Манай сурвалжлагч Москва хотоос мэдээлж байна
ОХУ-д албан ёсны айлчлал хийж буй Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин Кремлийн ордонд угтан авч, албан ёсны уулзалт, хэлэлцээгээ эхлүүллээ.
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх арванхоёрдугаар сарын 15-17-ны өдрүүдэд ОХУ-д албан ёсны айлчлал хийж байна.
Айлчлалын хүрээнд өнөөдөр 14:00 цагаас (Орон нутгийн цагаар) ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг Кремлийн ордонд биечлэн угтаж авлаа.
Хоёр улсын төрийн тэргүүний уулзалтын эхэнд ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин урилгыг нь хүлээн авч тус улсад албан ёсны айлчлал хийж буйд Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд талархал илэрхийлээд, айлчлал амжилттай болно гэдэгт итгэж буйг тодотгов.
Тэрбээр "Манай хоёр улсын эдийн засаг, улс төр, батлан хамгаалахын салбарын харилцааг идэвхтэй хөгжүүлж, олон улсын байгууллагын хүрээнд хамтран ажиллаж байна. Та маш шахуу айчлалын хөтөлбөртэй ОХУ-д айлчилж байна. Таны айлчлал амжилттай болж, өндөр үр дүн авчирна гэдэгт итгэлтэй байна. Өнгөрсөн онд цар тахлын улмаас эдийн засгийн хамтын ажиллагаа 20 хувиар буурсан, гэхдээ энэ жилийн эхний гурван улирлын байдлаар, 25 хувиар нэмэгдсэн дүнтэй байна. Цар тахлын өмнөх түвшинд хүрч, цаашлаад давж гарна гэдэгт итгэж байна. Таньтай уулзсанд баяртай байна" хэмээлээ.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хариу талархал илэрхийлээд, Монгол Улсын Ерөнхийлөгчийн хувиар анхны албан ёсны айлчлалаа ОХУ-д хийсэн айлчлалаар эхэлж буйдаа баяртай байгаагаа онцлов.
Мөн тэрбээр “Цар тахалтай хүнд үед хоёр орны дипломат харилцаа тогтоосны 100 жилийн түүхэн ойд хүндэтгэл үзүүлж, хоёр улсын төрийн дээд хэмжээний айлчлал зохион байгуулсан эрхэм хүндэт Ерөнхийлөгч танд талархал илэрхийлье.
Манай хоёр орны харилцаа бол гайхамшигтай сайхан түүхэн харилцаа байж ирсэн.
Одоогоос 100 жилийн тэртээ танай улсын эх орончид Монгол Улсын төлөөлөгчидтэй уулзаж, улс орныхоо тусгаар тогтнолын төлөө хамтдаа тэмцсэн.
Манай хоёр орны ард түмэн дайны үед ч хамт байсан, энх цагийн бүтэн байгуулалтын үед ч хамтдаа байж, нөхөрлөн хамтдаа зүтгэсэн.
1939 оны халх голын дайн, эх орны дайны үеийг та маш сайн мэдэж байгаа. Монголын ард түмэн энэ үйл явдалд маш хүндэтгэлтэй ханддаг. Энэ бол Оросын ард түмний хүн төрөлхтний өмнө байгуулсан асар том гавьяа гэж боддог. Дэлхийн аюулгүй байдлыг хангаж, нацизмаас дэлхий дахиныг, эх орны хамгаалах агуу их дайн байсан. Энэ утгаараа манай ард түмэн маш хүндэтгэлтэй ханддаг.
Өнгөрсөн зууны хугацаанд Монгол Улс хөгжилтэй орон болоход Зөвлөлтийн ард түмний тусламж, нөлөө их байсан. Атар газар эзэмших, аж үйлдвэрийн кабинет барих, түүнчлэн соёл урлагийн салбарт төдийгүй сансарт хүртэл хамт ниссэн.
Өнөөдрийг хүртэл манай хоёр орны дунд улс төрийн асуудал байхгүй, 100 жил бид ах дүүгийн сайхан нөхөрлөлөөр нөхөрлөлөө.
Манай хоёр орон харилцаа, хамтын ажиллагаа нөхөрлөл бүс нутагт төдийгүй бусад улс оронд үлгэр жишээ болохуйц гэж Монголын ард түмэн үздэг.
Та бид хоёрын уулзалтын өмнө Засгийн газар хоорондын комиссын хурал болж, сайд нар хоорондоо уулзсан. Хоёр орны хооронд олонх жил яригдсан аж ахуйн шинжтэй асуудлууд шийдэгдсэн.
Цаашдаа харилцаагаа улам сайхан хөгжүүлэх шинэ цаг ирж байгаа гэж ойлгож байгаа.
Таныг ОХУ-ын Ерөнхий сайд, Ерөнхийлөгчөөр ажиллах хугацаанд хоёр орны хамтын ажиллагаа харилцаа улам бүр сэргэсэн гэдгийг онцлон тэмдэглэхийг хүсч байна. Та Монголд 4 удаа айлчилсан. Монголын ард түмэн танд болон Оросын ард түмэнд маш их сэтгэл дүүрэн байдаг.
Бидэнд одоо тулгамдаж буй асуудал бол худалдаа хамтын ажиллагааг эрчимжүүлэх юм.
Ерөнхийлөгчөөр сонгогдож гарч ирэхдээ Транзит Монгол болох зорилт дэвшүүлсэн. Энэ зорилт таны дэвшүүлсэн Евро-Азийн түншлэлийг хэрэгжүүлэхэд холбоглох ёстой гэж үзэж байгаа.
Таны дэвшүүлсэн Евро-Азийн түншлэлийг бид бүхэн дэмжиж байгаа. Бид Ази-Европыг, нэн ялангуяа БНХАУ, ОХУ-ыг холбосон өргөн уудам оронд оршин тогтнодог.
Өчигдөр БНХАУ даргатай уулзсан цахим уулзалт амжилттай болсонд баяр хүргэе. Манай хоёр хөршийн төрийн тэргүүдийн уулзалт дэлхий ертөнцийн анхаарлын төвд орж, томоохон асуудлуудыг ярилцсан.
БНХАУ-ОХУ-ыг холбосон хамгийн дөт зам бол Монгол Улс. Тийм учраас Монгол Улсыг транзит Монгол болгоё гэсэн зорилт тавьж, хоёр улсыг холбосон төмөр замыг зүүн талдаа алс дорнод өвөр байгалийг Хятадын зүүн хойд хэсэгтэй холбох, Баруун талаараа БНТува улс, Кизилээс орж ирж байгаа төмөр замыг Хятадтай баруун талаар холбох. Мөн төв коридорын төмөр замаа сайжруулах, хурдны авто зам тавих асуудал байна.
Орос Хятадыг холбосон хийн хоолой Монголын газар нутгаар дамжих асуудал амжилттай явж байгаад баяртай байна.
2019 онд би Ерөнхий сайд байхдаа тантай энэ асуудлыг ярилцаж шийдвэрлэсэн. Энэ асуудал одоо маш урагштай яваад талархаж байна.
Мөн эрчим хүчний коридорыг бий болгох шаардлагатай гэж үзэж байна.
2016 оноос хойш ярилцсан БНХАУ, Монгол, ОХУ-ын эдийн засгийн коридорын асуудлыг бүрэн эрхийн 6 жилийн хугацаанд эрчимжүүлэх зорилготой байна.
Мөн бусад ажлыг хэрэгжүүлэхэд тантай ойр дотно хамтарч ажиллана гэдэгт итгэлтэй байна" хэмээлээ.
Уулзалтын дараа хоёр орны Ерөнхийлөгч ганцаарчилсан уулзалтаа эхлүүлж, хэлэлцээ хийж байна.
Үүний дараа "Монгол Улс, Оросын Холбооны Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ойн хамтарсан тунхаглал” гаргах юм.
Сэтгэгдэл ( 2 )
АХ НАР монголд ойр дотно улс даа.Ядарсан үед эд нар тусалдаг монголчууд ч элгэмсүү дээ ОЙР ДОТНО НАЙРАМДАЛ БАТЖИХ БОЛТУГАЙ.
Манай ерөнхийлөгч үнэхээр сайн байнаа. Араггүй олон улсад хүлээн зөвшөөрөгдөж байна шүү. Оросууд урьд нь ямар байлаа. Одоо Монголд ямар итгэлтэй хандаж байгааг хоёр нүдээрээ харж байна даа. Үнэхээр гоё юмаа.