Сүүлийн хоёр жилийн турш цар тахлаар амиа алдсан иргэдийн тоо хоёр мянгад хүрлээ. Гэвч цар тахалд бүхий л анхаарлаа хандуулсан манай орны хувьд бусад хүчин зүйлээс хамааран нас барах иргэдийг орхигдуулж болохгүй юм. Өнгөрсөн оны эхний 11 сарын байдлаар зам тээврийн ослын улмаас 219 хүн амиа алджээ. Үүнээс 44 хүүхэд байсан юм. Эндсэн хүүхдүүдийн тоо 2020 оны мөн үетэй харьцуулахад 27 хувиар буурсан үзүүлэлт байна.
Гурван сая гаруй хүн амтай улсын хувьд жилд 44 хүүхдийн амийг зам тээврийн ослоор алдана гэдэг том тоо. Буурсан нь сайшаалтай үзүүлэлт хэдий ч асран хамгаалуулж, өсөн бойжих насан дээрээ бусдын буруутай үйлдлээс болж амиа алдсан хүүхдүүдийн хувьд харамсалтай хэрэг билээ.
Өдрөөс өдөрт түгжрэх Улаанбаатар хотын гудамжинд машины тоо ч нэмэгдэж, түүнийг даган зам тээврийн ослын тоо ч нэмэгдсээр. Улаанбаатар хотын хэмжээнд 2019 онд 373 мянган машин замын хөдөлгөөнд оролцдог байсан бол өнөөдрийн байдлаар 500 мянга руу дөхжээ. Түгжрэл дан ганц машины тоо нэмэгдсэнтэй холбоотой юу гэвэл бас л үгүй аж. Хүүхдээ сургуульд машинаар хүргэдэг эцэг эхчүүд ч түгжрэлд тодорхой хэмжээгээр нөлөөлдөг байна.
Тухайлбал, сурагчдын улирлын амралтын үеэр замын түгжрэл 28 хувиар буурдаг талаар Улаанбаатар хотын замын хөдөлгөөний талаарх судалгаанд дурджээ. Учир нь өдөрт 110 мянган хүүхдийг сургууль болон цэцэрлэгт зөөдөг аж. Сурагчдын улирлын амралт болон цар тахлын хөл хорио зөвхөн түгжрэлд нөлөөлсөнгүй. Зам тээврийн ослоор бэртэх хүүхдийн тоонд ч нөлөөлжээ. Жишээлбэл, улсын хэмжээнд хүүхэд өртсөн зам тээврийн осол 2021 оны эхний 11 сарын байдлаар 415 бүртгэгдсэн байна.
Хүүхдүүд зам тээврийн осолд өртөх хамгийн эрсдэл өндөр үе түгжрэл болон хичээл сургууль эхэлсэнтэй холбоотой байдаг ажээ.
Тээврийн цагдаагийн албаны мэргэжилтэн, Цагдаагийн ахлах дэслэгч П.Пүрэвханд “Жилд дунджаар 55-65 хүүхэд зам тээврийн ослын улмаас нас барж байна. Тэр тусмаа эцэг эхийн хараа хяналт хамгийн их шаарддаг буюу 2-10 хүртэлх насны хүүхдүүд дийлэнх хувийг эзэлдэг нь хамгийн эмгэнэлтэй юм. Хүүхдийг 10 нас хүрэхэд эцэг эхийн хараа хяналт сулардаг. Ингэснээр 13-16 насны хүүхдүүд тээврийн хэрэгслийн улмаас гэмтэх тохиолдол нэмэгдэж байна” гэв.
Өнгөрсөн оны эхний 11 сарын байдлаар манай улсын хэмжээнд зам тээврийн ослын холбогдолтой дуудлага 71 мянга иржээ. Үүнээс бүртгэгдсэн зам тээврийн осол 19,285 байсан аж. Зам тээврийн ослын улмаас бэртсэн 709 хүний 104 нь хүүхэд байжээ. Нэг ёсондоо эдгээр хүүхдүүд хүнд болон хүндэвтэр бэртэж гэмтсэн явдал цаашдаа өсөж торниход биед нь сөрөг нөлөө үзүүлэх юм. Зөвхөн нийслэл хотод хүүхдийн эндэгдэл нэмэгдэж байна уу гэвэл үгүй.
Орон нутагт тээврийн хэрэгслийн хөдөлгөөн эхлэхээс өмнө эргэн тойрноо сайтар шалгаагүйн улмаас хүүхдээ мөргөх, гэмтээх, улмаар нас барах тохиолдол хамгийн их байдаг ажээ. Өнгөрсөн онд орон нутагт нийт 30 хүүхэд зам тээврийн улмаас эндсэн байна. Мөн хот хооронд зорчих үедээ насанд хүрэгчид хүүхдэд суудал гаргахгүй атлаа ачаа бараанд зай гаргаж, үүнээс үүдэж машин осолдох тохиолдолд суудалгүйн улмаас хүүхэд хамгийн түрүүнд бэртэж, цонхоор шидэгддэг.
Энэ мэтчилэн хүүхэд ахуй насандаа зам тээврийн ослын хохирогч болсон хүмүүсийн тоо хоёр оронтой бүү хэл гурван оронтой тооноос буурахгүй байна. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох, замын хөдөлгөөний дүрмээ баримтлахгүй байх, жолоочийн үүрэг хариуцлагыг бүрэн таньж мэдээгүй явдлаас үүдэж зам тээврийн осол гаргах зэрэг асуудал ар араасаа хөвөрсөөр. Зам тээврийн ослын улмаас хүүхэд бэртэж, эндэх нь жолоочийн хариуцлагагүй байдлаас хамгийн их шалтгаалж байгаа ажээ.
Үүнээс урьдчилан сэргийлж чадвал хохирогчийн тоог багасгах боломжтой. Тухайлбал, жолооны сургалтын хөтөлбөр төлөвлөгөөнд жолоочийн хариуцлагыг тусгаж өгөөгүй байдаг. Тиймээс жолооны дүрэм зааж, хотын төвд дромонд гаргахаас гадна замын хөдөлгөөнд оролцохдоо ямар хуулийн хариуцлагыг давхар хүлээх талаар дэлгэрэнгүй заах шаардлагатай юм. Хэрвээ жолооч явган зорчигчийг мөргөвөл, зам тээврийн осол гаргавал ямар хариуцлага хүлээх вэ гэдгийг нэг бүрчлэн тайлбарлаж, жолооны сургалтуудад зайлшгүй орох шаардлагатай.
Мөн жолооны төвүүдийн үр дүнг тооцох хэрэгтэй. Аль жолооны курс төгсөгч хамгийн их осол, аваар хийсэн, хамгийн чанартай болон чанаргүй жолооны төвүүдийг судлах, судалгаа явуулах, стандарт шаардлагын дагуу жолооч бэлтгэж байгаа юу гэх зэргийг судлан нэгтгэж, нэгдсэн мэдээллийн санг бүрдүүлэх нь чухал юм. Ерөнхий боловсролын сурагчдад системтэйгээр сургалт оруулж, явган зорчигч хөдөлгөөнд хэрхэн оролцохоос эхлүүлж унадаг дугуй, тээврийн хэрэгслийн замын хөдөлгөөний дүрмийн анхан шатны мэдлэгийг олгох хэрэгтэй. Хэрэв ямарваа нэгэн байдлаар зам тээврийн осолд анхаарал хандуулахгүй бол эрдэнэт хүний амь статистик тоо болсоор байх уу.
Н.АНУЖИН
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 0 )