-Ард түмнийхээ алга ташилтан дор уйлж зогссон үе зөндөө бий-
Догшин ноён хутагт Данзанравжаагийн нэрэмжит “Саран хөхөө” театрын дуучин С.Эрдэнэдалайтай ярилцлаа.
-Гэр бүлээрээ сайхан дуулдаг урлагийн авьяастай хүмүүс гэдгийг тань мэднэ. Ер нь хэдий үеэс дуулж эхлэв. Бүр багаасаа дуулсан уу?
-Би багадаа ерөөсөө дуулдаггүй, их сонин хүүхэд байсан. Урлагийн үзлэг болоход анги цэвэрлээд л үлддэг байлаа. Манай удам болохоор сайхан дуучин хүмүүс. Аав, ээж хоёр маань сайхан дуулна. Ах дүү нар бүгдээрээ сайхан дуулна. Аав маань "Саран хөхөө" театрыг Соёлын ордон байхад хоёрдугаар зэргийн дуучин байсан хүн. Жижигхэн улаан үнэмлэх нь одоо ч хадгалаастай байдаг. Тэгээд яг урлагаар явсан нь би ганцаарахнаа. Манайхан бол уран сайханчийн хувьд одоо ч сайхан л явж байна.
Аравдугаар ангид байхдаа би урлагийн үзлэгээр нэг дуулсан юм. Шальтай ч дуулаагүй л байх зайлуул. Харин цэрэгт очоод тангарагийн баяраар дуулсан. Дуулдаггүй байсан ч албан хүчээр бүгдийг нь дуулуулж шалгах үүрэгтэй юм чинь. Тэгээд нэг дуулаадахсан чинь дуулдаг хуурддаг болж таараад манай клубын дарга ахмад Н.Батням гэж нэг сайхан хүн байсан. Миний багш болох хүн байгаа юм. Одоо ч Зүүнбаяндаа ажиллаж амьдарч байна.
Тэгээд “Чи дуулдаг хуурддаг хүүхэд байна. Одоо авьяасыг чинь хөгжүүлнээ” л болсон.
Тангарагийн баяраас эхлээд Офицеруудын ордонд аваачаад уралдаан тэмцээн, дарга нарын хүлээн авалт, бригад явах гээд дуулж болох юу л байна тэр бүхэнд дуулуулдаг байлаа. Тэгж явсны хүчинд бас нэг муу дуулмар аяддаг болоод 1991 онд цэргээс халагдсан. Халагдаад иртэл Офицеруудын ордон маань бие даасан Соёлын ордон болж уран бүтээлчидтэй болно гэсэн зар яваад, нэг танил маань ирж орооч гэж дуудуулдаг юм байна. Би уг нь жолооч мэргэжилтэй хүн л дээ. Гэхдээ хаана ямар ажил хийхээ ч мэдэхгүй явж байсан хүн чинь шууд л очсон. Дандаа сайхан мэргэжлийн мундаг багш нарт шалгуулаад тэнцэж байлаа.
-Тэгэхээр огт дуулдаггүй байсан хүүхдийг цэргийн зарлан л дуучин болох зам руу нь хөтөлжээ дээ. Зүүнбаянгаас уран бүтээлийн замаа эхэлсэн гэж бодохоор.
-Арга байхгүй Зүүнбаянгийн Офицеруудын ордноос л дуучин болох гараагаа эхэлсэн дээ. Тийм болохоор тэгж хэлж болно. Зөвхөн уран бүтээлийн замаа эхлээд зогсоогүй амьдралын ханьтайгаа ч Зүүнбаянд учирсан. Ажил амьдралын гараа минь Зүүнбаянгаас эхлэлтэй. Миний ханийг н.Ганчимэг гэдэг. МУСТА Ж.Эрхэмбаатар гэдэг хүний том охин доо. Хадам ээж маань Х.Ганмөнх гэж Улаанбадрах сумын хүн бий. Ханьтайгаа гэр бүл болоод 33 жил амьдарч байна даа. Миний хань одоо нэгдүгээр цэцэрлэгт туслах багшаар ажиллаж байна.
Бид гурван сайхан хүүхэдтэй. Том охин Уранчимэг маань Анагаахын сургууль төгсөөд одоо Замын-Үүд сумын Эрүүл мэндийн төвд ажилладаг. Хүү маань МҮИС-ийн барилгын инженерийн анги төгссөн. Одоо мэргэжлийнхээ дагуу ажиллаж байгаа. Бага охин маань долоодугаар ангид сурдаг.
-Дуучин болох замд бэрхшээл байв уу?
-Байлгүй яахав. Сургууль соёл төгсөөгүй нот үсгээ мэдэхгүй хүнд чинь бэрхшээл мэдээж байсан. Ядахнаа нэг шинэ дуу ноттой авчраад өгчихөд л тэрийгээ гадарлаж мэдэхгүй байгаа юм чинь. Тэгээд Н.Мөнхзаяа, Д.Банзрагч, н.Энхтайван гээд олон мундаг багш нарын буянаар нот муухан гадарладаг болсон доо. Тэр үед залуу ч байж. Дуулах л их сонирхолтой, тэгээд бас ганц хоёр дахиулаад үзэхээр тэрэндээ урам их ордог. Тийм сайхан дурсгалтай он цаг байлаа.
-“Саран хөхөө” театрын дуучнаар хэдэн оноос ажиллаж эхэлсэн юм бэ?
-Их ноён хутагтын нэрэмжит урлагийн алтан өргөө болох “Саран хөхөө” театрт 2000 онд дуучнаар орсон. Тэр үед Н.Батнасан гэж мундаг сайхан дарга байлаа. Надад “За чи төвийн театрт ирэх шаардлагатай байна” гэдэг хүсэлт тавьсан. Н.Батнасан дарга шууд л “Чамд үзүүлж харуулах юм байна уу” гэсэн. Би бас их азтай хүн л дээ. 1998 онд Монгол Улсын Төрийн шагналт, Ардын жүжигчин, Хөдөлмөрийн баатар Л.Цогзолмаа гуайн нэрэмжит “Ардын богино дуу дуулаачдын улсын анхдугаар уралдаан” гэж нүсэр сайхан уралдаан болоход Зүүнбаянгаас А.Энх-Уран гэж бүжигчин бүсгүйтэй хамт эндээ нэгдүгээр шатандаа тэнцээд хоёрдугаар шатандаа хот руу явж оролцсон.
Хот хөдөөгийн мэргэжлийн театрын 72 дуучин гурван даваатай уралдсан. Нэг даваандаа гурван дуу дуулна. Нийт есөн ардын дуу бэлдэж уралдсан маш том уралдаан болж байсан л санагддаг юм. Тэгээд энэ сайхан хутагтын маань нутгийн дуунд дуртай түмний заяа буян түшсэн биз ээ. Тэр сайхан уралдаанд аз болж би түрүүлсэн л дээ. Тэр мундаг нэр цолтой хүний нэрэмжит анхны уралдаанд оролцож түрүүлнэ гэдэг бол над шиг хөдөөний уран бүтээлчид маш том завшаан л даа.
Л.Цогзолмаа гуай намайг Соёлын яаманд хөтөлж оруулаад “Энэ хүүхдэд мэргэжлийн үнэмлэх өг өө” гэснээр нөгөө СУИС-д дөрвөн жил сураад авдаг үнэмлэхийг чинь би есөн ардын дуу дуулаад уралдаанд түрүүлээд авчихсан байхгүй юу. “Саран хөхөө” театрт орох бас нэг үндэслэл нь тэр уралдаан байсан гэж боддог. Мэргэжлийн дуулаачийн үнэмлэх үзүүлээд зогсох чинь бас нүүр бардам сайхан юм билээ. Тэгэхэд Н.Батнасан багш “Өө чи чинь мэргэжлийн үнэмлэхтэй ч юм байна. Ард түмний бас асууж сурж байдаг дуучин учраас театрт орооч гэж хүсэлт тавьсан юмаа” гэж танилцуулснаар энэ сайхан өргөөнийхөө үүд хаалгыг татаж алтан сайхан тайзан дээрээ ирсэн дээ.
-“Саран хөхөө”-д ажиллаж байсан үеийн сайхан дурсамжаасаа хуваалцахгүй юу? Дахиулахгүй орж байсныг чинь би лав санахгүй юм.
-За яахав ээ. Миний сайных ч юу байхав. Дуунд дуртай ард түмний минь буян хишиг л гэж бодож явдаг даа. Ер нь “дахиулах” юм зөндөө үзсээн. Дахиулахгүй үе ч бас байлгүй л яахав гэхдээ цөөхөн. Хориод жил дуулахдаа Төв аймгийн тайзан дээр би долоо дахиулаад гарч ирж байсан удаа бий. Хамгийн олон дахиулсан нь тэр байх. Яахав ээ жаахан хөлөрсөн л байсан. Сайхан л байдаг юм даа. Энэ сайхан тайзандаа бол гурав дөрөв дахиулаад байх нь наддаа болоод байдаг юм. Дахиулна гэдэг чинь дуучин хүнд үзэгч олноос өгч байгаа их хүч юм шүү дээ. Цаашдаа дуулах урам болдог.
-Авьяасыг ямагт өнгөлж тордож байх хэрэгтэй байдаг. Энэ хэрийн сайхан дуучин болох хүртэл зааж сургасан багш нарынхаа тухай дурсахгүй юу?
-Мэдэхгүй чадахгүй юм ихтэй намайг “Саран хөхөө” театрт ирэхэд мэргэжлийн багш нар тосч авсан. Мундаг сайхан дуучид, ах эгч нар байлаа. МУГЖ Л.Буянхишигт гэж сайхан багш дээр ирж “за мөн ч их юм” сурсан даа. Би бол юу ч мэдэхгүй л амьтан ирж байгаа юм чинь. Хүнд их өглөгтэй мундаг сайхан багш шүү дээ миний багш. Тэр хүнээс их юм сурсан. Өдий дайны явж байгаа минь тэр хүний л хүч, буян заяа гэж бодож явдаг шүү дээ. Дараа нь МУГЖ Л.Нарантуяа гэж дорнын говиос төрсөн монголд алдартай их дуучны шавь нь болж байгаа юм.
Мөн л дууны багшаар ажиллаж байсан энэ хүний гар дээр бас олон жил болж их юм заалгасан даа. МУГЖ Ж.Ёндонжамц гэж нутгийн сайхан ах байна. Хоёулаа баритон хоолойтой учраас бид хоёр нэг хоолойд сууна. Мэдэхгүй чадахгүй юмыг хажуунаас дандаа зааж зөвлөж өгнө, дээр нь МУСТА Ч.Хандмаа эгч, И.Туяа эгч, Ч.Цэрэндэжид эгч, Ч.Отгонмаа эгч гээд энэ сайхан хүмүүсийн хэлж зааж зөвлөснийг бас авна. Сайхан хамт олныхоо дунд “Саран хөхөө” театртаа 15 жил дуулж хуурдсан даа.
-Уран бүтээлчийн, тэр дундаа дуучин хүний баяр жаргалтай үе гэвэл та юуг хэлэх вэ?
-Ажил мэргэжлээсээ шалтгаалаад зарим нэгнийх нь хийж бүтээж буй зүйлс нүднээс далд өрнөдөг байхад харин урлагийн хүмүүс бол байнга олон түмнийхээ нүдэнд нь харагдаж чихэнд нь сонсогдож байдаг онцлогтой. Өөрийн мэддэг чаддаг юмаа ард түмэндээ яг сайхан үзүүлээд зогсож байгаа тэр мөчийг л дуучин хүний аз жаргал гэж хэлнэ дээ. За мөн чиг сайхан даа. Ард түмнийхээ алга ташилтыг сонсоод хөшигний ард уйлаад зогсож байсан үе надад зөндөө бий.
-Дуучин болоогүй бол гэж бодож үзсэн үү?
-Тэгж бодож байгаагүй юм байна. Урлагт сэтгэл зүрхээ зориулсан хайртай юм болохоор. Ер нь яахав би аравдугаар анги төгсөөд БХТН гэж байхад н.Дорж багштай зургаан сарын жолооны курст сурч жолооч болсон юм. Урлагийн хүн болоогүй бол аль нэг газар жолооч байх байсан болов уу.
-Энэ хугацаанд олон хүнтэй хамтарч уран бүтээл хийсэн байж таарна. Бүр нэг онцгой гар сэтгэл нийлдэг хүн бас байна биз?
-Байлгүй яахав. Гар нийлдэггүй гэлээ гэж бусад нь гомдох вий дээ. Ер нь дандаа л сайхан сэтгэл санаа нийлсэн хүмүүстэй ажиллаж байлаа. МУСТА Б.Ганболдтой бол олон дуу хийсэн. Анхны цомгийг минь 18 дуутай гаргаж өгч байлаа. “За Далай минь ийм нэг дуу хийчихлээ. Энийг нэг үзээдэх дээ” гэхэд миний хоолойд яг л сайхан таарч байдаг юм. Б.Ганболдтойгоо бол сайхан гар нийлнэ дээ.
Зүүнбаянгийн Соёлын ордны дарга Ж.Отгонбаатар гээд миний найз хөгжимчин бий. Гэр бүлийнх нь хүн Ж.Болортуяа гэж мэргэжлийн ятгачин бүсгүй байдаг. Зүүнбаянд арван жил ажиллахдаа энэ хоёртойгоо сайхан ажилласан. Ордныхоо хамт олонтой гар нийлж ажилладаг байсан. Тэгээд Болороо маань л ятга тоглохгүй бол миний хоолой гарахгүй жишээтэй. Тэгж сайхан хоршиж байсан. Одоо гарын хөгжимчин гэдэг юмуу даа. Ийм сайхан хүмүүс олон бий.
-Анхны уран бүтээл ямар нэртэй байв?
-Урлагт 25 жил ажиллахдаа дөрвөн удаагийн бие даасан тоглолт хийсэн байдаг. Анхны тоглолтоо 1995 онд “Элсэн нүүдлийн эгшиг” нэртэй хийсэн. Тоглолтын нэрийг манай хадам аав МУСТА Ж.Эрхэмбаатар өгсөн юм. “Элс нүүхээр эгшиг гардаг юм шүү, миний хүү” гээд ярьж өгч байлаа. “Элсэн нүүдлийн эгшиг” тоглолтоо Зүүнбаянгийнхаа Офицеруудын ордонд хийж манай Б.Ганболд очиж уран бүтээлийг маань найруулж байсан. Дөрвөн бие даасан тоглолтоос гадна аав ээж, ах дүү нартайгаа хамтраад бас хоёр гурван тоглолт хийсэн байна. Энхдалай, Мөнхдалай гээд хоёр ах маань бас сайхан дуулна. Хоёр ахтайгаа нийлээд “гурван Далай” гэж хэлэгдэн сумдуудаар явж тоглодог байсан. Аав ээжийгээ алдаршуулахаар Иххэт, Зүлэгтээр олон сайхан тоглолтууд хийсэн.
-Элсэн нүүдлийн эгшиг гэж сайхан дуу байдгийг мэднэ. Таны анхны тоглолтоос төрсөн дуу байх нь ээ?
-Тийм тийм. С.Боргил гэж сайхан яруу найрагч найз маань байсан. Элсэн нүүдлийн эгшиг гэж ямар гоё үг вэ, үүгээр шүлэг бичнэ гээд шууд бичсэн. Тэгсэн Б.Ганболд маань ямар сайхан шүлэг вэ гээд ая хийнээ л болсон. Маш богино хугацаанд төрсөн дуу. Одоо энэ морин хуурч А.Эрдэнэхуягаас эхлээд ер нь “Яргуй” наадамд олон хүүхэд дуулсан. Тэгээд анхны бүтээлийн нэр гэвэл “Элсэн нүүдлийн эгшиг”-ээ л нэрлэнэ дээ.
-Таны урын санд нийт хэчнээн уран бүтээл байдаг вэ. Ер нь дуучин С.Эрдэнэдалайгийн нэрийн хуудас болсон дуу гэвэл та ямар дуугаа нэрлэх вэ?
-Яг нарийн тоолж үзээгүй юм байна. Алдарт дуучин П.Адарсүрэн гэдэг хүний “Мөрөөдлийн дуу” гэж сайхан дуу байдаг юм. Тэрийг анх цэрэг байхдаа сурч дуулж байсан. Тэр дуундаа их дуртай. Ер нь л П.Адарсүрэн гуайн дуунуудыг дуулах сонирхолтой. Миний хоолой ч угаасаа хүчтэй биш эвийн хоолой л доо. Ятгатай дуунд дуртай. Алтай хангайн уулс, Ээж минь гээд олон сайхан дуу байна даа. Ардын манертай дуунууддаа илүү сонирхолтой байдаг.
Ардын дуу бол ард түмэнд ч үлдэцтэй наалдацтай дагаад дуулж байх жишээний сайхан уран бүтээл байдаг учраас ардын дуунууддаа илүү хайртай даа. Тэр талаа илүү дагнаж явдаг. Тэгээд нутгийн сайхан зохиолчдын дуунууд байна. Б.Ганболд, Л.Буянхишигт багшийн дуунууд гээд л зөндөө сайхан дуунууд бий. Манай театрын дарга байсан яруу найрагч Л.Эрдэнэбатын шүлэг, Б.Ганболдын хөгжим “Учирласан дуу” гээд сайхан дууг анх дуулж байсан юм. Тэр дуундаа бас хайртай. Хаана ч явсан ер нь аялагдаад байдаг юм. Анх дуулсан гэж бодохоор ер нь өөрийн болчихсон.
Тоочоод байвал сайхан бүтээл олон бий. МУСТА Д.Баатарын хөгжим, Г.Бүдмэдийн шүлэг “Халх нүүдэл” гээд миний дуулах дуртай нэг уран бүтээл байна. Б.Мөнгөн-Өлзий багшийн “Миний төрсөн жил” гэж намайг анх “Морин хуур”-т алхуулж байсан дуу байна. Бас л аялаж явдаг уран бүтээлийн маань нэг.
-Ардын дуу дуулаачдын анхны уралдаанд түрүүлж байсан тухай ярилаа. Өөр ямар уралдаануудад хэрхэн оролцож байв?
-Тэр сайхан хүний нэрэмжит анхны уралдаанд түрүүлээд их урам зориг хүч авсан л даа. Ер нь болох юм байна цаашдаа ийм уралдаанд оролцож байя гэсэн зориг итгэл төрсөн. Тэгээд “Саран хөхөө” театрт 2000 онд орж ирээд 2001 онд Дорноговь аймгийн Хүндэтгэлийн дуу болох Ц.Жагдал гуайн хөгжим, Ж.Дансранжав гуайн шүлэг “Тал нутгийн дуу-г хэн сайн дуулах вэ” улсын уралдаанд оролцсон. Мэргэжлийн, мэргэжлийн бус гэсэн хоёр ангиллаар болсон. Мэргэжлийн төрөлд нь төв орон нутгийн гучаад уран бүтээлч оролцож байсан.
Тэгэхэд бас л их азтай байж орон нутгийнхаа сүлд дууны уралдаанд түрүүлсэн. Орон нутаг маань ч цаанаас нь харж үзээ байлгүй. Улсын чанартай уралдаанд хоёр дахиа түрүүлж байгаа нь тэр. Их сайхан уралдаан болсон л доо. Энд МУУГЗ Б.Мөнгөн-Өлзий багшийгаа дурдахгүй өнгөрвөл алдас болно. Олон сайхан уран бүтээлийг надад зориулж хийж байсан. Тэр хүний хүчинд “Морин хуур” гэж тэр сайхан наадамд хоёр жил дараалан сайхан оролцож шилдэг 25-д шалгарч байлаа. Цэргийн дууны улсын уралдааны гутгаар байр, Говийн сэдэвт дууны улсын уралдааны гутгаар байр, Монгол киноны дууны улсын уралдаанаас тусгай байр, Авто тээвэрчдийн 80 жилийн ойн уралдаанд хоёрдугаар байр гэх мэт уралдаж байлаа. Хараахан байр эзэлж чадаагүй ч “Учиртай гурван толгой” дуурийн шилдэг дүрийн уралдаанд ч оролцсон.
Орон нутагтаа бол “Алтан бийр”, “Үлэмжийн чанар” наадмуудад нутгийн зохиолчдын олон сайхан дуугаар нэлээдгүй айраг түрүү авсан санагдаж байна. Мөн сонирхуулахад “Саран хөхөө” театрынхаа хэдэн сайхан жүжигт туслах дүрүүдэд оролцож байсан. Ялангуяа Б.Мөнгөн-Өлзий багшийн “Бөмбөлдэй баатар” бэсрэг дуулалт жүжгийн гол дүр “Бөмбөлдэй баатар”-т тоглож байлаа. Мөн ч олон тоглосон доо. “Есөн шаргын тоос” гээд дуулалт жүжигт Боорчийн дүрд тоглож байлаа. Уран бүтээл ер нь тасраагүй дээ. Мундаг сайхан бүтээлүүдэд оролцож байсан. Одоо ингээд нэрлэхэд хүртэл сайхан санагдаж байна.
-Эрдэнэдалай гэдэг дуучны дуулах эрдмийг залгаад авч яваа ямар хүн байна вэ. Шавь нар бий биз дээ?
-Би мэргэжлийн багш биш болохоор нэг их шавь нар гэх хүн байхгүй ээ. Ганц хоёр асууж сурдаг, зааж зөвлөдөг хүүхэд бол байлгүй л яахав. Удам гэж яривал манай дүү нар бүгд сайхан дуулна. Том ахын маань хүү Г.Ганбат гэж АДБЧ-ын гоцлол дуучин байлаа. Хэдийгээр нас наслаагүй боловч олон түмэнд хайрлагдсан сайхан дуучин байсан даа.
Одоо бас ардын сайхан авьяастнууд байдаг аа. Их говийн манлай дуучин М.Эрдэнэгомбо гээд дүү маань сайхан дуулж байна. Тэгээд манай охид бас нэг их солгой хоолойгоор орилоод байхгүй ээ. Дуулахын хувьд дуулчихна. Гэхдээ урлагаар явсан хүн бол байхгүй. Ах дүү нарын хүүхдүүд бүгд сайхан дуулна.
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 0 )