Газрын тосны үйлдвэр ашиг дагуулах эсэх нь биднээс хамаарна

2021 оны 12 сарын 07

УИХ-ын дарга Г.Занданшатарын Энэтхэг улсад хийсэн айлчлалын үеэр яригдсан үндсэн сэдвүүдийн нэг нь Газрын тос боловсруулах үйлдвэрийн талаар байв. Энэтхэгийн талаас тус үйлдвэрийг хугацаанд нь ашиглалтад оруулахад дэмжин ажиллана гэсэн байр суурийг илэрхийлээд, манай спикерийг буцаажээ.

Ер нь бол тус үйлдвэр ашиглалтад ороод, үйлдвэрлэлийн хүчин чадлаа бүрэн дүүрэн ашиглах асуудал тэднээс биш биднээс голлон хамаарна. Учир нь Энэтхэгийн тал зээлийн санхүүжилтийг шийдвэрлэхэд хүндрэл чирэгдэл манайд эхнээсээ учруулаагүй. Эсрэгээрээ бидний тухайд тус үйлдвэрт  боловсруулах түүхий тосныхоо эх үүсвэрийг, нөөцийн тасалдалгүй байдлыг шийдвэрлэх гол ажилдаа анхаарал хандуулах, илүү үндэслэлтэй тооцооллуудыг гаргаж ирэх шаардлагатайг хэлэх талууд байна. Дорнодын  Тосон-Уул, Тамсаг, Дорноговийн Цагаан-Элс  гэсэн ордуудаас  түүхий тосоо татан авна гэсэн мэдээллийг өгч буй ч, хэрэгжүүлэх шатанд шийдвэрлэх олон асуудлууд байгаа нь анзаарагдаж байгаа юм.

Сануулахад, Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди 2015 оны тавдугаар сард Монгол Улсад албан ёсны айлчлал хийх үедээ найман жилийн хугацаанд эргэн төлөгдөх нөхцөлтэй 1 тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээл олгох боломжтой гэдгээ мэдэгдээд буцаж байсан түүхтэй. Модигийн айлчлалаас арван сарын дараа буюу 2016 оны дөрөвдүгээр сарын эхээр Монголын Засгийн газрын төлөөлөгчид Дели хотноо очицгоож, 1 тэрбум ам.долларын зээлийн нөхцөлийг хөнгөвчлөх талаар хэлэлцээ хийсэн байдаг. Улмаар зээлийн хүүг жилийн 1,75%, хугацааг 25 жил, зээлийн үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх хугацааг долоон жил байхаар тохиролцсон байдаг.

Түүнчлэн Дорноговь аймаг дахь Газрын тосны үйлдвэрийг уг зээлээр барьж, байгуулж байгаа  юм. Манай улс анх зээлсэн 1 тэрбум ам.доллар дээр нэмээд 236 сая ам.долларын зээл авсан бөгөөд үндсэн төлбөрийн төлөлт 2025 оноос хийгдэж эхлэх ёстой.

Тус үйлдвэрийн гаднах дэд бүтцийг 2019 оны аравдугаар сарын 8-ны өдөр  ашиглалтад хүлээн авч, барилга угсралт, хөрөнгө оруулалтыг албан ёсоор эхэлснийг, цаашлаад 2023 онд үйлдвэрийг ашиглалтад хүлээн авна гэх мэдээллийг  Засгийн газраас өгч байсан. Тэгвэл энэ хугацаа хойшилсон. Сүүлд УУХҮ-ийн сайдын өгсөн мэдээллээр үйлдвэр ашиглалтад орох хугацаа  2024 он болж, нэг жилээр хойшилсон. Ковидын нөхцөл байдлаас үүдэн дахиад хойшилж болзошгүй талаар ч яригдаж буй. Анх бол 2022 онд ашиглалтад орно гэх мэдээллийг ч албаныхан өгч байсан удаатайг сануулахад илүүдэхгүй байх.

Энэ үйлдвэрийн ажлыг эрчимжүүлэх хүрээнд УИХ-аас 2021 оны нэгдүгээр сард “Газрын тос боловсруулах үйлдвэрийг дэмжих тухай хууль”, Засгийн газраас 2021 оны наймдугаар сард “Газрын тос боловсруулах үйлдвэрт төрөөс дэмжлэг үзүүлэх журам”-ыг тус тус баталсан.

Сая спикерийн айлчлалын хүрээнд, манай талаас одоогоор үйлдвэрийн инженерчлэл, зураг төслийн ажил дуусч, өнгөрсөн нэгдүгээр сараас технологийн бус барилга байгууламжийн барилга-угсралтын ажил эхэлсэн гэсэн мэдээллийг Энэтхэгийн талд өгч байна лээ. Түүнчлэн төслийн бүтээн байгуулалтын ажлын хүрээнд ложистикийн асуудлыг үе шаттайгаар шийдвэрлэхэд анхаарч, түүхий тос тээвэрлэх хоолойг үйлдвэр ашиглалтад орохоос даруй зургаан  сарын өмнө барьж байгуулахаар төлөвлөж байна гэсэн мэдээллийг өгсөн юм.


 

УУХҮЯ-наас Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын явцын талаар дараах мэдээллийг өгч байна.


 

Үйлдвэрийн бүтээн байгуулалт дараах дөрвөн үе шатаас бүрдэнэ.

 

  • EPC1 Технологийн бус барилга байгууламж, ус дамжуулах хоолой, үйлдвэрийн талбайн дэд бүтцийн бэлтгэл
  • EPC2 Анхдагч процессийн болон дагалдах байгууламжууд
  • EPC3 Үйлдвэрийн цахилгаан станц
  • EPC4 Гүн боловсруулалтын лицензтэй технологийн ГТБҮ-ийн байгууламжууд

 

Төслийн явц

 

  • Инженерчлэл, зураг төсөл боловсруулах ажил үе шаттайгаар хийгдэж байна.
  • Технологийн бус байгууламжийн (EPC-1) ажлын гэрээг 2020 оны аравдугаар сарын 13-ны өдөр байгуулж, ажлыг 2021 оны гуравдугаар сард эхлүүлсэн.
  • Технологийн байгууламжуудын барилга угсралтын ажлын (EPC-2,3) Ерөнхий гүйцэтгэгчийн урьдчилан сонгон шалгаруулалт явагдаж байна.
  • 550 айлын хотхоны эхний ээлжийн орон сууцны барилгын ажил 90%-тай байна.
  • Дэд бүтцийн бүтээн байгуулалтын ажил (төмөр зам, автозам, цахилгаан дамжуулах агаарын шугам)-ын ажил хийгдэж дууссан.

 

 

Хүчин чадал

 

  • Жилд 1.5 сая тн газрын тос боловсруулах үйлдвэрлэл /Евро-5 стандарт/
  • Автобензин 339 мян.тн
  • Дизель түлш 824 мян.тн
  • Онгоцны түлш 80 мян.тн
  • Шингэрүүлсэн шатдаг хий 43 мян.тн
  • Зуухны түлш 47 мян.тн

 

Нийгэм, эдийн засгийн ач холбогдол

 

  • Бүтээн байгуулалтын хугацаанд 6000 хүнийг ажлын байраар хангана.
  • Цаашид үйлдвэрт 600 тогтмол ажлын байр бий болно.
  • Түлш, шатахууны импортын хамаарлаас гарна.
  • Шатахууны үнэ импортын шатахуунаас 15-20 хувь хямд байх боломж бүрдэнэ.
  • Нефть-химийн аж үйлдвэрийн шинэ салбар бий болно.
  • Шатахууны дотоодын хэрэгцээний 55-60 хувийг хангана.
  • Гадаад худалдааны алдагдал $1.0 тэрбум орчмоор буурна.

 

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zochin (66.181.186.142) 2022 оны 10 сарын 20

Uildver barihiig bol yarah heregtei baihaa

0  |  0
Top