“Омикрон”-оос хамгаалах арга нь бүүстер тун

Автор | Zindaa.mn
2021 оны 12 сарын 17

Дэлхий дахинд “Омикрон” хувилбарын өвчлөл нэг хоногийн дотор 12 хувиар нэмэгдсэн байна.

Их Британи, Дани, Бельги, Норвегт томоохон давлагаа үүсэхээр байгааг ДЭМБ-аас мэдээлжээ. Их Британид л гэхэд энэ сарын сүүлчээр орны ачаалал нэмэгдэж, нас баралт 75 мянгад хүрнэ гэсэн тооцоолол байгаа аж. Үүнтэй холбоотойгоор Лондон хотод иргэд шаардлагагүй тохиолдолд гэрээсээ гарахгүй байгаа гэнэ.

Тус улсад эрүүл мэндийн систем нь ачааллаа дийлэхгүй байгаа юм. Манай улсад ч ийм эрсдэл байгааг ЭМЯ-наас мэдээлсэн.

Дельта, Омикрон хувилбарууд зэрэг халдварлах эрсдэл ч бий. Омикрон хувилбар нь амьсгалын замд 70 дахин илүү хуваагдан оршиж, маш хурдан үрэвсүүлэн, амьсгалын дээд замд нөлөөлдөг. Мөн цагаан мөгөөрсөн хоолойн үрэвсэл үүсгэж, ядарч цуцах, толгой өвдөх шинж тэмдэг ихээр илэрч байгаа аж.

“Омикрон” хувилбарын нууц хугацаа нь богиноссон бөгөөд халдвар авснаа мэдэлгүй бусдад тараах эрсдэл нэмэгдэж байна. Өвчтөн өөртөө шинж тэмдэг илрэхээс өмнө бусдад тараадаг учир нууц үедээ гадуур явж, илүү хурдан тарааж байгааг ДЭМБ-аас мэдээлсэн.

Энэ хувилбар анх илэрсэн Өмнөд Африкт газарзүйн байрлалаас нь шалтгаалаад зуны улирал байгаа, хүн амын дийлэнх нь залуус байдаг ч халдвар хөнгөн байна гэх таамаглал дэвшүүлэх боломжгүй. Ялангуяа манай улсад томууны улирал эхэлсэн энэ үед ковидоор өвчилсөн хүмүүс дахин өвдөх эрсдэл өндөр байгааг ЭМЯ-наас мэдээллээ.

Дэлхий дахинд “Дельта”-гаар өвчлөөд “Омикрон”-оор ч өвчилсөн хүмүүсийн тоо гурав дахин нэмэгджээ. “Омикрон”-оос хамгаалах арга нь вакцины бүүстер тун гэж эрдэмтэд үзэж байна.

Бүүстер тунд Их Британид л гэхэд өдөрт 800 мянгаас нэг сая хүнийг хамруулж байгаа бөгөөд бүх иргэнээ бүүстер тунд хамруулахаар ажиллаж байна.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top