Тусгаар тогтносон Монгол Улсын иргэн та жирийн нэгэн талхны мухлагт үндэс угсааны ялгаа гаргаж худалдаж авсан талхыг чинь шидэж өгөхийг, эх болсон монгол хэлээрээ ярьсны төлөө элдэв янзаар хавчигдан гадуурхагдах мэдрэмжийг өөрийн биеэр мэдрээгүй болохоор тусгаар тогтнолынхоо үнэ цэнийг яс махандаа тултал ойлгоогүй байж болох юм.
Гэтэл тусгаар тогтнол зүгээр олдчихдог зүйл биш. Асар их үнэ цэн, төлбөр төлөөсийн хариуд бүрэлдэн тогтдог түүхэн үнэт зүйл мөн. Энэ үнэт зүйлийг нүдний цэцгий мэт хамгаалан хадгалж, улам бэхжүүлэн хөгжүүлэх үүрэг бүх цаг үед тавигдаж ирсэн.
1911 оны Үндэсний эрх чөлөөний хувьсгал, 1921 оны Ардын хувьсгал, 1933-1939 оны улс төрийн их хэлмэгдүүлэлт, 1939 оны Халх голын дайн, 1949 оны бүх нийтийн санал асуулга, 1961 оны Нэгдсэн үндэсний байгууллагад элссэн үйл явдал, 1990 оны Ардчилсан хувьсгал гэх зэргээр өнгөрсөн зууны түүхэн гол үйл явдлууд бүгд л тусгаар тогтносон Монгол Улсыг байгуулах, хүлээн зөвшөөрүүлэх, бэхжүүлэн бататгах их тэмцэл байсан.
Тусгаар тогтнолын үе үеийн агуу түүхт тэмцлийн эхлэлийг 1911 оны Үндэсний эрх чөлөөний хувьсгалгүйгээр төсөөлөхийн аргагүй. Үндэсний эрх чөлөөний хувьсгалын үр дүнд монголчууд бусдын эрхшээлээс гарч, өөрсдийн төр улсаа дахин сэргээн мандуулж, олон монголчуудыг нэгтгэсэн хүчирхэг улс байгуулахыг зорьсон гэдэг.
Монголчууд тухайн үед дэлхийн олон орноос хөгжлийн байдлаас хоцорч, гадаадын худалдаачид, мөнгө хүүлэгчдэд хоослуулан ядуурсан, шашны нөлөөнд хэт автсан цөөн хүн амтай байв. Тийм учраас улс орноо хөгжүүлэн мандуулж, эдийн засаг чадамжтай, хүчирхэг цэрэг армитай, бусдын хараат бус улс болон хөгжих нь чухал гэдэгт итгэн, ард нийтээрээ зориглон тэмцсэний эцэст Бүрэн эрхт тусгаар улс гэх эрхэм нэрийг олоход хүрсэн шүү дээ. Хэрвээ аливаа үндэстэн тусгаар тогтносон улсаа байгуулж чадаагүй бол хэл соёл, түүх нь бүдгэрэн доройтож үгүй болдог жишээг дэлхийн олон үндэстний гашуун түүхээс бэлхнээ харж болно.
Харин өнөөдөр бид Монгол Улсынхаа 21 аймаг, 330 сумын төв, нийслэл Улаанбаатар хотдоо энх тайвнаар амьдран сууж, хөгжил цэцэглэлтэд тэмүүлэн хөдөлмөрлөж, алдаж онон зүтгэж байгаа нь тусгаар тогтнолын үр дүн, үр хойчдоо өгч буй хамгийн том бэлэг, асар их боломж билээ. Бид тусгаар тогтносон Монгол Улс байгаа учраас л Монгол хэл, Монгол соёл, Монголын түүх, Монгол хүн, “Монголын” гэсэн тодотголтой юм бүхэн дэлхийд хүрч, бүх дэлхийн өмнө Монгол нэр цуурайтаж яваа.
“Хэл, хил, мал гуравтайгаа байхад хэн баян Монгол баян” хэмээн Монгол Улсын Төрийн соёрхолт, Соёлын гавьяат зүтгэлтэн Зундуйн Дорж нэгэнтээ хэлсэн байдаг. Хэдий энэ улиг болсон сэдэв байж болох ч “Хэл, хил, мал гуравтайгаа байхад л үнэхээр Монгол баян байна” гэж олон хүн боддог байх.
Монгол Улсын тусгаар тогтнол ч хэл, хил, мал гуравтайгаа л холбогдоно. Маргашгүй зүйлс гэж байдаг шүү дээ. Хамгийн эхэнд Монгол хэл бол бидний тусгаар тогтнолын баталгаа, түүх соёлын тулгуур үнэт зүйл мөнөөс мөн. Харин мал бол Монгол газар нутаг дээр манай ард түмний аж төрөх амьдралын үндэс учраас тусгаар тогтнол, бие даасан байдлын нэг чухал тулгуур болдог. Хамгийн сүүлд буюу хамгийн чухал зүйл бол хил, хилчдийн үйл хэрэг. Монгол Улсын дархан хилийг өдөр, шөнөгүй хамгаалан зогсож, эх орноо тайван, амгалан байлгах ариун тангаргаа сахин биелүүлсээр байгаа хилчин дайчдын үйл хэргийг хэзээд мартаж үл болно.
Монгол Улсын иргэн би өглөө босоод ажилдаа явахдаа ч, орой ажлаасаа тараад гэртээ харихдаа ч, амар тайван амарч байхдаа ч, өвлийн хүйтэн, зуны халуун, хаврын хавсарга, намрын хяруунаар ч Монгол Улсын хилийн зурвасыг эгэл аавын хөвүүд хамгаалан зогсож, хилийн нэг баганаас нөгөө баганын хооронд өртөөлөн эргүүл хийж 8252.6 км урт хилийн шугамаа хамгаалж байдгийг санаж байх ёстой.
Энэ бүхнийг сануулан өгүүлэхийн учир нь идэр насны залуучуудаар эх орныхоо хилийг өдөр шөнөгүй хамгаалан, цаг үргэлж сэргийлэн буй боловч эрх мэдэлтэй нэг л даргын гарын үсэг, авилгач түшмэдийн шийдвэрээр тусгай зөвшөөрөл нэрийн дор эх орныхоо баялгийг харийнханд өгч байгааг анхааруулах гэсэн юм. Монгол Улсынхаа хил хязгаарыг хамгаалсаар байтал, хилчин дайчид маань ариун үүргээ нэр төртэй биелүүлж, дархан хилийн тайван амгалан байдлыг хангасаар байтал эх орныхоо үнэт баялаг газар нутгаа тусгай зөвшөөрөл нэрээр харийнханд өгөөд байвал улсын хилээ дархлан хамгаалсны хэрэг юунд гарах билээ.
Олон мянган Монгол хөвүүд залуучууд хилийн зурвас дээрээ буу үүрэн, өдөр шөнөгүй хамгаалсны утга учир хаана байх вэ. Эх орныхоо ширхэг чулуу, сөөм газрыг ч амиараа хамгаалах ариун тангарагтай хилчдийн үйл хэрэг бол Монгол Улсын тусгаар тогтнолын үндсэн тулгуур, үнэ цэн мөнөөс мөн билээ. Он удаан жил хүсэн хүлээж, тэмцэж тэмүүлж олж авсан тусгаар тогтнолоо, зарим үндэстэнд хүсээд ч олддоггүй тусгаар тогтнолоо хайрлан хамгаалж, бэхжүүлж явах нь хойчийн үрсийн, бидний ч, үе үеийн залгамжлагчдын ч үүрэг хариуцлага юм.
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 0 )