Монгол Улсын хэмжээнд энэ хичээлийн жилд ерөнхий боловсролын сургуулийн 540 дотуур байранд 35 мянган хүүхэд амьдарч байна. Зөвхөн хөдөө орон нутагт төдийгүй Улаанбаатар хотод хоёр тусгай сургуулийн дотуур байр, Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийн суралцагчдын дотуур байр зэрэг байршил, орон зайнаас үл хамаарч сурах хөгжих эрхээ эдлэхийн тулд зайлшгүй дотуур байранд амьдарч байна.
Одоогоор хүчин төгөлдөр үйлчилж байгаа Боловсролын тухай хууль, Бага дунд боловсролын тухай хуульд дотуур байрны асуудлыг хангалттай зохицуулаагүй бөгөөд дотуур байран дахь хүүхдийн эрхийг аль салбар хамгаалах вэ. Боловсролын салбар уу, хүний эрхийн байгууллага уу гэдэг нь ч тодорхойгүй байна. Тиймээс шийдвэр гаргагч нарын төлөөллийг оролцуулан уг асуудлыг салбар дунд орхигдуулахгүй хууль тогтоомжоор нарийвчлах шаардлагатай байгаа юм.
Саяхан Өвөрхангай аймгийн дунд сургуулийн дотуур байрны сурагч бусдад буудуулж амь насаа алдсан. Үүнээс гадна бэлгийн хүчирхийлэл, нэгнээ дээрэлхэх, гадуурхах гээд далд хэлбэрийн ёс бус үйлдэл сурагчийн дотуур байранд гардаг талаар иргэдээс маш олон гомдол ирдэг болжээ. Монголын хуульчдын холбооны Хүүхдийн эрхийн дэд хороо болон “Хил хязгааргүй хуульчид” ТББ хамтран өчигдөр “Дотуур байр-Хүүхэд хамгаалал” сэдвийн хүрээнд үндэсний хэлэлцүүлэг өрнүүллээ. Хэлэлцүүлгээр салбар салбарын хүмүүс санал бодол, гарц шийдлээ ярилцсан юм.
А.АЗЖАРГАЛ: ӨНГӨРСӨН ОНД 190 ДУУДЛАГА ИРСНЭЭС 16 НЬ ДОТУУР БАЙРАНД ГАРСАН БАЙНА
Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газрын ахлах мэргэжилтэн А.Азжаргал Хүүхдийн эрхийг хамгаалах хууль эрх зүйн орчныг сайжруулах чиглэлээр хуулийн төсөл дээр ажиллаж байгаа юм. Тэрбээр хүүхдийн эрх хамгааллын чиглэлээр хууль эрх зүйн орчныг нь сайжруулах шаардлагатай байгааг онцолж байлаа.
-Хүүхдийн эрх сургуулийн орчинд зөрчигдөж байгаа тохиолдол нэмэгдэж байна гэж ярих боллоо. Энэ дуудлагын дагуу ямар арга хэмжээ авдаг вэ?
-2019 онд хүүхдийн 108 утсанд ерөнхий боловсролын сургуулийн орчинд хүүхдийн эрх зөрчигдсөн тухай 142 дуудлага ирсэн байна. 2020 онд 190 дуудлага ирснээс 16 нь дотуур байранд гарсан байна. Энэ онд 250 гаруй дуудлага ирсэн бөгөөд багш хүүхдийг ялгаварлан гадуурхсан, сургуулийн орчинд болон дотуур байранд хүүхдийн эрх зөрчигдөж байна гэсэн дуудлага ирдэг. Тухайлбал, дотуур байранд хүйтэн байна, аюулгүй байдлыг бүрэн хангаж чадахгүй байна, гадаа нойлтой байна, усанд орж чадахгүй, багш хүүхэдтэй зүй бус харьцаж байна гэсэн гомдлууд ирдэг. Бид дуудлагын дагуу ажиллаад эрх нь зөрчигдсөн хүүхдийг түр хамгаалах байранд авдаг.
Улмаар орон нутагт манай салбарын төлөөлөл ажилладаг. Бид хүүхдийн эрх хамгааллын чиглэлээр хууль эрх зүйн орчныг нь сайжруулах шаардлагатай байгаа. Тиймээс ХНХЯ, БШУЯ-наас Хүүхдийн эрхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн мэдүүлэхээр хэлэлцүүлэг зохион байгуулж байна.
-Хүүхдийн эрхийн хуулиар бүх шатны байгууллага, хуулийн этгээд үүрэг хүлээнэ гэж заасан байдаг. Салбар бүрд хүүхэд хамгааллын бодлого, хүүхдийн үндсэн эрхийг хангаж ажиллах ёстой. Сургуулийн түвшинд энэ байдал хэр хангалттай гэж үзэж байна вэ?
-Сургуулийн орчин бол хүүхдэд ээлтэй, сурч боловсроход тав тухтай байх ёстой. Боловсролын салбарт 2018 онд сайдын тушаалаар хүүхэд хамгаалах бодлогоо баталсан. Хүүхэд эрсдэлтэй нөхцөлд байгааг мэдсэн, таамагласан бол заавал холбогдох газарт нь болон эцэг эхэд нь мэдээлэх үүрэгтэй. Энэ бол сургуулийн бүх багш, ажилтны үүрэг. Үүнийг мэдсээр байж арга хэмжээ аваагүй бол Эрүүгийн тухай хуулиар шалгах шаардлагатай. Хуулийн хэрэгжилтийг заавал биелүүлэх хэрэгтэй. Орон нутагт буй сургуулийн дотуур байрны стандартыг гаргах хэрэгтэй байна. Энэ нь хүүхдийн тав тухтай, аюулгүй, эрүүл амьдрах орчин бүрдэнэ гэсэн үг.
-Нийгмийн ажилтан, сэтгэл зүйч, дотуур байрны багш, ажилтны хүрэлцээ хангамжийн асуудал гарч байна шүү дээ?
-Боловсролын салбарт нийгмийн ажилтны хүрэлцээ хангалттай. Сэтгэл зүйч нарыг бэлтгэж хангаж, бүх сургуулийг сэтгэл зүйчтэй болгохоор зорилт тавин ажиллаж байгаа юм байна лээ. Манай салбарт 1000 гаруй төрийн албан хаагч ажиллаж байгаа. Анхан шатны мэдлэгтэй нийгмийн ажилтан зайлшгүй шаардлагатай байгаа. Хорооны нийгмийн ажилтан дөрөв дахин ачаалалтай ажилладаг. Дүүргийн нэг нийгмийн ажилтан жилдээ 70 шахам кэйс дээр ажиллаж байна. Олон улсын стандартаар жилдээ 15-20 кэйс дээр ажиллах нормтой гэж заасан байдаг.
Ж.ХУНАН: ЗАСАГ ДАРГА БУЮУ ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН БАГИЙН АХЛАГЧ НЬ ГЭР БҮЛИЙН ХҮЧИРХИЙЛЛЭЭР ШИЙТГҮҮЛЖ БАЙСАН ХҮН БАЙСАН
Хүний эрхийн үндэсний комиссын даргын түр орлон гүйцэтгэгч Ж.Хунан гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх төсвийг ямар ч тохиолдолд бууруулж болохгүй гэдэг байр суурьтай байлаа.
-Хүүхэд хамгааллын бодлого яагаад дотуур байран дээр хаягдаад байна гэж бодож байна вэ?
-Хүүхдийн язгуур эрх ашиг ямагт нэгт явах ёстой. Хүүхдийн эрхийг хамгаалах бодлого сайн байлаа ч анхан шатны нэгж дээр хэрэгжүүлэх боловсон хүчин, төсөв хөрөнгө гарахгүй бол зөрчил гарсаар л байна. Дотуур байранд ажиллаж буй багш, ажилчдыг сайн бэлтгэх хэрэгтэй. Адаглаад л төсөв байхгүйн улмаас сум орон нутгийн дотуур байрны ариун цэврийн асуудлыг нь шийдэж чадахгүй байна. Дотуур байранд хүн амьдрахаас гадна хөгжиж, тоглож, суралцаж байх ёстой шүү дээ. Бүх тав тухыг нь бүрдүүлмээр байна.
-Дотуур байртай холбоотой ямар гомдол санал их ирж байна вэ?
-Харьяаллын дагуу хүүхдүүд дотуур байрандаа орж чадахгүй байна гэсэн гомдол ирдэг. Ялгаварлан гадуурхах үзэгдэл их гарч байна. Цахим орчинд нэгнээ доромжлох, дарамтлах асуудал их байна. Охидын үзлэгтэй холбоотой мэдээлэл алдагдвал үр дагавар нь хор уршигтай байдаг. Тиймээс охидын үзлэгийг сайн дурын үндсэн дээр хийх зөвлөмжийг хүргүүлсэн. Дотуур байранд сэтгэл зүйч, хамгаалагч, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлдэг ажилтан байх ёстой. Энэ бүхнийг орон нутгийн удирдлага төсөвтөө зайлшгүй суулгах ёстой.
-Хүний эрхийн үндэсний комиссоос ирэх онд хийж хэрэгжүүлэх ямар ажил төлөвлөж байна вэ?
-Хүүхэдтэй ажиллаж байгаа хүн их чухал. Үүнд жишээ дурдъя. Сумын Засаг дарга нь хүүхэд хамгааллын хамтарсан багийн ахлагч нь байдаг. Нэг сумын хүүхэд хамгааллын хамтарсан багийн үйл ажиллагаанд хяналт тавихад хүүхэд хамгааллын ажил нь явдаггүй, доголдолтой, дутуу дулимаг байв. Судлаад үзтэл тухайн Засаг дарга буюу багийн ахлагч нь өмнө нь гэр бүлийн хүчирхийллээр арван хоног баривчлуулж байсан хүн байгаа юм. Энэ өөрөө юуг хэлж байна гэхээр хүүхэдтэй ажиллах ажилтны хандлага, боловсролыг бодолцмоор байна. ХЭҮК-оос үүнд чиглэсэн бодлогыг ирэх оноос хийхээр төлөвлөж байна. Мөн дотуур байр, асрамжийн газруудад хүний эрхийн зарчмын өнцгөөс үнэлгээ, шалгалт хийнэ. Дээр хэлсэнчлэн бид УИХ-д илтгэл тавьж, сэдэв чуулганаар хэлэлцэж, улмаар асуудлууд хууль тогтоогчдод хүрч, нөхцөл байдал сайжирна хэмээн найдаж байна.
-Энэхүү хэлэлцүүлгээс ямар санал зөвлөмж гарч байна вэ?
-Дотуур байрны стандарт, төсөв мөнгөний зарцуулалт зүй зохистой байна уу гэдэг дээр ярилцлаа. Холбогдох салбарууд оролцлоо. Ялангуяа орон нутагт анхаарах зүйл их байна. Дараа жил манай комиссоос хяналт шалгалт хийнэ гэдгийг дахин хэлье.
Н.МӨНХЖАРГАЛ: МСҮТ-ИЙН ДӨРВӨН ДАВХАРТ СУРАГЧИЙН ДОТУУР БАЙР БАЙГАА НЬ МАШ АЮУЛТАЙ
Сургуулийн нийгмийн ажилтны холбоо ТББ-ын тэргүүн Н.Мөнхжаргал сургуулиудын дотуур байрны орчин нөхцөл эрс сайжирсан талаар дурдаад зарим аймаг сумдын дотуур байранд шалгалт хийхэд илэрсэн зөрчлийн талаар танилцууллаа.
-Сургууль бүхэн хүүхэд хамгааллын багтай. Энэ баг ажлаа хэр хийж байгаа гэж боддог вэ?
-Сургуулийн хүүхэд хамгааллын багт дотуур байрны багш, эцэг эх, багш, нийгмийн ажилтан ордог. Хүүхэд хамгааллын баг нь дотуур байрны хувьд тогооч, багш, цэвэрлэгч гээд бүх хүний ажил. Дан ганц багш хийх ёсгүй. Энэ бол салбар дундын ажил гээд байгаа нь буруу. Дотуур байрны ажил бол боловсролын салбарын ажил. Харин хүний эрхийн газар хамтарч ажиллаж дэмжлэг үзүүлэх ёстой. Нийгмийн ажилтан яагаад дотуур байранд ажиллахгүй байна вэ гэхээр цалин нь муу байгаа юм. Дотуур байрны багшаар тэтгэвэртээ гарсан хүн ажиллаж байна. Тийм учраас дотуур байрны багшид үнэлгээ хэрэгтэй байна. Чадвартай ажилтнаа цалинг нь нэмэгдүүлээд дотуур байранд ажиллуулбал маш үр дүнтэй. Боловсролын яам нийгмийн ажилтнаа хоёрдогч, гуравдагч өнцгөөс хардаг нь маш буруу л даа. Боловсролын байгууллага сэтгэл зүйчтэй болж байгаа нь зөв алхам. Энэ хоёр мэргэжлийн хүнтэй дотуур байрны багш хамтарч ажиллах хэрэгтэй.
-Шалгалтаар явж байхад камержилтын стандарт, хүртээмж хэр байна вэ?
-Төв аймгийн Баянчандмань, Эрдэнэ сум, Налайхын дотуур байраар ороход гурван өөр дүр зураг харагдаж байна. Баянчандмань сумын сургуулийн дотуур байр Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийн дотуур байрны дөрөвдүгээр давхарт байна шүү дээ. Тэр бол хүүхдэд маш аюултай орчин. Ямар ч хамгаалалт алга. Дотуур байрыг шинээр барих шаардлагатай байна. Камер гэдэг бол дотуур байрны орчинд буюу хонгилд, гадна талд л байх ёстой, хүүхдийн амьдардаг өрөөнд, ариун цэврийн өрөөнд, шүршүүрийн өрөөнд байх ёсгүй.
-Дотуур байрны дотоод дүрэм журмыг хэрхэн шинэчлэх шаардлагатай байна вэ?
-Нэгэнт дотуур байранд амьдарч байгаа хүүхдийг гадуур хонуулж болохгүй. Аав, ээж нь ирж хонох бол тусад нь өрөө гаргаж өгөх хэрэгтэй. Хүүхдүүдтэй хамт нэг өрөөнд гаднын хүн хонуулж болохгүй. Хэрэв тусгай өрөө гаргаж өгөөгүй нөхцөлд аав, ээжийг нь хонуулж болохгүй. Олон хүүхдийн аюулгүй байдал, эрүүл мэнд, амь настай холбоотой учраас хүүхэд нэг бүрийг өөрийн хүүхэд шигээ л харж хамгаалж байх үүрэгтэй шүү дээ.
Салбар салбарын төлөөллүүд ийнхүү байр сууриа илэрхийлсэн бол Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын дотуур байрны багш Х.Даваасүрэн “Манай сургууль 1200 гаруй сурагчтай ба үүнээс 200 гаруй нь нийт гурван дотуур байранд амьдардаг. Хүүхдүүд жилийн 250 шахам хоногт энд амьдарч байна.
Сургуулиас ойр зуур тохижилт хийж өгдөг ч тасгийн тохижилт хангалтгүй, намайг энд амьдарч байх үеийн буюу 1997 онд төгсөхөд л өнөөдрийнх шиг байсан, миний үед байсан хувцасны шүүгээ ч одоо байна. Одоо зөвхөн ханын будаг нь л солигддог. Ихэнхдээ амьдралын түвшин доогуур өрх байдаг учир зарим эцэг эх л тохижилтын ажилд тусалдаг. Тиймээс үүнд чиглэсэн нэгдсэн стандартыг гаргаж, тасгуудыг засах шаардлагатай байна. Жишээ нь хүүхдүүдийг нас насаар нь ангилан байлгах, унтлагын болон гал тогооны өрөөнүүдийг тусад нь болгох хэрэгтэй.
Бага ангийн хүүхдүүд эрт унтах шаардлагатай байдаг ч хамт байдаг ахлах ангийн хүүхдүүд нь орой хичээлээ давтах шаардлагатай болдог гээд асуудал их. Тиймээс энэ талаар анхааралдаа авч, тасгийн тохижилтын стандарттай болгохыг холбогдох албаныхнаас хүсье" гэлээ. Сурагчийн дотуур байранд нийгмийн ажилтан, сэтгэл зүйч, эмч зайлшгүй байх шаардлага тулгарчээ. Тэдэнд тохиолдсон асуудал бэрхшээлийг холбогдох мэргэжилтэн шийдэж, тусалж дэмжиж ажиллах нь сурагчийн сурлага, хөгжилд эергээр нөлөөлнө. Мөн төсөв мөнгөний асуудал, боловсон хүчний хүртээмж болон сургуулийн тохижилт тал дээр нэн даруй анхаарах цаг болжээ.
А.СҮЛЕНАА
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 0 )