Нүүрсний экспорт төсвийн тооцооллоос 13 сая тонноор ТАСАЛДЛАА

2022 оны 01 сарын 04

Эрх баригчид энэ оны улсын төсвийг батлахдаа уул уурхай, олборлох салбарын орлогыг 4.3 их наяд төгрөг байхаар тооцоолсон. Тухайлбал, 36.5 сая тонн нүүрс, 1.2 сая тонн зэсийн баяжмал, 20 тонн алт, 9.5 сая тонн төмрийн хүдэр, баяжмал экспортод гаргахаар төсвийн тухай хуульдаа тусгасан баталсан.

Эдгээрээс нүүрсний экспортын тооцоолол шүүмж дагуулж байгаа. Учир нь ковидын эрсдэл өндөр, нүүрсний экспортын үндсэн худалдан авагч БНХАУ-ын тал хил боомтоо эргэн хэвийн байдалд оруулах хугацаа тодорхойгүй байгаа учраас эдийн засагчид, судлаачдын зүгээс хэт өндөр төсөөлөл байна гэж шүүмжилж буй юм.

Түүнчлэн хэдхэн хоногийн өмнө улирсан 2021 оны нүүрсний экспортын нэгтгэсэн мэдээллээс харахад ч, энэ оны тооцоолол эргэлзээ дагуулж байна.

УУХҮЯ-ны мэдээллээр 2021 оны арванхоёрдугаар сарын 24-30-ны өдрүүдэд авто замаар 665, төмөр замаар 800 чингэлэг нийт 135.6 мянган тонн нүүрс экспортод гаргажээ.

Монгол Улс өнгөрөгч 2021 онд 21,302.9 мянган тонн нүүрс олборлосон бол экспорт оны эхнээс арванхоёрдугаар сарын 30-ны өдрийг хүртэлх хугацаанд 15,941.7 мянган тонн болжээ.  Энэ нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 44.3 хувиар буурсан үзүүлэлт. 2021 оны төсөвт 28.7  сая тонн нүүрс экспортлохоор тусгасантай харьцуулахад, 13 орчим сая тонноор тасалдсан байна.

Сангийн сайд Б.Жавхлан энэ оны төсвийн төслийг өргөн барихын өмнөхөн  уул уурхайн түүхий эдийн экспортод эрсдэлүүд байгааг өөрөө хэлсэн. Гэсэн ч үнийн өсөлттэй байгаа үед  экспортыг тултал хийнэ гэж үзэж ийнхүү өндөр тоо тусгасан гэж тайлбарласан.

Тэрбээр  “Нүүрсний экспорт түүхэндээ хамгийн өндөр байсан нь 2019 он байдаг. Энэ жил 30  гаруй сая тонн нүүрс экспортод гаргахаар төсөвт тооцож, тусгасан байсан боловч сая тодотголоор 28 сая тонн болж буурсан. Бодит байдал дээр 16 сая тонн нүүрс л гарахаар байна. Экспорт биднээс шууд шалтгаалахгүй  нөхцөл байдал ирэх онд үргэлжилнэ. Гэхдээ бид 2019 оны хүрч байсан түвшиндээ экспортоо  хийе ээ гэж зорьж, оруулсан. Өөрөөр хэлбэл 36.5 сая тонн нүүрс гаргая гэж тооцсон. Энэ нь хэд хэдэн зүйлтэй холбоотой. Ирэх жил манай гол түүхий эдүүд зэс, нүүрс, алт, төмрийн хүдрийн үнэ бидэнд тохиромжтой байх нь. Энэ алтан боломж, цонх үеийг ашиглаж,  экспортоо тултал хийх ёстой. Үүний төлөө бүх зохион байгуулалтыг хийнэ  гэж харж байгаа. Харамсалтай нь хил нэвтрүүлэх экспортын процесс зөвхөн нэг талаас шалтгаалдаггүй.  Хоёр улсаас шалтгаална. Аль аль талаасаа шинэ горимд зөвшилцөж байж экспорт амжилттай явах учраас үүний төлөө гадаад харилцаа, уул уурхай эрчим хүч тээвэр гээд бүхий л чиглэлд яамдууд хүчин чармайлтаа гарган ажиллаж байж экспорт амжилттай явна. Төмөр замаар гаргадаг  төмрийн хүдэр, зэсийн экспорт төлөвлөсөн хэмжээндээ явж байгаа. Ирэх оны төсөвт 5-10 хувийн нэмэлттэй төсөвлөлөө” гэсэн юм.

Харин төсвөө өргөн барьсны дараа буюу хэлэлцүүлгийн явцад байр сууриа илэрхийлэхдээ: “Гол экспортын бүтээгдэхүүн нь уул уурхайн түүхий эд байх болно, үнэ өндөр байгаа энэ үед хангалттай экспорт хийж чадахгүйгээс алдагдал хүлээх төлөвтэй байгаа. Дэлхийн зах зээл уул уурхайн бүтээгдэхүүний үнэ өндөр байгаа энэ боломжийг 2022 онд алдахгүйгээр, экспортын хэмжээг цар тахлын өмнөх үетэй ижил хэмжээнд хүргэхээр төлөвлөсөн. Нөхцөл байдал гадаад, дотоод орчноос хамааралтай. Тухайлбал, Гашуун-Сухайт боомт дээр чингэлэг тээврээр нэвтрэн өнгөрүүлэх томоохон чингэлэг тээврийн терминалыг барьж дуусгасан. Мөн Шивээ хүрэн боомт, Замын-Үүд дэх төмөр замын тээвэрлэлтийг нэмэгдүүлэх арга хэмжээ авч байгаа” хэмээн мэдэгдсэн билээ.

Нөхцөл байдлыг аваад үзэхэд нүүрсний экспор энэ оны эхний хагас жилд бодитой эрсдэл дунд байна. 2021 оны тухайд зэс, төмөр, алт, газрын тос, цайр зэрэг бүтээгдэхүүний үнийн өсөлтийн нөлөөллөөр төсвийн орлогын алдагдлыг нөхөж байсныг сануулъя.

Зэсийн баяжмалын экспортын тухайд арванхоёрдугаар сарын 24-30-ны өдрүүдэд  авто замаар 144 чингэлэг гаргасан байна.

Өнгөрөгч оны эхнээс  арванхоёрдугаар сарын 30-ны өдрийн байдлаар 1,238.6 мянган тонн зэсийн баяжмал экспортолсон нь өмнөх оны мөн үеэс 11 хувийн бууралттай байна. Гэхдээ зэсийн баяжмалын үнэ дэлхийн зах зээл дээр өндөр байсан учир 2021 оны төлөвлөгөө 111 хувийн гүйцэтгэлтэй буюу давж биелжээ.

Манай улсын экспортын гол түүхий эдүүдийн гарц буурсан нь коронавируст халдварын тархалтын улмаас БНХАУ хилээ хаасантай холбоотой гэж УУХҮЯ-наас тодотгож байгаа юм.

Нүүрсний зах зээлийн төлөв байдлыг харахад, Индонез улс энэ сард нүүрсний экспортоо зогсоож магадгүй гэсэн мэдээлэл бий. Гэхдээ энэ нь   БНХАУ-д төдийлөн нөлөөлөл үзүүлэхгүй гэсэн шинжээчдийн таамаглал одоогоор давамгайлж байна. Учир нь манай нүүрсний үндсэн хэрэглэгч БНХАУ дотооддоо  олборлолтоо нэмэгдүүлэх бодлого барьж, хэрэгжүүлж байна.

 

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Халтараа(66.181.166.154) 2022 оны 01 сарын 04

төмөр зам руугаа бүх хүчээ тавиад Гашуун сухайт руугаа замаа дууаган эхний хагас жилдээ ТЗ-р экспортоо хийчих юмсан

0  |  0
БОДИТ БУС(64.119.25.232) 2022 оны 01 сарын 04

Сангийн сайд бодит бус төсөв батлуулсан

0  |  0
Top