“Болохгүй ч зүйл биш л дээ. Гэхдээ малчин болсон гэдэгт нь итгээгүй, нүдээрээ харсан хэрнээ итгэж өгөхгүй юм” гэж найзууд бид хоорондоо жиг жуг хийнэ.
Арван жилийн нэг ангид сурч найзласаар өнөөг хүрсэн Болор маань инженер аав Батболд, ээж Байгаль нарынхаа ууган хүүхэд. Улаабаатар хотын уугуул, сэхээтэн гаралтай гэдэг. Бид 1980-аад оны дундуур төрсөн. Нийслэлийн 23-р сургуульд хамт сурч, Болороо “Шинэ Монгол” ахлах сургууль болон МУИС-ийг төгссөн. Сэргээгдэх эрчим хүчний инженер мэргэжилтэй. “МСиЭс Армор” компаниас ажил амьдралын гарааг эхлэсэн. Мөн Скайтел компанийн салбар нэгжийг хариуцдаг байв. Найз маань амжилттай, бас чамгүй амбиц, чадамж хуримтлуулж амжсан мэргэжилтэн болж бэлтгэгдэж буй ид үе.
Бид тус тусын ажил амьдрал хөөн, уулзах уулзалтууд холдож нэг уулзахад Болороог “малчин” болж байгаа гэх яриа чих дэлсээд авав. Гэхдээ өөрөө гаршин ажиллаж байгаа гэж төсөөлөөгүй. Уг нь “Хаад нэг уулздаг юм чинь” гээд ажлаа зохицуулаад гүйгээд ирдэгсэн. Харин малчин болсных удаагаар уулзалталтанд үзэгдэхээ больж, завгүй байх нь элбэг болов. Гэтэл өнгөрсөн жилээс тэрээр зав зайтай болж бид эргэн үе үе уулзах болсон. Уулзалт бүрийн ард найзууд бидний чих онгойдог байлаа.
22-ын товчоо өнгөрөөд Эмээлтээс 30-аад км яваад тэдний ферм бий. 34 дүгээр шон, "Хөрс" ШТС-ын зүүн хаяагаар эргэн, шороон зам руу орлоо. Багахан өгсөх зуурт хоёр гурван ноход машин угтан хуцаж, хөөрцөглөнө. Хотоос хэт холгүй нь таатай. Нэг давхар урт хоёр саарал байшингийн гадаа малын өтөг бууц, хэдэн тугал харагдана. Холгүйхэн цагаан байшин байх. Тэнд тэд амьдардаг.
Болороо цөөн үгтэй, шудрага зантай, эелдэг охин байсан. Хүний багын зан чанар хэзээд янзаараа байх юм. Ээжийгээ дуурайсан монголжин төрхтэй, дундаж нуруутай, будаггүй хэрнээ гил хар сайхан үстэй. Яг л тэр хэвээр.
“ОФФИСООС – ҮНЭЭНИЙ ФЕРМ”-РУУ ШИЛЖСЭН 2017 ОН
Түүний нөхөр Амараа Булган аймгийн харьяат. Болороотой оюутан ширээнээс найзалж, амьдралаа холбон тэд өдгөө гурван хүүхдийн эцэг, эх болжээ. Үнээний фермийн аж ахуй эрхлэх саналыг Амараа гаргажээ. Бодож бодож ”за болох юм байна, зүтгэе гэж” Амарааг хэлэхэд Болороо нөхрийн шийдвэр гээд дуугүйхэн дагасан гэдэг. Тэдний гол зорилго эрчимжсэн мал аж ахуйн салбар ба сүү махны чиглэлийн семинтал үүлдэрийг өсгөж хөгжүүлэх байлаа.
“Тэжээж үржүүлэх гэж буй малынхаа үүлдрийн онцлог давуу тал өгөөж зэргийг нэлээд судалсан. Семинтал үнээ зуны цагт нэг саалинд 3040 л сүү өгдөг, амьдын жин нь 500-750 кг байдаг. Бух нь тэжээлээс шалтгаалаад 1 тонн гардаг зэрэг олон давуу тал байлаа. Хөгжингүй орнуудын мал аж ахуйн салбарын тэргүүлэх эгнээний үүлдрүүдийн нэг мөн манайд энэ үүлдрийн аж ахуй эрхлэгчид цөөн ч болов байгаа нь нэмэртэй санагдаж билээ” хэмээв.
Мөн семинтал үхрийг тэжээх технологи уламжлалт мал аж ахуйгаас зөрүүтэй талууд ч байлаа Жишээ нь: Үнээ тугалнууд фермийн байшинд өвөлждөг, хавар өвс ногоо нахиалж эхлэх тэр цагаар гадаалдаг. Тугалнуудаа өглөө оройд угждаг гэх мэт.
Ингээд Амараагийн шийдвэрээр тэд эрхэлж байсан тус тусын ажлаас гаран “Эрчимжсэн мал аж ахуй”-н тус салбар руу орж, шинээр суралцаж эхэлсэн байна. Мал зүслэх, шүдлэх, маллах нь бүү хэл нохойноос айдаг байсан Болороо юунаас эхлэхийг ойлгохгүй байсан гэдэг. Хийх хүнд арга олддог юм хойно өнөөдрийг тэд бүтээжээ.
“ИХЭЭР БҮҮ ХИЙ БАГААР БҮҮ ХИЙ ХАРИН ТАСРАЛТГҮЙ ТОГТМОЛ ХИЙ”
Семинтал үүлдэрийн нэг бухтай, найман эрлийз үнээтэйгээр малчин болж байсан тэдний нөр их хөдөлмөрийн үр шимд семинтал 50 гаран үнээтэй болжээ. Тэд “Малчин”- мэргэжлийн дадлага давамгайлсан их сургуульд сураад 4 жилийг ардаа үдэв. Цаг хугацааны болоод эдийн засгийн хүнд жилүүдээ тэд дүүргэсэн. “Яагаав дээ. Оюутан хүний хэцүү амьдрал шүү дээ” гэж тэд инээлдэв.
2018 онд мал ахуйн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компаниар дамжин Бүгд Найрамдах Словак улсаас семинтал үүлдрийн нэг үнээг импортоор авчээ. Түүний өртөг 12 сая төгрөг байлаа. Агаараар тээвэрлэгдэн ирсэн энэ семинтал үнээ өнөөдрийн тэдний хүсэл зорилгын эхлэл болсон гэлтэй.
“Малчин аваад ажиллуулж үзсэн, над шиг хайрлаж өсгөж чадахгүй юм билээ. Яалт ч үгүй өөрсдөө өдөр шөнөгүй зууралдах болсон. Хэдэн мал маань гэмтэх бэртэх өвдөх, төллөх бүхий л үед малын эмч байлгах боломжгүй болохоор суран сурсаар үнээнийхээ хээлийг шалгах хэмжээний ур чадвартай болсон доо. Харин манай хүний тарьсан тариа ер хавдаггүй, минийх бол хавдчихдаг” гээд инээв.
“Хайрлаад л байвал өсөөд л байдаг юм даа”гэж хүүрнэх найз минь хэзээний малчин бүсгүй шиг санагдана.
-Амараа Булганых болохоор малд нүдтэй, чамааас дээр байсан байлгүй дээ?
-Булганых гэдэг нэрээс өөрцгүй шүү дээ, төвийнх болохооор мал хуйд надаас ялгаагүй хол өссөн...
Алдсан ч оносон ч хамтдаа гэсэн зорилго, нэгнийгээ гэсэн чин хайр, болгонодоо гэсэн итгэл мөн залуу насны ааг омог нь өмнө тулгарч байсан ямар ч бэрхшээл саадыг нугачин дарах илд, бамбайн болсон гэнэ. Анх малчин болоод үнээний дэлэн 4, 5 цаг шувтраад суганы булчирхай нь цочиод, гар сарвуу нь сарвайгаад татчихсан аяга цай даахгүй байсан ч шүд зуун оройн саалинд дахин гарч байлаа.
“Ихээр бүү хий , багаар ч бүү хий, харин тасралтгүй тогтмол хий” гэдэг үгний утга учрыг ягштал ойлгож билээ. Хүн чаддаг, мэддэг зүйлээ өөртөө итгэлтэйгээр хийж, чадахгүй зүйлээрээ хэр баргын оролдож эсвэл дэнчин тавьдаггүй. Харин Амараа бид хоёр хийж эхэлснээсээ хойш шантралгүйгээр урагшилсан. Огтхон ч харамсдаггүй. Эсрэгээрээ бидний амьдралд огт байгаагүй мэдлэг чадвар, өв уламжлал, зан заншил гээд олон эерэг талууд гарч ирсэн. Хөдөлмөр хүнийг бүтээдэг гэдгээр хүүхдүүдийг минь ч хүмүүжүүлж бүтээж байгаад талархалтай байдаг” гэв.
Яриа өрнүүлэх зуур оройн саалинд гарах цаг болж тэд хөдөлгөөнд орлоо. Болороо хувцасаа солиод гараа угааж байхад нь том охин Маралаа гаднаас орж ирээд: “Ээжээ та саалинд гараад хэрэггүй, найз чинь ирсэн юм чинь сайхан хөөрөлдөөд суу. Танд байнга суух зав гарах биш, би аавтай хамжаад хийчихнэ” гээд гараа салаа салаагаар сарвайлгаж ирээд нарийн гэгчин угааж гарлаа. Болороо: “Миний охин хэдэн үнээнийхээ дэлэнг зөөлөн угаагаарай. Түнтгэрийн дэлэн хүндүүртэй байгаа шүү” гэтэл “Анзаарсаан ээжээ” гээд намс намс алхлав. Арваннэгэн настай хүүхэд гэхэд үг хэл зүгширчихсэн, хэрсүү гэж жигтэйхэн. Ээжийнхээ ажлыг орлоод бүгдийг командлаад явах нь үнэхээр бахархам байлаа.
Хээлэнд байхаас нь хайрлан төлөө аваад онцлог шинж, зан авирыг нь харж байгаад бүгдэд нь нэр өгч, угжиж тэжээсээр өндийлгөн мал болгодог. Үүнтэй ижлээр тэд бүхнийг өөрсдийн гараар нэг нэгээр бүтээж цогцолоож байгааг харж сонсох бахдам сайхан байлаа.
“Аав ээж маань намайг анх малчин болно гэхэд сэтгэл нь жаахан гонсойсон биз, энэ хүртэл явна ч хэмээн бодоогүй байх. Гэхдээ биднийг мохойх үг хэлж үзээгүй. Харин одоо бахархаж, зөв зүйлийн төлөө хөдөлмөрлөж байгаа гэдгийг ойлгодог гэдэгт итгэдэг”
Хүүхдүүд маань намар хотын гэррүүгээ нүүгээд, сургуульдаа явдаг. Тэр үед ээлжлэн хүүхдүүдээ хардаг. Амралтын өдрүүдээр фермрүүгээ очиж хамжилцдаг.
Өнөөг хүртэл бүхий л цаг үед хоёр талын эцэг эх, ах дүү, найз нарын маань дэм тус их байдаг даа” гээд Болороо хоолой зангируулав.
“АЙВАЛ БҮҮ ХИЙ ХИЙВЭЛ БҮҮ АЙ”
“Анхандаа ч шантраад зугтмаар, болиод чаддаг чаддагаа хийе гэж бодогдож байсан үе бишгүй бий. Яваандаа ч дахин гарсаар л байна байх. Бэрхшээлгүй бий болдог нэг ч зүйл байдаггүй. Хамгийн наанадаж сүүгээ үйлдвэртэй гэрээлж өгөх түүндээ хэвших гэдэг олон шалгуур дамжлага дамжина. Тэр болгоныг олон жил мал малласан хүн ч шантрах үе цөөнгүй. Мөн түүнчлэн шашин шүтлэггүй шахуу бид хоёр анх газар лусаа ч аргадаж мэддэггүй их л олон хайртай малаа алдаж байлаа даа. Манай энэ хавь алдартай догшин газар байсан юм билээ. Хулгана, зурам, зүлэг ногоондоо хүртэл их харам. Нэг амьтан санаатай ч бай санаандгүй ч бай үгүй хийхэд нэг тугалыг минь авдаг тийм л хатуу хайрхан түшссэнээ мэдэхгүй л хэсэг мунгинасан. Хүн гэдэг яалт ч үгүй газар дэлхийгээ түшээд мал хуй гэж явахаар сүсэлдэг болдог юм билээ. Хэцүү гээд шантрах биш асуудлыг хэрхэн шийдвэрлэх вэ? гэдгийг урьтал болгож чадваас асуудал аяндаа шийдэгддэг гэж дүгнэсэн”
-10 жилийн дараа та хоёр өөр ажил хийж байх болов уу?
-Тэс өөр салбар руу орно гэж бодохгүй байгаа. Ойрын 5 жил дотор 500 семинтал үнээтэй болж европ жишгийн ферм аж ахуйтай мөн лабораторитой болно гэсэн зорилготой байгаа. Лабораторийн аргаар үржүүлэг, судалгаа шинжилгээ хийдэг болсон хэдий ч улам сайжруулах хүсэлтэй байдаг. Олон сая малтай ч бэлчээрийн асуудал, эрүүл аюулгүй байдал төдийлөн олон улсын жишигт хүрч чадахгүй байгаа. Иймд зөвхөн тоо толгойг өсгөх нь чухал биш чанарт төвлөрөх цаг хэдийнэ болсон гэж дүгнэдэг. Ууж байгаа сүү, идэх мах яваандаа аль ч улиралд хүнсний ногоонд санаа зовох зүйлгүй байх боломж бидэнд уг нь бүрэн бий.
-Хөдөө орон нутгаас хот руу шилжин ирээд ажил олдохгүй гэх ажилгүйчүүдийн тоо жилээс жилд нэмэгдсээр байдаг. Энэ нь олон сул талтай. Гэтэл хотын хүн орон нутаг руу мал аж ахуй эрхэлж болоод байх нь гарц гаргалгаа байгаа санагдах юм. Энэ талаар ямар бодолтой байна вэ?
-Хүмүүс магадгүй хөдөлмөрлөх буюу биеийн хүчний ажил хийх их дургүй болсон байна. Нөгөөтэйгүүр байнгын ажилтай байх гэхээсээ илүү “Түргэн олддог мөнгө”-нд дурлах болсон нь сөрөг талтай шиг санагддаг. Өнөөдрийн амьдралдаа олсон туршлагаас харвал бүтээлч сэтгэлгээгээр хандаж, том мөрөөдсөн хүсэл тэмүүлэл хүнийг амттай амжилтанд хөтөлдөг юм байна гэж ойлгосон.
“БЭРХШЭЭЛИЙН ЦААНА БЭЛЭГ БАЙДАГ”
Уг нь байраа томруулах зорилготой хуримтлал үүсгэж, 60 гаруй сая төгрөгтэй болсон. Түүгээр л бүхнийг эхэлсэн. Харин дөрвөн жилийн хугацаанд нийт 800 гаруй сая төгрөгийн хөрөнгө оруулалт оруулжээ. Энэ онд дан үхрийн тоо хэмжээ нийт хөрөнгө оруулалтынхаа 75 хувьд хүрсэн" гэж байлаа. Тэдний сонголт мэргэн байжээ.
Өнгөцхөн харахад нэг өрхийн эрхэлж буй аж ахуй гэмээр. Алсуураа тэдний хүсэж тэмүүлж байгаа бүхэн ямар их утга учир, ач холбогдолтой гэдгийг ухаарлаа.
Бичсэн: М.Оюунтөгс (2021 оны арваннэгдүгээр сар)
Сэтгэгдэл ( 5 )
Зүйр цэцэн үгийг зөв бичэх хэрэгтэй шүү.\n
Ажил голдогч НЬ БАЙЖ Л байНА. хҮССЭН АЖИЛДАА ХУУЛЬ БУСААРЧ ХАМААГҮЙ ХҮРСЭН ЗАРИМ ЭРХЭМҮҮД АЖИЛДАА ГОЛОГДООД Л БАЙНА. ЯАЖ Ч ”шоу”-ДАЖ,ПОПДОЖ,”ТОРОЛ”ГЭГЧИЙН ХЭДЭН МЯНГААР ӨДӨР ШӨНӨГҮЙ ДОВТОЛГООД Ч БУСАРМАГ ҮЙЛДЭЛ НЬ БУЛТАЙГААД Л БАЙХ БОЛОЛТОЙ.яАМААР Ч ЮМ ДЭЭ ККК НЭГ БИШ НЬ БИШЭЭ КК
ali ch niigmiin ued ajil l hunig golij bna daa. unen gevel. \nOdoo ch tiim bgaa. tuuniig batlah jishig ajliin zaraar orj uzeerei
За даа одоо аливаа үг мэдэгдлийг бодож хэлэх хэрэгтэй! За зээлийн нийгэмд бол ( Хүн ажлыг голдог болсон шүү). Социалист үг зүйрлэлээ бодож хэрэглэ !
amjilt husei unen shu iim bodoltoi Mgl zaluu ger bul olon boltugai odoog.n hotod amdarj Mgl zaluuch.d darga zahral bodol gej hooson muruuds.r thagaa aldaj ajil gui hooson muuduj yavsaar nas n hamgiin suuld amdral iin\n zorloggui arihchin nuhud ymar zorloggui yarhaas thaachgui zaluus ih bolson