Монголбанкны Мөнгөний бодлогын хороо тов ёсоор энэ сарын 13-17-ны өдрүүдэд хуралдаж, шийдвэрээ 17-ны өдөр танилцуулах юм.
Төв банкны зорилтоос давсан инфляцын эрчим арваннэгдүгээр сард дахин нэмэгдэж, улсын хэмжээнд 10 хувь, Улаанбаатар хотын хэмжээнд 10.5 хувьд хүрээд байна. Тэгэхээр Мөнгөний бодлогын арга хэрэгслүүдээр дамжуулан инфляцын төлөвийг “удирдах” зорилго, зорилттой Төв банкны Мөнгөний бодлогын хороо энэ удаад Бодлогын хүүг хөдөлгөх эсэх нь анхаарал татаж байна. Есдүгээр сард гаргасан шийдвэрийг нь сануулахад:
Мөнгөний бодлогын газрын захирал Б.Баярдаваа инфляцын ирэх саруудын төлөвийн талаар хэлэхдээ “Инфляцын бүтцийг сайн судлах ёстой. Эдийн засгийн сэргэлттэй холбоотой юу, гаднаас импортлогдож орж ирж байгаа юу, нэг удаагийн нийлүүлэлтийн шинжтэй байна уу гэдэгт үндэслэн инфляцыг онилсон мөнгөний бодлогын шийдвэрүүд гарах ёстой.Инфляц бүх улс орнуудад байна. Улс орнууд инфляцтай нүүр тулж байгаа нь ижил шалтгаантай. Ихэнх улс оронд хүнс, нефтийн үнэ, тээвэр, логистик нөлөөлж байгаа нь нийтлэг дүр зураг байна.Төв банкууд эрэлтийн буюу эдийн засгийн сэргэлттэй холбоотой инфляциа зөв таньж байж бодлогын шийдвэр гаргахад анхаарч байна... Инфляц 2021 оны сүүлээр зорилтоос давж байгаа ч, 2022 оны сүүлийн хагасаас буурна. Инфляцын зорилтын интервал руу буугаад ороод ирнэ гэсэн хүлээлттэй байгаа. Энэ оны төгсгөл 12 сар болон ирэх нэгдүгээр сарын инфляц интервалаас давж, 8-9 хувьтай гарах болов уу. Ирэх оны сүүлийн хагаст 6-7 хувь руу орно гэсэн хүлээлттэй байгаа. Өнөөдрийн инфляцын шалтгаан бусад улс орнуудтай ижил. Төв банкууд Бодлогын хүүн дээр тэвчээртэй хандсан төлөв байдалтай байна” гэсэн байр суурийг илэрхийлсэн.
Тэгвэл түүний таамаглалд дурдсанчлан энэ оны арванхоёрдугаар сард 8-9 хувьтай гарах магадлалтай инфляц арваннэгдүгээр сард 10 хувийг давлаа.
Арванхоёрдугаар сар буюу энэ сарын тухайд хил гаалийн нөхцөл байдал сорилттой хэвээрээ байгаагийн сацуу шинэ жилийн баяр тохиож буй учраас бараа, үйлчилгээний үнийн өсөлт хадгалагдах төлөвтэй байна.
Төв банкнаас өгсөн мэдээллээр аравдугаар сарын байдлаарх жилийн инфляцын бүрэлдэхүүнийг харвал:
Сануулахад, Төв банк ирэх онд төрөөс баримтлах Мөнгөний бодлогын зорилтын хүрээнд хэрэглээний үнийн индексээр хэмжигдэх инфляцыг 2022-2024 онд 6±2% интервалд тогтворжуулахаар тусгасан.
Монголбанк мөнгөний бодлогын шийдвэрийг гаргахдаа зах зээлийн зарчимд тулгуурлан нийлүүлэлтийн шалтгаантай үнийн өсөлтийн шууд бус нөлөөг нягтлан үзэж, эдийн засгийн сэргэлтийг удаашруулахгүй байх зарчмыг баримтална.
Мөн Ковид-19 цар тахлын хүндрэлийг даван туулах, эдийн засгийн сэргэлт, дунд хугацааны макро тогтвортой байдлыг дэмжсэн зээлийн тогтвортой өсөлтийг хангаж, банкны системд эрсдэл хуримтлагдахаас сэргийлсэн макро зохистой бодлогыг мөнгөний бодлоготой хослуулан хэрэгжүүлнэ гэсэн мэдээллийг өгч байгаа юм.
Төв банкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн “...Түр зуурын шалтгаанаар инфляц зорилтоос давахыг зѳвшѳѳрѳх ч дунд хугацаанд 6+/-2% интервалд хадгалах зорилго хэвээр үргэлжилнэ. Ѳѳрѳѳр хэлбэл, цар тахлын үед нийлүүлэлтийн эсвэл ачаа барааны тээврийн шалтгаанаар зарим бараа бүтээгдэхүүний үнэ хэлбэлзэх эрсдэл үүсч болох ч, мѳнгѳний бодлогын хариу үйлдлийг эдийн засгийн идэвхжлээс хамааруулан тохируулга хийнэ гэсэн үг. Мэдээж зарим нэг тохируулгын арга хэмжээг аваад эхэлсэн байгаа” гэсэн мэдээллийг өмнө нь өгч байсан.
Тэгвэл өнөөгийн нөхцөл байдлыг аваад үзэхэд эдийн засгийн идэвхжил сайн биш байна. Уул уурхай, барилга, хөдөө аж ахуй зэрэг эдийн засгийн салбаруудын идэвхжил буурдаг хүйтний улирлаас гадна хил гаалийн нөхцөл байдал хүнд, нийлүүлэлтийн хомсдолтой байна. Түүнчлэн бараа бүтээгдэхүүний нийлүүлэлтийн хомсдолоос үүдэн эрэлт нэмэгдэж, инфляцын эрчим буурахгүй байхаар төлөвтэй байгаа сорилттой цаг үед Мөнгөний бодлогын хороо ээлжит шийдвэрээ гаргах гэж байна.
Сэтгэгдэл ( 1 )
Сэтгүүлчдийнхээ боловрсол, мэдлэг, монгол хэлний мэдоэг, найруулгагыг сайжруулаачээ!!!!!!!