“Болор цом-39” наадам энэ сарын 24-нд Соёлын төв өргөөнд болсон билээ. Энэ жилийн "Болор цом"-ын эзнээр Монголын зохиолчдын эвлэлийн шагналт яруу найрагч Б.Болорцэрэн тодорлоо. Түүнтэй энэ л догдлуун торгон агшинд ярилцлаа. Тэрбээр “Орчлон миний ширээний ном”, “Цагаан бүжиг”, “Хүүхнүүддээ хүргэх шүлгүүд”, “Амьдралыг үзэх хос тасалбар”, “Хайрыг минь зураад өгөөч” шүлгийн түүврүүдээ уншигчдадаа өргөн барьж, “Миний л аясаар” яруу найргийн цомог, “Цэцэгнээс ч анхилхан”, “Зунаараа намар” дуун цомгуудаа хэвлүүлсэн. Мөн 2018 онд “Амьдралын зураг", 2020 онд “Амраг намар” дуун цэнгүүнээ хийж байжээ.
-Энэ жил бүсгүй найрагч "Болор цом"-ын эзэн боллоо. Энэ агшинд чухам ямархан халгиа цалгиа асгарч байна вэ?
-Хамгийн сүүлд Ц.Хулан найрагч 2010 онд “Болор цом-28” наадам Дарханд болоход цомын эзэн болж байлаа. Тэр цагаас хойш 11 жил эмэгтэй найрагч тодроогүй байсан. Миний хувьд "Болор цом"-ын тэргүүн найрагчаар тодорсон тав дахь эмэгтэй нь байна. Би 10-аад жил "Болор цом"-д орсон, сүүлийн зургаан жил цомд ороогүй өнжжээ. Энэ жил С.Удвал ахайтны 100 насны ой тохиож байгаа болохоор бэлгэшээж заавал ормоор санагдаад зорьж орсон юм. Хүссэн санасандаа ч хүрсэндээ маш их баяртай байна. 20-иод жилийн өмнө С.Удвалын нэрэмжит “Их хувь заяа” яруу найргийн наадамд түрүүлж байсан минь их хувь заяа байлаа. Тэр л цагаас хойш олон жил С.Удвалын нэрэмжит наадмын тэргүүн гэж цоллуулж ирсэн. Энэ их хүмүүний хувь хишигт багтаж яваа минь их хувь заяа юм даа.
-Та хэдэн жил цомд оролгүй өнжсөн бэ, энэ хугацаанд өөрийгөө нөөгөөд байв уу, өөрийгөө хүлээгээд байв уу?
-Эзнээ голж үзээгүй дур хүсэлдээ, итгэлээ өдий хүртэл алдаагүй өөртөө талархаж байна. 2015 онд Ц.Эрдэнэбаатарыг түрүүлдэг жил "Болор цом"-д орж байлаа. Энэ хугацаанд өдөр бүрийд л шүлгээ бичээд сууж байдаг, өдөр бүрийг л шүлэг шиг бодож амьдарч ирсэн. Сүүлийн үед дууны шүлэг маш их бичсэн. Гэхдээ мэдээж яруу найргаа хэзээ ч орхиогүй, орхихгүй. Энэ жил нийслэл хотод маань ч "Болор цом" боллоо. Эмэгтэй даргатай болж цагийн салхи өөрөөр эргэж, цаанаасаа л хүч итгэл дүүрээд байсан шүү.
-Таны шүлэгт эх дэлхийг, үртэй, амьтай юм бүхнийг өрөвдөн хайрласан эх хүний сэтгэл мэдрэгддэг. "Болор цом"-ын эхний даваанд уншсан "Чөлөө, учрал" шүлгээ ямар сэдэл бодлоос бичив. Хэзээ төрсөн шүлэг вэ?
-Би багаасаа л мал, амьтанд ойр өссөн, малд нүдтэй, амьтанд хайртай хүүхэд байлаа. Энд тэндээс муурны зулзага, нохойн гөлөг авчраад тэжээнэ. Энэ жилийн цомд орсон бүхий л шүлэг маань эх дэлхий, ан амьтнаа хайрлах, энэрэх, нигүүлсэх тухайх санамж, сэрэмжийг өгүүлсэн. Би Байгаль орчны яамнаас 2018 онд “Байгаль орчны тусгай элч” өргөмжлөл хүртэж байлаа. Манайх Жуковт 15 жил амьдрахдаа зараа, туулай, тагтаа, загас хүртэл тэжээж ирсэн. Энд тэнд өлсөж даарсан, төөрсөн өнчирсөн амьтанд аль болох тусалж, хоол унд аваад өгчих юмсан, эзэнтэй болгочих юмсан гэж боддог. Одоо бол хөөрхөн муур тэжээгээд, тагтныхаа тагтаасыг эвийлж энхрийлээд аж төрж байна даа. Тагтаа гэдэг тэнгэрийн амьтан учраас миний мэндийг ээжид минь хүргэдэг байх гэж боддог юм аа. Цаашдаа ч мөн уул ус, ан амьтан, эх дэлхийгээ хамгаалсан, эхтэй, үртэй, амьтай бүхэн элэг бүтэн байхын төлөө шүлгээ бичсээр байх болно. Саяхан муур хүүхэд гэмтээсэн гэдэг муухай мэдээнээс болж маш олон муур гудамжинд гарсан шүү дээ. Эзэндээ хаягдаж гологдсон эвий хөөрхий амьтдыг өрөвдөхдөө “Чөлөө, учрал” шүлгээ бичсэн.
-Таны "Хаврын дэлхий" шүлэг цар тахлын энэ үед сайн цаг ирж явааг, сайхан бүхэн дэлгэрэхийг бэлгэдэж ерөөсөн шүлэг байна. Үзэгчид уухайлан таашааж байсан. Ард түмэндээ хандаж юу хэлэх вэ?
-Хавар өөрөө ирж яваа цаг, хайрын улирал, хамаг бүхэн ургаж дэлгэрдэг мөч. “Хаврын дэлхий” шүлэгтээ үнэхээр хайртай. Хавар надад амьд явах мянга мянган шалтгаан тарьсан охин үрийг минь бэлэглэсэн. Хаврын улиралд хайрын тухай шүлэг их бичдэг. Малд ойрхон өссөн болоод ч тэр үү шүлэг найрагтаа монгол ахуйг шингээхийг хүсдэг.
“...Өвөл, зун хоёрын үр нь билээ хавар
Үнэн ариун хайрын нар нь билээ хавар
Өнтэй сайхан намрын өнгө нь билээ хавар...”
гэж бичсэн. Ирж яваа цагийн өнгө нь болохоор малчин түмэндээ урам дэм хайрлах, итгэл хайр төрүүлэхийн төлөөнөө “Хаврын дэлхий” шүлгээ тэрлэсэн. Монголын заяа их гэдэг дээ. Мал дагасан хэн бүхэнд буурлын буян буянтны хишиг нь үргэлж ирж байдаг. Бид амны цагаан бэлгэтэй, зөн билэгтэй, буян ерөөлтэй ард түмэн шүү дээ. Монголчууд саалийн даллага хагсаахгүй, найрын заллага таслахгүй баялаг уламжлал, аж амьдралтай. Үүнийх нь нэгээхэн сэжүүрээс атгаж энэ шүлгээ хоёрын даваанд уншихад үзэгчид маш сайхан хүлээж авсан шүү.
-Гурвын даваанд оноо тэнцсэн торгон мөч бол шийдвэрлэх үе. Энэ үеийн сэтгэгдлээ хуваалцана уу?
-Оноо тэнцэнэ гэж бодоогүй. Эхний гурван шүлгээ торохгүй цээжээр явчихсан байдаг. Гэтэл оноо тэнцээд дахин нэг шүлэг унших боллоо. Энэ агшинд гар утсаа л ухсан даа. "Болор цом"-ын урьд өдөр ээжийн маань бурхан болсон өдөр байсан юм. Тэр өдөр зул хүжээ барьчихаад “Шүлэг бичихгүй л бол” гэдэг шүлгээ бичиж байлаа. Тайзан дээр сандраад л хамгийн сүүлд бичсэн шүлгээ л уншсан даа. Тэнгэрт одсон ээжийгээ санан дурсаж бичсэн шүлэг охиноо ивээсэн.
“...Наран жаргаад хаачдагийг мэдэх үү
Надад бэлэг авчрахаар явдаг юм
Найрагч охинтой гэж гүн итгэсэн
Ээжээс шүлэг аваад ирдэг юм”
Энэ дөрвөн мөрөө уншиж байхад ээж маань яг л урдаас хараад зогсож байх шиг санагдсан даа. Надтай мөр зэрэгцэн уралдаж, дэд байранд орсон Т.Бямбасүрэн дүүдээ баяр хүргэе. "Болор цом"-д орсон хүн бүхэнд баяр хүргээд амжилт хүсье. Шүлэг бичдэг хэн бүхэнд амжилт хүсье.
-Энэ жил "Болор цом"-ын эзэд олноор орлоо. Наадмын чансаа, өөртөө итгэх хүлээлт хэр байв, хэний шүлгээс их эмээв дээ?
-"Болор цом"-д унших гурван шүлгээ цээжилчихсэн, зургаан жил өнжсөн учраас оръё гэж орсон болохоор эмээж сандрах зүйл байгаагүй. Бусад найрагчдынхаа шүлгийг ийм, тийм гэж дүгнэх ч эрх надад байхгүй. Бүгд л сайхан шүлэгтэй байсан.
-Жил бүрийн "Болор цом"-ын эзний дээлийг “Ур ундрах”-ын уран гартай үйлчдийн урласан дээлээр мялаадаг. Энэ жил эрэгтэй хүн тодорно гэж санаад эрэгтэй дээл хийчихсэн байсан. Та тэр дээлээ солиулсан уу?
-Эгшиглэнт Янжинлхамын хөрөг дүртэй хамт ирсэн энерги шингэсэн дээл учраас бэлгэшээгээд авсан. Би өөрөө өндөр, том биетэй болохоор дээл шингээх боловч арай л надад элбэгдсэн. Харин аавд минь яг сайхан таарч байсан учраас аавдаа өмсүүлэхээр болсон /инээв/.
-Анх шүлэгт дурлах болсон шалтгаан, сэрэл мэдрэмж юу байв. Анхны шүлгээ санаж байна уу?
-Намайг хүүхэд байхад манайх Хөвсгөл аймгийн Мөрөнд хашаандаа малтай байлаа. Хонь, ямаа, үхэр, галуу, тахиа, гахай, нохой, туулай гээд байхгүй амьтан байхгүй. Хонинд их явдаг байлаа. Тав, зургаадугаар ангидаа мөр холбож эхэлсэн. Хонинд явахдаа
“Цэцэг шиг энхэр
Цэлмэг тэнгэр шиг цэнхэр
Ишиг минь”
гээд л хөөрхөн хөөрхөн шад холбоод гүйдэг байлаа. Найм, есдүгээр ангиасаа хайрын тухай шүлэг бичдэг болсон. Тэмдэглэлийн дэвтэртээ гэнэхэн хайрын догдлуун мөрт бичиж, гэгээн мөрөөдөлдөө автсан охин явлаа.
-Та Утга зохиолын дээд сургуулийн оюутан болж жинхэнэ найраг дунд хөвж явсан он жилүүдээ, багш нараа, найз нөхдөө дурсаач?
-Мөрөнгийн нэгдүгээр 10 жилийг 1998 онд төгссөн. Монгол хэл, уранзохиолын багш Д.Чулуунбаатар намайг шүлэг бичих ирээдүй байна гэж анх олж харсан хүн юм. Эгч маань ч бас шүлэг бичдэг байсан болохоор итгэл төрсөн байх. Д.Чулуунбаатар багш намайг есдүгээр ангид байхад “Хүрэл тулга” наадамд хөтөлж аваачаад оруулж байсан. Дэд байранд орчихлоо, их ээ урамшиж байна. Аравдугаар ангидаа тус наадамд түрүүлсэн нь Утга зохиол, нийгмийн ажилтны дээд сургуульд орох шалтгаан болсон. Манай сургуулиас олон "Болор цом"-ын эзэн төржээ. Миний бие долоо дахь цомын эзэн боллоо. Аав минь зураач болохоор нэгдүгээр курсээсээ зургийн сургуульд урвачих гээд л бодоод явсан.
Хоёрдугаар курстээ Ш.Дулмаа багшдаа ур чадварын хичээлдээ магтууллаа. Багын онгироо хөөрүү зантай, хүн магтвал улам хичээдэг хүүхэд байлаа. Тэр цагаас хойш л утга уран зохиолын хичээлдээ хоёргүй сэтгэлээр зүтгэсэн дээ. Яруу найргийн гэгээн цутгалан болсон Утга зохиол, нийгмийн ажилтны дээд сургуулиа ярих дурсах дуртай. Захиралаа, багш нараа үргэлж санан дурсаж явдаг. Хаан найргийн хатан Ш.Дулмааг монгол түмэн маань андахгүй. Ш.Дулмаа багшдаа маш их талархаж байдаг юм аа. Багшийн сэтгэл дандаа харагддаг. Багшаас дандаа гоё сайхныг мэдэрдэг. Бурхан хичээнгүйлэн бүтээгээд бусдад гайхширлыг төрүүл гээд илгээсэн мэт. Агуу гэдэг үгийн тайлал бол миний багшийн амьдрал мөн. Нэг хүнд яаж ийм олон сайхан чанар нэвт гэрэлтэн суудаг байна аа гэж гайхмаар.
-Та бүхний араас залгамжлан түүчээлж буй дүү найрагчдаасаа хэнийг нь сонсон таашааж уншдаг вэ. Тэдэндээ хандаж юу хэлэх вэ?
-Бид 1990-ээд оныхоны дараагийн үед гарч ирсэн “Шинэ мянган”-ы утга зохиолын нэгдлийнхэн. Бидний араас шижигнэсэн сайхан залуус төрөн гарчээ. Үнэхээр сайхан гялтаганасан гэрэлтэй гэгээтэй охид, хөвгүүд бий. Хэнийг нь ч ялгалгүй номыг нь авах юмсан, шүлгийг нь унших юмсан гэж хичээдэг. О.Цэнд-Аюуш, С.Начин, Б.Алтанхуяг, Н.Минжинсайхан, Ч.Ууганбаяр, А.Сүглэгмаа гээд сайхан найрагчид олон. Залуу дүү нараараа маш их бахархаж, хүндэлдэг. Тэд маань авьяаслаг, хөдөлмөрч байгаад нь талархдаг. Үе гэдэг өөрөө гоё юм. Араас ургаж ирж буй энэ үеийнхэндээ амжилт хүсэхээс өөр юу гэх билээ.
-“Шүлэг бичихгүй л бол” гэдэг шүлэг шиг нь шүлэг гэдэг таны хувьд юу вэ. Цаашид өөр төрлөөр хүч сорих уу, ямар уран бүтээл дээр сууж байна вэ. Номоо хэзээ гаргах вэ?
-Шүлэг бичихгүй л бол утгагүй. Шүлэг бичихгүй байх амьдралыг төсөөлөхөд бэрх. Оройдоо би эрт унтаад өглөө эрт 3.40 цагт сэрчихдэг. Өглөө бол шүлэгтэй угтдаг сэргэг цаг. Ном уншина, дуу сонсоно, юм бичнэ. Өдөр бүхний гараар шүлэг бичих сайхан. Номоо ирэх жилээс гаргана. 2014 онд 500 шүлэгтэй ном хэвлүүлэх гээд эхээ бэлтгээд, Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэн ах минь өмнөх үгийг бичээд “Ээжийн үлдээсэн он цаг” гэдэг сайхан нэрийг хайрласан. Санхүүгийн хувьд тохироо нь бүрдэхгүй байсан болохоор гарах цаг нь болоогүй юм байлгүй гээд түр хойш нь тавьсан.
Ээжийн минь итгээд үлдээсэн он цагт охин нь "Болор цом"-ын эзэн боллоо. Юм бүхэн өөрийн гэсэн төрөх цагтай гэдэг. Шинэ ондоо хүсэж буй бүх зүйлээ биччихсэн байгаа. Тэр жагсаалтад номоо хэвлүүлэх тухай бий. Өөр төрлөөр бичье гэж нэг их хэлбийдэггүй, шүлэг яруу найрагтаа л үнэнч явъя гэж боддог.
-МЗЭ хэмээх их айл эмэгтэй даргатай боллоо. МЗЭ-ийн төлөө утга зохиолын төлөө таны сэтгэлээ чилээж, зовниж явдаг, бас шүүмжилмээр зүйл юу байдаг вэ?
-"Болор цом"-ын эзэн яруу найрагч Б.Ичинхорлоо эгч бол ясны, цусны яруу найрагч хүн. Түүнд байгалиас төрсөн гоо үзэсгэлэн, авьяас билэг, халуун сэтгэл, шатсан зүрх, шударга зан, омголон араншин бүгд цогцолсон. Ийм л хүнээр Зохиолчдын эвлэл удирдуулж байгаа юм чинь өнгөтэй, өөдтэй явах нь дамжиггүй. Өмнөх дарга удирдлагууд маань ч олон жилийн түүхтэй орд өргөөнийхөө галыг таслахгүй өрдөж, өөдөө дээшээ авч явсаар ирсэн. Хүүхэн яруу найрагчид он цагийн хатуу шуурганд гээгдсээр яваад энэ хүртэл торойж үлдсэн хат тэвчээр нь юусан билээ дээ. Бүсгүй дарга маань хүүхнүүдээ дэмжиж ажиллах байх гэж итгэж байна. Цөөхөн шүү дээ бид чинь.
Амьдрал эмэгтэйчүүдэд дэндүү ч их итгэдэг болохоор арай л их ачаа үүрүүлээд байна уу даа гэж боддог. Энэ л ачаандаа дөрлүүлээд олон сайхан бүсгүй найрагчид бидэн дундаасаа сугарч үлджээ. Амин хувийн амьдрал, аж төрлөө золиод утга уран зохиолын төлөө шаналж шатаж яваа хэдхэн бүсгүй найрагчид минь дэндүү хайрламаар, дэндүү халагламаар тавиланг туулдаг шүү дээ. Тэр бүхнээс улам хүчирхэгжин ургаж, дахин дахин ургаж цэцэглэж, өдлөн дүүлж чаддагт нь хайртай.
-Та дууны яруу найргаар энэ цаг үеийн дууны ертөнцөд цахиур хагалж яваа. “Гангараа”, “Зүгээр л инээмсэглэ”, “Зунаараа намар”, “Амраг намар”, “Чин үнэнч” гээд та хит болсон олон дуутай. Аймаг нутаг орондоо тоглолт хийх тов бий юу?
-Сүүлийн 10 жил дууны яруу найргаар дагнажээ. 2009 онд “Чин үнэнч” дуу маань гарч байлаа. Уран бүтээлийн хоёр тайлан тоглолт Бөхийн өргөө, UB паласт хийсэн. Өнгөрсөн жил “Амраг намар” тоглолтоо хийсэн. "Болор цом"-ын эзэн болсон учраас улам хичээж сайхан тоглолт хийх болно. Ирэх жил хойморь сайхан нутагтаа тоглолт зохион байгуулах тухай бодож байна.
-Х.Мөнгөнцэцэгийн дуулсан “Нууцхан”, Б.Чанцалдуламын дуулсан “Гомдох эрхгүй”, Н.Сахиагийн дуулсан “Сэмхэн дурлал” зэрэг гомдох эрхгүй нууцхан хайрын тухай бүтээлүүд ч чамгүй төрүүлжээ. Та нууцхан хайрын тухай юу гэж боддог вэ?
-Чухам галзуу хорин хэдхэн насанд бол үнэн зоригтой бичдэг байжээ. Бүр ”Хайрыг минь зураад өгөөч” гээд ном гаргаж байлаа.
Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэн ах нэгэнтээ бичсэн шүү дээ.
“Буруу юу, зөв үү гээд асуухаар
Бурхан хүртэл дуугардаггүй хачин хайр”
гэж. Хачин, сонин болохоор нь хүмүүс сонирхдог байх. Сонирхоод боддог, бичдэг байх. Сонирхлыг татагч үе, нас ч гэж байдаг байх. Тэр тусмаа яруу найрагчид их сониуч. Хүн бүхнийг, юм бүхнийг их анзаардаг, мэдэрдэг. Хүн бүхнээс юм бүхнээс сайн сайхныг хайдаг. Сэтгэл зүрх бүхний төлөөлөл байдаг шүү дээ.
-Хайр дурлалыг та юутай зүйрлэх вэ?
-Хайр дурлалыг хавартай л зүйрлэнэ. Хавар дандаа л дурлачихсан ирээд хамаг бүхнийг урвуулж орхидог шүү дээ. Ирж яваа цаг гэдэг эрхгүй догдлуулж, энэ зүрхэнд сайхан бүхний үрийг тарихаар айсуй яваа шүү дээ.
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 11 )
Энэ бол миний ахиц дэвшлийн гэрчлэл юм. Би интернэтээс нэгэн эрийн мэдүүлгийг олж харсан бөгөөд тэрээр өөрийн эмнэлэгт хэвтэж байсан өвчтөнийг 460,000 ам.доллараар аврахын тулд эмч Раж Девашид (NARAYANAHEALTHCARE.IN@GMAIL.COM) нэг бөөрөө худалдсан гэж мэдүүлсэн тул би шийдсэн.\nЭмч Раж Девашистай холбоо барина уу, тэд миний нэг бөөрийг худалдаж авах сонирхолтой байгаа эсэхийг мэдэж байгаа бөгөөд аз болоход тэр эмнэлэгтээ бөөр худалдаж авахад үргэлж хэрэгтэй байдаг бөгөөд аль болох олон худалдан авахад бэлэн байгаа тул бид тохиролцсон бөгөөд өнөөдөр би байна. Олон жил ядуу амьдарч байгаад маш их
bolor tsom iin chanar muudaad l baih shig
Хэн түрүүлэхийг нь мэдэхгүй байж, захиалгаар дээл хийлгэж л байдаг, сайхан хөлдүү гарууд уу харин, зүгээр захиалгаар дээл хийлгэх эрхийг нь өгчихөж болдоггүй байсан юм уу
oroi bicheed ogloo tsom avsan gej mangartdag garuu usan shulgee gej.......
Зөв хүн цом авсан байна.Олон сайхан дууны шүлэг бичсэн шүү дээ .Амжилт
Huduuniihun yug ch samarch ywah yum. Yruu nairagaa ch hat. Bolor Tsom gej huduuniihunii temtseen
Ene pizdaa baahan site d mungu tuljee
Umhii tojignii sav
Эх байгаль дэлхий, амьтан-хүмүүсийг хайрлах нинжин сэтгэлийн өргөл болсон жинхэнэ эх найрагч юмаа.
Ичинхорлоотой тохироо хийж цом авсандааичдэггүйн байх даа
Гайхалтай сайхан шүлэгч, яруу найрагч шүү, амьдралд нь аз жаргал эрүүл энхийг уран бүтээлд нь улам их амжилтыг хүсье. Амжилт