“Ковидын хууль”-ийг сунгавал завхралыг үргэлжлүүлж байгаа хэрэг болно

Автор | Zindaa.mn
2021 оны 12 сарын 15

“Бар унасан хүн бууж чаддаггүй” гэдэг. Түүн шиг эрх баригч МАН-ын УИХ дахь бүлэг өчигдрийн хуралдаанааaраа энэ сарын 31-нээр үйлчлэх хугацаа нь дуусаж буй “Ковидын хууль” гэгчийг сунгах асуудлаар нэлээд маргажээ. Харамсалтай нь, эх сурвалжийн хэлж буйгаар ихэнх нь дэмжсэн гэх. Тэгвэл парламентын эрх мэдлийг Засгийн газарт шилжүүлсэн, төсвийн мөнгийг хараа хяналтгүй зарцуулах эрх олгосон хууль сунгахыг яахаараа УИХ-ын гишүүд дэмжээд байгаа хэрэг вэ.

Магадгүй, Төрийн албаны зөвлөлийн оролцоогүй хийсэн яам, тамгын газар, нийслэлийн удирдах байгууллагаас эхлээд улс орон даяар томилогдсон 500 гаруй түр орлон гүйцэтгэгч дарга нарынхаа томилгоонд УИХ-ын гишүүд нь өвдгөө хүртэл шигдчихсэн юм биш биз. 

Удирдагчид нь эрх мэдэлд дасаж, дагагчид нь ашиг хонжоонд амтшаад байвал Монгол Улс хэр удаан оршин тогтнох вэ, нөхөд өө. “Ковид-19”-ийн халдварын тохиолдол өчигдөр 94 гарсан байна. Хүн амын 25 хувь нь вакцины III тунд ч хамрагдсан аж. Өдөрт мянга мянгаараа өвчилж байсны дэргэд бол бид хүнд үеэ ардаа орхижээ гэсэн үг. Тэгвэл хүний эрхийг хөсөрдүүлж, төсвийн мөнгийг хяналтгүй зарцуулах эрх өгч буй “хүнд” хуулийн үйлчлэлийг сунгахгүй орхиж болохгүй юм байх даа. Хуулиа цуцлаад аудит оруулбал, төрийн албанаас түр орлон гүйцэтгэгч нарыг цэвэрлээд эхэлбэл гэдэг айдас ч байгаа бололтой. Тийм болохоор бар унасан хүнээр зүйрлэсэн хэрэг.

Нэгэнт хэрэг явдал иймд хүрснийх эхнээс нь тайлбарлавал зүйтэй байх. Манайхан хулгайч, дарангуйлагч гэх мэт үгийг үе үеийн эрх баригчид руугаа чулуудаж, түүнээсээ өөрсдөө мэгддэг хачин эмгэгтэй. Товчхондоо, нэгнээ гутаах, нийтийг айлгах гэвэл дээрх үгсийг л ашиглана. Гэхдээ ардчилсан оронд хүн биш хууль засагладаг. Аливаа улс төрийн нам, удирдагч хууль давж гишгэдэг юм гэхэд дараагийн улс төрийн циклээр гарч ирсэн хэсэг нь барьж аваад шоронд хийчихнэ. Ийм л энгийн. Тэгвэл хэрэгжүүлэх ёстой батлагдсан хуулийн дор “бантан хутгасан” бол тухайн үед нь эсэргүүцэх хийгээд хожим нь хариуцлага тооцох боломжтой юу гэсэн асуулт гарна.

Дэлхий нийтийг хамарсан цар тахал дан ганц хүний биед эрүүл мэндийн хохирол учруулаагүй. Улс орнуудыг эдийн засаг, харилцаа холбооноос эхлээд улс төрийн хямралд ч дагуулсан. Үүнийг ямар ч төр байлаа гэсэн нэг төвт удирдлагаар шуурхай даван туулах ёстой болсон юм.

Яг энэ жишгээр манай оронд цар тахал орж ирээгүй байсан 2020 оны дөрөвдүгээр сарын 29-ний өдөр УИХ-аас Коронавируст халдвар (КОВИД-19)-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хууль гэгчийг баталсан. Урт нэртэй хууль болгон товчилсон хоч авдаг. Энэ хуулийн товч нэр бол “Ковидын хууль” билээ. Энэ хуулийн үйлчлэлээр Засгийн газарт төрийн эрх мэдэл бүрэн шилжсэн юм. Худалдан авах ажиллагаанд тендер зарлахыг болиулж хялбарчилсан журмаар шийдэх эрхийг төрийн байгууллагууд авлаа.

Төрийн албаны зөвлөлийн саналыг авалгүйгээр удирдах албан тушаалуудад түр орлон гүйцэтгэгч нарыг Засгийн газар шууд томилж эхлэв. Улсын онцгой комисс, аймаг, сум бүрийн Онцгой комисст иргэдийн эсрэг хэрэглэх төрөл бүрийн таслан зогсоох эрх мэдэл цугларав. Өнгөрсөн жил гаруйн хугацаанд монголчууд нийтээрээ мэдэрсэн болохоор нэг их нуршаад дэмий биз. Ямар ч байсан аль ч утгаараа “атгасан гар лугаа” төртэй болсон доо.

Энэ хууль өөрөө бас Үндсэн хуультай ч харшилдаж байлаа. Жишээ нь, Үндсэн хуулийн 19.2-д “Онц болон дайны байдал зарласан тохиолдолд Үндсэн хууль, бусад хуульд заасан хүний эрх, эрх чөлөөг гагцхүү хуулиар хязгаарлаж болно. Тийнхүү хязгаарласан хууль нь хүний амьд явах эрх, итгэл үнэмшилтэй байх, шашин шүтэх, эс шүтэх эрх чөлөө, түүнчлэн хэнд боловч эрүү шүүлт тулгах, хүнлэг бус, хэрцгий хандахыг хориглосон хуулийн заалтыг үл хөндөнө” гэсэн заалт бий. Онц байдал тогтоогоогүй үед хүний эрхийг зөрчиж болохгүй байх нь.

Мөн Үндсэн хуулиар Монгол Улсын иргэн бизнес эрхэлж, шударгаар ашиг орлого олох эрхтэй байдаг. Тэгвэл Ковидын хуулийн хүрээнд шат шатны Онцгой комиссууд дуртай үедээ хөл хорио тогтоож байв. Хоол, үзвэрийн газруудаас эхлээд үйлчилгээний байгууллагуудыг хааж, нээх асуудлыг Онцгой комисс, Засгийн газар, Засаг дарга нар цаг үеийн байдалтай уялдуулан дур мэдэн хийж байлаа. Үндсэн хуулийн Цэцэд хэн ч мэдээлэл гаргасан уначих ийм хуулийн буулган дор монголчууд тэвчээртэй байсан шалтгаан бол төрдөө итгэснийх, цар тахлыг нийтээрээ хичээж байж даван туулна гэдгийг ухамсарласнийх юм аа.

Төрийн албанд шатлан дэвших мерит зарчмыг халж бараг феодалийн гэмээр томилгооны эрх олгосон, улсын санд байгаа мөнгө төгрөгийг лусын хаан лугаа дураараа зарцуулах эрхтэй болгосон, хуулиар зөвшөөрөгдсөн хүний эрхийг хязгаарласан ийм хууль бугших, удах нь өөрөө маш аюултай. Тийм ч болохоор анх 2020 оны дөрөвдүгээр сарын 29-ний өдөр батлахдаа тус оны арванхоёрдугаар сарын 31-нээр дуусгавар болгох, сунгавал зөвхөн ганц удаа л сунгаж болно гэсэн заалттайгаар баталсан байдаг.

Улмаар тухайн оны төгсгөлд хуулийг дахин зургаан сарын хугацаатай сунгав. Цар тахал манай улсад дэгдэж эхэлсэн болохоор нэг удаа сунгахад хэн л тоов гэж. Гэхдээ тэр удаа сунгахдаа өнөө дахиж сунгахгүй гэдэг заалтаа хасчихсан байна. Ингээд энэ оны зургаадугаар сарын 30-наар хугацаа нь дуусах гэтэл дахиад сунгаж орхисон. Цар тахал жинхэнэ аюулын харанга дэлдэж эхэлсэн үетэй ч уялдана. Бас л яалт ч үгүй уг хуулийн хэрэгжих хугацааг зургаан сараар сунгах шаардлагатай тухай суртал ухуулга ч явсан. Өнгөрсөн зургаадугаар сарын 24-ний өдөр болсон чуулганы протоколыг эргээд харахад Ж.Сүхбаатар, Ж.Энхбаяр, Ж.Сандагсүрэн, Ц.Даваасүрэн, С.Одонтуяа гээд УИХ-ын цөөнгүй гишүүн эсэргүүцэж үгээ хэлж байжээ.

Учир нь, ковидын нөхцөл байдлаас илүүтэйгээр төрийн албаны томилгоо, төсвийн мөнгөний зарцуулалт гамшиг дагуулж мэдэхээр дампуурч эхэлсэн байсанд юм. Төрийн удирдах албан тушаалт түр орлон гүйцэтгэгчээр томилогдсон 500 гаруй албан тушаалтнуудын дунд төрд нэг ч өдөр ажиллаагүй хүн нэгээр тогтохгүй байж байв. Тэр төрийн ажлын дадлага туршлагагүй, мэдлэг боловсрол дутуу дарга нар дээрээс томилогдож ирээд доод шатанд жалга дов, танил талаа зузаалж эхэлсэн.

Төрийн албаны мэргэшсэн үйл ажиллагаа аажмаар суларч, иргэдийн төрд итгэх итгэл тэг заасан даа. Дээр нь, цар тахалтай тэмцэхэд чиглэсэн ажилд төсвийн мөнгийг хяналтгүй зарцуулах давлагаан дунд олон шамшигдуулалт ил, далд явлаа. Хоёр жилийн хугацаанд төсвийн алдагдал долоон их наядад хүрсний цаана цар тахлын эсрэг арга хэмжээнүүдийн нөлөө ч туссан нь гарцаагүй. 400 сая төгрөгөөр 20 мянган амны хаалт худалдан авах тендер зарласан асуудал ил гарч байсан бол зөвхөн нэг жишээ. Ширхэг нь 20 мянган төгрөг гэсэн үг. Энэ тендерийг зарласан эрх мэдэлтэн баригдаад юу гэж хэлсэн гэж санана. Тэр хүн “Цар тахалтай тэмцэх хуулиар шууд худалдан авалт хийж болох л байсан. Гэтэл би харин ч тендер зарласан шүү” гэж хуурай агсамнасан юм даа.

Тийм болохоор хуулийг энэ оныг дуустал сунгах явц асар их эсэргүүцэлтэй байсан хэрэг.

Ямар сайндаа өнгөрсөн зургаадугаар сард хуулийн хугацааг сунгасны дараа УИХ-ын дарга Г.Занданшатар “Намрын чуулганаар Гамшгийн эсрэг хуульд өөрчлөлт оруулах хэрэгтэй. Энэ удаа сунгалаа. Дараагийн удаа ковидын хуулийг дахин сунгах боломжгүй” гэж анхааруулж байх вэ дээ. Гэтэл одоо зургаан сараар сунгах асуудал дахиад “амилжээ”.

Нийтлэлийн эхэнд дурдсанчлан Монгол Улсад цар тахлын эрч буурлаа. Харамсалтай нь, нөгөө талд олж авсан эрх мэдлийн эрч сулрах дургүй байна. Одоо бол “Ковидын хууль”-ийг сунгах нь алдаа, завхралыг л үргэлжлүүлэх асуудал болсон гэдгийг тангараг өргөсөн түшээдэд ухааруулах цаг болжээ.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

 
 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top