Монгол, Оросын ЭЗ-ийн харилцаа ӨЧИГДӨР, ӨНӨӨДӨР, МАРГААШ

2021 оны 12 сарын 16

Монгол Улсын төрийн тэргүүн У.Хүрэлсүх ОХУ-ын төрийн тэргүүн В.В.Путины урилгаар тус улсад айлчилж буй энэ үед хоёр улсын эдийн засгийн харилцаа, хамтын ажиллагаанд анхаарал хандуулсан мэдээллийг хүргэе.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хоёр жилийн өмнө Ерөнхий сайдын хувиар ОХУ-д айлчилж байсан билээ. Тухайн үед хоёр улсын Засгийн газрын тэргүүн уулзалтынхаа үеэр хоёр улсын хамтын ажиллагаа  улс төрийн төвшинд сайн, өндөр хэмжээнд байгааг онцлохын сацуу эдийн засаг худалдаа талдаа харилцаа тааруу байгаа гэдэг дээр санал нэгдэж байсан билээ.

Тэгвэл хоёр жилийн дараах өнөөдрийн нөхцөл байдал хийгээд статистик тоог харахад ч хоёр улс эдийн засгийн харилцаа тааруу хэвээр байна.

2021 оны эхнээс  арваннэгдүгээр сар хүртэлх хугацаанд Монгол Улсын нийт гадаад худалдааны бараа эргэлт 15 тэрбум ам.доллароор хэмжигдэж буйгаас экспорт 8.8 тэрбум ам.доллар, импорт 6.2 тэрбум ам.доллар байна.

Тэгвэл нийт экспортын 1.2 хувь буюу 105.5 сая ам.долларын барааг  ОХУ руу гаргасан бол нийт импортын бараа бүтээгдэхүүний 27.7 хувийг ОХУ-аас авчээ. Импортын дийлэнхийг газрын тосны бүтээгдэхүүн бүрдүүлж байгаа юм.

У.Хүрэлсүх Ерөнхий сайдын хувиар ОХУ-д айлчилж байх үед буюу хоёр жилийн өмнөх статистикийг харахад, манай экспортын 1.2 хувийг, импортын 16 хувийг ОХУ эзэлж байсан.

Тэгэхээр өнгөрсөн хоёр жилийн хугацаанд экспортын хэмжээ өсөлтгүй байна, харин бид тэднээс авдаг бараа бүтээгдэхүүний импорт 2 дахин өссөн байна. Энэ нь ковидын нөхцөл байдлаас хамааран урд хил дээр асуудал үүссэнтэй мэдээж холбоотой.

Ер нь бол гадаад худалдаан дахь статистик үзүүлэлтүүд хоёр улсын эдийн засгийн харилцаанд ахиц дэвшил гараагүйг бататгаж байна.

Дашрамд, 1990 оноос өмнөх хоёр улсын эдийн засгийн харилцааны намтар түүхээс сануулъя.

1990 оноос өмнө  манай улсын гадаад худалдааны эргэлтийн 80 гаруй хувийг хуучнаар ЗХУ эзэлж байв. Харин зах зээлийн эдийн засагт шилжсэнээс хойш хоёр орны хувьд зардал багатай, ашигтай ажиллах боломж бүхий түнш улс орнуудыг эрэлхийлснээр ОХУ-ын  худалдаа харилцаа Баруун Европ руу чиглэсэн бол Монголынх Ази, Зүүн Азийн орнууд руу чиглэжээ.

Өмнө нь хоёр улсын харилцаа үзэл сурталд  тулгуурласан, эдийн засгийн болоод технологийн нягт хамтын ажиллагаатай байсан бөгөөд  Монголын уул уурхай, мал аж ахуйн түүхий эдийг Оросын боловсруулах үйлдвэрүүд ашигладаг байсан. Харин 90 оны шилжилтийн үед энэ харилцаа тасарч, манай улсын эдийн засагт ОХУ-ын гүйцэтгэх үүрэг багассаныг судлаач А.Даваасүрэн zindaa.mn сайтад өгсөн ярилцлагадаа хэлж байв.

90 оноос хойш улс төрийн дээд, дунд, доод түвшний олон чухал бичиг баримтууд батлагдсан ч  хэрэгждэг нь бага. Засгийн газар, УИХ-ын хэмжээнд олон удаагийн айлчлалууд болсон ч  үр дүн багатай байдаг. Үүнд, манайхаас ч Оросоос ч шалтгаалах зүйл бийг мөн хэлж байсан юм.

Тэгэхээр одоогийн нөхцөл байдлыг бодитой харвал уул уурхайн салбарт, ялангуяа нүүрсний салбарт Монгол, Орос хоёр улс өрсөлдөгч гэдгийг эдийн засагчид, шинжээчид хэлдэг. 90 оноос өмнө ОХУ-ын эдийн засаг үйлдвэрлэгч байсан бол одоо хэрэглэгч бөгөөд  түүхий эд экспортлогч болж хувирсан. Тиймээс Монголын түүхий эд тэдэнд өмнөх шигээ хэрэгцээтэй бус болсон учраас эдийн засгийн хамтын ажиллагаагаа харилцан ашигтай болгохын тулд хоёр улсын зүгээс аль аль нь анхаарах ёстой асуудлууд бий.

Тухайлбал, бидний зүгээс экспортын бүтээгдэхүүний чанарыг сайжруулах, зардлыг бууруулах, үйлдвэрлэлт, боловсруулалтын түвшинг сайжруулах, түүхий эд биш эцсийн бүтээгдэхүүн гаргах, нэмүү өртөг шингээх гээд олон зүйлд анхаарах хэрэгтэй. Түүнчлэн, одоо яригдаж буй хийн хоолойн төслөөс гадна эрчим хүч, зам тээврийн салбарт хамтын ажиллагааны боломжуудаа ашиглах ёстой юм.

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(66.181.189.239) 2021 оны 12 сарын 16

Агуу их Оросын ард түмэн, оросын мэргэжилтэнүүд төв азийн бүдүүлэг монголчуудыг XX зуунд эрдэм боловсролтой, соёлтой, ажиллагсаг, ёс зүйтэй, хариуцлага, сахилга баттай, хүнлэг, эх оронч сэтгэлгээтэй болгон өөд нь татсан. Харин Америкууд сүүлийн 30 жилд монголчуудыг эрдэм боловсролгүй, харанхуй, бүдүүлэг, соёлгүй, ёс зүйгүй, хариуцлагагүй, сахилга баттгүй, залхуу хойрго, өөрийн өчүүхэн утсан чинээ улаан амиа боддог, бэртэгчин, авилгалчин, хахуулчид, ар өврийн хаалга хэрэглэгчид, хэн нэг даргын цүнх баригчид, нам дагагсад болгон хувиргаж уруу татсан. Юу үнэн, энэ үнэн.

1  |  0
Top