Сүн улсын Хүйтэн уулын бичиг | 81 дүгээр бүлэг

Автор | Zindaa.mn
2021 оны 12 сарын 17

Хятадын дөрвөн их сонгодог зохиолын нэгэн болох "Хүйтэн уулын бичиг" хэмээх 100 бүлэг зохиолыг Дундад эртний үеийн Хятадын алдарт бичгийн хүн Ши Най Ань түүхэн үйл явдалд тулгуурлан туурвижээ.

Зохиолын үйл явдал Хятадын Умард Сүн улсын үед өрнөх агаад адал явдал, зовлон зүдгүүр туулсан 108 баатар эр Ляньшань ууланд хувь заягаар учран цугларч, гадаадын дайсан ба дотоодын урвасан хулгай, зальхай ноёдын эсрэг тэмцэж буйг уран яруугаар харуулсан юм.

Зохиолын уг нэр "Усан хөвөөний шастир" бөгөөд монголчууд эртнээс "Хүйтэн уулын бичиг" хэмээн нэрийдсээр ирсэн билээ. Энэхүү сонгодог зохиолыг Монгол Улс дахь БНХАУ-ын Элчин сайдын яамны зөвшөөрөлтэйгөөр уншигч танд хүргэж байна.
 

  • Зохиогч: Ши Най Ань
  • Хөрвүүлэгч: Д.Уртнаст
  • Редактор: В.Уянга, Сьү-Шаа

ЯНЬ ЧИН САРТ ШӨНӨ ДАО ЖЮНЬ ХААНД УЧИРСАН ДАЙ ЗҮН БОДЛОГО ТОГТООЖ ЮЭ ХЭ-Г ГАРГАСАН

Өгүүлэх нь Лян Шань уулын сайн эрс усан замд Гао Чю-г гурван зэрэг дараад бүгдийг барьж уулан цайзнаа авчирсанд, Сүн Гүн Мин алан түвдсэнгүй, цугаарыг тавьж илгээв. Гао Тайюй зэргийн олон хүмүүн, илбэн дагуулах сургийг авахаар эчих Сяо Ран, Юэ Хэ нарын хамт эзэн хотод эгж, ганц зөвлөлийн түшмэл Вэнь Хуань Жан-г Лян Шань уулнаа үлдээв. Гао Чю бээр Лян Шань уулнаас салахдаа: - Миний бие эзэн хотноо эгсэн хойно, Сяо Ран нарыг удирдан эзэн хаанд золгуулан, хүчлэн айлтгаж, үтэр түргэн элч илгээн илбэн дагуулсугай хэмээн ам алдаж, Юэ Хэ, Сяо Ран-г хамт дагуулан мордсоныг түр өгүүлэхгүй.

Өгүүлэх нь нэгэн өдөр Лян Шань уулын олон дайван нар хэрэг зөвлөж суухад Сүн Жян өгүүлрүүн: - Гао Чю-ын энэ эчсэн үйл, үнэн ташаа ямар болсныг мэдэхгүй хэмээсэнд цэргийн багш Ү Юн инээж өгүүлрүүн: - Миний үзэхэд энэ гайхал могойн толгой зөгийн нүдтэй хүмүүн. Санаваас нэгэн агшин зуур ачийг умартан журмаас тэрслэх хүмүүн болой. Тэр өдий төдий цэрэг морийг хохируулан, эзэн төрийн үлэмж олон амуу хүнсийг сүйтгэж, Жин хотноо эгсэн тул эрхгүй өвчнөөр овлон гэрээс гарахгүй, хааш яашаар хаан эзэнд айлтгал өргөж, хуяг цэргийг амруулж, Сяо Ран, Юэ Хэ-г ордондоо сулаар хорих буй за. Түүний илбэн дагуулахыг хүлээх нь чухам санаагаа цөхөргөж сэтгэлээ талаар сүйтгэх явдал болой хэмээхүйеэ Сүн Жян өгүүлрүүн: - Тийн бөгөөс илбэгдэн дагаж чадахгүй бөгөөд бас хоёр хүмүүнээ зовлонд унагасан тул одоо хэрхвээс сайн? хэмээвээс Ү Юн өгүүлрүүн: - Эрхин ах дахиж ухаан самбаатай хоёр хүмүүнийг шилж, эд агуурсны зүйлийг илүүхэн өгч, Жин балгаснаа илгээн чимээ авуулбаас зохимуй. Завшааныг үзэж дотоод ордноо ороод, эзэн хаанд золгон, үнэн учрыг тоочин айлтгаж, Гао Тайюй-д нуун далдлах газар үгүй болгох нь дээд арга болой хэмээвээс Янь Чин босож өгүүлрүүн: - Ноднин жил Дунжин хотыг ихэд үймүүлэх үед миний бие дууч эхнэр Ли Ши Ши-ийн гэрт эчиж бие далдалсан бөлгөө. Санаваас тэр удаагийн үймээн дүрвээнд Ли Ши Ши бас хэдийн найман хувь сувьж барагласан боловч, ганц нэгэн учир хэмээвээс, тэр хэмээгч эзэн хааны янаг хүмүүн тул тэнгэрийн хөвүүн түүнийг сэжиглэхгүй буй за. Тэр эрхгүй “Лян Шань уулын хүмүүн эзэн хааны ийнхүү энд ирснийг мэдээд тухайлан ирж цочоосон болой” хэмээн мэдүүлээд хэдийн далдалж өнгөрсөн бөлгөө. Эдүгээ миний бие эд эрдэнэсийн зүйлийг илүүхэн авч, түүний гэрт эчиж ор дэрний уншлагаар дамжуулан үйлдвээс онцгой түргэнээр үйл бүтэх тул бага дүү би тухайг үзэж явсугай хэмээсэнд Сүн Жян өгүүлрүүн: - Эрхин дүүгийн энэ эчихэд эрхгүй түгшүүр үлэмж тул эс хичээвээс болохгүй хэмээхүйеэ Дай Зүн өгүүлрүүн: - Би бас дуртайяа хамт эчсүгэй хэмээснээ мэргэн Жюньши Жү Ү урагш давшиж Сүн Жян-ын зүг өгүүлрүүн: - Эрхэм ах урагш өдөр Хуажоу-г байлдах үед, эзэн төрийн Су Тайюй-д найр санааг гүйцээсэн бөлгөө. Тэр болбоос сэтгэл төв хүмүүн тул хэрвээ эрт орой эзэн хаанд айлтган мэдүүлбээс энэ үйл хялбар бүтэх бус уу хэмээсэнд Сүн Жян, есөн тэнгэрийн сахиус дагинын сургасныг “Су-д тохиовоос баяр болмуй” хэмээх үгийг бодож олоод энэхүү ёр түв хэмээн түүний биед нийлэх бус уу хэмээн санаад зөвлөлийн түшмэл Вэнь Хуань Жан-г залж: - Эрхэм сянгүн Су Тайюй-г танимуй уу? хэмээн асуусанд Вэнь Хуань Жан өгүүлрүүн: - Тэр хүмүүн түв хэмээн миний бага насны сургуулийн нөхөр бөлгөө. Эдүгээ эзэн хааны шадар үйлдэж, сүүдэр мэт дагаж явмуй. Энэ хүмүүн болбоос туйлын уудам өршөөлтэй тул хүмүүнд их л эелдэг найрамдуу бөлгөө хэмээхүйеэ Сүн Жян өгүүлрүүн: - Эрхэм сянгүн-ээс нуухгүй, өчүүхэн миний санахад, Гао Тайюй эзэн нийслэлдээ хариад илбэн дагуулах үйлийг эрхгүй айлтгахгүй буй за. Урагш өдөр Су Тайюй бээр Хуажоу-д хүж шатаахаар эчээд өчүүхэн хүмүүн лүгээ нэгэн удаа нүүр золгов. Эдүгээ би түүний яаманд хүмүүн заран нарийвчлан гуйлгаж, түүгээр эзэн хаанд айлтгуулан илбэн дагах үйлийг бүтээсүгэй хэмээмү хэмээвээс Вэнь Хуань Жан өчрүүн: - Жанжин хэрвээ ийм санаа байваас доорд би нэгэн хуудас бичиг үйлдэж өгсүгэй хэмээсэнд Сүн Жян баярлан, бийр бэх авчруулж бичүүлсэн хойно, ариун хүжийг асаан дагина эхийн төлгийг орхиж, тэнгэр газарт залбиран даатгаад, сүүж үзвээс дээд сайн өлзийтэй төлгө буусан тул Сүн Жяних л баярлан, үдэн мордуулах архи хэмнэн Дай Зүн, Янь Чин-д барив. Тэр хоёул алт мөнгө таж магнаг тана сувд зэргийн эд эрдэнэси йг хоёр давсагт хийж хуудаст бичгээр Кай Фэн фү- ийн яамны тамгат бичгийг биедээ нуугаад албан хүмүүний мэт хувцаслан, олон дайван нараас аяарлан алж, Жинь ша тань-ийг гэтлэн, Дунжин хотыг чиглэн эчив.

Түүнээс Дай Зүн сүүжиндээ борооны шүхрийг суйрч, ардаа боодол үүргээ үүрч, Янь Чин шийдмээр давсгаа дамнаж, бараан цамцны хормойг шууж, бэлхүүсэндээ далиарт бүсээ бүсэлж, өвдөгч ороон, хөлдөө найман оосорт олсон шаахайг өшиглөн, эрт мордон орой хоноглож, өлсвөөс идэж ундаасваас ууж явсаар удалгүй нэгэн өдөр Дунжин хотоос ойр болж ирсэнд, тэнд хоёул дөт замыг өлгөн явсаар Жин хотын түмэн өлзийт хаалга Вань Шоу Мэнь-ий доор хүрч ирээд, хаалгыг шургасугай хэмээтэл, хаалга сахих цэргийн ард хашиж зогсов. Янь Чин дамнасан дамнуурыг газар тавьж, нутгийн аялгуугаар: - Юунд биднийг хашиж хориглов? хэмээхэд цэргийн ард өгүүлрүүн: - Лян Шань уулын зүйл зүсмийн хүмүүн, олны сүрэгт хутгалдан, хотноо орох болуузай хэмээн юаньшуай-н яамнаас хотын эл хаалгыг чандлан сахих зарлиг буулгаж, гадаад гацааны нааш цааш эчих хүмүүнийг нарийвчлан байцаатугай хэмээн захисан болой хэмээхүйеэ, Янь Чин инээн өгүүлрүүн: - Өөрийн гэрийн хүмүүнийг энэ мэт нарийвчлан байцаахаар үзвээс чи үнэхээр нэгэн учир ёсыг төсөөлөх албан хүмүүн бөлгөө. Бид хоёул хараахан багаас Кай Фэн Фү-д сууж, энэ хаалгыг хичнээн удаа шургасангүй буй за. Чи харин энэ мэт нарийвчлан асуух нь үнэхээр инээдэмтэй бус уу. Санаваас чи Лян Шань уулын хүмүүнийг нүдээ бүлтийж байгаад тавин оруулах бөлгөө хэмээгээд далиараас хуурмаг албан бичгийг гарган, өөдөөс нь шидэж илгээгээд: - Чи үзэгтүн. Кай Фэн Фү-ийн яамны тамгат бичиг энэ бус уу хэмээвээс хаалга сахих тушаалтан нь цэргийн ардыг зандан өгүүлрүүн: - Кай Фэн фү-ийн тамгат бичиг байх тул түүнийг ингэж шалан асууж яамуй. Тавьж оруулагтун хэмээсэнд Янь Чин албан бичгийг эвхэж өвөртөө хийгээд, дамнуурыг дамнан эчихэд, Дай Зүн бас хүйтнээр инээн хоёул шууд Кай Фэн фү-ийн яамыг чиглэн ирж, буудлын газар эрж буув.

Жич өдөр Янь Чин бөс дээл сольж өмсөөд, далиарт бүсээ бүсэлж, саравчит малгайг ар духандаа хэлтгий дараад, сул ардын ёсоор хувцасласан хойно дамнуураасаа алт мөнгөний зүйлийг гаргаж, алчууртаа баглан аваад Дай Зүн-ийн зүг өгүүлрүүн: - Энэ өдөр дүү би Ли Ши Ши-ийн гэрт эчиж сураг чимээ авсугай хэмээмүү. Хэрвээ ийм тийм явдал хэрэг гарваас ах та хурдан буцаж харигтун хэмээн захисан хойно дөт замыг өлгөн шууд Ли Ши Ши-ийн гэрийг чиглэн хаалганы доор ирээд нүд өргөн үзвээс, мөн урьдын ёсоор мурий хэрсэг сийлмэл тулгуур, ногоон цонх улаан үүд харагдах бөгөөд урьдаас илүү өнгө үзэмжтэй болгон засжээ. Янь Чин одонцор хулсан орхиулыг өргөн, дотогш орсонд, ариун хүжсийн анхилам үнэр хамарт ханхалж ирэв. Янь Чин зочны өрөөнд орж нүд өргөн үзвээс туургыг тойруулан нэрт эрдэмтний бичиг зургийг өлгөж, саравчийн доор хорь гучин пэнсэн-д сонин чулуу сэвүүн нарсыг тавьсан бөгөөд урлан сийлсэн агар зандан модоор исэр сандал үйлдэж, унтах ор суух олбогийг цөм хатгамал хэмэрлэгээр урлан зохиожээ. Янь Чин нам дуугаар хоолой зассанд дотоод өрөөнөөс бяцхан шивэгчин угтан гарч ирээд Ли эмгэнд мэдүүлэхээр эчсэнээ удсангүй Ли эмгэн гарч ирээд Янь Чин-г үзмэгц их л цочин: - Чи бас юунд энд ирэв? хэмээхүйеэ Янь Чин өгүүлрүүн: - Залуу авхайг залж учирваас өчүүхэн хүмүүнд өөр өгүүлэх үг баймуй хэмээвээс Ли эмгэн өгүүлрүүн: - Урагш өдөр чи манай гэрт уршиг татан, гэр өрөөг галдсан бөлгөө. Чамд хэлэх үг байваас хурдан хэлэгтүн хэмээсэнд Янь Чин өгүүлрүүн: - Залуу авхай заларч ирвээс сая хэлмүй хэмээв.

Тэд хоёулын хэлэлцэх үгийг Ли Ши Ши хэдийн цонхны араас сонсож удсан тул нахилзан алхсаар гарч ирэв. Янь Чин нүд тавин үзвээс, үнэхээр хувийн гадна гувай үзэсгэлэн ажгуу. Нүүр царайг үлгэрлэвээс хайтан цэцэг өглөөний шүүдэрт угаагдсан мэт, нарийн бэлхүүс нэмүүн салхинаа найлзуур уд сажлах адил, цогц бие цэцгийн хүрээлэнгийн цагаан хасыг гутаан, цэвэрхэн зүс гавира-ын ордны саран дагинад тэмцмүй. Төдийд Ли Ши Ши лянхуан хөлийг өргөн, хатгамал хормойвчийг нахилзуулан зочны өрөөнөө орж ирсэнд, Янь Чин яаран босож, алчуурт багласан алт сувдыг ширээн дээр гаргаж тавиад өлмий нугалан Ли эмгэнд дөрвөн зэрэг ёслоод, өвдөг дарж Ли Ши Ши-д хоёр зэрэг ёсолсонд Ли Ши Ши найр тавьж өгүүлрүүн: - Ёслохыг байтугай! Өчүүхэн миний нас залуу тул энэ мэт хүндлэхийг үнэхээр хүлээж чадахгүй хэмээхүйеэ Янь Чин ёсолж бараад өгүүлрүүн: - Урагш өдөр эрхин авхайг айлган цочоосон тул өчүүхэн хүмүүс үнэхээр орох газар үгүй болтол зовов хэмээхүйеэ Ли Ши Ши өгүүлрүүн: - Чи битгий мэхлэгтүн. Тэр удаа чи биеэ Жан Сян хэмээж, нөгөө хоёр хүмүүнээ Шаньдун газрын худалдааны хүмүүн хэмээсэн бөлгөө. Явахдаа та нар үймээн дүрвээн гаргасанд би эзний өмнө сайн үгсээр урлан мэдүүлж арай хэмээн өнгөрүүлэв. Хэрвээ надаас бус өөр хүмүүн болсон болбоос хэдийн хүйс тэмтрэх зовлонд унасан болой. Тэр хүмүүний бичсэн шүлэгт: “Галуун сүрэг зургаа зургаагаар цувран найм есөөр холболдож, ганц алтан тахианы донгодох чимээг хүлээмүй” хэмээсэн хоёр бадаг үгийг бичсэнд би сэжиглэн түдгэлзэж уг учрыг асуусугай хэмээж атал, эзэн хаан морилж ирсэн бөгөөд сүүлээр нь үймээн дүрвээн гарсан тул учрыг лавлан асууж чадсангүй. Завшаанд чи энэ өдөр өөрийн биеэр хүрч ирсэн тул миний сэтгэлийн доторх цэцгийг тайлан өгөгтүн. Надаас нуун далдлах үгүйгээр үнэнээ хэлэгтүн. Эс тийн бөгөөс би чамайг амархан тавьж илгээхгүй хэмээсэнд Янь Чин өгүүлрүүн: - Өчүүхэн хүмүүн үнэн учрыг өгүүлэн тоочсугай. Хүсэх нь өнгөт авхай битгий айн цочигтун. Урагш өдрийн ирсэн тэр хар царайт бие яйжгар хүмүүн болбоос чив хэмээн бат журамт Сүн Жян бөлгөө. Дэд суудалд суусан тэр цагаан царайтай, гурван мушгиа сахалтай хүмүүн болбоос урьдын Чай Шизүн хааны угсаа, хуй салхи Чай Жинь бөлгөө. Албан хүмүүн мэт хувцаслаж, хажууд зогсож асан хүмүүн болбоос түв хэмээн хий хүлэгт Дай Зүн болой. Ян Тайюй лугаа үүдэн гэрт зодолдсон тэр эр болбоос хар хуй Ли Күй бөлгөө. Өчүүхэн хүмүүн миний уг нутгийг хэлбээс Бээжингийн Да мин фү-ийн хүмүүн бөлгөө. Хүмүүс намайг ганган эр Янь Чин хэмээн дуудмуй. Тэр удаа ах Сүн Гүн Мин бээр эзэн хотод ирээд эрхэм авхайн гэгээн нүүрт золгосугай хэмээн өчүүхэн хүмүүнийг Жан Сянь хэмээн овлуулж, ордонд чинь ирж бие далдалсан болой. Миний ах Сүн Жян авхай чиний гэгээн нүүрт золгосугай хэмээсэн нь цэнгэл найрыг хүссэн бус. Эрхин авхайн эзэн хааны шадар байхыг хэдийн сонсоод, тухайлан өөрийн биеэр ирж авхайг гоёж хаан эзэнд өөрийн учрыг тоочин айлтгаад, тэнгэрийн төлөөнөө ёсыг явуулж, улсыг хамгаалан иргэнийг амуулах сэтгэлээ илэрхийлж, эрт өдөр эзэн төрд илбэгдэн дагаад ард иргэний аюул зовлонг арилгасугай хэмээсэн бөлгөө. Хэрвээ эрхин авхай өршөөн аваачваас, үнэхээр Лян Шань уулын хэдэн түмэн хүмүүний ачит хүмүүн болмуй! Эдүгээ зальхай сайд засгийг барьж, авлигач ноёд эрхийг атган эрдэмтэн мэргэдийн замыг бөглөн доорх байдлыг дээш мэдүүлж чадахгүй болгосон тул, тухайлан авхай чиний үүдийг эрж ирээд санамсаргүй айлган цочоов. Миний ах Сүн Жян авхай чамд бэлэглэн хүргэх өөр юмгүй, ганц энэ нимгэн эдийг илгээсэн тул, өршөөн үлдээх болов уу хэмээгээд алчуурыг дэлгэн ширээнээ тавьсанд алт сувд эд эрдэнэсийн зүйл өнгө өнгийн гэрэл цацармуй. Ли эмгэн хэмээгч нэгэн ашигт ховдог хүмүүн тул шивэгчнийг дуудаж хураалгасан хойно, Янь Чин-г залж дотоод өрөөнөө суулгаад нарийн сайхан жимс боорцгийн зүйлийг гаргаж хүндлэн дайлав. Угт Ли Ши Ши- ийн гэрт богд эзэн үүр ирэх тул, Ван Гүн-ийн үрс, баян сурвалжит гэрийн агь нар ямар аймшиггүй ирж аяга цай амсах аж.

Түүнээс, Ли Ши Ши-ийн бие, сайн дарс амтат жимсийг гарган өөрийн биеэр хүндлэн дайлсанд Янь Чин өгүүлрүүн: - Өчүүхэн хүмүүн болбоос үхэх ялт хүмүүн тул ямар аюулгүй өнгөт авхай лугаа ширээ хавчин суумуй хэмээсэнд Ли Ши Ши өгүүлрүүн: - Ийн өгүүлж хэрхэн болмуй! Таны зэргийн журамт эрсийн их алдрыг сонсож удав. Ганц хооронд нь сайн хүмүүн тохиосонгүй шалтгаанаар үйл чинь бүтсэнгүй. Та нарыг уст нуурт дарагдуулан булхдуулжээ хэмээхэд, Янь Чин өгүүлрүүн: - Урагш өдөр Чэнь Тайюй өөрийн биеэр илбэн дагуулахаар эчсэн боловч жуу бичигт амуулан тохинуулах үг үгүйн дээр эзний шагнасан дарсыг бас солив. Хоёрдугаар удаа илбэн дагуулахад, зоримгоор жуу бичгийн дээрх үг өгүүлбэрийг халан засаж, “Сүн Жян-аас бус---Лү Жюнь И зэргийн их бага хүмүүний үйлдсэн ялыг уучлан хэлтрүүлмүй” хэмээн зоримогоор салгаж уншсан тул дагасангүй бөлгөө. Тэргүүн удаа цэргийн яамны сайд Түн Гуань цэрэг дайчилж эчээд хоёрхон зэрэг байлдсаныг тэсэж чадсангүй, манд дарагдаж хагас хуяг ч үлдсэнгүй. Сүүлээр Гао Тайюй дэлхий дахины ард иргэнийг элсэн, байлдааны онгоц үйлдэн дайлахаар мордоод, гурван удаа байлдсангүй, хүмүүн морины их хагас нь хохирч, Гао Тайюй амьдаар баригдан уулан цайзнаа хүлэгдэн эчсэнд, ах Сүн Жян түүнийг алсангүй гэдрэг хүндлэн дайлж эзэн хотноо тавин илгээж амьдаар баригдсан хүмүүнийг цөм тавьж явуулав. Гао Тайюй бээр Лян Шань уулнаа байхдаа эзэн төрд эгсэн хойно, богд эзэнд айлтгаж, илбэн дагуулмуй хэмээн амаа өгөөд Лян Шань уулын хоёр дайван---нэгэн нь хувилгаан бичээч Сяо Ран, нөгөө нь алтан бишгүүрт Юэ Хэ-г дагуулан ирсэн боловч, санахад энэ хоёр хүмүүнийг гэртээ нууж, гадагш гаргахгүй болоод цэрэг хохирч жанжин сүйдсэн учрыг эрхгүй эзэн хаанаас нуун далдалжээ хэмээхүйеэ, Ли Ши ШИ өгүүлрүүн: - Тэр энэ мэт амуу хүнсийг сүйтгэн, цэрэг жанжныг хохируулсан тул ямар аюулгүй эзэн хаанд айлтгаж чадмуй. Би нэгэнтээ бүгдийг сонсов. Хэдэн хундага уусан хойно жич арга зөвлөсүгэй хэмээсэнд, Янь Чин өгүүлрүүн: - Өчүүхэн хүмүүн төрөлхөөс архи дарсанд бахгүй хэмээвээс Ли Ши Ши өгүүлрүүн: - Замын холоос зүдэрч ирсэн тул, хэдэн хундага уухад харъяа үгүй хэмээн шаардсанд Янь Чин хүчлэн маргаваас болохгүй тул арга буюу амтат дарсыг шимж, архины хань болж суув.

Угт энэли Ши Ши болбоос цэцэг хуарын сүрэг дэх усан ааль дууч эхнэр болох тул Янь Чин-ийн хэл амандаа мэргэн, өгүүлж ярихад цуурхайг үзээд хэдийн сэтгэл хөдөлж дарс уух зуур, аятай үгсээр өдөөж эхлэв. Хэдэн хундага дарс уусан хойно, Ли Ши Ши байн байн үг гаргаж сэртэгнэсэнд, Янь Чин хэмээгч цэцэн сэргэлэн хүмүүн тул үүнийг төсөөлөхгүй ёс баймуй уу? Хэдий тийн хэмээвч, тэр болбоос сав ертөнцийн сайн эр бөгөөд Сүн Гүн Мин-ийн захисан их үйлийг суутгах болуузай хэмээн аймшиггүй түүний санаанд нийлүүлэн хүлээсэнгүй бөлгөө. Тэр үед Ли Ши Ши өгүүлрүүн: - Авгай чамайг эгшиг хөгжимд мэргэшив хэмээн сонсож удсан болой. Архины ширээнд найр хөөр нэмбээс бас ч сайхан буй за хэмээхүйеэ Янь Чин хариу өчрүүн: - Өчүүхэн хүмүүний бага сага сурсан эрдмийг ямар аймшиггүй эрхин авхайн өмнө гаргаж болмуй хэмээхүйеэ Ли Ши Ши өгүүлрүүн: - Би урьдаар нэгэн аялгуу үлээж авгайд сонсгосугай хэмээгээд бяцхан шивэгчнийг дуудан бишгүүрийг авчруулсан хойно, хэмэрлэг уутнаас гаргаж аваад, интоорын уруулд тааруулан үлээсэнд хад хагарч үүл ярагдах яруу эгшиг гарав. Янь Чин алга ташин нэгэн зэрэг сайшаасанд Ли Ши Ши бас нэгэн аялгууг үлээгээд, бишгүүрийг Янь Чин-д өгч: - Эрхин авхай нэгэн аялгуу үлээж надад сонсго! хэмээв. Ян Чин ганц тэр эхнэрийн таалах сэтгэлийг олсугай хэмээн хүсэж байхуй тул бишгүүрийг тосон аваад бүх эрдмийг гарган, нэгэн аялгууг хангинатал үлээсэнд, Ли Ши Ши шагшин зогсохгүйгээр: - Үзвээс, авгай угт ийм гайхалтай үлээх аж! хэмээгээд бяцхан шивэгчнийг дуудаж ятга авчруулан, нэгэн бага аялгууг чавхадсанд, үнэхээр хасын ширхэг алтан ёнхрын дуу мэт, нэгэн хос уран хачин донгодон жиргэх адил гайхалтай. Янь Чин яаран тал өгч бие мэхийн ёслоод: - Өчүүхэн хүмүүн бас нэгэн дуу дуулж эрхин авхайд нийлүүлсүгэй хэмээгээд хоолойг засан дуудсанд, үнэхээр эгшиг яруу үг тунгалаг, аялгуу дуу адбиш гайхалтай. Төдийд Янь Чин дуулж баруун бие мэхийн ёсолсонд Ли Ши Ши амтат дарсыг хэмнэж, өөрийн гараараа бариад уу хэмээн шаардаж, элдэв наадам шогийн үгийг хэлж Янь Чин-г өдөөсөнд, Янь Чин ганц тэргүүнийг дарж хааш яашаар өнгөрмүй. Дарсыг дахиж хэдэн хундага уусан хойно Ли Ши Ши исвэлзэн инээсээр: - Авгай чиний бие дээр шивсэн хуарыг асар сайхан хэмээн сонсов. Гуйх нь нэгэн удаа үзүүлэх болов уу хэмээхүйеэ Янь Чин бас инээх царайгаар өгүүлрүүн: - Өчүүхэн хүмүүний бие дээр хэдий шивсэн хуар байх боловч ямар аймшиггүй эрхин авхайн өмнө дээлийг тайлан бие нүцгэлж болмуй хэмээвээс Ли Ши Ши өгүүлрүүн: - Залуу агь бие нүцгэлэхээс дэмийлэн айсан нь юун? хэмээгээд эрх биш үзсүгэй хэмээн дахин дахин шаардахад, Янь Чин арга буюу хувцсыг тайлан дал мөрийг ил гаргасанд Ли Ши Ши жуумалзан инээсээр, хасын гараар түүний биеийг илбэн тэмтэрснээ, Янь Чин яаран дээлээ өмсөв. Төдийд Ли Ши Ши дахин архи хэмнэж бариад үг хаяж өдөөн сэртэгнэсэнд, Янь Чин дотроо энэ эхнэр гар хөдөлбөөс зайлахад бэрх хэмээн бодоод, гэнэт нэгэн арга үүсгэж Ли Ши Ши-ээс: - Эрхин авхай энэ жил нас сүүдэр хэдий болов?" хэмээсэн асуусанд Ли Ши Ши өчрүүн: - Бага шивэгчин энэ жил чив хэмээн хорин долоо хүрэв хэмээвээс Янь Чин өгүүлрүүн: - Өчүүхэн хүмүүн энэ жил хорин таван настай тул түв хэмээн авхайгаас хоёр дүү ажгуу. Өнгөт авхай хэрвээ олдой хүмүүнийг өршөөн аваачваас, журмын эгч болгон үйлдсүгэй хэмээгээд өвдөг даран өлмий нугалж, газар сөгдөөд найман зэрэг мөргөв. Янь Чин-ийн энэ найман зэрэг мөргөсний сайнаар тэр эхнэрийн самуун сэтгэлийг дарж чадсан бөгөөд бас өдий төдий сайн хэргийг үйлдүүлсэн бөлгөө. Хэрвээ өөр хүмүүн болбоос хэдийн өнгө дарсны дунд их хэргийг суутгах бус уу. Ийнхүү Янь Чин-г үнэхээр ган төмөр мэт хатуу сэтгэлтэй сайн эр хэмээвээс болмуй.

Төдийд Янь Чин бас Ли эмгэнийг залж авчраад, хуурай эхийн ёсоор мөргөж барсан хойно салж эчсүгэй хэмээсэнд Ли Ши Ши өгүүлрүүн: - Журмын дүү, миний гэрт бие амарваас барав. Буудлын газар эчих хэрэггүй хэмээхүйеэ Янь Чин өгүүлрүүн: - Журмын эгч ийн өршөөх тул, дүү би түр буудлын газар эчиж юм хүмээ аваад эгж ирсүгэй хэмээхүйеэ Ли Ши Ши өгүүлрүүн: - Намайг битгий удтал хүлээлгэгтүн хэмээвээс Янь Чин: - Миний суусан буудлын газар эндээс дэмий холгүй тул удахгүй ирмүй хэмээгээд Ли Ши Ши-ээс салж, шууд буудлын газартаа харьж ирээд, Дай Зүн-д дээрх үйлийг зүй зүйгээр нарийвчлан тоочиж өгснөө Дай Зүн өгүүлрүүн: - Тийн болбоос их л сайн! Ганц дүү чамайг санааны сармагчин сэтгэлийн морио дарж чадахгүй болуузай хэмээн эмээмүй хэмээхүйеэ Янь Чин өгүүлрүүн: - Тэнгэр газрын хооронд сайн эрийн биеийг олж төрөөд, хэрвээ өнгө дарсны дунд язгуурыг умартваас адгуус малаас юун өөр аж! Янь Чин надад ийм сэтгэл үүсвээс түмэн илд мянган жадны доор үхтүгэй! хэмээсэнд, Дай Зүн инээж өгүүлрүүн: - Ийн ам алдах үгүй бөгөөс ах чиний сэжиглэх санааг арилгаж чадахгүй хэмээснээ Дай Зүн өгүүлрүүн: - Чи хурдан эгж, тохиолыг үзэн, хэргийг шалавдан бүтээ!Удаж болохгүй. Су Тайюй-д өгөх бичгийг чамайг эгж ирсэн хойно бариулсугай хэмээв. Янь Чин алт мөнгө эд эрдэнэсийн зэрэг юмыг бас нэгэн боодол баглаж аваад, Дай Зүн-ээс салж Ли Ши Ши-ийн гэрт ирээд, хагасыг нь Ли эмгэнд өгч, үлдсэнийг нь Ли Ши Ши-ийн гэрийн хотлоорын их бага хүмүүнд түгээн өгсөнд, эс баярлах хүмүүнгүй болжээ. Зочны өрөөний хажууд нэгэн тасалгаа гэрийг цэвэрлэж Янь Чин-г суулгаад, Ли Ши Ши-ийн гэрийн хотлоор түүнийг "Авга хэмээн хүндэлжээ. Хэлбээс бас урьдын ерөөл барилдлага түв хэмээн нийцжээ. Мөн шөнө, хүмүүн ирж эзэн хаан энэ орой заларч ирмүй хэмээн мэдүүлсэнд, Янь Чин бээр Ли Ши Ши-д золгож ёсолсон хойно: - Мэргэн эгч өршөөвөл, энэ үдэш тохиолыг үзэн, дүү намайг тэнгэрийн хөвүүний луун царайд бадруулан, эзэн хаанаас ялыг хэлтрүүлэх өршөөлийн жуу бичгийг олж өгвөөс үнэхээр эгчийн эрдэм өршөөлийг үзүүлэх нь болой хэмээсэнд Ли Ши Ши өгүүлрүүн: - Энэ үдэш эрхгүй дашрамд нийлүүлэн дүү чамайг тэнгэрийн хөвүүнд бараадуулсугай. Ганц дүү чи сурсан эрдмээ гарган эзэн хааныг баярлуулбаас өршөөлийн бичгийг олохгүйгээс зовнихгүй бөлгөө хэмээв.

Түүнээс удсангүй тэнгэр орой болж, сарны гэрэл туяараад, цэцгийн үнэр анхилж, цоморлог дэлбэ хумирсанд тэнгэрийн хөвүүн Дао Жюнь хаан нэгэн бяцхан тайганыг дагуулж, цагаан дээлт бичгийн хүмүүн мэт чимээд нүхэн замд шурган шууд алхсаар Ли Ши Ши-ийн гэрийн ар хаалгыг нээж, ташаалавчит өрөөнөө орж суусан хойно цонх үүдийг даруулж чимэгт зул бүрхүүлт дэн асаалгасанд гэрийн дотор өдөр мэт гэгээн болов. Ли Ши Ши яаран хатгуур зэмсгийг засаж, дээл хувцсыг тэгшлэн дотоод өрөөнөөс гарч ирээд хаан эзнийг угтан аваад өвдөг нугалан сөгдөж лагшин тунгалгийг асуусанд, тэнгэрийн хөвүүн зарлиг буулган түүний хүнд ёслолын хувцсыг тайлуулж "Мөхөс хүмүүн бараа бологтун хэмээсэнд Ли Ши Ши за хэмээн хүлээн, шулуун хувцсыг сольж өмсөөд, эзэн хааныг удирдан дотоод өрөөнөө орсонд, өм зандан ширээнээ хэдийн этгээд жимс гайхалтай боорцог, амтат дарс ариун зуушийг өрж тавьжээ. Төдийд Ли Ши Ши амтат дарсыг хэмнэн эзэн хаанд барьснаа, тэнгэрийн хөвүүний луун царайд баярын байдал илэрч: - Амраг чин ойр ирж, нэгэн хамт суусугай хэмээв. Ли Ши Ши, тэнгэрийн хөвүүний луун царайд баяр болсныг үзээд, урагш давшин айлтган өгүүлрүүн: - Өчүүхэн шивэгчинд нэгэн зээ дүү баймуй. Хараахан багаас гадаад газраар хэсэж, энэ өдөр сая эгж ирээд эзэн хаанд бараадсугай хэмээсэн боловч аймшиггүй айлтгасангүй, хүсэх нь эзэн хаан гэгээндээ тольдож өршөөн аваачму хэмээхүйеэ тэнгэрийн хөвүүн өгүүлрүүн: - Чиний зээ дүү хэмээх тул мөхөс хүмүүнд учруулах нь ямар харъяа баймуй хэмээв. Ли Ши Ши бага шивэгчнээр Янь Чин-г удирдуулан дотогш оруулан эзэн хаанд бараадуулсанд Янь Чин хөсөр сөгдөж мөргөв. Тэнгэрийн хөвүүн нүд өргөн Янь Чин-г үзвээс тэсгэлгүй сүр гэрэлтэй тул ихэд баярлав. Ли Ши Ши бээр Янь Чин-г дуудаж бишгүүр үлээлгэн эзэн хааны дарс уухад найр болгон нэмүүлээд өөрийн биеэр ятга дэлдэн Янь Чин-г дуулагтун хэмээсэнд Янь Чин тэргүүн дарж ёслоод: - Өчүүхэн хүмүүний сурсан нь садар аялгуу шалиг эгшгийн төдийхөн тул ямар аюулгүй эзэн богдын гэгээн сонорт сонсгож болмуй хэмээхүйеэ хаан эзэн өгүүлрүүн: - Мөхөс хүмүүн дууч эхнэрийн хүрээлэнгээр тойрох нь түв хэмээн аялгуу хөгжмийг сонсон сэтгэлийг сэргээсүгэй хэмээсэн бөлгөө. Сайд битгий татгалзагтун хэмээсэнд Янь Чин царгилыг барьж, дахин ёслоод Ли Ши Ши-ийн зүг хандан: - Эгшиг аялгууны эндүүр ташааг эрхин эгч заан сургах болов уу хэмээгээд хоолойг засаж царгилыг цохин нэгэн анги Юй Жя Ао хэмээх дууллыг дуулав. Түүний үг нь:

"Аавын нутгаас салж удсан ч чимээ сураггүй, аюулхай цээжний түмэн санал, аль цагт элэг зүрхийг үл шимшрүүлмүй? Алтан хараацай нисэн ирээдүйгээр цэцэг бас үдлэв. Амиллын хавар хүрч ирэхүйеэ бие нэгэнтээ туржээ. Аль өдөр нимгэн хувьт эх минь ирмүй? Анх тасалцсан тэр цагийг санаваас, амраглан янаглаж ханилах нь юун? Амтат зүүд арай төгсөөгүйгээр нойр бас хүрчээ. Алмайран сэрэхүйеэ ногоон цонхноо гургуулдай үүрийг мэдээлэв."

Янь Чин-ийн дуулсан нь үнэхээр алтан гургуулдай донгодож, ариун хасыг дэлдсэн мэт яруу тунгалаг тул тэнгэрийн хөвүүн их л баясаж, дахиж дуул хэмээсэнд Янь Чин хөсөр сөгдөөд: - Олдой сайд бээр үсэг хассан Му Лань Хуа хэмээх нэгэн анги дууллыг цээжилж байхуй тул, эзэн хаанд өргөн сонсгосугай хэмээвээс тэнгэрийн хөвүүн: - Тийн бөгөөс их л сайн. Сонсохыг хүсмү хэмээхүйеэ Янь Чин бие мэхийн ёслоод үсэг хассан Му Лань Хуа хэмээх нэгэн анги дууллыг дуулав. Тэр дууны үг нь:

Уярлыг минь сонсном болов уу. Уярлыг минь сонсном болов уу! Уршигт бие тэнэ н хэсэхийг хэн мэдмүй. Хэн мэдмүй! Эцэг тэнгэр эх дэлхийн хооронд, ял нүглийг тунгааж эс чадмуй. Ус галын нүхнээс авран гаргаваас, улаан зүрхийг уудлан үүр элбэрлийг гүйцээсүү. Үүр элбэрлийг гүйцээсүү. Эргэх өдөр энэрэлт хүмүүний их ачийг эрхгүй хариулсугай!

Янь Чин дуулж барсанд, эзэн хаан их л хиртхийж: - Чин чиний бие юуны учир энэ дууг дуулмуй хэмээхүйеэ, Янь Чин дуу тавьж уйлан, газар тэврэн сөгдөв. Тэнгэрийн хөвүүн дотроо эргэлзэн өгүүлрүүн: - Чин чиний сэтгэлд ямар хэрэг байваас хэлж гаргагтун. Мөхөс хүмүүн чамд арга бодож өгсүгэй хэмээвээс айлтган өгүүлрүүн: - Сайд надад тэнгэр тулсан их ял ахуй тул, аймшиггүй айлтган чадахгүй баймуй хэмээхүйеэ тэнгэрийн хөвүүн өгүүлрүүн: - Чин чиний ялыг хэлтрүүлсүгэй. Айлтган хэлэхэд харъяагүй! хэмээсэнд, Янь Чин айлтгаж өгүүлрүүн: - Чин би хараахан багаас мөрөн тэнгисээр хэсэн, Шаньдун газраар тойрохдоо, худалдааны хүмүүнийг дагаж, Лян Шань уулаар өнгөрөхөд, өндөр уулнаа уулгалдан эчиж, нэгэнтээ гурван жилийн нүүрийг үзэв. Энэ жил сая амь мултран дутааж, эзэн хотноо ирээд, эгч дүү нарт уулзсан боловч, аймшиггүй зээлд гарч чадахгүй баймуй. Хэрвээ хүмүүнд танигдаж, албан яаманд мэдүүлбээс хэрхэн хэлэлцэж гарах аж? хэмээснээ, Ли Ши Ши бас хажуугаас айлтган өгүүлрүүн: - Миний дүүгийн элэг зүрхэнд ганц ийм нэгэн зовлон байх тул, олдохул тэнгэрийн хөвүүн өршөөл хайрламүу хэмээсэнд тэнгэрийн хөвүүн мөшөөх царайгаар өгүүлрүүн: - Энэ хэрэг хялбар болой. Чи болбоос амраг чингийн зээ дүү болох тул, хэн аймшиггүй чамайг барьж чадмуй! хэмээв. Түүнээс Янь Чин бээр Ли Ши Ши-ийн зүг нүд имнэн дохио өгсөнд Ли Ши Ши наалинхайдан эрхэлж эзэн хаанд ийн айлтгаруун: - Богд эзэн өөрийн мутраар нэгэн хуудас өршөөлийн бичиг бичиж миний дүүгийн ялыг хэлтрүүлбээс түүний сэтгэл сая амармуй хэмээхүйеэ тэнгэрийн хөвүүн өчрүүн: - Хас тамга энд байхгүй тул яаж бичмүй хэмээснээ Ли Ши Ши бас айлтган өгүүлрүүн: - Эзэн хааны өөрийн мутраар бичсэн бичиг хас тамганаас хэтрэх тул түүгээр юу хиймүй. Миний дүүг өршөөж бие хамгаалах сахиа олгуулбаас, доорд шивэгчин бээр эзэн хааныг үйлдсэн нь бас ч хоосон бус хэмээхүйеэ, тэнгэрийн хөвүүн арга буюу бийр цаас авчир хэмээн зарлиг болсонд зарц эмгэн бичгийн гэрийн дөрвөн зүйлийн эрдэнийг авчирч өргөн барив. Янь Чин үнэрт бэхийг зууран, Ли Ши Ши зааны яс байгуулж бийрийг өргөсөнд, тэнгэрийн хөвүүн хуарт шар цаасыг дэлгэн нэгэн мөр татлан бичээд, бийрийг дэлгэн Янь Чин-ээс асууруун: - Мөхөс хүмүүн Чин чиний нэрийг умартав хэмээсэнд, Янь Чин яаран: - Өчүүхэн хүмүүний нэр Янь Чин хэмээмүй хэмээснээ тэнгэрийн хөвүүн бийрийг идүүлж бичсэн нь:

Хувилгаан тэнгэрийн хаан ордны үнэн эзэн Сюань Хэ цолт бомбын шашинт хаан Сюй Жин Дао Жюнь хаан бээр сайд Янь Чин-ийн ялыг уучлан хэлтрүүлсэн тул эл яам баривчлан шийтгэж болохгүй хэмээжээ.

Тэр үед тэнгэрийн хөвүүн өршөөлийн бичгийг бичиж гаргаад доор нь өөрийн нэрийг хуар үсгээр бичиж зурсанд, Янь Чин хөсөр сөгдөн мөргөөд зарлигийг хүлээж авав. Ли Ши Ши амтат дарсыг хэмнэн бариад эзэн хааны өршөөсөн хишигт мөргөв. Тэнгэрийн хөвүүн асууруун: - Чин чиний бие Лян Шань уулнаа байсан тул эрхгүй тэндэх нарийн учрыг мэдэх буй за хэмээсэнд Янь Чин айлтган өгүүлрүүн: - Сүн Жян зэргийн олон хүмүүн тугийн дээр “Тэнгэрийн төлөөнөө ёсыг явуулмуй” хэмээн бичиж, танхимын нэрийг “Шударга журмын танхим” хэмээн нэрийдэж, хязгаарын жоу фү-д хуруу төдий халдахгүй, зуун овогтныг хумсан төдий хөнөөхгүй, ганц ховдог ноёд авлигач түшмэлийг алж, эзэн төрд эрт өдөр илбэгдэн дагаад, дуртайяа улс гэрийн төлөө хүчийг өргөсүгэй хэмээж баймуй хэмээсэнд тэнгэрийн хөвүүн бас асууруун: - Мөхөс хүмүүн хоёр удаа элч илгээн илбэн дагуулсугай хэмээснийг юуны учир тэрслэн эсэргүүцэж эс дагав? хэмээхүйеэ Янь Чин айлтган өгүүлрүүн: - Анх удаагийн жуу бичигт илбэн тохинуулах үг үгүй бөгөөд бас тосгоны дарсаар эзэн хааны шагнасан дарсыг сольсон тул хэрэг хувилжээ. Хоёрдугаар удаа, зоримгоор жуу бичгийг хоёр таслан уншиж, Сүн Жян-г алмуй хэмээн далдуур заль хийсэн тул үйл бас улиран хувьсав. Цэргийн яамны сайд Түн Гуань цэрэг авч эчээд, хоёр удаагийн байлдааныг дагасангүй, хагас хуяг ч үлдсэнгүй ховх дийлэгдэв. Гао Тайюй цэрэг морийг захиран, дэлхий дахины ард иргэдийг элсэн, байлдааны онгоц бэлдүүлэн дайлахаар мордоод Лян Шань уулын сайн эрсийн шар үсийг ч хөдөлгөж чадсангүй, гурван зэрэг байлдаж, гутамшигтайгаар дийлэгдэж, сүүлдээ өөрийн бие нь бас амьдаар баригдаж уулнаа эчээд, илбэн дагуулмуй хэмээн ам алдсан хойно сая тавин явуулав. Гао Тайюй бээр өндөр уулнаас салахдаа өөрийн зөвлөлийн түшмэл Вэнь Хуань Жан-г үлдээн таньж болгож, Лян Шань-ий хоёр хүмүүнийг дагуулан харьж ирэв хэмээсэнд, тэнгэрийн хөвүүн тэсгэлгүй урт шүүрс алдан: - Мөхөс хүмүүн эдгээр үйлийг хэрхэж олж мэдмүй! Түн Гуань Жин балгаснаа ирээд “Хуяг цэрэг тэнгэрийн халууныг тэсэж чадахгүй тул түр цэрэг хурааж байлдахыг байлгав” хэмээн айлтгаж, Гао Чю эзэн хотод эгээд “Өвчинд баригдсан тул байлдан чадахгүй болж түр эзэн хотноо эгж ирэв” хэмээн айлтгав хэмээхүйеэ, Ли Ши Ши өгүүлрүүн: - Хаан эзэн хэдий мэргэн гэгээн боловч, өөрийн бие дотоод ордонд залрахын дээр, зальхай түшмэл бээр эрдэмтний замыг халхалсан тул үүнийг хэрхэж мэдэж болмуй? хэмээсэнд тэнгэрийн хөвүүн санаа тохирохгүй урт шүүрс алдав. Тэр үед хэдийн шөнийн гүн болсон тул Янь Чин өршөөлийн бичгийг авч, эзэн хаанаас мөргөн салаад өөрийн гэртээ амрахаар ичив. Тэнгэрийн хөвүүн дууч эхнэр Ли Ши Ши-ийн хамт дэр дэвсгэр дэлгэн нойрсож, таван жингийн үед бие дээшлэн бяцхан тайганыг дагуулан ордондоо эгэв.

Түүнээс Янь Чин жич өглөө боссон хойно, бага сага хэрэг баймуй хэмээн шалтгаалж дууч эхнэр Ли Ши Ши-ийн гэрээс салж, шууд буудлын газар ирээд, Дай Зүн-д урагш шөнийн үйлийг зүй зүйгээр нарийвчлан тоочсонд, Дай Зүн өгүүлрүүн: - Ийн бөгөөс, үнэхээр эцэг тэнгэрийн ерөөл болой. Эдүгээ бид хоёул эчиж Су Тайюй-н бичгийг бариулсугай хэмээхүйеэ Янь Чин: - Хоол цайгаа ууж идсэн хойно жич эчсүгэй хэмээв. Төдийд хоёул хоол цайгаа идэж барсан хойно, нэгэн давсаг алт мөнгөний зэрэг нарийн зөөлөн юмыг багцалж аваад, хуудаст захидлыг гарган, шууд Су Тайюй-н ордныг чиглэн ирж, зээлийн хүмүүнээс Су Тайюй хэзээ эгж ирмүй хэмээн асууваас, зээлийн хүмүүн Тайюй дотоод ордноос хараахан ирээгүй хэмээн хэлж өгсөнд Янь Чин бас асууруун: Энэ хир хэдийн өглөөний бараалхал тархах цаг болсон буй за. Юунд бас харьж ирэхгүй аж? хэмээхүйеэ зээлийн хүмүүн өчрүүн: - Су Тайюй болбоос эзэн хааны шадар сайд тул, эрт оройдоо тэнгэрийн хөвүүний шадар үйлдэж сүүдэр мэт дагаж явмуй. Хэзээ харьж ирэхийг хэлж мэдэхгүй хэмээн хараахан хэлэлцэж атал нэгэн хүмүүн: - Энэ ирэх нь Су Тайюй бус уу хэмээн хэлсэнд Янь Чин их л баярлан Дай Зүн-ийн зүг өгүүлрүүн: - Чи түр ордны гадна хүлээж байгтун. Би эчиж Су Тайюй-д уулзсугай хэмээгээд урагш алхлан нүд өргөн үзвээс нэгэн багийн хэмэрлэг дээл цэцэгт малгайтан, нэгэн их сүйхийг түшиж урагш эчмүй. Янь Чин яаран замын голд сөгдөн: - Өчүүхэн хүмүүн нэгэн хуудас бичгийг эрхин Тайюй-д өргөн барьсугай хэмээсэнд, Су Тайюй сүйхэн бүрхүүлийг сөхөж үзээд "Дагаж ирэгтүн!” хэмээсэнд Янь Чин сүйхийг дагаж ордонд оров. Су Тайюй сүйхнээс бууж бичгийн гэрт орж суусан хойно Янь Чин-г дуудаж: - Чи хаанаас ирсэн албан хүмүүн болов? хэмээн асуусанд Янь Чин яаран: - Өчүүхэн хүмүүн Шаньдун газраас ирэв. Вэнь овогт зөвлөлийн түшмэл эрхин Тайюй-д нэгэн хуудас бичиг өргөн бариулав хэмээхүйеэ Тайюй асууруун: - Вэнь овогт зөвлөлийн түшмэл хэмээгч хэн болов? хэмээсэнд Янь Чин өврөөс бичгийг гаргаж өргөн барив. Су Тайюй бичгийг тосон авч нэгэн зэрэг үзээд: - Би харин хэн болов хэмээсэн чинь үзвээс, харин миний бага насны сургуулийн нөхөр Вэнь Хуань Ян асан ажгуу хэмээгээд битүүмжийг задлан, бичгийг үзвээс түүний үг нь:

Өчүүхэн шавь Вэнь Хуань Жан бээр гарыг рашаалан, зуун зэрэг мөргөж өргөн барьсан бичиг:

Өршөөлт Тайюй-н ширээний өмнө хичээнгүйлэн айлтгах учир хэмээвээс, доорд хүмүүн бага наснаас дээд ордноо мэхийн бараадаад нэгэнтээ гучин жилийн нүүрийг үзэв. Анх Гао Тайюй өршөөж, цацрын өмнө дуудаж их үйлийг зөвлөн асууснаа, хэдий гашуунаар ятгавч сонссонгүй, зоригоор үйлдэж, гурван зэрэг цэрэг дарагдсаныг хэлж гаргаваас ичгүүр хүрэх бөлгөө. Эдүгээ доорд хүмүүн бээр Гао Тайюй лугаа хамт баригдаж, өөш торонд унав. Хэдий тийн хэмээвч, журамт баатар Сүн Гүн Мин ууч санаагаар өршөөн аваачиж амийг хөнөөж түвдсэнгүй. Эдүгээ Гао Тайюй бээр Лян Шань уулын Сяо Ран, Юэ Хэ-г дагуулан Жин балгаснаа хүрч, илбэн дагуулах зарлигийг гуйхаар эчихдээ доорд хүмүүнийг таньж болгон уулан цайзнаа үлдээсэн тул өршөөлт Тайюй биеийг зүдээн, эрт орой нэгэн цагт тэнгэрийн хөвүүнд өргөн айлтгаж, илбэн дагуулах жуу бичгийг түргэнээ буулгаваас журамт баатар Сүн Жян нар ялаа тайлж, хишиг хүртээд, гавъяа үйлийг бүтээвээс үнэхээр улс төрийн их завшаан болох бөгөөд дэлхий дахины их завшаан хэмээвээс болмуй. Доорд хүмүүнийг тэнхрүүлэн гаргаваас дахин төрүүлсэн хүмүүнд ачийг үүр умартахуун бээр үгүй. Өчүүхэн хүний өргөн айлтгасныг өршөөлт сянгүн гэгээндээ толилмуу.

Сюнь Хэ-ийн дөрөвдүгээр оны хаврын тэргүүн сар өдөр

Хуань Жан тэргүүн дарж хичээнгүйлэн барив хэмээжээ.

Түүнээс Су Тайюй бичгийг дуудаж бараад их л цочин Янь Чин-ээс: - Чин хэн болов? хэмээн асуусанд Янь Чин хариу өчрүүн: - Өчүүхэн хүмүүн болбоос Лян Шань уулын ганган эр Янь Чин болой хэмээгээд гадагш гарч, давсагтай алт мөнгийг авчран өргөн барьж: - Өршөөлт Тайюй бээр Хуажоу-д хүж шатаахаар эчих цагт хүндлэн үйлдсэнийг юунд умартав? Ах Сүн Жян бээр эрхин Тайюй-д энэхүү нимгэн бэлгийг өргөн бариулж нэгэн ямхын шударга санааг илэрхийлж ахуй бөгөөд өдөр бүр төлгө бэлгэ үзүүлж, эрхин Тайюй-н өршөөн аварч илбэн дагуулахыг наманчлан даатгаж баймуй. Хэрвээ эрхин Тайюй өглөө үдшийн хооронд эзэн хаанд айлтган өөрийн биеэр өндөр уулнаа эчиж илбэн дагуулбаас Лян Шань уулын арван түмэн хүмүүн үнэхээр хишгийг санаж барахгүй болой! Ах Сүн Жян ачит Тайюй-д айлтгасан хойно эртхэн харьж ирэгтүн хэмээн захисан тул өчүүхэн хүмүүн эдүгээ явмуй хэмээн өгүүлж барсан хойно, Су Тайюй-д ёсолж ордноос гарч ирэв. Су Тайюй хүмүүн дуудаж алт мөнгийг хураалгасан хойно энэхүү үйлийг элэг зүрхэндээ тэмдэглэж авав.

Өгүүлэх нь, Янь Чин, Дай Зүн хоёул буудлын газартаа эгж ирээд ийн зөвдрүүн: - Энэ хоёр хэрэг нэгэнтээ төлөв гарсан боловч, Сяо Ран, Юэ Хэ хоёул бас Гао Тайюй-н ордонд байх тул хэрхвээс сая түүнийг гарган авч чадмуй! хэмээсэнд Дай Зүн өгүүлрүүн: - Бид хоёул мөн угийн ёсоор албан хүмүүн мэт чимж, Гао Тайюй-н ордны өмнө эчиж хүлээсүгэй. Түүний ордноос хүмүүн гарч ирвээс бид алт мөнгө хахуулдан түлхэж, нэгэн удаа учруулахыг гуйж, харилцан чимээ авалцсан хойно, жич өөр арга зөвлөвөөс болмуй хэмээхүйеэ, Янь Чин үгийг зөвшөөв. Тэр үед, Янь Чин, Дай Зүн хоёул дээл хувцсыг сольж, бага сага мөнгө аваад, Тай Пин Чяо гүүрийг өнгөрөн, шууд Гао Тайюй-н ордны өмнө ирж гэтэлхийлэн үзвээс, нэгэн нас залуу юйхоу түшмэл гэлбэлзэн алхсаар нааш ирсэнд, Янь Чин угтан эчиж ёслов. Тэр юйхоу түшмэл: - Та юуны хүмүүн? хэмээн асуусанд Янь Чин өгүүлрүүн: - Эрхин түшмэлийг цайн пүүст залж үг хэлэлцсүгэй хэмээгээд түүнийг удирдан цайн пүүсийн тасалгаа өрөөнд залж оруулаад Дай Зүн-д золгуулсан хойно цай аягалж өгөв. Янь Чин өгүүлрүүн: - Эрхин түшмэлээс нуухгүй урагш өдөр Гао Тайюй Лян Шань уулнаас хоёр хүмүүн дагуулж ирсэн бөлгөө. Нэгний нэрийг Юэ Хэ хэмээх бөгөөд энэ авгайн ойр ураг болмуй. Эдүгээ энэ авгай түүн лүгээ учирсугай хэмээн санах тул олдохул эрхин түшмэл биеийг зүдээн нүүр уулзуулах болов уу хэмээхүйеэ юйхоу түшмэл өчрүүн: - Гүн хүрээлэн дотоод ордонд хорьсон тул ямар аюулгүй учруулж болмуй. Та хоёул горио хураагтун! хэмээсэнд Дай Зүн өврөөс нэгэн ембүү гаргаж, ширээн дээр тавиад: - Эрхин ноён ганц Юэ Хэ-г удирдаж өчүүхэн хүмүүн лүгээ нэгэн удаа нүүр уулзуулбаас энэхүү ембүүгээр тал барьсугай хэмээвээс тэр юйхоу ашгийг үзэж нүд улайн, авах сэтгэл үүсгээд: - Гао Тайюй захиа буулган тэд хоёулыг хойд цэцгийн хүрээлэнд суулгаж баймуй. Би эчиж тэр хүмүүнийг чинь дуудаж өгсүгэй. Та хоёул нүүр уулзсан хойно хишигт мөнгийг надад өгөгтүн. Битгий хэлсэн үгнээсээ буцагтун! хэмээхүйеэ Дай Зүн: - Болмуй хэмээвээс тэр хүмүүн босож: - Та хоёул мөн энэ цайн пүүстээ хүлээж байгтун хэмээн захиад ордны зүг яаран эчив. Төдийд Дай Зүн, Янь Чин хоёул тэнд сууж хүлээж атал, дэмий удсангүй юйхоу түшмэл яаран сандарсаар гүйж ирээд: - Юэ Хэ-г дуудаж хажуугийн гэрт авч ирэв. Мөнгийг надад өг хэмээв. Дай Зүн, Янь Чин хоёул чихэндээ ийм тийм хэмээн шивнэж арга тогтоосон хойно мөнгийг юйхоу түшмэлд өгснөө, тэр Янь Чин-г удирдан хажуугийн гэрт ороод Юэ Хэ-д золгуулсан хойно: - Та хоёул хэлэлцэх үг байваас хурдан хэлэлц хэмээв. Төдийд, Янь Чин бээр Юэ Хэ-ийн чихэнд: - Дай Зүн бид хоёул энд ирж, арга гаргаж Сяо Ран та хоёулыг тавин гаргасугай хэмээмү хэмээсэнд Юэ Хэ өгүүлрүүн: - Бид хоёулыг хойд цэцгийн хүрээлэндээ хорьж тавиад цэцэг хайчлах шатыг бас нууж тавив. Хэрэм хүрээ бат нот, ямар арга үүсгэвээс сая гарч болмуй хэмээхүйеэ Янь Чин асууруун: - Хэрмийн хажууд мод баймуй уу? хэмээснээ Юэ Хэ өгүүлрүүн: - Хэрмийг цөм тэвэр бүдүүн уд мод ургажээ хэмээвээс Янь Чин өгүүлрүүн: - Энэ шөнийн дөрвөн жингийн үед бид хэрмийн гаднаас хоолой засахаар дохио болгон хоёр дээсийг цохин оруулсугай. Чи дээсний нэг үзүүрийг модонд уяж, нөгөө үзүүрийг нь гадагш хаяж гаргагтун. Дай Зүн бид хоёул чангааж байя. Сяо Ран та хоёул дээснээс татаж хэрэм давж гартугай. Цагийг битгий алгуурлагтун хэмээв. Юйхоу түшмэл: - Та хоёул бас юугаа хэлэлцэж өдий удав. Хурдан харьтугай хэмээн шаардуулсанд Юэ Хэ түүнийг дагаж эчээд Сяо Ран-д чимээ өгөв. Янь Чин бас гадагш гарч тогтсон аргыг Дай Зүн-д нарийвчлан хэлээд шөнийн дөрвөн жин цохихыг хүлээв.

Түүнээс Янь Чин, Дай Зүн хоёул зээлээс хоёр бүдүүн дээс худалдан авч, биедээ нуугаад, Гао Тайюй-н ордны гадна ирж газрын байцыг үзэв. Үзвээс, угт ордны ард нэгэн зурвас гол ахуй бөгөөд голын хөвөөнөө хоосон хоёр салыг аргамжин тавьжээ. Тэр хоёул хоосон салд орж бие далдлав. Удсангүй шөнө болж дөрвөн жин цохисонд, хоёул голын хөвөөнд гарч ирээд, ордны хойд хэрмийн доор хүрч хоолой засан дохио өгсөнд дотроос бас хоолой засаж чимээ өгснөө Янь Чин яаран дээс хаяж оруулав. Дэмий удсангүй хэрмийн дотроос дээсний нэг үзүүрийг гадагш хаян гаргасанд Янь Чин, Дай Зүн хоёул тосож аваад хүчлэн татсанд, удсангүй Юэ Хэ дээснээс татаж хэрэм даван гулган бууж ирсэнд Сяо Ран бас хойноос нь гарч ирээд дээсэн үзүүрийг дотогш хаяж оруулав. Тэр үед, дөрвөн сайн эр Гао Тайюй-н ордноос салж буудлын газартаа ирээд, ор дэвсгэрээ багцлан, гал хийж өглөөний хоолоо болгож идээд, хоногийн зоосыг нь бодож өгөөд хотын зүүн хаалган доор хүрч, олон хүмүүний сүрэгт хутгалдан хаалга шургаж хот гараад хөлийн жолоо хүндрэн Лян Шань уулыг чиглэн мэдээ хүргэхээр нисэх мэт эчив. Ингэснээр, Су Тайюй нэгэн хуудас айлтгал өргөн, Лян Шань уул даяар илбэгдэн дагажээ. Эгнэгт Су Тайюй эзэн хаанд хэрхэн айлтгасныг мэдсүгэй хэмээвээс түр доорд бүлэгт үзтүгэй.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
(139.5.219.56) 2021 оны 12 сарын 17

shit

0  |  0
Top