Хууль, шүүхийн шинэчлэлээр бизнесийг дэмжих боломжийг хэлэлцэв

2021 оны 12 сарын 19

Эдийн засгийн салбарын хүндрэл дан ганц инфляц, валютын ханшийн савлагаа гэх мэт мөнгө, худалдааны асуудлаас гадна хуулийн шинэчлэл, шүүхийн байгууллагатай холбогддог гэвэл ямар сонсогдож байна вэ. Монгол Улсад орчин цагийн хууль зүйн алба байгуулагдсантай холбоотойгоор “Монгол Улс дахь хувийн эрх зүйн шинэтгэлийн явц, тулгамдаж буй асуудал” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурал өнгөрсөн пүрэв гарагт /2021.12.16/ болов. Энэ хурлын хэлэлцүүлгүүд цаг үеийн өөрчлөлтийг дагаж шинэчлэн сайжруулах учиртай хууль зүйн салбарын нэлээд асуудлыг хамарч өрнөлөө.

Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатарын хэлж буйгаар бол тус яамны зүгээс “Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр”, “Монгол Улсын хууль тогтоомжийг 2024 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэл” зэрэг бодлогын баримт бичигт хувийн эрх зүйн шинэтгэлийг эрчимжүүлэх чиглэлээр тодорхой зорилтыг тусгасан байна. Мөн “Эрх зүйн шинэтгэлийн хөтөлбөр II”-ийг боловсруулж эхэлсэн талаар онцолж байсан юм.

Эрх зүйн шинэтгэлийн хөтөлбөрийг яагаад хэрэгжүүлэх шаардлагатай талаар хэд хэдэн зүйлийг дурдаж болох аж. Гадаад худалдааны тухай, Газрын хуулийн тухай, иргэн Аж ахуйн бизнес эрхлэх тухай эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох шаардлагатай юм байна. Мөн Гэр бүлийн тухай, Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай, Санхүүгийн түрээсийн тухай, Хөдлөх эд болон эдийн бус хөрөнгийн барьцааны тухай гэх мэт цөөнгүй хууль Иргэний хуулийн шууд зохицуулалт, үзэл баримтлалтай хангалттай нийцэж чадалгүй өнөөдрийг хүрсэн байна.

Энэ талаар хууль зүйн алба үүсэж хөгжсөний 110 жилийн ойд зориулсан “Монгол Улс дахь хувийн эрх зүйн шинэтгэлийн явц, тулгамдаж буй асуудал” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурлын үеэр Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар “Төр өнөөдөр хувийн сектортэй өрсөлдөж бизнес эрхлэх “мода”-ноосоо салах хэрэгтэй. Өөрөөр хэлбэл төр ямар төрлийн бизнесийг хийж болох, болохгүй заагийг гаргах хэрэгтэй гэсэн үг юм. Хоёрдугаарт, төрийн өмчит компаниудын засаглалыг сайжруулах үүднээс Төрийн өмчит компаниудын төлөөлөн удирдах зөвлөлийн бүтэц бүрэлдэхүүн, удирдлагыг хэрхэн томилох, нээлттэй шалгаруулах зэргийг зохицуулах шаардлагатай юм.

Тиймээс төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээдийн эрх зүйн байдлыг зохицуулсан, бие даасан хууль гаргах ажлыг хийж байгааг онцолъё. Мөн хувийн сектортой холбоотойгоор шүүхийн үйл ажиллагааг сайжруулж, шүүхээр дамжих шат дамжлагыг багасгах, арилжааны эрх зүйн орчныг боловсронгуй болгох хэрэгтэй байгаа юм. Технологийн шинэчлэлийг эрх зүйн орчинд ашигласнаар шүүхийн ачааллыг багасгах нөхцөл бүрдэнэ” гэв.

Технологийн шинэчлэлийг шүүхэд хэрхэн ашиглах талаар эргэлзээ төрж магадгүй юм. Учир нь технологийн дэвшлийг ашиглахад IT салбар хамгийн их үүрэг гүйцэтгэдэг.

Тэгвэл Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатарын хэлсэн технологийн дэвшлийг шүүхэд ашиглахтай холбоотой үлгэрлэж болох улсын нэг бол Бүгд Найрамдах Солонгос улс /БНСУ/ аж. БНСУ-д шүүхэд дижитал хэлбэрээр маргаан шийдвэрлээд хэдийн 10 жилийг үджээ. Цахим байдлаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны орчин үеийн системийг “Цахимаар шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх” эсвэл “Цахим шүүх” хэмээн нэрлэдэг байна.

Энэхүү системийг нэвтрүүлснээр хэргийн мэдээлэл гаргагч гомдол, хүсэлт, өргөдөл зэрэг иргэний хэрэгт холбогдолтой бүх баримт бичгийг интернэтээр дамжуулан өгөх боломжтой болсон байна. Үүнтэй холбоотой мэдээллийг БНСУ-ын Күүкминий их сургуулийн Хууль зүйн сургуулийн профессор Пак Жон Вон өгсөн юм. Тэрбээр “Дээд шүүх 2020 оноос эхлэн цахим шүүхийн “дараа үе”-ийн системийг бий болгох төслийг хэрэгжүүлж байгаа. Төслийг 2024 онд дуусгахаар төлөвлөж байна. Хэдийгээр 10 жилийн турш дижитал шүүхийг хэрэгжүүлээд явж байгаа ч энэ нь ердөө I үе шатандаа яваа хэмээн харж байгаа. Цаашдаа технологи хөгжихийн хэрээр хэрхэн хувьсахыг хэлж мэдэхгүй байна. Гэхдээ эрүүгийн хэргийг дижитал шүүхээр шийддэггүй” гэсэн юм.

Цахимаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилго нь шүүхийн үйл ажиллагаанд цахим технологийг нэвтрүүлэх замаар шүүхийн ил тод байдлыг нэмэгдүүлдэг байна. Мөн шүүхээс үзүүлэх үйлчилгээний чанарыг сайжруулахын тулд зардлыг бууруулах, үр ашгийг нэмэгдүүлдэг аж. Энгийнээр тайлбарлавал хүчин төгөлдөр үйлчилж буй хуулиудын нэгдсэн датаг үүсгэж, аливаа маргаан, хэрэг явдал гарахад өмнө нь шүүхээс гарч байсан практик жишгийн дагуу хиймэл оюун ухаан богино хугацаанд шийдвэрлэнэ гэсэн үг.

Үүнийг хийхийн тулд манай улсын хувьд цахим шүүхийг бий болгоход үүлэн систем, цахим орчны аюулгүй байдал, дата мэдээллийн системийн нууцлал, мэдээлэл алдагдахаас сэргийлэх зэрэг олон ажлыг шат дараатайгаар хийх шаардлагатай байгаа юм байна. Цахим шүүхтэй болвол нэг талаас шүүхийн ачаалал буурах бол нөгөө талаас иргэд цаг хугацаа, хөрөнгө мөнгөөр хохирох эрсдэлийг багасгах боломжтой гэнэ.

Цахим шүүхийн асуудлыг ийнхүү онцгойлон ярилцах болсон шалтгаан бол нэг талаасаа бизнес эрхлэгчдийн үйл ажиллагаа явуулах нөхцөл байдлыг хөнгөвчлөх хүрээнд болж буй зүйл юм. Хөгжиж буй хийгээд хөгжсөн орнуудад худалдааны маргаан шийдвэрлэх тухай асуудлыг зохицуулсан бие даасан хууль батлан гаргасан байдаг. Тэгвэл өнөөдөр манай оронд эдийн засаг, бизнес эрхлэгчидтэй холбоотой маргааныг Иргэний хуулиар шийдвэрлэж байна.

Иргэний хуулийн хэт бүдүүвчилсэн зүйл заалтуудаар худалдааны асуудлыг шийдвэрлэхээр чармайх нь эргээд олон төрлийн хүндрэл, сунжрал бий болгоод байгаа юм. Тиймээс Засгийн газрын зүгээс  худалдааны маргаан шийдвэрлэх тухай хуулийг гаргахаар ажиллаж, өдгөө судалгааны түвшинд яваа юм байна. Хэрэв хуулийг энгийн ойлгомжтой, зүйл заалт бүр нь яс тас болох юм бол цахим шүүхийг энэ чиглэлийн практикт нэвтрүүлж болохоор аж.

Бизнес эрхлэгчидтэй тулгардаг маргааны дийлэнхийг зээлийн гэрээтэй холбоотой асуудал эзэлж байгаа юм. Бага үнийн дүнтэй буюу 10 сая хүртэлх төгрөгийн зээлийн гэрээний маргааныг шийдвэрлэх дундаж хугацаа 6.2 жил байдаг аж. Улмаар шийдвэр гүйцэтгэх хугацааг, оруулвал 16.6 жил хүртэл сунжирсан тохиолдол ч гарчээ. Зардал болон хугацааг бодож үзвэл хэрэг маргааныг түргэн шуурхай шийдвэрлэж чадвал эдийн засгийн орчинд эерэг нөлөөллийг үүсгэх боломжой гэдгийг ч бизнес эрхлэгчид шаардаж эхэлсэн юм байна.

Тиймээс ч цахим системд суурилж буй өнөө үед гомдол хүсэлтийг цахимаар гаргаж, шүүхийн үйл ажиллагааг цахимжуулах зэргээр худалдаа, бизнес эрхлэгчдээ дэмжих чиглэлд төр, засгийн зүгээс анхаарч эхэлсэн нь дээр дурдсан хэлэлцүүлгээс харагдаж байгаа юм. Мэдээж, эдийн засгийг солонгоруулж, жижиг дунд бизнес эрхлэгчдийг өрсөлдөх чадвартай болгохын тулд хуулийн эргэлзээгүй ойлгомжтой орчныг бүрдүүлэхийн дээр маргааныг ч шуурхай шийдвэрлэдэг болох нь чухал билээ.

Н.АНУЖИН

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top