Баримтат өгүүллэг: Олны багш

2021 оны 12 сарын 29

-Чи бол гүн цолтой ялзарсан феодал гэхэд нутгийн олондоо “Олны багш” хэмээн өргөмжлөгдсөн Өлзийноров гүн:

-Энэ бол язгуур угсааных биш, хар хятадтай тусгаар улсынхаа бүрэн бүтэн байдлын төлөө цусаа урсгасныг минь тэмдэглэн Богд хаанаас шагнасан улсад туслагч гүн цол билээ хэмээхэд төлөөлөгч:

-Тусгаар улсынхаа төлөө гэж яаж ичихгүй донгосч чадна вэ? чи. Харц гаралтай атлаа хэргэм зэрэг горилон ардыг зовоон тарчлаагч харгис төрийн хар шар феодалын доодохыг долоож явснаа бас гавъяа гэх нь. Чи Манжийн төрд ч морь, нохой мэт зүтгэсэн бус уу? гэхэд Өлзийноров:

-Тиймээ. Амьдрахын эрхэнд эрхшээлд нь асан хоёр зуун жилд Манжийн төрд зүтгэлгүй амьд үлдсэн хэн буй билээ. Харин Хаант Монголын төрд ч, Өөртөө эзэрхэх Монголын төрд ч, Бароны засагт ч, Ардын засагт ч, Бүгд найрамдах улсын төрд ч, ер тусгаар Монгол улсынхаа аль ч засагт хоёргүй сэтгэлээр зүтгэсэн. Гэхдээ хар хятадын эсрэг байлдсаныхаа төлөө гамингийн шоронд тарчилснаас өөрөөр энэ төрийнх шиг ямарч гэмгүй атлаа, гүжирдүүлэн доромжлуулж, ял асуулгаж байгаагүй хэмээхэд түүний чанга зоримог аашинд эгдүүцсэн төлөөлөгч:

- Ямар шазруун эсэргүү вэ чи. Хөмөрсөн тогоон дотор харанхуйлж байсан та нарыг гэгээн нар үзүүлсэн энэ төрийг басамжлан доромжилж яаж зүрхлэнэ чи хэмээвэл, Өлзийноров:

- Та нарын энэ явдлыг, тагнайныхаа судсыг хатгаж гаргасан цусаа аманд орсон олз амттай байна хэмээн шүлэнгэтэн залгисантай адил тэнэгэрэл гэхээс өөр юу ч гэлтэй. Санаа сохор бол заяа сохор... Харанхуй нүхэндээ байсан бол дээр байж дээ... Чам шиг орос шинелийн гол болсон жулдрай ч юугаа мэдэхэв дээ... хэмээн тохуутай хэлэв. Төлөөлөгч:

-Муу эсэргүү чи хирээ мэдэж адар хэмээгээд судсыг нь гүрийтэл зангидсан гараараа жар дөхсөн өтөл өвгөнийг хайр найргүй хоёр гурав хүчтэй элэгдлээ. Өлзийноров гавтай гараараа хэвлийгээ даран эвхэрч унахад аманд нь цус дүүрэн огив. Гэсэн ч, бусдын адил зодуулсан гөлөг шиг хулмалзан гөлөгнөж, навтасхийхийг хүссэнгүй. “Үхвэл ч үхье” хэмээн шийдэж уруулаа хэгзэртэл зуун өндийж ирээд:

- Та нарын хэлдэг хөмөрсөн тогоон дотор чинь бидний өвөг дээдэс мэргэн ухаанаараа үндэс язгуураа хамгаалан тэмцэж, тусгаар тогтнолоо олсон юм шүү, цаад дарга нартаа дамжуулаарай... хэмээн хахаж цацан хэлэхэд залуу дэслэгч:

- Энэ муу эсэргүүнүүд хэзээ дуусах юм бэ? Алаад л байдаг, алаад л байдаг барагддаггүй хүүрнүүд юмаа... хэмээн хоолойгоо чахруулан шүдээ хавиран занаж хэлэхтэй зэрэгцэн идэр залуу төлөөлөгчийн шинэхэн хромон гутлын хоншоор өвгөний цохонд буув. Өлзийноровын нүднээс “гал бутраад” явчихлаа. Дэслэгчийн, нүүр харагдмаар гялалзтал тосолсон гутлын ул, боомонд нь цус цацран үсрэхэд, хөмсгөө зангидсан байцаагч догширон улангасч:

-Муу эсэргүү феодалын хорт цус шинэ хромыг минь бузарлачихлаа, цэвэрлэ чи, долоо чи хэмээгээд өвгөнийг угзчив. Өозийноров төлөөлөгчийн дэндүү бүдүүлэг хүмүүн бус аашлахад нь цөхрөнгөө барахдаа арай ядан үгээ зөөж:

-Чамд над шиг эцэг бий л байх... гэв. Төлөөлөгч:

- Тэртэй тэргүй үхэх ялын чинь тогтоол гарчихсан чамайг яасан ч яадаг юм? Өтөлж зөнөсөн эсэргүү феодалын нохой ч тоож шиншлэхгүй өмхий зовлого шоронгийн зай бөглөж атиралдсанаас үтэр түргэн үхэж далд орвол таарна хэмээн толгой руу нь дэлсэв.

Өлзийноровын ухаан балартаж, байцаагчийн хараах дуу нь тасалдан холдож, харцны нь мананд нүүр нь дайвалзан бүдгэрэхэд Дэлгэрхангай уулын өвөр дэх “Ногоон дээвэрт” байшин будан дундаас тодорч үзэгдэв.

Одоогоос найман жилийн өмнө хичээл дундуур нь орж ирсэн яг энэ дэслэгч шиг ногоон малгайтнууд шууд л Өлзийноров багшийг шавь нарынх нь нүдэн дээр гавлан, хүүхдүүдийн монгол бичигтэй дэвтрүүдийг урж хаясан юм. Багшийн бийр янтай, бэхийн сав ширээн дээрээс унаж, шалаар нэг хар бэх урссан сан. Зүүнтний нугалааны энэ үед Өлзийноров тавь шахаж байлаа. Ногоон малгайтнууд “Латин бичигт шилжих төр засгийн бодлогыг эсэргүүцэн харгис феодалын бичиг зааж, ардын хүүхдүүдийн тархийг хордуулж байгаа чамаас ял асууна” хэмээн цохиж балбан чирч одсон билээ.

Өлзийноров энэ гэнэтийн явдалд цочирдон “Монгол хүн монгол бичгээрээ л уншиж, бичих ёстой. Харийн дарлалд хоёр зуу гаруй жил болохдоо ч бичиг үсгээ солиогүй атлаа тусгаар улс болсон үедээ хаа холын латин бичиг хэрэглэнэ гэдэг юу гэсэн үг вэ, хэдэн мянганы түүхээ бичиж, хүчирхэг үедээ дэлхийн дайдад зарлигаа түгээн “эзэрхэж” ирсэн төрөлх бичгээ гадуурхана гэдэг эрүүл ухаан мөн үү” хэмээн хоолой зангируулан гашуудаж, гуниг хурсан нүдээрээ өршөөл эрэх мэт ширтэн гомдолтой нь аргагүй уруул чичрүүлэн хэлж билээ. Ингэж уйлагнасныхаа төлөө тархиа хага цохиулсан нь тэрхэн зуур гялсхийтэл санагдаад явчихлаа. Олны багш жил зургаан сар шоронд тарчлахдаа нүд нь бүлтийж, нуруу нь бөгтийж, оюун санаанаас бусад бүх бие эрхтэн нь зэрэмдэглэгдэж гарсан ч, намаас хөөгдөн сонгуулийн эрхээ хасуулсан юм. “Яагаад, яагаад” хэмээх түмэн асуултанд ээрүүлсэн ч, эрхбиш монгол бичгээ эргээд хэрэглэх болсон учир итгэл найдвараа алдалгүй түмний хүүхдийг гэгээрүүлэх ажилдаа шамдан зүтгэсээр л эдүгээ хүрсэн ажгуу.

Буриад Цэвээн, Жамьяан гүн, зохиолч Бат-Очир нартайгаа хамт Нийслэл хүрээний газар Судар бичгийн хүрээлэн байгуулах анхны дүрмийг зохион боловсруулах ажилд ханцуй шамлан орж, нойр хоолоо хугаслан мачийсаар Олноо өргөгдсөний арваннэгдүгээр оны өвлийн эхэн сард Намын их хурлаар батлуулахуй, Богд хаан мутраа хайрласанд туйлгүй баярласан Өлзийноров төрсөн нутаг Дэлгэрхангай уулынхаа өвөр бэлд шинэ төрийн засгийг тохинуулах хошуу захирагчаар томилогдож, юуны өмнө сургууль байгуулахаар яаран мордож, хөдөөгийн уул талаар соёлын үрийг тарих анхны шанг татаж билээ. “Одоо л хаад ноёд, харц ард хэмээн ялгахгүй бүгд титэм сүүл холбож, бичиг үсэгт тайлагдан гэгээрлийн замд орох нь. Бичиг ном заалгах хүсэлтэй хэн ч бай, хэдийд ч хамаагүй манайд ирээрэй. Төр засгаас хошуу бүхэнд сургууль байгуулж, баян хоосон гэж ялгахгүй эрдэм номд суралцах завшаантай хэрэг боллоо” хэмээн хөл газар хүрэхгүй хөөрч, айл болгоны үүдийг сөхөж, хүүхэд бүрийн толгойг илж, хөлсөө ч арчих завгүй, эгээ л хад бутанд хашгирахаас наахнуур зарлаж асан цаг төдий л холдоогүй. Зарим нь бүр “Муу эр дайнд хөөрнө гэгчээр энэ ч бүр хөлөө хугалах нь. Ном зааж байгаа нь энэ гэж хэдэн хүүхдийг минь шавар амбаарт хорьж, гар мухарлах нь” хэмээн дургүйцэж хөөж гаргах нь халаг нэгэн байсан ч “Та нар удахгүй мэднэ, эрдэм ном дээд баян гэж эртний үг шүү дээ” хэмээн ятгана. Хөөгөөд гаргасан ч, хөөргөж цаашлуулсан ч Өлзийноров түүнийг юман чинээ бодолгүй, сургуулийн байшингийн суурь ухалцаж, тоосгы нь өрөлцөж, ногоон дээвэртэй жижигхэн байшин босгож аваад, анхны шавь нараа цуглуулан, а үсгийн ацаг татуулж билээ. Ногоон дээвэр нь наранд гялалзан харагдах сургуулийнхаа зүг таатайяа ширтэн инээмсэглэж, баяртайгаар санаа алдаад, жавхалзтал алхаж асан цог золбоотой үе нь зэрэглээн дунд дайвалзан манан мэт үгүй болжээ. Тэр үеийнх шиг жаргалтай өдрүүд түүнд дахин тохиосонгүй.

Хорих өрөөний хаалгаар шидүүлсэн үхлүүт өвгөн цус нөжтэйгээ хутгалдан хэвтэнэ. Өвчнөө өчүүхэн ч мэдрэхгүй болсон Өлзийноров шархныхаа халуунд бэмбэгэнтлээ чичрэх агаад тэсвэрлэшгүй зовиурын шинжийг илчлэн нүүр ам нь татвалзана. Чингээд харц нь хана руу шилжин нүд нь томорсноо сандран өндийж: “...Хүүхдүүд минь, номоо нуугаарай, бичгээ мартаарай. Мартахгүй бол үхнэ шүү, бүгдийг март” гэснээ “...Би хичээлээ зааж байна. Зааж эхэллээ. Хүүхдүүд минь... Миний бийр бэхийг... Тодроод ирлээ. Цусанд баларсан үсэгнүүд гараад ирлээ. Тээр дээр тэнгэрээс их эзэн Чингис хаан харж байна” хэмээх хоорондоо утга авцалдаагүй олон юм хэлснээ нүдээ алгуур анин буцаж уналаа.

Ар Монголын хөвгүүд Богд эзний зарлигаар үхэр жил халдаад ирсэн хар хятадаас өвөрлөгч ахан дүүсээ чөлөөлж, Эзэн Чингисийн эх суурийг тавьсан Их Монгол улсаа сэргээн мандуулна хэмээн зориглож: “Үргээд одоход тоосоо хайлцана, үхээд одоход сэгээ хайлцана” хэмээх тангараг тавилцаж, таван замаар алалдан байлдсаар Цагаан хэрэмд тулж очсон юмсан. Гэнэт дайныг зогсоох хааны зарлиг ирж, дайчин эрсийн эх орныхоо төлөө урсгасан цус хумхын тоосны ч үнэгүй талаар өнгөрөхөд, халуун сэтгэл рүүгээ ус цацуулсан цэрэг эрс мэлэртэл гайхацгаан толгой нь дүйрч байсан юм. Тэдний урам хугарч, дуугаа хураацгаан толгойгоо ганзагалан буцацгаасан нь дэндүү гашуун байж билээ. Хүрээнд ирсэн хойно баатарлан байлдсан дайчдад хааны хишиг хүртээж, амь үрэгдсэн цэргүүдийн ар гэрт нөхвөр төлөөс үзүүлснээс өөр тоймтой юм болоогүй. Өлзийноров гүнд Монголын тулгар төрийн Сангийн хамаг хэргийг бүгд захиран шийтгэх яамны түшмэл хийгээд байлдаанд зуут захирч, манлайлан оролцсоны учирт бичиг эрдэмд бузгайг бодолцон “Улсад туслагч гүн хэмээх цол шагнав” хэмээн зарлигдсан бөлгөө.

Төлөөлөгч Өлзийноровыг “Сэр, сэрээч” хэмээн нүүр лүү нь ус цацав. Түүнд сэрэх тэнхэл ч, хүсэл ч байсангүй. Нүдээ нээх л юм бол мөнхийн зовиур гаслант ертөнцдөө эргэн очно.

Олны багшид там шиг амьдралаас чаргууцалдан зүүгдэх нь даанч утгагүй, хувь заяаны хоржоонтой тохуурхал шиг санагджээ. Өсөх наснаасаа өтлөх насаа хүртэл амь хайргүй зүтгэж ирсэн үйл хэрэг, итгэл үнэмшил нь хад мөргөсөн шил мэт бутран унахад заяа тавилан, энэ төрд голоо горойтол гомдохын гашуун үнэнд заазлагдахтай адил гутамшиг, эмгэнэл гэж юу байх билээ. Эцэс төгсгөлгүй гутрал цөхрөлийн ёроолд юу үлдэх вэ? Одоо тэгээд яахав, эрт урьдаас баатарлаг түүхтэй элэнц дээдсээ нулимах уу, гурван үеэрээ бичиг эрдмийг шүтэн биширч, эрхэмлэн дээдэлсэн удам угсаагаа хараах уу, Өлзийноров хэмээн нэрлэж, сонгосон замыг нь адислан ерөөсөн эцгийгээ зүхэх үү.

Өлзийноровын эд эс бүхэн нь шархиран шаналж: “Тэр, тэр гамин, бишээ комиссар..., Би хэзээ эсэргүү болсон бэ? Хэлээд өгөөч... Ямар зэвхий чөтгөр нь намайг эсэргүү болгоо вэ? Тиймээ би эсэргүү бүлэгт орсон. Уурандаа өөрийгөө хатган амиа егүүтгэгч хилэнцэт эсэргүүний бүлэгт орсон би. Хилэнцэт эсэргүүнүүдийг, цусны амтанд орсон араатан харанхуйгаас өлөн хурц нүдээр шунаглан ширтэж, жадныхаа ирэнд хилэнцийнх нь хорыг түрхэж биднийг бүлж байна. Бүлэхэд нь бид цусаараа тургиж огино. Тиймээ, тийм л эсэргүү бүлэгт би Богд эзнийхээ хайрласан “улсад туслагч гүн” хэмээх хүнд хишгийг цусан улаан таван хошуугаар солиод элсчихэж, би эсэргүү, эсэргүү” хэмээн дотогшоо, ухаан бодлоо яйртал орь дуу тавин тарчилсныг хэн мэдэх билээ.

Ням-Очирын Өлзийноров гүнгийн ширгэшгүй оюун ухаан хөх тэнгэрийн уудамд жингүйдэн одохуй, түүний зовхиных нь завсраар нулимс гялтганах аниатай нүдэнд Богд гэгээнтнээ хаан ширээнд өргөмжлөх маш эрхэмсэг, гүн хүндэтгэлтэй үеийн Монгол улсын соёмбот туг хөх тэнгэрт сүр жавхлантай намирч буй нь үзэгдэв. Хэрэв түүний омголтож хагарсандаа цус шүүрсэн уруулын үл мэдэг хөдлөхийг нь анзаарч чагнасан бол “Төрийн минь сүлд” хэмээн чин зүрхнээсээ гүн бишрэлтэйгээр сүсэглэн хэлсэн үгийг сонсох байлаа.

                       

Д.Нацагдоржийн шагналт зохиолч Ц.Түмэнбаяр                                                                                                                                                                              Улаанбаатар хот 2021-12-21

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

 
 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
(103.212.119.14) 2021 оны 12 сарын 29

muu eserguunuudig sain ustgah heregtei baisiin,odoo bur butsaad feodal har shar hujaagin daguul uls bolood duuslaa

0  |  0
Top