Хятадын дөрвөн их сонгодог зохиолын нэгэн болох "Хүйтэн уулын бичиг" хэмээх 100 бүлэг зохиолыг Дундад эртний үеийн Хятадын алдарт бичгийн хүн Ши Най Ань түүхэн үйл явдалд тулгуурлан туурвижээ.
Зохиолын үйл явдал Хятадын Умард Сүн улсын үед өрнөх агаад адал явдал, зовлон зүдгүүр туулсан 108 баатар эр Ляньшань ууланд хувь заягаар учран цугларч, гадаадын дайсан ба дотоодын урвасан хулгай, зальхай ноёдын эсрэг тэмцэж буйг уран яруугаар харуулсан юм.
Зохиолын уг нэр "Усан хөвөөний шастир" бөгөөд монголчууд эртнээс "Хүйтэн уулын бичиг" хэмээн нэрийдсээр ирсэн билээ. Энэхүү сонгодог зохиолыг Монгол Улс дахь БНХАУ-ын Элчин сайдын яамны зөвшөөрөлтэйгөөр уншигч танд хүргэж байна.
СҮН ГҮН МИН ЭЗНИЙ ЗАРЛИГ ХҮЛЭЭЖ ЛЯО УЛСЫГ ЭВДСЭН ЧЭНЬ ЧЯО И ӨРТӨӨНӨӨ НУЛИМС УНАГАЖ БАГА ХУЯГИЙГ ЦАВЧСАН
Өгүүлэх нь, тэр үед, ар Ляо улсын эзэн, цэрэг үүсгэн өмнөш довтолж, Сүн улсын умард хязгаарын есөн жоу-ын газрыг түрэмгийлэн эзлээд бас цэрэг морийг дөрвөн зам хуваан, Шаньдун, Шань Си Жинь хязгаарыг түйвээн, Хэнань, Хэбэй газрыг булаан дээрэмдсэнд эл жоу сянь бээр Жин балгаснаа цасан лавс мэт айлтгалын бичиг довтолгон өмөглөн тэнхрүүлмү хэмээн гуйв. Үзвээс, тэр үед, доороос ирэх айлтгалын бичиг урьдаар цэргийн яамыг өнгөрсөн хойно сая эзэн хааны гарт хүрэх асан ажгуу. Төдийд цэргийн яамны эрхин сайд Түн Гуань бээр тайш түшмэл Цай Жин, Тайюй түшмэл Гао Чю, Ян Жянь нар лугаа зөвлөж, айлтгалын бичгийг дарж, ойр орчмын жоу фү-д зарлиг уламжлан, цэрэг морь гаргаж угтан байлдуулсан боловч, халуун тогоонд цасыг нэмсэн мэт,цэрэг дарагдаж жанжин хохирчээ. Энэ хэргийг дэлхий дахины хүмүүн цөм мэдэх боловч, ганц тэнгэрийн хөвүүнээс нуун далдалж асан ажгуу. Эдүгээ бас тэр дөрвөн зальхай түшмэл арга үүсгэж, Түн Гуань-аар айлтгал үйлдүүлж, Сүн Жян зэргийн олон хүмүүнийг хөнөөсүгэй хэмээсэнд, санамсаргүй ташаалавчийн араас нэгэн их сайд гарч ирээд зандан зогсоов. Үзвээс, энэ хүмүүн болбоос өөр хүмүүн бус, түв хэмээн хааны шадар Тайюй түшмэл Су Юань Жин асан ажгуу. Тэр үед Су Тайюй өвдөг даран сөгдөж тэнгэрийн хөвүүнд ийн айлтгаруун: - Сайд миний мөхөс бодлогод болбоос, Сүн Жян нарын сайн эрс, хаан төрд шинэхэн дагаж, зуун найман баатар уруул шүд мэт ижилшиж, элэг зүрх мэт амрагласан тул, тэднийг салган сарниулж болохгүй бөгөөд хэрхэн түвдэж амийг нь хөнөөмүй? Энэ зэргийн сайн эрс, эрэмгий баатар этгээд өөрийн дээр хэрвээ царай хувилж хот дотор хувьсгал гаргаваас, энэ зовлон гүехэн бус. Эдүгээ ар Ляо улс арван түмэн их цэрэг үүсгэж, хойд хязгаарын есөн жоу-ын газрыг түрэмгийлэн эзэлсэнд эл жоу сянь өмөглөн тэнхрүүлэхийг гуйсан айлтгалын бичгийг довтолгож, цэрэг гарган хулгай лугаа байлдуулсан боловч дараа дараагаар буцалсан усанд мөс хольсон мэт цэрэг дарагдав. Хулгайн сүр их бөгөөд албан цэрэгт сайн бодлого үгүй тул удаа бүр хуяг хохирон жанжин сүйдсэнийг ганц тэнгэрийн хөвүүнээс нууж, айлтгалыг даржээ. Ийнхүү сайд миний мөхөс бодлогод, чив хэмээн Сүн Жян нарын сайн эр ба түүний харъяат цэрэг морийг улсын хязгаарт илгээн Ляо улсын хулгайг хураан тогтоолговоос нэгэнд болбоос олон сайн эр гавъяа нэрийг бүтээж, улс гүрний төлөө хүчийг өргөж болох бөгөөд хоёрт болбоос улс гэр амгалан болж ард иргэн зовлонгоос тэнхэрч болмуй. Хэдий тийн хэмээвч өчүүхэн сайд таслан тогтоож чадахгүй тул эзэн хаанд айлтган мэдүүлэв хэмээсэнд тэнгэрийн хөвүүн айлтгалыг сонсоод луун царай өөд болж, энэ үг ёсонд нийцмүй үү хэмээн олон түшмэдээс асуусан хойно цэргийн яамны эрхин сайд Түн Гуань нарыг их л донгодон зэмлэж: - Цөм таны зэргийн зусар ард зальхай эр, эрдэмтэн чадалтанд атаархан хорсож, мэргэд гэгээдийн замыг халхлан, уран хоншоороор овлон зусардсанаар улс гүрний их хэргийг саатгав! Ялыг хүлээн гажууг гээвээс сая нэхэмжлэн асуухаас хэлтрүүлсүгэй хэмээгээд өөрийн гараар жуу бичгийг сийрүүлэн бичиж, Сүн Жян-г Ляо улсыг эвдэх хошууч Сянь фэн өргөмжилж, Лү Жюнь И-г дэд хошууч Сянь фэн болгон, үлдсэн олон жанжин нарыг хожим цэргийн гавъяаг үзэж зэрэг нэмэн хишиг пүнлүү олгомуй хэмээн зарлиг буулгасан хойно жуу бичгийг Су Тайюй-д тушаан, Сүн Жян-ын цацрын өмнө эчиж ухуулан сонсготугай хэмээн захиад, тэнгэрийн хөвүүн харшаас бууж цуу тархсанд, зуун түшмэд сая хойш эгэв.
Түүнээс Су Тайюй эзэн хааны жуу бичгийг хүлээж, ухуулан сонсгосугай хэмээн Сүн Жян-ын цацрын өмнө хүрч ирсэнд, Сүн Жян нар яаран үнэрт хүж асаан угтан оруулаад, наманчлан сөгдөж эзэн хааны жуу бичгийг хичээнгүйлэн сонсоод ихэд баярлан, Су Тайюй-д тал өгч мэхийн ёслоод: - Манай олуул бас улс төрд хүчийг өргөн, гавъяа бүтээж шударга сайдын ёсоор үйлдсүгэй хэмээн санаж асан бөлгөө. Эдүгээ өршөөлт Тайюй эзэн хаанд хүчлэн айлтгасан их ачийг бодвоос үнэхээр эцэг эх мэт болой. Ганц Лян Шань уулын эзэн Чао Тянь Ван-ий гэгээн чандрыг хараахан оршуулаагүй. Олон жанжин нарын гэрийн хотлоорын хөгшин залуусыг айл гацаанаа амуулан төвхнүүлж чадаагүй. Уулан цайзын хэрэм хүрээг буулган битүүмжилж, байлдааны онгоц салыг бас аван ирж чадаагүй тул, олдохул эрхин Тайюй бээр эзэн хаанд айлтган мэдүүлж, зөвшөөрүүлсэн цагт, бид хуяг дуулга, зэр зэвсэг цэрэг морийг багцлан, болзсон хугацаанд эгж ирээд улс төрийн төлөө үнэн сэтгэлийг гүйцээсүгэй хэмээмү хэмээсэнд Су Тайюй их л баярлан хойш эгж эзэн хаанд айлтган мэдүүлсэнд тэнгэрийн хөвүүн зарлиг буулган хаан сангаас шижир алт мянган лан, цагаан мөнгө таван мянган лан, хэмэрлэг торго таван мянган бүхэл гарган Су Тайюй-д тушааж, Сүн Жян зэргийн олон жанжин нарт түгээн өгч, уулан цайзын олон жанжны доторх гэр өрхтэй хүмүүний хөгшин залуусыг улс гэрээс насан эцтэл харгалзан тэжээж, гэр өрхгүй хүмүүнд алт мөнгөний зүйлийг тус биед нь өгтүгэй хэмээн захив. Сүн Жян нар хааны хишигт мөргөн, алт мөнгөний зүйлийг хураамжилж олон жанжин нарт түгээн өгөв. Су Тайюй салж эчихдээ Сүн Жян-ын зүг: - Жанжин чи уулан цайзнаа хурдан эчиж, түргэн эгэгтүн. Буцаж ирсэн хойно урьдаар хүмүүн зарж надад мэдүүл. Алгуурлаж болохгүй хэмээн дахин давтан захиж ордондоо эгсэнийг түр өгүүлэхгүй.
Өгүүлэх нь, Сүн Жян олон хүмүүнийг цуглуулан уулан цайзнаа эгэх үйлийг зөвдөж, өөрийн биеэр цэргийн багш Ү Юн, Гүн Сүньшэн жич Линь Чүн, Лю Тан, Ду Чянь, Сүн Вань, Жу Гүй, Сүн Чин, Руань овгийн ах дүү гурвуулыг авч, морьт явган усан цэргээс түм илүү хүмүүнийг дагуулан уулан цайзнаа эгэхээр тогтоод, үлдсэн цэрэг морийг дэд хошууч Лү Жюнь И-д тушаан Жин балгаснаа цацар майхан байгуулж буудаллуулсан хойно, Ү Юн, Гүн Сүньшэн нарын хамт хүлэг хийсгэн явсаар удсангүй уулан цайзнаа хүрч ирснээ, шударга журмын танхимд гарч суугаад нэгэнтээгүүр олон жанжны гэрийн хотлоорт захиа буулган ор дэвсгэрийг багцлан мордохоор бэлтгэ хэмээгээд нөгөөтээгүүр цэргийн ардаар үхэр хонь алуулж, өөрийн биеэр үнэрт хүж асаан, цаасан зоос түлж, Чао Тянь Ван-ын чандрыг тайгаад, шарилыг нь оршуулав. Удсангүй, олон жанжин нарын гэрийн хотлоор юм хүмийг бэлдэж бэлэн болсонд, Сүн Жян хөсөг тэрэг хүлэг унаа гарган, уг нутагт нь илгээн мордуулаад, өөрийн гэрийн ардыг дуудан эцэг Сүн Тай Гүн жич хөгшин залуусыг уг нутаг Юнь Чэн сянь-ий Сүн Жя Цүнь гацаанаа хүргэлгэн шударга иргэн болгон суулгав. Бас Руань овгийн ах дүү гурвуулыг дуудаж, хэрэглэж болох онгоц салыг шилж гаргалгасан хойно, хэрэглэж болохгүй болсон онгоц салыг ойр орчмын ард иргэнд тушаан өгч, уулан цайзын гэр тэрэг, гурван боомтын хот хүрээ жич шударга журмын харш танхимыг цөмөөр буулган нурааж мод чулууг ойр орчим суух иргэнд өгч хэрэглүүлээд, аливаа үйлийг төсгөсөн хойно цэрэг морийг авч Жин балгаснаа нисэх мэт эгэв.
Төдийд Сүн Жян цэрэг морийг авч эзэн хотын ойр хүрч ирсэнд Лү Жюнь И угтан авч цацарт залж оруулсан хойно Янь Чин-г дуудан, үтэр түргэн Су Тайюй-д мэдүүлж, эзэн хаанд аяарлан салахыг айлтган, цэрэг морь хөдлөхийг сонсго хэмээн илгээв. Тэр үед Су Тайюй мэдүүлснийг хүлээн авч дотоод ордноо орж, эзэн хаанд айлтгав. Жич өдөр, Су Тайюй бээр Сүн Жян-г удирдан У Ин Дянь харшнаа орж, эзэн хаанд золгуулан бараадуулсанд, тэнгэрийн хөвүүний луун царай өөд болон, өөрийн мутраар дарс шагнаж зарлиг болруун: - Сайд чи биеийг чилээн, цэрэг морийг дайчлан, хязгаараа хол мордож, мөхөс хүмүүний өмнөөс Ляо улсыг эвдэн, хулгайг төвшитгөх тул эрт өдөр дайсныг дарж дархан цолоо мандуулсаар эгж буцагтун. Тэр үед мөхөс хүмүүн би эрхгүй сайд чамайг хүндэтгэн хэрэглэж, олон жанжин нарт гавъяаг үзэн хишиг пүнлүү хүртээсүгэй. Сайд чи битгий осолдогтун! хэмээхүйеэ Сүн Жян тэргүүн дарж мөргөөд ийн айлтгаруун: - Сайд би угт нэгэн өчүүхэн доорд бага түшмэл бөлгөө. Цааз ёсноос үтээрэн зөрчөөд, Жян жоу газраа цөлөгдсөн болой. Хожим дарсанд согтон гажуу өгүүллийг гаргаснаар, үхэх ялд унаж цаазаар аваачих хэмээснийг олон хүмүүн хүчилж авран гаргасан тул бие орших газаргүй болж, түр уст нуурт биеийг далдлан, утсан амийг тэжээв. Сайд миний ял тэнгэр тулж, түмэнтээ үхэвч болох атал эдүгээ богд эзэн өршөөн хураамжилж, уудам хайрыг дэлгэрүүлэн, үйлдсэн ялаас уучлан хэлтрүүлсэн тул, сайд би хэдий элэг зүрхийг уудлавч, эзэн хааны тэнгэр мэт их ачийг хариулан чадахуйяа бэрх болой. Эдүгээ зарлигийг хүлээж эчих тул, сайд би дуртайяа хүчлэн зүтгэж үнэнчийг гүйцээн чадахул үхэвч гомдолгүй болов хэмээсэнд тэнгэрийн хөвүүн дахин дарс шагнаад, алтан шаазгай сийлсэн нум сум, эмээл хазаарт нэрт морь, гэрэл цацарсан эрдэнийн илд авчруулж Сүн Жян-д шагнаснаа Сүн Жян өвдөг нугалан хишигт мөргөж, эзэн хаанаас салж ордноос гараад, хааны шагнасан эрдэнийн илд, эмээлт морь, нум сумыг авч цэргийн хүрээндээ ирээд, олон жанжин нарт цааз зарлан мордохоор бэлтгүүлэв.
Түүнээс их Сүн улсын хаан эзэн Хүй Зүн хааны бие, жич өдрийн өглөө бараалхалд, Су Тайюй-г дуудан захиа буулгаж, явдлын яамнаас хоёр элч томилон, Чэнь Чяо И өртөөнд Ляо улсыг эвдэх их хошууч Сянь фэн Сүн Жян-ын дагуулсан гурван замын цэрэгт шан тавин хуягийн ард нэг бүр сайн дарс нэгэн лонх, болгосон мах нэгэн жин хүртээтүгэй. Дундаас хасаж болохгүй хэмээн зарлиг буулгав. Явдлын яам, эзэн хааны зарлигийг хүлээн, шөнө дүл дарс махны зүйлийг бэлтгэн, хоёр элч томилон, олон цэрэгт түгээн өгөхөөр бэлтгэв.
Түүнээс Сүн Жян цэргийн багш Ү Юн-г дуудан цэрэг хөдлөх үйлийг зөвлөж, хоёр зам хуваан мордмуй хэмээн тогтоод, таван барсын жанжин найман хүлгийн баатрыг хошууч болж цэргийн өмнө замыг удирдагтун хэмээн зарлиг уламжлан, арван бяочи жанжныг хайгуул болж цэргийн хойно морд хэмээн захиа уламжлан, өөрийн бие Лү Жюнь И, Ү Юн, Гүн Сүньшэн-г авч дундад цэргийг захирмуй хэмээгээд усан цэргийн түрүү Руань овгийн ах дүү гурвуул жич Ли Жюнь, Жан Хэн, Жан Шүнь нар Тун Вэй, Тун Мэн, Мэн Кан, Ван Дин Лю зэргийн олныг авч онгоц салыг хөдөлгөн, хатан голд оруулж умарш морд. Зам дагасан зуун овогтонд халдаж болохгүй хэмээн зарлиг буулгасан хойно, үхэр буу тавин гурван замын цэргийг хөдөлгөж, Чэнь Чяо И өртөөн зүг чиглэн ирэв. Шүлэгт өгүүлсэн нь:
Өнгөт тугийг дэрвэлзүүлэн хийсгэж эзэн хотоос гараад,
Эзний зарлигаар цэрэг үүсгэн хязгаарыг дайлахаар мордлоо.
Өндөр Лян Шань-ий хуяг цэргийн сахилга дүрмийг үзвээс,
Өнөөх Тайюй-н шадар цэрэг хэрхэн тэнцэж чадмуй?
Түүнээс явдлын яамны хоёр элч, гурван замын цэргийн ардад архи махыг шагнан түгээсүгэй хэмээн урагш Чэнь Чяо И өртөөнөө хүрч ирэв. Үзвээс, угт энэ хоёр хүмүүн болбоос ховдог шунахайн туйлд хүрч, хээл хахуул идэхэд бахтай зальхай хүмүүн тул, эзний шагнасан дарсыг хасаж хагас лонх болгон, махыг бас зургаан лан хасаж, өмнөх цэрэгт түгээн өгөв. Дэмий удсангүй, бараан хуяг дуулга өмссөн хайгуулын цэрэг хүрч ирэв. Тэргүүлсэн сайн эр түв хэмээн Сян Чүн, Ли Гүн асан ажгуу. Төдийд, цэргийн доторх нэгэн хуяг, архи махыг авч үзвээс, хагас илүү нь хасагдсан тул, хуруугаар тэр элчийг зааж хараан өгүүлрүүн: - Цөм таны зэргийн эд ашигт шунахай хүмүүн, эзэн төрийн хишиг шанг залгив! хэмээвээс элч зандан өгүүлрүүн: - Эргүү мал, маныг ашигт шунахай хэмээн хараах нь юун? хэмээсэнд тэр хуяг өгүүлрүүн: - Хаан эзэн бидэнд нэгэн лонх сайн дарс, нэг жин мах шагнасныг та нар цөм хасаж өөрөө залгив. Бид хэл ам гаргах нь бус. Таны зэргийн ёсгүй адгуус, бурханы нүүрээс алт хусаж авмуй! хэмээвээс тэр элч хараан өгүүлрүүн: - Алавч арилгаж дуусахгүй уулан хулгайг үз. Лян Шань уулын зэрлэг зангаа эдүгээ хаяхгүй! хэмээхүйеэ хуягийн эр ихэд тачаадан, тэр элчийн нүүр өөд архи махыг цохин илгээсэнд элч зүүн баруун этгээдийг зандан: - Сөргүү хулгайг барьж авагтун хэмээсэнд, хуягийн эр сүүжинд суйрсан хурц илдийг суга татан аваад: - Эцэг чинь би, Лян Шань уулнаа байх цагт, чамаас илүү хүмүүнийг түм мянгаар алав. Чиний зэргийн сөргүү түшмэлийг юунд тооцмуй хэмээн урагш дэвхрэн ирсэнд, тэр элч их дуугаар: - Чи ямар аюулгүй намайг алмуй! хэмээн бархирснаа, хуягийн эр илд эргүүлэн цавчсанд, түв хэмээн тэр элчийн нүүрийг онож, тэр элч газар өнхрөн унаснаа, хажууд зогссон олон хүмүүн хашхиралцан бархирсаар зүг зүгтээ дутаан эчив. Тэр хуягийн эр, илд бүжиглэн урагш эчиж, тэр элчийг хэдэн зэрэг цавчсанд, тэр элч хэдийн нирваан дүр үзүүлэв. Хажууд байсан цэргийн ард яаран урагш эчиж, хашин зогсож байв.
Төдийд, Сян Чүн, Ли Гүнь их л хиртхийж, нисэх мэт эчиж Сүн Жян-д мэдүүлсэнд, Сүн Жяних л гэлмэж, цэргийн багш Ү Юн-г дуудаж, одоо яаваас сайн хэмээн асуусанд Ү Юн өгүүлрүүн: - Явдлын яам угаас манд тааламжгүй байсан дээр, бас ийм хэрэг гарсан тул чив хэмээн тэдэнд өө сэв гарган өгчээ. Эдүгээ ганц тэр хуягийн эрийг цавчин цээрлэл үзүүлж, нэгэнтээгүүр явдлын яаманд айлтгал өргөн, цэрэг зогсон ял хүлээж, нөгөөтээгүүр Дай Зүн, Янь Чин-г үтэр түргэн илгээн хотод оруулж Су Тайюй-д нарийвчлан мэдүүлж, түүнийг гуйж эзэн хаанд хилсийг айлтгасан хойно, хаан эзэн явдлын яаманд зарлиг буулгаваас энэ хэрэг сая гайгүй болмуй хэмээсэнд Сүн Жян үгийг зөвшөөн бодлого тогтоож, морь унан Чэнь Чяо И өртөөнөө ирж үзвээс тэр хуяг, элчийн хүүрийн өмнө зогсож байв. Сүн Жян захиа уламжлан гурван замын цэрэгт архи махыг түгээлгэж, цэргийг цөм урагш дуудан ирүүлсэн хойно, тэр хуягийн эрийг дуудан учрыг асууваас хуягийн эр хариу өчрүүн: - Тэр мал ам нээмэгц Лян Шань уулын сөргүү хулгай хэмээн харааж, алаад дуусахгүй дээрэм хэмээн зуун зүйлээр гутаасан тул нэгэн цагийн уураар түүнийг алав. Өчүүхэн хүмүүн тухайлан жанжны ял асуухыг хүлээж баймуй хэмээхүйеэ Сүн Жян өгүүлрүүн: - Тэр хэмээгч эзэн төрийн элч тул бид айн мэхээрвээс зохих атал, гэдрэг алах нь юун? Чи манай олон хүмүүнд уршиг татаж өгөв! Бид эдүгээ эзний зарлигаар Ляо улсыг эвдэхээр эчих хэмээгээд ямхын төдий гавъяа байгуулаагүй атал харин ийм хэрэг гаргасан тул одоо яаваас сайн? хэмээсэнд, тэр хуягийн эр тэргүүн дарж мөргөөд үхэхийг гуйсанд, Сүн Жян уйлан өгүүлрүүн: - Миний бие Лян Шань ууланд гарснаас нааш, их бага олон ах дүү нарыг нэг ч бас алсангүй бөлгөө. Энэ өдөр, өөрийн бие бас албан яамнаа харъяалагдах болсон тул ямхын төдий өчүүхэн үйлийг ч санаан дураар шийтгэж болохгүй болов. Ийнхүү угийн долгин догшин занг эдүгээ гаргаж хэрхэн болмуй хэмээсэнд хуягийн эр: - Өчүүхэн хүмүүн ганц үхэхийг хүсмү хэмээхүйеэ, Сүн Жян бээр тэр хуягийг согттол уулгасан хойно модон доор хөвчдөн алж, тэргүүнийг нь огтлон цээрлэл үзүүлээд, авс бэлдэн албан элчийн ясыг оршуулж, айлтгалын бичиг үйлдэн явдлын яаманд довтлуулсныг түр өгүүлэхгүй.
Өгүүлэх нь, Дай Зүн, Янь Чин хоёул, сэмээр хотын хаалгыг шурган Су Тайюй-н ордноо ирж нарийн учрыг зүй зүйгээр тоочин мэдүүлэв. Мөн үдэш Су Тайюй дотоод ордноо орж эзэн хаанд бараадан золгоод дээрх үйлийг айлтган мэдүүлжээ. Жич өглөө эзэн хаан Вэнь Дэ Дянь харшнаа заларсанд, явдлын яамны сайд олны сүргээс гарч өвдөг нугалан сөгдөөд: - Шинэ дагасан жанжин Сүн Жян-ын доорх хуягийн ард, эзэн хааны шан хишгийг түгээхээр эчсэн элч түшмэлийг алав. Өршөөхүл эзэн зарлиг буулган ял асуух болов уу хэмээсэнд тэнгэрийн хөвүүн өгүүлрүүн: - Мөхөс хүмүүн чухамдаа таны яамыг илгээхгүй хэмээн санасан боловч, энэхүү үйл таны яамны харъяад байхуй тул илгээжээ. Та нар зохисгүй хүмүүнийг хэрэглэж, цэрэгт шагнасан архи дарсыг хасан залгиж, цэргийн ардад ганц нэрийг халдааснаар ийм уршиг татжээ хэмээхүйеэ явдлын яамны сайд бас айлтган өгүүлрүүн: - Хааны шагнасан дарсыг хэн хүмүүн аймшиггүй хасаж болмуй хэмээсэнд, тэнгэрийн хөвүүн хилэгнэж зандан өгүүлрүүн: - Би нэгэнтээ далдуур хүмүүн илгээж байцаалгаад нарийн учрыг мэдэв. Чи битгий уран хоншоороор урлан зохиож намайг мэхэл! Миний шагнасан дарсыг хасаж хагас лонх болгон, махыг залгиж арван лан болгосон учраа хуягийн эр уурлаж, хутга хөдөлгөсөн болой хэмээгээд бас зүүн баруун этгээдийг зандан: - Ялт хүмүүн хаана баймуй? хэмээсэнд явдлын яамны түшмэл урагш давшиж: - Сүн Жян нэгэнтээ ялт хүмүүний тэргүүнийг цавчиж цээрлэл болгоод, манай яаманд айлтгал өргөн, цэргийг зогсоон ял хүлээж баймуй хэмээснээ тэнгэрийн хөвүүн: - Ялт хүмүүнийг нэгэнтээ цавчсан тул, Сүн Жян-ын цааз захиа чанга бус ялыг түр тэмдэглэж тавигтун. Хожим Ляо улсыг эвдэж эгж ирсэн цагт гавъяаг үзэн шийтгэсүгэй хэмээн зарлиг буулгасанд явдлын яамны сайд үг дуугүй хойш эгэв. Төдийд, тэнгэрийн хөвүүн зарлиг буулган, Сүн Жян-г цэрэг морийг шаардан хурдан мордохын хамт, хүмүүн алсан хуягийн эрийн тэргүүнийг огтолж Чэнь Чяо И өртөөнөө өлгөж олонд цээрлэл болго хэмээн элч зарж хэлүүлэв.
Түүнээс Сүн Жян бээр Чэнь Чяо И өртөөнөө цэргийг зогсоон ял асуухыг хүлээж атал, тэнгэрийн хөвүүний зарсан элч ирж, цэрэг морийг шаардан хөдөлгөж Ляо улсыг түргэн дайлахаар мордогтун. Ёсыг эвдсэн хуягийн эрийн тэргүүнийг өлгөж, олонд цээрлэл болго хэмээн хаан эзний зарлигийг уламжилсанд, Сүн Жян хишигт мөргөн, хуягийн эрийн тэргүүнийг огтлон өртөөн гадна өлгөж цээрлэл үзүүлсэн хойно, хүүр биеийг хурааж оршуулав. Сүн Жян гашуудан уйлж, нулимс унаган моринд мордож, умарш цэрэг хөдөлгөн, өдөр бүр жаран газар замнаж, хүрээ буун, зам дагасан зуун овогтонд үсэн төдий халдахгүй явсаар нэгэн өдөр, Ляо улсын хязгаараа ойр болж ирсэнд цэргийн багш Ү Юн-г дуудан: - Урагш өдөр Ляо улс цэргийг дөрвөн зам хувааж маныг довтолсон бөлгөө. Эдүгээ бид өмнөш эчиж дайлмуй уу. Эсвээс ганц хотыг нь байлдмуй уу. Энэ хоёр аргын алин нь дээд буй за? хэмээн асуусанд цэргийн багш Ү Юн өгүүлрүүн: - Цэрэг хуваан өмнөш орвоос газар уудам хүмүүн цөөн тул толгой сүүлийг хамгаалан чадахгүй болмуй. Ийнхүү хэдэн хотыг байлдан авсан хойно жич арга үзэхэд хүрэхгүй. Бид хэрвээ шаардан байлдваас, хулгай эрхгүй цэргээ татах болой хэмээхүйеэ Сүн Жяних л баярлан: - Цэргийн багшийн энэ арга маш сайн хэмээгээд Дуань Жин Жү-г дуудан: - Чиний бие ар газрын замыг сайн мэдэх тул цэрэг морийг дагуулан урагшил. Ойролцоо жоу сянь-ийг ямар газар хэмээмүй хэмээн асууснаа, Дуань Жин Жү айлтган өгүүлрүүн: - Өмнөх Жоу болбоос түв хэмээн Ляо улсын чухал боомт болох бөгөөд нэрийг Таньжоу хэмээмүй. Өмнө бас нэгэн гол байх бөлгөө. Нэрийг Лу Шуй хэмээмүй. Ус гүн олом уудам бөгөөд боомтын гадуур ороон урсмуй. Лу Шуй-н ус Вэй Хэ голд цутгах тул байлдааны онгоцыг хэрэглэвээс болмуй. Усан цэргийн түрүү ба онгоц салыг түр хүлээж, тэднийг ирсэн хойно, ус хуурай хамтаар цэрэг орж, морьт цэрэг байлдааны онгоц цугаар орвоос Таньжоу-г олж болмуй хэмээсэнд Сүн Жян бээр Дай Зүн-г илгээж, усан цэргийн түрүү Ли Жюнь нарт онгоц салыг шаардан хөдөлгөж, мөн шөнө Лү Шүй голд ойр болж ирэгтүн хэмээн захиа уламжлуулав.
Түүнээс Сүн Жян цэрэг морийг тэгшлэн, онгоц салыг багцалж, Таньжоу- ын зүг алахаар ирэхийг түр өгүүлэхгүй. Өгүүлэх нь, энэ Таньжоу-г сахих жанжин болбоос түв хэмээн ар Ляо улсын Дүн Сянь Ши Лан ажгуу. Түүний гар доор А Ли Чи, Яо Эл Вэй Кан, Чу Мин Юй, Цао Мин Жи хэмээх дөрвөн их жанжин баймуй. Энэ дөрвөн жанжинд түмэн эрийг тэнцэх баатар хүч байх бөлгөө. Түүнээс ар Ляо улсын жанжин их Сүн улсын хошууч Сянь фэн Сүн Жян цэрэг морь авч дайлахаар ирэх чимээг сонсоод нэгэнтээгүүр эзэн хаандаа айлтгал довтолгон, нөгөөтээгүүр ойролцоо Жижоу, Бажоу, Жожоу, Сюнжоу-д хүмүүн зарж өмөглөх цэрэг гуйлгасан хойно А Ли Чи, Чу Мин Юй хоёул цэрэг авч хотын хаалга гарч угтан байлдахаар мордов.
Түүнээс дам илдэт Гуань Шэн бээр Сүн улсын цэргийн хошууч болж, Таньжоу фү-ийн харъяат Ми Юнь сянь-ий зүг алан ирсэнд, сянь-ий ноён их л сандран элч довтолгож, А Ли Чи, Чү Мин Юй хоёр жанжинд: - Туг хиур хийсгэн, харанга хэнгэрэг дэлдэж ирэх Сүн улсын цэрэг морь болбоос түв хэмээн шинэхэн илбэн дагуулсан Лян Шань уулын Сүн Жян нарын хоршоо болой хэмээн мэдүүлсэнд, А Ли Чи инээн өгүүлрүүн: - Уулыг эзэлсэн хулгайгаас айн сүрдэх нь юун? хэмээгээд цэргийн ардад захиа буулган, жич өдөр Ми Юнь сянь-ий өмнө гарч Сүн Жян лугаа тулан байлдсугай хэмээв.
Жич өдөр, Сүн Жян бээр Ляо улсын цэрэг ойр хүрч ирэв хэмээн мэдүүлснийг сонсоод, олон жанжин нарт байдлыг үзэн угтан байлд. Хоор хоорондоо салж болохгүй хэмээн цааз зарласанд олон жанжин за хэмээн захиаг хүлээн, бие хуяглаж морь эмээллэв. Сүн Жян, Лү Жюнь И хоёул хуяг дуулга өмсөн, морь хийсгэн цэргийн өмнө ирж үзвээс, холоос барманусын тоос нарыг халхлан, тас бүргэд сийлсэн туг хиур өргөсөн Ляо улсын цэрэг, үерийн ус түлхлэх мэт довтлон ирэв. Хоёр этгээдийн цэрэг зэв харвуулж жагсаалын хөлийг дарсанд, бараан туг дэлгэмэгц хулгайн жагсаалаас нэгэн их жанжин морь тавин зэвсэг далайж гарч ирэв. Сүн Жян нүд өргөн тэр жанжны хувцалсан байдлыг үзвээс:
Тэргүүнд гурван сэрээт алтан дуулга дарж, хос нангиа гургуулын сүүлийг орой дээрээ хатгажээ. Биедээ гурван гарди хатгасан цагаан торгон дээл хэдэрчээ. Хүрэл эрдэнийн хусуурын хуяг өмсөж, арслан магшиж эрдэнэ шигтгэсэн бүсийг бүслэн, үүлэн угалзат бүргэдийн хоншоорт гутлыг хөлд өшиглөн, алтан судаст алчуурыг хүзүүгээр ороож, алаг шаазгайн зурагт төмөр элэгтэй нумыг агсан, бүргэдийн өдөөр өдөлсөн зэвийг хоромсогод зүүж, гартаа алиман хуарт ган жадыг барьж, цагаан цоохор морийг унажээ.
Түүнээс Сүн Жян бээр нүд өргөн үзвээс тугийн дээр "Их Ляо улсын дээд жанжин А Ли Чи хэмээн бичих тул, олон жанжин нарын зүг өгүүлрүүн: - Хулгайн жанжныг хөнгөнөөр байлдаж болохгүй" хэмээх үг барахын урьд, Сюй Нин сэрвээт жадыг бүжиглэн морь довтолгож жагсаалын өмнө гарсанд, Ляо улсын жанжин А Ли Чи их дуугаар хараан өгүүлрүүн: - Сүн улсын мөхөх цаг тулсан тул, уулан хулгайг илгээн манай их улсад халдуулжээ. Үхэхээс эс айваас нааш ирэгтүн хэмээхүйеэ Сюй Нин зандан өгүүлрүүн: - Буурай улсын бага жанжин, ямар аюулгүй муу үг үүсгэмүй! хэмээн А Ли Чи-ийн зүг жадлан орсонд хоёр этгээдийн цэргийн ард зэрэг зэргээр хашхиралдан үүсгэхүйеэ, хоёр жанжин морь довтлон хойш урагш зөрөлдөж хорь гучин удаа болсонд, Сюй Нин Ляо улсын жанжныг тулан чадахгүй болж, хүлгийн жолоо даран жагсаалын зүг буруулан эчтэл, Хуа Рүн хэдийн нуман хөвчийг дүв дүгрэг болтол татаж, зэв онилон харвасугай хэмээтэл, жагсаалд байсан Жан Чин завдаж, хэмэрлэг уутнаас мөхлөг чулууг шүүрэн аваад Ляо улсын жанжны гал магнайг заан зэвсэг үз хэмээн цохин илгээсэнд, чулуун мөхлөг чив хэмээн А Ли Чи-ийн зүүн нүдийг онож, мориноос тонгорцоглон унаснаа, Хуа Рүн, Линь Чүн, Чинь Мин, Суо Чаозэргийн дөрвөн жанжин зэвсэг бүжиглэн жагсаалаас гарч, А Ли Чи-г хүмүүн морины хамт амьдаар барьж жагсаалдаа эгэв. Төдийд Ляо улсын дэд жанжин Чу Мин Юй их жанжин А Ли Чи-ийн автагдсаныг үзээд тэнхрүүлэн авсугай хэмээн морь тавин иртэл, Сүн Жян-ын цэрэг морь цусан зам гарган байлдан орсонд, хүч дарагдаж, Ми Юнь сянь-ийг гээн Таньжоу фү-ийн зүг буруулан эчив. Сүн Жян харанга цохин цэргийг хурааж, Ми Юнь сянь-ий гадна цацар майхан цогцолж цэрэг буудаллуулаад баригдсан жанжин А Ли Чи-г ирж үзвээс, нэгэн хөмсөг тасарч нэгэн нүд сохроод, хүнд шарханд тэссэнгүй үхжээ. Сүн Жян бээр А Ли Чи-ийн хүүрийг хурааж оршуулаад, өдгүй сумт Жан Чин-д тэргүүн гавъяа тэмдэглэн өгч, А Ли Чи-ийн өмссөн эрдэнийн хуяг, алиман хуарт ли хуа чян жад, эрдэнэ шигтгэж арслан магшсан бүс, цагаан цоохор хурдан хүлэг жич гутал, магнаг, нум сумын зүйлийг Жан Чин-д шагнаж, Ми Юнь сянь-ий яаманд их хурим тавьж баярын найр хийв.
Жич өдөр Сүн Жян цацарт гаран, цэрэг жанжинд цааз зарлан, Таньжоу фү-ийн зүг байлдахаар эчихийг түр өгүүлэхгүй. Өгүүлэх нь Таньжоу фү-г сахисан жанжин Дүн Сянь Ши Лан их жанжин А Ли Чи-ийн автагдсаныг сонсоод, хотын хаалгыг таг даруулж, цэрэг гарган угтан байлдуулахгүйгээр яамандаа сууж атал харуулын ард дотогш орж хулгайн усан цэргийн онгоц сал хотоос ойр болж ирэв хэмээн мэдүүлсэнд, Дүн Сянь Ши Лан олон жанжныг авч хотын хайсанд авиран Сүн Жян-ын цэрэг морийг үзвээс олон сайн эрийн сүр хүч цаглашгүй, харанга хэнгэрэг дэлдэн өдөөн байлдуулах тул, хажуугийн хүмүүнд: - Ийм их сүр хүчтэй тул бага жанжин А Ли Чи-ийн цэрэг дарагдахгүй байж хэрхэн чадмуй? хэмээсэнд, дэд жанжин Чу Мин Юй өгүүлрүүн: - Бага жанжин юун хэмээн дийлэгдэх аж? Хар хятадын цэрэг урьдаар дийлэгдэв. Бага жанжин нэхэмжлэн эчтэл, хулгайн жагсаалаас ногоон хуяг өмссөн нэгэн хар хятад гарч ирээд, чулуун мөхлөг цохин илгээж, бага жанжныг мориноос занчин унагасанд, жагсаалаас бас дөрвөн хүмүүн жад бүжиглэн гарч ирээд, бага жанжныг гар хөдөлж завдахаас өмнө барьж аваачив. Ирснээр цэрэг морь нэгэн зэрэг дарагджээ хэмээхүйеэ Дүн Сянь Ши Лан асууруун: - Чулуун мөхлөг хэрэглэх тэр хүний зүс төлөв ямар буй за? хэмээвээс, зүүн баруунд зогссон цэргийн ард, өмнөш хуруугаар зааж: - Хулгайн жагсаал доторх тэр тэргүүндээ бараан малгай тавьж, манай бага жанжны хуяг дуулгыг өмсөн, морийг унасан тэр эр чив хэмээн мөн болой хэмээсэнд Дүн Сянь Ши Лан тэргүүн өргөж хотын хайсан уруу өнгийн үзтэл Жан Чин хэдийн олж үзээд морь тавин Дүн Сянь Ши Лан-г зааж чулуун мөхлөгийг цохин илгээв. Ляо улсын олон хүмүүн яаран хурдан зайл хэмээн хэлж барахын урьд, чулуун мөхлөг Дүн Сянь Ши Лан-ын зүүн чихний хажуугаар жавар татан өнгөрч, чихийг нь хэгзэлжээ. Дүн Сянь Ши Лан чихээ барин ёолж: - Энэ хар хятад, үнэхээр хэцүү болой! хэмээгээд яаран яамандаа эгэж, нэгэнтээгүүр Ляо улсын эзэнд сэтгүүл довтолгон айлтгаж нөгөөтээгүүр ойр орчмын жоу сянь-д элч илгээн хулгайг сэрэмжлэн сэргийлтүгэй хэмээн захив.
Түүнээс Сүн Жян цэргийг авч, хотыг хэдэн өдөр дараалан өдөөн байлдуулсан боловч дийлж чадсангүй тул түр цэргийг хураан Ми Юнь сянь-д ирж хүрээ бууж хотыг эвдэх аргыг хараахан зөвлөж атал, Дай Зүн дотогш орж, усан замын цэргийн түрүү онгоц салыг авч, Лу Шуй голд хүрч ирэв хэмээн мэдүүлэв. Сүн Жяних л баярлан, Ли Жюнь-ийг дуудуулсанд Ли Жюнь цацарт орж Сүн Жян-д золгов. Сүн Жян бээр Ли Жюнь-ий зүг: - Энэ удаагийн цэргийн үйл урагш өдрийн Лян Шань уулнаа байх лугаа үлгэрлэж болохгүй. Урьдаар хүмүүн илгээж голын усны гүн гүехнийг байцаалгасан хойно сая цэрэг орвоос болмуй. Миний үзэхэд, Лу Шуй-ийн усны урсгал их л ширүүн тул эндэл гарваас өмөглөн тэнхрүүлэхэд бэрх болой. Та нар хичээн болгоомжлох хэрэгтэй. Битгий бардамнан цалгайрагтун! Онгоцыг халхлан бүтээж, амуу хүнс зөөх мэт овлуулан, усан цэргийн түрүүчүүдийн дотроос хэдэн хүмүүнийг илгээн, биедээ нууц зэвсэг авч, онгоцон өрөөнд нуугдан, бас гурав дөрвөн хүмүүнийг илгээн онгоцыг сэлүүлж, хоёр гурван хүмүүнийг хөвөөнд гаргаж онгоцыг чангаалгаж, хотын ойр голын хөвөөнд зогсоож, миний цэрэг удирдан орохыг хүлээ! Ингэвээс хулгай эрхгүй усан хаалтыг тавин цэрэг гаргаж амуу хүнс зөөх онгоцыг булаахаар ирмүй. Тэр үед та нар гар хөдлөн усан хаалтыг булаан авбаас их гавъяаг нэгэн хэнгэрэгт бүтээж болмуй хэмээсэнд Ли Жюнь за хэмээн захиаг хүлээж эчив. Удсангүй харуулын ард дотогш ирж: - Баруун хойноос тас бүргэд зурсан бараан туг өргөсөн нэгэн багийн цэрэг Таньжоу-ын зүг ирэв. Бараглаваас түм илүү хүмүүн баймуй хэмээн мэдүүлсэнд Ү Юн өгүүлрүүн: - Энэ нь эрхгүй Ляо улсын туслах цэрэг буй за. Би хэдэн жанжныг илгээн зам тосон алуулж, хулгайн сүрийг дарж цөсийг нь хэмхэлсүгэй хэмээгээд Жан Чин, Дүн Пин, Гуань Шэн, Линь Чүн зэргийн дөрвөн жанжинд тус тус таван мянган цэрэг, арваад жанжин өгч зам тосож байлдуулахаар илгээв.
Угт Ляо улсын эзэн Лян Шань уулын Сүн Жян зэргийн сайн эр цэрэг дагуулан дайлахаар ирээд хязгаар боомт Таньжоу-г бүслэн хааж баймуй хэмээн сонсоод тухайлан өөрийн хоёр ач хөвүүнийг зарж өмөглөн туслуулахаар илгээжээ. Тэр хоёулын нэгний нэр Е Люй Го Жэнь, нэгний нэр Е Лүй Го Бао хэмээмүй. Эд хоёул болбоос Ляо улсын хааны ач хөвүүн бөгөөд цөм түмэн эр тэнцэхгүй баатар хүч бүхий дээд жанжин болой. Төдийд Ляо улсын хоёр жанжин, түм илүү цэргийг дагуулан Таньжоу фү-г өмөглөн байлдахаар ирсэнд, үзвээс Сүн улсын цэрэг эчих замыг хөндөлсөн хоёр этгээд байлдах жагсаал жагсаав. Ляо улсын жагсаалаас хоёр жанжин нэгэн зэргээр морь хийсгэн жагсаалын өмнө гарч ирэв. Олон хүмүүн нүд өргөн үзвээс:
Тэргүүндээ гурван сэрээт эрдэнэ шигтгэсэн бор алтан дуулгыг дарж, биедээ сувдын шигтгэр хэмэрлэг хөвөөтэй алтан хуягийг хэдрэн, гадуураа тас бүргэд хатгасан цусан улаан магнаг дээлийг нөмрөн, бэлхүүсэндээ хасын бүсийг бүсэлж, ардаа барсын толгойт бамбай үүрэн, бүргэдийн нумыг зөв талдаа зүүж, ган зэвийг буруу талдаа суйраад, гартаа хоёр алд урт хурц жадыг атгаж, есөн тохой урт биетэй цавьдар морийг унажээ.
Үзвээс энэ хоёр жанжин болбоос төрсөн ах дүү бөгөөд нэгэн адил хуяг дуулга өмсөж, нэгэн адил урт жад хэрэглэдэг ажгуу. Түүнээс Сүн улсын цэрэг эсэргүүлэн жагсаж, хос жадат Дүн Пин, морь довтлон жагсаалаас гарч, өндөр дуугаар зандан өгүүлрүүн: - Ирэх нь хаанах урвасан хулгай болов? хэмээсэнд, Е Люй Го Жэнь ихэд тачаадаж: - Уст нуурын самуун хулгай, аймшиггүй манай улсад ирж халдаад бас гэдрэг хаанах хэмээн асуумуй уу? хэмээхүйеэ Дүн Пин, үг дуугарсангүй шууд морь хийсгэн жад бүжиглэж түүнийг угтан оров. Ляо улсын жанжин хараахан нас залуу омог их тул хүмүүнд ялдар хаяхыг мэдэхгүй. Ган жадыг эргүүлэн морь ташуурдаж угтан орсонд, хоёр морь хойш урагш зөрөлдөн, гурван жад ар өврөөр нийлэн, хоёр жанжны аюулхай цээжинд алах уур мандаж зууралдан байлдмуй. Нэгэн нь хос жадыг хэрэглэхүйд гайхалтай эрдэм баймуй хэмээтэл нөгөө нь урт жадыг зарахуйд бас өөр увдис баймуй. Төдийд хоёр жанжин хойш урагш зөрөлдөн дөч тавин удаа болж хэн алин ч дийлэн дийлэгдэх ялгарахгүй байсанд, Ляо улсын жанжин Е Люй Го Бао ах юугаа удаан байлдваас хүч мөхөсдөх болуузай хэмээн дундад цэрэгт цэрэг хураах харанга дэлдүүлэв. Тэр үед Е Люй Го Жэнь хараахан хутган байлдах аснаа, харангын дууг сонсоод, яаран хоосныг жадлан бие мултрах замыг эрсэнд, Дүн Пин-ийн хос жад юуны найр тавих аж. Е Люй Го Жэнь их л бачимдан, жад самуурсанд, Дүн Пин баруун гарт атгасан жадаар түүний зэвсгийг зайлуулан, зүүн гарын жадаар хулгайн жанжны улаан хоолойг заан жадалсанд, тэр жад чив хэмээн заасан газрыг оносонд, хөөрхий залуу жанжин Е Люй Го Жэнь-ий алтан дуулга ховх үсрэн, хоёр хөл дээш хандаж, мориноос тонгорцоглон унав. Төдийд Е Люй Го Бао ахын автагдсаныг үзээд морь ташуурдан жад бүжиглэж жагсаалаас довтлон гарсанд, өдгүй сумт Жан Чин, алиман хуарт жадыг бүжиглэн, хэмэрлэг уутнаас чулуун мөхлөгийг гарган, морин жолоо дарж жагсаалаас довтлон гарснаа, Е Люй Го Бао бас нисэх мэт довтлон Жан Чин-г угтан ирэв. Хоёр морь арваад алхам ойр болж, хулгайн жанжин сэрэмжилсэнгүй шууд тавин ирсэнд, Жан Чин гар өргөн "Зэвсэг үз! хэмээн зандарч, чулуун мөхлөгийг шидэж илгээсэнд, чив хэмээн нүүрийг онож, мориноос тонгорцоглон унав. Тэр үед, Гуань Шэн, Линь Чүн нар цэргийг дохин цусан зам гарган алан ирсэнд, Ляо улсын цэрэг эзэнгүй болон дөрвөн зүг найман зовхист сарнин эчсэнээ Линь Чүн, Гуань Шэн нар хоёр жанжны унасан морь, алтан бамбай, эрдэнийн дуулга хэмэрлэг хуягийг хураан авч, тэргүүнийг нь огтлон аваад, Ляо улсын түм илүү цэргийг алан сарниулж, мянга илүү байлдааны агтыг олзлон, Ми Юнь сянь-д ирж, Сүн Жян-д өргөн барьснаа, Сүн Жяних л баярлан, гурван замын цэргийг хүндэд шагнаад, Дүн Пин, Жан Чин хоёулын гавъяаг тэмдэглэж, Таньжоу фү-г олсон хойно нэгэн хамт эзэн хаанд айлтгасугай хэмээв.
Мөн үдэш, Сүн Жян, Ү Юн хоёул цэргийн үйлийг зөвлөж тогтоосон хойно, Линь Чүн, Гуань Шэн хоёулыг дуудаж, нэгэн багийн цэрэг авч, баруун хойд зүгээс Таньжоу фү-г байлд хэмээгээд, Хү Яньжуо, Дүн Пин хоёулыг бас нэгэн багийн цэрэг авч зүүн хойд зүгээс байлд хэмээж, дэд Сянь фэн Лү Жюнь И-ийн бие нэгэн анги цэрэг дагуулан баруун өмнө зүгээс байлд. Миний бие дундад цэргийг авч, зүүн өмнө зүгээс байлдаж, тэмдэг буун дууг сонсвоос, нэгэн хамтаар цэрэг ормуй хэмээн цааз зарласан хойно бас мэргэн бууч Лин Жэнь жич Ли Күй, Фань Руй, Бао Сюй, бамбайт цэргийн Сян Чүн, Ли Гүнь нар бамбай халхавчит нэгэн мянган цэргийг авч шууд хотын хаалгыг байлдаж тэмдэг буу тавь. Хоёрдугаар жингийн үед, ус хуурай хоёр замын цэрэг хамтаар ормуй. Олон замын цэрэг жанжин, харилцан өмөглөж хамжилцан байлд хэмээн захиа буулгасанд, олон жанжин цэрэг захиаг хүлээн, хотыг байлдахаар тус тус бэлтгэхээр эчив.
Түүнээс Ляо улсын жанжин Дүн Сянь Ши Лан Таньжоу фү-г үхэн сахиж, туслах цэрэг ирэхийг хүлээн бүхийд, хааны ачийг дагаж ирсэн цэргийн ард, амь зугтан нисэх мэт буруулсаар хотод орж, хааны их ач хөвүүн Е Люй Го Жэнь, хос жад хэрэглэх жанжинд алагдаж, бага ач хөвүүн Е Люй Го Бао, тэргүүндээ бараан малгайтай жанжны чулуун мөхлөгт занчигдан мориноос өнхрөн унав хэмээн зэрэг зэргээр мэдүүлсэнд, Дүн Сянь Ши Лан хөл дэвсэн шүд зуун занаж: - Бас ч мөн тэр хар хятад болой! Хаан эзний хоёр ач хөвүүн алагдсан тул би ямар нүүрээр эзэн хаанд учирмуй! Хар малгай өмссөн тэр хар хятадыг барьсан хойно амалдаж түмэн анги туячин алсугай хэмээв. Мөн орой, туршуулын ард дотогш орж, "Лу Шуй голын хоёр хөвөөнд, амуу хүнс тээсэн зургаа долоо зуун сал зогсож байхуй бөгөөд холоос бас нэгэн багийн цэрэг морь бүртэлзэн ирэх харагдмуй хэмээн мэдүүлсэнд, Дүн Сянь Ши Лан сонсоод: - Хар хятад манай эндэх усан замыг мэдэхгүй тул ташааран амуу хүнс тээсэн онгоц салыг голд зогсоожээ. Голын хөвөө рүү ирэх цэрэг морь болбоос эрхгүй амуу хүнсний онгоцыг эрэн ирэх буй за хэмээгээд Чу Мин Юй, Цао Мин Жи, Яо Эл Вэй Кан зэрэг гурван жанжныг дуудаж: - Сүн Жян нарын хар хятад, энэ үдэш өдий төдий цэрэг морийг авч нааш ирэх бөгөөд амуу хүнс тээсэн онгоц салыг манай голд зогсоожээ. Яо Эл Вэй Кан чиний бие нэг мянган цэрэг авч хотоос гарч байлдагтун. Чу Мин Юй, Цао Жи Та хоёул усан хаалтыг нээж, байлдах онгоц тавин илгээ! Хулгайн амуу хүнс тээсэн онгоцны гуравны хоёр хувийг олбоос даруй их гавъяа болой хэмээн захиа буулгав. Шүлэгт өгүүлсэн нь:
Далд ухаан угаас харилцан огт адилгүй,
Таньжоу хотын хайсан доор онгоц салыг зэрэглэжээ.
Тэнэг Ши Лан огоот цэргийн ёсыг төсөөлөхгүй,
Дарсан хаалгыг гэдрэг нээж зам тавин өгчээ.
Түүнээс мөн орой шар бүрий тасарсан хойно, Сүн Жян-ын цэргийн Ли Күй, Фань Руй нар цэрэг авч хотын хаалган доор ирж өдөөн хараасанд, Дүн Сянь Ши Лан бээр Яо Эл Вэй Кан-г илгээн цэрэг морийг шаардаж, хотын хаалгыг шувтлан байлдуулсугай хэмээгээд унуул гүүрийг тавиулан, хотын хаалгыг нээлгэж, цэрэг гартал, Ли Күй, Фань Руй, Бао Сюй, Сян Чүн, Ли Гүнь зэргийн таван жанжин мянга илүү явган цэргийг авч унуул гүүрийн доор үхэхвэр байлдуулсанд, Ляо улсын цэрэг жанжин хэрхэн хот гарч чадах аж. Тэр үед, Лин Жэнь бас буу тавихаар бэлтгэн, ганц цаг болохыг хүлээх бөгөөд хот дээрээс зэв харвуулсанд, бамбай халхавч барьсан цэргийн ард зэвийг хашин халхалж, Бао Сюй бас цэргийн ард сүр нэмж хашхирах тул, энэ мянга илүү цэргийн сүр хүч түмэн хүмүүнд тэнцмүй. Төдийд Дүн Сянь Ши Лан хот хайсан дээрээс үзвээс, Ляо улсын цэрэг морь хотын хаалгыг шувтлан гарч болохгүй болсонд, яаран Чу Мин Юй, Цао Мин Жий-г дуудан усан хаалтыг нээж байлдааны онгоцыг тавин илгээ хэмээв. Тэр үед, Сүн улсын усан цэргийн түрүүчүүд, хэдийн онгоцонд бие далдлан гар хөдлөхөөр бэлтгэж асан бөлгөө. Усан хаалт нэгэнтээ нээгдэж байлдааны онгоцыг усанд тавин оруулсанд, Лин Жэнь мэдээг олж, галт бууг тавив. Буун дуу мандахын сацуу, хоёр хажуугийн байлдааны онгоц сумдан урагшилж Ляо улсын онгоцыг тосон авсанд, зүүн этгээдээс Ли Жюнь, Жан Хэн, Жан Шүнь нар, баруун этгээдээс Руань овгийн ах дүү гурвуул байлдааны онгоцыг сэлж хулгайн онгоцны зүг алан оров. Төдийд Ляо улсын жанжин Чу Мин Юй, Цао Мин Жи хоёул, Сүн улсын байлдааны онгоц хойно хойноос хүрч ирэхийг үзээд лав бүгсэн цэрэг байхуузай хэмээн яаран онгоц толгойг залж эгсүгэй хэмээтэл Сүн улсын усан замын цэрэг хэдийн онгоцон дээр үсрэн гарч ирсэн тул аргагүй хөвөөнд гарч буруулсанд, Сүн улсын цэргийн зургаан жанжин, усан хаалтыг булаан авч, хаалт сахих цэргийг алж сарниулав. Чу Мин Юй, Цао Мин Жи хоёул арай хэмээн амь мултарч буруулан эчив. Төдийд, усан хаалтын хажууд дохионы гал мандсанд, Лин Жэнь бас үхэр буунд гал золгуулснаа, буун дуу тэнгэр нурж газар цөмрөх мэт түрчигнэсэнд, Дүн Сянь Ши Лан, биеийн сүнс биед үгүй болтол айв. Тэр үед, Ли Күй, Фань Руй, Бао Сүй нар бамбайт цэргийн Сян Чүн, Ли Гүнь нарыг авч хотын дотор алан орсонд, Дүн Сянь Ши Лан, Яо Эл Вэй Кан хоёул хотын хайсан дээрээс үзвээс хотын хаалга нэгэнтээ булаагдан, Сүн улсын цэрэг дөрвөн замаар алан ирэх тул мэндэн сандан морь унаж, хотыг гээж, хойд хаалгаар буруулан гараад, дэмий хоёр газар явсангүй. Дам илдэт Гуань Шэн, ирвэсийн тэргүүт Линь Чүн хоёул эчих замыг нь тосжээ. Энэ үнэхээр: - Тэнгэрийн торыг нэгэнтээ бүрхсэнээр алхах газаргүй болж, газрын өөшийг хэдийн дэлгэснээр амь мултрахуйяа бэрх болжээ. Эгнэгт Ляо улсын жанжин Дүн Сянь Ши Лан хэрхэн бие мултрахыг мэдсүгэй хэмээвээс түр доорд бүлэгт үзтүгэй.
Сэтгэгдэл ( 0 )