Сүн улсын Хүйтэн уулын бичиг | 86 дугаар бүлэг

Автор | Zindaa.mn
2022 оны 01 сарын 05

Хятадын дөрвөн их сонгодог зохиолын нэгэн болох "Хүйтэн уулын бичиг" хэмээх 100 бүлэг зохиолыг Дундад эртний үеийн Хятадын алдарт бичгийн хүн Ши Най Ань түүхэн үйл явдалд тулгуурлан туурвижээ.

Зохиолын үйл явдал Хятадын Умард Сүн улсын үед өрнөх агаад адал явдал, зовлон зүдгүүр туулсан 108 баатар эр Ляньшань ууланд хувь заягаар учран цугларч, гадаадын дайсан ба дотоодын урвасан хулгай, зальхай ноёдын эсрэг тэмцэж буйг уран яруугаар харуулсан юм.

Зохиолын уг нэр "Усан хөвөөний шастир" бөгөөд монголчууд эртнээс "Хүйтэн уулын бичиг" хэмээн нэрийдсээр ирсэн билээ. Энэхүү сонгодог зохиолыг Монгол Улс дахь БНХАУ-ын Элчин сайдын яамны зөвшөөрөлтэйгөөр уншигч танд хүргэж байна.
 

  • Зохиогч: Ши Най Ань
  • Хөрвүүлэгч: Д.Уртнаст
  • Редактор: В.Уянга, Сьү-Шаа

ДУ ЛУ ШАНЬ УУЛАНД СҮН ГҮН МИН ИХЭД БАЙЛДСАН ЧИН ШИ ЮЙ ЗЭВЭНД ЛҮ ЖЮНЬ И ЦЭРЭГ ДАРАГДСАН

Өгүүлэх нь дэд юаньшуай овог Хэ, нэр Жүн Бао, Ляо улсын цэрэг морийг ерөнхийлөн захирах их юаньшуай Ү Янь-ий доор дэд тушаалд баймуй. Биеийн өндөр нэгэн жан, хүч нь түмэн эр тэнцэхгүй. Шимнусын увдис зарахад мэргэшиж, гурван үзүүр хоёр ирт дам илдийг хэрэглэх бөгөөд эдүгээ Южоу-г сахиж, олон замын цэрэг морийг захирах бөлгөө. Төдийд дэд юаньшуай Хэ Жүн Бао бээр Ляо улсын эзэнд айлтган өгүүлрүүн: - Боол миний сахисан Южоу газар Чин Ши Юй хэмээх нэгэн их хавцал баймуй. Дөрвөн талаар өндөр уул хүрээлж, ганц нэгэн зурвас орох зам байхаас бус гарах зам хэмээн байхгүй. Сайд би арваад морьтныг авч, Сүн улсын цэргийг өдөөн зэвд оруулсан хойно цэрэг морийг авч дөрвөн талаар нь бүслэн хааж, хулгайг орох зам байхаас бус гарах морьгүй болгож үлбэргэн алсугай хэмээхүйеэ их юаньшуай Ү Янь өгүүлрүүн: - Хулгайг хэрхэн зэвэнд оруулмуй? хэмээхүйеэ Хэ Жүн Бао өгүүлрүүн: - Хулгайн цэрэг манай гурван жанжны газрыг олоод санаа ихдэж сэтгэл бардам болсон тулд эрхгүй Южоу-г авсугай хэмээн санаж байх бөлгөө. Эдүгээ би цэрэг морийг хувааж хулгайг өдөөвөөс дашрамд эрхгүй нэхэмжлэн ирэх тул нэгэнтээ удирдан зэвэнд оруулбаас хулгайн цэрэг хааш гарч чадах аж? хэмээсэнд Ү Янь өгүүлрүүн: - Миний санахад энэ арга болохгүй мэт. Их цэргийг авч таслан байлдахад хүрэхгүй. Хэдий тийн хэмээвч урьдаар чиний байлдахыг үзсүгэй хэмээв.

Түүнээс дэд юаньшуай Хэ Жүн Бао Ляо улсын эзнээс салж, бие хуяглан морь эмээллэж, мянга илүү явган цэргийг дагуулан Южоу-ын хотод ороод жанжин цэргийг тэгшлэн гурван зам хувааж, нэгэн багийн цэрэг жанжин Южоу-г сахиж, нөгөө хоёр замын цэрэг морь Бажоу, Жижоу-ын зүг ормуй хэмээн цааз зарласан хойно өөрийн дүү Хэ Чэ-г дуудан харъяа цэрэг морийг авч Бажоу-г байлд хэмээн захиад бага дүү Хэ Юнь-д бас нэгэн анги цэрэг морь өгч Жижоу-г сундал хэмээгээд та хоёул Сүн улсын цэргийг дийлж болохгүй. Ганц хуурмагаар дийлэгдсэн болж хулгайг өдөөж Южоу-ын хязгаарт дагуулан ирвээс надад өөр арга баймуй хэмээн сургаж илгээв.

Түүнээс Сүн Жян нарын олон жанжин Бажоу-г сахин сууж атал нэгэн өдөр хүмүүн ирж мэдүүлрүүн: - Ляо улсын цэрэг Жижоу-г халдахаар ирэв. Эндэл гарах болуузай хэмээн тухайлан намайг зарж өмөглөх цэрэг авуулахаар илгээв хэмээхүйеэ, Сүн Жян өгүүлрүүн: - Хулгай байлдахаар ирсэн бөгөөс эрхгүй угтан байлдаж энэхүү дашрамд Южоу-г авбаас зохимуй хэмээгээд цөөхөн цэрэг жанжныг үлдээн Бажоу-г сахиулж, үлдсэн цэргийг дуусган авч Жижоу-д хүрсэн хойно Лү Жюнь И-ийн цэрэг лүгээ нийлүүлэн өдөр болзон цэрэг орсугай хэмээн мордов.

Түүнээс Ляо улсын жанжин Хэ Чэ цэрэг морийг дагуулан Бажоу-г байлдахаар ирээд чив хэмээн замын дунд Сүн Жян-ын цэрэгт тохиолдсоноо зөрөлдөн байлдаж гурван удаа болсонгүй цэрэг авч буруулан эчсэнд Сүн Жян нэхэмжлэн алсангүй тавив. Ляо улсын жанжин Хэ Юнь бас цэрэг авч Жижоу-г байлдахаар ирээд замдаа Хү Яньжуо-д тохиолдсоноо, байлдсангүйгээр буруулж эчив.

Төдийд Сүн Жян бээр Лү Жюнь И-ийн хамт цэрэг морийг нийлүүлэн, цацарт гарч хараахан Южоу фү-г байлдах аргыг зөвдөн бүхийд цэргийн багш Ү Юн, Жү Ү хоёул зэргээр өгүүлрүүн: - Южоу-ын хулгай цэрэг морийг хувааж ирснээр үзэхүл эрхгүй өдөөх арга болой. Түр цэрэг орохгүй бөгөөс зохимуй хэмээхүйеэ, Лү Жюнь И өгүүлрүүн: - Цэргийн багшийн үг ташаарчээ. Хулгай хэдэн зэрэг цэрэг дарагдсан тул түүнд бас ямар өдөөх арга байх аж? Олох цагт олохгүй бөгөөс улам хойноо нэнд гэмшил болмуй. Эдүгээ цэрэг орж Южоу-г авахгүй бас ямар цагийг хүлээмүй? хэмээвээс Сүн Жян өгүүлрүүн: - Хулгай хүч мохож сүр дарагдсан тул түүнд бас дээд арга баймуй? Эдүгээ түв хэмээн тохиол болжээ хэмээгээд Ү Юн, Жү Ү нарын үгийг авсангүй цэрэг морийг гурван зам хувааж Южоу-ын зүг алан ирсэнд харуулын ард дотогш орж: - Ляо улсын цэрэг эчих замыг хөндөлсөв хэмээн мэдүүлсэнд Сүн Жян цэргийн өмнө ирж үзвээс уулын бэлээс бараан туг илрэн гарав. Сүн Жян өмнөх цэргийг зандан жагсаал жагсуулсанд Ляо улсын цэрэг дөрвөн зам хувааж жагсаал жагсан уулан энгэрээс гарч ирсэнд, Сүн Жян, Лү Жюнь И зэргийн олон жанжин нүд өргөн үзвээс Ляо улсын түм мянган цэргийн эрс үүл нүүж ус түлхэх мэт урагшлах бөгөөд гурван үзүүр хоёр ирт дам илд өргөн хурдан хүлэг хийсгэсэн нэгэн жанжин жагсаалын өмнө илрэн гарав. Тэр жанжны хуягласан байдлыг үзвээс:

Тэргүүнд мөнгөн хяруу бударсан ган дуулгыг дарж, биедээ алтан гэрэл цацарсан гархин хуягийг хэдрэн, хөлдөө угалзан хээтэй өөдөн гутлыг өшиглөн, бэлхүүсэндээ яст мэлхийн хайрст гөрөөс тугласан бүсийг бүслэн, гадуураа гал улаан өнгөт хэмэрлэг магнаг нөмрөн, сүүжиндээ чонын араат хүрэл бялууг суйрч, гартаа гурван үзүүр хоёр ир дөрвөн хос гархит илдийг атгаж, мянган газрын нисэх хүлгийг унажээ.

Үзвээс, тэр жанжин тугийн дээр "Ляо улсын цэрэг морийг ерөнхийлөн захирах дэд юаньшуай Хэ Жүн Бао хэмээн тов тодорхой бичжээ. Төдийд Ляо улсын жанжин Хэ Жүн Бао илд даллан морь тавьж жагсаалын өмнө гарсанд Сүн Жян: - Ирэх жанжин эрхгүй хулгайн дээд жанжин болох тул хэн урьдаар гарч байлдмуй?" хэмээх үг барахын өмнө Гуань Шэн хөх луут дам илдийг бүжиглэн, хүрэн зээрд морийг ташуурдаж жагсаалаас нисэх мэт довтлон гарч үг өчихгүй шууд угтан орж хойш урагш зөрөлдөн дэмий гучин удаа болсонгүй Хэ Жүн Бао хоосныг цавчин зэвсгийг зайлуулж жагсаалын зүг буруулан эчихүйеэ Гуань Шэн морь тавин нэхэн ирснээ, Хэ Жүн Бао дийлэгдсэн цэргийг авч уулын хавцал уруу эчив. Сүн Жян цэргийг тохиж нэхэмжилсээр дэмий тавин газар явсангүй гэнэт дөрвөн этгээдэд хэнгэрэг харангын дуу гарснаа яаран цэргийг хураасугай хэмээтэл уулын зүүн энгэрээс бас нэгэн багийн цэрэг гарч явах замыг хашив. Сүн Жян яаран цэргийг тохин хулгайг угтан байлдсугай хэмээтэл баруун этгээдээс бас нэгэн багийн цэрэг гарч ирсэнд, буруулан эчих Хэ Жүн Бао бие эргэн цэргийг дагуулж өмнөөс хавчин байлдсанаа Сүн улсын цэрэг морь дөрвөн этгээдийг хамгаалан чадахгүй болж сүүл толгой хоёр анги болон тасарчээ.

Түүнээс Лү Жюнь И цэрэг морийг авч жагсаалын хойно байлдаж байтал гэнэт өмнөх цэрэг жанжин үзэгдэхгүй болсонд, яаран гарах замыг эрсүгэй хэмээн өмнөш эчихүйеэ хажуугаас бас Ляо улсын цэрэг морь алан ирж, хашхиралцах дуу тэнгэр тулсанд, хойно өмнийг тэмцэн байлдваас болохгүй болж, зүүн баруун этгээдийг хулгайн цэрэг хэдийн бүслэн хаажээ. Төдийд, Лү Жюнь И олон жанжныг илгээн зүүнш баруунш шувтлан хойш өмнөш алуулж, гарах замыг өгүүлсэнд, олон жанжин сүр хүчийг нэмж, цог жавхланг хурцлан, хараахан зууралдан байлдаж байтал гэнэт бараан үүл тэнгэрийг бүрхэн, хар уур огторгуй тулж, гэгээн өдөр нь шөнө мэт харанхуй болж өмнө умрыг ялгаж чадахгүй болсонд, Лү Жюнь И их л эмээн, нэгэн багийн цэрэг морийг дагуулан үхэхвэр байлдаж байтал өмнө этгээдэд галбингаагийн хонхон дуу гарав. Лү Жюнь И яаран цэрэг морийг дагуулан алсаар нэгэн их уулын аманд хүрвээс, өмнө бас хүмүүн хэлэлцэж морь янцгаах дуу гарах тул, цэргийг тохин урагш эчтэл гэнэт их салхи дэгдэж хумхи шороо будран, хуяг цэрэг нүүр нүүрээ үзэхгүй болов. Лү Жюнь И нэгэн амьсгаагаар хутган байлдсаар хоёрдугаар жин болсноо сая салхи зогсож үүл арилаад, огторгуйд од мичид түгжээ. Олон хүмүүн нүд өргөн үзвээс, дөрвөн талаар өндөр уул сүндэрлэх бөгөөд зүүн баруун этгээдэд асга хад шовх оргил сэхийж, эчих зам огт үгүй. Лү Жюнь И цэрэг морийг бүртгэн үзвээс биеийн шадар Сюй Нин, Со Чао, Хань Тао, Пэн Чи, Чэнь Да, Ян Чүнь, Жоутун, Ли Жүн, Зоу Юань, Зоу Рүнь, Ян Линь, Бай Шэн зэрэг арван хоёр жанжин дагалцаж таван мянган цэргийн ард баймуй. Сарны гэрэл доор гарах замыг эрвээс дөрвөн талаар өндөр уул хүрээлж, огт гарах замгүй тул Лү Жюнь И олон цэргийн зүг: - Бүтэн өдөр байлдаж, бүгдээр зүдрэн чилсэн тул түр энэ газар нэгэн шөнийг өнгөрөөж хүлгийн нурууг амруулсан хойно жич маргаадрын өдөр дээд явах замыг эрсүгэй хэмээн зарласныг түр өгүүлэхгүй.

Өгүүлэх нь Сүн Жян цэрэг морийг авч хараахан зууралдан байлдаж байтал гэнэт дөрвөн этгээдэд хар үүл мандан, хумхи шороо бударч, хуяг цэрэг нүүр нүүрээ үзэхгүй болсонд цэргийг дагаж явах хувилгаан багш Гүн Сүньшэн үүнийг үзээд шимнусын увдис хэмээн таньж, яаран ард үүрсэн эрдэнийн сэлмийг суга татан аваад, морин дээрээ аман тарни уншиж "Хурдан! хэмээн зандарч эрдэнийн сэлмээр заасан зүгт үүл сарниж салхи зогссоноо Ляо улсын цэрэг байлдсангүй буруулан эчив. Сүн Жян цэргийг тохиж хаагдсаныг шувтлан алсаар нэгэн их уулын энгэрт хүрсэн хойно амуу хүнс тээсэн хөсөг тэргийг холбуулж цэргийн бууц болгоод цэрэг жанжныг бүртгэн үзвээс Лү Жюнь И зэргийн арван гурван жанжин ба таван мянган цэрэг дутжээ. Тэнгэр гэгээрсэн хойно Сүн Жян бээр Хү Яньжуо, Линь Чүн, Чинь Мин, Гуань Шэн зэргийн дөрвөн жанжныг дуудаж цэрэг өгөөд дөрвөн зүгт гарган бүтэн өдөр ирүүлсэн боловч сураг чимээ олсонгүй эгж ирэв. Сүн Жян дагини эхийн төлгийг гаргаж, наманчлан залбираад орхиж үзвээс: - Их төлөв гайгүй, ганц зуурдын зовлонд учирч даруй түргэн гарч чадахгүй баймуй хэмээн төлгө буусан тул Сүн Жян нэнд сэтгэл амаргүй болж Се Жэнь, Се Бао ах дүү хоёулыг дуудан анчин хүмүүн мэт чимж аглаг уулнаа эрихээр эч хэмээн захиад ас Ши Чянь, Ши Юн, Дуань Жин Жү, Цао Жэн-г дуудаж дөрвөн зүгт чимээ сураг авуулахаар илгээв.

Түүнээс Се Жинь, Се Бао ах дүү хоёул барсын арьсан дээлийг нөмрөн, ган сэрээг гартаа атгаад өндөр уулын дунд хүрэхүйеэ, өдрийн наран баруунш ташиж орой болов. Хоёул уулан бэлд хүрч, эргэн тойрныг нүд өргөн үзвээс хүмүүн амьтны бараа чимээгүй, ганц хад чулуу энд тэнд түнтийн харагдмуй. Ах дүү хоёул өндөлзөн алхсаар дахин хэд хэдэн давааг давж гараад бүрэг бараг сарны гэрэлд өмнөш үзвээс алс холын уулан хавцалд дэнгийн гэрэл сүүмэлзэн үзэгдэв. Ах дүү хоёул их л баярлаж ийн зөвдрүүн: - Дэнгийн гэрэл харагдахыг үзвээс өмнө этгээдэд эрхгүй айл гацаа байх бөлгөө. Бид хоёул түр тэнд эчиж өл хоол залгасугай хэмээгээд дэнгийн гэрлийг чиглэн хүлгийн жолоо хөнтрүүлж дэмий хэдэн газар явсангүй нэгэн газар хүрч ирэв. Хоёул нүд өргөн лавлан үзвээс уулын энгэр дэх шугуй дотор гурван тасалгаа өвсөн бүрх байх бөгөөд унаж нурсан хэрмийн завсраас дэнгийн гэрэл сүүмэлзэн харагдмуй. Се Жэнь, Се Бао ах дүү хоёул үүдийг түлхэн ороод үзвээс дэнгийн гэрэл доор жаран нас хүрч зажин үс нь цайсан нэгэн эмгэн сууж байв. Хоёул ган сэрээг гадар өрөөнд тавьж дотогш ороод өвдөг даран амар эрэхүйеэ тэр эмгэн өгүүлрүүн: - Би харин миний хөвүүн харьж ирсэн буюу хэмээн санажээ. Үзвээс, зочин ирсэн ажгуу. Та хоёул хаанах анчин болов. Энд юу хийхээр ирэв? хэмээн асуусанд Се Жэнь өгүүлрүүн: - Өчүүхэн хүний уг нутаг Шаньдун-д байх бөгөөд угтаа ан гөрөө хийж амьдрах бөлгөө. Бага сага арилжаа наймаа хийхээр энэ газар ирээд санасангүй цэрэг дайны дүрвээнд тохиолдож, мөнгө зоосоо зарж бараад амьдрах аргагүй болсон тул ах дүү бид хоёул аглаг ууланд ан гөрөө хийж амь юугаа тэжээж явмуй. Энэ өдөр ууланд ороод зам төөрч тойрон тогшиж явсаар санасангүй энэ газар хүрч ирсэн тул, хоног гуйж нэгэн шөнийг өнгөрөөсүгэй хэмээмүү. Олдохул насажсан эх өршөөн үлдээх болов уу хэмээхүйеэ тэр эмгэн өгүүлрүүн: - Эртний үгэнд “Өрх гэрээ үүрч явах хүнгүй” хэмээсэн бус уу. Миний хоёр хөвүүн бас ан гөрөө хийдэг хүмүүн бөлгөө. Удахгүй харьж ирэх буй за. Зочин түр бие амарч байгтун. Эмгэн би хоол цай хийж та хоёулд идүүлсүгэй хэмээвээс Се Жэнь, Се Бао хоёул их л баярлаж: - Өтөлсөн эхийн өршөөсөн ачид тал хийсүгэй хэмээв. Төдийд тэр эмгэн дотогш орсноо Се Жэнь, Се Бао ах дүү хоёул гадар гэрт сууж хөл амарч байтал, дэмий удсангүй гаднаас хоёр хүмүүн нэгэн бүдүүн гөрөөсийг дамнаж орж ирээд: - Эх минь хаана баймуй? хэмээн дуудсанд тэр эмгэн дотор өрөөнөөс гарч ирээд: - Миний хөвүүн харьж ирсэн буюу? Гөрөөсийг цаашаа тавьж нааш ирэн хоёр гийчинд уулзагтун хэмээхүйеэ Се Жэнь, Се Бао хоёул яаран бие мэхийж ёсолсонд тэр хоёр бас хариу ёсолж: - Та хоёул хаанах хүн? Юуны учир энд ирэв? хэмээн асуусанд Се Жэнь, Се Бао хоёул мөн урьдын үгийг өчив. Тэр хоёр өгүүлрүүн: - Өвөг дээдийн үеэс бид энэ газар суужээ. Бид хоёулын нэрийг Лю Эл, Лю Сань хэмээх бөгөөд эцэг Лю И хэдийн нас барж ганц өтөлсөн эх үлдэв. Тухайлан ан гөрөө хийж амьдарсаар хорь гучин жил болжээ. Манай эндэх уулан зам их л түвэг бартаатай тул бид хоёр ч танихгүй зам баймуй. Та хоёул Шаньдун газрын хүмүүн агаад юуны учир энэ газар ирж хоол будаа гуйж явмуй? Манаас нуух хэрэггүй. Та хоёул үнэхээр ан гөрөө хийх хүмүүн буюу? хэмээхүйеэ Се Жэнь, Се Бао ах дүү хоёул өгүүлрүүн: - Энэ алхам дээр хүрсэн тул нууж хэрхэн болмуй. Үнэн учрыг эрхин хоёр авгайд хэлсүгэй хэмээв. Энэ үнэхээр:

Хад чулуу тантар тэнтэр дөрвөн зүгт сэхийгээд,

Хуяг цэрэг хүйст бүслэгдэн гарч эс чадлаа.

Хоёр Се ан гөрөөн замыг мэдэх учраа,

Хөлийн мөрийг баллаж орхин загасчин төлгөчинд хутгажээ.

Түүнээс Се Жэнь, Се Бао хоёул газар сөгдөж ийн өгүүлрүүн: - Өчүүхэн хүмүүн болбоос үнэхээр Шаньдун газрын анчин бөлгөө. Дуудах нэр Се Жэнь, Се Бао хэмээмүй. Лян Шань уулын Сүн Гүн Мин ахыг дагаж ууланд гараад удсан болой. Эдүгээ эзэн төрд илбэгдэн дагаад ах Сүн Жян-г дагаж Ляо улсыг эвдэхээр ирэв. Урагш өдөр Ляо улсын юаньшуай хэ Жүн Бао лугаа хутган байлдаад манай нэгэн багийн цэрэг морь бутран сарниж ямар газар бүслэгдэн хаагдсаныг мэдэхгүй тул тухайлан бид хоёулыг сураг чимээ авуулахаар илгээв хэмээхүйеэ тэр ах дүү хоёул инээн өгүүлрүүн: - Хоёр сайн эр хурдан босогтун. Түр хүлээж гөрөөсний махыг чанаж тосгоны дарсыг халуулан танай хоёулыг дайлсан хойно танд эчих замыг зааж өгсүгэй хэмээв. Дэмий нэгэн цаг болсонгүй Лю Эл, Лю Сань ах дүү хоёул гөрөөсний махыг чанаж болгоод, дарс ширээ засаж Се Жэнь, Се Бао хоёулыг дайлав. Дарс уух зуур Лю Эл, Лю Сань ах дүү хоёул үг гаргаж: - Танай Лян Шань уулын Сүн Гүн Мин-г тэнгэрийн төлөөнөө ёсыг явуулж, сайн иргэнийг огт хөнөөхгүй хэмээн манай Ляо улсад түрхрэн хэлэлцмүй. Энэ үнэн бус уу? хэмээвээс Се Жэнь, Се Бао хоёул өчрүүн: - Ах Сүн Гүн Мин өршөөл журмыг хичээн, ам алдаж сайн иргэнийг хөнөөхгүй. Тухайлан сүрт эрэмшин буурайг дарлах ховдог ноёд авлигач түшмэлийг алах болой хэмээхүйеэ тэр хоёул зэргээр өгүүлрүүн: - Манай сонссон нь үнэхээр хоосон бус аж! хэмээгээд аюулхай цээжнээ алсхийн баярлаж салан түвдэхгүй болов. Төдийд Се Жэнь, Се Бао хоёул өгүүлрүүн: - Манай арваад жанжин, дөрөв таван мянган хуяг цэрэг хааш эчсэнийг мэдэхгүй. Санаваас нэгэн бэрх бартаатай газар бүслэгдэн хаагдсан буй за хэмээхүйеэ тэр хоёр өгүүлрүүн: - Та нар манай энэ ар газрын байцыг мэдэхгүй буй за. Эндэх Южоу фү-ийн харъяа Чин Ши Юй зав хэмээх нэгэн их бэрх бартаат газар баймуй. Заванд орох ганц зурвас зөрөг зам байх бөгөөд дөрвөн талаар асга хад шовх оргил Сүндэрлэжээ. Хэрвээ заванд орох замыг бөглөн хааваас хэрхсэн ч гарч ирж чадахгүй. Манай энд өөр тийм бэрх бартаатай газаргүй тул санаваас тэр заванд хоригдсон буй за. Танай их Сянь фэн Сүн Жян-ын цэрэг буудалласан уулыг Ду Лу Шань хэмээмүй. Уулан энгэр их л уудам тул тэнд байлдваас болох бөгөөд уулан дээр гарваас дөрвөн зүгээс ирэх цэрэг морийг олж үзмүй. Та нар хэрвээ хаагдсан цэргээ тэнхрүүлсүгэй хэмээвээс урьдаар Чин Ши Юй завыг байлдсан хойно сая авран гаргаж болмуй. Санаваас Чин Ши Юй завын амыг хэдийн их цэргээр хааж сахиус буй за. Манай энэ ууланд майлсан шугуй их л олон байвч ганц Чин Ши Юй завын аман дахь хоёр суурь майлсан мод болбоос хамгаас бүдүүн, салаа навч дэлгэсэн шүхэр мэт тул дөрвөн зүгээс эрхгүй олж үзмүй. Майлсан мод ургасан тэр газар түв хэмээн завын ам болой. Бас эрхин зочинд сануулах нэгэн явдал хэмээвээс Ляо улсын дэд юаньшуай Хэ Жүн Бао хэмээгч шимнусын увдис хэрэглэхэд нэвтэрсэн хүмүүн тул ах Сүн Жян- даа мэдүүлж урьдаар түүний солгой увдисыг эвдвээс сая болмуй хэмээв.

Се Жэнь, Се Бао хоёул өвчүү цээжиндээ захисан үгийг тогтоож аваад, Лю овгийн ах дүү хоёулд ёслон салж мөн шөнөдөө цэргийн хүрээндээ эгж ирсэнд Сүн Жян асууруун: - Та хоёул ямар сураг олж сонсов? хэмээхүйеэ Се Жэнь, Се Бао хоёул Лю овгийн ах дүүгээс сонссон чимээг зүй зүйгээр нарийвчлан тоочсонд Сүн Жяних л хирхийж цэргийн багш Ү Юн-г дуудаж хараахан зөвлөж байтал, харуулын ард дотогш ирж: - Дуань Жин Жү, Ши Юн хоёул Бай Шэн-г дагуулан хүрч ирэв хэмээн мэдүүлсэнд Сүн Жян: - Бай Шэн болбоос Лү Жюнь И-ийн хамт бүслэгдэн хаагдсан тул энэ ирсэн нь эрхгүй жигтэй болой хэмээгээд гурвуулыг дуудаж цацарт оруулснаа Дуань Жин Жү өгүүлрүүн: - Миний бие Ши Юн-ийн хамт уулан ород гарч дөрвөн зүгийг ажиж байтал, гэнэт уулын орой дээрээс эсгийгээр багласан нэгэн их юм өнхөрдөн буув. Бид хоёул их л гайхаж уулын энгэрт хүрээд үзвээс, тэр эсгий баглааг цалам дээсээр торлон уяжээ. Цалам дээсийг нь алдраан үзэхүл, үзвээс, баглаан дотор Бай Шэн асан ажгуу хэмээхүйеэ Бай Шэн өгүүлрүүн: - Ах Лү Жюнь И манай арван гурван хүмүүнийг авч хараахан зууралдан ажгуу хэмээхүйеэ Бай Шэн өгүүлрүүн: - Ах Лү Жюнь И манай арван гурван хүмүүнийг авч хараахан зууралдан байлдаж байтал гэнэт тэнгэр газар харанхуйлан, өдрийн наран будангуйраад зүг мөрийг ялгаж чадахгүй болов. Чих тавин чагнаваас өмнө хүмүүн хэлэлцэж морь янцгаах дуу гарах тул ах Лү Жюнь И манай арван гурван жанжныг дагуулан алан орсонд, санасангүй бартаат газрын гүнд шургав. Энэ газрын дөрвөн талаар өндөр уул хүрээлэн огт гарах замгүйн дээр хуяг цэргийн хүнс хоол тасарч, зовж зүдрэхийн туйл болсонд ах Лү Жюнь И дүү намайг өндөр уулнаас өнхрүүлэн буулгаж зам эрүүлэхээр зарсанд санасангүй Ши Юн, Дуань Жин Жү хоёулд учрав. Өршөөлт ах үтэр түргэн цэрэг морийг авч өмөглөн тэнхрүүлэхээр эчихгүй бөгөөс олон жанжин эрхгүй амьд гарахгүй бөгөө хэмээв.

Сүн Жяних л цочиж, шөнө дүл цэрэг морийг тэгшлэн Се Жэнь, Се Бао ах дүү хоёулаар зам удирдуулан завын аман дахь майлс модыг чиглэн ирээд олон цэрэгт хүчлэн байлдаж эрхбиш завын амыг булаан авсугай хэмээн цааз зарлав. Төдийд, тэнгэр гэгээрсэн хойно, Сүн улсын цэрэг жанжин нүд өргөн үзвээс алс холын уулан энгэрт үнэхээр шүхэр мэт хоёр суурь мод харагдсанаа, Се Жэнь, Се Бао хоёр цэрэг морийг дагуулан хавцлын аман зүг алан ирэв. Түүнээс Ляо улсын дэд юаньшуай Хэ Жүн Бао Сүн улсын цэрэг морь хавцлын аман өөд алан ирэхийг үзээд яаран жагсаал жагссанд түүний хоёр дүү Хэ Чэ, Хэ Юнь морь хийсгэж жагсаалын өмнө гарсанаа, хавцлын аман зүг байлдан ирэх Сүн улсын жагсаалаас ирвэсийн тэргүүт Линь Чүн жад бүжиглэн гарч ирээд Хэ Чэ-г угтан хойш урагш зөрөлдөж хоёр удаа болсонгүй Хэ Чэ-ийн гэдсийг задалж мориноос унагасанд явган цэргийн олон жанжин дийлсэн хүчиндээ Ляо улсын жагсаал зүг шууд алан оров. Хар хуй Ли Күй саран сүхийг эргүүлэн зүүнш баруунш цавчиж цусан зам гаргасанд, түүний ард Фань Руй, Бао Сюй нар бамбай халхавч барьсан Сян Чүн, Ли Гүнь зэргийн олон цэрэг жанжныг дагуулан Ляо улсын цэрэгт алан оров. Төдийд хар хуй Ли Күй түв хэмээн Хэ Юнь-д учирснаа Ли Күй шамдан ойртож нэгэн сүхээр түүний морины хөлийг цавчсанд, Хэ Юнь хүмүүн морь хамтаар тонгорцоглон унаснаа Ли Күй саран сүхийг эргүүлэн нэгэнтээ цавчсанд Хэ Юнь хүмүүн морины хамт хэдийн махан жян болов. Ляо улсын нэгэн сүрэг цэрэг хумин ирсэнд түв хэмээн Фань Руй, Бао Сюй хоёулын дагуулсан бамбай халхавч барьсан цэргийн ардад тохиолдож буруулан эчив. Төдийд Ляо улсын их жанжин Хэ Жүн Бао хоёр дүүгийн дараагаар автагдсаныг үзээд яаран аман тарни уншиж, шимнусын увдис үүсгэснээ гэнэт салхи их дэгдэж, хоосон газраас үүлэн толгой босоод, хар уур уулыг бүрхэн харанхуй манан огторгуйд дэгдэв. Сүн улсын цэргийн дотроос эрдэмт багш Гүн Сүньшэн яаран ард үүрсэн эрдэнийн сэлмийг суга татан аваад, аман тарни уншиж: - Хурдан! хэмээн зандсанд их салхи доороо зогсож, харанхуй манан агшнаа арилж, гэрэлт наран огторгуйд мандсанаа Сүн улсын гурван замын цэрэг зэвсэг эргүүлэн Ляо улсын цэргийг алан ирэв. Хэ Юн Бао өөрийн увдис эвдсэнийг үзээд их л гэлмэж зэвсэг өргөн морь ташуурдаж алан ирж хоёр улсын цэрэг зууралдан байлдахуйяа Ляо улсын цэрэг тулан чадахгүй болж зүг зүгтээ буруулан эчив.

Төдийд Сүн улсын цэрэг морь Ляо улсын буруулах цэргийг даран алсаар завын аманд хүрч үзвээс, үзвээс, мод чулууг дээр дээрээс овоолж завын амыг бөглөн дарсан ажгуу. Тэр үед Сүн улсын явган цэрэг мод чулууг өргөн зайлуулж Чин Ши Юй заванд орсноо Лү Жюнь И өөрийн цэрэг морийг үзээд тэсгэлгүй баярлав. Сүн Жян цааз зарлан цэргийг хурааж Ду Лу Шань эгээд зүдрэн чилсэн цэрэг морийг амруулахуйяа, Лү Жюнь И, Сүн Жян-ын гарыг барин дуу тавин уйлж: - Өршөөлт ах ийн аварсангүй бөгөөс манай олон ах дүү нар үхэж дуусах болой хэмээв. Сүн Жян, Лү Жюнь И нар цэргийн багш Ү Юн, Гүн Сүньшэн зэргийн олон жанжныг дагуулан цэргийн бууцандаа эгээд гурван замын цэрэг жанжны хуяг дуулгыг тайлуулж амруулав.

Жич өдөр, цэргийн багш Ү Юн бээр Сүн Жян-ын зүг өгүүлрүүн: - Эдүгээ чив хэмээн Южоу-г олох тохиол болов. Хэрвээ Южоу-г олбоос Ляо улсын эвдрэх нь гарын ага хөрвүүлэх мэт хялбар болой хэмээхүйеэ Сүн Жяних л баярлан Лү Жюнь И зэргийн арван гурван жанжныг Жижоу фү-д илгээн бие амруулж, өөрийн биеэр үлдсэн цэрэг жанжныг дагуулан Ду Лу Шань уулнаас буугаад Южоу-ын зүг байлдахаар ирэхийг түр өгүүлэхгүй.

Өгүүлэх нь Ляо улсын дэд юаньшуай Хэ Жүн Бао хоёр дүүгээ алуулж хойш буруулан хотдоо ороод их л гашуудан зовж суутал холын харуул дотогш ирж: - Сүн Жян цэрэг морийг авч Южоу-г байлдахаар ирэв хэмээн мэдүүлсэнд, их л эмээн цэргийн ардыг дуудаж хотын хайсан дээр гарч үз хэмээсэнд цэргийн ард хайсанд гарч нэгэн зэрэг үзээд зэрэг зэргээр дотогш ирж, зүүн хойд зүгээс улаан туг илрэн гарч, баруун хойд этгээдээс бас хөх туг илэрч, хоёр багийн цэрэг морь тус тус Южоу-ын зүг ирмүй хэмээн мэдүүлсэнд Хэ Жүн Бао их л цочин, өөрийн биеэр хайсанд гарч үзвээс ирэх цэрэг Ляо улсын туг хиурыг өргөсөн тул их л баярлав. Үзвээс, улаан туг өргөсөн таван мянган цэргийг Ляо улсын фүма Тай Жэнь Сюй Чин өөрийн биеэр дагуулах бөгөөд тугийн дээр мөнгөн үсэг зуржээ. Хөх туг өргөсөн цэргийг Ляо улсын их жанжин Ли Жинь Ү дагуулах бөгөөд тугийн дээр алтан үсэг бичиж, гургуулын сүүл хатгажээ. Энэ хөх тугийн цэргийг захирах Ли Жинь Ү болбоос Ляо улсын Хуан Мэнь Ши Лан түшмэл болох бөгөөд овог Ли Нэр Жи, Ли Лан-ын хожмын үр угсаа болох тул Жинь Ү-ийн хэргэмийг залгамжлуулснаар олон хүн Ли Жинь Ү хэмээн дуудмуй. Эдүгээ Сюнжоу-г сахин сууж түм илүү цэрэг морийг захирмуй. Сүн улсын хязгаарыг халдсан нь түв хэмээн энэ Ли Жинь Ү ажгуу. Төдийд Ли Жинь Ү Ляо улсын цэрэг морь дараа дараагаар дарагдсаныг сонсоод тухайлан цэрэг авч өмөглөн байлдахаар ирсэнд Хэ Жүн Бао их л баярлан хүмүүн илгээж хоёр замын цэрэг моринд битгий хотод ор. Уулан ард бүгж хүлээ. Миний бие цэрэг авч хот гарсан хойно нэгэн хамт Сүн улсын цэргийн зүүн баруун этгээдийг хавчин байлдсугай хэмээн хэлүүлж, олон цэрэгт цааз зарлан, хот гарч дайсныг угтан байлдахаар бэлтгэв.

Түүнээс Сүн Жян олон жанжныг авч Южоу-ын ойр болж ирснээ цэргийн багш Ү Юн өгүүлрүүн: - Хулгай хэрвээ хотын хаалгыг дарж угтан байлдахгүй болбоос бэлтгэлгүй болой. Хэрвээ цэргийг аван хот гарч байлдваас эрхгүй бүгсэн цэрэг байх тул бид цэрэг морийг гурван анги хувааж нэгэн зам нь шууд Южоу-г байлдаж хулгайн цэргийг тосон, нөгөө хоёр замын цэрэг морь хараацайн жигүүр мэт жагсан зүүн баруун этгээдийг хамгаалагтун. Хэрвээ бүгсэн цэрэгт тохиолдвоос жигүүрийн цэргээр хулгайг байлдуулбаас болмуй хэмээхүйеэ Сүн Жян үгийг зөвшөөн Гуань Шэн жич Сюань Зан, Хао Сывэнь-ийг дуудаж нэгэн түмэн цэрэг өгч зүүн зам болгон, Хү Яньжуо жич Шань Тингүй, Вэй Дингуо-д бас нэг түмэн цэрэг өгч баруун жигүүр болгон илгээсэнд хоёр жигүүрийн цэрэг уулан энгэрийн бага замыг өлгөж алгуурхан эчив. Сүн Жян өөрийн биеэр их цэргийг авч шууд Южоу-ын зүг чиглэн ирэв.

Түүнээс Ляо улсын их жанжин Хэ Жүн Бао цэрэг морийг дагуулан Сүн улсын цэргийг угтан авсанд, хоёр этгээд тус тус жагсаал жагсаав. Линь Чүн морь хийсгэж жагсаалаас гаран Хэ Жүн Бао-г угтан аваад хойш урагш зөрөлдөн дэмий таван удаа болсонгүй Хэ Жүн Бао морин жолоо дарж буруулсанд Сүн Жян цэргийг тохиж алан оров. Хэ Жүн Бао цэрэг морийг хоёр зам хуваан Южоу-д орохгүй, ганц хотыг тойрон буруулах тул цэргийн багш Ү Юн яаран хүлгийн дээрээс: - Нэхэмжилж болохгүй хэмээн зандартал зүүн этгээдээс Ляо улсын фүма Тай Жэнь Сюй Чин хэдийн морь довтлон ирсэнд Гуань Шэн угтаж авав. Баруун этгээдээс бас Ли Жинь Ү илд бүжиглэн ирэхүйеэ Хү Яньжуо тосож авсанд, хоёр улсын цэрэг зууралдан байлдаж үхдэл яс тал дүүрэн, улаан цус ус мэт нэлийн урсжээ.

Төдийд Ляо улсын жанжин Хэ Жүн Бао Сүн улсын цэрэг жанжныг дийлж чадахгүй болсныг үзээд морин жолоо дарж Южоу хотын зүг буруулан ирэхүйеэ түв хэмээн Хуа Рүн, Чинь Мин-д учирч эчих замыг тоссон тул үхэхвэр байлдаж баруун хаалгыг тэмцэн эчихүйеэ хос жадат Дүн Пин-д учирч бас нэгэн зэрэг байлдав. Хэ Жүн Бао өмнө хаалгыг эрэн ирвээс түв хэмээн Жү Түн-д учирсан тул бас нэгэн зэрэг байлдаж хотод орж чадахгүй болоод хойд зүгийг чиглэн эчтэл, гэнэт өмнөөс гурван уулын дарлага Хуан Синь илдийг бүжиглэн угтан орсонд Хэ Жүн Бао цөс хэмхрэн буруулан эчсүгэй хэмээтэл Хуан Синь хэдийн нэгэн илдээр түүний унасан хүлгийн толгойг цавчсанд Хэ Жүн Ба морийг гээж явганаар буруултал санамсаргүй Ян Сюн, Ши Сю хоёул явган цэргийг дагуулан хоёр талаас гарч ирээд Хэ Жүн Бао-ын аюулхайг цавчиж газар унагасанд Сүн Вань бас жад шаламдан хүрч ирэв. Олон жанжин гавъяа тэмцвээс журмыг үтээрэх болуузай хэмээн бодоод хувь хувийн зэвсгийг эргүүлэн Хэ Жүн Бао-г цавчсаар хэдийн махан жян болгов. Дагаж эчсэн Ляо улсын цэрэг зүг зүгтээ сарниж тэргүүнийг тэврэн амь авахгүй буруулжээ. Төдийд хараахан зууралдан байлдаж асан Ляо улсын фүма Тай Жэнь Сюй Чин нүд өргөн үзвээс Хэ Жүн Бао-ын цэргийн доторх юаньшуай-н туг унаж, олон цэрэг зүг зүгтээ бутран эчмүй. Тай Жэнь Сюй Чин байдал муу болсныг үзээд улаан тугийн цэргийг дагуулан уулан хярыг даган буруулан эчив. Ляо улсын жанжин Ли Жинь Ү түв хэмээн хутган байлдаж атал гэнэт үзвээс улаан тугийн цэрэг үзэгдэхгүй болсноо бас байдал муу болсныг төсөвлөн мэдээд хөх тугийн цэргийг авч уулан хормойг дагаж буруулан эчив.

Түүнээс Сүн Жян нүд өргөн үзвээс Ляо улсын цэрэг зүг зүгтээ буруулан эчсэн тул гурван замын цэргийг дагуулан Южоу фү-г чиглэн ирээд хуяг сүйдэж жанжин хохирсонгүй нэгэн хэнгэрэгт Южоу-ын газрыг олов. Сүн Жян Южоу хотод орсон хойно гурван замын цэрэг морийг буудаллуулж зар бичиг наан хот доторх зуун овогтныг амуулан тохруулаад Таньжоу фү-д элч илгээн баяр мэдүүлж, Жао Ань Фү-г харъяа цэргээ хөдөлгөж Жижоу фү-г сахь. Усан замын олон жанжин онгоц салыг авч Южоу-д ирээд хэрэглэхийг хүлээ хэмээн хэлүүлж, Лү Жюнь И-г бас цэрэг морио авч Бажоу-ын газрыг батлан сахигтун хэмээн захив. Төдийд, эзний илч Жао Ань Фү, Сүн Жян гурван замын цэргийг дайчлан дөрвөн жюнь-ий газрыг олсныг сонсоод их л баярлан нэгэнтээгүүр эзэн төрд сэтгүүл довтолгон айлтгаж нөгөөтээгүүр Бажоу газар чимээ өгч өөрийн харъяа цэрэг морийг аван Жижоу-г сахихаар эчээд усан замын олон жанжинд онгоц салыг шалавдан бэлтгэж усан хуурай хоёр замаар цэрэг ормуй хэмээн захиа буулгасныг түр өгүүлэхгүй.

Өгүүлэх нь нэгэн өдөр, Ляо улсын эзэн харшид заларч бичиг цэргийн зуун түшмэлийг цуглуулж зүүн этгээдийн чэнсян Ю Си Бо Жинь, баруун этгээдийн чэнсян тайш түшмэл Чу Жянь жич их юаньшуай Ү Янь Гуан нарыг дуудаж зөвлөн өгүүлрүүн: - Сүн Жян манай улсын хязгаарыг халдаж, эдүгээ нэгэнтээ дөрвөн их жюнь-ий газрыг авчухуй. Санаваас хулгай өглөө үдэш нийслэлийг халдахаар ирэх тул Яньжин хот нэгэнтээ түгшүүртэй болов. Дэд юаньшуай Хэ Жүн Бао ах дүү гурвуул нэгэнтээ бие барж, улс гүрэн эдүгээ хүнд зовлонд тохиолдсон тул танай олон бичиг цэргийн түшмэл ямар аргыг өргөж улс гэрийг аварсугай хэмээмүү? хэмээхүйеэ их юаньшуай Ү Янь Гуан айлтгаруун: - Эзэн хаан сэтгэл зовох хэрэггүй. Урагш өдөр боол би хэдэн удаа өөрийн биеэр цэрэг аван хулгайг дайлсугай хэмээснийг өөр хүмүүн хориглон зогсоосноор эдүгээ хулгайн сүр нэмэгдэж улс гэрт их зовлон болжээ. Эзэн хаан өршөөвөөс сайд надад олон замын цэрэг морийг захиран хэрэглэх тушаал хайрламу. Тэр үед сайд би өдөр хугацан цэрэг үүсгэж хулгайн түрүү Сүн Жян нарыг амьдаар бариад булаагдсан газрыг эгүүлэн авсугай хэмээсэнд Ляо улсын эзэн их л баярлан сувд шигтгэсэн барсын шошго алтан үсэгт зарлигийн тамга, шар дөмөг цагаан манжлага, улаан лавир хар шүхэр зэргийг Ү Янь Гуан-д тушаан: - Хэдий хасын навч алтны салаа, хааны нагац эзний зээ боловч цөм сайд чиний хэрэглэхийг сонсогтун. Сайд чи үтэр түргэн цэрэг морийг авч, хулгайг тулан байлд! хэмээн захив.

Түүнээс Ү Янь Гуан эзний шагнасан тамга шошгыг хураамжлан жанжин зарлах мандалд авиран гарч зам замын жанжин цэрэгт захиа буулган цэрэг морийг авч өмнөш ирэн хэрэглэхийг хүлээ хэмээн зарласанд их хөвүүн Ү Янь Шоу зарлигийн тайзан доор ирээд: - Өршөөлт эцэг эх цэргийг тэгшлэн засаж байгтун. Хөвүүн би нэгэн салаа гавшгай цэргийг авч улсын фүма Тай Жэнь Сюй Чин, их жанжин Ли Жинь Ү-ийн харъяа цэрэгт нийлүүлж Южоу-г сундлаад хар хятадыг алж найман хувь болгосугай. Өршөөлт эцэг хүрсэн хойно, уутнаас юм авах мэт нэгэн хэнгэргэнд хулгайн цэргийг хураамжлан арилгагтун. Олдой хөвүүний үзэл өршөөлт эцгийн бодлогод ямар? хэмээхүйеэ Ү Янь Гуан өгүүлрүүн: - Хөвүүн чиний үзэл түв хэмээн миний санаанд нийлжээ. Хөвүүн чамд таван мянган шалгарсан морь гавшгай, хоёр түмэн шилсэн цэрэг өгч хошууч болгон илгээсүгэй. Тэнд хүрсэн хойно улсын фүма жич их жанжин Ли Жинь Ү-д учирч байдлыг үзэн цэрэг хэрэглэн, дайсныг дийлбээс даруй түргэн сэтгүүл довтолгож мэдүүл хэмээсэнд бага жанжин их л баярлан, зарлигийн тугийг хүлээн, гурван замын цэрэг морийг захиран Южоу фү-ийн зүг ус түлхэх мэт даран ирэв. Энэ үнэхээр: Түмэн агтын төвөргөөнд тэнгэр сахиус цочиж, мянган хуягийн сүрт шимнус чөтгөр гасалмуй. Эгнэгт бага жанжин хэрхэн байлдахыг мэдсүгэй хэмээвээс түр доорд бүлэгт үзтүгэй.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top