЭ НАЙМАН ХҮЛИЛИЙН ЖАГСААЛ ЗАССАН

Өгүүлэх нь цэргийн яамны эрхин сайд Түн Гуань тэнгэрийн хөвүүний зарлигаар цэрэг дайчлах их юаньшуай-н тушаалыг хүлээсэн хойно харъяа яамандаа эгээд цэрэг татах цааз зарлаж, эзэн хот Дунжин-ий харъяа найман замын жюнь жоу-оос тус тус түмэн цэрэг дайчилж, уул жоу-ын цэрэг морийг ерөнхийлөн захирах дүжянь түшмэлээр захируулав. Бас нийслэлийг хамгаалах Юй Линь жюнь-ий шадар цэргээс хоёр түмэн хүмүүнийг сонгож дундад цэрэг болгож, өөрийн яамны аливаа хэргийг цөм дэсэлсэн сайдад тушаагаад, шадар цэргийг захирах түшмэлээс баатар хүчит хоёр жанжныг шилж, зүүн баруун жигүүр болгоод, дэмий арван өдөр болсонгүй мордох бэлтгэлийг хийж дуусгав. Их цэргийн амуу хүнсийг Гао Тайюй хүмүүн зарж хүргүүлэхээр болов. Найман замын цэрэг морийг өгүүлбээс:

Сүйжоу-ын цэрэг морийг ерөнхийлөн захирах дүжянь Дуань Пэн Жюй

Жэнжоу-ын цэрэг морийг ерөнхийлөн захирах дүжянь Чэнь Жу

Чэньжоу-ын цэрэг морийг ерөнхийлөн захирах дүжянь Ү Бин И

Танжоу-ын цэрэг морийг ерөнхийлөн захирах дүжянь Хань Тянь Линь

Сюйжоу-ын цэрэг морийг ерөнхийлөн захирах дүжянь Ли Мин

Дэнжоу-ын цэрэг морийг ерөнхийлөн захирах дүжянь Ван И

Рүжоу-ын цэрэг морийг ерөнхийлөн захирах дүжянь Ма Вань Ли

Цүнжоу-ын цэрэг морийг ерөнхийлөн захирах дүжянь Жоу Синь

Шадар цэргийг захирах жанжнаас сонгон дундад цэргийн зүүн баруун жигүүр болгосон хоёр хүмүүн хэмээвээс:

Шадар цэргийн нисэх луун их жанжин Фэн Мэй

Шадар цэргийн нисэх барсын их жанжин Би Шэн

Түн Гуань өөрийн биеэр дундад цэргийн эзэн юаньшуай болж их бага олон замын цэрэг морийг нийгэмлэн захирч, зэр зэвсгийн хөмрөгөөс жад сэлэм хуяг дуулга зэргийг авч түгээсэн хойно өлзийт өдрийг сонгож цэрэг хөдлөн мордохуйяа Гао Чю, Ян Жянь хоёр Тайюй хурим тавин үдээд, өргөмжлөл шийтгэлийн яаманд зарлиг буулган олон цэрэгт шан тавиулав. Түүнээс Түн Гуань жич өдөр олон жанжныг авч цэрэг морийг дайчлан хотноос гарсан хойно хойш эгж тэнгэрийн хөвүүнд салах ёсыг гүйцэтгээд агт мориндоо алавхийн мордож Синь Цао Мэнь хаалгыг шурган таван газрын үзүүр дэх үдэх танхимд ирвээс Тайюй түшмэл Гао Чю, Ян жянь олон хүмүүнийг авч танхимд ирээд хүлээж байсан тул Түн Гуань мориноос бууж ёслон золгохуйяа Гао Тайюй хундага дүүрэн дарс хэмнэж Түн Гуань-д бариад: - Эдүгээ эрхин сайд байлдаанд мордож, эзэн төрийн төлөө эрхгүй их гавъяаг байгуулж, дийлсэн сэтгүүл довтолгох буй за, нүгэлт хулгай нуур бялхмалыг эзэлж байх тул урьд дөрвөн этгээдийн амуу хүнсний замыг нь тасалж, хүрээ цайзаа чанд бэхэлж, хулгайг өдөөн уулнаас буулгасан хойно жич цэрэглэн дайлбаас эргүү дээрмийг үүрээр нь хураамжлаад эзэн төрийн найдсан санааг хөсөрдүүлэхгүй болмуй хэмээхэд Түн Гуань өгүүлрүүн: - Эрхин Тайюй-н үнэт сургаалыг өвчүү цээжнээ гүнээ хадсугай хэмээгээд хундагыг авч хөнтрөн ууснаа, Ян Тайюй бас дар хэмнэн Түн Гуань-д бариад ийн өгүүлрүүн: - Эрхин сайд таны бие цэргийн бичгийг тууртал уншиж, арга бодлогод гүн нэвтэрсэн тул атаат хулгайг хураамжлан дарах нь алга урвуулах мэт хялбар болой, тийн хэмээвч тэрс хулгай уст нуурт бие нууж газрын ашгийг эзэлсэн тул эрхин сайд тэнд хүрсэн хойно эрхгүй мэргэн бодлогыг улируулах буй за хэмээвээс Түн Гуань өгүүлрүүн: - Өчүүхэн түшмэл тэнд хүрсэн хойно тухайг үзэж арга хэрэглэсүгэй хэмээхүйеэ Гао Чю, Ян Жянь нэгэн зэргээр дарс барьж: - Дайснаа дарж дархан цолоо мандуулан даруй түргэн буцаж ирэхийг чинь хааны нийслэлийн хаалган гадна бараалан хүлээсүгэй хэмээгээд харилцан салах ёсыг хийж тус тус мориндоо мордов.

Төдийд харъяа яамны их бага сайд түшмэд үүл мэт хуран цуглаж зарим нь хол үдэж, зарим нь ойр хүргэснийг нарийвчлан тоочих хэрэггүй. Далбаа сажин туг хөдөлгөхүйеэ зэрэглэсэн жагсаал жигдрэн урагшилж давалгаа мэт түлхлэн эчсэнд гавшгай жанжин дөрөө өшиглөн өмнөх дөрвөн анги цэргийг удирдан, хайгуул жанжин жолоо даран хойнох дөрвөн багийн цэргийг шаардаж, жагсаалыг удирдах жигүүрийн туг мяралзан хийсэж зүүн баруун найман замын цэрэг морь тоос мандуулан зам хөөмүй. Их юаньшуай Түн Гуань шадар цэргээс шалгаж авсан шилдэг хуяг хоёр түмэн хүмүүнийг авч дунддад орж, ташуур өргөн цэргийг захирмуй. Түлхлэн мордох төрийн цэргийн үзвээс:

Хуяг цэрэг есөн анги хувааж, хиур далбаа таван махбодоор жагсаажээ. Үзүүр сайтай жад, эш сайтай сэрээнүүд огторгуй тэнгэрийг бүрхэж, ир сайтай илд, ган сайтай сэлмүүд нарны гэрлийг халхалж, арван хүчит хар нумыг арьсан саадагт ахуулж, араатныг агнах хурц зэвийг арслант хоромсогод хатгажээ. Барсын тэргүүт бамбай, хүчин төгөлдөр холховчууд жагсаалын тэргүүнд орж, уулыг нээх саран сүх, араа шүдтэй шийдэм дунд ангийг хамгаалжээ. Урт богино ташууруудыг өрөөсөн тохойд өлгөлцөн, онги сайтай бялуунуудыг энэ тэр сүвээнд зүүжээ. Уулыг нээн усыг хаших шилдэг цэрэг олны өмнө гавшгай болж, гүүр тавин зам засах чийрэг эрс хуягийн хошууч болжээ. Зам замын жанжин цэрэг, зах дараалан эрэмгий баатар, хол ойрын хайгуулын эрс, хүч баатар эсэргүүцэл үгүй. Уул нуран ус цалгилах харанга хэнгэргийн дуу, өдрийн нарыг бүрхэн халхлах өнгө өнгийн далбаа.

Мөн өдөр Түн Гуань их цэргийг авч эзэн хот Дунжин-ээс мордон хэдэн өдөр болсонгүй Жижоу Фү-ийн зурагт хүрснээ тайшоу түшмэл Жан Шү Е хотоос гарч угтав. Түн Гуань цааз зарлан хотын гадна цэргийг буулгасан хойно шадар морьтныг авч фү-ийн яамнаа ирэхүйеэ Жан Шү Е их танхимд угтан оруулж мөргөн золгоод гар тавин зогсохуйяа Түн Гуань өгүүлрүүн: - Өмхий шалбаагны өчүүхэн хулгай шударга иргэнийг хөнөөн бусниулж аян замын хүмүүнийг уулгалан тоноод нүгэлт хэргийг нэгэн бус үйлдэхэд хэдий цэрэг илгээн хураамжилсугай хэмээсэн боловч чадалт хүмүүнийг олж хэрэглэсэнгүй учир эргүү дээрэм эзтэн самуурав. Миний бие эдүгээ арван түмэн их цэрэг зуу илүү баатар жанжныг авч өдөр хугацан цаг болзож уулан цайзыг дарангуйлан төвшитгөж самуун хулгайг шүүрдэн хураамжлаад зуун овогт иргэнийг амуулсугай хэмээмү хэмээхэд Жан Шү Е өгүүлрүүн: - Мэргэн сайдад мэдүүлэн айлтгах нь уснаа хоргодох уулан хулгай хэдий ялиагүй балмад дээрэм хэмээвч эрдэм чадал хосолсон хүмүүн үлэмж байх тул цээж цухалдан унтуу хүрч цэрэг дагуулан гүнээ орж болохгүй, арга үүсгэн бодлого хэрэглэвээс сая их гавъяаг бүтээж чадмуй хэмээснээ Түн Гуань их л хилэгнэж: - Таны зэргийн уульхай ард жад сэлмээс айн гэлэмж аюулаас халиран амь юугаа хайрлаж, улс төрийн их үйлийг саатгаснаар хулгайн сүрийг өрнүүлэв. Эдүгээ би өөрийн биеэр дайлахаар ирсэн тул юунаас эмээх аж! хэмээн хараасанд Жан тайшоу тэсгэлгүй айж дуу гарсангүй, дарс гарган дайлсан хойно Түн Гуань хотоос гараад жич маргаадрын өдөр их цэргийг авч Лян Шань уулын ойр хүрч хүрээ буув.

Түүнээс Сүн Жян нар туршуулын ардыг илгээж нарийн учрыг хэдийн олж мэдээд цэргийн багш Ү Юн лүгээ нягт аргыг зөвлөн тогтоод олон жанжинд цааз зарлаж осолдохгүйгээр захиаг дагагтун хэмээгээд албан цэргийн дайлахаар ирэхийг хүлээн суув.

Жич өгүүлэх нь Түн Гуань бээр цэрэг морийг тэгшлэн засаж, Сүйжоу фү-ийн цэрэг морийг ерөнхийлөн захирах дүжянь Дуань Пэн Жюй-г хошууч жанжин болгож, Жэнжоу Фү-ийн цэрэг морийг ерөнхийлөн захирах дүжянь Чэнь Жу-г дэд хошууч жанжин болгож, Чэньжоу Фү-ийн цэрэг морийг ерөнхийлөн захирах дүжянь Ү Бин И-г хайгуулын жанжин тавьж, Сюйжоу Фү-ийн цэрэг морийг ерөнхийлөн захирах дүжянь Ли Мин-г дэд хайгуулч жанжин тавьж, Танжоу Фү-ийн цэрэг морийг ерөнхийлөн захирах дүжянь Хань Тянь Линь, Дэнжоу Фү-ийн цэрэг морийг ерөнхийлөн захирах дүжянь Ван И хоёулыг зүүн этгээдийн жанжин, Рүжоу Фү-ийн цэрэг морийг ерөнхийлөн захирах дүжянь Ма Вань Ли, Цүнжоу Фү-ийн цэрэг морийг ерөнхийлөн захирах дүжянь жоу Синь хоёулыг баруун этгээдийн жанжин болгож, Фэн Мэй, Би Шэн хоёулыг дундад цэргийн жигүүрийн жанжнаар томилж, өөрийн биеэр юаньшуай-ийн тамгыг эзлэн, дуулга даран хуяг өмсөөд их цэргийг ерөнхийлөн захирав. Байлдааны хэнгэрэг гурвантаа дуурьсахуйяа олон цэрэг туг сажлан мордоод дэмий арван газар явсангүй гэнэт барманусын тоос дэгдэж дайсны цэргийн туршуулч ард довтлон ирэв. Төдийд хөмөлдрөгийн хонх дуугарахын сацуу тэргүүндээ бараан малгай дарж, биедээ ногоон хуяг хэдэрч, ардаа гургуулийн сүүл хатгаж, мөнгөн цагаан урт жад барьж, хөнгөн нум охор сум агсаж, улаан залаа хонхт хөмөлдрөг зүүлгэсэн хурдан морьт гуч дөчин хүмүүн гарч ирэв. Тэргүүлсэн жанжны хуягласан байдлыг үзвээс:

Хурц жадыг хөндлөн атгаж, мөнгөн сэлмийг могойн арьсан хуйд ахуулжээ. Алтан эмжээрт толгойн алчуур биндэрьяа мэт, алаглан шагласан байлдааны хуяг оюу адил. Бэлхүүсэнд ороосон магнаг бүс бэр цэцгийн өнгөтэй. Хөлд өшиглөсөн зөөлөн гутал булигааран арьсан түрийтэй. Бүргэд хальсан эмээлийн бүүрэгт хэмэрлэг уутыг дүүжлэн, жанжныг занчих чулуун мөхлөгийг түүний дотор савлажээ. Хурдан хүлгийн омруу дагаж гуулин хонх жингэнэн, хуй дэгдээн салхи хөлөглөх эрдэнийн үүлээ баадаглажээ. Морьт цэргийн гавшгай жанжин өдгүй сумт, мохошгүй баатар Жан Чин жагсаалын тэргүүнд айсуй.

Морьт жанжны тэмдэг туг дээр: - Туршуулч цэргийг нийгэмлэн захирах дайван өдгүй сумт ван чин хэмээн дурайтал бичсэн бөгөөд зүүн этгээдэд гүн ван, баруун этгээдэд Дин Дэ Сүн-г дагуулж шууд Түн Гуань-ий цэргийн өмнө зуугаад алхмын үзүүр шахаж ирсэн хойно жолоо эргүүлэн хойш эгэхүйеэ өмнөд цэргийн хошууч болсон хоёр жанжин цэргийн зарлиг үгүй тул хөнгөнөөр хөдөлсөнгүй хүмүүн илгээж дундад цэрэгт мэдүүлснээ эзэн юаньшуай Түн Гуань өөрийн биеэр өмнөд цэрэгт ирж нүд орхин ажиж атал Жан Чин бас морь давхин гарч ирэхүйеэ Түн Гуань хүмүүн зарж нэхүүлсүгэй хэмээтэл зүүн баруун жигүүрийн ард мэдүүлрүүн: - Энэ хүмүүн эмээлийн бүүрэгтээ уутат чулуу нууж ер хоосон занчихгүй тул нэхвээс болохгүй хэмээв. Төдийд Жан Чин нэгэн дараагаар гурван зэрэг хайсан боловч Түн Гуань- ий их цэрэг урагш орохгүй тул хойш эгэв. Түн Гуань цэрэг хөдөлгөн таван газрын үзүүр гартал уулан араас гэнэт харангын дуу мандаж, хар хуй Ли Күй, түйтгэр мангас Фань Руй, найман гарт нэжа Сянь Чүн, нисэх сахиус Ли Гүнь зэрэг явган цэргийн дөрвөн дайван хэдийн таван зуун явган цэргийг авч нисэх мэт хүрч ирэв. Үзвээс:

Хүмүүн бүр хүчит барс мэт, хуяг цэрэг догшин матар адил. Хурмаст тэнгэрийн хоёр од, хувилгаан цэргийн өмнө гавшгайлахуйяа, хойноос нь хоёр догшид дагалцжээ. Сайн эр Ли Күй саран сүх эргүүлэхүйеэ, сахиусан сэлмийг Фань Руй сүүжиндээ суйрчээ. Сян Чүн хас хумст эрслэн магшсан бамбар өргөж, Ли Гүнь алт нүдэж гөрөөс тоглосон баг барьжээ. Улаан хуяг өмссөн таван зуун цэрэг, оройгоос олонд хүртэл ноцсон гал мэт, хөх уулнаас нэгэн сүрэг догшид бууж, харанхуй шугуйгаас гурван самадийн гал манджээ.

Таван зуун явган цэрэг утас мэт жагсаж зогсоод зүүн баруу хоёр этгээдэд бамбай халхавч зэрэглэн босгосонд Түн Гуань хас гөвүүрийг өргөж нэгэнт дохисноо их цэрэг далайн түлхлэг мэт даран орохуйяа Ли Күй, Фань Руй явган цэргийг аван бамбар халхавч юугаа уруу хандуулж хоёр замаар уул даван буруулж эчсэнээ Түн Гуань их цэргийг дайчлан хойноос нэхэмжилж уулан хошууг давбаас мэлзийм тал таарсан тул цэрэг морийг

жагсааж тэгшлээд алс холоос харваас Ли Күй, Фань Руй хэдийн уулыг даван шугуйг туулж бараа сүүдэр үгүй болсон тул дундад цэрэгт өндөр тайзыг цогцлуулж цааз зарлах хоёр түшмэлийг тайзнаа гаргаж зүүн баруунш туг сажлуулан дөрвөн хаалгат ударасадын жагсаалыг засаж бартал уулан араас буу дуугаран, нэгэн анги цэрэг морь уулан араас довтлон гарч ирэв. Түн Гуань унасан морио жигүүрийн ардад тушаасан хойно өөрийн биеэр өндөр тайзнаа авиран гарч үзвээс уулан зүүнтэйгээс нэгэн багийн цэрэг морь довтлон гарч ирэв, тэргүүн анги нь улаан туг өргөж, дэд анги нь эрээн туг хийсгэж, гуравдугаар анги нь хар туг мандуулж, дөрөвдүгээр анги нь мөн эрээн туг өргөсөн ажгуу. Үзэж атал уулан баруунтайгаас бас нэгэн багийн цэрэг морь давхин гарч ирэв, тэргүүн анги нь эрээн туг өргөж, дэд анги нь цагаан туг хийсгэж, гуравдугаар анги нь мөн эрээн туг барьж, дөрөвдүгээр анги нь бараан туг өргөж, түүний ард шар туг мандуулсан ажгуу. Их цэрэг түлхлэн ирээд чиг дундад орж байлдааны жагсаалаар байрлан зогсов. Холоос үзвээс тодорхой бус боловч ойр эчиж үзвээс маш илхэн, ас өмнө дэх нэгэн анги цэрэг морь цөм гал мэт улаан туг өргөж, нэг л өнгийн улаан хуяг улаан дээл хэдэрч, улаан монцогт зээрд морь унасан бөгөөд жагсаал удирдах улаан туг дээр өмнөд ударасадын зургаан одыг алтан утсаар хатгаж, түүний доор улаан шаазгайн хөргийг сийлжээ. Жагсаалын туг дэлгэмэгц улаан тугийн доор нэгэн жанжин морь хийсгэн гарч ирэв. Түүний хуягласан байдлыг үзвээс:

 

Дуулганы оройд нэгэн буд улаан соновтор хийсэж,

Түмэн гүйс хөх цэцэг байлдааны магнагт мяралзжээ.

Арслан магшсан хэмэрлэг бүсээр бор хасыг ороон,

Араатан тоглосон ган хуягт алтан оньс дүүжилжээ.

Атган зэвсэг араат шийдмийг хүрэл төмрөөр давтан,

Алд хавчсан луун хүлэг шунхад төрсөн мэт.

Улаан туг дарвалзан хийсэхүйеэ огторгуй дүүрэн туяа,

Улаан улагчин өмнө зүгийн галын махбодыг эзэлжээ.

Тэмдэг тугт "хошууч жанжин цахилгаан тэнгэр Чинь Мин хэмээн дурайтал бичээд зүүн этгээдэд усан сахиус Шань Тингүй, баруун этгээдэд галын сахиус Вэй Дингуо-г дагуулж, хурц зэвсгийг хөндлөн барьж, зээрд морийг довтолгон ирээд жагсаалын өмнө зогсов. Зүүн сүвээний нэгэн анги цэрэг морь хөх өнгөт туг хиур өргөж, хөх хуяг хөх дээл хэдэрч, хөх монцогт хөх морь унасан бөгөөд жагсаалыг удирдах хөх тугт дорнод ударасадын дөрвөн одыг алтан утсаар хатгаж, түүний доор хөх луун хөргийг сийлжээ. Жагсаалын туг дэлгэмэгц хөх тугийн доороос нэгэн жанжин хүлэг довтолгон гарч ирэв. Түүний хуягласан байдлыг үзвээс:

Тэргүүнд дарсан хөх малгай нүд дүүрэн гэрэл,

Дарвалзан хийсэх индранил дээл энгэр дүүрэн цэцэг.

Гангаар давтсан гархин хуягт арслан барс магшин,

Гарт атгасан дам илд луу хасыг залгижээ.

Сахиусан хүлэг туурай цавчлан үүлэн зураг мэт,

Салхинаа хурайлах байлдааны магнаг оюу хэлхсэн адил.

Хөвөлзөх үүлнээ туг мяралзахуйяа холын уул цэнхэрлээд,

Хөх хөхөгчин дорно зүгийн модон орныг эзэлжээ.

Тэмдэг тугт "зүүн гарын их жанжин дам илдэт Гуань Шэн хэмээн дурайтал бичээд зүүн этгээдэд муухай Жюнь Ма Сюань Зан, баруун этгээдэд хар хулан Хао Сывэнь-ийг дагуулж, хурц зэвсгээ сунган, бор морио ташуурдан жагсаалын өмнө ирж зогсов. Баруун сүвээний нэгэн анги цэрэг морь цас цагаан туг хиур өргөж, цагаан монцогт саарал морь унасан бөгөөд жагсаал удирдах цагаан тугт өрнөд ударасадын таван одыг алтан утсаар хатгаж, түүний доор цагаан барсын хөргийг сийлжээ. Жагсаалын туг дэлгэмэгц цагаан тугийн доороос нэгэн жанжин жолоо даран гарч ирэв. Түүний хуягласан байдлыг үзвээс:

Хөвхөс хөвхөс жихүүн үүл хөх тэнгэрт хөшиглөөд,

Гүйс гүйс алимын цэцэг ариун хасыг зэрэглэжээ.

Магнаг дээл салхинаа хийсэж цагаан гэрэл цацраад,

Мөнгөн хуяг гэрэл татаж гилс гилс харагдмуй.

Цас цагаан хурдан хүлэг арслан хөлөглөсөн мэт,

Цагаан мөнгөн урт жад хяруу буух адил.

Цагаан туг дарвалзан хийсэхүйеэ цас лавс бударч,

Цагаан цагаагчин өрнө зүгийн төмрийн махбодыг эзэлжээ.

Тэмдэг тугт "баруун гарын их жанжин ирвэсийн тэргүүт Линь Чүн хэмээн бичээд зүүн этгээдэд гурван уулын дарлага Хуан Синь, баруун этгээдэд Жин Дэ-ийн хувилгаан Сүнь Ли-г дагуулж, хурц зэвсгээ шилэмдэн саарал морио ташуурдан жагсаалын өмнө гарч зогсов. Хойд этгээдийн нэгэн анги цэрэг морь тас хар туг хиур өргөж, хар хуяг хар дээл хэдэрч, хар монцогт хар морь унасан бөгөөд жагсаал удирдах хар тугт умард ударасадын долоон одыг алтан утсаар хатгаж, түүний доор хар мэлхийн зургийг сийлжээ. Жагсаалын туг дэлгэмэгц хар тугийн доороос нэгэн жанжин дөрөө өшиглөн гарч ирэв. Түүний хуягласан байдлыг үзвээс:

Тэгш газраас салхи дэгдэн үүлэн толгой босоод,

Төмөр хүлэг хүчит нум орчлонд хосгүй.

Барс луун сүрт биед бараан магнаг нөмрөөд,

Баавгай өтгийн байдалт цогцод бараан хуяг хэдэрчээ.

Барьсан зэвсэг ган ташуур догшин хоёр луу,

Бэхэн өнгөт хурдан хүлэг мянган агтын манлай.

Одот хиур нэгэнт хөдөлмөгц орчлон дэлхий чичрээд

Умар зүгийн хар харагчин усан орныг эзэлжээ.

Тэмдэг тугт "хайгуулч жанжин хос ташуурт Хү Яньжуо хэмээн дурайтал бичээд зүүн этгээдэд ялгуусан баатар Хань Тао, баруун этгээдэд сүрт баатар Пэн Чи-г дагуулж, хурц зэвсгээ эргүүлэн хар морио давхиулж, жагсаалын өмнө гарч зогсов. Зүүн өмнөх жагсаалын туг доорх нэгэн анги цэрэг морь хөх туг өргөн, улаан хуяг хэдэрч жагсаал удирдах торгон туг дээр хийн орны хүлилийг алтан утсаар хатгаж, түүний доор нисэх луун хөргийг сийлжээ. Жагсаалын туг дэлгэмэгц нэгэн жанжин морь хийсгэн гарч ирэв, түүний хуягласан байдлыг үзвээс:

Гархин хуягийг гадуур нөмрөн байлдааны талбарт гавшгайлан,

Гангаар давтсан хос жадыг гартаа атгажээ.

Гардийн нум бүргэдийн зэвийг ховдондоо агсаж

Галт загас хуйтай сэлмийг сүүжиндээ суйрчээ.

Хүдэн тунаруулах хэмэрлэг магнаг шар хоргой бүс,

Хөх үүлийг хөлөглөх морь буюу ёнхор жолоо.

Цэнхэр туг улаан дөл луу матар магшаад,

Чиг зүүн өмнө хийн орныг эзэлсэн баатар.

Тэмдэг тугт "морьт цэргийн барсын жанжин хос жадат Дүн Пин хэмээн дурайтал бичээд, зүүн этгээдэд алтан жигүүрт Оу Пэн, баруун этгээдэд улаан нүдэт эрслэн Дэн Фэй-г дагуулан атган зэвсгээ далайж агт хүлгээ хийсгэн жагсаалын өмнө гарч зогсов. Баруун өмнөх жагсаалын туг доорх нэгэн анги цэрэг морь улаан туг өргөн цагаан хуяг хэдэрч жагсаал удирдах торгон тугийн дээр шороон орны хүлилийг алтан утсаар хатгаж, түүний доор нисэх өтгийн хөргийг сийлжээ. Жагсаалын туг дэлгэмэгц нэгэн жанжин морь гүйлгэн гарч ирэв. Түүний хуягласан байдлыг үзвээс:

Цөс зоригт баатар жанжин жагсаалын өмнө гавшгайлаад,

Сүр гэрэл цаглашгүй уур амьсгал манджээ.

Загасан хайрст төмөр хуягийг биедээ өмсөөд,

Жигүүр дэлгэсэн гардийн дуулгыг тэргүүндээ даржээ.

Жагсаалыг шувтлах байлдааны хүлэг зулзага луу адил.

Зүрхийн эхийг цавчих сүх нуман хөвч мэт.

Бадмаараг туг мөнгөн хуягаас галт үүл нисэж,

Баруун өмнө шороон орныг эзэлсэн баатар жанжин.

Тэмдэг тугт "морьт цэргийн бяо чи их жанжин гавшгай баатар Со Чао хэмээн дурайтал бичээд зүүн этгээдэд торгон үст барс Янь Шүнь, баруун этгээдэд бишгүүрт сахиус Ма Линь-ийг дагуулж, зэр зэвсгээ өргөлцөн хурдан морио давхиулж, жагсаалын өмнө гарч зогсов. Зүүн хойнох жагсаалын туг доорх нэгэн анги цэрэг морь хар туг хийсгэн хөх хуяг хэдэрч жагсаал удирдах торгон тугт уулын орны хүлилийг алтан утсаар хатгаж, түүний доор нисэх ирвэсийн хөргийг сийлжээ. Жагсаалын туг дэлгэмэгц нэгэн жанжин шаламгайлан гарав. Түүний хуягласан байдлыг үзвээс:

Бүргэдийн эмээлд барс оцойхуйяа сүр гэрэл их

Болд нум хүрэл зэвээс бурхан сахиус зүрхшээмүй.

Мөнгөн дуулга улаан залаа хурц мэсийг халхлаад

Морины хүзүүнд торгон цацагт алтан хонх зүүжээ.

Цэцэг сийлсэн дуулганы оройгоос улаан гэрэл цацраад,

Цэнхэр өнгөт хуягийн дээгүүр удын навч мушгирчээ.

Жирвэлзэх туг хөх хуяг утаа униарыг илбээд,

Зүүн хойд уулын орныг эзэлсэн хүчит жанжин.

Тэмдэг тугт "морьт цэргийн бяо чи их жанжин есөн луут Ши Жинь хэмээн дурайтал бичээд зүүн этгээдэд дүүлэгч барс Чэнь Да, баруун этгээдэд цагаан эрээн могой Ян Чүнь-ийг дагуулж хурц зэвсгийг өргөлцөн байлдааны хүлгээ нисгэж жагсаалын өмнө гарч зогсов. Баруун хойнох жагсаалын туг доорх нэгэн анги цэрэг морь цагаан туг хийсгэн хар хуяг өмсөж жагсаал удирдах тугийн дээр огторгуйн орны хүлилийг алтан утсаар хатгаж, түүний доор нисэх барсын хөргийг сийлжээ. Жагсаалын туг дэлгэмэгц нэгэн жанжин морь тавин гарч ирэв. Түүний хуягласан байдлыг үзвээс:

 

Хуарт эмээлийн алтан хазаар салхи гишгэлэх хүлэг,

Хуйлран ээдэрч тэнгэр тулсан хавхар уур.

Ирвэсийн сүүлт эрдэнэ уутанд мөнгөн зэвийг хатгаж,

Нисэх загас хувилгаан хоромсогод төмөр нумыг савлажээ.

Хуягийн хөвөөн дэх оюу сажлага хос галбингыг хэлхэж,

Хурц сэлмийн өнгөн дээр луун зулзагыг шигтгэжээ.

Бараан хуяг дарвалзан хийсэхүйеэ цагаан туг хоролзоод,

Баруун хойд огторгуйн орныг эзэлсэн барсын жанжин.

Тэмдэг тугт "морьт цэргийн бяо чи их жанжин хар мэнгэт Ян Жи хэмээн дурайтал бичээд зүүн этгээдэд торгон ирвэс Ян Линь, баруун этгээдэд амьд ба Ван Жоутун-г дагуулж, атган зэвсгээ далайлцаж унасан хүлгээ нисгэж жагсаалын өмнө гарч зогсов. Найман зовхисын жагсаалыг суулга мэт жагсааж, жагсаалын үүднээ морь явган цэрэг тус тусдаа ялгаран байрлаад хүмүүн бүр ган илд болд сүх, ирт сэлэм үзүүрт жад барьж туг манжлага өнгө ялгарч анги жагсаал сүр жавхлантай, найман жагсаалын төв дунддад уургийн шар туг саран мэт дүгрэглэж, түүний дунд урт эшт жаран дөрвөн их тугийг мандуулж, дээр нь алтан утсаар жаран дөрвөн хүлилийг хатгаж мөн дөрвөн үүд гаргасан ажгуу. Өмнөд үүднээ морьт цэрэг жагссан бөгөөд ас өмнөх шар тугийн доороос хоёр их жанжин морь довтолгон гарч ирэв. Түүний хуягласан байдлыг үзвээс:

Гуулин харанга арьсан хэнгэрэг хойно хойноос өргөж,

Гавшгай хуяг анги анги жагсаалын хөлөөр байрлажээ.

Алтан жад шижир дуулга шар бор магнаг,

Артай хоргой магнаг дээл нисэх чимэгт цэцэг.

Зуузай холбосон хос хүлэг магших луун зулзага,

Жагсаалд тэргүүлсэн хоёр жанжин барс ирвэс мэт.

Ангир уургийн шар туг үе үе мяралзаад,

Ас дунд шар шарагчин шороон орныг эзэлжээ.

Шарга морь унасан тэр хоёр жанжныг баруун дахь нь сайхан сахалт Жү Түн, зүүн дэх нь жигүүрт барс Лэй Хэн болох бөгөөд нэгэн багийн цэрэг морь нь шар туг өргөж шар дээл гуулин хуяг өмсөж, шар монцогт хул морь унасан ажгуу. Дундад жагсаалын дөрвөн үүдийг сахисан жанжин хэмээвээс зүүн үүдийг алтан нүдэт ирвэс Ши Энь, баруун үүдийг цагаан царайт Жэн Тяньшоу, өмнө үүдийг үүлэн махранз Сүн Вань, хойд үүдийг араат барс Сюэ Юнь зэрэг дөрвөн хүмүүн сахисан ажгуу. "Тэнгэрийн төлөөнөө ёсыг явуулах" гүйлсэн шар тугийг чиг голд хатгаад тугийн эшийг дөрвөн ширхэг ёнхор дээсээр уяж чийрэг хүчит дөрвөн эрсээр татуулсан ажгуу. Морь унасан нэгэн сайн эр тугийг сахиж зогсжээ. Түүний хуягласан байдлыг үзвээс:

Загасан сүүлт алтан дуулгыг тэргүүнд дарж,

Луун хайрст эрдэнийн хуягаар хэмэрлэг дээлийг халхалжээ.

Төрсөн бие зан өндөр сүр хүч их,

Төв дунд цэргийн гүйлсэн шар тугийг сахижээ.

Тугийг сахисан сайн эр болбоос өөр хүмүүн бус, чив хэмээн догшин онгод Юй Баосы байсан аж. Хоролзон багларсан шар тугийн араар зэрэглэн босгосон бууны хажууд мэргэн бууч тэнгэрийн аянга Лин Жэнь хорь гучин туслагч ардыг авч цагариг татан хүрээлэн зогсжээ. Галт бууны ар биеэр атаатныг барих зэр зэвсэг, дайсныг хураамжлах урхи дэгээг жагсааж тавиад түүний араар эрээн өнгөт туг хиурыг босгож чийрэг эрсээр долоон давхар бэхлээд дөрвөн этгээдэд хорин найман торгон тугийг мандуулж, түүний дээр хорин найман одыг алтан үсгээр хатгаж, торгоор хатгамаллаж, сувдаар хөвөөлөн алтан хонх унжуулж, гургуулын сүүл хатгасан уургийн шар юаньшуай-н тугийг төв дунддад өргөжээ. Туг сахисан сайн эрийн хуягласан байдлыг үзвээс:

Усан амьтны арьсан хуягийг жишүү даран өмсөөд

Улаан торгон хэмэрлэг малгайд өнгөт цэцгийг хатгажээ.

Огторгуй тулсан алах уурт амьтан эс халиран,

Олон цэргийн юаньшуай-н тугийг тэр эр сахижээ.

Тугийг сахисан сайн эр хэмээвээс нүүр үгүй Жяо Тин байсан аж. Долгин зант Күн Мин, догшин дүрт Күн Лян адилхан хуяг хэдэрч ган жад барин хурц сэлэм суйрч, хурдан хүлэг унаад юаньшуай-н тугийг хамгаалан зогсов. Агт хүлгийн ар өврөөр араат шийдэм барьсан хорин дөрвөн лүлү цэргийг жагсааж, байлдаан зарлах хоёр торгон тугийг түүний араар босгоод хорин дөрвөн сэрээт жадыг хоёр талд зэрэглэсэн ажгуу. Зүүн гарын арван хоёр 204

сэрээт жадын сүргээс нэгэн баатар гавшгайлан гарав. Түүний хуягласан байдлыг үзвээс:

Хурдан хүлэгт эмээл дармагц хуй салхийг гишгэлээд,

Хуяг дуулгыг биед хэдэрмэгц цахилгаан гэрэл цацарчээ.

Бодь гөрөөс хэмэрлэг бүсээр чонын бэлхүүсийг ороож,

Бэлгэт араатан цээжийг тэврэн барсын цогцыг халхалжээ.

Соновторын орой дахь гэрэлт сувд алтан гадас од,

Сүүжинд зүүсэн эрдэнийн сэлэм цэлгэр намрын ус.

Хөндлөн атгасан жий жад хяруу буусан мэт,

Хуй салхи нэгэнт үлээхүйеэ ирвэсийн залаа хоролзмуй.

Торгон тугт "Люй Фү-ийн хувилгаан Люй Фан хэмээн дурайтал бичжээ. Удсангүй баруун гарын арван хоёр сэрээт жадын сүргээс бас нэгэн сайн эр шаламгайлан гарав. Түүний хуягласан байдлыг үзвээс:

Гурван сэрээт эрдэнийн дуулга сувдын гэрэл хурц,

Хоёр мушгиа гургуулын сүүл хэмэрлэгийн өнгө тод.

Гал улаан магнагийн энгэр мөнгөн толийг халхалж,

Нов ногоон дээлний хормой сийлбэрт эмээлийг даржээ.

Хэмэрлэг бүс хос загасны толгой сүүлийг хэлхээд,

Хуягийн дээгүүр зүрхээ хамгаалж хүрэл гархийг дүүжилжээ.

Торгон ирт Фан тянь жи жадыг гартаа атгахуйяа,

Таван өнгийн сажлага залаа үлээх салхинаа дарвалзмуй.

Торгон тугт "Сюай Рэнь Гүй-ийн бүрэлбаа Гуо Шэн хэмээн дурайтал бичжээ. Хоёр жанжин тус бүр сэрээт жадыг барьж зүүн баруун этгээдэд зогсов. Сэрээт жадны сүрэг дэх ган сэрээ барьсан хуягийн дотроос адилхан хуяг хэдэрсэн явган цэргийн жанжин гарч ирэв. Үзвээс:

Барсын арьсан малгай ирвэсийн арьсан өмд өмсөж,

Бие халхалсан эрдэнийн хуягийг алтан ширхгээр сүлжжээ.

Барьсан зэвсэг ган сэрээнээс цагаан гэрэл цацраад,

Бэлхүүсэнд суйрсан хурц сэлмээс мөнгөн хяруу бударчээ.

Нэг нь хоёр толгойт могой Се Жэнь, нэг нь хос сүүлт гүрвэл Се Бао, ах дүү хоёул тус бүр гурван үзүүрт лянхуаны сэрээ барьж нэгэн анги явган цэргийг авч дундад цэргийг бэхлэн сахимуй. Гавъяатайг шагнан ялтайг шийтгэх хоёр бичгийн тушаалтан мөнгөн эмээлт моринд залран түүний ард зогсжээ. Тэргүүндээ хар шаа малгай дарж, биедээ цагаан торгон дээл өмсөж, өвчүү цээжиндээ эрдэм номыг ахуулж, бийрийн үзүүр гал могой залгиулсан Лян Шань уулын бичиг эвхмэлийг хамаарах хувилгаан бичээч Сяо Ран зүүн этгээдэд зогсож, тэргүүндээ ногоон шаа малгай дарж, биедээ хар торгон дээл хэдэрч, зориг нь тэнгэрийн солонго лугаа хэлхэлдсэн, сэтгэл нь намрын мөс мэт ариун Лян Шань уулын цааз ёсыг захирах аруухан эр үнэнийг баригч Пэй Сюань баруун этгээдэд зогсжээ. Тэмдэг пайзат бор дээлтэн, хорин дөрвөн илд барьсан хуягийн ард түүний ард мөрлөн зогсов. Ялтныг шийтгэх хэмэрлэг дээлт хоёр яргачин илд жадатны сүрэгт хөндийн зогсжээ. Түүний хуягласан байдлыг нэгэн анги Си Жян Юэ Хэ мээх дуулалд уянгалсан нь:

Нэгэн нь өлмийд өшиглөсөн гутлыг

Улаан арьсаар урлахуйяа,

Нөгөө нь хөлд өмссөн гутлыг

Өнгөт торгоор үйлджээ.

Нэгний зүүсэн хос бэлээс

Алтан гэрэл цацрахуйяа,

Нөгөөгийн ороосон торгон алчуураас

Гувай цэцэг дэлгэрчээ.

Нэгэн нь цагаан торгон дээлийг

Мяндсан биед өмсөхүйеэ,

Нөгөө нь бараан магнаг цээжмэгийг

Хасын цогцод хэдэрчээ,

Нэгэн нь ялтныг цавчих цаазын сэлмийг

Гарт атгахуйяа,

Нөгөө нь эрлэгийн элчийн хувилгаан

Шийдмийг мутартаа өргөжээ.

Баруун дахь нь төмөр гарт Цай Пү, зүүн дэх нь гувай цэцэгт Цай Чин, ах дүү хоёул жагсаалын өмнө зогсохуйяа илд жадтан зүүн баруун этгээдэд жигүүрлэн жагсав, алтан жад мөнгөн жад барьсан хорин дөрвөн цэргийн эр хойд талаар жагсаж, эгнээ бүрийн өмнө нэгэн жанжин зогсох бөгөөд эрэлхэг баатар нэгэн морьтон атган зэвсгээ хөндлөн барьж агт мориндоо хэлтгий суугаад зүүн гарын арван хоёр алтан жадатны өмнө зогсжээ. Түүний хуягласан байдлыг үзвээс:

Алтан эмээлт ажнай хүлэг бор ёнхор жолоо,

Эрдэнийн хөвөөт гүйс цэцэг өрөөсөн санчигт хатгажээ.

Тогосын хуарт хөвч нум зуны тэргэл саран,

Тоглох луут эрдэнийн сэлэм намрын будрах хяруу.

Урлан шагласан магнаг дээл тотьны өд мэт,

Уртаар даруулсан хэмэрлэг элгэвч уургийн шар адил.

Соновторын орой дахь сажлага залаа улаан гэрэл цацраад,

Сөрж атгасан нисэх жадны төмөр эш цухуйжээ.

Энэ хэн болов хэмээвээс Лян Шань уулын нисэх жадат Сюй Нин мөн болой. Бяр чадалт нэгэн морьтон мөнгөн жадыг гартаа атгаж хурдан моринд сүүжээрээ суугаад баруун гарын арван хоёр мөнгөн жадтаны өмнө зогсжээ. Түүний хуягласан байдлыг үзвээс:

Шу газрын хэмэрлэг эмээл гэрэлт эрдэнийн дөрөө,

Сүүл баадагласан хурдан хүлэг шижир алтан амгай.

Бүргэд дэвтэрсэн хүчит нумыг барсын шөрмөсөөр элэглээд,

Харцгайн өдөт хурц зэвийг хүрэл төмрөөр давтжээ.

Алтан тоост магнаг дээлний өнгө асар хурц,

Бор гардийн хоргой бүсийн гэрэл нэнд гайхамшиг.

Гав шар алтан хуягийн их энгэр цухуйгаад,

Гарт атгасан урт жадын мөнгөн залаа хийсжээ.

Энэ хэн болов хэмээвээс Лян Шань уулын амьд Ли Гуан Хуа Рүн мөн болой. Зүүн баруун хоёр сүвээнд сөхийн зогссон алтан жадтан мөнгөн сэрээтэн тэргүүндээ хар торгон малгай дарж, санчигтаа хөх навчит алтан цэцгийг хатгажээ. Зүүн гарын арван хоёр алтан жадтан ногооноор хуяглаж, баруун гарын арван хоёр мөнгөн сэрээр бороор хувцаслаж түүний араар хэмэрлэг дээлтэн, цэцэгт малгайтан, таж магнагтан, торгон хувцастан хос хосоор зэрэгцэн зогсов. Шүрэн хөшиг оюун залам, улаан шүхэр бараан дуаз, шар дөмөг цагаан манжлага, эрдэнийн сэлэм хувилгаан илдийг хоёр захаар зэрэглэн жагсаажээ. Хорин дөрвөн сүх дөмөгтөн, хорин дөрвөн бянь ташууртан хоёр гарлан зогсоод, түүний дунд алтан хатгамалт гурван шүхэр, мөнгөн эмээлт гурван хүлэг зэрэгцэн жагсаж, дундах морины өмнө хоёр баатар зогсмуй, үзвээс зүүн этгээдийн сайн эр сүр гэрэл хослон бүрдэж, хорвоо ертөнцөд хосгүй, нэгэн анги Си Жян Юэ Хэ мээх дуулалд магтсан нь:

Малгайндаа нангиа гургуулын сүүлийг хатгаж, бүсэндээ дөрвөн гуулин хонхыг зүүжээ.

Шар хэмэрлэг дээлнээс шижир гэрэл цацарч, санжлагат бүс, хатгамал хормой өнгө ялгарчээ.

Хөлд өшиглөсөн олсон шаахай хас мэт цагаан, өвдгийг ороосон хялгасан ороолт номин чулуу адил.

Хүнд зарлигийн далбаа атган хөлийн жолоо хөнтрөхүйеэ, зуун газрын чимээг нүд ирмэхүйеэ хүргэмүй.

Энэ хэн болов хэмээвээс Лян Шань уулын гүйдэг дайвуу хий хүлэгт Дай Зүн ажгуу. Гартаа шар торгон зарлигийн далбааг барьж, тухайлан нааш цааш зорчин явж дайн байлдааны мэдээг хүргэн цэрэг хөдөлгөж жанжин дайчлах чухал үйлийг хамаармуй. Баруун этгээдэд эсэргүүлэн зогсох баатар эр ч хүмүүнээс өөр олноос этгээдээр хуягласан ажгуу. Нэгэн анги Си Жян Юэ Хэ мээх дуулалд магтсан нь:

Баруун эмжээрт дээл бие дүүрэн хэмэрлэг, хөх өнгөт алчуур цогц дүүрэн алт. Санчигт хатгасан оюу хуар адбиш хээнцэр, ангир галуут хас бал асар гэрэлтэй. Улаан сүлжсэн хэмэрлэг хормойвчийг дундуураа ороон, цагаан мушгирсан мяндсан бүсийг бэлхүүсэнд даруулжээ. Төрөлх хэрэглэсэн холховч нумыг ташаан дээрээ зүүж түмэн хуягийн дотор огоот хээнцэр.

Энэ хэн болов хэмээвээс Лян Шань уулын цуут эр, нягт үйлийг сэтгэлчлэн бүтээх дайван гэнгэн эр Янь Чин болой. Ардаа хатуу нум агсаж, хурц зэвийг хатгаж, гартаа алд урт шийдэм бариад тухайлан дундад цэргийг сахин хамгаалмуй. Дундад цэргийг алсаас бараалбаас, баруун этгээдийн алтан хатгамалт хөх торгон шүхрийн доор эрдэнийн эмээлт морин дээр эрдэм увдис зэргээс хэтэрсэн нэрт бумба саатжээ. Нэгэн анги Си Жян Юэ Хэ мээх дуулалд түүний хуягласан байдлыг магтсан нь:

Чандмань эрдэнийн титэм малгай биндэрьяа хас татуур, тогоруу бүжиглэж туяа цацарсан улаан бор дээл. Арга билгийн хувилгаан сэлмийг ардаа үүрэхүйеэ, алтан гэрэл хуйгаас гялс гялс цацармуй. Хөх хэмэрлэгийн шүхэр хойноос дагалцахуйяа, хувилгаан багш хээр морины нуруунд хөндлөн залран саатжээ.

Энэ хэн болов хэмээвээс Лян Шань уулын салхи бороог урьж чөтгөр сахиусыг зарж чадах увдист багш үүлэн хүлэгт Гүн Сүньшэн мөн ажгуу. Хувилгаан эрдэнэт хоёр сэлмийг ардаа үүрч, бор улаан мяндсан жолоог гартаа атгажээ. Зүүн этгээдийн алтан хатгамалт хөх шүхрийн доор, алтан эмээлт морин дээр арга бодлого төгс бүрдсэн ялагдашгүй цэргийн багш Ү Юн заларчээ. Нэгэн анги Си Жян Юэ Хэ мээх дуулалд түүний хуягласан байдлыг магтсан нь:

Бомбын цагаан дээлийг бараан хоргойгоор эмжээрлээд, бор дурдан бүсийг номин гархиар тэвхэлжээ. Галуун өдөн дэвүүр сажин галав дэлхийг донсолгож, хив торгон алчуураар агуу магнайг халхалжээ. Цагаан мөнгөн хуягийг махан шадар хэдэрч, шар алтан эмээлд шавхийтэл суужээ. Нэгэн хос гуулин суунагийг сүүжиндээ суйраад, бичиг цэргийн эрдэм төгссөн их багш заларчээ.

Энэ хэн болов хэмээвээс Лян Шань уулын арга бодлогод нэвтэрч цэргийн ухаанд шалгарсан увдис эрдэм үлэмж цэргийн багш оюут одон Ү Юн мөн болой, өдөн дэвүүрийг гартаа барьж, гуулин суунагийг сүүжиндээ зүүжээ. Чиг дунддын алтан хатгамалт улаан торгон шүүрийн доор шөнийг гийгүүлэх алтан эмээлт чандаган цагаан морин дээр их цэргийг ерөнхийлөн захирах өршөөл журамт их юаньшуай саатжээ. Түүний хуягласан байдлыг үзвээс:

Гардийн жигүүрт дуулганы оройд алт сувдыг зүүж, шаргал туяат шижир хуягт луун хайрс түгжээ. Хэмэрлэг магнагийн гүйс цэцэг хаврын туяаг угтаад, хувилгаан сэлмийн хурц гэрлээс өнгөт солонго татжээ. Хуар шагласан дурдан ороолтоор хөл юүгээ ороон, хас тэвхт ёнхор бүсийг дундаараа бүсэлжээ. Сувдын жигүүр нэгэнт дэлгэмэгц улаан униар татаад, сав ертөнцөд заяаж буусан Тянь Ган одны тэргүүн.

Энэ хэн болов хэмээвээс түв хэмээн Лян Шань уулын цайзын эзэн,

Жижоу фү-ийн Юн Чэн сянь-ий хүмүүн, Шаньдун газрын цагийн хур бат журамт Сүн Жян мөн болой. Дуулга даран хуяг өмсөж эрдэнийн сэлмийг гартаа барьж, алтан эмээлт саарал морь унаж, жагсаалд зогсон цэрэг морийг захирч дундад цэргийг дайчилж явмуй. Түүний араар урт жад үзүүрт сэрээ архайж, алтан эмээлт агт хүлэг жигдэрч, жар далан жигүүрийн жанжин жад сэлэм барин нум сум агсаж дөрөө өшиглөн жагсмуй. Морь цэргийн араар хорин дөрвөн ясан бүрээ, цэргийн хэнгэрэг хөгжмийн зэвсгийг зэрэглэн жагсаажээ. Жагсаалын араар хоёр багийн хуяг цэргийг хоёр этгээдэд бүгүүлж, жагсаалын хөлийг бэхлэн сахиулаад эсрэг баатар Мү Хүн, бяцхан эсрэг Му Чүн лүгээ морьт явган цэрэг мянган таван зуун хүмүүнийг авч дундад цэргийн зүүн жигүүрт жагсааж, улаан үст Лю Тан бээр есөн сүүлт мэлхий Тао Зүнван лугаа морьт явган цэрэг мянга таван зуун хүмүүнийг авч баруун жигүүрт зогсжээ. Ар жагсаалын нэгэн анги эхнэр цэргээр гурван морьт эхнэр жанжныг багларан хүрээлмүй. Хас хатгуурт Ху Сань Нин голд зогсож, өлөгчин барс Гу Да Саозүүн этгээдэд орж, эм ягчис Сүнь Эл Нин баруун талд зогсож, тэд гурвуулын эр нь жагсаалын арыг даржээ. Ягжгар барс Ван Ин голд зогсож, бяцхан Жин Дэ Сүнь Синь зүүн этгээдэд орж, ногоо таригч Жан Чин баруун талд зогсоод морьт явган цэрэг гурван мянган хүмүүнийг захирмуй. Жагсаалын байдал адбиш гайхалтай, үзвээс:

Илд болбоос найман хүлилээр жагсаж, далдад болбоос есөн мэнгээр нийлжээ. Тэнгэр газрын боомт хүйсийг эзлэн, үүл салхины амьсгал уурыг булаажээ. Хойш өмнөш матар могой мэт хувилан, зүүнш баруунш луу барсын төлөвөөр улирмуй. Улаан улаагчин туг хөдөлмөгц, түмэн хэсэг түймрийн гал Тянь Шань уулыг шатаах мэт, хар харагчин далбаа сажилмагц, тэнгэрийг бүрхсэн хар үүл дэлхий дахиныг залгих адил. Зүүн биед хөх уур манаран эргэлдэж, баруун этгээдэд цагаан гэрэл суунаглан татмуй. Төв дундад алтан туяа гялалзан цацраад, шар шарагчин дунд ангийг эзэлжээ. Дөрвөн зүгт хорин найман одыг хувааж, найман зовхист жаран дөрвөн хүЛи Лийг дэлгэжээ. Толгой сүүл ялгагдахгүй, нэгэнт хөдөлбөөс урт могой цагариглах мэт, анги баг тэр тэгш, гэнэт үзвээс догшин барс магших адил. Морьт хуяг урагш хойш зөрөлдөн, явган цэрэг нааш цааш дайлалдмуй. Эртний найман хүЛи Лийн жагсаалаас хэтийдэж, язгуурын зургаан зүйлийн байрлалаас давмуй, цэргийн багш Жу Гэ Күн Мин увдис улируулах мэт, тэнгэрийн сахиус Ли Жин гайхамшиг үзүүлэх адил.

Түүнээс эзэн юаньшуай Түн Гуань жагсаалын дундах жанжны тайзан дээрээс Лян Шань уулын цэрэг морийг нүд тавин үзэх зуур есөн мэнгэ найман хүЛи Лийн жагсаал бүрдэж хуяг цэрэг нь хурц шаламгай, баатар жанжин нь бяр чадалтай тул цөс хэмхрэн сүнс зайлтал эмээж дуу алдан өгүүлрүүн: - Энэ зэрэг сүрхий тул хураамжлахуйхаар ирсэн албан цэрэг дарагдаж эгэхгүй ёсон баймуй уу! хэмээгээд хараахан хүлээж атал Сүн Жян-ын жагсаалаас байлдаан зарлах харанга хэнгэрэг хүнгэрсэн дуугарсанд Түн Гуань яаран тайзнаас бууж байлдааны хүлэгтээ мордоод  өмнөд цэргийн олон жанжны дэргэд ирж асууруун: - Хэн айхгүй гарч хариу өчмүй? хэмээхэд хошууч ангиас нэгэн сайн эр морь довтолгон гарч ирээд морин дээрээс Түн Гуань-ий зүг мэхийн ёслоод: - Өчүүхэн жанжин дуртайяа зарлигийг хүлээн эчсүгэй хэмээсэнд Түн Гуань үзвээс Жэнжоу Фү-ийн цэрэг морийг захирах дүжян, дэд хошууч жанжин Чэнь Жу мөнгөн хуяг цагаан дээл өмсөж, улаан монцогт хөх морь унаж, урт эшт дам илдийг барьжээ. Түн Гуань цааз зарлан жагсаалын өмнөх тугийн доор гурван зэрэг хэнгэрэг дэлдүүлж, өндөр тайзнаас улаан далбаа сажилсанд Чэнь Жу нисэх мэт довтолгон тугийн доороос гарахуйяа хоёр этгээдийн цэрэг морь нэгэн дуугаар бархиралдан үүсгэв. Чэнь Жу жолоо татаж, илдээ хөндлөн барьж, өндөр дуугаар хашхиран өгүүлрүүн: - Үхлээ эрсэн өшөөт хулгай, эзнээс урвасан эргүү дээрэм тэнгэрийн цэрэг ирсэн атал юун хэмээн орж өгөхгүй буй. Гар хөдөлж махан жян болтол занчигдваас хэдий гэмшивч оройтмуй! хэмээсэнд Сүн Жян-и цэргийн ас өмнөх жагсаал дахь хошууч дайван барсын жанжин Чинь Мин хүлэг хийсгэн жагсаалаас гараад, огт дуу гарахгүйгээр чонын араат шийдмээ эргүүлэн Чэнь Жу-г угтан авав. Унасан хүлэг дүүлэн тоглож атгасан зэвсэг хангинан дуугарч, хүнд шийдмээр хөнтрөн цохиход дам илдээр тосон цавчиж хойш урагш зөрөлдөн хориод удаа болсон хойно Чинь Мин хоосныг цавин буруулахуйяа Чэнь Жу нэхэн ирж нэгэнт цавчваас оносонгүй. Чинь Мин тухайг үзэж шийдэм өргөн нэгэнт занчсанд Чэнь Жу-ийн гавал оногдож мориноос тонгорцоглон унаж үхэв. Чинь Мин-ий туслагч жанжин Шань Тингүй, Вэй Жин Го хоёул морь тавин гарч ирээд Чэнь Жу-ын унасан хүлгийг булаан аваад, Чинь Минь-ийг өмөглөн эгэв.

Төдийд зүүн өмнөх жагсаалын тугийн доорх барсын жанжин хос жадат Дүн Пин бээр Чинь Мин-ий тэргүүн гавъяа байгуулсныг үзээд морины дээр ийн санаруун: - Эдүгээ их цэргийн догшин сүр нэгэнт бадарсан тул энэ тохиолд даран ороод Түн Гуань-ийг барихгүй ямар цагийг хүлээмүй! хэмээгээд аянгын дуугаар хашхиран хос жадаа сунгаж морь ташуурдан дайран ирсэнд Түн Гуань морь эгүүлэн дундад цэргийн зүг эчихүйеэ баруун өмнөх жагсаалын тугийн доорх гавшгай баатар Суо Чаобас их дуугаар: - Одоо Түн Гуань-ийг барихгүй ямар цагийг хүлээмүй! хэмээгээд саран сүхийг дээр далайн алан ирсэнд дундад жагсаалын Чинь Мин хоёр этгээдийн цэрэг морь дайран орсныг үзээд өөрийн багийн улаан тугийн цэрэг морийг дохиж, Түн Гуань-ийг барихаар жагсаалыг даран оров. Энэ үнэхээр огторгуйд халих омогт тас өчүүхэн болжморыг нэхэж, ууланд дүүлэх галзуу барс нялх хургыг шүүрмүй. Эгнэгт Түн Гуань-ий амь нас хааш болохыг мэдсүгэй хэмээвээс түр доорд бүлэгт үзтүгэй.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top