Тэглэлт ШИЙДЭЛ биш ХАЛХАВЧ

2022 оны 01 сарын 04

Хэсэг бүлэг этгээдэд буюу эрх мэдэлтнүүдэд илүү боломж олгосон Цар тахлын эсрэг хуулийг дахин сунгах ШААРДЛАГАГҮЙ талаар олон нийт, хэвлэлийнхний зүгээс удаа дараа хэлж ярьцгаасан ч, эрх баригчид жишгийн дагуу баяр ёслолтой зэрэгцэн сунгачихлаа.

Ковидын халдварыг дотооддоо алдаагүй байхад  буюу 2020 оны дөрөвдүгээр сарын 29-ний өдөр УИХ-аас анх баталсан уг хууль нь Монгол Улсын Үндсэн хууль болон Олон улсын гэрээ, конвенцуудаар бүрэн дүүрэн баталгаажсан Хүний суурь олон  эрхийг хязгаарласан зүйл, заалтуудтай хууль болсон талаар хуульчид, судлаачид байр сууриа илэрхийлдэг.

Түүнчлэн батлагдан, хэрэгжиж эхэлснээс хойшхи хугацаанд 1000 гаруй хүнийг Төрийн албанд сонгон шалгаруулалтгүй томилсон, төсвийн мөнгийг тендерээр халхавчлан  хяналтгүйгээр цацсан гээд олон асуудал энэ хуулийн хүрээнд халхавчлагдан  өнгөрч буй.

Гэсэн ч  эрх баригчид энэ хуулийн үйлчлэлийг дахин сунгах шаардлагатай гэж үзлээ. Ингэхдээ олон нийтэд “таалагдах”  чиглэлийн нэг шийдвэрийг зэрэгцүүлэн гаргаж буй нь айл өрхийн эрчим хүчний төлбөрийг 2022 оны зургадугаар сар хүртэл төрөөс хариуцах тухай юм.

Тодруулбал, Орон сууцны айл өрхийн сард хэрэглэх 250 кВт.цаг хүртэл, гэр хорооллын айл өрхийн сард хэрэглэсэн 350 кВт.цаг хүртэл цахилгаан эрчим хүчний төлбөрийг 2022 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс 2022 оны тавдугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацаанд төрөөс хариуцна. Үүнд шаардагдах санхүүжилтийн эх үүсвэрийг нийгмийн хариуцлагын хүрээнд уул уурхайн төслүүдээс санхүүжүүлнэ гэж шийдвэрлэв.

Бодит нөхцөл байдлыг харвал, хамгийн хүнд байдалтай байгаа салбар бол эрчим хүч. Уул уурхайн төслүүдээс иргэдийн хэрэглээг хагас жилийн хугацаанд даахын оронд, эрчим хүчний салбарт нэн шаардлагатай байгаа “нөхөөс” зардлуудыг уг эх үүсвэрээр шийдвэрлэж болохоор л дүр зураг харагдаж буй.

Гэвч Цар тахлын хуулийг сунгасан шалтаг шалтгааныхаа нэгээр айл өрхийн эрчим хүчний хэрэглээний төлбөрийг дахин зургаан сарын хугацаанд төрөөс даахаар болсноо тоочих нь эрх баригчдад илүү хэрэгтэй бололтой.

Тодотгоход, эрчим хүчний салбар нь Монгол Улсын үндэсний аюулгүй, бие даасан байдлыг хангах стратегийн ач холбогдол бүхий хөгжлийн тэргүүлэх салбарын нэг гэдгийг хэн хүнгүй мэднэ.

2020 оны статистик харахад, Монгол Улсын цахилгаан эрчим хучний хэрэглээ 8,851.3 сая кВт.цаг-т хүрч, өмнөх оноос 1.5 хувиар нэмэгджээ. Үүнээс 7,145.7 сая кВт.цаг буюу 80.7 хувийг дотоодын үйлдвэрлэлээс хангажээ. Дотоодын үйлдвэрлэлийг эх үүсвэрийн бүтцээр авч үэвэл 90.9 хувийг дулааны цахилгаан станцууд, 9.07 хувийг нар, сапхи, усны эх үүсвэрүүд, 0.03 хувийг дизөль станцуудаас үйлдвэрлэсэн байна.

Эрчим хүчний хэрэглээний  19.3 хувь буюу 1,705.6 сая кВт.цаг цахилгаан эрчим хүчийг 14 дэд станцаар дамжуулан импортоор худапдан авсан байгаа. Энэ нь өмнөх оноос 11.0 сая кВт.цаг буюу 0.6 хувиар буурсан үзүүлэлт юм.

Импортоор худалдан авсан цахилгаан эрчим хүчний 312.1 сая кВт.цаг буюу 18.3 хувийг ОХУ-аас, 1,393.5 сая кВт.цаг буюу 81.7 хувийг БНХАУ-аас авчээ. Харин улсын хэмжээнд өнгөрсөн онд 39.9 сая кВт.цаг цахилгаан эрчим хүчийг ОХУ-д экспортолсон нь өмнөх оноос 13.3 сая кВт.цаг буюу 33.5 хувиар өссөн үзүүлэлт байсан.

Монгол Улсын хэмжээнд цахилгаан эрчим хүч хэрэглэгчдийн тоо сүүлийн жилүүдэд дунджаар 7-8 хувь, дотоодын эрчим хүчний үйлдвэрлэлийн хэмжээ 6-7 хувиар өссөн үзүүлэлттэй. Эрчим хүчний хэрэглээний өсөлтийн дунд хугацааны төсөөллөөс харахад 2022-2023 оны өвөл эрчим хүчний хангамжийн хувьд хамгийн хүнд жилүүд тохиохоор байгааг салбарын сайд Н.Тавинбэх хэлж байсан.

Эрчим хүчний эх үүсвэрүүдийн насжилт, тоног төхөөрөмжийн хуучрал, хэрэглээний өсөлтөөс шалтгаалан цахилгаан дамжуулах, түгээх сүлжээний шугам тоноглолыг хэт ачаалалд оруулах нь системийг бүхэлд нь аваарын нөхцөл байдапд хүргэх эрсдэлтэй учир цаашид дулааны цахилгаан станцуудын үндсэн тоноглолууд аваарын эогсолт хийх, өндөр хүчдэлийн цахилгаан дамжуулах шугам сүлжээнд тасралт гарахаас урьдчилан сэргийлэх шаардлагатай байгааг мөн хэлж буй.

Салбарын мэргэжилтнүүдийн үгийг сонсоход, эрчим хүчний салбараа бэхжүүлэх үүднээс төрөөс хийж, хэрэгжүүлэх олон ажил хүлээлгийн өрөөнд байсаар байна. Гэтэл эрчим хүчний салбарын тогтвортой байдлыг хангахын төлөө шийдвэрүүд гаргах ёстой төр нь айл өрхийн эрчим хүчний хэрэглээний зардлыг  ТЭГЛЭХ л ажил хийж байгаа нь шийдэл биш гэдэгтэй хэн хүнгүй санал нийлэх биз ээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top