СУРВАЛЖИЛГА: "Өвчин дагуулсан" бэлэгтэй өдрүүд айсуй

2021 оны 12 сарын 15

Өвлийн өвгөн аав хэдийд, хаанаас гарч ирдгийг хэн ч мэдэхгүй. Гэвч шинэ жилийн баярын үеэр гарч ирэн хүүхдүүдэд уутнаасаа бэлэг гарган өгөх мөч дахин давтагдашгүй мэт л санагддаг байж билээ. Үүлтэй тэнгэрийн доогуур, үзүүртэй модны дээгүүр тэр олон хүүхдийн бэлгийг цана чаргадаа ачин явах өвлийн өвөөг гацуур модоо чимэглэх бүрд төсөөлдөг сөн. Гэхдээ бэлгээ хэрхэн бэлддэг, яагаад ийм амттай байдаг талаарх асуулт толгойд эргэлддэг байлаа.

Харамсалтай нь том хүн болох тусам өвлийн өвөөгийн бэлэг баярлуулах бус харууслыг дагуулж байсан юм. Тийм амттай бэлэг хүний биенд хор хөнөөл ихийг учруулан гэж бяцхан хүүхдийн толгойд хэрхэн буух билээ. Шинэ жилийн баяр дөхсөн эдгээр өдрүүдэд хүүхдийн бэлэг хамгийн эрэлттэй байдаг. Гэвч хүүхдийн бэлэг баяр хөөр бус өвчнийг дагуулах болсон нь манай улсын хүнсний бүтээгдэхүүний сахарын агууламжийг анхаарах болсныг илтгээд байгаа юм. Энэ удаагийн шинэ жилийн цуврал сурвалжилгаар хүүхдийн бэлгийн үнэ болон сахарын агууламжийн талаар хүргэхээр бэлдлээ.

ХҮҮХДИЙН БЭЛГИЙН ДУНДАЖ ҮНЭ 18-20 МЯНГАН ТӨГРӨГ БАЙНА

Шинэ жилийн баяр дөхсөөр Улаанбаатар хотод хөл хөдөлгөөн энгийн үеэс ихэсжээ. Тэр дундаа баярын өдөр ойртсон учраас хүүхдэд бэлэг авах хүмүүсийн дараалал дэлгүүрүүдэд тасрахгүй байна. Энэ жилийн хүүхдийн бэлэг ямар үнэ ханштай байгаа талаар Улаанбаатар хотын томоохон сүлжээ дэлгүүрүүдээс тодрууллаа.

Номин супермаркет хүүхдэд зориулсан хайрцагтай болон ууттай бэлгийг эгнүүлэн өржээ. Хайрцагтай бэлэг нь дотроо олон янз байлаа. Тролли 20 мянга, шинэ жилийн бэлгийн багц 17-26 мянга, киндер 14 мянга, гацуурхан, цасхан, санта багц 16-21 мянга, хүслийн багц 23-26 мянган төгрөгий үнэтэй байв. Харин ууттай бэлгүүд нь 13-24 мянган төгрөгийн ханштай байсан юм. Сансар худалдааны төв ч мөн адил хайрцагтай болон ууттай бэлгүүдийг хүүхдэд зориулан бэлджээ. Ингэхдээ ууттай бэлэг нь 8.5-14.2 мянган төгрөгийн ханштай бол хайрцагтай бэлэг нь 15-20 мянган төгрөгийн үнэтэй байна.

Харин Оргил худалдааны төвд ууттай бэлэг 4.2-24 мянга бол хайрцагтай бэлэг 6.6-26 мянган төгрөгийн үнэтэй байсан юм. Ингээд үзвэл хүүхдэд зориулсан бэлэгний дундаж үнэ 18-20 мянган төгрөгийн ханштай. Хүүхдийн бэлгэнд цэлцэгнүүр, ундаа, резинэн чихэр, төрөл бүрийн шоколад, жигнэмэг бохь, гаа, чипс, шагшуур зэргийг ихэвчлэн хийжээ. Эдгээр нэр төрлийн бүтээгдэхүүнээс, тэр дундаа шоколаднуудыг зарим улс орон ангилж, хүнсний хэрэглээнээс хассан байдаг.

Мөн хүүхдийн хэрэглэх ёстой амттан, чихрийн хэмжээг заан өгсөн байдаг ч манай улсад хүүхдийн бүтээгдэхүүний сахарын хэрэглээнд төдийлөн анхаарал тавьдаггүй. Тиймээс ч хүүхдэд зориулсан гэх бэлгэнд төрөл бүрийн шаардлагагүй найрлагатай бүтээгдэхүүнийг багцлан боосон байдаг. Дан ганц шоколад гэлтгүй резинэн чихрийг хүүхдэд өгөхийг хориглосон олон орон бий. Харамсалтай нь баяр ёслол бүрээр хүмүүсийн тавгандаа тавьж, хүүхдийн амтархан иддэг бүтээгдэхүүн болон хувирсан нь харамсалтай.

Ч.ҮНЭНБАЯР: ЧИХЭР ИХТЭЙ ХҮНСНИЙ БҮТЭЭГДЭХҮҮН ХҮҮХДИЙН ШҮДНИЙ ӨВЧЛӨЛИЙГ НЭМДЭГ

Хүүхдэд зориулсан бэлэг нь сахарын хэт их агууламжтай байдгаас үүдэж тэдний шүдийг гэмтээдэг. Сахарын хэт их хэрэглээ нь хүмүүсийг олон өвчинд хөтөлдөг ч хамгийн түрүүнд шүдний өвчлөл рүү хөтөлдөг билээ. Тиймээс сахарын их хэрэглээ хүүхдэд хэрхэн нөлөөлдөг талаар шүдний эмч Ч.Үнэнбаяраас тодрууллаа.

-Манай улсын хүүхдүүдийн шүдний өвчлөл хэр байгаа вэ?

-Улсын хэмжээнд нийт хүүхдийн 95 хувь нь шүдний өвчлөлтэй байна гэсэн тооцоо байдаг. Сүүлийн жилүүдэд шүдний цоорол эрс нэмэгдсэн. Тэр дундаа бага насны хүүхдийн шүдний өвчлөл хамгийн ихээр нэмэгдсэн байгаа.

-Хүүхдийн шүдний өвчлөлд хамгийн ихээр нөлөөлдөг зүйлсийг нэрлэвэл?

-Шүдний цоорол нэмэгдэх болсон хамгийн гол шалтгаан нь хүүхдийн хоолтой холбоотой юм. Өмнө нь хүүхэд зажлуур сайтай хоол иддэг байсан нь шүдийг бат бөх болгодог байлаа. Одоо бол хэврэгжсэн. Шалтгаан нь сахарын агууламж өндөртэй хүнсний бүтээгдэхүүн хэрэглэдэгтэй шууд холбоотой.

Тухайлбал, ундаа, жүүс, резинэн чихэр, нүүрс хүчил ихтэй хоол хүнс, хүнсний нэмэлт бүтээгдэхүүн зэргээс үүдэж шүд хорхойтох, цоорч, гэмтэх эрсдэл үүсдэг. Хүүхдийг амттан, чихэр, чипс зэргээр ундаалснаас улбаалж хүүхдийн хоолны дуршил буурдаг. Энэ нь эргээд амин дэмгүй хүнс хэрэглэх, сахар ихээр агуулсан хүнсний бүтээгдэхүүнд донтох, шүдний бат бөх байдлыг алдагдуулж байгаа юм.

-Хүүхдийн шинэ жилийн баярын бэлгийг чихрээс бүрдүүлдэг. Тэгвэл энэ нь сахарын агууламж ихтэй байх тусмаа хүүхдэд учруулах хор хөнөөл нь их болно гэсэн үг шүү дээ?

-Тийм ээ. Хүмүүс хүүхдэдээ бэлэг сонгохдоо хамгийн амттайг нь өгөхийг хүсдэг. Уг нь бол чанартайг нь бэлэглэх хэрэгтэй шүү дээ. Гэтэл хүүхдүүддээ хор бэлэглэдэг. Энэ нь хүүхдийн эрүүл мэндийг ихээр хохироодог гэсэн үг. Сахарын агууламж багатай бүтээгдэхүүн, жимс жимсгэнэ гэх мэтийг хүүхдэд ахиухан өгөх хэрэгтэй. Жимс, жимсгэнээс байгалийн сахарыг хүртэх нь нэмэлт сахар хэрэглэснээс сайн юм. Мөн эрдэс, бодис, амин дэм ихээр агуулсан хоол хүнсийг сайтар хэрэглэх хэрэгтэй.

Ингэснээр шүд дотроосоо эрүүлжиж, тэжээл авч чадна. Хоол хүнсэндээ нүүрс ус бага агуулсан бүтээгдэхүүн хэрэглэх нь дан ганц шүднээс гадна хүүхдийн эрүүл мэндийг хамгаалах хамгийн шилдэг арга юм. Нэг төрлийн хоол хүнснээс зайлсхийж, болж өгвөл олон төрлийн хүнс хэрэглэхйиг хүмүүст зөвлөмөөр байна. Хүүхдийг багаас нь олон төрлийн хоол хүнс хэрэглэж сургавал сахарын хэмжээнд санаа зовохгүй, түүнээс улбаалж наад зах нь шүдний өвчлөлгүй байдаг. Хүүхдээ эрүүл өсгөхийг хүсвэл сахарын буруу хэрэглээг багасгах хэрэгтэй.

САХАР НЬ СОГТУУРУУЛАХ УНДААНЫ БУС ГАРАЛТАЙ ЭЛЭГНИЙ ӨӨХЛӨЛТ ҮҮСГЭДЭГ

Сахар гэхээр хамгийн түрүүнд ёотон, цагаан, бор элсэн чихрийг боддог. Хэдийгээр эдгээрийг сахар хэмээн нэрлэдэг ч бодит байдалд байгалийн болон нэмэлт сахар гэх ойлголтыг илүүтэй мэдэх хэрэгтэй юм. Бидний хүнсэндээ хэрэглэдэг бүхий л төрлийн нүүрс ус нь задраад цусанд глюкоз болж хувирдаг. Товчхондоо хүмүүсийн хэлж заншсанаар цусанд сахар болж очдог гэсэн үг. Өмнө дурдсан байгалийн болон нэмэлт сахарын талаарх мэдээллийг хүргэе.

Сүү, цагаан идээ зэрэг бүтээгдэхүүнд агуулагдах сахарыг байгалийг сахар хэмээн нэрлэдэг. Харин ямар нэгэн бэлэн бүтээгдэхүүнд сироп эсвэл элсэн сахар, ёотон хольж байгаа нөхцөлд нэмэлт сахар болох юм. Тиймээс бидний өдөр тутамд хэрэглэдэг бүтээгдэхүүнд нэмэлт сахарын хэмжээ ихэссэн. Органик, биед тустай хэмээн нэрлэдэг бүтээгдэхүүнүүдэд ч сахарын агууламж ихэссэн нь хүмүүсийн биед суурь өвчин үүсгэх гол эх үүсвэр болдог. Сахарын хэрэглээ ихэссэнээр инсулинийн зохицуулалт алдагдах, илүүдэл жинтэй болох, шүдний өвчин үүсэх, цусан дахь сахарын хэмжээ нэмэгдэх гэх мэт сөрөг нөлөөллүүдийг нэрлэж болно.

Тиймээс сахар их хэрэглэдэг хүмүүс сахараа танах хоёр арга байдаг аж. Нэгдүгээрт, сахарын зохистой хэрэглээний мэдлэгээ нэмэгдүүлснээр ухамсраараа бага багаар сахараас татгалзах боломжтой юм. Хоёрдугаарт, сарын турш болон түүнээс дээш хугацаанд нэмэлт чихэр агуулаагүй, чихэрлэг, нялуун амттай бүтээгдэхүүнээ хязгаарлаж биеэ дасгах гэсэн хоёр аргыг мэргэжлийн хоол зүйчид зөвлөдөг байна. Мөн чихрийн бүтэц нь глюкоз, прюктозоос бүрддэг.

Үүнээс глюкоз нь хүний цусанд очиж улмаар бусад эд эрхтэн рүү дамждаг бол прюктоз агуулсан бүтээгдэхүүнүүд нь элгэнд ачаалал үүсгэдэг ажээ. Улмаар согтууруулах ундааны бус гаралтай элэгний өөхлөлт үүсгэдэг байна. Тиймээс бэлэн болон боловсруулсан бүтээгдэхүүн худалдан авахдаа хаяг шошгыг нь хамгийн түрүүнд шалгах шаардлагатай. Ингэхдээ 100 гр-д агуулагдах хэмжээг харах юм. Сахарын хэмжээ нь 100 гр-д таван гр-аас бага хэмжээтэй байвал тухайн бүтээгдэхүүнийг сахар багатай бүтээгдэхүүн хэмээн үздэг. Харин 100 гр-д 22.5 гр-аас дээш хэмжээтэй сахар агуулагдсан байвал илүүдэлтэй хэмээн үзэх юм. Мөн нуугдмал сахарын хэмжээг анзаарч байх нь чухал. Сахар нь тааламжтай амтыг бий болгодог тул бидний төсөөлөөгүй бүтээгдэхүүнд нуугдмал байхаар агуулагдах нь бий.

НОМ, ХУВЦАС, ЖИМС, ТОГЛООМ ЗЭРГИЙГ ХҮҮХДЭД БЭЛЭГЛЭХ НЬ ТОХИРОМЖТОЙ

Хүүхдийн бэлгийг бүрдүүлэхдээ сахарын агууламжийг заавал шалгах хэрэгтэй. Шалгаж дадсан цагт бяцхан үрсийн эрүүл мэндийг хамгаалахад нэг алхам дөхөм болсон гэсэн үг юм. Тэгвэл хүүхдийн бэлэгтэй холбоотойгоор

Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Хүнсний аюулгүй байдал, хөдөө аж ахуйн хяналтын газрын дарга Т.Балжинням “Эцэг эхчүүдийн хувьд хүүхэд гэдэг хамгийн эрхэм юм. Тиймээс хүүхдийн бэлгийг сонгохдоо эрүүл мэнд, аюулгүй байдлыг нь бодолцох хэрэгтэй.Хүүхдэд бэлэглэх хүнсний бүтээгдэхүүн авахдаа хаяг, шошго, хугацаа, сахарын хэмжээг шалгах шаардлагатай юм. Манай байгууллагын хувьд хяналт шалгалтын төлөвлөгөөгөө жилийн өмнө гаргадаг. Үүний дагуу шинэ жилийн урьдчилан сэргийлэх хяналт шалгалтыг улсын хэмжээнд хйиж эхэлсэн. Үндэсний үйлдвэр, импортын хүнс, мах махан бүтээгдэхүүний үйлдвэрлэл, худалдаа гэсэн чиглэлээр хяналт шалгалт хийж байна” хэмээв. Хүүхдэд идэх зүйл бэлэглэдэг гэсэн үзэл хэдийн ард хоцорчээ.

Тэдний дуртай амттангаас гадна, тоглоом, хувцас, ном гэх мэтийг нэрлэж болох юм. Тэр дундаа үндэсний үйлдвэрлэлийн хүүхдэд зориулсан цагаан идээ, оньсон тоглоом, эвлүүлдэг тоглоом, шинжлэх ухаан, уран сайхны ном мэтийг дурдаж болно. Мөн сахарын агууламж ихтэй бүтээгдэхүүнээс илүүтэй хамгийн амин дэм сайтай амттан нь жимс, жимсгэнэ юм. Тиймээс хүүхдүүдийн эрүүл мэндийн төлөө аливаа бүтээгдэхүүний сахарын агууламжийг үргэлжид шалгаж байх хэрэгтэй. Амин дэмгүй, хэт их сахарын агууламжтай бүтээгдэхүүнээс зайлсхийж, хүүхэддээ тавих эрүүл мэндийн хяналтаа сайжруулах шаардлага бидний өмнө тулгараад байна.

Н.АНУЖИН

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

 

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(124.158.65.120) 2021 оны 12 сарын 15

хүү минь зөв бичиж сурахгүй бол эвгүй бна шүү,прюктоз биш фруктоз гэнэ

0  |  0
Top