СУРВАЛЖИЛГА: Муудсан хиамаар хоногийн хоолоо залгуулж байна

Автор | Zindaa.mn
2022 оны 01 сарын 06

Нийслэлийн төв гудамжаар очих газар нь тодорхой хүмүүс түргэн түргэн алхалсаар зөрөлдөнө. Тэдний замд нүдийг нь хужирлах, торгоох зүйл нэгээхэн ч үгүй. Гагцхүү хацар, чих хайрагдах тасхийм хүйтнээс зугтааж тал тал руу шалавлана. Хотын төвөөс гэр хорооллыг зорьсон сурвалжилгаа долоон өнгө нь бүрдсэн “Долоон буудал”-аас зураглалаа.

Автобусны буудал зарлагч төхөөрөмжийн “Долоон буудал” гэх чимээнээр хаалга руу дөхөв. “Долоон буудал”-д газардах даруйд сэрзийсэн яснууд гадуур хувцсанд хүрэх нь үү гэлтэй тулаад ирэх нь тэр. Автобусны буудал уу, задгай наймаа эрхэлдэг талбай “хар зах” уу гэдгийг нэрлэхэд бэрх. Алимны хэд хэдэн хайрцгийг доош харуулж өндөрлөн “нохойн хоол” хэмээх өмх мах ч үгүй шулсан өвчүүний ясыг "10-ын уут"-нд богц богцоор нь боодолложээ. Ийм нэг ууттай нь 2000 төгрөг гэнэ.

Хөх өнгийн машинтай эрэгтэй цонхоо үл ялиг онгойлгож “Нохойн хоол авчихъя хоёрыг” гэв. Худалдагч ухасхийн гарт ойр байсан ясыг машины ар талын шалавчин дээр тавиад, картыг нь аваад карт уншигч машинд уншуулчихаад ирье гээд уриалгахан гүйв. Худалдагч эмэгтэй 50 эргэм настай, нар салхинд зогссоор нүүрнийх нь арьс үрчийн харлаж сэвхэтжээ.

Өдөржин даарч хөрч зогссон ч өдрийн орлогоороо хоногийн хоолоо л залгуулдаг энэ эмэгтэйтэй хэсэгхэн зуур ярилцсан юм. Тэрбээр улбар шар, цэнхэр өнгийн куртка давхарлан өмссөн, адууны ширэн гуталтай харагдавч хөл нь хайраад байгаа бололтой цементэн газарт хөлөө доор доороо дэвсэлнэ зогсоно.

 

“ЯС ЗАРААД Ч БОЛТУГАЙ ЗҮТГЭЭД Л БАЙХАД УЛАМ ДОРДООД БАЙГАА АМЬДРАЛДАА СӨХӨРЧ БАЙНА”

Хажуугаар нь өнгөрөх хүмүүс “Сайн уу Ч эгч ээ...” хэмээн мэнд мэдэх нь уг наймаагаа эрхлээд удаж буйг илтгэнэ. Ч эгч “Хүчит шонхор” захаас өвчүүний яс, уушги, элэг зэргийг үүр шөнөтэй уралдаж, худалдан авдаг. Эдгээрийг авчрах гэж унаа хөлсний асуудал их үүсдэг гэнэ. Шатахууны үнэ нэмэгдсэнээс хойш өдөрт 20 мянган төгрөгийг зөвхөн унааны хөлсөндөө өгөхөөс аргагүйд хүрчээ. Цар тахал гарснаас хойш худалдан авалт ч эрс багасчээ.

Үргэлжлүүлэн тэрбээр “Ер нь ч өвөл болохоор “нохойн хоол” авах хүмүүс ховор болдог.Учир нь өвлийн идэш, цагаан сар гээд хаягдал хоол их гардаг байх. Иргэдийн амьдрал өдөр ирэх тусам дордсоор л байна даа. Цар тахал гарахаас өмнө энэ хавиар зарахгүй юм, зогсохгүй наймаачин, ирэхгүй архичин ч гэж байдаггүй байлаа. Одоо бол тэр минь ч хаана байна, энэ маань ч юу хийж байна гэж асуухаас халгамаар бүгд үхээд дуусаж байна даа. Өлсөж үхсэн нь ч бий л байх. Яс зараад ч болтугай зүтгээд л байхад улам дордоод байгаа амьдралдаа сөхөрч байна. Өмнө нь шулсан яснаас багахаан мах гардаг байлаа. Одоо тэр багахаан мах нь ч гарахгүй шүү дээ. Ясаа чанаад, шулсан махаа хийхээр сайхан шөл гарчихдаг байж. Одоо ч энэ яснаас шөл гарахгүй, нохойндоо л өгөх гэж хүмүүс авах болж” гэж уйлан халаглан ярих нь тэр.

Өөр бас жижиг тэргүүдэд өвдөл цөвдөл хаягдсан мах тэргүүтнийг үнэд хүргэж зарж байв. Цувдай 3000 төгрөг, толгой 5000 төгрөг, арилгаж цэвэрлэсэн гэдэс 10 мянган төгрөгөөс эхлээд л үнэ хаялцан зарцгаах ч мах сэлтийг худалдан авагч нь тун цөөхөн юм.

“Долоон буудал”-аар анхаарал татсан өөр нэг явдал бол хир даасан хувцастай, нүүр нүдгүй хөх эрээн болсон эрэгтэй хөл дээрээ тогтож ядан худалдагчтай хэрүүл хийж ямар нэг юмыг булаацалдав. “Мөнгөө төлөөч ээ! Муусайн юмнууд дандаа ингэж байдаг юм” гэж орилсоор худалдагч яаж ч чадалгүй хоцров. Юуг тэгэж их булаалдаж дуу чимээ болсныг харвал нарийн хиам, салямийг жижиглэн хувааж ууталсан байв.

Муудаж хэрэггүй болсон хиамыг “Хүчит шонхор” захаас авчирч “нохойн хоол” болгон зарж буй нь л тэр. Харин тэр өөрийгөө яая даа гэсэн архичин нохойндоо өгөх гэж хүний юмыг булааж аваагүй байх. Өлсөж үхэхгүйн тулд арга ядсан хүний үйлдэл ч байж болох юм. Монголын нэг хэсэг хүмүүсийн амьдрал туйлдаа хүрсэн ядуу, өлөн зөлмөн байхад төрийн өндөрлөгт заларсан дээдсүүд нь талхныхаа үнийг ч мэдэхгүй л юм даа.

Удалгүй “Цасны өмд, зузаан цамцаа аваарай” гэж цуцахгүй орилох чимээ хажууханд чих дэлсэнэ. Явган хүний зам дээр саравч босгоод, гурван талын хананд нь төрөл бүрийн хувцас өнгө алаглуулан өлгөсөн харагдана. Мөн микро машинд элдэв янзын хураалгаастай өмд, цамц, куртка, даавуун амны хаалт, малгайн үс сэлтийг ч өлгөсөн байв. Комиссын хувцас хямд, шинэвтэр, урд хөршөөс ирдэг бараанаас чанартай байдаг гэдгийг ч хэлэх хүмүүс байлаа. Гэсэн ч хямдханыгаа авч дийлэхгүй орлоготой хүмүүс олон байна.

Цасны өмд бүгд 10 мянган төгрөг. Худалдагч өмд сонирхсон хүнд их л уриалгахнаар “Углаад үз, энэ яг чамд тохирно” гэхэд худалдан авагч “Арай урт юм биш үү” гэв. Худалдагч “Тэгвэл би яг ингээд дөрвөн хуруу хасаад өгье, маргааш ирээд аваарай” гэсээр мөнгийг нь аваад үлдлээ. Нэг ч гэсэн бараа зарсан нь түүнийг гавьяа байгуулсан мэт догдлуулжээ. Шууд л нөхрөө дуудаад “Хоёр аарц аваад ирээч” гээд 10 мянган төгрөгөө сарвайв. Үдийн цайгаа аарцаар болгоож буй нь тэр ээ. Тэндээс намайг явснаас хойш “Цасны өмд, зузаан цамцаа аваарай” гэж цуурайтсаар үлдэв.

“Долоон буудал”-ын “Хүнс барааны зах” гэсэн үйлчилгээний төвийн хаалганаас нэгхэн алхмын зайд амны хаалтыг төрөл бүрээр нь өрсөн байлаа. Ойр хавьд нь худалдагч гэхээр хүн алга. Хоёр жаахан хүүхэд ирж шинэ жилийн зурагтай амны хаалтыг сонирхож, барьж үзэн байтал худалдагч нь бололтой эмэгтэй зах дотроос яаравчлан гарч ирж “Наадах чинь миний дүү ширхэг нь 500 төгрөг” гэв. Амны хаалт руу зөрж өнгөрсөн хүн бүр нүд унагавч зорьж авах нь цөөн юм. Хүүхдүүд ч 500 төгрөгийн гоё зурагтай амны хаалтыг авч чадсангүй. Цар тахал гарснаас хойш амны хаалт худалдаалах шинэ наймаа дэлгэрч хаа явсан газарт байдаг болсон нь энгийн үзэгдэл болжээ.

Сонирхолтой нь, Монгол Улс хоёр жилд нэг удаа ядуурлын түвшинг тогтоодог байна. Тэгвэл 2020 оны байдлаар 3.3 сая хүн амаас 903.4 мянган хүнийг ядуу амьдарч байгааг тогтоожээ. Энэ бол 2018 оны үеэс ядуу иргэний тоо хэдэн мянгаар буурсан үзүүлэлт. Ийнхүү захын нэгэн гэр хорооллын жишээнээс харахад бодит амьдрал дээр ядуурал буурсан уу гэдэг үнэхээр эргэлзээтэй. Ядуурал буурсан юм биш, хоногийн хоолоо яая гэж байгаа хүмүүст халдварт өвчний эрсдэл ч энүүхэнд, амь нас нь ч, эрүүл мэнд нь ч аюулд өртөхөд ойрхон байна.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

 

 

 

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zochin(192.82.91.175) 2022 оны 01 сарын 09

Tevcheeeer bol aldarsan ingej novshiiiin amidrah gj? Muu amidrahaaas …… deeer bolj bn iiim baidald bid lav hvsch orooogui bh shvv lalrudaaaa hariugaaa avna hezeee negen tsagt

0  |  0
Зочин(66.181.181.220) 2022 оны 01 сарын 06

Эд нараас хэцүү чанах хоосон ясгүй,түлэх түлээгүй нөхцөлд согтуу ээж аавын гэрт зовж байгаа хүүхэд олон яана даа.

0  |  0
яана даа(103.229.122.37) 2022 оны 01 сарын 06

Амьдрал доройтсоор байна. МӨД сайжрах боломж алга. 417 000 төгрөгийн тэтгэвэртэй хөгшинд амьдрал бараан талдаа байна даа.

0  |  0
Новш юмаа(66.181.166.78) 2022 оны 01 сарын 06

Би хараал бичдэггүй л дээ гэхдээл уншсан чинь бичмээр санагдчихлаа. Лалрын гөлөгнүүдээс болж ард түмний амьдрал хэцүүдлээ. Нохой шиг амьдарч байна даа цөөхөн хэдэн монголчууд маань.\n

0  |  0
Top