Сүн улсын Хүйтэн уулын бичиг | 84 дүгээр бүлэг

Автор | Zindaa.mn
2021 оны 12 сарын 24

Хятадын дөрвөн их сонгодог зохиолын нэгэн болох "Хүйтэн уулын бичиг" хэмээх 100 бүлэг зохиолыг Дундад эртний үеийн Хятадын алдарт бичгийн хүн Ши Най Ань түүхэн үйл явдалд тулгуурлан туурвижээ.

Зохиолын үйл явдал Хятадын Умард Сүн улсын үед өрнөх агаад адал явдал, зовлон зүдгүүр туулсан 108 баатар эр Ляньшань ууланд хувь заягаар учран цугларч, гадаадын дайсан ба дотоодын урвасан хулгай, зальхай ноёдын эсрэг тэмцэж буйг уран яруугаар харуулсан юм.

Зохиолын уг нэр "Усан хөвөөний шастир" бөгөөд монголчууд эртнээс "Хүйтэн уулын бичиг" хэмээн нэрийдсээр ирсэн билээ. Энэхүү сонгодог зохиолыг Монгол Улс дахь БНХАУ-ын Элчин сайдын яамны зөвшөөрөлтэйгөөр уншигч танд хүргэж байна.
 

  • Зохиогч: Ши Най Ань
  • Хөрвүүлэгч: Д.Уртнаст
  • Редактор: В.Уянга, Сьү-Шаа

СҮН ГҮН МИН ЦЭРГИЙГ ХУВААЖ ЖИЖОУ ХОТЫГ СУНДАЛСАН ЛҮ ЖЮНЬ И ОЛНЫГ АВЧ ЮЙ ТЯНЬ СЯНЬ-ИЙГ БАЙЛДСАН

Өгүүлэх нь Ляо улсын их жанжин Дүн Сянь Ши Лан Таньжоу хот нэгэнтээ эвдэрснийг үзээд, мэндэн сандан хойд хаалгыг шурган гарч, дэд жанжин Яо Эл Вэй Кан-ын хамт зам тэмцэн буруулан эчтэл түв хэмээн Линь Чүн, Гуань Шэн-д учирснаа хаанаас байлдах сэтгэл байх аж. Нэгэн зэрэг цэрэг дарагдан, амь тавин буруулсанд, Гуань Шэн, Линь Чүн нар бас хотыг олсугай хэмээн хараахан яарч асан тул цааш нэхэмжилсэнгүй, хотын хаалгыг чиглэн эчив.

Түүнээс Сүн Жян цэрэг морийг авч Таньжоу фү-д ороод, хулгайн цэргийг хөөн сарниулж, нэгэнтээгүүр зар бичиг наан зуун овогтныг илбэн тохруулж, цэргийн ардад иргэнийг үсэн төдий халдаж болохгүй хэмээн зарлаж байлдааны онгоцыг хураамжлан хотод оруулсан хойно, нөгөөтээгүүр гурван замын цэрэг морийг хүндэд шагнан, Ляо улсын хуучин түшмэлийн доторх нэр сүртэй хүмүүнийг уг ёсоор тушаалд үлдээн хэрэглэж, нэр сүргүй хүмүүнийг хотоос гаргаж алс холын элсэн цөлд илгээгээд, хаан эзэнд сэвтгүүл довтолгон, Таньжоу хотыг олж, яаман сангийн алт мөнгө эд эрдэнийн зүйлийг хураамжилж Жин балгаснаа хүргэв хэмээн айлтгаад, бичиг үйлдэн Су Тайюй-д бариулж цэргийн үйлийг эзэн хаанд айлтган сонсгому хэмээн гуйв.

Түүнээс тэнгэрийн хөвүүн айлтгалыг сонсоод, луун царай өөд болж, Дунжин фү-ийн нийлэн мэдэгч түшмэл Жао Ань Фү-д зарлиг буулган хоёр түмэн шадар цэрэг өгч, байлдааны үйлийг захируулахаар илгээсэнд, Сүн Жян нар мэдээг олж, олныг дагуулан хотын хаалга гарч угтан аваад Таньжоу хотод залан оруулж юаньшуай-н яамыг түр энд байрлуулан олон жанжныг дуудаж золгуулав. Угт энэ Жао Ань Фү болбоос хааны угсаа болохын дээр хүмүүн нь өршөөл журамтай, хэрэг учирт шударга голч тул Су Тайюй тухайлан эзэн хааны өмнө айлтган баталж, байлдааны үйлийг захируулахаар хязгаарт илгээсэн ажгуу. Түүнээс Жао Ань Фү-ийн бие, Сүн Жян-ын уудам өршөөлтэйг үзээд өвчүү цээжнээ их л баярлаж: - Олон жанжин сэтгэлийг зүдээн, хуяг цэрэг биеийг чилээж байхыг эзэн хаан сонсоод, тухайлан доорд түшмэл намайг зарж, байлдах үйлийг захируулах тушаалд хэрэглэн, олон жанжинд алт мөнгө эд эрдэнэсийн зүйлийг хорин таван тэрэг шагнав. Тасархай гавъяа байваас эзэн төрд айлтган мэдүүл. Эзэн хаан эрхгүй зэрэг хэргэм өргөмжилж, хишиг пүнлүү хүртээмүй. Жанжин эдүгээ нэгэнтээ нэгэн жоу-ын газрыг олсон тул, доорд түшмэл би эзэн төрд дахин өргөн айлтгасугай. Олдохул олон жанжин шударгыг гүйцээн хүчлэн зүтгэж, эрт өдөр их гавъяаг бүтээн, эзэн хотноо эгвээс эзэн хаан эрхгүй хүндэд хэрэглэх болой хэмээхүйеэ Сүн Жян нар хишигт мөргөж: - Гэгээн гүнгийн бие Таньжоу фү-г дарангуйлан сахигтун. Бага жанжин би цэрэг хуваан Ляо улсын чухал жюнь жоу-г байлдаж, түүнийг толгой сүүлээ харилцан хамгаалж чадахгүй болгосугай хэмээгээд нэгэнтээгүүр илтгэл бичиж олон жанжны гавъяаг тэмдэглээд, эл замын цэрэг моринд Ляо улсын жюнь жоу-г байлдмуй хэмээн цааз зарлав. Төдийд, Ян Сюн айлтган өгүүлрүүн: - Эндээс урагшилбаас Жижоу фү-ийн ойр хүрэх бөлгөө. Жижоу фү хэмээгч ар Ляо улсын нэгэн их жюнь-ий газар болох бөгөөд амуу тариагаар үлэмж, эд ашгаар баялаг тул Ляо улсын сан хөмрөг мэт газар болой. Хэрвээ Жижоу фү-г байлдан олбоос, өөр газрыг олоход хялбар болмуй хэмээсэнд Сүн Жяних л баярлан, цэргийн багш Ү Юн-г дуудан, цэрэг орох үйлийг зөвлөв.

Жич өгүүлэх нь, Дүн Сянь Ши Лан бээр Яо эл Вэй Кан-ын хамт, ас зүүн зүгийг чиглэн амь тавин буруулан явтал, Чу Мин Юй, Цао Мин Жи бас дийлэгдсэн цэргийг авч өмнөөс ирсэнд, Ляо улсын жанжин цэрэг, Жижоу фү-ийн хотод орж, хааны дүү их ван Е Люй Дэ Жүн-д золгож гашуудан өгүүлрүүн: - Сүн Жян-ын цэрэг жанжны сүр хүч нэнд их бөгөөд жагсаалд бас нэгэн чулуун мөхлөг хэрэглэх хүмүүн баймуй. Тэр хүмүүн зуунтаа цохивоос зуунтаа онож, огт хоосон гаргахгүй. Чулуун мөхлөгөөр хүмүүнийг занчихад маш цагаарчээ. Хааны хоёр ач ба бага жанжин А Ли Чи-г цөм энэ хүмүүн занчин алав хэмээсэнд, их ван Е Люй Дэ Жүн өгүүлрүүн: - Тийн бөгөөс чиний бие түр намайг туслан хулгайг байлдагтун" хэмээх үг барахын урьд, харуулын ард нисэх мэт довтлон ирж: - Сүн Жян цэрэг морийг хоёр зам хувааж, нэгэн зам нь Пин Юй сянь-ийг байлдан, нөгөө зам нь Юй Тянь сянь-ийг дайлж, манай Жижоу фү-ийн зүг халдахаар ирэв хэмээсэнд, их ван Е Люй Дэ Жүн бээр Дүн Сянь Ши Лан-ын зүг өгүүлрүүн: - Чиний бие харъяат цэргийг авч Пин Юй сянь-ий амыг сахитугай. Хулгай лугаа битгий байлдагтун. Би өөрийн харъяа цэргийг дагуулан урьдаар Юй Тянь сянь-ий хар хятадыг байлдсан хойно Пин Юй сянь-ий хулгайн хойноос сундалбаас хулгай хэдий жигүүр ургавч дутааж чадахгүй болой. Би эдүгээ Бажоу Юйжоу хоёр газар хүмүүн зарж туслах цэрэг авуулахаар илгээсүгэй хэмээв. Угт, энэ Е Люй Дэ Жүн болбоос ар Ляо улсын эзний дүү боох бөгөөд тухайлан Жижоу фү-г сахиж суусан ажгуу. Түүнд дөрвөн хөвүүн баймуй. Их хөвүүний нэр Зүн Юнь, дэд хөвүүн Зүн Дянь, гуравдугаар хөвүүн Зүн Лэй, бага хөвүүний нэрийг Зүн Линь хэмээх бөгөөд гарын доор арван хэдэн баатар жанжин байх бөлгөө. Цэрэг морийг ерөнхийлөн захирах жанжны нэр нь Бао Ми Шэн хэмээмүй. Дэд жанжны нэр нь Тянь Шань Юн хэмээмүй. Эдүгээ цөм Жижоу фү-г сахих бөлгөө. Тэр үед их ван Е Люй Дэ Жүн цэрэг морийг ерөнхийлөн захирах жанжин Бао Ми Шэн-г дуудан хотыг сахиулж, өөрийн биеэр дөрвөн хөвүүн жич дэд жанжин Тянь Шань Юн-г дагуулан Юй Тянь сянь-ий зүг нисэх мэт довтлон эчив.

Төдийд Сүн Жян цэргийг удирдан Пин Юй сянь-ий ойр ирж үзвээс, Ляо улсын цэрэг боомтыг бэхлэн сахих тул аймшиггүй цэрэг орсонгүй, Пин Юй сянь-ий баруун этгээдэд цэрэг буудаллав.

Түүнээс Лү Жюнь И-ийн бие олон жанжныг дагуулан гурван түмэн цэрэг морийг авч Юй Тянь сянь-ийг чиглэн ирвээс Ляо улсын цэрэг морь хэдийн ойр болж ирсэн тул мэргэн Жюньши цэргийн багш Жү Ү-г дуудан ийн асууруун: - Эдүгээ бид Ляо улсын цэрэгт ойр болсон боловч харийн улс хүний газрын байцыг мэдэхгүй. Ямар арга үүсгэвээс олж болмуй? хэмээхүйеэ Жү Ү өчрүүн: - Миний мунхаг бодлогоор болбоос түүний газрын байцыг мэдэхгүй тул эл замын цэргийг урагш оруулахгүй бөгөөс зохимуй. Цэрэг морийг тэгшлэн урт могойн жагсаал жагсаж сүүл толгойг харилцан хамгаалж, хөндлөн гулд улируулан хувьсгаваас газрын байдлыг мэдэхгүйд хараахан зовнихгүй болмуй хэмээхүйеэ Лү Жюнь И: - Цэргийн багшийн үг чив хэмээн миний санаанд нийлэв хэмээгээд цэрэг жанжныг шаардан урагш ирж үзвээс, Ляо улсын цэрэг үерийн ус түлхлэх мэт ирмүй. Үзвээс:

Цагаан тоос хуйлран босож, хар манан эгэлдрэн бүрхжээ. Бүргэд дэвдэрсэн бараан туг хөвөх үүлийг хөшиглөөд, боомт шувтлах ажнай хүлэг алах уур дэгдээжээ. Өргөн саравчит хар малгай, өрнө салхинаа сажлан нахилзах лянхуан түмэн хэлтэс, төмрөөр давтсан дуулганы орой, түмэн газрын их мөрөнд царцан хөлдсөн наран. хүмүүн бүр хуягийн энгэрийг буруу хэдрээд, хуяг цэрэг тэлэн бүсийг мөрнөө эгэлдрэглэжээ. Ган хараахан хуягийг давхарлан өмсөж, гайхамшигт магнаг дээлийг гадуураа хэдэрчээ. Харийн цэрэг хэцүү сүртэй, хар царай хөх нүд шар сахал өнгө ялгаран, өндөр мундаа өргөн ташаатай агтан дээр өрөөсөн сүүжээр суулцмуй. Ангир ямааны эврээр элэглэсэн нум, адар элсний бургасаар ишилсэн сум зүүж, босоо бүүрэгтэй хавчиг эмээл тохжээ. Хязгаар орноо төрсөн хүмүүс хатуу нуманд мэргэшиж, ар газраа өссөн ард агт моринд цагаарсан аж. Хүрэл гуулин хэнгэргийг цэргийн өмнө дэлдэн, хулс зэгсэн бүрээг хүлгийн дээр үлээжээ.

Түүнээс Ляо улсын их ван Е Люй Дэ Жүн-ийн бие цэрэг авч Юй Тянь сянь- ийг өмөглөн байлдахаар ирээд цэрэг морийг улируулан хэрэглэж жагсаал жагсав. Цэргийн багш Жү Ү үүлэн шатанд авирч нэгэн зэрэг нарийвчлан үзсэн хойно Лү Жюнь И-ийн зүг өгүүлрүүн: - Хулгайн тэр жагсаалыг таван барс уулыг түших жагсаал хэмээмүй. Гайхалтай юм бус хэмээгээд цэрэг зарлах тайзанд гарч, зарлигийн тугийг сажин, цэрэг морийг ангилан хувааж, зүүн барууныг улируулан хувьсгаж, нэгэн жагсаал жагсаасанд Лү Жюнь И нэгэн зэрэг нарийвчлан үзээд таньсангүй асууруун: - Энэ ямар жагсаал болов? хэмээхүйеэ Жү Ү өгүүлрүүн: - Үүнийг таянга загасан гарди хувилах жагсаал хэмээмүй хэмээсэнд Лү Жюнь И бас асууруун: - “Таянга загсан гарди хувилмуй” хэмээгч юун? хэмээвээс Жү Ү өгүүлрүүн: - Умард далайд таянга хэмээх их загас баймуй. Гарди хувилан чадах бөгөөд нэгэнтээ нисвээс есөн түмэн газар хол нисэх бөлгөө. Миний жагсаасан энэ жагсаалыг гэнэт үзвээс нэгэн бага жагсаал мэт боловч, байлдах үед улируулан хувьсгаваас их жагсаал болох тул нэрийг “Таянга загасан гарди хувилах жагсаал” хэмээмүй хэмээхүйеэ Лү Жюнь И дахин дахин магтав.

Тэр үед, Ляо улсын цэрэг нэгэн зэрэг харанга хэнгэрэг дэлдэж, туг дэлгэмэгц их ван Е Люй Дэ Жүн зүүн баруун этгээдэд дөрвөн хөвүүнийг дагуулж жагсаалаас гарав. Хуягласан нь нэгэн адил. Үзвээс:

Тэргүүнд зэв нэвтрэхгүй төмөр дуулгыг дарж, түүний оройд хар бөмбөглөг унжлагат соновтор хийсгэжээ. Биедээ эрдэнийн тольт удан навчин ширээт мяндсан хуягийг хэдрэн, бэлхүүсэндээ арслан магшсан алтан бүсийг бүсэлжээ. Хөлдөө бүргэдийн хоншоорт эртгэр гутлыг өшиглөн, гадуураа луут магнагийг хэдэрчээ. хүмүүн бүр хатуу нум хүчит зэвийг агсан, сийлбэрт эмээлтэй хурдан хүлэгт мордоод, сүүжиндээ хурц сэлэм ирт сэлмийг суйрч, гартаа өргөн ирт илд барьжээ.

Үзвээс, Ляо улсын хааны дүү их вангийн бие, дөрвөн хөвүүний хамт хоёр мөрөн дээрээ цөм бараан залгаатай гэрэлт толь зүүж, морь унан илд далайж жагсаалын өмнө зогссон бөгөөд түүний ард бас олон жанжин давхар давхар жагссан ажгуу. Төдийд, Ляо улсын их вангийн хөвүүн, дөрвөн залуус жанжин их дуугаар харааж өгүүлрүүн: - Таны зэргийн уст нуурын хулгай ямар аймшиггүй манай улсын хязгаарт халдмуй хэмээсэнд Лү Жюнь И: - Хэн гарч хулгайг баримуй?" хэмээх үг барахын урьд баатар жанжин Гуань Шэн хөх луут дам илдийг далайж, морь хийсгэн жагсаалын өмнө гарсанд, залуус жанжин Е Люй Зүн Юнь, илд бүжиглэн морь ташуурдан Гуань Шэн-г угтан аваад, дөрөв таван удаа зөрөлдтөл Е Люй Зүн Линь бас илд даллан ахыг туслахаар ирэхүйеэ, Хү Яньжуо хос ташуурыг өргөн угтан авав. Ляо улсын жагсаалаас Е Люй Зүн Дянь, Е Люй Зүн Лэй ах дүү хоёул илд эргүүлэн морин жолоо дарж жагсаалаас гарсанд, Сүн улсын жагсаалаас Сюй Нин, Суо Чаохувь хувийн зэвсгийг өргөн угтан орсонд, дөрвөн хос жанжны алах уур аюулхайд мандан, атган зэвсэг өргөлцөн, ар өврөөр нийлж, агт хүлгийг ташуурдан зууралдан байлдав.

Төдийд, дөрвөн жанжин хараахан зууралдан байлдаж бүхийд, өдгүй сумт Жан Чин олны араас сэмээр морь ташуурдан ирсэнд, Ляо улсын жагсаал доторх Таньжоу-аас буруулан эчсэн цэргийн ард Жан Чин-г таньж яаран их ван Е Люй Дэ Жүн-ийн зүг өгүүлрүүн: - Энэ ирэх ногоон магнаг өмссөн хар хятад болбоос түв хэмээн чулуун мөхлөг зарах хүмүүн болой. Эдүгээ морь тавин ирснээр үзэхүл эрхгүй урагш өдрийн эрдмийг зарсугай хэмээмү хэмээсэнд Тянь Шань Юн өгүүлрүүн: - Их ван сэтгэлийг сул болго. Энэ хятадад би нэгэн зэвийн амт үзүүлсүгэй хэмээв. Үзвээс, энэ Тянь Шань Юн болбоос морин дээр холховч нум зарахад цагаарсан бөгөөд нэгэн тохой урт халуун өдөт төмөр зэвийг хэрэглэх тул "Нүдэнд үзэгдэхгүй намнаач" хэмээмүй.Түүнээс Тянь Шань Юн хоёр дэд жанжныг өмнөө оруулан халхавч болгож, ард үүрсэн саадаг нумыг авч жагсаалын өмнө гарч ирсэнд, Жан Чин нүд гярхай тул урьдаар олж үзээд гарт барьсан чулуун мөхлөгийг цохин илгээж "Зэвсэг үз! хэмээн хашхирсанд, Тянь Шань Юн яаран бие хэлбийн зайлтал чулуун мөхлөг хэдийн дуулганы орой дээгүүр жавар татан өнгөрөв. Тянь Шань Юн дэд жанжны ард халхлан нуман хөвчийг дүв дүгрэг болтол татаад, зэв онилон, ойр хүрч ирсэн Жан Чин-г заан харван илгээсэнээ Жан Чин-ийн улаан хоолой оногдож, аяа хэмээн бархиран мориноос тонгорцоглон унасанд хос жадат Дүн Пин, есөн луут Ши Жинь яаран Се Жэнь, Се Бао-г авч үхэхвэр байлдан Жан Чин-г тэнхрүүлж жагсаалд эгэв. Лү Жюнь И их л сандран өмнөш ирж зэвийг сугалан авсанд улаан цусан урсаж зогсохгүй тул дээлний энгэрийг урж ороогоод, Зоу Юань, Зоу Рүнь ах дүү хоёулыг дуудан Жан Чин-г тэргэнд хэвтүүлж, үтэр түргэн Таньжоу фү-д хүргэж амьд оточ Ань Даочуань-аар эмнэн засуултугай хэмээн илгээв.

Түүнээс тэргийг илгээгээд дэмий удсангүй, жагсаалын өмнө бас хашхирах дуу мандсанд, харуулын ард дотогш ирж: - Баруун хойноос нэгэн багийн цэрэг морь нисэх мэт довтлон ирж, үг өчихгүй зүүнш баруунш цавчлан шууд жагсаалын дунд алан оров хэмээн мэдүүлсэнд, Лү Жюнь И угаас Жан Чин-ийн шархдсаныг үзээд байлдах сэтгэл үгүй болж байтал Сүн улсын дөрвөн жанжин бас хуурмагаар дийлэгдэгч болон хойш буруулан эчив. Тэр үед, Ляо улсын дөрвөн бага жанжин цэргийг тохин нэхэн орсонд, баруун хойноос алан ирсэн Ляо улсын цэрэг бас цусан зам гаргаж байлдсанаа, Ляо улсын цэргийн сүр нэнд бадарч, уул нурж үер түлхлэх мэт даран ирэхүйеэ, Сүн улсын цэрэгт хаанаас жагсаалыг улируулах зэв байх аж. Гурван замын олон жанжин хойно өмнийг хамгаалан чадахгүй, хэд хэд тасрав. Лү Жюнь И ганц биеэр цусан зам гарган жагсаалыг шувтлан гартал хэдийн нар унаж бүрий тасрав. Төдийд Лү Жюнь И зам эрэн буруулан эчтэл чив хэмээн Ляо улсын дөрвөн бага жанжинд тохиолдсоноо огт эмээн сүрдсэнгүй, ганц биеэр дөрвөн хүмүүнийг тул нэгэн цаг хиртэй болоод гэнэт хоосныг цавчин буруулан эчихэд Е Люй Зүн Линь илд даллан нэхэмжлэн ирсэнд, Лү Жюнь И их дуугаар зандарсанд хулгайн жанжин балаг алдаж барьсан зэвсэг самуурснаа Лү Жюнь И түүнийг мориноос жадлан унагав. Нөгөө гурван жанжны царайн өнгө шороо мэт болж их л гэлмэн, байлдах сэтгэлгүй болоод морин жолоо даран буруулан эчихүйеэ,Лү Жюнь И мориноос буун Е Люй Зүн Линь-ий тэргүүнийг цавчин аваад морины хүзүүнд уяж, өмнөш эчтэл бас Ляо улсын мянга илүү цэрэгт тохиолдсоноо Лү Жюнь И зүүнийг заан барууныг жадлан цусан зам гарган алан орсонд Ляо улсын цэрэг зүг зүгтээ бутран сарнив. Лү Жюнь И морь ташуурдан дэмий хэдэн газар явсангүй өмнөөс бас нэгэн анги цэрэг зам хөндөлсөн гарч ирэв.

Тэр шөнө саран бүрхэг тул хаанах цэрэг морийг танихгүй, хэлэлцэхийг сонсвоос Сүн улсын хүмүүн мэт тул Лү Жюнь И асууруун: - Ирэх жанжин хэн болов? хэмээхүйеэ Хү Яньжуо хариу дуу гарсанд, Лү Жюнь И алсхийн баярлаж, цэрэг морийг нийлүүлсэнд Хү Яньжуо өгүүлрүүн: - Ляо улсын цэрэгт дарагдаж хойно өмнийг өмөглөн чадахгүй болсноо бага жанжин миний бие Хань Тао, Пин Чи-ийн хамт жагсаалыг шувтлан энд хүрч ирэв.

Олон жанжин хааш эчсэнийг мэдэхгүй хэмээсэнд Лү Жюнь И өгүүлрүүн: - Миний бие Ляо улсын дөрвөн залуус жанжин лугаа хүчлэн байлдаж нэгнийг нь жадлан унагасанд нөгөө гурав нь дутаан эчжээ. Сүүлээр бас Ляо улсын мянга илүү цэрэгт учирч, алан сарниулж энд хүрч ирээд санасангүй жанжин лугаа уулзав хэмээгээд хоёул зуузай холбон олныг дагуулж өмнөш эчив. Дэмий арваад газар явсангүй, өмнөөс бас нэгэн анги цэрэг морь зам тоссонд, Хү Яньжуо өгүүлрүүн: - Харанхуй шөнө хутган лаж болохгүй. Тэнгэр гэгээрэхийг хүлээж тэр үед үхэхвэр байлдваас болмуй хэмээхүйеэ өмнөөс ирэх цэргийн дотор нэгэн хүмүүн их дуугаар: - Ирэх жанжин Хү Яньжуо бус уу? хэмээн хашхирсанд, Хү Яньжуо дууны өнгийг чагнаваас дам илдэт Гуань Шэн асан тул: - Дэд Сянь фэн Лү Жюнь И энд баймуй хэмээн дуудав. Төдийд олон хүмүүн уулзан золгож мориноос буун, өвст талд сууж хөл амрахуйяа, Лү Жюнь И, Хү Яньжуо хоёул хувь хувийн үйлийг гаргаж хэлсэнд Гуань Шэн өгүүлрүүн: - Хулгайд дарагдаж, хойно өмнийг хамгаалан чадахгүй болсонд би, Сюань Зан, Хао Сывэнь, Шань Тингүй, Вэй Дингуо нарын хамт зам эрэн явсаар мянга илүү цэргийн ардыг хураамжилж, энд хүрч ирэв. Газрын байцыг мэдэхгүй тул түр бие далдалж тэнгэр гэгээрсэн хойно эчсүгэй хэмээж атал санамсаргүй ахад золгов хэмээгээд бие амарч гэгээ шарлуулсан хойно, өмнөх замыг өлгөн явсаар Юй Тянь сянь-ий ойр болсонд, өмнөөс бас нэгэн анги цэрэг морь хүрч ирэв. Үзвээс хос жадат Дүн Пин, нисэх жадат Сюй Нин асан ажгуу. Төдийд, Дүн Пин, Сюй Нин хоёул зэргээр өгүүлрүүн: - Ляо улсын цэрэг морийг алан сарниулж, олон жанжин Юй Тянь сянь-д орж, дэд Сянь фэн чамайг хүлээж баймуй. Хоу Жянь, Бай Шэн хоёулыг Сүн Гүн Мин-д мэдээ хүргэхээр илгээв. Ганц Се Жэнь, Се Бао, Ян Линь, Ши Сю дөрвөн жанжин хүрч ирээгүй хэмээхүйеэ Лү Жюнь И цэргийг тохиж, Юй Тянь сянь-ий хязгаарт оруулан хуяг жанжныг бүртгэн үзвээс бас таван мянга илүү хүмүүн дутуу тул, сэтгэлийн дотор битүүрэн зовов. Могой цагийн үед харуулын ард дотогш ирж: - Се Жэнь, Се Бао, Ян Линь, Ши Сю дөрвөн жанжин хоёр мянган цэргийг дагуулж ирэв хэмээсэнд Лү Жюнь И дуудан оруулж асууваас Се Жэнь өгүүлрүүн: - Бид дөрвүүлж шувтлан гарч бартаат газар гүн ороод, зам төөрөн явтал энэ өглөө бас Ляо улсын цэрэгт учирч, ихэд байлдаад сая энд хүрч ирэв хэмээсэнд Лү Жюнь И бээр Е Люй Зүн Линь-ий тэргүүнийг Юй Тянь сянь-д өлгөн цээрлэл болгоод, гурван замын цэрэг морь жич хот доторх зуун овогтныг илбэн тохруулав.

Бүрий тасрах үед, хуяг цэрэг хараахан бие амарсугай хэмээж атал харуулын ард дотогш ирж: - Ляо улсын цэрэг хэдий ирснийг мэдэхгүй. Сянь-ий хотыг бүсэлж авав хэмээн мэдүүлсэнд Лү Жюнь И их л хиртхийж, Янь Чин-г дагуулан хотын хайсан дээр гарч үзвээс, галын гэрэл тэнгэр тулж, арваад газар үргэлжилжээ. Галын гэрэлд, нэгэн залуус жанжин морь тавин нааш цааш давхиж, гурван замын цэргийг шаардан байлдуулмуй. Үзвээс, тэр хүмүүн өөр хүмүүн бус, түв хэмээн Е Люй Зүн Юнь асан ажгуу. Төдийд Янь Чин өмнөш зааж өгүүлрүүн: - Өчигдөр Янь Чин түв хэмээн түүний хулгай суманд оногдов. Энэ өдөр би бас түүнд хариу ёсыг хийсүгэй хэмээгээд холховч нумыг дүв дүгрэг болтол татаад, зэв онилон харваснаа тэр зэв чив хэмээн Е Люй Зүн Юнь-ий хамрыг оносон тул аяа хэмээн дуу алдаж агт хүлгээс саван унав. Цэргийн ард яаран өмнөш ирж тэнхрүүлэн авбаас Е Люй Зүн Юнь-ий бие муужран мэдээ алдаж сэргэхгүйд Ляо улсын цэрэг таван газар ухрав.

Тэр үед Лү Жюнь И бээр сянь-ий яаманд гарч олон жанжин лугаа зөвлөж өгүүлрүүн: - Хэдий нэгэн зэв харваж Ляо улсын цэргийг түр ухруулсан боловч, тэнгэр гэгээрсэн хойно эрхгүй сянь-ий хотыг салхин жавар нэвтрэхгүй болтол бүслэн хаамуй. Хэрхвээс сая хүмүүнд хаагдсанаас гарч чадмуй? хэмээхүйеэ Жү Ү өгүүлрүүн: - Ах Сүн Гүн Мин манай хаагдсаныг сонсвоос эрхгүй өмөглөн тэнхрүүлэхээр ирэх тул тэр үед гадна дотноос хавсран байлдваас сая энэхүү зовлонгоос хэлтэрч болмуй хэмээв. Төдийд, олон хүмүүн хүлээсээр гэгээ оруулсан хойно хотын хайсанд гарч үзвээс, Ляо улсын цэрэг улам нэмэгдсээр, дөрвөн зүг найман зовхисыг хэдийн салхин жавар нэвтрэхгүй болтол бүслэн хаажээ. Дэмий удсангүй, зүүн өмнө зүгээс барманусын тоос дэгдэн, түм илүү цэрэг морь гарч ирсэнд, Сүн улсын олон жанжин нүд өргөн ирэх цэргийг бараалахад, Жү Ү өгүүлрүүн: - Энэ эрхгүй Сүн Гүн Мин цэрэг аван ирэх нь болой. Бид бас цэрэг морийг дуусган авч, өмнө зүгт байлдан гарсугай хэмээв.

Тэр үед Ляо улсын црэг жанжин, луу цагаас хонин цаг болтол байлдаж, хараахан бие зүдрэн унаа чилж асанд, Сүн улсын цэрэг морь байлдан орсноо, тулан чадахгүй болж, зүг зүгт сарнин эчихүйеэ, Жү Ү өгүүлрүүн: - Хулгайн цэргийг нэхэмжлэхгүй бас ямар цагийг хүлээмүй хэмээхүйеэ Лү Жюнь И хотын дөрвөн хаалгыг цайтал нээлгэж, цэрэг морийг дуусган авч, хот гарч нэхэн байлдсанд, Ляо улсын цэрэг их л дарагдан, толгой сүүл тасарч, од харван үүл сарних мэт дөрвөн зүг найман зовхист буруулан эчив. Сүн Жян бас цэргийг тохиж мохтол алуулсан хойно харанга цохиж цэрэг хураан, Юй Тянь сянь-д орж, Лү Жюнь И-д золгон, Жижоу фү-г байлдах үйлийг зөвлөн тогтоогоод, цааз зарлан Чай Жинь, Ли Ин, Ли Жюнь, Жан Хэн, Жан Шүнь, Руань овгийн ах дүү гурвуул, Ван Ин, Ху Саньнян, Сүнь Синь, Гу Да Сао, Жан Чин, Сүнь Эл Нян, Пэй Сюань, Сяо Ран, Сүн Чин, Юэ Хэ, Ань Даочуань, Хуан Фү Дуань, Тун Вэй, Түн Мин, Ван Дин Лю зэргийн жанжныг элч Жао Ань Фү-ийн хамт Таньжоу хотод үлдээн хотыг сахиулж, үлдсэн жанжныг зүүн баруун хоёр зам хуваав. Их Сянь фэн Сүн Жян өөрийн биеэр цэргийн багш Ү Юн, Гүн Сүньшэн, Линь Чүн, Хуа Рүн, Чинь Мин, Ян Хи, Хуан Синь, Жү Түн, Лэй Хэн, Лю Тан, Ли Күй, Лү Жишэнь, Ү Сүн, Ян Сюн, Ши Сю, Сүнь Ли, Оу Пин, Дэн Фэй, Люй Фан, Гуо Шэн, Фань Руй, Бао Сюй, Сян Чүн, Ли Гүнь, Мү Чүнь, Күн Мин, Күн Лян, Янь Шүнь, Ма Линь, Ши Энь, Сюэ Юнь, Сүн Вань, Ду Чянь, Жу Гүй, Жү Фү, Лин Жэнь, Тан Лун, Цай Фү, Цай Чин, Дай Зүн, Жян Жин, Жинь Да Жянь, Дуань Жин Жү, Ши Чянь, Юй Баосы, Мин, Кан зэргийн дөчин долоон жанжныг авч зүүн замын цэрэг морийг захиран, дэд Сянь фэн Лү Жюнь И-ийн бие мэргэн Юаньши Жү Ү, Гуань Шэн, Хү Яньжуо, Дүн Пин, Жан Чин, Со Чао, Сюй Нин, Янь Чин, Ши Жинь, Се Жэнь, Се Бао, Хань Тао, Пэн Чи, Сюань Зан, Хао Сывэнь, Шань Тингүй, Вэй Дингуо, Чэнь Да, Ян Чүнь, Ли Жүн, Жоутун, Тао Зүнван, Жэн Тяньшоу, Гүн Ван, Дин Дэсүнь, Зоу Юань, Зоу Рүнь, Ли Ли, Ли Юнь, Жяо Тин, Ши Юн, Хоу Жянь, Ду Син, Цао Жэн, Ян Линь, Бай Шэн зэрэг гучин долоон жанжныг дагуулан Жижоу фү-г хавчин байлдмуй хэмээн цааз зарласан хойно, Сүн Жян цэргийг дагуулан Пин Юй сянь-аас мордов. Лү Жюнь И цэргийг авч Юй Тянь сянь-аас гарав. Эзний элч Жао Ань Фү хорин гурван жанжныг үлдээн Таньжоу фү-г батлан сахихыг түр өгүүлэхгүй.

Өгүүлэх нь Сүн Жян цэрэг морийг авч хэдэн өдөр зам хөөж жанжин цэргийн бие зүдэрсэн тул түр амруулж, өвчүү цээжиндээ Жижоу фү-г байлдах аргыг хэдийн бодож тогтоогоод, Таньжоу фү-д хүмүүн илгээн Жан Чин-ийн зэвийн шархыг асуулгаваас, амьд оточ Ань Даочуань ирсэн хүмүүнд ийн хэлрүүн: - Хэдий арьс мах гэмтсэн боловч яс тайрагдсангүй тул, эзэн жанжныг сэтгэлээ сул болго хэмээн хэлж өгөгтүн. Идээ шүүс нь гарч дуусваас аяндаа гайгүй болмуй. Энэ хэдэн өдөр тэнгэр халуун болсон тул цэргийн ард наранд шарагдаж өвчтэй хүмүүн нэнд олширсноо эзний элч Жоу Ань Фү-д айлтган Сяо Ран, Сүн Чин хоёулыг Жин балгаснаа илгээж, эм тун худалдан авч, эмнэн засахыг захирах яам Тай И Юань-аас наршихыг засах эм авчруулахаар илгээв. Хуан Фү Дуань бас тэд хоёулд цэргийн агтын хижиг гэмийг сэргийлэх эмийг бүртгэн олгох яамнаас эм авч ирэгтүн хэмээн захиж илгээв. Үүнийг эзэн жанжинд мэдүүлмү хэмээжээ. Зарсан хүмүүн хойш ирж Сүн Жян-д золгон зүй зүйгээр тоочин хэлсэнд Сүн Жяних л баярлан Лү Жюнь И-г дуудаж Жижоу фү-г байлдах үйлийг зөвлөж ийн өгүүлрүүн: - Миний бие жанжин чамайг Юй Тянь сянь- ий газар цэрэг хаагдах цагт хэдийн бодож тогтоов. Гүн Сүньшэн болбоос Жижоу фү-ийн хүмүүн бөлгөө. Ян Сюн бас угтаа Жижоу фү-ийн яаманд гяндан захирагчийн тушаалд асан бөгөөд Ши Сю, Ши Чянь хоёул бас энэ газар сууж удсан болой. Урагш өдөр Ляо улсын цэрэг лүгээ хутган байлдах үед, миний бие Ши Чянь, Ши Сю хоёулыг илгээж, хуурмагаар дийлэгдэн буруулах хүмүүн болгон, олны сүрэгт оруулсан тул санаваас энэ үед хэдийн Жижоу хотын дотор орсон буй за. Хэрвээ тэд хоёул хотод олж орсон бөгөөс эрхгүй өөр эчих газар баймуй. Ши Чянь эчихдээ арга өргөж:”Жижоу хотод нэгэн их сүм баймуй. Нэрийг Бао Янь Сэ хэмээх бөгөөд зүүн баруун жигүүрт хорлын харш, төв дунддад гол шүтээний их дуган байх бөлгөө. Дуганы өмнө нэгэн их эрдэнийн суварга баймуй. Түүний алтан ганжир агаар хурмастыг шувталжээ. Миний бие эрхгүй тэр суварганд савиран бие далдалсугай хэмээхүйеэ Ши Сю өгүүлрүүн: “Түүнийг суварган оройд бие далдлуулж өдөр бүрийн хоол ундыг би мэдсүгэй. Ах чи цэрэг морийг авч хотыг байлдах үед бид хоёул суварган оройд гал тавин тэмдэг болгосугай" хэмээжээ. Ши Чянь хэмээг угаас саравч дагаж хэрэм харайхад мэргэшсэн хүн, хаана бие далдалж болохгүй аж? Ши Сю бас хэлж эчихдээ фү-ийн яаманд гал тавьсугай хэмээн хэлэв. Тэр хоёул хэдийн зөвлөн тогтоод эчжээ. Би цэрэг морийг авч эчвээс даруй бүтэх болой хэмээв. Нэгэн анги Си Жян Юай дуулалд өгүүлсэн нь:

Уулын арын Ляо-ын цэрэг хязгаарыг түрэмгийлэхүйеэ, уудам дунддын Сүнгийн хаан цэрэг үүсгэв. Одон хувилгаан гарагийн эзэд усан нутагт хураад, эзэн хааны зарлигийг хүлээж сөргүүг дарахаар одов. Далдаас Ши Чянь гал тавин, түүний хамт Ши Сю дагалцан эчив. Нэгэн хэнгэрэгт амгалан хотыг байлдан эвдээд, нэр гавъяа түмэн галав дуурсан мандав.

Жич өдөр, Сүн Жян цэрэг морийг дагуулан Пин Юй сянь-аас гараад, Лү Жюнь И-ийн цэрэг морь лугаа нийлүүлэн, хоёр замын цэргийг шаардаж Жижоу фү-ийн зүг чиглэн ирэв.

Түүнээс Ляо улсын эзэн хааны дүү их ван Е Люй Дэ Жүн хоёр хөвүүний алагдсаныг сонсоод гашуудан хорсож, их жанжин Бао Ми Шэн, Тянь Шань Юн жич Дүн Сянь Ши Лан-ын хамт зөвлөн өгүүлрүүн: - Урагш өдөр, Жижоу, Бажоу-аас ирсэн хоёр замын өмөглөх цэрэг, зүг зүгтээ сарнин эчив. Эдүгээ сонсвоос Сүн Жян цэргийг нийлүүлэн Юй Тянь сянь-ий газар баймуй хэмээх тул эрт орой эрхгүй Жижоу фү-г авахаар ирмүй. Хэрхвээс сайн буй за? хэмээхүйеэ их жанжин Бао Ми Шэн өгүүлрүүн: - Сүн Жян-ын цэрэг морь ирэхгүй болбоос, түүн лүгээ хэлэлцэхгүй. Хэрвээ хар хятад хүрч ирвээс, бага жанжин эрхгүй үхэн байлдаж, хэдэн хүмүүнийг нь амьдаар барихгүй бөгөөс энэ адгуус хэрхэн цэрэг ухрах аж? хэмээвээс Дүн Сянь Ши Лан өгүүлрүүн: - Хар хятадын цэрэгт ногоон магнаг өмссөн нэгэн хүмүүн баймуй. Чулуун мөхлөг хэрэглэхэд цагаарч, маш сүрхий тул түүнийг сэргийлбээс зохимуй хэмээснээ Тянь Шань Юн өгүүлрүүн: - Би нууц зэв харваж түүний улаан хоолойг шархдуулсан бөлгөө. Бодвоос энэ үед тэр муу хар хятад хэдийн үхсэн буй за хэмээхүйеэ Дүн Сянь Ши Лан өгүүлрүүн: - Тэр муу хятадаас өөр нь цөм гайгүй болой хэмээн хараахан хэлэлцэж атал харуулын ард дотогш ирж, Сүн Жян морийг авч, манай Жижоу фү-ийн зүг алан ирэв хэмээн мэдүүлснээ, их ван Е Люй Дэ Жүн гурван замын цэрэг морийг тэгшлэн, их жанжин Бао Ми Шэн, Тянь Шань Юн хоёулыг хот гарч хулгайг угт хэмээснээ тэр хоёул цэрэг морийг авч, гучин газрын үзүүр гараад Сүн Жян-ын цэрэг морийг тосон авав.

Төдийд, хоёр этгээдийн цэрэг хувь хувьдаа жагсаал жагссан хойно, Ляо улсын их жанжин Бао Ми Шэн илд эргүүлэн морь довтолгон жагсаалын өмнө гарснаа, Сүн Жян яаран: - Хэн хүмүүн урьдаар гарч хулгайг цавчин тугийг нь булаагаад тэргүүн гавъяа байгуулмуй?" хэмээх үг барахын урьд, ирвэсийн тэргүүт Линь Чүн жад бүжиглэн морь тавьж жагсаалын өмнө гараад Бао Ми Шэн-г угтан авч, хоёул хойш урагш хорь гучин удаа болтол дийлэн дийлэгдэх ялгарахгүйд, Линь Чүн тэргүүн гавъяаг тэмцэн авсугай хэмээгээд Жан ба Мао жадыг бүжиглэж, аянга мэт их дуугаар нэгэнтээ зандран, урт жадыг сунгаж, Бао Ми Шэн-ийн хүзүүг заан жадалсанд, Бао Ми Шэн тосож завдсангүй жаданд оногдож мориноос тонгорцоглон унав. Сүн Жяних л баярлаж, хоёр замын цэрэг бас аянга түрчигнэн тэнгэр дуугарах мэт хашхиралцан үүсгэв. Төдийд, Тянь Шань Юн бээр Бао Ми Шэн-ийн автагдсаныг үзээд, алах уур аюулхайд мандан, жад бүжиглэн жагсаалаас гарсанд, Сүн улсын жагсаал Сюй Нин сэрвээт жадыг далайн морь ташуурдан гарч ирээд хойш урагш зөрөлдөн дэмий хорин удаа болсонгүй. Сюй Нин сэрвээт жадыг сунгаж Тянь Шань Юн-г жадалж мориноос унагав. Сүн Жян нэгэн дараагаар хоёр жанжныг жадлан унагасныг үзээд их л баярлан, цэргийг тохин алан орсноо Ляо улсын цэрэг их л дарагдан Жижоу фү-ийн зүг дутаан оров. Сүн Жян цэргийг дагуулан арваад газар гартал нэхэмжилж, Ляо улсын цэргийг мохтол алуулсан хойно сая харанга дэлдэн цэрэг хураав.

Жич өдөр, Сүн Жян цэрэг морийг авч хүрээ буудаллан, гурван замын цэрэг жанжныг шагнаж, дэд өглөө, цацар майхныг эвдүүлж, цэрэг жанжныг дагуулан Жижоу фү-ийн доор хүрч буудаллав. Төдийд, Ляо улсын их ван хоёр жанжны алагдсаныг сонсоод, их л эмээн гашуудан зовж суутал, гуравдугаар өдрийн өглөө харуулын ард дотогш ирж: - Сүн Жян цэрэг морийг дагуулан алан ирэв! хэмээн мэдүүлснээ, Е Люй Дэ Жүн их л гэлмэж Дүн Сянь Ши Лан-ын зүг өгүүлрүүн: - Энэ өдөр чиний бие өөрийн биеэр цэрэг аван хот гарч хулгайг тулаад, миний сэтгэлийн зовлонг арилгаж өгөгтүн хэмээхүйеэ Дүн Сянь Ши Лан арга буюу Яо Эл Вэй Кан, Чу Мин Юй, Цао Мин Жи зэрэг жанжныг дагуулан мянга илүү цэрэг авч хотын хаалга гарч жагсаал жагсааснаа Сүн улсын цэрэг морь бас хэдийн хотын доор ирж, хараацайн жигүүр мэт жагсаал жагсжээ. Туг сажмагц Сүн Жян-ын жагсаалаас Суо Чаосаран сүх даллан гарч ирсэнд Яо Эл Вэй Кан жад бүжиглэн жагсаалаас гарч, үг өчихгүй шууд алан орж, хоёр жанжин хойш урагш зөрөлдөн хорин хэдэн удаа болсноо, Ляо улсын жанжин угаас эмээж асан тул байлдах сэтгэлгүй болж, хоосныг жадлан буруулан эчив. Суо Чаоморь ташуурдан нэхэмжилж эчээд саран сүхийг эргүүлэн хулгайн жанжны гавалыг заан цавчсанд Яо Эл Вэ Кан-ын толгой дэлбэ үсэрч, бие хоёр анги болов. Ляо улсын жанжин Дүн Сянь Ши Лан үүнийг үзээд цөс хэмхрэн, Чу Мин Юй, Цао Мин Жи хоёулыг дуудан өмөглөн байлд хэмээсэнд, хоёр жанжин хэдий найман хувь эмээх боловч арга буюу жад сунган жагсаалаас гарсанд, Сүн улсын жагсаалаас есөн луут Ши Жинь илд бүжиглэн морь хийсгэж хоёр жанжныг тосон ороод, баатар хүчийг гаргаж Чу Мин Юй-г цавчин мориноос унагасанд, Цао Мин Жи яаран амь тавин буруултал Ши Жинь морь ташуурдан нэхэж гүйцээд мөн мориноос цавчин унагав. Ши Жинь морь ташуурдан Ляо улсын жагсаалд шувтлан орсноо, Сүн Жян бас ташуур тохин цэргийн ардыг дагуулан алсаар унуул гүүрний доор хүрч ирсэнд, Е Люй Дэ Жүн цөс хэмхрэн сүнс сарниж, хотын хаалгыг таг даруулж, олон жанжныг цаазлан бэхлэн сахиулаад, нэгэнтээгүүр Ляо улсын хаанд айлтгал өргөн, нөгөөтээгүүр хүмүүн илгээж, Бажоу, Южоу хоёр газраас өмөглөх цэрэг гуйлгав.

 

Түүнээс Сүн Жян цэргийн багш Ү Юн-ын зүг өгүүлрүүн:

-Хулгайн цэрэг хотын хаалгыг бэхлэн сахих тул хэрхвээс сая эвдэж болмуй? хэмээхүйеэ Ү Юн өгүүлрүүн: - Хотын дотор Ши Сю, Ши Чянь байх тул, үйлийг юунд алгуурлан удаашруулмуй? Хотын хэрмийн дөрвөн этгээдэд үүлэн шат үнст буу босгон, Лин Жэнь-ээр галт буу харвуулж, шаардан байлдваас хотыг эрхгүй эвдэж болмуй хэмээсэнд Сүн Жян үгийг дагаж цааз зарлан шөнө дүлээр хотын дөрвөн этгээдээс хавчин байлдуулав.

Төдийд, Ляо улсын их ван Е Люй Дэ Жүн Сүн улсын цэрэг хотын дөрвөн этгээдээс шаардан байлдахыг үзээд Жижоу хот доторх зуун овогтныг албан хөөж хотыг бэхлэн сахиулахыг түр өгүүлэхгүй. Өгүүлэх нь, Ши Сю Жижоу хот доторх Бао Янь Сэ хийдэд бие далдалж хэдэн өдөр болсон боловч хараахан чимээгүй тул сэтгэл зовон суутал, нэгэн өдөр Ши Чянь хүрч ирээд: - Энэ өдөр ах Сүн Жян цэрэг морийг авч ирээд хотыг шаардан байлдаж баймуй. Бид энэ газар гал тавьж тэмдэг болгохгүй бас ямар цагийг хүлээмүй? хэмээгээд хоёул зөвлөж, урьдаар эрдэнийн суварган оройд тэмдэг гал тавьж, дахин гол дуганд гал тавимуй хэмээн тогтсонд, Ши Чянь өгүүлрүүн: - Чиний бие хурдан эчиж фү-ийн яаманд гал тавьж тэмдэг болго!Өмнө хаалгыг байлдах цэрэг морь галын гэрлийг үзвээс эрхгүй хүчлэн байлдах бөлгөө. Ингэвээс хотыг хялбархан эвдэх болой хэмээгээд хоёул биедээ дарь, бялт зэргийн зүйлийг нууж эчив. Мөн үдэш Сүн улсын цэрэг морь хотыг байлдах нь нэнд бачим болжихуй.

Угт Ши Чянь хэмээгч саравч дагаж хэрэм харайхад хоосон газар явах мэт цагаарсан хүмүүн тул удсангүй Бао Янь Сэ сүмийн өмнөх эрдэнийн суваргад авиран гараад тэмдэг гал тавив. Тэр суварга болбоос их л өндөр тул галын гэрлийг хотын гадна дотно хүмүүн олж үзэхгүй ёс баймуй уу. Суварганы оройд мандсан галын гэрэл, ойр орчмын гучин газрыг өдөр мэт гийгүүлжээ. Төдийд, Ши Чянь суваргаас гулган буугаад гол дуганд бас гал тавив. Хоёр газар мандсан их гал, тэнгэр тултал дүрэлзэн ноцсонд, хотын доторх зуун овогтон их л эмээлцэн, хөгшин настнаа түшин хүүхэд багачуудаа тэврэн дутаан зайлахуйяа, уйлах дуун үер буун ус цалгилах мэт болов. Ши Сю бас фү-ийн яамны танхимын орой дээр гарч гал тавив. Жижоу фү-ийн дотор гурван газар гал мандсанаа хот доторх зуун овогтон Сүн улсын тагнуулын цэрэг хотод орж ирснийг мэдэж, байлдах сэтгэлгүй болж, өөр өөрийн өрх гэрийг тэнхрүүлэхүйеэ зүг зүгтээ сарнин эчив. Дэмий удсангүй, Бао Янь Сэ сүмийн хаалган өмнө бас нэгэн хэсэг гал мандав. Үзвээс, үүнийг Ши Чянь тавьсан ажгуу. Төдийд, дэмий хагас цаг болсонгүй хот дотор дөрвөн хэсэг гал мандсаныг үзээд Ляо улсын их ван Е Люй Дэ Жүн Сүн улсын тагнуулч хэдийн хот дотор шурган орж ирснийг мэдэж, их л гэлмэж, гэрийн хотлоорын хөгшин залуусыг авч хоёр хөвүүнийг дагуулан, юм хүмийг хөсөг тэргэнд тээж хотын хойд хаалгыг нээж буруулан эчив. Хот доторх цэрэг иргэн нэгэнтээ самуурсныг үзээд Сүн Жян цэгийг шаардан хот дотор алан орвоос, хашхиралцах дуу тэнгэр тулав. Сүн Жян цэргийг тохиж өмнө хаалгыг булаан авуулсанд Дүн Сянь Ши Лан цөөн цэргээр олон дайсныг дийлэхүйеэ бэрх болсныг үзээд яаран Е Люй Дэ Жүн-ийн хойноос хойд хаалгыг шурган буруулан эчив.

Төдийд, Сүн Жян цэрэг морийг авч Жижоу хотод орж ирээд захиа уламжлан дөрвөн этгээдийн галыг унтраалгав. Тэнгэр гэгээрсэн хойно, зар бичиг наалгаж хот доторх зуун овогтныг илбэн тохруулж, цэрэг морийг дуусган авч хотод буулгаад гурван замын цэргийг хүндэд шагнаж, Ши Сю, Ши Чянь нарын гавъяаг илэрхийлэл бичин тэмдэглээд Жижоу фү-ийн газрыг олов. Гэгээн гүнг залж баймуй хэмээн бичиг үйлдэн элч илгээж Жао Ань Фү-д бариулснаа Жао Ань Фү бээр хариу бичиг үйлдэж: - Миний бие түр Таньжоу фү-д сууж сэргийлэн сахисугай. Жижоу фү-ийн газрыг чиний бие түр сахиж суугтун. Тэнгэрийн амьсгал халуун болсон тул, цэрэг хөдөлгөж болохгүй. Сэрүүн орсон хойно цэрэг орох үйлийг жич зөвлөсүгэй хэмээн Сүн Жян-д хэлүүлсэнд, Сүн Жян бээр Лү Жюнь И-г дуудан угт хуваасан жанжин цэргийг өгч Юй Тянь сянь-ийг сахиулахаар илгээж, өөрийн бие үлдсэн жанжин цэргийг авч Жижоу фү-г сахин суугаад сэрүүн орсон хойно цэрэг орохоор бэлтгэхийг түр өгүүлэхгүй.

Түүнээс Ляо улсын хааны дүү Е Люй Дэ Жүн бээр Дүн Сянь Ши Лан-ын хамт хөгшин залуусыг авч, Южоу-г чиглэн шууд Яньжин хотноо орж, Ляо улсын эзэнд бараадахыг хүлээв. Жич өглөө Ляо улсын хаан, алтан харшид заларснаа, зүүн баруун этгээдэд зогссон бичиг цэргийн зуун түшмэл мөргөж барсанд, хаалгыг сахих түшмэл айлтган өгүүлрүүн: - Жижоу фү-г сахисан их ван тухайлан хаалганаа ирж, эзэн хаанд бараадахыг айлтгаж баймуй хэмээхүйеэ, Ляо улсын хаан хурдан дотогш оруул хэмээн зарлиг буулгасанд, Е Люй Дэ Жүн, Дүн Сянь Ши Лан хоёул дотогш орон индрийн доор сөгдөөд дуу тавьж уйлснаа хаан асууруун: - Дүү минь битгий зовогтун. Ямар хэрэг байваас хурадн айлтгаж сонсго хэмээхүйеэ Е Люй Дэ Жүн айлтгаж өгүүлрүүн: - Сүн улсыг эзэлсэн бага хөвүүн, Сүн Жян-д цэрэг өгч маныг дайлуулахаар илгээв. Хулгайн сүр нэнд их, хориглон тулбаас болохуун бээр үгүй. Сайд миний хоёр хөвүүн эндэгдэж, Таньжоу фү-г сахисан дөрвөн жанжин алагдав. Сүн улсын цэргийн ирэх нь чийрс эвхэх мэт тул Жижоу фү-г хулгайд алдаад сайд би тухайлан үхэх ялыг хүлээхээр ирэв хэмээхүйеэ Ляо улсын хаан айлтгалыг сонсож зарлиг болруун: - Сайд чи босогтун. Хулгайг тулах аргыг алуугаар зөвлөсүгэй хэмээгээд асууруун: - Цэргийг дагуулсан тэр хятад нь ямар зэргийн хүмүүн болов? Юутай ийн сүрхий аж? хэмээвээс баруун этгээдийн Чэнсян Чу Жянь олны сүргээс гарч өвдөг даран сөгдөөд: - Сайд би сонсвоос цэргийг дагуулах Сүн Жян хэмээгч угт Лян Шань уулын уст нуурыг эзэлж, сайн иргэнийг хөнөөхгүй, тухайлан тэнгэрийн төлөөнөө ёсыг явуулж, ганц зуун овогтныг хахих зальхай түшмэл авлигач ноёдыг алах бөлгөө. Хойно Түн Гуань, Гао Чю хоёул хойноосоо цэрэг авч баривчлахаар эчээд Сүн Жян лугаа таван зэрэг байлдсаныг даасангүй цэрэг дарагдаж хагас хуяг ч үлдсэнгүй. Энэ зэргийн сайн эрсийг арилган баривчилж болохгүй учраа Сүн улсыг эзэлсэн бага хөвүүн гурван удаа илбэн дагуулах жуу бичиг буулгасан хойно сая дагаж орж өгчээ. Сүн улсын хаан эдүгээ Сүн Жян-г хоосноор Сянь фэн хэмээн өргөмжилснөөс бус, үнэн зэрэг тушаал нэмсэнгүй бөгөөд үлдсэн олон сайн эр ч сул ард мэт хишиг пүнлүүгүй байх бөлгөө. Эдүгээ Сүн улсын хаан ийм хүмүүнийг илгээж, манд эсэргүүцэл болгон алалдуулжээ. Энэ зуун найман сайн эр хэмээгч тэнгэрийн одны хувилгаан ертөнцөд бууж төрсөн тул үнэхээр хялбар бус. Эзэн хаан хөнгөнөөр үзвээс болохгүй хэмээсэнд эзэн хаан асууруун: - Тийн болохул чухам хэрхвээс сайн? хэмээсэнд олны сүргээс төрийн магнаг биед хэдэрч, зааны ясан хууван гартаа барьсан нэгэн түшмэл гарч ирэв. Олон хүмүүн нүд өргөн үзвээс, өөр хүмүүн бус. Түв хэмээн Оу Ян Ши Лан асан ажээ. Төдийд Оу Ян Ши Лан өлмий даран сөгдөж: - Түмэн наст эзэнд айлтгасугай. Сайд би хэдий мунхаг хэмээвч дуртайяа нэгэн бага аргыг өргөж Сүн улсын цэргийг ухруулсугай хэмээхүйеэ Ляо улсын эзэн их л баярлаж: - Сайд чамд ямар дээд арга баймуй? Хурдан хэл хэмээснээ, Оу Ян Ши Лан нэгэн аргыг өргөв. Ингэснээр, Сүн Жян-ын нэр хөх сударт хоцрон, цэргийн гавъяа улаан эвхмэлд үлдмүй. Энэ үнэхээр: Улсыг аврах бодлого Люй Ван-г ичээж, тэнгэрийг эелэх гавъяа Жан Лян-г тэмцмүй. Эгнэгт Оу Ян Ши Лан-ын ямар арга өргөхийг мэдсүгэй хэмээвээс түр доорд бүлэгт үзтүгэй.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top