Батлан хамгаалах салбарт 2021 онд хяналт шалгалтын чиглэлээр хэрэгжсэн бодлого, хийгдсэн ажлын талаар Ерөнхий хянан шалгагч хурандаа Ж.Болдбаатартай ярилцлаа.
Хяналт шалгалтын нэгжүүд нэгдмэл хяналт, хоорондын уялдаа холбоог сайжруулахад ихээхэн ач холбогдол өгч ажиллаж байна...
-Монгол Улсын Засгийн газрын мөрийн хөтөлбөрт Батлан хамгаалах салбарт авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар тодорхой заасан. Батлан хамгаалахын сайд бүтцээ тодорхойлж, Ерөнхий хянан шалгагчийг ажлын албатай болгосон. Бид 2021 онд ажлаа эхлэхдээ батлан хамгаалах хяналт шалгалтын нэгдмэл тогтолцоо буюу нэгдсэн хяналтыг бий болгох зорилгыг дэвшүүлэн ажилласан. Үүний хүрээнд Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний хяналт шалгалтын нэгжүүдэд тодорхой ажлууд хийгдэж байна.
Батлан хамгаалах салбарын нэгдмэл хяналтын гол зорилго нь нэгдүгээрт төлөвлөлт нь нэгдмэл байх ёстой. Хоёрдугаарт нь Зэвсэгт хүчинд тавих иргэний хяналтыг хэрэгжүүлж чаддаг байх.
Тухайлбал, Зэвсэгт хүчний хяналт шалгалтын байгууллагууд нь хөдөлмөрийн аюулгүй байдал, авто тээврийн болон эрүүл мэндийн аюулгүй байдлын талаарх мэдээллийг нэгтгэж түүнийгээ нэг сувгаар гаргадаг болох.
Мөн хяналт шалгалтын нэгдсэн төлөвлөлттэй болох асуудал. Батлан хамгаалахын сайдаар Ерөнхий хянан шалгагчийн ажиллах журмыг батлуулж, Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний хяналт шалгалтын байгууллагуудыг нэгдсэн төлөвлөлттэй болгон үйл ажиллагааг нь уялдуулсан. Ингэснээр хяналт шалгалтын байгууллагуудын мэдээлэл нэг сувгаар гардаг болж байгаа юм. Товчхондоо ямар нэг асуудлыг нэг чигт, нэг цонхоор хардаг болсон гэж дүгнэж болно.
Батлан хамгаалахын сайд Зэвсэгт хүчинд иргэний хяналт тавих үндсэн үүрэгтэй. Энэ хүрээнд “Иргэний зөвлөл” байгуулж, иргэний хяналтыг илүү үр дүнтэй хэрэгжүүлэх үүднээс “1800-1144” тусгай дугаарыг ажиллуулж эхэлсэн. Түүнчлэн сахилга, дэг журмыг бэхжүүлэх, архидан согтуурахтай тэмцэх тухай тушаалуудыг гаргаж, хэрэгжилтэд хяналтад тавин ажиллаж байна. Мөн Батлан хамгаалах болон Зэвсэгт хүчинд алба хааж байгаа офицер, ахлагч нарын түвшин тогтоох үзлэгийг явуулах шийдвэр гаргасан, энэ ажил явагдаж байна. Түүнчлэн Зэвсэгт хүчний анги, байгууллагуудын камержуулалтын асуудлыг бүрэн шийдсэн.
Бид сайдын эрхлэх ажлын хүрээний харьяа байгууллагууд төдийгүй төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын үйл ажиллагаатай танилцан цаашид хамтын ажиллагааг хэрхэн хангахад анхаарч ажиллаж байна. 2021 онд Улсын төсвийн болон Зэвсэгт хүчний хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар хийгдэж байгаа ажлуудтай танилцлаа. Батлан хамгаалах салбарын хөрөнгө оруулалтын ажлын явц 90 гаруй хувийн гүйцэтгэлтэй байна. Бидний хувьд салбарын хөрөнгө оруулалтын ажилд гол анхаарлаа хандуулан ажилласны үр дүн гэж харж байгаа. Мөн хөрөнгө оруулалттай холбоотой гүйцэтгэгч байгууллагууд нийгмийн хариуцлагын хүрээнд анги, байгууллагуудын сантехник, дээвэр дулааны зарим асуудлыг өөрсдийн хөрөнгөөр нэмэлтээр шийдсэн байна. Тэрчлэн хугацаат цэргүүдэд зориулсан хэрэглээний халуун устай болсон гэх мэт олон ажлыг санаачлан хийсэн. Энэ онд сургалт соён гэгээрүүлэх ажилд өндөр ач холбогдол өгч ажиллалаа. Тухайлбал, Зэвсэгт хүчний анги, байгууллагуудын захирагч, салаа салбарын захирагч нартай сахилгын зөвлөгөөнийг хийн сэтгэлзүй, ёс зүйн хандлагатай холбоотой цахим сургалт, сурталчилгааны ажлыг зохион байгуулж, хугацаат цэргийн алба хаагчдыг хариуцан ажилладаг сэтгэл зүйч, офицер, ахлагч нарыг бүрэн хамрууллаа. Батлан хамгаалахын сайд уг сургалтад оролцож “Хандлагаа өөрчилж, хариуцлагаа дээшлүүлье” гэсэн уриалга гаргасан. Бид хандлагаа өөрчлөх цаг болсон.
Мөн Хүний эрхийн үндэсний комиссын судалгааны ажлын хэсгээр Зэвсэгт хүчний нэгтгэл, анги, салбарууд дахь дүрмийн бус харилцааны шалтгаан нөхцөлийг тогтоох судалгааны ажил хийлгэж байна. Бид батлан хамгаалах салбар, Зэвсэгт хүчний шуурхай бүлгийг удирдлага, зохион байгуулалтаар хангах, вакцинжуулалтын явц болоод хамрагдалтад анхаарч ажилласан. Зэвсэгт хүчний хэмжээнд нэгдүгээр тунд 93,6, хоёрдугаар тунд 98,3, гуравдугаар тунд одоогийн байдлаар 81,9 хувьтай хамрагдаж, бусад салбарыг дархлаажуулалтын ажлаараа тэргүүлж байна.
Энэ бүхнээс харахад 2021 онд хяналт шалгалтын чиглэлээр тодорхой ажил, арга хэмжээг авч хэрэгжүүлсэн байна.
-Энэ онд салбарын хэмжээнд гарсан зөрчлүүд олны анхааралд өртсөн. Эндээс ёс зүй, соён гэгээрүүлэх талаар юу юунаас илүү анхаарч ажиллах ёстой юм байна гэсэн дүгнэлтэд хүрсэн болов уу?
-Өнгөрсөн онд анги, байгууллага болоод цэргийн албанд мөрдөгдөх дүрэм, журам зөрчигдсөн, хувь хүн ёс зүйн доголдол гаргаж, сахилга хариуцлага алдсан гэх мэт нэлээд асуудал гарсан. Юуны өмнө бид шалтгаан нөхцөлийг сайтар тооцох хэрэгтэй. Өөрөөр хэлбэл голыг нь олж, тогтолцоог нь сайжруулах учиртай. Өнөөдөр офицер, ахлагчийг бэлтгэж байгаа сургалтынхаа чанарт анхаарах цаг болжээ. Офицер болохын тулд 2+2, эсвэл 3+1 гэдэг ч юм уу, ийм холимог системээр явж ирлээ. Ахлагч нарыг бэлтгэж байгаа сургалтын чанарт бас анхаарах хэрэгтэй. Нэг жилийн хугацаанд дунд мэргэжилтнийг бэлтгэж байна. Гэтэл өнөөдөр нэг жилийн хугацаанд цэргийн албыг хаагаад л халагддаг. Мэргэжил сургалт, үйлдвэрлэлийн төвүүдийн хувьд, хоёр жил суралцсаны эцэст мэргэжилтэн болдог гэх мэт ялгаатай байна. Тиймээс бид өнөөдөр сургалтын чанар, агуулгад анхаарах цаг нэгэнтээ ирсэн.
Соён гэгээрүүлэх чиглэлээр олон ажил хийгдэж байгаа. Тэдгээрийн үр дүн нь бидний үйл ажиллагаанаас шууд харагдана. Үйл ажиллагаанаас үр дүн. Тэгэхээр бидний яг юуг барьж авах, хэнтэй хэрхэн яаж ажиллах, анхаарлын төв цэг нь хаана байх вэ гэдэг нь чухал. Сургалт, соён гэгээрүүлэх ажлыг гол болгож байгаа нь ийм учиртай. Нуулгүй ярихад бид асуудал болоод өнгөрсний дараа их хөөцөлдөж яваад байна. Бид уралдах ёстой, урьтах ёстой. Урд нь гарахын тулд сахилга дэг журам гэхээсээ өмнө тухайн офицер, ахлагчийн ёс зүйтэй байх төлөвшлийн асуудлыг ярих ёстой. Нэн тэргүүнд ёс зүй, ёс суртахуун, хандлагын талаар ярих нь чухал. Нэг үгээр бол хүнээ хөгжүүлэх хэрэгцээ шаардлага их байна гэсэн үг.
-“1800-1144” тусгай дугаарын ач холбогдлын тухайд тодруулна уу? Ер нь ямар санал хүсэлтүүд зонхилж байх юм?
-Хүмүүс манай салбарыг их хаалттай гэж ойлгодог, тэгж ярьцгаадаг. Үүнээс болоод ажил, үйлчилгээ ч иргэдэд хүрч чадахгүй байх тохиолдол байсан. Батлан хамгаалахын сайдын хувьд салбарыг нээлттэй байх ёстой гэсэн байр суурьтай байгаа. Мэдээж нууцлалтай холбоотой зүйлс бий. Тусгай дугаар ажиллаад жил орчим боллоо. 24 цагийн турш тасралтгүй дуудлага хүлээн авч байгаа. Анги, байгууллагатай холбоотой санал хүсэлт, гомдлууд ирж байна. Асуудлыг судлаад хариуг нь тухай бүрд нь өгч, бас цаг алдалгүй шийдэж байгаа. Хугацаат цэргийн алба хаагчдын ар гэрээс хүүхдүүдтэйгээ холбогдох, архивын лавлагаа, мэдээлэл авах зэрэг хүсэлт зонхилж байна. Бид тодорхой шийдвэр гаргаснаар хугацаат цэргийн алба хаагчид гэрийнхэнтэйгээ утсаар, эсвэл цахимаар тогтмол холбогддог болж, иргэд архивын үйлчилгээг цахимаар авах боломж бүрдсэнээр дээрх санал хүсэлтүүд харьцангуй багассан. Тиймээс тусгай дугаарын ач холбогдол маш өндөр гэж үзэж байгаа. Болохгүй, бүтэхгүй асуудлыг 24 цагийн дотор операторт шууд уламжилсныг хүлээж аваад, өдөрт нь тодорхой шийдвэр гаргаж байна. Гэхдээ хэн нэгэн хүнийг яллахаас илүү нөхцөл байдал, цаад углуургыг нь олж тогтоох нь гол.
-Батлан хамгаалахын сайдын дэргэд байгуулагдсан “Иргэний зөвлөл”-ийн гишүүдийн хувьд салбар, салбартаа танигдаж, мэргэжилдээ дадсан байгаа нь иргэний хяналтыг сайжруулж, иргэн-цэргийн харилцааг бэхжүүлэхэд их түшиц болох нь ...
-“Иргэний зөвлөл” нь энэ салбарт өрнөж байгаа үйл явдлуудад дүгнэлт хийж, Батлан хамгаалахын сайдад түүнийгээ танилцуулан цаашид ямар ажил арга хэмжээ авах талаар зөвлөгөө өгч ажиллах юм. Зөвлөлийн бүрэлдэхүүнийг сонгохдоо хэд хэдэн агуулгыг харсан. Нэн тэргүүнд нийгэмд танигдсан, сургалт судалгааны ажил хийсэн, аливаад бүтээлч буюу шинжлэх ухаанчаар ханддаг байдлыг нь харгалзан сонгосон. Хоёрдугаарт ажлын туршлага, ажил мэргэжилдээ дадсан чанар, гуравдугаарт нийгмийн түншлэлийг бодолцон хэвлэл мэдээллийн байгууллага, төрийн бус байгууллагуудын төлөөллийг тус зөвлөлийн гишүүнээр сонгосон. Урд нь иргэний зөвлөлийн гишүүд гэхээр дан цэргийнхнээс бүрдчихдэг байсан бол одоогийн зөвлөлийн хувьд иргэний нийгэм, боловсрол, шинжлэх ухааны байгууллага, хэвлэл мэдээллийн байгууллага, ахмадууд болон цэргийн ангийн захирагч байсан хүмүүсийн төлөөллөөс бүрдсэн. Ингээд үзэхээр олон хувилбараас шүүж авсан гэсэн үг.
-Хяналт шалгалтын байгууллагуудын ажлыг дарамтын шинжтэй гэж хардаг, эсвэл өөрсдөө тэгж харагдуулдаг байсан талаар өмнө нь хөндөж байсан. Ямарваа нэг шалгалтад айж эмээх зүйлгүйгээр орж, цаашдын арга замаа тодорхойлоод хамтдаа урагшилмаар байдаг ...
-Хяналт шалгалтын байгууллагаас айх шаардлагагүй. Уг нь тухайн байгууллага, хамт олны дунд байгаа алдаа, дутагдлыг хөндлөнгөөс харж зөвлөмж өгөх, алдааг олж, ажлаа зөв төлөвлөхөд туслах үүрэгтэй шүү дээ. Хяналт шалгалтын байгууллагуудын тогтолцоог боловсронгуй болгох нэг заалт нь дээрх асуудалтай холбоотой. Шалгалтыг дарамтын хэлбэрээр бус ажлыг хэрхэн бүтээмж, хүртээмжтэй байлгах, байгууллагын зөрчил, дутагдлыг арилгах, үйл ажиллагааг нь яаж төгөлдөржүүлэх вэ гэдэг үүднээс явуулах хэрэгтэй. Илэрсэн зөрчлүүд дараа дараагийн шалгалтаар арилаагүй байх нь ч бий. Хувь хүн, шалгагч өөрөөсөө бүхнийг эхлэх хэрэгтэй. Ингэсэн цагт ажил урагшаа явна. 2021 онд явуулсан шалгалттай холбоотойгоор ямар нэгэн гомдол одоогоор ирээгүй байна. Шалгагч байгууллага шалгалтаа дарамтын хэлбэрээр явуулахгүй байх, мөн зөвлөгч, туслагчийн үүрэг гүйцэтгэх ёстой гэдгийг чухалчлан хэлж захисаар байгаа.
-Батлан хамгаалах, Зэвсэгт хүчний хяналт шалгалтын нэгжүүдийн тайлангийн хурлаас гарсан дүгнэлт, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар юу хэлэх вэ?
-Батлан хамгаалах салбарын хяналт, шалгалтын байгууллагууд тайлангийн хурлаа хийн ажлаа дүгнэн хэлэлцлээ. Тухайлбал, Батлан хамгаалах нэгдмэл бодлогыг хэрэгжүүлэх болон батлан хамгаалах салбарын авлигын индексийг бууруулах төлөвлөгөөнүүд гаргасан. Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэг тогтоосон үед ажиллахаар гаргасан төлөвлөгөөнүүд бүрэн хэрэгжиж байна. 2021 онд БХЯ-ны ХШҮДАГ-ын хяналт шалгалтын ажил 98,3 хувьтай, Зэвсэгт хүчний Хяналт-шинжилгээ, үнэлгээний газрын хяналт, шалгалтын ажил 97,5 хувьтай хэрэгжээд явж байна. Тус газрууд коронавирусийн цар тахлын үед төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бус, гүйцэтгэлийн хяналт шалгалтуудыг цаг хугацаанд нь явуулсан. Энэ нөхцөл байдлын үед манай байгууллагууд зарим хяналт шалгалтыг анх удаа цахимаар явууллаа.
Ер нь нэгдмэл байх, зорилготой байх нь завгүй хөдөлмөрлөхөөс эхэлдэг. Тиймээс тодорхой шаардлагууд тавигдана. Батлан хамгаалахын сайд үндсэн үүргээ хэрэгжүүлж, иргэний хяналтыг хэрхэн тавих вэ гэхээр, Ерөнхий хянан шалгагч, түүний ажлын алба Зэвсэгт хүчинд нэгдмэл байдлыг бий болгосон байх ёстой. Бид хэдий чинээ нэгдмэл, төлөвлөгөө нь тодорхой байх тусам ажлын үр дүн, гүйцэтгэл ч мөн өндөр байх болно. Тэгэхээр аливаа ажлыг хийхдээ оюун санаа, сэтгэлгээний үзэл баримтлалыг сайтар харж, түүндээ тулгуурлан өөрсдийнхөө санал, бодол, шийдлийг боловсруулж байх хэрэгтэй. Энэ үүднээс ч бид 2021 онд мэдээлэл, үйл ажиллагаа, төлөвлөлт нь нэгдмэл гэхдээ хэн хэнийхээ ажил руу орохгүй байх зарчмыг барьж ажилласан.
Бид сахилга, дэг журам гэж их ярьдаг. Гэхдээ нэн түрүүнд ёс зүй, ёс суртахууны асуудлыг хөндөх ёстой. Сахилга, дэг журам, хандлага нь ёс зүй ямар байхаас шалтгаалдаг. Ёс зүй бол хандлагын эхлэл. Ёс зүй хэдий чинээ сайжирна, хандлага тэр хэрээрээ зөв байдаг. Тиймээс 2022 онд офицер, ахлагчийн ёс зүй, ёс суртахууны асуудал, хууль, эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэхэд илүү анхаарч ажиллана.
Ирэх онд дэвшүүлж байгаа бидний дараагийн зорилт бол батлан хамгаалах салбарыг авлигаас ангид байлгах асуудал. Монгол Улсын Ерөнхий сайдын дэргэд “Авлигын индексийг бууруулах үндэсний зөвлөл” ажиллаж байна. Хаана авлига байна, тэнд хариуцлага алдагддаг, албаны нэр хүнд унадаг учраас соён гэгээрүүлэх ажлыг өргөн далайцтайгаар хийнэ.
Батлан хамгаалахын сайдын 2020 оны А/294 дүгээр тушаалаар батлагдсан “Батлан хамгаалахын дотоод хяналт шалгалтыг зохион байгуулах нийтлэг журам”-ын хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд байгууллагын дотоод хяналт шалгалтыг эрчимжүүлнэ. Батлан хамгаалахын сайд нь Батлан хамгаалахын төсвийн ерөнхийлөн захирагч төдийгүй 90 гаруй төсвийн захирагчтай. Тэр болгон эдгээр захирагч нартай уулзаж, хяналт шалгалт явуулаад байх боломжгүй. Тэгэхээр дээрх төсвийн захирагч нар өөрсдөө дотоод хяналт, шалгалтыг чанартай зохион байгуулах нь чухал юм. Өөрсдийгөө удирдах, өөрсдийнхөө алдааг олох, түүнийгээ засаж залруулахад анхаарч ажиллана гэсэн үг.
Дахин хэлэхэд батлан хамгаалах, Зэвсэгт хүчинд иргэний хяналт тавих үүрэгт онцгой анхаарч Батлан хамгаалахын сайд үндсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь дэмжлэг үзүүлж ажиллана. 2022 онд иргэний хяналтын чиглэлээр хийж хэрэгжүүлэх ажлын үндэс суурь тавигдаж, бэлтгэл нь хангагдсан. Батлан хамгаалахын сайдын энэ салбарт тавих иргэний хяналт гурван хүчин зүйлээс хамаарна.
Нэгдүгээрт, хууль тогтоомжийн хэрэгжилтэд анхаарах. Үүнд, УИХ-аас гаргасан хууль тогтоомж, Засгийн газрын болон Батлан хамгаалахын сайдын шийдвэр зэрэг бүгд хамаарна.
Хоёрдугаарт, төсвийн хяналт. Энэ нь Улсын Их Хурлаас баталж өгсөн төсвийн зарцуулалтын үр ашигтай байдалд хяналт тавина гэсэн үг. Өмнө нь хэлсэнчлэн төсвийн захирагч нар өөрсдөө дотоод хяналтаа сайжруулж, холбогдох мэргэжлийн байгууллагуудын дэмжлэг, туслалцаа зөвлөгөөг авч ажиллах нь их чухал.
Гуравдугаарт, хүний нөөц буюу боловсон хүчний асуудалд хяналт тавина. Батлан хамгаалахын сайдын үндсэн үүрэг нь дээрх гурван хяналтыг хэрэгжүүлэхэд анхаарч ажиллах юм. Ерөнхийдөө 2022 онд ёс зүй, сахилга, зохион байгуулалт, хөдөлмөрийн аюулгүй байдал, албандаа хандах хандлагыг дээшлүүлэхэд анхаарч ажиллана гэдгийг тодотгож хэлье.
-Ерөнхий дүр зургаар нь харвал 2021 онд батлан хамгаалах салбарт хяналт шалгалтын бодлого хэрэгжихдээ ямар ахиц дэвшил авчирсан бэ? Цөөн үгээр хэлбэл ...
-Хяналт шалгалтын байгууллагуудын нэгдмэл байх суурь тавигдлаа. Нэгдмэл байж ажлын чанар, үйлчилгээг сайжруулах талаар Батлан хамгаалахын сайдын эрхлэх асуудлын хүрээнд тушаал, журмууд батлагдаж гарсан. Ингэснээр эрх зүйн орчин нь бүрдэж байгаа юм. Түүнээс гадна бид энэ салбар иргэдэд нээлттэй юм шүү гэдгийг ойлгуулахаар зорьж ажиллалаа. Мэдээж хэрэг бүрэн хэмжээнд боловсронгуй болчхоогүй, суурийг нь зөв тавихыг хичээн ажиллаж байна. Цаашид бид гарсан үр дүнд тулгуурлан, засаж сайжруулж, илүү боловсронгуй болгоно. Үр дүн нь тодорхой хугацааны дараа гарна, мэдрэгдэнэ. Нэмж тэмдэглэхэд, салбарын хяналт шалгалттай холбоотой мэдээллийн орон зай нэгдмэл болж, нэг сувгаар цацагддаг болсон. Эмх цэгц, уялдаа холбоо сайжирснаар ойлголтын зөрүү ч арилсан.
Дэслэгч Ц.ЭНХ-ОРГИЛ
Сэтгэгдэл ( 0 )