Яармагийн гурван эгнээ автомашины замын хоёр эгнээ замаар бохир ус урсаж хөлдсөн билээ. Дан ганц машины гэлтгүй явган хүний зам ч бохир уснаас үүдэж хөлдөн, иргэд зорчиход хүндрэлтэй байдал үүсээд байгаа юм. Ингэснээр автомашинтай болон явган зорчигчийн эрүүл мэндийн аюулгүй байдалд хохирол учруулах эрсдэлтэй.
Иргэдийн хэлснээр энэхүү асуудал хоёр сар гаруй хугацаанд үргэлжилж байгаа ажээ. Харин холбогдох байгууллагын хүмүүс сар гаруй хугацаанд энэхүү асуудал үргэлжилж байгаа гэсэн юм. Өнгөрсөн долоо хоногт давтагдсан энэхүү үйл явдал өнөөдрийн байдлаар ямар байгааг судлан хүргэж байна.
ОЙЧООД УНАЧИХ ВИЙ ХЭМЭЭН ИХЭД БОЛГООМЖЛОН АЛХАЖ БАЙГАА ГЭВ
Яармагт амьдардаг иргэн Б.Өлзий өдөр бүр явган хүний замаар алхдаг ажээ. Тэрбээр “Бохирын ус хөлдсөнөөс болж алхаж явахад хэцүү болсон. Ойчоод уначих вий гэж их л болгоомжлон алхаж байна. Өвөл болохоор бохир ус хөлдөөд сүртэй зүйл болохгүй гэж холбогдох хүмүүс нь бодож байж магадгүй. Гэвч дулаарвал хөлдсөн бохир ус хайлснаас үүдэж төрөл бүрийн өвчлөл үүсэх эрсдэлтэй. Нэг биш нэлээд хэдэн удаа давтагдлаа шүү дээ” хэмээн хэлсэн юм.
Долоо хоногийн дотор автозамын болон иргэдийн хөдөлгөөнд саад учруулсан хөлдсөн бохирын усыг хэдийн цэвэрлэжээ. Гэсэн хэдий ч Хүннү моллын эсрэг талын зорчих замд мөсөн бүрхүүл тогтсон хэвээр байлаа.
Жолоочид хурдаа сааруулж, иргэд оцон шувуунаас ч удаан, болгоомжтой алхаж харагдана. Тэр дундаа нэгнийгээ сугадан явах дунд ангийн бололтой гурван сурагч явж байлаа. Сурагчид нэрээ хэлэхгүйгээр яриа өгч болох уу хэмээн хэвлүүхэн асуун өөрсдийн бодлоо хуваалцав. Тэд “Энэ хавьд бидний мэдэхээр дөрвөөс таван сургууль байгаа. Сурагчид энэ замаар сургууль руугаа явдаг. Манай найзууд дунд халтирч унаж хөлөө жоохон гэмтээсэн хүүхдүүд бий. Энэ мөсөн дээгүүр явахдаа унахгүйн тулд нэгнийгээ сугадаж явдаг. Гэхдээ бохирын ус болохоор уначихвал хувцас муухай болно. Энэ замыг цэвэрлэж болохгүй юм байх даа” хэмээн ярьсан юм.
ХИЛ ХААСНЫ УЛМААС ШАХУУРГА АВАХ БОЛОМЖГҮЙ БОЛСОН БАЙНА
Нэг үеэ бодвол замын мөсний ихэнх хэсгийг цэвэрлэж авсан ч иргэд гомдолтой байгаа ажээ. Бохир хальсан хотхонуудыг хувийн дөрвөн контор хариуцан ажилладаг байна. Хан-Уул дүүргийн Тохижилт, ногоон байгууламжийн газраас тус конторууд шавраа цэвэрлэхгүй удсанаас үүдэж, мотор, шахуурга нь хүчин чадлаа дийлэхгүйгээр эвдэрсэн хэмээн үзэж байгаа ажээ. Мөн амралтын өдрүүдэд иргэд гэртээ өнжих нь элбэг ба үүнээс улбаалж шугамын ачаалал нэмэгдсэн нь нөлөөлсөн гэж үзсэн байна.
Хүчин чадлаа дийлэхгүй байгаа дөрвөн конторыг нэмэхээр төлөвлөсөн ч шаардлага хангах шахуургыг худалдан авах боломжгүй ажээ. Учир нь дотоодоос шахуургыг худалдан авах боломжгүй бөгөөд импортоор авах хэрэгцээ үүсдэг байна. Харамсалтай нь хилээр нэвтрүүлэн авахад хүндрэл үүссэнийг онцолсон юм. Гэвч бохирын усны шахуургын гэмтэл энэ оны хоёрдугаар сард анх гарсан байна. Орон сууц ашиглалтын компани болох “Оч гялс” компанийн зүгээс тухайн гэмтлийг арилгаж, долоодугаар сарын 06-ны өдөр шинэ шахуурга тавьсан ажээ. Гэвч шинэ шахуурга нь дөрвөн сарын цахилгааны асуудлаас болж ажиллаагүй байна. Тухайн газарт нийт таван контор, таван аж ахуйн нэгж болон 3,000 орчим айл өрхийн бохирыг зөөвөрлөдөг аж.
Бохирын ус дахин халихгүй гэх баталгаа байхгүй. Учир нь насос, станц бүрэн ашиглалтад орж бохирын усыг машинаар зөөх шаардлага үүсэхгүй болсон цагт л энэ асуудал эцэслэн шийдэгдэх боломжтой. Тус хэсэгт харьяалагдах хүнийхээ хэрэгцээг дийлэхгүй технологи асуудлын гол зангилаа болж байна. Нөгөө талаас ийм эрсдэл үүсэх болсон бас нэгэн шалтгаан нь өнгөрсөн сард ашиглалтад орох байсан нийслэлийн 600 мм-ийн шугам ашиглалтад ороогүй явдал ажээ.
Шинэ барилга, хөл хөдөлгөөн, түгжрэл, иргэдийн суурьшил Яармаг руу чиглэх болсон энэ үед дээрх асуудал дахин үүссэнээр хэр их осол, гэмтэл гарахыг тааж хэлэх боломжгүй. Оршин суух иргэд болон хамаарал бүхий байгууллага, компаниуд нэг нэгнийгээ буруушааж, нэгэндээ асуудлыг тохсон, эсрэгцсэн байр суурьтай байгаа юм. Нэгдсэн шугам, сүлжээнд холбогдож чадаагүйн улмаас үүсэх энэ мэт асуудал буух эзэнгүй, буцах хаяггүй үлдэх вий.
Н.АНУЖИН
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 0 )