Агаарын бохирдол өнгөрсөн жилтэй харьцуулахад 25-40 хувь нэмэгджээ

2021 оны 12 сарын 08

“Сайжруулсан түлшний цогц хэрэглээ”, “Утаагүй, угааргүй ухаалгаар хэрэглэе” аяны хүрээнд Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Орчны бохирдлыг бууруулах үндэсний хороо, нийслэлийн Захирагчийн ажлын алба, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Цаг уур орчны шинжилгээний газар болон “Таван толгой түлш” компанийн төлөөллүүд агаарын чанарын мэдээллийг нэгдсэн байдлаар хүргэлээ. Тус хурлын үеэр нийслэлийн агаарын чанарыг сайжруулах, түүнд авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, түлшний асуудалтай холбоотой цаг үеийн асуудлын талаар ярьсан юм.

100 ГАРУЙ МЯНГАН ӨРХ СТАНДАРТЫН БУС ЗУУХТАЙ БАЙНА

Нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газрын дарга Б.Пүрэвсүрэн:  Улаанбаатар хотын агаарын чанарыг 2018 оноос өмнө болон хойно хэмээн хоёр түвшинд хуваан авч үздэг. Энэ нь сайжруулсан шахмал түлшийг түлэхээс өмнө болон түлсний дараах байдлыг илтгэнэ. Агаарын чанарын үзүүлэлтийг ганц өдрөөр хэмжээд сайн эсвэл муу байна хэмээн дүгнэж болохгүй. Энэ жилийн арваннэгдүгээр сарын агаарын бохирдол өмнөх жилийн мөн үетэй харьцуулахад их байгаа. Өнгөрсөн жилийн мөн үед нийт авто тээврийн 15-20 хувь нь авто замаар зорчсон. Бүх нийтийн бэлэн байдлын үе байсан гэсэн үг. Тэр үед агаарын чанар сайн байсан. Эсрэгээрээ сайжруулсан шахмал түлшний хэрэглээ нэмэгдсэн үзүүлэлт гарч байлаа.

Агаарын бохирдлыг өмнөх жилтэй харьцуулахад 25-40 хувь нэмэгдсэн. Энэ он гарснаар Улаанбаатар хотын хэмжээнд шилжин ирсэн 6,510 өрх, түр оршин суух 20,593 өрх байгаа гэсэн тоо бий.

Энэ 20 мянган өрхийг галлагааны үеэр гурван тн нүүрс хэрэглэдэг хэмээн үзвэл жилд 60 мянган тонноор сайжруулсан шахмал түлшний хэрэглээ шууд нэмэгдсэн хэмээн үзэж болно. Иймээс гал түлж буй айл өрхийн тоо буурахгүй байгаа юм. Агаарын чанарын үзүүлэлт буурахгүй байгаа шалтгаан 2-3 цэгт илэрдэг. Үүнд, Баянхошуу, Хайлааст, Дамбадаржаа гэх газруудыг нэрлэж болно. Тус цэгүүдийн суурин харуулын мэдээ байнгын бохирдол ихтэй хэмээн илэрдэг юм. Түр оршин суух иргэдийн тооноос гадна автомашины тоо манай хотод буурахгүй байна. Ноднин жилтэй харьцуулахад автомашины тоо 8,5 хувиар нэмэгдсэн.

Автомашины тоо буурахгүй байгаа нь агаарын бохирдлыг нэмэгдүүлэхэд шууд нөлөөлж байгаа хэмээн үзэж болно. Мөн гэр хорооллын айл өрхийн сайжруулсан шахмал түлшний стандартын зуух хангалтгүй байгаа юм. Гэр хорооллын айл өрхийн зуухыг 2020 онд тоолоход 141,968 байгаагаас 54 мянга буюу 38 хувь нь стандартын зуухтай байлаа. Үлдсэн 87 мянган айл, шилжин ирсэн зургаан мянган өрх, түр оршин суугаа 20 мянган өрх зэргийг нэмээд үзвэл 100 гаруй мянган өрх стандартын бус зуухтай байна хэмээн үзэж болно.

ЭМЭЭЛТЭД МАХНЫ ХУДАЛДАА ЭРХЭЛДЭГ ҮЙЛДВЭРҮҮД ТҮҮХИЙ НҮҮРС ХАДГАЛСАН ЗӨРЧЛИЙГ ИХЭЭР ГАРГАСАН

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дарга Н.Нарангэрэл: Мэргэжлийн хяналтын байгууллага түүхийн түлшний хэрэглээг хорьсон тогтоолын хэрэгжилтийг хангах үүднээс Таван толгой түлш компанийн үйлдвэрлэлийн үйл ажиллагаа, агаар бохирдуулагч эх үүсвэр, автотээврийн шалган нэвтрүүлэх товчоо зэргийн хяналтын чиг үүргийг гүйцэтгэн ажилладаг. Энэ оны байдлаар 19.6 тн түүхий нүүрсийг Улаанбаатар хот руу зөвшөөрөлгүйгээр нэвтрүүлэхийг завдсан зөрчил илэрсэн. Тухайн нүүрсийг Амгалан дулааны станцад хүлээлгэн өгч, Зөрчлийн тухай хуулийн дагуу торгууль ногдууллаа. Энэ зөрчлийг 2019-2020 онтой харьцуулахад 90 хувиар буурсан үзүүлэлт юм.

Агаарын чанарыг сайжруулах бүсээс сайжруулсан шахмал түлшийг Улаанбаатар хотоос авч гарахыг завдсан зөрчлүүд илэрсэн. Нийт 6,115 шуудай сайжруулсан түлшийг авч гарахыг завдсан байна. Агаар бохирдуулагч эх үүсвэр ашиглагч аж ахуйн нэгжүүдэд энэ оны 9-11 дүгээр саруудад шалгалт хийсэн. Шалгалтаар найман зөрчил илрүүлж, 60 гаруй тн өнжмөл түүхий нүүрсийг Улаанбаатар хотоос гаргахыг завдсан байгаа. Түүхий нүүрс хадгалсан болон ашигласан зөрчлийн дагуу 24 сая төгрөгийн торгууль ногдуулсан.

Эмээлтэд үйл ажиллагаа явуулдаг махны үйлдвэрүүд энэ төрлийн зөрчлийг ихээр гаргасан нь тогтоогдлоо. Түүхий нүүрс хэрэглэсэн болон худалдаалсан эсэхийг шалгахад дөрвөн зөрчил илэрсэн.

Сонгинохайрхан дүүрэгт гурван зөрчил илэрсэн юм. Үүнд, долоон шуудай, есөн шуудай болон гурван тн нүүрсийг хадгалсан зөрчил илэрсэн. Яагаад хадгалсан хэмээн хэлж байгаа вэ гэхээр өнжмөл нүүрс байсан юм. Сүхбаатар дүүрэгт нэг зөрчил илэрсэн. Энэ нь есөн шуудай түүхий нүүрс хадгалсан  зөрчил байв. Таван толгой түлш компанийн нүүрсээс 48 төрлийн дээж авсан. Дээжийг шинжлэхэд түлшний стандартын дагуу найрлагатай байлаа.

АЧАА ТЭЭВРИЙН ҮНЭ ӨССӨНӨӨР БАРЬЦАЛДУУЛАГЧ ЭДИЙН ҮНЭ ДАГАЖ ӨСЛӨӨ

Таван толгой түлш компанийн Нүүрс боловсруулах үйлдвэрийн дарга Х.Галымбек: Сайжруулсан шахмал түлшний үндсэн түүхий эд Ухаахудагаас ирдэг. Эрчим хүчний баяжуулсан буюу угаасан нүүрс нь түлшний найрлагын 95-96 хувийг эзэлдэг юм. Үндсэн дөрвөн хувийг барьцалдуулагч эзэлж байгаа. Шахмал түлшний барьцалдуулагч эдийг дотоодоос болон импортоор авдаг. Сайжруулсан шахмал түлшний орц найрлагад ямар ч өөрчлөлт ороогүй. Тогтмол хяналт хийж явдаг.

Өнөөдрийн байдлаар сайжруулсан шахмал түлш үйлдвэрлэх эрчим хүчний баяжуулсан нүүрсийг 401 мянган тонныг нөөцөлсөн. Мөн барьцалдуулагч эдийн 1,700 тн нөөц бий. Энэ нь 17-20 хоногийн нөөц юм. Шуудайны хувьд 25 кг-аар савлах хэмжээтэй 1,3 сая ширхэг байна. Нийт 14 хоногийн шуудайны нөөц юм. Түлшний эрэлтийн нөхцөл байдалтай уялдуулан 200-300 өрх тутамд нэг борлуулалтын цэгийг ажиллуулж байгаа.

Өнөөдрийн байдлаар 600 борлуулалтын цэгт 165 техник хэрэгслээр түлшийг хангах ажил явуулж байна. Барьцалдуулагчийг дотоодоос хангах нөхцөл байгаа эсэх талаар 10 аж ахуйн нэгж байгууллагатай энэ оны нэгдүгээр сард уулзсан.

Үүний хүрээнд нээлттэй сонгон шалгаруулалт зарласан байгаа. Өнөөдрийн байдлаар манай компанитай гурван аж ахуйн нэгж гэрээ байгуулсан. Цар тахлын улмаас ачаа тээврийн үнэ өссөн. Үүнийг дагаад барьцалдуулагч эдийн үнэ ч өсөөд байна. Сайжруулсан шахмал түлшний хэрэглээ өсөж байгаа. Хэрэглээний өсөлтийг дагаад барьцалдуулагч эдийн хэмжээ ч өссөн. Өнгөрсөн өвлийн тоон мэдээллээс харахад шахмал түлшний үнэ 70 хувиар буурахад хэрэглээ 70 хувиар нэмэгдсэн байлаа. Мөн шуудайны нээлттэй сонгон шалгаруулалт зарласан.

Одоогийн байдлаар хоёр аж ахуйн нэгж нийлүүлэхээр материалаа ирүүлсэн. Нэг компани нь Хятадаас нийлүүлэх бол нөгөө компани нь Хятадаас түүхий эдийг авч дотооддоо үйлдвэрлэнэ хэмээн материалдаа тусгасан байна. Иргэдээс шуудайг худалдаж аван, дахин боловсруулах ажлыг удахгүй эхлүүлнэ.

УГААРЫН ХИЙН НЭМЭЛТ ДАМЖУУЛАГЧИЙГ 30 МЯНГАН ӨРХӨД СУУРИЛУУЛСАН

Таван толгой түлш компанийн Хэрэглэгчдэд үйлчлэх албаны дарга Ч.Буянжаргал: Угаарын хийн хордлогоос иргэдээ хамгаалахын тулд хэрэглэгчиддээ үйлчлэх төвийг байгуулсан. Хэрэглэгчдэд үйлчлэх төв нь угаарын хий мэдрэгчийг ажиллуулах, дохиолол дамжуулах зэрэг ажлыг хийж байгаа. Мөн сайжруулсан шахмал түлшийг хэрхэн зохистой хэрэглэх талаар зөвлөмжийг хүргэсээр байна. Таван толгой түлш компанийн Хэрэглэгчдэд үйлчлэх албанаас энэ оны галлагааны улиралд Улаанбаатар хотын зургаан дүүргийн 190 гаруй мянган өрхийг хяналтдаа аван ажиллаж байгаа. Угаарын хийнээс урьдчилан сэргийлэхийн тулд шат дараатай олон арга хэмжээг авч ажиллаж байна.

Үүний нэг нь бүхий л айлд байх угаарын хийн мэдрэгчид нэмэлт дамжуулагчийг суурилуулсан. Энэ дамжуулагч нь тухайн айлд ялгарч буй угаарын хийн мэдээллийг 24 цагийн туршид дэлгэцээр хянах боломжтой зүйл юм.

Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотын зургаан дүүргийн 30 гаруй мянган өрхөд дамжуулагчийг суурилуулсан. Манай хяналтын дэлгэцэд 547 удаагийн угаарын хийн хэмжээ өндөр түвшинд гарсан дуут дохио ирсэн юм. Үүнээс 266 дуудлага нь шөнийн цагаар ирсэн дуудлага байна. Шөнийн цаг нь 22.00-07.00 цагийн хооронд юм. Шөнийн цагаар ирсэн дуудлагын тоо их байгаа учраас 24 хүний бүрэлдэхүүнтэй шөнийн шуурхай багийг өдөр бүр ажиллуулж байна.

Өнөөдрийн байдлаар 130 өрхийн 218 иргэн угаарын хийд өртжээ. Ноднин жилийн мөн үед 228 удаагийн дуудлагад 396 хүн өртсөн. Үүнээс угаарын хийн дуудлага 50 хувь буурсан хэмээн үзэж болох юм. Энгийн монгол зууханд сайжруулсан шахмал түлшийг түлж буй айлууд илүүтэй угаартсан байдаг. Энэ нь агаар бохирдоход нөлөөлөөд байгаа юм. Угаарын хийн мэдрэгчийг 190 гаруй мянган өрхөд тараасан. Айл өрхүүд угаарын хийн мэдрэгчийг зай дууссан гэх шалтгаанаар ажиллуулахгүй байна. Нийт айлын 30 хувь зай дууссан, хийн мэдрэгчийг ашиглалтын буруу байдлаас болж гэмтээсэн зэрэг тохиолдлууд байгаа.

ЦААШДАА ЕВРО5 ШАТАХУУНЫГ АВТОМАШИНУУДАД ХЭРЭГЛҮҮЛЭХ ЗОРИЛГОТОЙ БАЙНА

Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооны ажлын албаны дарга Б.Алтанзул: Байгаль орчин, аялал жуулчлалын яам болон Орчны бохирдлыг бууруулах үндэсний хороо цаашдаа угаарын хийг бууруулах, ямар арга хэмжээ авах зэрэгт анхааран ажиллаж байна. Үүний хүрээнд хэтийн төлөвт иргэдийг орон сууцжуулах, төвлөрсөн дулаан хангамжид холбох, айл өрхүүдийг хийн болон цахилгаан халаалтад шилжүүлэх төлөвлөгөөг баримталж ажиллах юм. Мөн эрх зүйн хувьд агаарын хуульд нэмэлт өөрчлөлт оруулах, шөнийн цахилгааны тарифыг хөнгөлсөнтэй ижлээр дулаанаа хийн халаалтаар шийдсэн айлуудад хөнгөлөлт үзүүлэх гэх мэт шийдвэрийг гаргуулах эрх зүйн орчныг бүрдүүлэх чиглэлээр ажиллаж байна.

Өнгөрсөн жилийн хөл хориогоор нийт тээврийн хэрэгслийн 20 хувь нь хөдөлгөөнд оролцоход агаарын чанар сайн байсан. Автомашины тоо толгой нэмэгдэх тусам агаарын бохирдол их гарч байгаа тул бид шатахууны тал дээр арга хэмжээ авах хэрэгтэй хэмээн үзсэн. Ингэхдээ Евро5 шатахууныг хэрэглүүлэх ба үнийн дүнгийн хувьд Евро2 шатахуунтай ижил байх шаардлагад анхааран ажиллаж байна. Цаашдаа Улаанбаатар хотын агаарын чанарын бүсэд Евро5 шатахууныг хэрэглүүлэх зорилготой байгаа.

Үүнтэй холбоотой хяналт, шалгалтын ажлуудыг түлхүү хийх юм.

Н.АНУЖИН

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Схдн иргэн(59.153.86.39) 2021 оны 12 сарын 08

Түлш олдос муутай бас 6 шууудай нь хүрэхгүй байгаа тул иргэд юу ч хамаагүй түлж агаар бохирдуулж байгаашдээ түлшний чанар муудаж олон удаа галлаж бна

0  |  0
Top