Ж.Сүхбаатар: Хүний эрхийг хамгаалдаг илд бамбай бол УИХ-ын хяналт шалгалт

2021 оны 12 сарын 18

УИХ-ын чуулганы пүрэв гараг /2021.12.16/-ийн нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын хяналт, шалгалтын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцлээ. Хуралдааны төгсгөлд хуулийн төслүүдийг эцэслэн батлах бэлтгэл хангуулахаар Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүлсэн юм. Тиймээс хэлэлцүүлгийн үеэрх гишүүдийн байр суурийг тоймлон хүргэе.

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн:

-УИХ төрийн эрх барих дээд байгууллага боловч сүүлийн 20, 30 жилд үнэн хэрэгтээ тэр эрх мэдлээ алдсан. Энэ хууль УИХ-ын төрийн эрх барих дээд байгууллагын үйл ажиллагааг ахиулахад нэг алхам болно гэж бодож байна. Аливаа хуулийн хэрэгжилтэд, ялангуяа хууль тогтоох байгууллагуудын хуулийн хэрэгжилтэд бид илүү хяналт тавих ёстой. Улс төрийн албан тушаалтны холбогдсон томоохон хэргүүдийг шийдэж, эзнийг нь олж чадахгүй байгаа асуудлыг шийдэхэд ч хэрэгтэй. Ийм хэргүүдийг цэгцлэхгүй яваад байвал улс төрийн захиалгат гэмт хэргүүд олширно. Тус хуулийн “мөрдөн шалгах” гэсэн заалтыг сулруулсан харагдана лээ. Үүнд, хариулт авъя. Эцсийн дүндээ төрийн эрх барих дээд байгууллага нь ажилдаа эзэн болж чадахгүй байгаа. УИХ-ын хяналт, шалгалтын тухай хуулиар бид онцгой бүрэн эрхийнхээ хүрээнд хяналтаа гүйцэд тавьдаг болох ёстой гэдгийг шаардаж байна. Бас нэг айх юмтай байх ёстой шүү дээ.

Ажлын хэсгийн дарга Ж.Сүхбаатар:

-“Мөрдөн шалгах” нь Эрүүгийн хэрэг мөрдөн шалгах ажиллагааны асуудалтай давхацсан зүйл байгаа учраас “мөрдөн” гэдэг үгэн дээрээ ярилцах ёстой гэж үзээд “тусгай шалгалт” гэж оруулсан. Агуулга өөрчлөгдөөгүй. Түр хорооны дотоод механизмын хувьд гэрч, шинжээч дуудахад цөөнх, олонхын асуудалд тооны хувьд өөрчлөлт орсон. Парламентын мөрдөн шалгалтын бусад улсад байдаг арга хэрэгсэл манай улсад байгаагүй. 30 жилийн босгон дээрээ хяналт шалгалтын механизмтай болж байна. Хүний эрхийг хамгаалдаг илд бамбай бол УИХ-ын хяналт шалгалт, тэр дундаа мөрдөн шалгалт. Зарим хэрэг илэрдэггүй. Тэр хэргүүдийг бусад улс парламентын мөрдөн шалгалтын хүрээнд илрүүлдэг.

УИХ-ын гишүүн Х.Болорчулуун:

-Парламентын засаглалтай ихэнх оронд энэ хууль хэрэгждэг. Харин манай улс 30 жил парламентын засаглалтай байсан ч тус хууль хэрэгжээгүй. Хүнээр бол өрөөсөн гараараа ажиллаж байсан гэсэн үг. Хууль гаргаад л байдаг, тэдгээр хуулийнхаа хэрэгжилтэд хяналт тавихад хяналт сул байсан. УИХ зөвхөн хууль тогтоохоос гадна хяналт тавьж хэрэгжүүлэх байгууллага юм шүү дээ. Энэ хууль гарснаар хүчний байгууллагууд зүй бус, буруу шийдвэр гаргадаг, дураараа авирладаг байдалд хяналт тавина. Нэг хэсэг ийм асуудал хэтэрсэн шүү дээ. Хамгийн их санаа зовж байгаа асуудал нь хуулийг монголчилно гээд муутгаж болохгүй. Энэ хууль гарснаар Их хурал Их хурал шиг хурал болж, жинхэнэ утгаараа ард түмний төлөөлөл болох боломж бүрдэнэ. Аль улсын парламентаас түлхүү жишээ авч хуулийг боловсруулсан бэ.

Ажлын хэсгийн дарга Ж.Сүхбаатар:

-Монголын тодорхой хэмжээний онцлог байх ч гэсэн парламентын хяналт шалгалт дэлхийд хэвшээд тогтсон. Энэ жишгийг бид барих ёстой. Хууль санаачлагчид судалгаа, тооцоог сайн хийсэн. Дэлхийн олон орны судалгааг хийсэн ч гол барьсан загвар бол Германы хэв маяг. Хууль санаачлагчид хөгжлийн бодлого төлөвлөлттэй холбоотой Засгийн газрын тайлан, мэдээлэлд ч анхаарсан. УИХ-ын дараагийн 30 жилийн хөгжилд ч энэ хууль тус нэмэр болох учиртай.

УИХ-ын гишүүн С.Бямбацогт:

-Нэр бүхий гишүүд УИХ-ын Хяналт, шалгалтын тухай хуулийг санаачилж байсан. УИХ-ын Тамгын газраас нэлээд туслалцаа авч байж хуулийг боловсруулсан. УИХ нь төрийн эрх барих хууль тогтоох дээд байгууллага. УИХ-ын гишүүн хууль тогтоох, ард түмнийг төлөөлөх, хуулийн хэрэгжилтэд хяналт тавих гэсэн үндсэн гурван бүрэн эрхтэй. Өнгөрсөн 30 жилд эхний хоёр үүргээ маш сайн хэрэгжүүлж ирсэн бол хуулийн хэрэгжилтэд хяналт тавих онцгой бүрэн эрхээ хэрэгжүүлэх тухайд сул ажиллаж ирсэн. Хууль батлагдсанаар ард түмнийг хянаж шалгах гээд байна гэж битгий ойлгоосой. Харин төрийн доод, дунд шатанд хуулийн хэрэгжилт ямар байна, Засгийн газар, түүний байгууллагууд, төрийн албан хаагчид төрийн бодлого шийдвэрийг хэрхэн хэрэгжүүлж байна вэ гэдэгт хяналт шалгалт хийх гэж байгаа. Хяналт шалгалт хийхдээ тайлан мэдээлэл, илтгэл, нийтийн сонсгол, томилгоо, хяналтын сонсгол хийх, асуулга тавих, Хянан шалгах түр хороо байгуулах, хуулийн хэрэгжилтэд үнэлгээ хийх зэрэг механизмыг ашиглана.

УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд:

-Хуулийн төсөлд “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд байгаа асуудлаар хяналтын сонсгол явуулахыг хориглоно” гэсэн заалт байсныг буцаасан. Энэ нь нэг талдаа сайн ч байж магадгүй. Гэхдээ шүүхийн шатанд явж байгаа хэргийг энд авчирч задлаад аль ч үгүй болгоод хаячихвал яах вэ. Тус заалтыг яагаад хассан юм бэ.

Ажлын хэсгийн дарга Ж.Сүхбаатар:

-Ажлын хэсгээс гадна Байнгын хороогоор тус заалтыг хасахаар шийдсэн. Заалтыг хассанаар шийдэгдэхгүй удаж байгаа томоохон хэргүүдийг парламентад татаж ирээд мөрдөн шалгалтаар асуудлыг тавиад шийдэх явцыг нь түргэсгэх боломж бүрдэнэ. Тус заалт байснаараа үүнийг шийдэх боломжийг бүхэлд нь хаана. Бусад орон шүүн таслах, мөрдөн байцаах үйл ажиллагааг сонсголд оруулдаггүй, парламент гэм бурууг тогтоодоггүй. Харин тухайн хэрэгт хамааралтай нөхцөл байдлуудыг тодруулж мэдээлж, шахаж шаарддаг.

УИХ-ын гишүүн  Б.Бат-Эрдэнэ:

-Хуулийн төслийг сайн боловсруулжээ. Энэ хууль батлагдсанаар төрийн эрх барих дээд байгууллага УИХ хуулиар хүлээсэн үүргээ хэрэгжүүлж ажиллах нөхцөл бүрэн тогтохоор байна. Олон арван жилээр илэрдэггүй хэргүүдийг нэг талд нь гаргах, мөн төрийн өндөр дээд албан тушаалтнуудын нийтийн эрх ашгийг хохироосон асуудлуудыг шийдэх хэрэгтэй. УИХ-ын Хяналт, шалгалтын хуулиар түр хороо байгуулагдаад эдгээр асуудлаа шийдэж, баримтыг гаргаж, нэг тал руу нь шийдвэл аль аль талдаа амар байна. Төрийн эрх барих дээд байгууллагад иргэдийг төлөөлж сонгогдсон УИХ-ын гишүүдийн хариуцлага хамгийн чухал шүү.

М.ТУЯА

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Close menu