Шинэ жилийн өдрүүдийг сүлд мод, мөсөн хотхон, цасан ширхгээр төсөөлөхийн аргагүй. Нийслэл Улаанбаатар хотын ажин түжин байдал, утаатай үдэш, хүйтэн жаврыг хага ярж, хүүхдийн цовоо дуу цангинасан ганц газар нь Сүхбаатарын талбай байлаа. Нийслэлчүүд өнгөрсөн оныхоо ололт амжилтыг дүгнэж, ирэх жилийнхээ төлөв байдлыг хэлэлцсэн он солигдох мөчид том, жижиггүй л ид шид байдаг гэдэгт итгэхийг хүсэн сүлд модны гэрэл дор сэтгэлээ талбин гэгэлзэнэ.
Үлгэрийн мэт өнгө гэрэл булаасан Кремлийн гудамж, Харбины мөсөн хотхон, Санта Клаусын далавчтай цаа буга, хүслийн бэлгэнд умбасан барууны Зул сар шиг шинэ жилийг бид дэлгэцээс л харсан гэхэд хилсдэхгүй. Харин бид, бидний хүүхдүүд шинэ жилээ хэрхэн угтдаг вэ. Баярын өдрүүдэд, он солигдох мөчид нийслэлчүүд бид хэрхэн баясан цэнгэв гэдгийг энэхүү сурвалжилгаараа онцоллоо.
ХҮҮХЭД ХУУРЧИХААР МӨСӨН ЧИХЭРГҮЙ Ч МӨСӨН ГУЛГУУРТАЙ ШИНЭ ОНОО УГТЛАА
Улаанбаатар хотод он солигдох өдрүүдэд шөнөдөө хасах 30 хэмтэй байлаа. Арванхоёрдугаар сарын 28-30-ны өдрүүдэд албан байгууллагын шинэ жил оргил цэгтээ хүрч оргилуун дарс, шагнал урамшуулал, бэлэг сэлт, баярын хундага жингэнэн байв. Хотын хаа сайгүй ганган даашинзтай бүсгүйчүүд, дэгжин гоонжтой залуус тал шил виски, хувааж амжаагүй бялуу, өргөмжлөл, бай шагналаа тэвэрчихсэн үдшийн зам дээр унаа хүлээн зогсох аж. Зарим нь сэтгэл дундуур, зарим нь сэтгэл хөдлөл нь дээд цэгтээ тулчихсан халамцуу залуус баяраа үргэжлүүлэхээр такси хөлслөн одох авай.
Үүний зэрэгцээ эгэл жирийн ард түмэн гэр гэртээ баярын ширээ засаж, үр хүүхдүүдээ агаар салхинд гаргаж, мөсөн хотхоноор “аялуулна”. Яг үнэндээ манай нийслэл хотод хүүхдүүд тоглож, агаарлах мөрөөдлийн хотхон үгүй гэдэгтэй хэн ч маргахгүй биз ээ. Аав, ээжүүд алаг үрсээ төв талбай руу авч ирэх аж.
Арванхоёрдугаар сарын 30-31-нд шилжих шөнийн 1,2 цагийн үед хоёр гуравхан настай болов уу гэмээр жаахан үрс Сүх жанжны талбайн мөсөн хотхонд тоглож байлаа. Тэдний жаалхан хацар алим шиг улайж, халууцсандаа малгайгаа ярсхийн өмсжээ. Мөсөн хотхоны мөсөн гулсуур, мөсөн хонгил, зүрхэн хэлбэртэй сандал, шидэт байшин, өвлийн өвөө, цасан охин, сүлд модны хөшөө, хүүхэд насанд хүргэж өгдөг галт тэрэг, оцон шувуу, цаа бугатай өвлийн өвөөг мөсөөр урлажээ.Тэдгээрээс хамгийн эрэлттэй нь хүүхдүүдийн хувьд мөсөн гулгуур байсан бол залуусын хувьд “Би чамд хайртай” гэсэн бичигтэй зүрхэн хэлбэртэй баримал байлаа. Мөсөн гулгуур дээр гулгамаар байвч том хүн даахгүй хагарчих болов уу гэсэн болгоомжлолтойгоор хүүхдүүдийг атаархан ажив.
Тэд богинохон ч гэсэн жаргалтай хормыг ахин дахин мэдрэхээр гулгуурын шат руу авирна.Эгээ л цэцэрлэгийн хүүхдүүдэд зориулсан болов уу гэмээр авсаархан гулгуурын аз жаргалтай хором яасан богинохон юм бэ. Болдог сон бол энэ гулгуурыг талбайгаар нэг гороолсон урт болгох юмсан. Түүгээр бяцхан жаалууд эргэлдэн гулгасаар талбайгаа бүтэн тойрчихдог бол мөн гоё оо. Цаа буга нь ч хүүхэд даахааргүй жижигхэн юм.
Сургуулийн хүүхэд сундалвал цуурчихаж мэдэх тул наана нь зогсож зургаа татуулах бөлгөө. Цар тахлын улмаас шинэ жилийг өргөн дэлгэр тэмдэглэхгүй байх шийдвэрийг Улсын онцгой комиссоос гаргасан. Тиймдээ ч хүний хөлийн сийрэгт үдэш, шөнөөр ийнхүү үр хүүхдээ тоглуулж буй эцэг, эхчүүдийг буруутгах аргагүй. Амны хаалтаа эрүүн доогуураа шургуулчихсан алдрай хүүхдүүд тоглоомоос тоглоомын хооронд хөөрцөглөн гүйж унтах нойроо ч умартан тоглох авай.
Энэ үдшийн чимэг бол чихмэл үлгэрийн баатрууд “амилжээ”. Маша, миша, туулай, цасан охид, өвлийн өвөөтэй зургаа татуулах соинрхолтой хүүхдүүд олон байв. Талбайн гэрэл зурагчид хүмүүсийн энд тэнд гаран зургийг нь янз бүрээр дарна. Техник технологи хөгжсөн энэ үед хүмүүс зургаа гар утсаараа дарах боловч гэрэл зураг угаалгаад авах ч дурсгалтай гэх хүмүүс ч бий. Талбайн зурагчин А “Ах нь талбай дээр 20 жил зураг дарж байна. Сүүлийн хоёр жил ковидын улмаас хөл хорионд орж иргэдийн хөл хумигдмал болжээ. Энэ жил он гарах мөчид багагүй хүн цугларчээ. Хөдөө орон нутгаас ирсэн иргэд. Олон жил уулзаагүй анд нөхөд, хамаатан садангууд уулзахаараа талбай дээр зургаа татуулж байгаа харагддаг. Зураг угаалгахад хэмжээнээсээ шалтгаалаад таван мянгаас 10 мянган төгрөгт багтдаг. Хүмүүс зургаа файлаар авах сонирхолтой болсон байна.
Юм хөгжөөд ирэхээр хуучны юм ул болж, шинэ юм шил болно гэгч нь болж байх шиг байна. Бидэн шиг гэрэл зургаар дагнаж амьдралаа авч яваа олон хүн бий. Баяр наадам хэсээд ажлаа хийх нь илүү ашигтай болжээ” гэж байлаа.
Тэгвэл мөсөн хотхоноор аялж буй иргэн Д “Гэр бүлээрээ талбай дээр он гаргахаар ирлээ. Бид гэртээ бууз, салатаа хийж идчихээд гарч ирсэн. Хүүхдүүд маань гаръя, тоглоё гээд байлгаж суулгахгүй юм. Гараад хаачих билээ. Талбай дээрээ ирж мөсөн хотхоноор тоглуулж байна. Үнэндээ хүүхдэд үзүүлж харуулчих юм хомс байна. Цагийн сайханд хаа сайгүй дуу хуур хадаж, гэрэл цацарч, хүмүүс холхиж байдаг сан. Ядаж л хүүхэд хуурчихаар мөсөн чихэр, өнгөт бөмбөлөг, чихмэл тоглоом ч энд алга. Дараа жил цар тахалгүй оноо сайхан гаргах байх гэж найдаж байна” гэлээ.
Он солигдох торгон агшинд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үг хэлж баярын мэндчилгээ дэвшүүлж, Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгээс сальют буудуулж дуулиан шуугиан багатайхан шинэ он гарлаа. Гагцхүү төв талбайн хажуу дахь гэрэлт цамхагийн цаг дин дон дуугарч 00.00 цагийг дохих сэтгэл хөдөлгөм агшин л хэвээр байлаа. Он жилийн тэртээгээс дурсамж сэргээн дин донхийх гэрэлт цагны лугшилтаар шинэ оноо угтах иргэд оргилуун дарсаа буудуулж гэртээ баярлацгаав.
ШИНЭ ОНЫ ЭХНИЙ ӨДРИЙГ УУЛЫН АМАНД ЧАРГААР ГУЛГАЖ ЭХЛҮҮЛСЭН ИРГЭД
Он солигдсоны маргааш нийслэл хотод нам гүм ноёрхжээ. Харин хотын гадна хөл хөдөлгөөн ихтэй байлаа. Өвлийн утааны улирал ид үедээ явж байгаа энэ үед иргэд үр хүүхдээ салхилуулж агаар салхинд гарах нь ихэссэн. Жилийн жилд өвлийн улиралд иргэд Богд хан уул, Хандгайт, Богинын ам, Нисэх, Яармаг руу зүглэж цана, чаргаар гулгадаг билээ. Яармагийн Жаргалантын аманд машин тэрэг чамгүй цуглажээ. Нисэх, Яармаг, “Чингисийн хүрээ” жуулчны баазыг зорих зам дагуу худалдаачид “нисдэг” чарга зарж байх аж. Чарга 20 мянгаас 25 мянган төгрөгийн үнэтэй байв. Уулын уруу нисэж буй чаргатай хүүхдүүдийн цовоо дуу хадаж, чарганаасаа унасан жаалуудын уйлах нь ч сонсогдоно. Эцэг, эхчүүд эгээ л хүүхэд аятай хүүхдүүдтэйгээ зэрэгцэн гулгацгаана. Жилд дунджаар 3000 гаруй хүн цана, чарганаас унаж бэртэн ГССҮТ-д хүргэгддэг байна.
Ноднин жилийн нэгдүгээр сард цана, чарганаас үүдэлтэй гэмтэл 350 гаруй бүртгэгдсэнээс дийлэнх нь буюу 196 нь бага насны хүүхэд байгаа нь харамсалтай. Чаргаар гулгах үед хурд хяналтгүй болдог тул эцэг, эхчүүд анхаарал болгоомжтой байж, замд нь саад тотгор, жалга гуу, хад чулуу, зам харгуй бий эсэхийг нягталж үзэх нь чухал юм. “Холдоорой” гэж уулгалан хашхирах хүмүүсээс өөрөө л самбаачлан зайлж амжихгүй бол таныг дагзаар чинь савж унатал мөргөөд талийж одно.
Хятадад үйлдвэрлэсэн өнгө өнгийн хуванцар чарганууд нэг өдрийн л настай аж. Энд тэндээ хугарч хагараад гар хөл зүсэх энүүхэнд болсон байх бөгөөд аягүйтвэл нүүр ам зүсэж, нүд ч сохолж мэдэхээр болжээ. Уулын аманд гулгаж буй хүмүүс ихэвчлэн залуу гэр бүлүүд найзуудаараа, үеэрээлээ бүлэрхэн агаар салхинд гарах аж. Үр хүүхдүүдээ дагуулаад гарсан гэр бүлүүд шинэ жилийн уур амьсгалаа хадгалсан хэвээр оргилуун дарсаа буудуулж, хээрийн бяцхан ширээ засжээ. Цар тахлын дараах баяр наадам улам хумигдмал, энгийн даруухан болоод буйг хэн хүнгүй хэлж буй.
Энэ жилийн шинэ жил ч тиймэрхүү л өнгөрөв. Байгууллагууд шинэ жилээ тэмдэглэж оны шилдгээ шалгаруулсныг эс тооцвол төрийн албаныхан шинэ оны баяр тэмдэглэхийг хориглосон билээ. Багш нарыг 500 мянган төгрөгөөр урамшуулсан нь нүдээ олсон шийдэл байлаа. Тэр мөнгөөр нэг өдөр идэж ууж, гангарч дэгжирхээд өнгөрөхөөс илүү хэд хоног гэр орон, үр хүүхдэдээ идэх хоол хүнс, хэрэгцээтэй зүйлсээ авах нь илүү амьдралтай болжээ. Энэ тухай хэсэг багш нар ам уралдан ярьж, ийнхүү уулын аманд гэр бүлээрээ шинэ оныхоо эхний өдрийг угтаж буйтай таарав. Хэт их чамирхал, баярхал, хэтийдсэн их үрэлгэн баяр ард хоцорч аливаа баярыг халуун ам бүлээрээ, амины найз нөхдөөрөө цомхон тэмдэглэж сурч байгаа нь олзуурхууштай.
Шинэ оны эхний өдрийн үдээс хойш гэртээ амарсан иргэд нэг нэгнийхээрээ зочлох, мэнд мэдэх, бэлэг өгөх зэргээр хөл хөдөлгөөнд орж эхлэв. Цаа бугын зурагтай хос цамцаар ижилссэн гэр бүлийн гишүүд эл хуль хотын замаар баяр жаргалтайгаар давхилдана. Албан байгууллагуудын гадаа сүндэрлэх гацуур модод ажлаа хийж, албаа өгсөн ажилтан шиг “амсхийжээ”. Одоо даашинз, дуфль биш сар шинийн бууз, боовны асуудал ар араасаа ундарна даа гэх шиг ажиггүй гэрэлтэх гацуур моддын мөчир дээр шинэхэн цасны хялмаа гялалзах ажгуу.
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 0 )