Зудын эрсдэл 14 сумыг хамарчээ

2021 оны 12 сарын 17

Цас ганц нэг хаялна. “Цас орж байна шүү дээ” хэмээн урд алхах хоёр охин баярлаж харагдав. Хажуугаар зөрөх хос “Агаар цэвэршсэн байна. Маскаа түр буулгая”  хэмээн нэгэндээ хэлэх нь сонсогдов. Хэдийн арванхоёрдугаар сар гарж, шинэ он солигдоход хоёр долоо хоног үлдлээ. Газар бор, тэгсэн атлаа өвлийн хувцастай явахад хэнд ч өвлийн сайхан уур амьсгал төрөөгүй бололтой. Тиймээс ч цас орох үед ихээхэн баярлах хүмүүс олонтаа.

Төв талбайд зассан сүлд модны өмнө цастай өдөр зургаа даруулах гэж хүмүүс дугаарлана. Яагаад ч юм энэ үед хэдэн үхрээ бэлчээхээр туун явдаг авга ах нүдэнд харагдах шиг болов. Малын бэлчээрээс ирэх авга ахаас цан хүүрэг савсаж, сормуус, сахал, хөмсөг, хонины нэхий дээлний энгэр болон малгай нь цанатаж, хөлдөн эгээтэй л өвлийн өвөө юу даа хэмээн андуурахаар болдог сон. Өвөлдөө 50 градус хүйтэн, зундаа 40 градус хүрч халахаар тийм л газар амьдарсан миний хувьд нийслэл хотод цас орох үед хөдөө байгаа малчид яажшуухан байгаа бол гэж бодогддог юм.

Цас их ороход баярлаж, зам дээр халтирахгүйхэн шиг бээцэгнэн алхан, ойролцоо кафе орж халуун юм уунгаа будрах цасан ширхгийг ажиж, цастай шинэ жил болох нь хэмээн баярлах Улаанбаатар хотын амьдралаас тэс ондоо амьдрал орон нутагт бий. Амьжиргааны эх үүсвэр болсон малынхаа төлөө цаг наргүй ажиллаж, цас, бороо, шуурга байгалийн гамшигт үзэгдлийг үл ажран амьдрах малчдын хувьд өвөл болон хаврын улирал хамгийн эрсдэлтэй үе байдаг. Тиймээс ч хэдэн малаа онд мэнд оруулахын тулд намрын улирлын турш өвөл болон хаврын улирлын бэлтгэлээ базаадаг юм.

НИЙТ НУТГИЙН 2.6ХУВЬД ЗУДЫН ЭРСДЭЛ ӨНДӨР БАЙНА

Хүйтний эрч чангарч, идэр есийн өвөл ойртсоор байна. Энэ сарын 18-ны өдрийг хүртэл ихэнх нутгаар шөнөдөө 32-37 градус хүртэл хүйтэрч, цас орж, явган шуурга шуурах төлөвтэй байгаа ажээ. Зудын эрсдэл нийт нутгийн 2.6 хувийг хамрах төлөвтэй байгаа юм. Харин манай улсын 10.8 хувьд дунд зэрэг эрсдэлтэй, бусад нутгаар эрсдэл багатай гэх тооцоог Ус цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээлсэн. Тэгвэл эрсдэл өндөр хэсэгт Баян-Өлгий, Увс, Ховд болон Төв аймгийн зарим газруудыг онцолсон байна.

Тодруулбал, Баян-Өлгийн Цэнгэл, Алтай, Булган, Төвийн Баяндэлгэр сумд, Увсын Сагил, Наранбулаг, Ховдын Булган, Үенч, Цэцэг, Говь-Алтайн Бугат, Завханы Алдархаан, Баянхонгорын Баянлиг, Төвийн Баян, Сүхбаатарын Эрдэнэцагаан сумдын цөөн багийн нутаг хамрагдаж байгаа юм. Өнгөрсөн сарын 30-ны байдлаар нийт нутгийн 40 гаруй хувьд цастай байжээ. Үүнээс Алтай, Хангай, Хэнтэй, Хөвсгөлийн өндөрлөг, Хархираа Түргэний уулс, Хан Хөхийн нуруугаар 20,1 см-ээс их, Баян-Өлгийн Сагсай, Булган, Увсын Малчин, Хяргас, Баруунтуруун, Баянхонгорын Эрдэнэцогт, Баян-Овоо, Хөвсгөлийн Чандмань-Өндөр, Цэцэрлэг, Ренчинлхүмбэ, Өвөрхангайн Хайрхандулаан, Хэнтийн Жаргалтхаан, Дадал, Сүхбаатарын Түмэнцогтод 6-20 см цастай байсан аж.

Бусад нутагт 0-5 см цастай байгаа юм. Нийт нутгийн 80 хувьд зуншлага сайн байсан ч Дундговь, Өмнөговь, Дорноговь болон Сүхбаатарын цөөн хэдэн сумды нутгаар муу үнэлгээтэй байсан. Зуншлага муу байснаас үүдэж эдгээр бүс нутагт өвөлжилт хүндрэх эрсдэл тулгараад байгаа юм. Мөн зарим аймгууд шүлхий өвчнөөс улбаалж малаа отроор өвөлжүүлэхгүй байх шийдвэр гаргасан нь малчид өвөлжилтийн эрсдэлтэй нүүр тулахад хүргэж байна.

БООДОЛТОЙ ӨВС БАЯНХОНГОР АЙМАГТ 22 МЯНГАН ТӨГРӨГТ ХҮРЛЭЭ

Малчид зөвхөн өвс хурааснаар малаа онд оруулж чадахгүй. Тиймээс нэмэлтээр малын тэжээл худалдан авч, малдаа өгдөг билээ. Энэ жилийн хаврын тэргүүн сар ирэх оны хоёрдугаар сарын 02-ноос эхэлж байгаа. Хаврын улирал бүтэн дөрвөн сарын турш үргэлжлэх учраас малчид урт хаварт ч бас бэлдэх шаардлагатай болж байгаа юм. Тиймээс малын нэмэлт тэжээлийн үнийг судлан хүргэж байна. Боодолтой өвсний улсын дундаж үнэ 9,444 төгрөг байна.

Нийт аймгуудаас долоон аймаг нь дунджаас дээш үнэ ханштай байгаа бол үлдсэн аймгууд дунджаас доош ханшаар зарагдаж байгаа юм. Боодолтой өвс хамгийн хямд нь Сэлэнгэ аймагт 3,600 төгрөгөөр зарагдаж байгаа бол хамгийн үнэтэй нь Баянхонгор аймагт 22 мянган төгрөгийн ханштай байв. Өнөөдрийн байдлаар 5 шар болон 22-ын товчоонд ногоон өвс найман мянга төгрөг, будаа 50 кг нь 50 мянган төгрөг, овьёосны ногоон тэжээл найман мянган төгрөг, будааны ногоон тэжээл 8-10 мянган төгрөгийн үнэтэй байлаа.

Орос овьёос монгол овьёосоос 10 мянган төгрөгөөр илүү үнэтэй байсан юм. Хивэг 17-18 мянган төгрөгийн ханштай байлаа. Харин улаанбуудай 50 кг нь 40 мянга, тэжээлийн будаа 30 мянга төгрөгийн ханштай байв. Монгол хорголжин тэжээл 32-40 мянга, морины тэжээл 17-50 мянган төгрөгийн ханштай байлаа. Харин давс кг нь 1,500 төгрөг бол хужирыг нэг кг 700 төгрөгийн ханшаар борлуулж байсан юм.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top