Монгол Улсад түүхийн шинжлэх ухааны салбар үүсэж хөгжөөд 100 жилийн ойтойгоо энэ жил золгож байна. Эртнээс улбаатай Монголын түүх аугаа болоод бидний амьдралд гүн гүнзгий ач холбогдолтой. Түүнийгээ дагаад түүхийг судалдаг эрдэмтэн, судлаачдын ажиллах нөхцөл, ахуй амьдрал, судалгааны эргэлт нь ямар түвшинд байгаа, Монголын түүхийн шинжлэх ухааны хөгжлийн асуудал ч хөндөгдөх л сэдэв. Эдгээр сэдвээр ярилцахаар ШУА-ийн Түүх, угсаатны зүйн хүрээлэнгийн захирал, доктор, дэд профессор Ц.Цэрэндоржийг “Өглөөний зочин” буландаа урьснаа хүргэж байна.
-Орчин цагийн шинжлэх ухааны салбар үүсэж хөгжөөд 100 жилийн ойтойгоо золгож байна. Энэ салбарын ууган хүрээлэнгүүдийн нэг нь Түүх, угсаатны зүйн хүрээлэн шүү дээ. Танай хүрээлэнгийн өнгөрсөн 100 жилийн түүхийн эхлэл хийгээд өрнөл, гол ололт, амжилтаас товчхон яриагаа эхлүүлье?
-1921 онд анх орчин цагийн шинжлэх ухааны байгууллага байгуулах санаачилга гарч, Зөвлөлт Оросын Академия наук буюу Шинжлэх Ухааны Академи шиг байгууллага байгуулах санаатай байсан боловч Хичээнгүй сайд Б.Цэрэндорж нарын өтгөс эрдэмтэд тийм байгууллага байгуулахад “Салбар олон зүйлийг шинжлэх эрдэмтэн хараахан дутагдалтай тул ... судар бичгийн хүрээлэн гэгчийг байгуулбал, манай одоогийн хир хүчинд таарах юм байна” гэж зөвлөснөөр эрдэм судлалын анхны байгууллагыг Судар бичгийн хүрээлэн хэмээн нэрлэсэн байдаг.
Энэ нь тухайн үеийн Монгол Улсад байсан эрдэм судлалын боловсон хүчний нөөцдөө тулгуурлан, гагцхүү “судар бичиг, бичиг зохиол судалдаг”, өнөөгийн хэлээр хүмүүнлэг, нийгмийн ухаанд суурилсан судалгаа шинжилгээний газар байгуулсан гэдгийг харуулж байна. Ер нь “судар” гэдэг санскрит үгийн тухайн үед түгээмэл байсан нэг утга нь “түүх” гэсэн үг л дээ. Хятадаар “Юань ши” буюу орчуулбал “Юань улсын түүх”-ийг Монголын Дандаа чинсан хэмээх их эрдэмтэн “Юань улсын судар” гэж орчуулсан нь үүний тод жишээ. Гэхдээ ингэж орчуулах нь угтаа Манжийн эрхшээлийн үеэс эхтэй.
Тэр үеийн монгол, хятад, манж толь бичгүүдэд хятад хэлний “ши” буюу “түүх” гэдэг үгийг монголоор “судар”, манжаар “сүдүри” гэж орчуулсан байдаг. Бас Судар бичгийн хүрээлэнгийн анхны Дүрмийн нэгдүгээр зүйлд “... Монгол газрын элдэв зүйлийн хуучин ном судруудыг олж бүрэн бүтэн хадгалах ба Монгол үндэстэнд чухал холбогдох хэргийн бичигтэй хөшөө чулууны зэрэг зүйлүүдийг батлан хамгаална” хэмээн заасан байдаг.
Өөрөөр хэлбэл, Судар бичгийн хүрээлэн нь түүх судрыг цуглуулах, түүхийн гэрэлт хөшөө чулууны бичээс зэргийг сахин хамгаалахаас үйл ажиллагаагаа эхлүүлж байжээ. Судар бичгийн хүрээлэнгийн, дээр дурдсан үйл ажиллагааны чиглэлүүд хийгээд байгуулагдсан даруйд явуулсан түүх, археологийн чиглэлийн судалгаа шинжилгээг харсан ч, Судар бичгийн хүрээлэнгийн анхны дөрвөн гишүүн түүх, угсаатны зүй, түүхэн газар зүй зэрэг чиглэлийн судалгаа хийдэг хүмүүс байсныг харгалзаж үзсэн ч тус хүрээлэнгийн нэгэн гол ажил нь түүхийн судалгаа байсан нь мэдэгддэг.
Эдгээр учир шалтгааны үндсэн дээр манай хүрээлэнгийн түүхийг 1921 оноос эхлэлтэй гэж үзэж байгаа юм. Хэдэн жилийн дараа 1924 онд Судар бичгийн хүрээлэн дотроо Түүхийн кабинет гэж байгуулагдаад, дараа нь Түүх судлах газар гэж нэг хэсэг яваад 1961 оноос Шинжлэх Ухааны Академи байгуулагдахад Түүхийн хүрээлэн хэмээн нэрлэгдэж, академийн анхны таван хүрээлэнгийн нэг болсон түүхтэй. Өнгөрсөн хугацаанд Монголын түүхийн судалгаанд ололт авчирсан зарим судалгааны үр дүнгээс хуваалцахад, Монголын үндэсний эрдэмтэн судлаачдын өөрсдийн бие даан туурвисан анхны томоохон бүтээл “Бүгд Найрамдах Монгол Ард Улсын түүх”-ийг гурван боть, нэг боть, 2003 онд таван ботиор туурвиж, Монгол Улсын эрт цагаас өнөөг хүртэлх түүхийг түүнд багтаасан. Мөн “Монгол Улсын угсаатны зүй” гурван боть номыг гаргалаа.
Угсаатны зүйн хээрийн шинжилгээний ажлын тайланг 11 ботиор туурвиж, Монголын эзэнт гүрний түүхийг таван ботиор бүтээсэн нь манай хүрээлэнгийн эрдэмтэн судлаачдын судалгааны гол үр дүн, ололт амжилт болно. Түүнчлэн түүхийн олон янзын сэдвээр бичсэн нэг сэдэвт зохиол, хамтын бүтээл, баримтын эмхэтгэл, сурвалж бичиг зэргийг нийлүүлээд бодохоор 100 жилийн хугацаанд 760 гаруй ном гаргасан байна. Өгүүлэл, илтгэлийг тооцвол хэдэн мянга, бүр хэдэн арван мянгаар тоологдох биз.
СУДЛААЧДЫН ТООГ МОНГОЛЫН ТҮҮХИЙН ЦАР ХҮРЭЭТЭЙ ХАРЬЦУУЛАХАД ХАМААГҮЙ БАГА
-Монголын түүхийн шинжлэх ухааны өнөөгийн түвшинг та хэрхэн дүгнэх вэ?
-Монголын түүхийн шинжлэх ухааны өнөөгийн түвшин дотроо харилцан адилгүй. Зарим үеийн түүхийн судалгаа үсрэнгүй өндөр түвшинд хүрсэн бол зарим талаар хоцрогдонгуй яваа тал ч байгааг үгүйсгэж болохгүй. Гэхдээ 2000-аад оны эхнээс шинэ залуу судлаачид гадаадад сургууль төгсөж, магистр, докторын зэрэг хамгаалж ирсэн нь Монголын түүхийн судалгааг хөгжүүлэхэд ихээхэн хувь нэмэр болж байна. Яагаад гэвэл үүнээс өмнө ялангуяа эртний болон дундад үеийн түүхийг судлахад чухал шаардлагатай сурвалжийн гадаад хэлийг эзэмших боломж муу байлаа. Харин 2000 оноос хойш сурвалжийн гадаад хэл эзэмшсэн болоод судалгааны гадаад хэлтэй залуус олноор төрж гарсан нь түүхийн судалгаанд томоохон ахиц дэвшил авчирсан.
-Монгол Улсын шинжлэх ухааны салбарын хөрөнгө оруулалт дутуу дулимаг байгааг мэдэхгүй хүнгүй болсон байх. Гэхдээ асуухгүй өнгөрч болохгүй юм. Түүхийн шинжлэх ухаанаар жишээлээд ярихад танай салбарын ажилчдын цалин хангамж, төрийн дэмжлэг ямар байдаг юм бэ?
-Монголын түүх өөрөө их аугаа түүх. Ялангуяа XIII-XIV зууны Монголын эзэнт гүрний түүх бол дэлхийн хэмжээний том түүх болно. Зөвхөн Монголын эзэнт гүрний түүх судлалаар манайх шиг бүхэл бүтэн хүрээлэн ажиллаж байж бид түүхээ хангалттай сайн судалж чадна. Гэтэл Монголын түүхийн эртний үеэс орчин үеийн түүх хүртэлх үеийн судлаачдыг тоолбол угсаатны зүйчдээ хасахад 20 гаруй судлаач л манай хүрээлэнд ажиллаж байна. Тэгэхээр судалгаа хийж байгаа эрдэмтдийн тоотой Монголын түүхийн цар хүрээгээ харьцуулахад хамаагүй бага, хүрэлцэхгүй гэж хэлж болно.
Гэхдээ түүхээр магистр, докторын зэрэг хамгаалахаар суралцаж байгаа судлаачдыг судалгаанд татан оролцуулах нь судалгааны хоосон орон зайг зарим талаар нөхөх боломжтой. Судлаачдын цалин хангамжийн хувьд хангалттай гэж хэлэхэд хэцүү. Дунджаар эрдэм шинжилгээний ажилтан 850-900 мянган төгрөгийн цалинтай байгаа. Энэ бол эрдэм шинжилгээний ажил хийхэд хангалттай цалин биш. Социализмын үед буюу XX зууны үед бол шинжлэх ухаанд маш их анхаарч, хөрөнгө хүч хаядаг байсныг та бүхэн мэдэх байх.
Тухайлбал, 1927 онд Судар бичгийн хүрээлэнгийн даргын цалин 160 төгрөг, нэр хүнд бүхий гишүүний цалин 290 төгрөг байсан. Тухайн үед нэг эр хонь найман төгрөгийн үнэтэй. Ингээд бодохоор нэг эрдэмтэн 20 эр хонины цалинтай, нөгөө эрдэмтэн 36 эр хонины цалин авдаг байжээ. Одоо тухайн цалинг тооцоод үзэхээр нэг нь дөрвөн сая гаруй төгрөгийн цалинтай, нөгөө нь 7.2 сая төгрөгийн цалинтай байжээ. Бүр 1921 онд анх Судар бичгийн хүрээлэн байгуулагдахад улсын төсвийн 1.8 хувийг зөвхөн тус хүрээлэнд зарцуулж байсан юм шүү дээ.
Харин 1980-аад оны үед бол ДНБ-ий нэг орчим хувийг эрдэм шинжилгээний ажилд зарцуулж байсан. Гэтэл одоо манайх 0.1 хувь буюу социализмын үеийн түвшингээсээ 10 дахин бага хөрөнгө зарцуулж байж эргээд эрдэмтэн судлаачдаасаа томоохон үр дүн шаардах нь харьцангуй бөгөөд зөрчилтэй. Гэхдээ би өөрсдийгөө өмөөрч байгаа хэрэг биш шүү. Бодит байдлыг л хэлж байна. Ер нь гадаадад дунджаар ДНБ-ий хоёр хувийг шинжлэх ухаанд зарцуулж байна. Өнөөгийн Монголын шинжлэх ухаанд үүнээс 20 дахин бага хөрөнгө зарцуулж байж эрдэмтэн судлаачдаасаа дэлхийн түвшинд ажиллах шаардлага тавьдаг.
ШИНЖЛЭХ УХААНД 20 ДАХИН БАГА ХӨРӨНГӨ ЗАРЦУУЛЖ БАЙЖ СУДЛААЧДААС ДЭЛХИЙН ТҮВШИНД АЖИЛЛАХЫГ ШААРДАХ НЬ ЗОХИСГҮЙ
-Өнөөдөр Монголын шинжлэх ухаанд зарцуулах зардал мөнгө 1921 онд анх шинжлэх ухааны байгууллага үүссэн үеэс, мөн социализмын үеэсээ ч хамаагүй бага байгаа нь үнэхээр харамсал төрүүлэхээр юм. Аливаа улсын шинжлэх ухааны хөгжил улсынхаа хөгжлийг илтгэх нэг том шалгуур гэдэг. Гэтэл манай улс яагаад ийнхүү ухарсан бодлого гаргах болов. Ирээдүйд шинжлэх ухааны салбарыг хөгжүүлэх, хөгжлийн гол хөдөлгүүр болсон хөрөнгө оруулалтыг нэмэхэд анхаарах нь хэр гэж та бодох юм?
-1990 оны үед нэг хэсэг улс орны байдал хүнд хэцүү байсан шүү дээ. 1990 оны эхээр намайг бага байхад бараг өдөр болгон л цахилгаан тасарна. Картын бараанд орсон, бараа бүтээгдэхүүний хомсдолтой хэцүү үед юун шинжлэх ухааныг санах манатайгаа л байсан байх. Тиймээс 10 орчим жил шинжлэх ухаан анхаарлаас их хол байсан даа. Харин 2000-аад оны эхнээс шинжлэх ухаандаа харьцангуй анхаарч, судлаачдын цалин хөлс, тоног төхөөрөмжийг сайжруулах бодлогыг барьж эхэлсэн.
Харин өнөөдөр төр засгаас шинжлэх ухаанаа өөд татах бодлогоо хэрэгжүүлээд эхэлсэн, ялангуяа сүүлийн үед бодлого харьцангуй сайжирсан. Гэхдээ нэгэнт анхаарлаас холдоод, түвшин нь доошилсон салбарыг богино хугацаанд өргөх боломж муутай. 2020 онд дэвшүүлсэн МАН-ын Засгийн газрын мөрийн хөтөлбөрт дөрвөн жилийн хугацаанд шинжлэх ухааны зардлыг дөрөв дахин нэмэгдүүлэх чиглэл тусгагдсан. Мөн шинжлэх ухааны цогцолбор барих ажлыг эхлүүлээд зарим барилгаа бариад дуусаж байна.
Энэ мэт төр засгаас шинжлэх ухаандаа анхаарал хандуулж басхүү хөрөнгө оруулалт хийж, цалин хөлсийг бага боловч нэмэгдүүлэх бодлогыг барьж ажиллаж байна. Гэхдээ л шинжлэх ухааны зарцуулалт дэлхийн дунджаас бараг 20 дахин бага байгаа үед нөхцөл байдал тийм хурдан сайжрахад бэрхшээлтэй. Шинжлэх ухааны салбараа дэмжих, хөгжлийг нь урагшлуулахад маш шуурхай, дорвитой алхам хийж ажиллах зайлшгүй шаардлага үгүйлэгдсэн хэвээр байна.
-Дэлхий дахинд Монголын түүхийн судалгааг хэрхэн судалж үнэлдэг вэ. Мөн монголчуудын судалгаа дэлхийд ямар түвшинд явна вэ?
-Дэлхийд Монголын түүхийг сонирхон судлах нь бүр эртнээсээ эхэлсэн. Гэхдээ Монголын түүхийг сонирхох нь сэдвээсээ хамаараад харилцан адилгүй. Хамгийн их сонирхож байгаа сэдэв бол XIII-XIV зууны түүх буюу Монголын эзэнт гүрний түүх юм. Дэлхийн олон орны судлаачид энэ чиглэлд судалгаа хийж байна. Тэгэхээр энэ үеийн судалгааны түвшин олон улсад нэлээд өндөрт хүрсэн. Эзэнт гүрний түүх өнөөгийн Монгол Улсын нутаг дэвсгэрээс халиад бүс нутаг, дэлхийн хэмжээний түүхийг агуулдаг учраас олон оронд манай түүх соёлын дурсгалууд, түүхэн сурвалжууд үлдэж хоцорсон. Түүнийг нь үнэндээ дэлхий даяар сонирхон судалж байна.
Эзэнт гүрний түүхээс гадна гаднынхан эртний түүхийг харьцангуй сонирхдог. Хүннүгийн түүх, Түрэгийн түүх гэх мэт Монголын эзэнт гүрнээс өмнө хүчирхэг мандаж явсан Монголын төрт улсуудын түүхийг гадаадын эрдэмтэд бас нэлээд сонирхдог. Манай эрдэмтдийн түвшин ерөнхийдөө дэлхийн судлаачидтай мөр зэрэгцэн явж байгаа ч зарим чиглэл, сэдвээр хоцрогдож яваа тал бий. Тиймээс Монголын түүхийн тэргүүлэх чиглэлүүдийг тодорхойлж, тэдгээр чиглэлдээ түлхүү анхаарал хандуулж богино хугацаанд дэлхийд тэргүүлэхийг зорьж байна.
МОНГОЛЫН ТҮҮХИЙН ТЭРГҮҮЛЭХ ЧИГЛЭЛИЙГ ТОГТООСНООР СУДАЛГААНД ДОРВИТОЙ АХИЦ ГАРНА
-Монголын түүхийн тэргүүлэх чиглэлээр та бүхэн аль салбараа тодорхойлж байгаа вэ?
-Тухайлбал, Манжийн эрхшээлийн үеийн Монголын түүх буюу XVII зуунаас XX зуун хүртэлх үеийн түүхийн судалгаанд залуу судлаачдыг татан оролцуулах хэрэгцээ байна. Учир нь энэ чиглэлд гадаадынхан анхаарах нь харьцангуй суларч байгаа. Гадаадад Манжийн үеийн Монголын түүх судалдаг судлаачдын нас явж, тэднийг залгамжлах залуус ховордуу, тэдний зарим ажлын байр хаагдаж алга болж байна. Тиймээс энэ чиглэлд манай судлаачид харьцангуй тэргүүлэх боломжтой. Тэр үеийн түүхийг судлах баримт материалууд ч Монгол Улсад хангалттай бий.
Мөн ойрхи үеийн түүх буюу XX зууны Монголын түүхээр бид тэргүүлж явна. Холбогдох архивын баримт, материалууд Монгол Улсдаа байдаг. Энэ мэтийн чиглэлүүдээ тодорхой гаргаж, анхаарал хандуулж ажиллавал Монголын түүхээр дэлхийн түвшинд судалгаа гаргах боломж харагдаж байна.
-Түүхийн академик судалгаа харьцангуй сайн явж байгаа ч түүхийг олон нийтэд хүргэх, ирээдүй үе түүхээ ухамсарлаж, үнэ цэнийг нь мэдэрдэг болгох тухайд та бүхэн ямар ажлууд хийдэг вэ?
-Бидний анхаарал хандуулах ёстой нэг сэдэв бол бидний хийсэн түүхийн судалгааг яаж олон нийт, ард иргэдэд хүргэх вэ гэдэг асуудал байна. Гадаадад бол үүнийг тусгайлан дамжуулж, эрдэм шинжилгээний судалгааг олон нийтэд хялбаршуулсан байдлаар хүргэдэг мэргэжилтнүүд байдаг. Манайд харамсалтай нь тийм хүмүүс байхгүй. Зарим нэг хүн байлаа ч буруу зөрүү дамжуулах хандлагатай байдаг. Өөрсдийнхөө санаа оноог нэмж хачирладаг. Түүх, угсаатны зүйн хүрээлэнгийн гол үүрэг бол суурь судалгаа явуулах. Тэгэхлээр суурь судалгаа явуулахын зэрэгцээ олон нийтэд хандсан ажлууд ихээр хийх нь судлаачдын судалгааны ажилд зохих хэмжээний бэрхшээл учруулаад эхэлдэг.
Гэхдээ нэгэнт нийгмийн хэрэгцээ шаардлага байгаа учраас бид суурь судалгаа явуулахаас гадна түүхийн мэдлэгийг хялбаршуулсан байдлаар олон нийтэд хүргэх, түгээхийг зорьж ажиллаж байна.
Тухайлбал, хэдэн жилийн өмнөөс Монголын түүхийн тайлбар толь гэсэн сайтыг ажиллуулж байгаа. Тэнд Монголын түүхийн тодорхой асуудал, сэдвүүдийг хялбаршуулсан байдлаар буюу аудио болон бичмэл хэлбэр, монгол бичгээр гэсэн хэд хэдэн хувилбараар байршуулсан байгаагаас түүхийн ерөнхий мэдлэгийг олж авч болно.
Мөн олон нийтэд зориулсан хялбаршуулсан товхимлуудыг гаргах ажилд анхаарч, зохих бүтээлүүд гарч байна. Бас пэйж хуудас, фэйсбүүк гэх мэт сошиал сүлжээг ашиглан түүхийн мэдлэгийг хүргэхийг зорьж байна. Энэ жилээс “Бороотой ч болзоондоо” видео подкастыг хийж эхэлсэн. Подкастаар түүхийг судлаачдаар аль болох энгийн байдлаар олон нийтэд яриулж хүргэх ажлыг зохион байгуулаад одоогийн байдлаар арван дугаар гарлаа. Цаашдаа ч сонирхолтой хэлбэрээр түүхийн мэдлэгийг түгээх ажлыг зохион байгуулж, сонсдог ном, аудио, видео хэлбэрээр түгээхээр төлөвлөж байна.
ТҮҮХ БОЛ АЛИВАА УЛСЫН ТУСГААР ТОГТНОЛЫН БАТАЛГАА
-Монголын түүхийг бид хэрхэн ойлгох ёстой вэ. Түүхийн ач холбогдол, үнэ цэн юунд орших вэ?
-Түүх бол аливаа улсын тусгаар тогтнолын гол баталгаа байдаг. Дэлхий дээр жижиг буурай, тусгаар тогтнолоо олж авч чадаагүй үндэстнүүд цөөнгүй байна. Зарим нь бүр хэдэн 10 сая хүнтэй үндэстэн ч бий. Тэдэнд тусгаар тогтнож байсан түүх байхгүй учраас ямар нэг улсын харьяанд байх ёстой хэмээх нь бий. 1911 онд монголчууд тусгаар тогтнолоо сэргээн тунхагласнаас хойш дэлхийн олон оронд хүлээн зөвшөөрөгдөх гэж нэлээд бэрх замыг тууллаа. 1961 он хүрч байж НҮБ-ын гишүүн болоод баттай хүлээн зөвшөөрөгдөж, тусгаар тогтнолоо баталгаажуулж авсан гэж хэлж болно.
Тусгаар тогтнолд нөлөөлсөн хамгийн гол хүчин зүйл бол Монголын түүх байдаг. Монгол хэзээнээсээ тусгаар тогтносон улс явж ирсэн. Ялангуяа эзэн Чингис хааны байгуулсан Монголын эзэнт гүрнийг дэлхийн түүхэнд мэдэхгүй хүн байхгүй. Энэ мэт өмнөх түүхийн явж ирсэн замнал чинь л Монгол Улсыг дахин тусгаар тогтнолоо сэргээх, хүлээн зөвшөөрүүлэхэд гол үүрэг гүйцэтгэсэн. Тэгэхээр Монгол гэдэг тусгаар улсын иргэн бол Монголынхоо түүхийг маш сайн мэдэж байх ёстой.
Энэ нь эргээд бидэнд тусгаар тогтнолоо хамгаалах вакцины үүргийг гүйцэтгэдэг. Үүний ач холбогдлыг эх орондоо байхдаа хүмүүс сайн ойлгодоггүй юм билээ. Харин гадаадад сурч ажиллаж байгаа улсууд харьцангуй түүхээ сонирхдог. Өөрөөр хэлбэл, гадаад хүнтэй таарахад Монголын түүх, соёлын онцлогийг яриад эхлэхээр өөрийнхөө түүхийн мэдлэг сул байгааг мэдэрдэг юм байна. Тэгэхээр Монголдоо болон гадаадад байгаа монголчууд аль нь ч байсан түүхийн мэдлэгийг олж авах, Монголынхоо түүхийн талаар зохих мэдлэгтэй байх нь зайлшгүй шаардлага болж байгаа юм. Тусгаар тогтносон улсын иргэний хувьд түүхээ мэдэх нь бидний нэг ёсны үүрэг юм.
-Сурагчдад энэ үүргээ биелүүлэхэд түүхийн хичээлээр олж авах мэдлэг чухал. ЕБС-ийн түүхийн номын агуулга сүүлд хэзээ шинэчлэгдсэн бол. Одоо ер нь түүхийн хичээлийн агуулга, чанар хангалттай байж чадаж байна уу. Түүхийн багш нарын чадварыг та ямар гэж боддог вэ?
-Манай хүрээлэнгээс авхуулаад олон эрдэмтэн судлаачид түүхийг судлаад, шинэ шинэ бүтээлүүд гаргаж байна. Гэтэл үүнийг олон нийтэд хүргэх, ялангуяа мэдлэг болгоод хүүхэд, залуучуудад хүргэх асуудал тусдаа шат дамжлагын асуудал болно. Гадаадын өндөр хөгжилтэй орнуудад үүнийг түүхийн боловсрол судлал гээд шинэ салбар шинжлэх ухаан нээчихсэн хөгжүүлж байна. Яавал түүхийг зүй зохистой олон нийтэд хүргэж, хүүхдийн толгойд оруулж хүргэх вэ гэдэг дээр олон талын судалгаа явагдаж байна.
Харамсалтай нь манайд тэр талын судалгаа хөгжиж чадаагүй. Эрдэмтэд түүхээ судлаад, бүтээлээ гаргаад л байдаг. Заах арга талаасаа боловсрол судлалаар судалж байгаа ч тэр дотроосоо онцгойлж түүхийг яаж заах вэ гэдэг өөр нэг шинжлэх ухаан болоод байгаа юм.
ГАДААДАД ТҮҮХИЙГ ОЛОН НИЙТЭД ХҮРГЭДЭГ ХҮМҮҮС ТУСДАА САЛБАР Ч БАЙДАГ
-Тийм шүү. Түүхийн хичээлийг сонгон судлах хүсэл сонирхлыг хүүхдэд бий болгох нь чухал байна. Одоо бол ЭЕШ дээр ч тэр хамгийн бага сонгон судалж шалгалт өгдөг хичээлийн нэг нь түүх шүү дээ?
-Түүх сонирхох хүүхэд залуусын тоо буурч байгаа шалтгааныг яривал нэг талаас түүхийн хичээлийг заадаг цагтай холбоотой. Монголын аугаа түүхийг харьцангуй бага цагт багтаан ойлгуулж зааж, таниулахад хичээлийн цаг хүрэхгүй тал бий. Дээр нь түүхийн багш нарын мэдлэг боловсролын асуудал нөлөөлж байна. Багш нарт хичээлээ аль болох сонирхолтой заах, энэ талын давтан сургалтыг илүү идэвхтэй явуулмаар байгаа юм. Үүнээс гадна хамгийн гол шалтгаан бол багш гэдэг хүний нийгмийн үнэлэмж, нийгэмд эзлэх байр суурь суларсан.
Багшийн цалин хангамж муу учраас тэр салбарт ямар хүмүүс орж байна вэ гэдгийг эргэж нэг харах хэрэгтэй. Нэг хэсэг Боловсролын их сургуульд ЭЕШ-д хамгийн өндөр оноо авсан хүүхдүүдийг тэтгэлгээр сургаж, шилж авдаг байсан. Явж явж сайн багш бэлтгэхийн тулд сайн сурагчид тэр салбар руу орох ёстой. Нөгөө талаар, Монголын түүхийн судалгааны түвшин хүүхэд, залуус түүхээ сонирхоход бас нөлөөлнө. Зарим асуудал дээр эрдэмтэн, судлаачид өөр өөр байр суурьтай байдаг. Ийм маргаантай асуудалд аль талыг нь барьж заах вэ гэдэг бас л тусдаа асуудал. Тиймээс сурах бичигт бидний судалгаа хурдан түргэн тусах нь сайн, муу хоёр талтай.
-Сурах бичгийн шинэчлэлийн ажилд танай хүрээлэнгээс оролцдог уу. Эсвэл яам, боловсролын хүрээлэнгээс дангаараа сурах бичиг зохиох ажлыг хийдэг үү?
-Сурах бичгийн ажилд манай судлаачид хувь судлаачийнхаа түвшинд зохих хэмжээгээр оролцдог. Тэрнээс биш яг тендер, зохиогчийн эрхийг манай хүрээлэн аваад албан ёсоор оролцдог зүйл байхгүй. Сурах бичгийг зохиож байгаа хүмүүс өнөөгийн судалгааны түвшингээ сайтар мэдэх хэрэгтэй. Үнэхээр тухайн үйл явдлын талаар үнэлгээ, дүгнэлтүүд хуучирчихаад шинэ ойлголт гарч ирээд батлагдчихаад байхад түүнийг оруулахгүй нөгөө л өмнөх хуучны юмнуудаа оруулаад заагаад байвал буруу. Нөгөө талаас хэт яараад дөнгөж гарсан санаа оноог сурах бичигт тусгах гээд байдаг тал бий. Үүнд, болгоомжтой нухацтай хандахгүй бол хоёр талын бэрхшээл байна.
-Байгалийн шинжлэх ухааны нээлт бол тодорхой харагдаг. Харин түүхийн шинжлэх ухааны нээлт гэхээр ямар нээлтийг хэлэх вэ?
-Нийгэм, хүмүүнлэгийн ухааны салбарт нээлт гэхээр анхаарах зүйл бий. Энэ салбарт тухайн хүний дэвшүүлж байгаа саналыг тэр чиглэлээр судалгаа хийдэг бусад судлаачийн олонх дэмжих юм бол нээлт болж байгаа юм. Монголын түүхийн шинжлэх ухааны хувьд харьцангуй сайн судлагдсан учраас хуучин байсан юмсыг эргүүлсэн том том нээлт гаргахад цаашдаа хэцүү байх гэж би хувьдаа боддог. Түүхчдийн судалгаа эртний бичиж үлдээсэн ном, сурвалжууд дээр тулгуурладаг. Тэгэхээр “Монголын нууц товчоо”, “Судрын чуулган” шиг шинэ сурвалжууд олдох юм бол түүнд тулгуурлаад сайн нээлтүүд хийж болох байх. Гэтэл тийм шинэ сурвалж олдох боломж нь өөрөө хязгаарлагдмал болчихоод байна.
-Сайн судалгаа ямар байх ёстой вэ?
-Ерөөсөө судалгааны хоёр л гол шинж байдаг. Сайн судалгаа шинэ мэдлэг бий болгож, эсвэл шинэ мэдээллийг танилцуулдаг. Гэтэл заримдаа зөвхөн танилцуулгын түвшний судалгаа гарч байна. Өмнө нь хүмүүсийн хийсэн судалгаануудыг нийлүүлээд танилцуулаад байвал энэ нь жинхэнэ судалгаа огтоос биш. Харамсалтай нь манайд тийм судалгаанууд гараад байдаг. Эсрэгээрээ тухайн судлаачийн өөрийн санал, шинэ дүгнэлт, шинэ үзэл бодол, шинэ мэдлэг тусаж байж жинхэнэ сайн судалгаа болно.
СУДАЛГААНД СЭТГЭЛ ЗҮРХЭЭ ЗОРИУЛСАН ХҮМҮҮС ӨНӨӨГИЙН ШИНЖЛЭХ УХААНЫГ АВЧ ЯВЖ БАЙНА
-Тэгвэл сайн судлаач ямар байх ёстой вэ?
-Сайн судлаач болохын тулд аль болох залуудаа судалгааны ажлын дадлага, туршлагыг олж авах хэрэгтэй. Манай хүрээлэнд гэхэд залуу судлаачдыг дадлагажуулах бүхэл бүтэн дэг сургууль, орчин нөхцөл, ахмад сайн эрдэмтэд нь байна. 3-5 жил Түүхийн хүрээлэнд ажиллахад судлаач хүн ихийг сурна шүү.
Тэгэхээр сайн судлаач болохын тулд нэгдүгээрт, анхнаасаа суурь зөв тавигдаж, зөв багштай учрах ёстой.
Хоёрдугаарт, эрдэм шинжилгээний ажилд ихээхэн дур сонирхол, уйгагүй хичээл зүтгэл хэрэгтэй. Гуравдугаарт, түүхийн чиглэлээр сайн судлаач болно гэвэл гадаад хэлний мэдлэг, судалгааны болоод сурвалжийн хэл дор хаяж хоёрыг эзэмших хэрэгтэй. Ядаж л англи, орос хэлтэй байж гадаадад судалгаагаа танилцуулж, дэлхийн түвшинд хүргэнэ.
Түүхийн судалгаа сурвалжийн мэдээнд тулгуурладаг учраас гадаад хэл дээрх сурвалжуудыг уншиж судалдаг байх нь чухал.
Ялангуяа XX зуунаас өмнөх Монголын түүхийн судалгаанд зайлшгүй шаардлагатай хятад, перс, араб, түрэг, манж, төвөд, орос, латин, армени гээд 10 гаруй хэлээр сурвалжийг уншдаг байх хэрэгтэй. Хуучин манай зарим эрдэмтэд сурвалжийг орчуулгаар юм уу дам байдлаар үздэг байсан. Өөр хэлээр дамжуулж эсвэл хүний орчуулсан юмыг авч үзэх нь тун найдваргүй. Харин одоо манай залуучууд сурвалжийн жинхэнэ эхийг нь өөрсдөө олж, уншиж танилцаж судалгаа хийж байгаа нь сайшаалтай.
Дөрөвдүгээрт, сайн судлаач байхын тулд нэгтгэн дүгнэх, цэгцтэй сэтгэн бодох чадвар, логик, математикийн мэдлэг их хэрэгтэй. Гэтэл нийгэм, хүмүүнлэгийн ухааны салбарт тоонд дургүй хүмүүс орох гээд байдаг. Судалгааны ажил бол нэгтгэн дүгнэх, задлан шинжлэх процесс. Хүссэн хүсээгүй энэ чадварт судлаачид суралцахгүй бол олигтой судалгаа болдоггүй.
-Та Түүхийн хүрээлэнгийн захирлын хувьд Монголын түүхийн салбарын хэтийн төлвийг хэрхэн төсөөлж байна вэ. Хүрээлэнгийнхээ үе үеийн захирлууд, эрдэмтэн судлаачдын үйл хэргийг залгамжлаад явах нь бас зүйтэй байх?
-Мэдээж өнгөрсөн зуун жилд манай хүрээлэнгийн түүхийн судалгааны түвшин мэдэгдэхүйц ахисан уу гэвэл тийм. Одоо бидний асуудал бол дараагийн 10 жилдээ, түүнээс хойш яах вэ гэдгээ бодож боловсруулах, төлөвлөх шаардлагатай болж байна. Миний хувьд ажил аваад хамгийн гол нь Монголын түүхийн судалгааны тэргүүлэх чиглэлийг тогтоох, аль чиглэлд түлхүү анхаарах вэ гэдэг дээр анхаарч ажиллаж байна. Үүний дараа хүрээлэнд ажиллаж байгаа судлаач, эрдэмтэн, боловсон хүчнийг Монголын түүх болон угсаатны зүйн чиглэлийн зайлшгүй шаардлагатай байгаа сэдвүүдэд хуваарилж энэ бүх сэдвийг эзэнтэй болгох хэрэгтэй.
-Тэгж ажиллахад хүний нөөц л илүү хэрэгтэй болох юм шиг санагдлаа?
-Хүний нөөц яривал, одоо байгаагаас бүр хэд дахин нэмэх шаардлагатай. Гэвч улс оронд маань тийм боломж байхгүй байхад бид судлаачдын тоог нэмэх хэрэгтэй гээд суугаад байж болохгүй. Тэгэхээр одоо байгаа нөөц бололцоогоороо яавал илүү үр ашигтай ажиллаж чадах вэ гэдгээ бодох хэрэгтэй. Хүн болгонд чаддаг чаддаг сэдвийг нь оноож өгөөд, Монголын түүх, угсаатны зүйн гол асуудал, сэдвүүдийг аль болох бүрэн эзэнтэй болгож энэ чиглэлийн судалгаануудыг хөгжүүлэх юм бол Монголын түүх, угсаатны зүйн судалгаанд томоохон үсрэлт болно.
Мэдээж судлаач болгонд оноож өгсөн сэдвүүдээс гадна өөрийн хоббины сэдэв гэж байдаг. Гэхдээ нэгэнт төрийн байгууллагад цалин мөнгийг нь аваад ажиллаж байгаа учраас улс орны зайлшгүй шаардлагатай чиглэлийн дагуу судалгаагаа хийх хэрэгтэй. Түүнээс гадна цаг заваа гаргаж өөрийнхөө сонирхдог чиглэлээр судалгаа хийж болно. Энэ бол чөлөөтэй. Гэхдээ хамгийн гол нь хүрээлэнгийн бодлого чиглэлд таарсан сэдвүүдээр судалгаагаа хийж байж Монголын түүхийн салбар үсрэнгүй хөгжинө.
Мөн судлаачдын ахуй нөхцөл, цалин хангамжийг шийдэх хэрэгтэй байна. Энэ суурь асуудлыг шийдэхгүйгээр сайн судалгааг шаардах бас л хэцүү. Цалин мөнгө, ахуй амьдралаа бодвол, манай судлаачид өөр ажил хийгээд явахад илүү сайхан амьдралд хүрэх боломж бий. Үнэхээр л судалгаа шинжилгээний ажилд сэтгэл зүрхээ зориулсан хүмүүс манай өнөөгийн шинжлэх ухааныг авч явж байна.
МОНГОЛЫН ТҮҮХИЙН ШИНЖЛЭХ УХААНЫГ ШУА-ИЙН ТҮҮХ, УГСААТНЫ ЗҮЙН ХҮРЭЭЛЭНГҮЙГЭЭР ТӨСӨӨЛӨХӨД БЭРХ
-Монголын түүхийн суурь судалгаануудыг Түүхийн хүрээлэн хийж байна. Мөн их, дээд сургуулийн багш нар судалгаа хийдэг. Нэг сэдвийг олон янзаар дүгнэх тал байдаг. Яг хэнд нь итгэж болох вэ гэдгийг гайхах хүмүүс ч бий байх. Түүхийн хүрээлэн, их, дээд сургуулийн судалгаа ямар ялгаатайг та хэлж өгөөч?
-Манай хүрээлэнгийн гол үүрэг бол Монгол Улсын түүхийн суурь судалгаа явуулах, төрийн түүхийг бичихэд оршино. Олон их, дээд сургуулийн түүхийн салбар, түүхийн багш нар манайхтай адил судалгаа явуулж байгаа. Гэхдээ гол ялгаа нь ихэвчлэн тэд өөр өөрийн сонирхсон сэдвээрээ судалгаа явуулдаг. Тэгэхээр зарим сэдэв давтагдана, зарим сэдэв орхигдоно. Харин яг цогц бүх салбарыг бүрэн хамарсан, системтэй бодлоготой судалгааг Түүх, угсаатны зүйн хүрээлэнгээс явуулдаг.
Түүнчлэн “Гадаадад Шинжлэх ухааны академи, хүрээлэн ч гэж байдаггүй. Их, дээд сургуулиудын багш нар л судалгаа явуулдаг” гэж ярих хүмүүс бий болж байна. Гэвч үнэндээ тийм биш. Гадаадад ч гэсэн манайх шиг ийм тусгайлсан эрдэм шинжилгээний байгууллагууд бий. Яахав, Шинжлэх Ухааны Академи гэсэн нэргүй байж болно. Гэхдээ чиг үүрэг нь манайхтай ижил, бүх хөгжилтэй оронд манайх шиг хүрээлэн байгаа. Социализмын үед бол Шинжлэх Ухааны Академийн эрдэмтэд л судалгаа хийх ёстой, харин их, дээд сургуулийн багш нар хичээлээ заах үүрэгтэй байсан.
Сургалт, судалгаа тусдаа чиг үүргийн байгууллагууд байсан. Харин 1990 оноос хойш аль аль нь судалгаа хийж, их, дээд сургуулиуд судалгааны сургууль болно гэж ярьдаг боллоо. Гэхдээ 30 жил өнгөрөхөд, бодит байдал дээр Монголын шинжлэх ухааныг, тэр дотроо Монголын түүхийн шинжлэх ухааныг Шинжлэх Ухааны Академигүйгээр, ШУА-ийн хүрээлэнгүйгээр төсөөлөхөд хэцүү. Их, дээд сургуулийнхны судалгаа сайжирч байгаа нь үнэн боловч ШУА-ийн хүрээлэнгүүдийн эрдэмтдийн судалгааг бүрэн орлох хэмжээнд хүртэл бас л нэлээд цаг хугацаа орох байх аа.
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 3 )
ОРОС ХЯТАД БОЛОН ӨӨР ГАДНЫ ЭРДЭМТЭН СУДЛААЧДЫН АЖИЛЫГ ОРЧУУЛАЖ БИДЭНД ТҮҮХ ЗААХАА БОЛЬЦГОО. ТЭД МОНГОЛЫН ТҮҮХИЙГ ГУЙВУУЛАЖ ХАРЛУУЛАХ ДУРТАЙ ХҮМҮҮС. ӨРӨӨ ӨӨРСДИЙНХӨӨ ТҮҮХИЙГ МУДАЛЖ БИЧИХ ЦАГ БОЛЖЭЭ
Чулууны тавиул захирал. Ямар ч бүтээлгүй бөгөөд Чулууны нууц амраг М-ийг шууд салбарын захирлаар тавьсан. Бас хамаг сайн судлаачдаа хүрээлэнгээс хөөж Чулууны шавь нараар дүүргэж байгаа. Чулууны төмсгөө агуулаад түүний дохио зангаагаар л явж байгаа хүн дээ
Сайхан ярилцлага болжээ. Түүхээ мэдсэн цагт бусдын эрхшээлд орохгүй Японы нэртэй эрдэмтэн Окада Хидэхиро Дэлхийн түүх монголоос эхлэлтэй гэж хэлсэн байдаг